Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00415

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/02641 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г- ХХК-ийн хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 16,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд нийт 16,550,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1589 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2144 дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 174 дугаартай тогтоолоор Хурх гол ХХК-аас Г- ХХК, Баян дулаан уул ХХК, Сэлэнгэ алтанговь ХХК-д 1,105,750,431 төгрөг гаргуулж шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Энэ ажиллагааны явцад төлбөр төлөгч Хурх гол ХХК-ийн өмчлөлийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Хурх тосгон хаягт байрлалтай аж ахуйн цогцолбор, үр тарианы үтрэмийн цогцолбор, 2,000 га газар тариалангийн зориулалттай эзэмшил газрын хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилох тухай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 104 дугаартай тогтоол гарч, хөрөнгийн үнэлгээг М- ХХК-аар хийлгэхээр болсон. М- ХХК-ийн хөрөнгийн тэргүүлэх үнэлгээчин Б.Эрдэнэбаатар, туслах үнэлгээчин Б.Мягмарсүрэн нарын хөрөнгийн үнэлгээний тайлан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 27 дугаартай гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хүсэлт гаргасан тал үнэлгээний зардлыг хариуцахаар заасны дагуу үйлчилгээний хөлсийг Г- ХХК-аас М- ХХК-ийн нэхэмжлэхээр төлсөн бөгөөд баримтыг хэрэгт хавсаргасан. Ингээд М- ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээ хуульд нийцээгүй учраас төлбөр төлөгч Хурх гол ХХК, төлбөр авагч Г- ХХК нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1881 дугаартай шийдвэрээр хэргийг шийдвэрлэж, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон. М- ХХК-ийн үнэлгээтэй холбоотойгоор Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд бодит бус хөрөнгийн үнэлгээ хийсэн үнэлгээчдэд хариуцлага тооцуулахаар гомдол гаргасан ба Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор тус компанийн захирал, хөрөнгийн тэргүүлэх үнэлгээчин Б.Эрдэнэбаатарыг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээчний ёс зүйн дүрмийг зөрчиж, зах зээлийн хандлагаар хийх бололцоог бүрэн ашиглаагүй, зөвхөн өртгийн хандлагыг дангаар сонгосон, бодитой бус хийсэн гэж дүгнэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх арга хэмжээ авсан байдаг. М- ХХК-ийн ажил үйлчилгээний дутагдлын улмаас Г- ХХК нь хөрөнгийн үнэлгээний төлбөрт төлсөн 6,550,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөг, нийт 16,550,000 төгрөгөөр хохирсон. Үүнийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 512 дугаар зүйлийн 512.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дах хэсгийг зөрчиж үнэлгээ гаргасан тул хариуцагч М- ХХК-аас нийт 16,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцтэгэх газраас манай компанийг нэхэмжлэлд дурдсан дээрх газар, обьектод хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээг хийж, зохих үнэлгээний хөлсийг тус газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжилсэн. Нэхэмжлэхийн дагуу шинжээчийн хөлс 6,550, 000 төгрөг төлөгдсөн, ингэснээр үнэлгээний тайланг захиалагчид хүлээлгэн өгсөн. Манай компани нь Г- ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Манай байгууллага Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээтэй ажилладаг. Гэрээ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шинжээчийн ажлын хөлсийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжилсэн. Гэрээний дагуу тус байгууллага төлөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шинжээчийн бие даасан хараат бус байх, шинжээчид нөлөөлөхгүй байх зохицуулалттай. Энэ утгаараа Г- ХХК нь М- ХХК-тай харилцах боломжгүй. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 118 дугаар зүйлийн 118.3 дах хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ гэж заасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусмагц тухайн ажиллагаатай холбоотой зардлыг хэрхэн, яаж хуваарилах, хэнд нөхөн олгох талаар хуульд зохицуулсан. Гэтэл Г- ХХК шинжээчээс мөнгө нэхэмжилсэн нь шинжээчийн эрхэд шууд халдаж байна гэж үзэхээр байна. Иймд манай компаниас шинжээчийн ажлын хөлсийг шууд нэхэмжлэх үндэслэлгүй. Өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 10,000,000 төгрөг төлөх боломжгүй. Энэ нь Г- ХХК-ийн өөрийнх нь сонголт, өөрийнх нь шийдвэрээр хийгдсэн ажил учраас гэм хорын хохирол гэж үзэхгүй байна. Өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж үйлчилгээ авсан төлбөрийг бусад этгээдээс хохирол гэж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа, ямар ажиллагаанд хэдэн цаг зарцуулсан, шүүх хуралдаанд оролцсон эсэх гэдгээ тодруулаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 512 дугаар зүйлийн 512.4-т заасныг баримтлан хариуцагч М- ХХК-аас гэм хорын хохиролд 16,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас бусад оролцогч нарын ажлын хөлс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарна гэж заасан хэдий ч мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дах хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/107/132 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох, зарцуулах, төлбөр авагчид буцаан олгох журам-ын 3.4-д Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг гаргуулахдаа санхүүгийн баримт үйлдэнэ, 3.5-д Зардлыг бэлнээр хүлээн авах, буцаан олгох баримт нь засваргүй, нэгдсэн дугаартай, хэвлэмэл хуудас байна 3.7-д Шийдвэр гүйцэтгэгч зардлын зарцуулалтын тайлан гаргаж, холбогдох санхүүгийн болон бусад баримтыг хавсарган ахлах шийдвэр гүйцэтгэгчид хянуулна гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г- ХХК-аас хариуцагч М- ХХК-д хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсөнд шилжүүлсэн 6,550,000 төгрөгийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэж үзэхээр бол нэгдүгээрт уг төлбөр нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрсөн байх, хоёрдугаарт уг төлбөр шийдвэр гүйцэтгэх байгууллагын данснаас гарахдаа санхүүгийн баримт үйлдэгдсэн байх гэсэн хууль, журмын шаардлагыг зайлшгүй хангасан байх шаардлагатай байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгоно, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох, зарцуулах, төлбөр авагчид буцаан олгох журмын 4.1-д Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа энэ журамд заасан зардлын баримтыг үндэслэн төлбөр төлөгчөөр зардал нөхөн төлүүлэх саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана гэж тус тус заажээ. Дээрх хууль, журмын зохицуулалтаас харахад иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа зардлын баримтуудыг үндэслэн төлбөр төлөгчөөр нөхөн төлүүлэх зохицуулалттай байна. Гэтэл нэхэмжлэгчээс М- ХХК-д шилжүүлсэн 6,550,000 төгрөг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрөөгүй, тус байгууллагын санхүүгийн бүртгэл, тооцоонд ороогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд зарцуулсан гэх ямар ч санхүүгийн баримтгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэж үзэж, нөхөн төлүүлэх боломжгүй болох юм. Хариуцагч М- ХХК-аас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэж маргаж байгаа ч хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсөө нэхэмжилсэн нэхэмжлэхээ төлбөр авагч Г- ХХК-ийн өмгөөлөгч Э.Билгүүний мэйл хаягт хүргүүлснээс биш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн гэх баримт байхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансаар дамжсан, тус байгууллагын санхүүгийн тооцоонд тусгагдсан гэх баримт мөн байхгүй, хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

4.2.Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр авагч нар болох Г- ХХК болон Баян дулаан уул ХХК, Сэлэнгэ алтан говь ХХК-аас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох шинжээчийн ажлын хөлсийг хуваан гаргуулаагүй эдгээр төлбөр авагч нар нь шинжээчийн ажлын хөлсийг төлбөр авагч Г- ХХК-аар бүхэлд нь төлүүлэхээр тохиролцсон талаар баримт байхгүй ... гэжээ. Дээрх компаниуд нь харилцан хамаарал бүхий нэг үүсгэн байгуулагчтай, Л.Чинбат гэх нэг хувьцаа эзэмшигчтэй компаниуд тул шинжээчийн ажлын хөлсийг хэрхэн төлөх талаар харилцан тохиролцох шаардлагагүй юм. Энэ нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсөнд төлсөн төлбөрөө хариуцагчаас шаардаж байгаа бөгөөд төлбөрийг хэн хэрхэн төлөх байсан дээр ямар нэг маргаан байхгүй юм.

4.3.Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... Г- ХХК-аас шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 6,550,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлж төвлөрүүлэлгүйгээр шууд шинжээч М- ХХК-д шилжүүлсэн, шийдвэр гүйцэтгэгч нь уг зардлыг төлбөр авагчаас гаргуулан авч өөрийн байгууллагын дансанд төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй, хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй байгаад ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу төлбөр төлөгч Хурх гол ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг гарган хүргүүлсэн М- ХХК-ийг буруутгах боломжгүй юм ... гэжээ. Хариуцагч М- ХХК-ийн захирал, тэргүүлэх үнэлгээчин Б.Эрдэнэбаатарын цахим хаягаас Г- ХХК-ийн өмгөөлөгч Э.Билгүүний цахим хаягт 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр №27 дугаартай нэхэмжлэхээр үнэлгээний ажлын хөлс 6,550,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч М- ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх ажлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хийсэн гэдэг ч ажлын хөлсөө захиалагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэхгүйгээр Г- ХХК-ийн өмгөөлөгчөөс нэхэмжилсэн нь учир холбогдолгүй байхад шүүх М- ХХК-ийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэсэн харагдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг аль болох хурдан хугацаанд гүйцэтгүүлж Хурх гол ХХК-аас төлбөрөө гаргуулах нь чухал байсан тул М- ХХК-ийн нэхэмжлэхэд заасан мөнгөн дүнгээр өмгөөлөгч Э.Билгүүний данснаас Г- ХХК, үнэлгээний хөлс гэсэн утгатайгаар шилжүүлүүлсэн. Хариуцагчийн зүгээс төлбөрийг хүлээн авсан дээрээ маргадаггүй бөгөөд харин уг төлбөрөөр хийгдсэн хөрөнгийн үнэлгээ нь үнэлгээчний буруугаас шалтгаалан шүүхийн шийдвэрээр хүчингүй болж, тухайн хөрөнгийн үнэлгээний тайлан нь ямар ч ач холбогдолгүй, эрх зүйн үр дагаваргүй болсон атал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр халхавчлан бусдад учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлөхөөс зайлсхийж байхад шүүх энэхүү байдлыг үнэлж дүгнээгүй байна.

4.4. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... Хэдийгээр нэхэмжлэгчээс 6,550,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч М- ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тодорхойлсон хөрөнгийн үнэлгээ шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, мэргэжлийн байгууллагын санал, эрх бүхий этгээдийн шийдвэрээр тус компанийн үнэлгээчний хөрөнгийн үнэлгээ хийх эрх түдгэлзсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байх боловч эдгээр нь нэхэмжлэлийн шаардлага болох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн шинжээчийн ажлын хөлсийг шинжээч М- ХХК-аас нэхэмжлэгч байгууллага буцаан нэхэмжлэх эрхийг бий болгохгүй юм ... гэжээ. Хариуцагч М- ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тодорхойлсон хөрөнгийн үнэлгээ нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр хүчингүй болсон, ММҮИ-ийн Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тус компанийн захирал, хөрөнгийн тэргүүлэх үнэлгээчин Б.Эрдэнэбаатарыг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээчний ёс зүйн дүрмийг зөрчиж, зах зээлийн хандлагаар хийх бололцоог бүрэн ашиглаагүйгээр, зөвхөн өртгийн хандлагыг дангаар сонгосноор үнэлгээг бодитой бус хийсэн гэж дүгнэж, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг нь 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх санал гаргасан, Сангийн сайдын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр тушаалаар Б.Эрдэнэбаатарын хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг 3 сараар түдгэлзүүлсэн зэрэг үйл баримтууд нь өөрөө М- ХХК-ийг хөрөнгийн үнэлгээг хийхдээ ажил үйлчилгээний дутагдал гаргасан болохыг тогтоож байгаа ач холбогдол бүхий баримтууд юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1, 512.4, дэх хэсэгт заасны дагуу Г- ХХК нь М- ХХК-тай гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран хөрөнгийн үнэлгээний тайлан гаргах ажил үйлчилгээгээ хуулийн дагуу үнэн зөв хийж гүйцэтгээгүй дутагдал гаргасны улмаас бид үйлчилгээний хөлсөнд төлсөн 6,550,000 төгрөгөөр хохирч, хохирлоо нэхэмжилж байгаа болно. Гэтэл шүүх ажил үйлчилгээний дутагдал гаргасныг нотлох хангалттай баримт байсаар атал ажил үйлчилгээний дутагдал гарган нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэлгүйгээр дүгнэжээ.

4.5. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хэрэгт авагдсан Хурх гол ХХК болон Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1881 дугаартай шийдвэрээс үзэхэд, тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн оролцоогүй байх бөгөөд Г- ХХК-ийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд зааснаар эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн зардлыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагчийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2019/05 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн үнэлгээний тайлан хүчингүй болсон үйл явдалтай шалтгаант холбоотой үүссэн гэм хорын хохиролд тооцох үндэслэлгүй тул хариуцагч байгууллагаас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах боломжгүй байна гэжээ. Хурх гол ХХК болон Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, М- ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа авахаар нэхэмжлэгч Г- ХХК-ийн зүгээс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн 3073 дугаартай Э.Билгүүнтэй 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрэ байгуулсан бөгөөд уг гэрээ хэрэгт авагдсан. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.Билгүүн нь биечлэн оролцоогүй боловч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу уг хэрэг хянан шийдвэрлэгдэх бүхий л хугацаанд Г- ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллагаа хууль зүйн туслалцаа үзүүлсэн үйлчилгээний хөлсөнд 10,000,000 төгрөгийг Г- ХХК-аас өмгөөлөгч Э.Билгүүнд олгосон байдаг. Өөрөөр хэлбэл М- ХХК нь төлбөр төлөгч Хурх гол ХХК-ийн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцүүлэн тогтоосон аргачлалын дагуу үнэн бодитой хийж гүйцэтгэсэн бол Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г- ХХК-аас хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах, уг хэрэгтэй холбогдуулан өмгөөлөгч Э.Билгүүнтэй гэрээ байгуулах, хөлсөнд 10,000,000 төгрөгийг төлөх ямар ч шаардлага үүсэхгүй байсан бөгөөд энэ их цаг хугацааг ч мөн алдахгүй байсан юм. Мөн өмгөөлөгч Э.Билгүүнтэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийг төлөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцохоос гадна үйлчлүүлэгчид тухайн хэрэг маргаантай холбоотой асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, зөвлөмж дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, төрийн болон бусад байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг ажиллагаанууд багтах бөгөөд шүүх өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцоогүй үйл баримтыг тухайн хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шалтгаант холбоогүй байх үндэслэл болгож тайлбарлаж байгаа нь бодит байдалтай үл нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх Г- ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг түүний үндэслэл, шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Бодит байдалд Г- ХХК болон М- ХХК-ийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Харин М- ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдож, маргаан бүхий обьектод үнэлгээ хийсэн. Уг үнэлгээ хийсэн ажиллагаа нь ажил гүйцэтгэх гэрээнээс гадна Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зэрэг хуульд зохицуулагдсан. Дээрх зохицуулалтын хүрээнд үнэлгээний ажиллагаа хийсэн учраас Г- ХХК нь М- ХХК-д хандаж уг үнэлгээтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэл гаргах хууль зүйн боломж байхгүй. Мөн Г- ХХК нь хохирол нэхэмжилж байгаа. Нэгэнт хохирол нэхэмжилж байгаа тохиолдолд гэм хорыг арилгуулахтай холбоотой эрх үүссэн эсэх, Г- ХХК-д эрх байгаа эсэх, гэм хор учруулсан хууль бус үйлдэл нь хэргийн баримтаар үйл баримт тогтоогдож байгаа эсэх, энэ нь М- ХХК-ийн үнэлгээний үйл ажиллагаатай шалтгаант холбоотой эсэх асуудлыг шүүх хэлэлцүүлгийн явцад хэлэлцсэн. Эдгээр нөхцөл байдлууд тогтоогдоогүй учраас шүүх Г- ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцээд түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 16,550,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч М- ХХК-д шинжээчийн ажлын хөлс 6,550,000 төгрөгийг төлсөн, мөн тус компанийн үнэлгээг хүчингүй болгуулахтай холбоотойгоор эрх зүйн туслалцаа авч өмгөөллийн хөлсөнд 10,000,000 төгрөг төлж хохирсон гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шинжээчийн ажлын хөлсийг төлбөр төлөгчөөс гаргуулахаар зохицуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж нэхэмжлэлээс татгалзсан байна.

 

3.Төлбөр төлөгч Хурх гол ХХК-аас 1,105,750,431 төгрөг гаргуулж Г- ХХК, Баян дулаан уул ХХК, Сэлэнгэ алтанговь ХХК-д олгохоор шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 358 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж буй үйл баримт тогтоогджээ.

 

3а.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон М- ХХК нь төлбөр төлөгч Хурх гол ХХК-ийн өмчлөлийн, газар тариалангийн зориулалттай 2,000 га газрыг 10,607,359,300 төгрөгөөр үнэлсэн байна. Тус үнэлгээг төлбөр төлөгч Хурх гол ХХК болон төлбөр авагч Г- ХХК эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1881 дугаар шийдвэрээр дээрх үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 7-9-р тал/

 

3б.Хэргийн 31 дүгээр талд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүнээс 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 6,550,000 төгрөгийг Г- ХХК үнэлгээний хөлс гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн дансны хуулгын хуулбар баримт авагдсан байх бөгөөд хариуцагч М- ХХК-ийн төлөөлөгч Б.Эрдэнэбаатар нь тус мөнгийг хүлээн авсанд маргахгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан байна. /хх-ийн 94-р тал/

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дах хэсэгт Шинжээчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцно гэж,

мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгоно гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох шинжээчийн ажлын хөлс нь дээрх хуульд зааснаар төлбөр авагчид буцаан олгогдох зардал байх тул нэхэмжлэгч Г- ХХК-д гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 

5.Түүнчлэн, хариуцагч М- ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдож, эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд хэргийн 43-47 дугаар талд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хариуцагч М- ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ авагдсан. Тус гэрээний 4.7-д Гүйцэтгэгчийн хийсэн үнэлгээ нь шүүх дээр гүйцэтгэгчээс шалтгаалах үндэслэлээр хүчингүй болсон тохиолдолд тухайн үнэлгээтэй холбогдон төлөгдсөн ажлын хөлсийг захиалагч нь гүйцэтгэгчээс буцаан гаргуулах эрхтэй гэж заасан буюу хөрөнгийн үнэлгээний компаниас шалтгаалах үндэслэлээр үнэлгээ хүчингүй болсон тохиолдолд шинжээчийн ажлын хөлсийг захиалагч буюу шийдвэр гүйцэтгэх байгууллага буцаан шаардах эрхтэй байна.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дах хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч Г- ХХК нь шинжээчийн ажлын хөлсийг дээрх хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлэлгүйгээр хариуцагч М- ХХК-д шилжүүлсэн байх боловч хариуцагч нь шинжээчийн ажлын хөлсийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжилсний дагуу хүлээн авсан гэж тайлбарласан.

 

6а.Хэдийгээр нэхэмжлэгч Г- ХХК нь шинжээчийн ажлын хөлсийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлэлгүйгээр хариуцагч М- ХХК-д шилжүүлсэн байх боловч энэхүү нөхцөл байдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн ажлын хөлсийг хуваарилахад саад болохгүй юм.

 

7.Мөн өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь сайн дурын үндсэн дээр эрх зүйн туслалцаа авахаар бусадтай гэрээ байгуулан, төлбөр төлснийг гэм хорын хохиролтой шууд шалтгаант холбоотой, бодит хохиролд тооцох боломжгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/02641 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ