| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0179/З |
| Дугаар | 128/ШШ2026/0304 |
| Огноо | 2026-03-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2026/0304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.М****** /РД:******/,
Нэхэмжлэгч: С.А****** /РД:******/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А****** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Н.М******, С.А****** нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн Т.С******, Д.Х****** нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаартай “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” захирамжийн дагуу иргэн Д.Х****** нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны ******т оот хаягт байрлах 478 м.кв газрыг, иргэн Т.С****** нь тус хорооны ******тоот хаягт байрлах 407 м.кв газрыг тус тус 5 жилийн хугацаатай анх эзэмших эрхтэй болсон.[1]
2.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн дагуу иргэн Д.Х******гийн эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны ****** тоот хаягт байрлах ****** нэгж талбарын дугаартай, 478 м.кв газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай сунгасан байдаг.[2]
2.3. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хавсралтад дурдсан 45 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд уг захирамжийн хавсралтын 26-д Т.С******, 33-д Д.Х****** нар багтсан байдаг.[3]
2.4. Иргэн Т.С****** нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нас барж, түүний хүү С.А****** нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ******тоотод хаягт байрлах ******нэгж талбарын дугаартай, 407 м.кв газрыг өвлөн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0007 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.[4]
2.5. Харин иргэн Д.Х****** нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр нас барж, түүний охин Н.М****** нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ****** тоотод хаягт байрлах ****** нэгж талбарын дугаартай, 478 м.кв газрыг өвлөн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0010 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.[5]
2.6. Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем болон тус шүүхийн архиваас шалгаж үзэхэд, анх тус шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.Б****** нарын нэр бүхий 19 иргэнээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “…Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт үндэслэлээр хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Н.М******, Т.С****** нар хамт гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2023/3867 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2023/4277 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.[6]
2.7. Харин нэхэмжлэгч Н.М******гаас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “…Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт үндэслэлээр хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2023/4520 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2023/5125 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.[7]
2.8. Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан Ё.О****** нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс “…Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжаас Ё.О****** талийгаач хүү M.С******д холбогдох хэсгийг хууль бус захиргааны акт гэх үндэслэлээр хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2023/9069 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж, давж заалдах журмаар гомдол гаргаагүй, захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон.[8]
2.9. Нэхэмжлэгч нэр бүхий 21 /Т.С******, Д.Х****** нарын нэр багтсан/ иргэнээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дахин нэхэмжлэл гаргахад, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/5343 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэсэн.[9]
2.10. Нэхэмжлэгч нэр бүхий 21 иргэнийг /Т.С******, Д.Х****** нарын нэр багтсан/ төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******гээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргахад, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШЗ2025/6282 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2025/6673 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.[10]
2.11. Нэхэмжлэгч нэр бүхий 21 иргэнийг /Т.С******, Д.Х****** нарын нэр багтсан/ төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******гээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан дахин 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2025/7620 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2025/8237 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.[11]
2.12. Нэхэмжлэгч Н.М******, С.А****** нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “…Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн Т.С******, Д.Х****** нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.13. Тухайн үед нэхэмжлэгч нарын зүгээс өмгөөлөгч М.Х******гаар дамжуулан маргаан бүхий тушаалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06/1631 дугаартай албан бичгээр “…гомдол гаргах хугацаа дууссан байх тул таныг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгчээ.[12]
2.14. Нэхэмжлэгч Н.М****** С.А****** болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н****** нараас нэр бүхий иргэдтэй хамтран Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулж Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Орон сууц бодлогын газар болон Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд тус тус гомдол гаргасан гэж тайлбарладаг.
2.15. Дээрх гомдолд, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01-03/5426 дугаартай албан бичиг, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3/1110 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, мөн тус газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1387 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05-02/6851 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр тус тус хариу өгсөн.
2.16. Иргэн Т.С******, Д.Х****** нарын газар нь “*******” ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн “********” төсөл хэрэгжүүлэх барилгажих талбайд хамаарч байсан учраас газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж нэхэмжлэгч нараас тайлбарладаг.
2.17. Маргаан бүхий 2 газар нь “**********” ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн “**********” төсөл хэрэгжүүлэх барилгажих талбайд хамаарах эсэхийг Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас тодруулахад, тус газрын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/176 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Т.С******, Д.Х****** нарын эзэмшлийн газар нь төсөл хэрэгжүүлэх талбайд хамаарч байна ... гурван талт гэрээ хадгалагдаагүй байна” гэх хариуг шүүхэд ирүүлсэн. [13]
2.18. Иргэн Т.С****** Д.Х****** нар нь “**********” ХХК-ийн хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ****** багцын 26.3 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн “*******” төслийн хүрээнд орон сууц захиалгын гэрээ байгуулсан эсэхийг тодруулахад, “**********” ХХК-аас 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 055/26 дугаартай албан бичгээр хоёр болон гурван талт гэрээ байгуулаагүй гэх хариуг шүүхэд ирүүлсэн.[14]
2.19. Иргэн Т.С****** Д.Х****** нарын эзэмшиж байсан газрууд нь төмөр замын хамгаалалтын зурвас бүсэд хамаарах эсэхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас тодруулахад, тус газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10/754 дугаартай албан бичгээр “…төмөр замын зурвас газартай давхцалгүй байна” гэх хариуг ирүүлсэн.[15]
2.20. Иргэн Т.С****** Д.Х****** нарын эзэмшиж байсан газрууд нь улсын төсвийн хөрөнгөөр тавигдах автозамын талбайд хамаарах эсэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тодруулахад, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01-11/909 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Нарны замын зүүн өргөтгөл болох 4,0 км авто замын ажил хийгдэж байгаа бөгөөд тус авто замын трасс нь “**********” ХХК-ийн гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй талбайгаар дайран өнгөрч байгаа тул хэсэгчлэн өртсөн болно” гэх хариуг ирүүлсэн.[16]
2.21. Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/417 дугаартай албан бичгээр “…иргэн Т.С******, Д.Х******гийн газрууд нь олон улсын Сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр баригдах авто замтай давхацсан байна” гэх хариуг ирүүлсэн.[17]
2.22. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01-11/777 дугаартай албан бичиг, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01-11/847 дугаартай албан бичгээр тус тус “…иргэн Т.С******, Д.Х****** нарт Нийслэлийн Засаг даргын захирамжаар нөхөн олговор олгож, газар чөлөөлөөгүй болно” гэх хариуг ирүүлсэн.[18]
2.23. Нэхэмжлэгч нарын зүгээс “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/1009 дугаартай захирамжийг газар эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг газар эзэмшигчид хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий тушаал нь Сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг зөрчсөн, Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбайд хувь нийлүүлсэн газар эзэмшигчийн газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор "******" ХХК-аас газраа орон сууцаар солихоор байгуулсан гэрээний үүргийн биелэлтээ шаардах, уг гэрээний дагуу гурван талт гэрээ байгуулах, “***** “ХХК төсөл хэрэгжүүлэгчээс шалгарсан эрхийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах талбайгаар ашиглах шаардлагагүй болж улс тусгай хэрэгцээнд авахаар болсон тохиолдолд газраа нөхөх олговортойгоор эргүүлэн авах, улс тусгай хэрэгцээнд эргүүлэн авахгүй тохиолдолд зориулалтын дагуу иргэний ахуйн зориулалтаар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.24. Хариуцагчийн зүгээс “...Иргэн Д.Х****** нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус зөрчсөн, Т.С******гийн газар эзэмших эрхийн гэрээний хугацаа дуусгавар болсон байх тул тус иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Дүүргийн Засаг даргын 2022 оны А/1009 тоот захирамжаар хүчингүй болгосон.” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н****** шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…Нэхэмжлэгч С.А******ийн аав Т.С******, нэхэмжлэгч Н.М******гийн ээж Д.Х****** нар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар тухайн үеийн хаяг байршлаар БЗД-ийн 12 дугаар хороонд ******тоотод Т.С******, 10-9 тоотод Д.Х****** нар газар эзэмшдэг байсан. Нийслэлээс дахин төлөвлөлтийн ажил эхэлж тухайн байршилд “*****” ХХК-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх авах гэж байгаа гэж уулзалт хийсэн тул дэмжиж, Т.С****** ГХДТ-Б/167, Д.Х****** ГХДТ-Б/164 дугаартай хоёр талт гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд төлөвлөж буй "*****" цогцолборын орон сууцны барилгын төслийн байраар эзэмшил газраа сольж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбайд хувь нийлүүлэхээр тохиролцсон.
Газар эзэмшигчид нэгэнт төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулсан, төсөл хэрэгжүүлэгч “төсөл эхний гудамж болох ***** 10 дугаар гудамжнаас эхэлнэ” гэж мэдэгдсэн тул газар дээрээ буухгүйгээр тохиролцсоны дагуу орон сууц ашиглалтад орохыг хүлээж байсан. Ийнхүү хүлээж байх хугацаанд нэхэмжлэгч С.А******ийн аав Т.С****** 2020 оны 09-р сарын 21-ний өдөр нас барах хүртлээ газрын төлбөрөө төлж байсан. Нэхэмжлэгч Н.М******гийн ээж Д.Х****** мөн газрын төлбөрөө төлж, 2020 оны 07 дугаар сарын 08-ны А/325 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулсан.
Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга А/1009 дугаартай захирамж гаргаж газар эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг газар эзэмшигчид хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан уг захирамж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбайд хувь нийлүүлсэн газар эзэмшигчийн газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор "*****" ХХК-аас газраа орон сууцаар солихоор байгуулсан гэрээний үүргийн биелэлтээ шаардах, уг гэрээний дагуу гурван талт гэрээ байгуулах, “*****” ХХК төсөл хэрэгжүүлэгчээс шалгарсан эрхийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах талбайгаар ашиглах шаардлагагүй болж улс тусгай хэрэгцээнд авахаар болсон тохиолдолд газраа нөхөх олговортойгоор эргүүлэн авах, улс тусгай хэрэгцээнд эргүүлэн авахгүй тохиолдолд зориулалтын дагуу иргэний ахуйн зориулалтаар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.
Цар тахал болсон тул төслийн ажил удааширч байгааг ойлгож хүлээх хоорондоо нэхэмжлэгч Н.М******гийн ээж Д.Х****** 2023 оны 01-р сарын 11-ний өдөр нас барсан.
Иймд нэхэмжлэгч нар өмгөөлөгч М.Х******гаар төлөөлүүлэн Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг дарга 2023.03.24-ний өдрийн 06/1631 тоот албан бичгээр "гомдол гаргах хугацаа дууссан тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье гэж хариу өгсөн тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 19 иргэний хамт нэхэмжлэл гаргасан. Шүүх 2023 128/ШЗ2023/3867 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2023/4277 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй гэж нэхэмжлэлийг буцаасан. Т.С******гийн тухайд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х****** маргаан бүхий захирамжаас Ё.Оюунчимэг, Т.С****** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахад Т.С******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, Ё.О****** маргааныг шийдвэрлэсэн. Д.Х******гийн тухайд охин Н.М******гийн гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 4520 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5125 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж ирүүлээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
Газар эзэмшигчдийн эзэмшил газар дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах ажил захиалагч нараас шалтгаалахгүйгээр удаашралтай байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгч "*****" ХХК-ийн 2017 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан 2-р ээлжийн орон сууц 2024 оны 4-р улиралд ашиглалтад орсон бөгөөд өвлөж авсан эзэмших эрхийнхээ дагуу өвлөгчид орон сууцандаа орж чадаагүй нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А/1009 дугаартай илт хууль бус захиргааны акттай шууд холбоотой тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр гудамжныхаа иргэдийн хамт дараахь байгууллага, албан тушаалтанд дахин хандсан болно.
2025.05.05-нд төсөл хэрэгжүүлэгч “*****" ХХК төсөл хариуцсан ажилтан ***** /утас *****/-тай уулзахад “одоо наад асуудал чинь манай Компанид хамаагүй, дүүрэг, хорооны Засаг даргатайгаа уулз" гэж хариу өгсөн. Хариуг албан бичгээр авъя гэтэл өгөөгүй. 2025.06.05-нд Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн орон сууцны бодлогын газарт 11-11 төвөөр дамжуулж гомдол гаргасан. Нийслэлийн орон сууцны бодлогын газраас "*****” ХХК-нд 2025.06.24-ний өдөр иргэдтэй уулзалт зохион байгуулж асуудлыг шийдвэрлэн албан бичгээр 2025 оны 06-р сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлнэ үү" гэсэн 3/913 тоот албан бичиг хүргүүлсэн. "*****" ХХК-аас Нийслэлийн орон сууцны бодлогын газрыг албан бичигт түүгээрээ хариу өгсөн байх бөгөөд уг бичигт бидэнтэй гэрээгээр тохиролцож байсан 1, 2 дугаар ээлжийн орон сууцыг 2024 онд ашиглалтад оруулсан, бидний эзэмшиж байсан газрын зураг төслийг бидэнд мэдэгдэлгүй өөрчилсөн болохыг мэдсэн.
Холбогдох баримт бичгийг хавсарган дахин 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэр бүхий 21 иргэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А/1009 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1-т "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно." гэж заасны дагуу хамтран нэхэмжлэл гаргасан. Шүүгч 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/Ш332025/5343 дугаартай захирамжаар 1. Нэхэмжлэлийг шаардлагын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийн тухайд "...урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй." гэж 2. Нэхэмжлэлийн шаардлагын "*****” ХХК-д холбогдох хэсгийн тухайд “...хувийн эрх зүйн харилцааны хүрээнд аливаа эрх зүйн этгээдтэй байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна." гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлж Нийслэлийн Засаг даргын шийдвэрлүүлэхээр 2025.08.25-нд Нийслэлийн Засаг даргад нэр бүхий 21 иргэний нэрийн хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газраар бус Нийслэлийн Засаг даргаар өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч би иргэдийн нэрсийг нэг бүрчлэн бичиж итгэмжлэлийг хавсарган гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 08 дугаар сарын 27-нд "Танаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн гомдлыг судалж үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/1009 захирамжийн хавсралтад итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн таны нэр байхгүй байсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хүсэлтэд дурдсан асуудлыг тодорхой болгож, холбогдох баримтыг хавсарган дахин хүсэлт гаргах боломжтой." гэж хариу өгсөн
Дахин 2025.09.03-нд Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газраас 2025.09.08-ны өдөр 3/1387 тоот албан бичгээр гурван талт гэрээ байгуулах эрхтэй гэсэн хариу ирүүлсэн.
Хэдийгээр нэхэмжлэгчийн эрхийг хүлээн зөвшөөрсөн хариу гэж үзэж болох хэдий ч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж хүчин төгөлдөр байгаа тул гурван талт гэрээ хийх боломжгүй тул шүүгчийн 128/Ш332025/5343 дугаартай захирамжаар Нэхэмжлэлийг шаардлагын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийн тухайд "... урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй." гэсэн татгалзлын арилгаж, Нэхэмжлэлийн шаардлагын "*****” ХХК-д холбогдох хэсгийн тухайд "...хувийн эрх зүйн харилцааны хүрээнд аливаа эрх зүйн этгээдтэй байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна." гэсний дагуу "*****” ХХК-нд холбогдох хэсгийн хасаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Шүүгч 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШЗ2025/6282 дугаар захирамжаар С.А******, Н.М****** нарт маргаж буй газрын өвтэй холбоотой өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх нь тодорхойгүй, эзэмших эрхийн асуудлаар Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандсан нэхэмжлэгч нар нь тухайн газар эсэх тодорхойгүй... бүрдүүлбэр хангуулах нь зүйтэй гэж үзэж бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон. Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2025 оны 10 дугаар сарын 05-нд гомдол гаргасан ба бүрдүүлбэр хангуулах хугацаанд хариу ирээгүй тул шүүгч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 128/Ш32025/6673 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Нийслэлийн Газрын эрхийн маргаан туслах зөвлөлөөс 2025.10.23-ны өдрийн 05-02/6851 тоот албан бичгээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна гэж хариу ирүүлсэн.
Уг хариуг үндэслэн дахин Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгч 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2025/7620 захирамжаар бүрдүүлбэр хангах хугацаа тогтоож, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 128/ШЗ2025/8237 дугаартай захирамжаар “…1. Нэхэмжлэгч нар тус бүр өмнө нь шүүхэд хандаж байсан, 2. нэхэмжлэгч тус бүр тусдаа нэгж талбар бүхий газар эзэмшиж байсан, 3. иргэн бүрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол өөр, өөр гэж, 4. нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа нь дахин ирсэн нэхэмжлэл гэж үзэхээр байх тул хэмээн нэхэмжлэлийг буцаасан болно.
Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 0755 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам"-ын нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох өв залгамжлах эрхийн гэрчилгээг хавсарган, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж, нэхэмжлэлийг бичгээр гаргаж, түүнчлэн нэхэмжлэлийг шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлох холбогдох баримтыг хавсарган дахин хүргүүлж байна.
Нэхэмжлэлийн үндэслэл: Дээрх үйл баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаартай захирамж илт хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдоно. Үүнд:
Сонсох ажиллагаа явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26.1."Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно." 32.1."Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно." гэж тус тус хуульчилсан. Гэтэл эдгээр заалтуудыг зөрчиж захиргааны акт гаргаж газар эзэмшигчийн тайлбар, санал гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
2. Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг зөрчсөн. Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны дагуу тухайн байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явагдаж, тухайн байршил дахь газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэдгийг дүүргийн Засаг дарга мэдэж байсан бөгөөд иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.4-т "шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх;” гэх заалтыг зөрчсөн.
3. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Захирамжийн захирамжлах хэсэгт иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлдээ Газрын тухай хуулийн 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтуудыг үндэслэсэн боловч 45 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход хүргэсэн зөрчлийг захирамжийн 1 дэх заалтад дурдахдаа “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хавсралтад дурдсан 45 (дөчин тав) иргэний 18967 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосугай." гэж тодорхой зааснаас үзвэл газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байна. Газар эзэмшигчийн эзэмшлийн газарт Нийслэлээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдахаар болж орон сууцжуулах болсон тул дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарч газрын иргэний ахуйн буй гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь дахин төлөвлөлтийн барилгажуулах зориулалттай болж өөрчлөгдсөн тул Маргаан бүхий газар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбай болох нь одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа учраас хамаарах шалтгаан биш бөгөөд Нийслэл болон төсөл хэрэгжүүлэгч хүндэтгэн үзэх газар эзэмшигч эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь газар эзэмшигчээс шалтгаангүйгээр барилгажуулах ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй
болгох тухай захирамж гаргах нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1.хуульд үндэслэх;, 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;, 60.1.4. шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх; гэх заалтуудыг зөрчсөн нь мөн хуулийн 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлтэй тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн Т.С******, Д.Х****** нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А****** шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “…Тус маргаан бүхий газартай холбоотой "Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Газар зохион байгуулалтын алба"-аас ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01-06/1932 дугаар "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичиг, мөн "Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам"-аас ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10/1612 дугаар "Хамтран ажиллах тухай" албан бичиг тус тус ирүүлсэн билээ.
Албан бичигт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын төмөр замын шугамыг тавих ба ашиглахын тулд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн тавдугаар зүйлийн "б"-д ... төмөр замын бүх шугамын дагуу 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ..." гэж, "...дээр дурдсан зурвас газруудаас гадна техникийн байшин барилга (үүний дотор цахилгаан станц, гидростанц) ба тэдгээрт туслах чанарын байруудыг босгох, түүнчлэн төмөр замыг барихад ба түүнийг цаашид ашиглах явдалд хэрэглэгдэх хэмжээний барилгын материал /үүний дотор мод/ бэлтгэхэд зориулагдах хэсэг газруудыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ..." хэмээн тогтоож өгсөн байдлыг тодорхойлсон байдаг.
Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдэгдтэл шинээр газар олгох асуудлыг зогсоох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт газар олгосон нэгж талбаруудын судалгааг нягтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгох тус тус чиглэл өгсөн байдаг.
Тус чиглэлийн хүрээнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн "40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн", "40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасан нөхцөл байдал тус тус тогтоогдсон нэгж талбаруудыг нягтлан хүчингүй болгосон.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н***** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “…Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/546 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо /хуучнаар 12 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт 478 м2 газрыг иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай иргэн Д.Х******д эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2020 оны А/325 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай сунгаж эзэмшүүлсэн байна.
Иргэн Д.Х****** нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Дүүргийн Засаг даргын 2022 оны А/1009 тоот захирамжаар хүчингүй болсон байна.
Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/546 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо /хуучнаар 12 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт 407 м2 газрыг иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай иргэн Т.С******д эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрээний хугацаа дуусгавар болсны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг Дүүргийн Засаг даргын 2022 оны А/1009 тоот захирамжаар хүчингүй болсон байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн Т.С******, Д.Х****** нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хууль хэрэглээний хувьд захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр, харин захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох салбарын хууль тогтоомжоор зохицуулсан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг /хуулийг/ зөрчсөн гэх үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулагддаг буюу эдгээр нь хууль зүйн агуулгаараа ялгаатай ойлголтууд гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
3. Тиймээс шүүх нэхэмжлэгч нараас тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргаж буй акт нь “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтуудыг зөрчсөн илт хууль бус акт” гэх үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгнө.
5. Захиргааны эрх зүйн онолд, “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа хуулийн үндэслэл /заалт/ огт хэрэглээгүй, хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэсэн боловч нарийвчилсан үндэслэлийг хэрэглээгүй тохиолдлыг ойлгоно.
6. Гэтэл нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... сонсох ажиллагаа явуулаагүй, захиргааны актад тавигдах шаардлагыг зөрчсөн ...” гэх агуулгаар тайлбарлаж байх бөгөөд эдгээр нь захиргааны актыг илт хууль буст тооцох эрх зүйн үндэслэл биш юм.
7. Хавтаст хэрэгт авагдсан маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус хэрэглэсэн болох нь тогтоогдов.
8. Эдгээрээс эрх зүйн голлох үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт байна.
9. Учир нь, маргаж буй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн бодит үндэслэлийг заасан 1 дэх заалтад “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ...” гэсэн байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийн ерөнхий болон нарийвчилсан үндэслэлүүдийг хэрэглэсэн байх тул уг захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж дүгнэх хууль зүйн боломжгүй.
10. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Харин нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлүүд болох “... сонсох ажиллагаа явуулаагүй, захиргааны актад тавигдах шаардлагыг зөрчсөн ...” гэх үндэслэлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулагдах буюу хууль бус захиргааны актад хамаарах /хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох/ үндэслэлүүд болохыг тэмдэглэх нь зүйтэй.
12. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолын “Тайлбарлах нь” хэсгийн 8-д “ ... Нэхэмжлэгч нь захиргааны актыг "хүчингүй болгох" нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор "захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн "зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх" үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг "хүчингүй болгох" боломжтой, энэ нь "шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан" агуулгад хамаарахгүй ...” гэж тайлбарласан байх бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нар захиргааны актыг "хүчингүй болгох" нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор "захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэл гаргасан эсэх нь суурь асуудал болно.
13. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем болон тус шүүхийн архиваас шалгаж үзэхэд, анх тус шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.Б******* нарын нэр бүхий 19 иргэнээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “…Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт үндэслэлээр хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Н.М******, Т.С****** нар хамт гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2023/3867 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2023/4277 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.[19]
14. Харин нэхэмжлэгч Н.М******гаас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “…Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт үндэслэлээр хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2023/4520 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2023/5125 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцаасан.[20]
15. Нэхэмжлэгч нэр бүхий 21 иргэн /Т.С******, Д.Х****** нарын нэр багтсан/-ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дахин нэхэмжлэл гаргахад, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/5343 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэсэн.[21]
16. Нэхэмжлэгч нэр бүхий 21 иргэнийг /Т.С******, Д.Х****** нарын нэр багтсан/ төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******гээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргахад, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШЗ2025/6282 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2025/6673 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцаажээ.[22]
17. Улмаар нэхэмжлэгч нэр бүхий 21 иргэнийг /Т.С******, Д.Х****** нарын нэр багтсан/ төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******гээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан дахин 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2025/7620 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2025/8237 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.[23]
18. Нэхэмжлэгч Н.М******, С.А****** нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “…Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн Т.С******, Д.Х****** нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан үйл баримтууд тогтоогдов.
19. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч Н.М******, С.А****** нар нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШЗ2025/6282 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2025/6673 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцааснаас хойш 30 хоногийн дотор буюу хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05-02/6851 тоот албан бичгийг[24] хүлээн авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан бол шүүхэд хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрэхгүй байх байжээ.
20. Гэтэл дээрх хугацааг хэтрүүлэн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “…Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн Т.С******, Д.Х****** нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
21. Иймд нэгэнт нэхэмжлэгч нар захиргааны актыг "хүчингүй болгох" нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор "захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэл гаргаагүй байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын холбогдох хэсгийг энэ маргаанд хэрэглэх үндэслэлгүй.
22. Дээрх агуулгаараа энэ маргаан нь тус шүүхэд шийдвэрлэгдсэн Ё.О****** нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргээс[25] ялгаатай болохыг тухайлан тэмдэглэж байна.
23. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс иргэн Т.С****** Д.Х****** нарын эзэмшиж байсан газрууд нь төмөр замын хамгаалалтын зурвас бүсэд хамаарах эсэхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас тодруулахад, тус газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10/754 дугаартай албан бичгээр “…төмөр замын зурвас газартай давхцалгүй байна” гэх хариуг, мөн иргэн Т.С****** Д.Х****** нарын эзэмшиж байсан газрууд нь улсын төсвийн хөрөнгөөр тавигдах автозамын талбайд хамаарах эсэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тодруулахад, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01-11/909 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Нарны замын зүүн өргөтгөл болох 4,0 км авто замын ажил хийгдэж байгаа бөгөөд тус авто замын трасс нь “*****” ХХК-ийн гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй талбайгаар дайран өнгөрч байгаа тул хэсэгчлэн өртсөн болно” гэх хариуг, Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/417 дугаартай албан бичгээр “…иргэн Т.С******, Д.Х******гийн газрууд нь олон улсын Сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр баригдах авто замтай давхацсан байна” гэх хариуг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01-11/777 дугаартай албан бичиг, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01-11/847 дугаартай албан бичгээр тус тус “…иргэн Т.С******, Д.Х****** нарт Нийслэлийн Засаг даргын захирамжаар нөхөн олговор олгож, газар чөлөөлөөгүй болно” гэх хариуг тус тус ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөр нотлох баримт цуглуулах шаардлагагүй, нэмж баримт цуглуулах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
24. Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд болон нэхэмжлэлдээ “... дахин төлөвлөлтийн “Шинэ амьдрал” төслийн хүрээнд орон сууц захиалгын хоёр талт гэрээг “******” ХХК-тай байгуулсан боловч гарын үсэг зурж, албажуулна гэж авч яваад бидэнд өгөөгүй ...” гэх агуулгаар, мөн “хавтаст хэрэгт авагдсан “Газар чөлөөлөлтийн схем зураг”-т[26] нэхэмжлэгч нарын газрын байршил /хаяг/ болох ТЗ-10-16 гэсний доор №162, ТЗ-10-09 гэсний доор №184 гэж бичигдсэн байгаа нь бидэнтэй байгуулсан хоёр талт гэрээний дугаар юм” гэх агуулгаар тайлбарлаж байгаа энэ тохиолдолд шаардлагатай гэж үзвэл эрүүгийн эсхүл иргэний эрх зүйн журмаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн болон гэм хорын эрх зүйн маргаан үүсгэн шийдвэрлүүлэх, улмаар зохих хохирлоо шаардах хууль зүйн боломжтой байх бөгөөд тэрхүү эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.М******, С.А****** нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн Т.С******, Д.Х****** нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 60-62 дэх тал
[2] 1Хх 85-57 дахь тал
[3] 1Хх 125-129 дэх тал
[4] 1Хх 7 дахь тал
[5] 1Хх 16 дахь
[6] 1Хх 231-240 дэх тал
[7] 1Хх 241-246 дахь тал
[8] Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 23-27 дахь тал
[9] 1Хх 247-249 дэх тал
[10] 2Хх 1-10 дахь тал
[11] 2Хх 11-22 дахь тал
[12] 1Хх 35 дахь тал
[13] 1Хх 95-96 дахь тал
[14] 1Хх 140 дэх тал
[15] 1Хх 191 дэх тал
[16] 1Хх 134 дэх тал
[17] 1Хх 136 дахь тал
[18] 1Хх 123-124 дэх тал
[19] 1Хх 231-240 дэх тал
[20] 1Хх 241-246 дахь тал
[21] 1Хх 247-249 дэх тал
[22] 2Хх 1-10 дахь тал
[23] 2Хх 11-22 дахь тал
[24] 1Хх 45 дахь тал
[25] https://shuukh.mn/single_case/16109?daterange=2024-01-01%20-%202024-12-07&id=1&court_cat=3&bb=1 /нийтэд илэрхий нотлох баримт/
[26] 1Хх 205 дахь тал