| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03866/И |
| Дугаар | 183/ШШ2024/04708 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2024/04708
2024 оны 11 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2024/04708 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох
Үнэлгээ хийлгэх тогтоол, үнэлгээний тайлан болон үнэлгээ, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, дуудлага худалдааны тухай мэдэгдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Батдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Батдорж нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хийлгэх тогтоол, үнэлгээний тайлан болон үнэлгээ, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, дуудлага худалдааны тухай мэдэгдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч П.Батдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.03-ны өдрийн 02587 дугаар шийдвэрийн дагуу ******* 400 сая төгрөг гаргуулан ******* олгох шийдвэр гарч үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Уг ажиллагаанд барьцаа болох миний өмчлөлийн Ар зайсан, 100/8 байр 12 тоотод байрлах 101.65м.кв орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах болсныг шийдвэр гүйцэтгэгчээс ирүүлсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь П.Батдорж миний бие. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг маань албадан дуудлага худалдаанд оруулахын тулд төлбөр төлөгч Б.Мандахбаяртай харилцан тохиролцоод шинжээч томилж, үнэлгээ хийлгүүлсэн талаар огт мэдээгүй, өөрийн авч хэрэглээгүй өр зээлийн төлөө өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө алдах хэмжээнд байгаад нь гомдолтой байна. Ингэж мэдэгдээгүйн улмаас уг үнэлгээ хийгдэх шийдвэр хууль ёсны үндэслэлтэй эсэх, уг шийдвэрт заасан үнэлгээ хийх этгээд нь эрх бүхий, мэдлэгтэй, мэргэшсэн этгээд эсэх, холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу бодитой үнэлсэн эсэх, үнэлгээг хэрхэн яаж хийсэн болох, үнэлгээ хуульд заасны дагуу үнэн зөв бүрэн дүүрэн гарсан эсэхийг мэдэх ямар ч бололцоогүйгээс гадна иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан алдааны улмаас өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн талаарх бусдын үнэлгээг зөвшөөрөх эс зөвшөөрөхөөс эхлүүлээд бусад эрх ашгийг хамгаалах боломжгүйд хүрч байна. Иймд 2024 оны 4 сарын 19-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоол, 2024 оны 4 сарын 24-ний өдрийн Буфа ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2024 оны 5 сарын 20-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, дуудлага худалдаагаар оруулах болсон тухай П.Батдоржид мэдэгдсэн тухай мэдэгдэл, 2024 оны 6 сарын 6-ны өдөр анхны дуудлага худалдааг явуулах болсон мэдэгдэл, 2024 оны 06 сарын 20-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдаа явуулах болсон мэдэгдэлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэв.
3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/Ш32023/02587 дугаар шийдвэрээр ******* 400.000.000 төгрөгийг гаргуулж ******* олгохоор, хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар гудамж, 100/8 дугаар байрны 12 тоот хаягт байрлах 101.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц мөн ************** улсын дугаартай Bently Continental маркийн хөрөнгүүдээр хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч-иргэн Б.Мандахбаярын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* өмчлөлийн эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар гудамж, 100/8 дугаар байрны 12 тоот хаягт байрлах 101.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4-137/7564 тоот мэдэгдэл, 2024 оны 4 үгээр сарын 11-ны өдрийн 4-137/8770 тоот үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг ******* оршин суух бүртгэлтэй, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 100/8 дугаар байрны 12 тоот хаягт баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн байх бөгөөд төлбөр төлөгч Б.Мандахбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хөрөнгийг 550.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал ирүүлсэн байна. Иймд талууд дээрх үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлээгүй, харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилоход шинжээч 338.549.000 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдхээр ******* 99843250 дугаарт удаа дараа залгахад холбогдох боломжгүй, мөн ******* оршин суух бүртгэлтэй хаягт очин зарлан дуудах мэдэгдлийг үлдээсэн боловч ирж уулзаагүй тул 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4-137/9900 тоот хөрөнгийн үнэлгээ мэдэгдэж, тайлан танилцуулах тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Төлбөр төлөгч-иргэний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг Иргэний хкулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг тогтоож, анхны албадан дуудлага худалдааны дуудах үнийг тогтоохоор 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр оруулах болсныг мэдэгдэж, П.Батдоржид 2024 оны 4- 137/13073 тоот мэдэгдэл мөн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6/4 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус баталгаат шуудангаар хүргүүлж мөн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр П.Батдоржид дахин гардуулан өгсөн байна. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар оруулахад худалдан борлогдоогүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь үнэлгээн дээр гомдолтой байгаа гэж тайлбарлаж байна. Гэтэл үнэлгээчин стандарт, журмын дагуу дүгнэлтээ гаргасан. Үнийг тодорхойлохдоо үнэлгээний олон улсын стандарт гэж байдаг, тэрний 105-ийн 70.1, 70.14-т тусгагдсан чиглэлүүдийг баримтлаж, өртгийн хандлага, зах зээлийн ханшийг судлах гэсэн хоёр аргааг үнэлгээг гаргасан. Өртгийн хандлага гэдэг нь барилга байгууламжийн үнэлгээг хийхдээ үнэлгээний олон улсын стандарт 105, үнэлгээний хандлагууд ба аргууд гэсэн стандартын 10.4-т заасны дагуу тухайн үнэлгээний гэрээт ажлын бодит байдлыг харгалзан өртгийн хандлагын орлуулалтын өртгийн аргыг ашигласан болно. Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээнд барилгын хийц, бүтэцийн зориулалтыг оновчтой, зөв сонгосон байх ба барилгын хийцийн аль ч төрөлд тохирохгүй байвал хамгийн ойролцоо хийцэд хамааруулан хийцийн инженерийн шугам сүлжээний төхөөрөмжлөлтийн, халаалтын нэмэлт хийцийн болон зэргэлэлийн бүсчлэлийн бусад тохируулгыг хийнэ гээд үнэлгээний хоёрдугаар хэсэгт аргачлалаа тусгасан байгаа. 2-т шинжээч зах зээлийн хандлагыг ашигласан гэж байна. Энэ ойлгомжтой байх. Тухайн бүс нутагт байгаа ижил төрлийн барилга байшин ямар үнэтэй байгааг зах зээлийн ханшаар судалж, стандартын дагуу гаргаж ирсэн байна. Үүнийг хууль бус гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч заавал биечилж үзэх ёстой байсан зураг үндэслэсэн гээд байна. Гэтэл тэр зургийг шийдвэр гүйцэтгэгч, нэхэмжлэгч, олон гэрчүүд байж хуулийн дагуу битүүмжлээд хураах ажиллагаа яваад, тэр болгонд байгаад гарын үсэг зурсан байна. Зураг авснаас хойш засан сайжруулалт хийсэн гэж ярьж байна. Үнэхээр тэгсэн бол ийм засан сайжруулалт хийсэн, тэр хэмжээгээр байрны үнэлгээ өсөх ёстой гэсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой. Хэлээд байгаа гомдол үндэслэлгүй байна. Энэ авлагыг би өөрийн биеэр гардаж, шүүхийн шийдвэр гаргасан хүний хувьд төлбөр төлөгч н.Мандахбаяр, барьцаалуулагч П.Батдорж хоёрын хувьд маш олон удаа барилга оффис дээр нь очдог байсан, аргаа бараад гэрийг нь сахьдаг. Төлбөр авагчаас зугтаадаг. Шүүхийн шийдвэр 2023 онд гарсан. Эд нар утсаа салгаад алга болдог. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тэр байдал нь ажиглагдаж байна. Нэхэмжлэгчийг төлбөр төлөхөөсөө хугацаа авах гэсэн, юмыг хойшлуулах гэсэн хандлага харагдаж байна гэв.
5. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 4-137/13073 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
6. Хариуцагч тал нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудас, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2023/04331 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захиргамж, тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2023/02587 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захиргамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах тухай, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 04-178/5797 дугаартай албан тоот, төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, зарлан дуудах мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, зарлан дуудах мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүд, шинжээч томилсон тухай тогтоол, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүд, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбаруудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Д.Лхагвадорж нь үнэлгээ хийлгэх тогтоол, үнэлгээний тайлан болон үнэлгээ, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, дуудлага худалдааны тухай мэдэгдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2023/02587 дугаартай захирамжаар хариуцагч Б.Мандахбаяр нь ******* 400.000.0000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн,
Б.Мандахбаяр нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд иргэн ******* өмчлөлийн улсын бүртгэлийн 000*******2440, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар гудамж, 100/8 дугаар байр, 12 тоотод байрлах, 101.65 мкв талбайтай гурван өрөө, орон сууцны зориулалттай хөрөнгө, мөн УБА *******55 улсын дугаартай Bently Continentalo Маркийн, арлын дугаар №SCBBR*******WX6C034565, гэрчилгээний дугаар 017492*******, /2007, 2010/ суудлын автомашин болох барьцаа хөрөнгөд албадан ажиллагаа явуулж барьцаа хөрөнгүүдээс төлбөр гаргуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-ийн 28/
5. Төлбөр төлөгч Б.Мандахбаяр нь зээлийн гэрээний төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул төлбөр авагч В.Энхбаатар нь албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэх хуудас бичүүлж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. /хх-ийн 25-26/
6. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №23290362 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор 137 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар болжээ. /хх-ийн 33/
7. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №23-178/04 дугаартай мөн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №23290362/238 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-уудаар нэхэмжлэгч ******* үл хөдлөх эд хөрөнгө болох:
- Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар гудамж, 100/8 дугаар байр, 12 тоотод байрлах, 101.65 мкв талбайтай, өмчлөлийн улсын бүртгэлийн 000*******2440, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, гурван өрөө, орон сууцны зориулалттай хөрөнгийг битүүмжилсэн байна. /хх-ийн 44-51/
8. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №23290362/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор дээрх битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. /хх-ийн 52-56/
9. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас В.Энхбаатар, П.Батдорж, Б.Мандахбаяр нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийсэн бөгөөд талууд үнийн санал дээр нэгдээгүй байна. /хх-ийн 59-60/
10. Талууд үнийн саналыг харилцан хүлээн зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн №4/134 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор -ийн үнэлгээчин шинжээчээр томилжээ. /хх-ийн 67/
11. Ийнхүү -ийн үнэлгээчин Ц.Оюунчимэг нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар гудамж, 100/8 дугаар байр, 12 тоотод байрлах, 101.65 мкв талбайтай, өмчлөлийн улсын бүртгэлийн 000*******2440, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, гурван өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоохоор болж, хөрөнгийн үнэлгээний тайлангаа гаргаж, хөрөнгийг 338.549.000 төгрөгөөр үнэлсэн гэх тайланг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлсэн байна. /хх-ийн 73-94/
12. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, хөрөнгийг үнэлэхээр шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, хураах журмыг зөрчөөгүй байна.
13. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д Үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг хэлнэ гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т Үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн нэр, хөрөнгийн үнэлгээ хийх эрх, зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, мэргэжлийн хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл-ийг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгана гэж заажээ.
14. -ийн хөрөнгийн үнэлгээний тайланд хуульд заасан дээрх мэдээллийг бүрэн гүйцэт тусгасан байна.
15. -ийн үнэлгээчин Ц.Оюунчимэг нь тусай зөвшөөрөл эзэмшигч мөн бөгөөд түүнд хөрөнгийн үнэлгээчний эрхийг хугацаагүйгээр олгосон, нь даатгалын хохирлын үнэлгээ хийх хугацаагүй эрхтэй бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 85-87/
16. Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж заажээ.
17. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шинчээч -ийн үнэлгээчин Ц.Оюунчимэгт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулах ажиллагааг хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 11, 13, 14, 16, 45 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43.1, 43.4 дэх заалтыг тус тус танилцуулж, тайлбарлан өгсөн байна.
18. Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч Ц.Оюунчимэгт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд Шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх, 11 дүгээр зүйлд Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох, 13 дугаар зүйлд Шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах, 14 дүгээр зүйлд Шинжилгээ хийх, 16 дугаар зүйлд Шинжилгээ хийх хугацаа, 45 дугаар зүйл Яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд Үнэлгээний хараат бус байдал, 14 дүгээр зүйлд Үнэлгээчний эрх олгох шалгалтад орох этгээдэд тавигдах шаардлага, шалгалт зохион байгуулах, 15 дугаар зүйлд Үнэлгээчний эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай хуулийн заалтыг тайлбарлан танилцуулаад байгаа нь ойлгомжгүй байна.
18.1. Өөрөөр хэлбэл шинжээчид хууль сануулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, шинжээчид эрх үүрэг, хориглох зүйл заалтыг тайлбарлан танилцуулаагүй шинжээчид хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг тодруулсан, холбогдох хуулийг сануулсан байна гэж үзэхгүй.
19. -ийн үнэлгээчин Ц.Оюунчимэгт хөрөнгийн үнэлгээ гаргахтай холбоотой хуулийн зүйл заалтыг тайлбарлан танилцуулаагүй байх тул үнэлгээчний гаргасан Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан-г нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан.
21. -ийн үнэлгээчин Ц.Оюунчимэгийн үнэлсэн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан-д Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар гудамж, 100/8 дугаар байр, 12 тоотод байрлах, 101.65 мкв талбайтай, өмчлөлийн улсын бүртгэлийн 000*******2440, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, гурван өрөө, орон сууцыг 338.549.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэн дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
22. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6/4 дугаар тогтоолоор үнэлгээчний тогтоосон үнэ 338.549.000 төгрөгийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 236.984.300 төгрөгөөр тогтоож, дуудлага худалдаанд оруулахаар болсон. /хх-ийн 98/
22.1. Энэхүү ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар хугацааг тогтоож, энэ тухай мэдэглийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, өмчлөгч П.Батдорж нарт 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гардуулан өгсөн байна. /хх-ийн 99-101/
22.2. Улмаар хоёр дахь албадан дуудлага худалдааг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах тухай 7/2 дугаартай тогтоолыг мэдэгдлийг хамт 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдоржид гардуулсан, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өмчлөгч ******* оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх-ийн 105-106/
22.3. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 4-137/13074 дугаартай Б.Мандахбаярт хаягласан Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авагч нь хүлээн авсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж 2024.06.03 14 цаг гэж, мөн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4-137/1*******66 дугаартай Б.Мандахбаярт хаягласан Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Хүлээн авлаа, 2024.06.25 гэж хүлээн авсан байна. /хх-ийн 101, 106/
22.4. Тодруулбал шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг төлбөр төлөгч Б.Мандахбаярт хэрхэн яаж танилцуулсан, мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд Д.Нямдорж нь төлбөр төлөгч Б.Мандахбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхтэй эсэх нь тодорхойгүй байна.
22.5. Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэ болон мэдэгдлийг төлбөр төлөгчид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй ба түүнийг гомдол гаргах эрхээр хангаагүй гэж үзэхээр байна.
22.6. Анхны албадан дуудлага худалдаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй, хүчинтэй болж чадахгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 50 хувиар бууруулан тогтоож оруулсан үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа хүчинтэй байх үндэслэлгүй байна.
23. Нэхэмжлэгч ******* Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 4 сарын 19-ний өдрийн 4/134 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2024 оны 4 сарын 24-ний өдрийн Буфа ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6/4 дугаартай тогтоол, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 4-137/13073 дугаартай мэдэгдэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/2 дугаартай тогтоол, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4-137/136 дугаартай мэдэгдэлийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилох тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
23.1. Харин 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 4-137/13073 дугаартай мэдэгдэл, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4-137/136 дугаартай мэдэгдэл нь анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болсноор эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болно гэж үзлээ.
24. Нэхэмжлэгч П.Батдорж нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1-137/13073 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг хүлээн аваад 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гарсан байна.
24.1. Нэхэмжлэгч П.Батдоржийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй байна гэж үзлээ.
25. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2024 оны 6 дугар сарын 18-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгосон. /хх-ийн 3/
25.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.
25.2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг шүүхээс тайлбарлан, танилцуулсан байна. /хх-ийн 11-13/
26. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа хэрхэн явагдсан, дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан эсэх талаарх тэмдэглэлийг хариуцагч хэрэгт ирүүлээгүй тул энэ талаар дүгнэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
27. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/14765 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
28. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
29. Нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 4 сарын 19-ний өдрийн 4/134 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2024 оны 4 сарын 24-ний өдрийн Буфа ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/4 дугаартай тогтоол, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/2 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/14765 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ