2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/05292

 

 

 

 

 

 

                                                         2025             06            18  

                                       192/ШШ2025/05292

              

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, шүүгч Ч.Баярсүрэн, Б.Ганцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Г

Хариуцагч: Н.А

Нэр төрөө сэргээлгэж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Н.А , шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Чингэлтэй дүүргийн ... Н.А нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Т.Г намайг ажлын байр нь дээр байнга архи уудаг, айлын нөхөр эргүүлдэг, айл гэр үймүүлдэг, эрчүүдтэй явалддаг гэж гутаан доромжилж, ажлын газрын хамт олны дунд худал гүтгэсэн. Мөн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 17 цагт хамт олны хурал хийж, Т.Г намайг бөө мөргөлийн шашнаар дамжуулан Н.А-д хараал хийлгэсэн байна гэж хамт олны өмнө гүтгэж, элдэв үгээр доромжлон нэр төрд халдах нь хэрээс хэтэрч байгаад маш их гомдолтой байна. Н.А нь хурал зарлахдаа нэг ч удаа ажил мэргэжлийн холбогдолтой үг хэлээгүй, зориудаар Т.Г миний эсрэг олон нийтэд худал мэдээлэл тарааж гүтгэх зэргээр ёс зүйлгүй үйлдэл гаргасан нь албан тушаалаа урвуулан ашиглаж бусдыг өөрийн нөлөөнд оруулах гэсэн оролдлого болно. Иймд Н.А-гийн гаргасан дээрх үйлдлийн үнэн зөвийг тогтоож, хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, уучлалт гуйлгуулж өгнө үү,

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Н.А нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Т.Г намайг нарийн бичиг Г.Г, хууль эрх зүйн мэргэжилтэн В.Э нарын өмнө ажлын байр нь дээр байнга архи уудаг, айлын нөхөр эргүүлдэг, айл гэр үймүүлдэг, эрчүүдтэй явалддаг гэж гутаан доромжилж худал гүтгэж миний нэр төрд халдсан болохыг тогтоолгох, мөн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 17 цагт хамт олны хурал хийж, Т.Г намайг бөө мөргөлийн шашинаар дамжуулан Н.А-д хараал хийлгэсэн гэж хамт олны өмнө илт худал мэдээлэл тараасан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөл 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Н.А-д сонсох ажиллагаа хийх үед намайг мөн л олон нийтийн өмнө ажлын байр нь дээр байнга архи уудаг, орон гэртээ очиж хонодоггүй гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлага нарт худал мэдээлэл тараасан. Иймд миний нэр төрд халдаж, олны өмнө гутаан доромжилж худал мэдээлэл тараасан тул Н.А-р уучлалт гуйлгаж, нэр төр сэргээлгэж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Т.Г-н гаргасан Н.А хүний нэр хүндэд бүдүүлгээр хандаж, гутаан доромжилсон, худал гүтгэсэн үйлдлээ баримтаар нотлох, үгүй бол хамт олны хурал зарлан нийт албан хаагчдын өмнө уучлалт хүсэх, хууль бус үйлдэлд нь хуулийн хариуцлага хүлээлгэх, нэр төрөө сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Т.Г нь Ч...нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Т.Г намайг ажлын байран дээр байнга архи ууж, айлын нөхөр эргүүлдэг, айл гэр үймүүлдэг, эрчүүдтэй явалддаг гэж гутаан доромжилж, ажлын газрын хамт олны дунд худал гүтгэсэн. Т.Г нь Газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... тушаалаар Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудитороор томилогдсон. Нийгмийн ... 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот тушаалаар тус дүүргийн Нийгмийн даатгалын "Газар, нэгжүүдийн орон тоо, албан тушаалыг шинээр баталж" ирүүлснийг үндэслэн Т.Г Захиргаа, хяналтын хэлтсийн даргаар томилон ажиллуулсан. Захиргаа хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа Захиргаа хяналтын хэлтсийн даргын "Албан тушаалын тодорхойлолт"-д заасан үндсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, Захиргаа хяналтын хэлтсийн байцаагч ажилтнуудыг Удирдлагаар хангаж ажиллаагүй Төрийн албан тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1- т "Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална” мөн хуулийн 7.1.8-т "захирах, захирагдах ёсыг баримтлах" гэж хуулиар төрийн албан хаагчийг шудрага ёсыг эрхэмлэж захирах, захирагдах ёсыг баримталж ажиллахыг хуульчилж өгсөөр байтал Т.Г нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлдэггүй, захирах, захирагдах ёсыг баримталж, ажилладаггүй, ажлын байран дээр удаа дараа архи согтууруулах ундаа хэрэглэж, бусдыг уруу татдаг, нэр бүхий албан хаагч нарыг хэл амаар доромжилж, дорд үздэг, зүй бусаар авирлаж, төрийн албан хаагчийн хувьд ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж ирсэн. Мөн Т.Г нь ... хэлтсийн даргын хувьд байгууллагын болон харьяалагдах хэлтсийн байцаагч ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангаж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлт гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, төрийн байгууллагын нэгдсэн систем болох Албан хэрэг хөтлөлтийн "Edoc" нэгдсэн систем дэх албан бичиг шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах ёстой байтал удаа дараа ёс зүйгүй үйлдэл, зөрчил гаргаж, байгууллагын болон харьяалагдах хэлтсийн байцаагч ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангаж, ажилаагүй тул Газрын даргын тушаалаар "Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем ... программаар ирсэн бичгийн шийдвэрлэлтэд удаа дараа зөрчил гаргаж, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах" сахилгын шийтгэлийг ногдуулж байсан. Т.Г-с Захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон Захиргаа хяналтын хэлтсийн даргын өдөр тутмын хийж гүйцэтгэсэн ажлын талаарх тайлан мэдээг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2024 оны 03 улирлын байдлаар өөрийн хийсэн ажлын тайланг гаргаж танилцуулах үүргийг өгсөн боловч Т.Г нь "би хийсэн ажлаа санахгүй байна ажлын байрны зураг авалт болон өдөр тутмын хийсэн ажлыг нөхөн хийх боломжгүй, би хийж чадахгүй” гэх тайлбарыг өгсөн ёс зүйгүй үйлдлийг гаргаж, зүй бусаар авирлаж байсан. Цаашлаад Т.Г нь дээрх сахилгын шийтгэлийн тушаалыг эс зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр .. даатгалын Газарт шилжин ажиллах өргөдлийг гаргасан. Шилжин ажиллах өргөдлийг гаргаснаас хойшхи хугацаанд шилжүүлэх тушаал гараагүй байхад Удирдлгаас өгсөн үүрэг даалгавар хийхгүй байх, албан ёсны чөлөө авалгүй ажлын цагаар хэдэн ч цагаар хамаагүй гарч явж ажлын 8 цагийг юу ч хийлгүй өнгөрөөж байсан. Тус газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... тоот тушаалаар Хянан шалгалх ажлын хэсэг байгуулагдаж, Захиргаа хяналтын хэлтсийн даргын "албан тушаалын тодорхойлтод заасан үндсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, Захиргаа хяналтын хэлтсийн байцаагч ажилтнуудыг удирдлагаар хангаж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, биелүүлээгүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны чөлөөг олгоогүй байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаас байнга хоцордог, цаг бүртгэлийн системд албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж, гар утасны ... аппликэйшн ашиглан цагийн бүртгэлийг өөрийн дураар нөхөж оруулсан ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргасан" гэх үндэслэлээр тус тус хяналт шалгалт явуулсан. Хяналт шалгалтаар Т. Г нь "Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 37.1.16, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4 дэх байгууллагын "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.16, 5.2.2, 5.2.3, 5.2.12, 5.4.12, 6.10, 12.1, 12.4, 12.4.2, 12.4.7, 12.4.10, 12.8, 12.8.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж "албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, Захиргаа хяналтын хэлтсийн байцаагч ажилтнуудыг удирдлагаар хангаж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны чөлөөг олгоогүй байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан цаг минутыг хэтрүүлэн удаа дараа ажил тасалсан, хоцорсон, ажлын цагаас байнга хоцордог, цаг бүртгэлийн системд албан тушаалын бүрэн эхээ урвуулан ашиглаж, гар утасны ...аппликэйшн ашиглан цагийн бүртгэлийг өөрийн дураар нөхөж оруулсан маш ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргаж, холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн болох нь холбогдох баримтуудаар нотлогдож, тогтоосон" гэх ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Т.Г-н шилжин ажиллах тухай өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т "Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж заанч дагуу 30 хоногийн дотор Газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот тушаалаар Т. Г-н төрийн өөр байгууллагад шилжин ажиллах тухай хүсэлтийг нь үндэслэн ... дүүргийн ... мэдэлд шилжүүлсэн. Гэтэл Т.Г нь тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгууллагын 3 давхарт газрын даргын буюу миний албан тасалгаанд дайран орж, зөвшөөрөлгүйгээр гар утсан дээрээ бичлэг хийж, хэрүүл маргаан үүсгэж, ажлын байрны амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг буюу байгууллагын албан хаагчдыг үл хүндэтгэж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж зүй бусаар авирлаж, бусдыг хэл амаар доромжилж, орилж, чаралж, зөвшөөрөлгүйгээр бичлэг хийж, ёс зүйгүй байж боломгүй үйлдэл гаргаж төрийн байгууллага дотор танхайрсан үйлдлийг нотлох зорилгоор байгууллагын хуулийн мэргэжилтэн Э. хамт байсан ба тэр үед Г. миний би “чи ажлын цагаар нэр бүхий эрэгтэй албан хаагчидтайг архи уудаг, ажил тасалдаг, ажил үүргээ гүйцэтгэдэггүй, хуурамч хууль бус цагийн бүртгэл үйлддэг" гэж хэлсэн. Т.Г нь ажлын байран дээрээ удаа дараа архи, согтууруулах ундааг нэр бүхий албан хаагч нартай хамт хэрэглэдэг байсан ба Н.А миний бие удирдлагын хувьд Т.Г тус газарт олон жил ажилласан байдлыг харгалзан үзэж мөн удирдах албан тушаал эрхэлж байсан тул хатуурхалгүй ганцаарчилан уулзаж сануулж, хатуу анхааруулж байсан болохоос хамт олны хурал, зөвөлгөөн дээр Т.Г..г "ажлын байран дээр байнга архи ууж, айлын нөхөр эргүүлдэг, айл гэр үймүүлдэг, эрчүүдтэй явалддаг гэж гутаан доромжилох, мөн бөө мөргөлийн шашнаар хараал хийлгэсэн" гэж гүтгэж доромжлосон үйлдлийг гаргаж байгаагүй. Харин Т.Г нь дээр дурьдсан ноцтой зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй төрийн албан хаагчийн хувьд ажлын байран дээр хамт олныхоо дунд ёс зүйгүй, байж боломгүй үйлдлийг удаа дараа гаргаж байснаа ухамсарлахгүй, цаашлаад өөрийн хүсэлтээр ... даатгалын газарт шилжин ажиллахад албан тушаал буурч ажиллах нөхцөл байдал үүссэний улмаас буцаад урд эрхэлж байсан ажилд томилогдохын тулд миний нэр хүндэд үндэслэлгүй халдаж худал мэдээллээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэхээр байна. ... даатгалын газрын дарга Н.А миний бие тухайн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчийн хувьд байцаагч ажилтнуудыг доромжлох, гүтгэх, зэрэг ёс зүйгүй үйлдлийг огт гаргаж байгаагүй болно.” гэж маргажээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч нь намайг Н.А айлын нөхөр эргүүлдэг, эрчүүдтэй явалддаг, айл гэр үймүүлдэг, ажлын байрын дээр архи уудаг, бөө мөргөлийн шашнаар дамжуулан хараал хийлгэсэн гэж хамт олны дунд илт худал мэдээлэл тараасан тул нэр төрөө сэргээлгэж, уучлалт гуйхыг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын байран дээр архи уудаг гэж хэлснээс бусад үгийг хэлээгүй гэж маргажээ.

         6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

         Нэхэмжлэгч Т.Г нь .. газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргаар ажилладаг бол хариуцагч Н.А нь ... даатгалын газрын даргаар ажилладаг болох нь тогтоогдож байна. Зохигч өөр ажилд буруу шилжүүлсэн, ажлын үр дүнгийн талаар харилцан зөрүүтэй байр суурь илэрхийлж байх бөгөөд энэ нь гэм бурууг тогтоох замаар гэм хорын хохирол шийдвэрлэх асуудалд хамааралгүй юм.

 Хариуцагч Н.А нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “хуулийн мэргэжилтэн В.Э...н хажууд Т.Г...йг ажлын байран дээр архи уудаг” гэж хэлсэн болохоо хүлээн зөвшөөрчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Т.Г нь “Н.А  намайг айлын нөхөр эргүүлдэг, эрчүүдтэй явалддаг, айл гэр үймүүлдэг, бөө мөргөлийн шашнаар дамжуулан хараал хийлгэсэн гэж илт худал мэдээлэл хамт олны дунд тараасан” гэснээ, хариуцагч Н.А нь “Т.Г ажлын байран дээр архи уудаг” гэснээ тус тус баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн хариуцагчаас тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх үнэлээгүй болно. Өөрөөр хэлбэл, гэрчээр оролцвол зохих этгээдээс өөрөөр нь тодорхойлолт гаргуулах нь уг баримтын нотлох чадварыг алдагдуулж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болдоггүй.

7. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардана.

Хариуцагч Н.А нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуулийн мэргэжилтэн В.Э..ын хажууд Т.Г..г ажлын байран дээр архи уудаг гэж илт худал мэдээлэл тараасан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, эрүүл мэндэд, эд хөрөнгөд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” зааснаар зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсжээ.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Монгол улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ” гэж заасан байна.

Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолд “нэр төр” гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд хариуцагч Н.А..с нэхэмжлэгч Т.Г...н хувийн байдалтай холбоотой тогтоогдоогүй, худал мэдээлэл тараасныг бусдын нэр төрд халдсан гэж үзнэ.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардахаас гадна мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу гэм хорын эрх зүйн хүрээнд хариуцагч гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох үүрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 16-д зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг. Тухайлбал, хариуцагч Н.А нь өөрийн санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч түүний үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж буй хэлбэр нь бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй юм.

Нэхэмжлэгчийн “Н.А  намайг айлын нөхөр эргүүлдэг, эрчүүдтэй явалддаг, айл гэр үймүүлдэг, бөө мөргөлийн шашнаар дамжуулан хараал хийлгэсэн гэж илт худал мэдээлэл хамт олны дунд тараасан” гэсэн шаардлага хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй боловч хариуцагч Н.А 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуулийн мэргэжилтэн В.Э..н хажууд Т.Г..г ажлын байран дээр архи уудаг гэсэн нь бодит байдалд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар Бусдын нэр төрийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг хүлээдэг бөгөөд хариуцагч бусдын нэр төрд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй болжээ.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэр төрийг сэргээх, мэдээ тараасан хэлбэрээр нэхэмжлэгчээс уучлалт гуйхыг хариуцагч Н.А...д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

9. Шүүхээс Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/164 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан иргэдийн төлөөлөгч ... шүүх хуралдааны товыг мэдэгдэж, эрх, үүргийг тайлбарласан боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй болно.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г..н нэр төрийг сэргээж, түүнийг ажлын байран дээр архи уудаг гэсэн мэдээг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Н.А...д үүрэг болгож, нэхэмжлэлийн айлын нөхөр эргүүлдэг, эрчүүдтэй явалддаг, айл гэр үймүүлдэг, бөө мөргөлийн шашнаар дамжуулан хараал хийлгэсэн гэж илт худал мэдээлэл тараасан гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ЗҮМБЭРЭЛ

                                         ШҮҮГЧ                                         Ч.БАЯРСҮРЭН

                                         ШҮҮГЧ                                         Б.ГАНЦЭЦЭГ