Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00423

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/02392 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г-ын хариуцагч М.Г-эд холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Г- нь хувиараа өвс хадлангийн бизнес эрхэлдэг. 2020 оны 8 дугаар сард Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 2-р гудамж 13 тоот хаягт оршин суугч М.Г-эд нийт 10,000 боодол, 75,000,000 төгрөгийн өвч авахаар тохиролцож, 50,000,000 төгрөгийн өвсийг Улаанбаатар хот руу татан авсан. Үүнээс 35,000,000 Хаан банк дахь 5630286054 тоот манай эхнэрийн данс руу шилжүүлсэн ба одоо 15,000,000 төгрөгийн тооцоо дутуу байна. М.Г- нь ковид-19 цар тахлын улмаас үлдэгдэл өвсөө татан авах боломжгүй болсон тул бид уг өвсөө өөрсдөө зарж борлуулсан. М.Г- нь мөнгийг удаахгүй өгнө, өвчин зовлонтой байна гэж хугацаа хожиж байсан боловч одоо утсаа ч авахгүй, мессеж чатанд ч хариу өгөхгүй, сураггүй алга болсон. Иймд иргэн М.Г-ээс авах ёстой 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Б.Г- бидний хооронд Сүхбаатар аймгаас өвс авч худалдах тухай тохиролцоо хийгдсэн нь үнэн боловч бидний хооронд Б.Г-ын нэхэмжилж буй 15,000,000 төгрөгийн тооцооны үлдэгдэл байхгүй учир шаардаж буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар М.Г-ээс 15,000,000 төгрөг гаргуулж, Б.Г-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч М.Г-ээс 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-ад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчдыг илт ялгаварлан гадуурхаж хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг нь ноцтой зөрчиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т заасанчлан шүүгчийн зайлшгүй явуулах ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр шүүх хуралдааныг хуралдуулж шийдвэр гаргасан асуудал нь маргаан бүхий иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэргийн оролцогч хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан эрхээ эдлэн оролцох хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Учир нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 тоот аргачлал батлах тухай тогтоолоор Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загварыг хавсралтаар баталсан байх бөгөөд уг хавсралтын 2.4.2 дах хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ, хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж баримт №7-г үйлдэж хэрэгт хавсаргана гэсэн байна. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүгчийн 13325 тоот хүсэлт хэлэлцэж шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийг хэргийн оролцогч болох хариуцагчийн төлөөлөгч Б.Баярмаа надад танилцуулж баримтыг үйлдэн хэрэгт хавсаргасан баримт хэрэгт авагдаагүй, дээрх захирамжийг танилцуулаагүй учир хариуцагч талаас шүүгчийн захирамжид заагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үзлэг хийх ажиллагаанд оролцох эрхээ хязгаарлуулж шүүн таслах ажиллагаанд тэгш эрхтэй оролцох болон мэтгэлцэх зарчим алдагдсан үйл баримт болсон байна. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч М.Г-ээс итгэмжлэл авсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон Ч.Даваацэрэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаантай давхцаж байсан учир М.Г-эд холбогдох шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд хүргүүлж шүүх хүсэлтийг хүлээн авч хурлыг хойшлуулсан байдаг. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр М.Г-эд холбогдох хэргийн баримттай танилцахад 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13325 тоот шүүгчийн захирамж ёсчлогдоогүй байсан ба тус захирамж гарсан талаар би мэдээгүй. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд миний бие шүүхийн хэлэлцүүлэг эхэлсний дараагаар хоцорч очсон бөгөөд хэдийгээр шүүх хуралд хоцорсон боловч шүүгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т заасан ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр шүүх хуралдааныг мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг баримтлан явуулсан нь илт хууль бус гэж үзэж байна. Нөгөө талаар цахим хаягт үзлэг хийх үед хэргийн оролцогчид байлцах, эсхүл эзгүйд үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан буюу үзлэг хийх тухайд мэдсэн, үзлэг хийхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүлээн авсан атлаа үзлэгт ирээгүй байхад нь үзлэг хийх ажиллагааг шүүх явуулах гэх мэт хэргийн оролцогчийн эрхийг хуулиар тогтоож хуульчилсан байх учир шүүгчийн захирамжийг огт танилцалгүйгээр үзлэг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйл баримт болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, цахим хаягт үзлэг хийх, гэрч асуухтай холбоотойгоор шүүхэд хариуцагч талаас шүүхэд тайлбар гаргах, нотлох баримт гарган өгч мэтгэлцээний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй байхад шүүх хуралдааныг явуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

4.2.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв, хөдөлбөргүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлохоор гаргаж нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн баримтууд нь эргэлзээгүй баримт гэж үзэхээргүй хуулийн шаардлага хангахгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэн мөн хариуцагч талыг байлцуулалгүйгээр хууль зөрчин үзлэг хийж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь илт хууль бус гэж үзэж байна. Дээрх бүх байдлууд нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт нийцээгүй болохыг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн хувьд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр давхар шүүх хуралтай гэж шүүх хуралдаан хойшлогдсон. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болсон. Давж заалдах гомдолд бол шүүх хуралдаанаас хоцорсон гэх асуудал ярьдаг Фэйсбүүк хаягт үзлэг хийлгэх гэрч асуулгах хүсэлтийг 11 дүгээр сарын 18-ны өдөр тухайн шүүх хуралдаан хойшлогдох үед би хүсэлт өгсөн. 12 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаантай. Үзлэг хийх ажиллагааг шүүх хуралдаан дээр явуулъя гэж шүүх шийдсэн. Шүүхийн тэмдэглэлд тусгагдсан байх ёстой гэж миний хувьд үзэж байна. Иймд Б.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч М.Г-эд холбогдуулан гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас цахим зурваст /фэйсбүүкийн чат/ үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/13325 дугаар захирамжаар хангаж, үзлэг хийх ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан байна. /хх-ийн 47-50, 54-р тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар үзлэг хийх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх журамтай. Анхан шатны шүүх дээрх шүүгчийн захирамж болон үзлэгийн тов, ажиллагааны талаар хариуцагч талд мэдэгдэж, танилцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэж заасан. Анхан шатны шүүх хариуцагч талыг үзлэг хийх ажиллагаанд оролцуулах арга хэмжээ аваагүйгээр тус ажиллагааг зохион байгуулсан нь дээрх хуульд заасан зарчимд нийцээыгүй байна.

 

Түүнчлэн, үзлэг хийх ажиллагааг явуулахдаа шүүх хөндлөнгийн гэрчээр уг хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хоёроос доошгүй хүн оролцуулахаар тогтоосон. Уг ажиллагаанд оролцож байгаа хөндлөнгийн гэрч нь түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэг хүлээж, тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй, мөн гэрч нь үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээхээр зохицуулагдсан байдаг.

 

Гэтэл шүүх хөндлөнгийн гэрч нарт энэхүү үүрэг болон эрхийн талаар танилцуулан, тайлбарласан, хариуцлага хүлээх талаар хууль сануулах ажиллагааг хийсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч нар оролцсон талаар тусгагдсан байх боловч тэдгээрийн эрх зүйн бүрэн чадамжтай болох нь нотлогдох иргэний үнэмлэх эсхүл биеийн байцаалт бүхий албан ёсны бичиг баримт хэрэгт бүрэн авагдаагүй байна. /хх-ийн 54-р тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд дээрх тохиолдолд үзлэгийн тэмдэглэлийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй.

 

Иймд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгоогүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/02392 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Г.ДАВААДОРЖ