Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2026/0171

 

 

 

 

 

 

 

2026 02 13 128/ШШ2026/0171

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У НҮТББ

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.М

Гуравдагч этгээд: Д НҮТББ

Маргааны төрөл: Хуулийн этгээдийн нэр баталгаажуулсан бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Л*******, хариуцагч хяналтын улсын байцаагч Н.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчээс анх Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 2290 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг маргаан бүхий дүгнэлтийг гаргасан хяналтын улсын байцаагчаар солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийг хариуцагчаар сольж оролцуулсан.

1.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Бүртгэлийг хүчингүй болгох тухай 2290 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар тодорхойлсон тул шүүх тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр У НҮТББ-аар хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулж, уг нэрээр хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэлийн байгууллагад гаргаснаар 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Нутгийн иргэдийг мэдээ мэдээллээр хангах, соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах, байгаль орчин, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх дэмжлэг үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ижил зорилго бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, тэдний туршлагыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах, регистрийн дугаартай ашгийн төлөө бус нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаар бүртгэж, 000303483 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

2.2. Харин гуравдагч этгээд Д НҮТББ-аас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Д НҮТББ-аар хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулж, уг нэрээр хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бүртгэлийн байгууллагад гаргасныг захиргааны байгууллага 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн Шинэчилсэн бүртгэл төрлөөр хүлээн аваад 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нийслэл хотод амьдран суугаа нутгийн уугуул иргэд болон тэнд ажиллаж амьдарч байсан иргэдийг орон нутгийн амьдралтай холбох, аймгийн хөгжлийн хэтийн бодлогыг тодорхойлоход туслах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, чиглэл зорилго нэгтэй нутгийн зөвлөлүүдтэй хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаа явуулах, регистрийн дугаартай ашгийн төлөө бус нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаар бүртгэж, ингэхдээ үүсгэн байгуулах шийдвэр хэсэгт 1998.06.15 гэж огноог тэмдэглээд дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

2.3. Үүний дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гуравдагч этгээдээс нэхэмжлэгч У НҮТББ-ыг улсын бүртгэлд бүртгэсэн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан байна.

2.4. Дээрх гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Ц.О*******ээс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаар Хуулийн этгээдийн оноосон нэр давхардсан зөрчлийг арилгуулах тухай улсын байцаагчийн шаардлагуудын дагуу маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Н.Мын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2290 дугаар Бүртгэл хүчингүй болгох тухай улсын байцаагчийн дүгнэлт гарчээ.

2.5. Нэхэмжлэгчээс улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/09/2025 дугаар албан бичгээр гомдол гаргасанд тус газраас 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/9145 дугаар албан бичгээр ...Таны гомдолд дурдсан шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй... гэх хариу өгсөн байна.

2.6. Ийнхүү нэхэмжлэгчээс дээрх хариу эс зөвшөөрч тус шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Нэг. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Хяналтын улсын байцаагч Ц.О******* нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай Хуулийн этгээдийн оноосон нэр давхардсан зөрчлийг арилгуулах тухай шаардлага гаргаж, мөн хяналтын улсын байцаагч Н.М нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллагын бүртгэлийг хүчингүй болгох 2290 дугаар дүгнэлт гаргасныг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагад мэдэгдсэн.

1.1 Хяналтын улсын байцаагч нар нь холбогдох шийдвэр, дүгнэлтээ гаргахдаа шалгах ажиллагаанд манай байгууллагын төлөөллийг оролцуулаагүй, холбогдох бичиг баримттай танилцуулаагүй. Шалгалтын хугацаанд хуульд заасан эрхээ эдэлж, манай байгууллагаас удаа дараагийн буюу 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02/03/2025 тоот албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/02/2025 тоот албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/04/2025 тоот албан бичгүүдийг хүргүүлж байсан боловч, нэг ч хариу ирж байгаагүй. Үүнээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг хяналтын улсын байцаагч нар нь зөрчсөн байх бөгөөд нөхцөл байдалд бодит дүгнэлт өгч чадаагүй. Маргааны үйл баримтыг буруу үнэлсэн. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг зөрчиж, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч манай байгууллагын эрхийг хангаагүй, нотлох баримт буюу нөгөө талаас гаргасан гомдолтой танилцах боломжоор хангаагүй нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж байна.

Хоёр. Дүгнэлт гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Засгийн газрын тогтоолыг буруу хэрэглэсэн тухайд:

Манай У НҮТББ /РД:/ нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Иргэний хуулийн 30.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг иргэн, хуулийн этгээд хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулж болно гэж заасны дагуу үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн нэрээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Шинээр эсхүл өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах, эсхүл хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд нэр авах хүсэлтийг ...улсын бүртгэлийн байгууллагад нутаг дэвсгэрийн байгууллагад харгалзахгүй гаргана гэж, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж, 27.5-д Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ гэж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам-ын 2.1-д Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу дараах этгээд хуулийн этгээдийн нэр авах, баталгаажуулах хүсэлтийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр улсын бүртгэлийн байгууллагад гаргана, 3.10-т Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараах тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй гэж, 4.3-т Улсын бүртгэгч нэрийг хуулийн этгээдийн нэрийн санд шалгаж, баталгаажуулна гэж тус тус заасан хууль, журамд нийцүүлэн бүртгүүлж, баталгаажуулсан байдаг.

Бидний зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх үедээ, хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сангаас хуулийн этгээдийн ямар нэгэн нэрийн давхцал байгаа эсэхийг шалгахад ижил төстэй хуулийн этгээдийн мэдээлэл байхгүй байсан бөгөөд Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг хяналтын улсын байцаагч нь буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь манай У НҮТББ-ын нэр, манай байгууллагыг бүртгүүлэх үед бусдын нэртэй давхцаагүй, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй аливаа нэр улсын бүртгэлийн хуулийн этгээдийн нэрийн санд байгаагүй болно. Мөн манай төрийн бус байгууллагыг бүртгэсэн Хан-Уул дүүргийн улсын бүртгэгч У.М******* нь Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын 3.10, 3.10.4-т заасныг зөрчөөгүй. Харин эсрэгээрээ 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Д НҮТББ хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийхдээ дээр дурдсан тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн байгаа юм.

Гурав. Захиргааны шийдвэрээс үүдэн гарах үр дагаврыг арилгах асуудлыг орхигдуулсан тухайд:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.М нь

2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Бүртгэлийг хүчингүй болгох тухай 2290 дугаар дүгнэлтээр буруутай этгээд нь манай хуулийн этгээдийг гэж үзсэн. Гэвч Д НҮТББ нэртэйгээр 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дахин шинээр оноосон нэрийн баталгаажуулалт хийсэн. Харин манай У НҮТББ нь даруй нэг жилийн өмнө эхэлж хууль ёсны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд нэрийн баталгаажуулалт хийгдэж, үйл ажиллагаагаа хууль зөрчихгүйгээр явуулж байсан. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилж байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч нь энэ зарчмыг зөрчсөн бөгөөд үүний үр дагаврыг хэн, хэрхэн, яаж арилгах нь тодорхойгүй, манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байна.

Иймд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 сарын 30-ны өдрийн 2290 дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хохирлыг хүчингүй болгох тухай 2290 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Улсын бүртгэлийн хяналтын Улсын байцаагч н.О******* нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай хуулийн этгээдийн оноосон нэр, давхардсан зөрчлийг арилгуулах тухай шаардлага гаргаж, мөн хяналтын Улсын байцаагч Н.М нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллагын бүртгэлийг хүчингүй болгох 2290 дүгээр дүгнэлтийг гаргасан. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагад мэдэгдсэн. Тус хяналтын Улсын байцаагч нар холбогдох шийдвэр, дүгнэлтийг гаргахдаа хяналт, шалгалт хийх ажиллагаанд манай байгууллагын төлөөллийг оролцуулаагүй, холбогдох бичиг баримттай танилцуулаагүй. Манай байгууллага хяналт шалгалтын явцад удаа дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн 20250202 тоот албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 8-ны өдөр 20250302 тоот албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 202504 тоот албан бичгүүдийг тус тус хүргүүлж байсан боловч нэг ч хариу ирүүлж байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг хяналтын Улсын байцаагч нар зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн бодит нөхцөл байдлыг дүгнэж чадаагүй буюу маргааны үйл баримтыг буруу уншсан. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг зөрчиж захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч манай байгууллагын эрхийг хангаагүй. Мөн нөгөө талаас гаргасан гомдолтой танилцах боломжоор хангаагүй үйлдэл нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. У нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, мөн зүйлийн 27.5, мөн хуулийн 31 дүгээр зүйлд тус тус заасны дагуу бүртгүүлж баталгаажуулсан. Мөн хууль, журамд заасны дагуу хуулийн этгээдийн оноосон нэрийг Улсын бүртгэгчээр шалгуулсан байдаг. Түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх үедээ хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сангаас өөр хуулийн этгээдийн ямар нэгэн нэртэй давхцаж байгаа эсэхийг шалгахад ижил төстэй хуулийн этгээдийн мэдээлэл байхгүй байсан. Иймд Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг хяналтын Улсын байцаагч буруу дурдаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь У гэх нэрийг бүртгүүлэх үед бусад хуулийн этгээдийн нэртэй давхцаагүй. Мөн манай төрийн бус байгууллагыг бүртгэсэн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хурлын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын 3.10, 3.10.4-т заасныг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Харин эсрэгээрээ 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Д хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийхдээ дээр дурдсан тогтоол, холбогдох хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны шийдвэрээс үүдэн гарах үр дагаврыг арилгах асуудлыг орхигдуулсан. Тухайлбал Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын байцаагч Н.М нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох тухай 2290 дүгээр дүгнэлтээр манай хуулийн этгээдийг буруутай этгээд гэж үзсэн. Гэвч Д нэртэйгээр 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дахин шинээр оноосон нэрийн баталгаажуулалт хийсэн байдаг. Харин манай У нь 1 жилийн өмнө хууль ёсны дагуу хуулийн этгээдийн оноосон нэрээ Улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн Улсын бүртгэлд нэрийн баталгаажуулалт хийж, үйл ажиллагаагаа хууль, дүрэм журмын дагуу явуулж байсан. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилж байсан. Харин энэхүү зарчмыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагч зөрчсөн. Үүний үр дагаврыг хэн, хэрхэн яаж арилгах нь тодорхойгүй. манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2290 дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахад 1998 онд тухайн төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдаад Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн гэж тайлбарласан. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яам болон Улсын бүртгэлийн газраас тодорхой эрх зүйн акт гараагүй байсан. Иймд тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдээгүй гэж үзэж байна. 1994 оны Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т хуульд заасан журмын дагуу бүртгэлийг зохих хуулийн этгээдийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр Засаг дарга хуульд өөрөөр заагаагүй бол бусад хуулийн этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэр, гарц, дүрэм нь батлагдсанаар тус тус байгуулагдсанд тооцно гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлээ өгсөн учраас хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж болно гэвэл эмх замбараагүй нөхцөл байдал үүснэ. Гуравдагч этгээд Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээд Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан гэж яриад байгаа боловч хавтаст хэрэгт үүнийг нотлох баримт авагдаагүй. Мөн тухайн үед Улсын бүртгэлийн гэрчилгээгээ алга болсон талаар сонин, хэвлэл мэдээллээр зарлуулсан гэж тайлбарласан. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг харахад Улсын бүртгэлийн гэрчилгээ алга болсон талаар сонин, мэдээллийн хэрэгслээр зарласан нотлох баримт байхгүй байсан. Тухайн байгууллага үүсгэн байгуулагдсантай маргаан байхгүй. Гэхдээ үүсгэн байгуулагдаад холбогдох албан ёсны эрх зүйн акт гараагүй байхад манай байгууллага түрүүлж үүсгэн байгуулагдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн манай байгууллагыг Улсын бүртгэлийн ерөнхий газар 2024 онд холбогдох нотлох баримт бүрэн, нэр давхацсан зүйл байхгүй гэх үндэслэлээр бүртгэсэн. Түүнчлэн гуравдагч этгээд 2025 онд шинэчилсэн бүртгэл хийлгэхдээ 1998 онд үүсгэн байгуулагдсан гэж тайлбарлаад байгаа. 1998 онд үүсгэн байгуулагдсан гэх баримт бичиг байгаа боловч тодорхой эрх зүйн акт гарсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас хамаарч манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгааг шүүх анхаарч үзнэ үү гэв.

 

4. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 2290 дугаартай хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгохоор ханджээ. Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны 2290 дугаартай дүгнэлт гарсан тухайд:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.О*******ийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай албан шаардлагад Хуулийн этгээдийн мэдээллийн санд регистрийн дугаартай Д НҮТББ-ийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичигт Манай байгууллага нь 1998 оноос хойш нутгийн уугуул иргэд, нутаг орноо гэсэн эрдэмтэн мэргэдийн санаачилгаар байгуулагдаж нийгмийн сайн сайхны төлөө тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл сүүлийн үед ижил төсөөтэй нэртэй өөр нэгэн төрийн бус байгууллага шинээр бүртгүүлж, У // нэрээр үйл ажиллагаа явуулж олон нийтэд төөрөгдөл үүсгэсэн нь газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Хуулийн этгээдийн нэр Монгол Улсын Засгийн баталгаажуулах журам-ын 3 дугаар зүйлийн 3.10, 3.10.8 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: гэж, мөн зүйлийн 20.1.8-д улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох гэж заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдож үүний дагуу хяналтын улсын байцаагч Н.М миний бие 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2290 дугаар дүгнэлтээр улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд регистрийн дугаартай У НҮТББ-ын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 240402062 дугаартай хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулж олгосон тухайд:

Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч У.М*******гийн 2025 оны 04 дүгээр сарын 16-нд хяналт шалгалтын газарт өгсөн тайлбартаа: Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Б.Ц******* У НҮТББ нэрийг шүүлгэхээр хандахад давхардсан болон ижил төсөөтэй нэр байгаагүй тул хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт 240402062 дугаартай маягт олгосон байна. Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажил үүргийн хуваарийн дагуу улсын бүртгэгч У.М******* миний бие бүртгэлийг бүртгэсэн байна. Гэтэл 2025 оны 3 сард У нь 1998 онд байгуулагдсан гээд гэрчилгээ нь байхгүй тамга тэмдгээ бариад ирсэн. 1998 онд байгуулагдсан цагаас хойш ямар ч бүртгэл хийгдээгүй, мэдээллийн санд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй нэр цэнхэр өнгөөр ялгагдаж харагддаг гэтэл энэ нэр мэдээллийн санд огт байхгүй, мөн архивт байгаа цаасан баримт цахимжсан байдлаар харагддаг энэ бүртгэлийн хувьд ямар ч мэдээлэл байхгүй байсан тул Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Архивын газрын мэргэжилтэн н.Х******* шалгуулж үзэхэд 10 хуудас материал байсан. Ингээд тухайн хуулийн этгээдэд мэдэгдэж нэрээ өөрчилж авах талаар зөвлөгөө өгч Д гэж шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж тухайн нэрээ авсан юм. Тухайн үед шинэчилсэн бүртгэлд хуулийн хугацаанд бүртгүүлээгүйн улмаас нэрийн давхардал үүссэн талаар ойлгуулсан. Бид хамтарч ажиллана ямар нэг маргаан байхгүй гэж мэдэгдсэнээр Д.Т******* гэх гишүүн нь нэрийн баталгаажилт авч Д НҮТББ нэрээр 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн гэх тайлбарыг хяналт шалгалтын газар өгсөн.

Зөрчигдсөн хууль болон журам, захиргааны хэм хэмжээний актын тухайд:

  1. Монгол улсын Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэх;
  2. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх; 4.1.5-т нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэх;
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 зүйлийн 13.3 дахь заалтад Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна гэх;
  4. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам-ын 3 дугаар зүйлийн 3.10-д зааснаар Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-д зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй; 3.10.8-д төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэрээр ялган бичсэн бол. Жишээлбэл: Хуулийн этгээдийн нэрийн санд Дорнын саран гэсэн нэр бүртгэгдсэн байвал Завхан дорнын саран гэсэн нэрийг; баталгаажуулахгүйгээр зохицуулсан байна.

Иймд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай хяналтын улсын байцаагчийн 2290 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

4.1. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын ахлах байцаагч н.О*******т 1998 онд байгуулагдсан Дундговь аймгийн Улаанбаатар хот, Д-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн н.Т******* гэдэг хүнээс гомдол ирсэн. Энэхүү гомдлын дагуу дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын байцаагч миний бие шаардлага хүргүүлсэн байдаг. Шаардлагын дагуу материалыг хүлээж аваад тухайн нэр олгосон н.М******* гэдэг улсын бүртгэгчээс тайлбар мэдүүлэг авсан. Тайлбар мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр үйлчлүүлсэн Д гэдэг нэрийг баталгаажуулалтын тоо мэдээллийн сангаас шүүсэн. Тэгэхэд энэхүү нэр байхгүй байсан. Гэтэл 2025 оны 03 дугаар сард 1998 онд байгуулагдсан гэрчилгээ байхгүй, тамга тэмдгээ барьж ирсэн хуулийн этгээд гарч ирсэн. Өөрөөр хэлбэл 1998 онд байгуулагдсанаасаа хойш ямар нэгэн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй байсан. Үүний дараагаар нэрийн баталгаажуулалтын хуудас олгосон н.М******* гэдэг Улсын бүртгэгч Улсын бүртгэлийн мэдээллийн санд байхгүй байсан учраас тухайн байгууллагын нэрийн баталгаажуулалтын хуудсыг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр олгосон гэж тайлбарласан. 2025 оны 03 дугаар сард Дундговь аймгийн Улаанбаатар хот, Д-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн н.Тогтохсүрэн гэдэг хүн 1998 онд байгуулагдсан Улсын бүртгэлийн газар гомдол гаргахдаа манай байгууллагатай нэр давхацсан байгууллага яваад байна гэж гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу н.О******* байцаагч албан шаардлага ирүүлсэн. Энэ албан шаардлагын хүрээнд миний бие тухайн зөрчлийг хянаж үзээд 2290 дугаартай 05 дугаар сарын 30-ны өдрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд тус тус зааснаар 1998 онд байгуулагдсан Д, сүүлд байгуулагдсан 2025 оны У-д 05 дугаар сарын 30-ны өдөр н.Т******* сонсох ажиллагааг утсаар холбогдож хийсэн байдаг. Мөн н.Д******* гэдэг хүн манай байгууллагад бичгээр хандсан. Бид албан бичгээр хариу өгсөн. Н.Д******* өөрөө ирж надтай уулзаад сонсох ажиллагаанд орох боломжгүй шүүхэд хандана гэж хэлээд явсан. Мөн н.М******* гэдэг улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрөлжсөн архиваас Д гэх нэртэй 1998 онд бүртгүүлсэн байгууллага байсан гэж тайлбарласан. Иймд миний бие 2290 дугаартай дүгнэлтийг гаргаж 2025 онд үүсгэн байгуулагдсан н.Д******* гэдэг хүний удирдлагатай У-ийн хуулийн этгээдийн оноосон нэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэв.

 

5. Гуравдагч этгээд Д НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч У НҮТББ нь нэхэмжлэлийн шаардлагадаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 2290 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Улсын бүртгэлийн газраас гаргасан 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2290 дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн зөв дүгнэлт тул тухайн дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Учир нь Дундговь аймгийн засаг даргын 1998 оны 04 сарын 18-ний өдрийн 87 тоот Захирамжаар Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын суурин төлөөлөгчийг ажиллах журмыг баталж уг журмын хүрээнд Дундговь аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл анхны хурлаа хийж дүрмээ баталж, 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдөр У төрийн бус байгууллагаар бүртгүүлэх тухай хүсэлтээ Хууль зүйн яаманд гаргаж байсан. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл У нь Дундговь аймгийн нийт иргэдийн эрх ашиг, нийгмийн хөгжил сайн сайхны төлөө тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Гэвч сүүлийн үед аймгийн иргэд, уугуул иргэд эрдэмтэн мэргэдийг төөрөгдөлд оруулсан ижил нэртэй У НҮТББ-г нэр бүхий хүмүүс байгуулж ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь нутгийн иргэдийн талцуулан муудалцуулах явуургүй арга хэрэгсэл болж байгаад бид харамсаж байна.

Манай байгууллага нь олон нийтэд танигдсан, түүхэн уламжлалтай идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй төрийн бус байгууллага бөгөөд нэрийн ижилсэл, төөрөгдөл нь нийт иргэдэд төдийгүй манай байгууллагын хууль ёсны эрх ашигт бодитоор нөлөөлж байгаа учраас 2025 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт Нэр давхацсан асуудлаар гомдол гаргаж 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сонсох ажиллагаа явуулж тухайн өдөр Улсын байцаагчийн 2290 дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт гарсан. Улсын байцаагчийн дүгнэлт дээр манай У нь 1998 оны 06 дугаар сарын 16-ний өдөр хууль зүйн яаманд бүртгүүлж байсан тухайн албан тоот хурлын протокол зэргээр нотлогдож байгааг тусгасан байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийн 1 дэх хэсэгт захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тусгажээ. Улсын байцаагч нь захиргааны ерөнхий хуулийн 24.1 дэх хэсэгт зааснаар Нөхцөл байдлыг тогтоосон мөн 24.2 дахь хэсэгт зааснаар Бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулж үнэлсэн гэж үзэж байна. Мөн хуулийн 26.1 дэх хэсэгт зааснаар оролцогчийг сонсох ажиллагаа явуулсан. Манай байгууллагаас Төрийн бус байгууллагыг төлөөл Д.Т******* гишүүн оролцсон. Энэ сонсох ажиллагааны зарыг нэхэмжлэгч талд мөн хүргүүлсэн боловч өөрсдөө ирээгүй.

Хоёрт: Дүгнэлт гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн гэсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэлд заасан Иргэний хууль болон Улсын бүртгэлийн тухай хууль нь хуулийн этгээдийг бүртгүүлэх тухай заалтууд бөгөөд энэхүү нэхэмжлэлд ач холбогдолтой зүйл хэсэг биш болно. Харин Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэх үед хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сангаас хуулийн этгээдийн нэрийн ямар нэгэн давхцал байгаа эсэхийг шалгахад ижил төстэй хуулийн этгээдийн мэдээлэл байхгүй байсан гэсэн байна. Яагаад ижил төстэй хуулийн этгээдийн нэр байгаагүй гэсэн үндэслэлээр яг ижил нэрийг ямар арга замаар авсан тухай бид мэдэх боломжгүй бөгөөд манай байгууллагын бүртгэл 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөр бүртгэгдсэн байдаг.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улаанбаатар хотод амьдардаг нийт Дундговь аймгийн хүмүүс, Дундговь аймагтаа үйл ажиллагаа явуулж байгаа нийт хүмүүс, мөн нутгийнхаа сайн сайхны төлөө нутгийн зөвлөл байгуулъя гээд Засаг даргын санаачилгаар 1998 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 87 тоот захирамж гарсан. 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдөр У НҮТББ-ыг бүртгүүлэх тухай хүсэлт Хууль зүй, дотоод хэргийн яаманд гаргасан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр У гэх ижил нэртэй төрийн бус байгууллага Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, тамга тэмдэг авч, үйл ажиллагаа явуулж байгааг манай төрийн бус байгууллагынхан мэдсэн. Үүний дагуу Улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл, гомдол гаргасан. 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсанаас хойш шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй явж байгаад 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Гэхдээ энэ хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн Улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэл хүчингүй болгох тухай 2290 дугаартай дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн сонсох ажиллагаанд оролцохгүй гэдгийг н.Д******* гэдэг хүн өөрөө хэлсэн байдаг. Сонсох ажиллагаандаа өөрсдөө ирээгүй. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ сонсох ажиллагаа хийгээгүй, бид нарт мэдэгдээгүй гэж тайлбарласан байсан. Мөн сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгч талд хүргүүлж байсан баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, тогтоогдсон үйл баримтыг дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч У НҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчид холбогдуулан Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2290 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчээс уг шаардлагын үндэслэлээ ...сонсох ажиллагаанд оролцуулаагүй, холбогдох баримтуудтай танилцуулаагүй, манай байгууллагыг бүртгүүлэх үед нэрийн давхцалыг шалгахад ижил төстэй мэдээлэл байхгүй байсан байхад жилийн дараа бүртгүүлсэн хуулийн этгээдийн нэр баталгаажуулсан бүртгэлийг хүчинтэй гэж үзсэн нь үндэслэлгүй, энэ нь эхэлж хууль ёсны дагуу бүртгүүлсэн манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн гэж,

хариуцагчаас ...гуравдагч этгээдийн 1998 онд үүсгэн байгуулагдсан шийдвэр, Хууль зүйн яаманд бүртгүүлж байсан албан тоот, Дийн дүрэм, хурлын протокол зэрэг нь улсын бүртгэлийн нэгдсэн архивт хадгалагдаж байсан тул хууль, журамд зааснаар хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй, мөн бүртгэлийг нотлох баримтад үндэслэж үнэн зөв бүртгэх шаардлагад нийцүүлэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2024 онд нэр баталгаажуулсан бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдсэн боловч оролцоогүй, оролцохгүй гэж хариу өгсөн гэж,

гуравдагч этгээдээс ...Дундговь аймгийн Засаг даргын 1998 оны 87 тоот захирамжаар Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын суурин төлөөлөгчийг ажиллах журмыг баталж, уг журмын хүрээнд Дундговь аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл анхны хурлаа хийж дүрмээ баталж, 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдөр У төрийн бус байгууллагаар бүртгүүлэх тухай хүсэлтээ Хууль зүйн яаманд гаргаж байсан, энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Дундговь аймгийн нийт иргэдийн эрх ашиг, нийгмийн хөгжил сайн сайхны төлөө тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа, үүсгэн байгуулагдсанаас хойш шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй явж байгаад 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх үед ижил, төстэй нэртэй хуулийн этгээд бүртгэгдсэн талаар мэдэж гомдол гаргасан гэж тус тус тайлбарлан маргасан.

 

2. Маргааны үйл баримтын тухайд, гуравдагч этгээд Д НҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан гомдлын дагуу хяналт шалгалт хийж, хяналтын улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар шаардлагаар ... регистрийн дугаартай У НҮТББ-ын оноосон нэрийг өөрчлөх замаар улсын бүртгэлийн зөрчлийг арилгах, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр шаардлагаар ...Энэхүү албан шаардлагын дагуу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн регистрийн дугаартай У НҮТББ-ын оноосон нэрийг давхардуулсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авч ажиллах-ыг тус тус шаардсан байх бөгөөд хариуцагч Хяналтын улсын байцаагч Н.М 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2290 дугаар дүгнэлтээр ...Хуулийн этгээдийн цахим мэдээллийн санд хуулийн этгээдүүдийн оноосон нэрийг ижил төсөөтэй байдлаар давхардуулж бүртгэсэн нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3.10, 3.10.4-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр ... регистрийн дугаартай У НҮТББ-ын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 240402062 дугаартай хуулийн этгээдийн нэр баталгаажуулсан бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Дундговь аймгийн Засаг даргын 1998 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №87 дугаар захирамжаар батлагдсан Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын суурин төлөөлөгчийн ажиллах журам-д ...Нутгийн зөвлөл нь цаашид сан, хөдөлгөөний хэлбэрт шилжин Монгол Улсын Хууль зүйн яаманд бүртгэлтэй Төрийн бус байгууллага байж, түүний эрх хэмжээ, статусыг хадгалахаар зааж, Дундговь аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн удирдах зөвлөлийн хурлын 1998 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №01 дугаар протоколоор нутгийн зөвлөлийн дүрмийг баталж, ингэхдээ холбогдох материалыг Хууль зүйн яаманд оруулж нутгийн зөвлөлийг Төрийн бус байгууллагаар бүртгүүлэхийг Н.Ө******* даалгаж шийдвэрлэжээ.

 

4. Ийнхүү У нэрээр 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №01 тоот албан бичгээр Төрийн бус байгууллагаар бүртгүүлэх хүсэлтийг Хууль зүйн яаманд гаргасныг хүлээн авч, 1998 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын бүртгэл гэх бүртгэлийн дэвтрийн 965 дугаарт бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6/855 тоот албан бичиг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн үзлэгээр тус тус тогтоогдож байна.

 

5. Гуравдагч этгээд нь У НҮТББ-аар 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №01 тоот албан бичгээр ...Байгууллагын оноосон нэрийг Д НҮТББ болгон өөрчилсөнтэй холбоотойгоор байгууллагын тэмдгийг хураалгаж шинээр тамга, тэмдэг хийлгэх хяналтын хуудас авах хүсэлт-ийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан байх ба Хураалгасан тамга, тэмдгийн тодорхойлолт-ын тамга, тэмдэг хураалгасан үндэслэл хэсэгт ...нэрээ өөрчилж, Д болсон гээд У гэсэн тамгыг даржээ.

 

6. Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр У НҮТББ-аар хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулж, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн байх бөгөөд харин гуравдагч этгээд нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Д НҮТББ-аар хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулж, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр, өргөдөл хүлээн авсан хуудаснууд, хуулийн этгээдийг болон эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлүүд, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

7. 1994 онд батлагдаж, тухайн үед үйлчилж байсан Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт Хуульд заасан журмын дагуу бүртгэгдвэл зохих хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээр, хуульд өөрөөр заагаагүй бол бусад хуулийн этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэр гарч, дүрэм нь батлагдсанаар тус тус байгуулагдсанд тооцно гэж, мөн Төрийн бус байгууллагын тухай хуулийн /1997 оны/ 6 дугаар зүйлд Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ, 15 дугаар зүйлд Төрийн бус байгууллагыг энэ хуульд заасан журмын дагуу Хууль зүйн яам улсын бүртгэлд бүртгэнэ, 16 дугаар зүйлийн 7-д Хууль зүйн яам Төрийн бус байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгоно... гэж, 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн хувьд тэдгээрийн улсын бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна, 31.2-т Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлийн ажил хариуцаж байсан байгууллагад хадгалагдаж байгаа, өмнө нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн хувийн хэрэг, бүртгэлтэй холбогдох бусад материал нь улсын мэдээллийн эх сурвалжийн бүрэлдэхүүн хэсэг болно гэж тус тус заажээ.

 

8. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, Улсын бүртгэлийн нэгдсэн архивт хадгалагдаж буй Дундговь аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн удирдах зөвлөлийн хурлын 1998 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №01 дугаар протокол, тус нутгийн зөвлөлийн дүрэм, Уөөс 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүйн яаманд хүргүүлсэн Төрийн бус байгууллагаар бүртгүүлэх хүсэлт, Хууль зүйн яамнаас Улсын бүртгэлийн байгууллагад шилжүүлсэн Улсын бүртгэл гэсэн бүртгэлийн дэвтрийн 965 дугаарт тэмдэглэгдсэн бүртгэл зэргээр гуравдагч этгээдийн тухайд 1998 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр регистрийн 1020579 тоот дугаараар улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх нээгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

9. Түүнчлэн гуравдагч этгээд нь 2025 онд нэрээ өөрчилж, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхээс өмнө У НҮТББ нэрээр үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан Дундговь аймгийн Засаг даргатай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Хамтран ажиллагааны санамж бичиг, 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын асуудлыг эрхлэх газрын дарга хурандаа Д.Мөрөнд хүргүүлсэн 025/2010 тоот албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/18 дугаартай тодорхойлолт, 2008 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захиралд хүргүүлсэн Тусламж хүсэх тухай №07 тоот албан бичиг, Дундговь аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн 2006 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар баталсан дүрэм зэргээс гадна эдгээр баримт, бичгүүдэд дарагдсан тамганд 1998 онд улсын бүртгэлд бүртгэсэн хуулийн этгээдийн 1020579 тоот регистрийн дугаар тусгагдсан зэргээр тогтоогдож байх тул Д НҮТББ-ыг нэхэмжлэгч хуулийн этгээдээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж үзэхээр байна.

 

10. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна гээд 13.3.1-д кирилл үсгээр илэрхийлэгдсэн; 13.3.2-т бусад хуулиар хориглоогүй гэж, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж, Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3 дугаар зүйлийн 3.10-д Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй 3.10.4-д баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд Баян гео, Эко систем гэсэн нэр бүртгэгдсэн байвал Баян геологи, Экологи систем гэсэн нэрийг гэж тус тус заасан тул хариуцагч Хяналтын улсын байцаагчаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2290 дугаар дүгнэлтээр ...Хуулийн этгээдийн цахим мэдээллийн санд хуулийн этгээдүүдийн оноосон нэрийг ижил төсөөтэй байдлаар давхардуулж бүртгэсэн үндэслэлээр цаг хугацааны хувьд гуравдагч этгээдийн дараа хуулийн этгээдээр бүртгэгдсэн буюу 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 240402062 дугаартай нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр баталгаажуулсан бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байна.

 

11. Учир нь хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 16.1.7-д улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах, 18 дугаар зүйлийн 18.7-д Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна, 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж зааснаар хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтыг үндэслэн 1998 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу Хууль зүйн яаманд төрийн бус байгууллагаар бүртгүүлж, 2025 онд улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гуравдагч этгээдийг түрүүлж бүртгэгдсэн гэж үзээд, 2024 онд шинээр үүсгэн байгуулагдсан нэхэмжлэгч хуулийн этгээдийн ижил, төстэй нэрээр давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох замаар илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, 9 дүгээр зүйлийн 9.4-д Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно гэж заасантай тус тус нийцжээ.

 

12. Нэхэмжлэгчээс ...гуравдагч этгээдийн хэрэгт хавсаргагдсан баримтуудад дарагдсан тамганы хэлбэр өөр, өөр байгаа, улсын бүртгэлд бүртгэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй, манай байгууллагыг бүртгүүлэх үед нэрийн давхцалыг шалгахад ижил төстэй мэдээлэл байхгүй байсан байхад жилийн дараа бүртгүүлсэн хуулийн этгээдийн нэр баталгаажуулсан бүртгэлийг хүчинтэй гэж үзсэн нь үндэслэлгүй хэмээн тайлбарлан маргах боловч нутгийн зөвлөлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсныг тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу Төрийн бус байгууллагаар Хууль зүйн яаманд бүртгүүлж, хуулийн этгээдийн эрх үүссэн байгаа энэ тохиолдолд эдгээр нь нэгэнт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох хуулийн зохицуулалтад нийцэхгүй юм.

 

13. Хавтаст хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч хяналтын улсын байцаагч Н.М нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр маргаан бүхий бүртгэлтэй холбоотой асуудлаар Д НҮТББ-ыг төлөөлөн Д.Т*******ыг оролцуулан утсаар сонсох ажиллагаа хийсэн байх бөгөөд хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон 2290 тоот дүгнэлт, хяналтын улсын байцаагч Ц.О*******, хяналтын улсын ахлах байцаагч А.Мөнхцэцэг нарт хүргүүлсэн Илтгэх хуудас-д У НҮТББ-ын гүйцэтгэх захирал Б.Гасрандоржтой 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр биечлэн уулзаж, үүний дараа 88088270 дугаарын утсаар дахин холбогдож сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдсэн боловч Би сонсох ажиллагаанд оролцохгүй, өргөдөл, гомдлын хариугаа бичгээр авна гэсэн талаар тэмдэглэж, тайлбарласан төдийгүй нэхэмжлэгчээс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 02/06/2025 тоот албан бичигт ...сонсох ажиллагаанд ирэхийг мэдэгдсэн талаар дурдсан байх тул захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэснийг хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Н.Мын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 2290 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн /1994 он/ 23 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, Төрийн бус байгууллагын тухай хуулийн /1997 он/ 6 дугаар зүйл, 15 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, Иргэний хуулийн /2002 он/ 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 он/ 13 дугаар зүйлийн 13.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2018 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 9 дүгээр зүйлийн 9.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.7.1, 20 дугаар зүйлийн 20.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У НҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Н.Мд холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 2290 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА