Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2024/04754

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 18 өдөр                                   Дугаар 183/ШШ2024/04754                      Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: *******,

                Хариуцагч: *******,*******,*******,

Хариуцагч: *******,******* нарт холбогдох,

Смарт буйдан ХХК-тай байгуулсан SME-00555 тоот зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний төлбөрт 332.747.610 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь хариуцагч Смарт буйдан ХХК, Б.Сэргэлэн, Д.Нямрагчаа нарт холбогдуулан Смарт буйдан ХХК-тай байгуулсан SME-00555 тоот зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний төлбөрт 332.747.610 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монгол Улсын засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалыг тус тус үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж зохицуулсаны дагуу Жижиг, дунд үйлдвэрийн газраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Смарт буйдан ХХК нь 2019 оны 11 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан хөнгөлөлттэй зээл авсан. Зээл авснаас хойш тус компани зээлийн төлөлтийг хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Зээлийг авахдаа Доржготовын Нямрагчаагийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 хороолол, Нарны гудамж, 20-р барилга, 1 давхар, 4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204089831 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 80.93 м.кв үл хөдлөх хөрөнгө, мөн Б.Нямрагчаагийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гудамж, 20-р барилга, зоорийн давхарын 5 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204089831 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 41.40 м.кв үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гудамж, 20-р барилга, зоорийн давхарын 2 тоотод байрлах 22.9 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гудамж, 20-р барилга, 4 давхар, 2 тоотод байрлах 113.44 м.кв үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Смарт буйдан ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, 332,747,610 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнээс үндсэн зээлийн төлбөрт 268,710,031.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8,082,328.33 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 55,900,250.54 төгрөг, нотариатын зардал 55,000 төгрөг нийт 332,747,610 төгрөг гаргуулна. Б.Нямрагчаагийн өмчлөлийн дээрх 4 хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэсэн шаардлага гаргаж байна …” гэв.

 

Хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Алданги дээр эвлэрэх боломж байгаа юу. Манайх 2018 оноос үйл ажиллагаа явуулсан. Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээлийн шалгуурт тэнцэж 2019 онд зээл авсан. Зээл аваад үйл ажиллагаагаа явуулж байсан чинь 2020 онд ковид гарсан. Манайх гадаадаас бараа матераил, тоног төхөөрөмжөө авдаг байсан. Хил гааль хаалттай байдлаас болж тодорхой хугацаагаар хойшилсон. Энэ хугацаанд санхүүгийн хувьд нилээд хүнд байдалд орсон. Хийсэн бүтээгдэхүүнээ зарж ажилчдынхаа цалин, түрээсийг өгдөг байсан. Эхний хоёр жил зээлийн хүүгээ төлж байсан. Нэхэмжлэгч талд үндсэн зээл, хүүгээ төлнө, алданги хөнгөлөх боломж байна уу, 1 жил хугацагаар гэдэг хүсэлтээ Жижиг, дунд үйлдвэрийн газарт албан бичгээр хүргүүлж байсан. Дэлхий нийтээрээ хүнд нөхцөл байдлыг даван туулсан. Ковидын үр дагавар одоо хүртэл арилаагүй, цалин хөлсөө гүйцэт тавьж чадаагүй. Буйдангийн үйлдвэр маш нарийн, олон төрлийн мэргэжил шаарддаг. Энэ хугацаанд найз нөхөд, ах дүүгээс тодорхой хэмжээгээр зээл тусламж авсан. Үнэхээр давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хохирсон. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд эвлэрэх боломж байдаг болов уу. Сайн цаг ирэх байх гэж горьдож байсан. Алданги дээр тодорхой хэмжээний хөнгөлөлт өгөх боломж байдаг болов уу гэсэн хүсэлтэй байна. Хэрэв эвлэрэх боломжгүй гэвэл цаашдаа өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байна …” гэв.

 

Хариуцагч Д.Нямрагчаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Смарт буйдан ХХК нь 2019 онд ЖДҮ-ийн зээлийн шалгуурт тэнцэж 2019 оны 11 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 296.090.790 сая төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн үйлчилгээний зориулалттай 4 талбайг барьцаалсан болно. Барьцаалах үндэслэл нь: 1. Буйдан үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад бүтээгдэхүүнээ зах зээлд гарган борлуулалт эхэлсэн байсан. 2. Цаашид үйлдвэрээ өргөжүүлэхэд дэмжлэг хэрэгтэй талаар ах дүүгийн хувиар удаа дараа хүсэлт тавьж байсан. 3. Монголд нэгэн үндэсний үйлдвэрлэл бий болоход өөрийн зүгээс, дүүгийн ёсоор тус болъё гэж шийдээд дээрх зээлийн барьцаа хөрөнгийн баталгаа гаргасан. 4. Эргэн төлөлт, зээл зээлийн хүүгээ хугацаандаа эсвэл хугацаа наашлуулж төлөөд барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх талаар зөвлөж, сануулж байсан. Зээлийг зориулалтын дагуу ашиглаж үйлдвэрээ өргөжүүлэх, ажиллах хүчний тоог нэмэх, шинэ бараа материал татах, борлуулалтын сувгаа нэмэх зэргээр ажиллаж байгаад 2020 онд Дэлхий нийтийг хамарсан цар тахал эхэлж гадаад худалдааны татан авалт, дотоодын хорио цээрийн дэглэм, ажиллах хүчний цалин, хомосдол, түрээсийн байрны төлбөр, цахилгаан дулааны төлбөр зэрэг хүндрэлүүд гарч байна гэдгээ хэлж байсан. 2019, 2020, 2021 онуудад зээл, зээлийн хүүг үндсэн графикийн дагуу төлж байгаад 2022 оноос эдийн засгийн хүндрэл, иргэдийн худалдан авах чадварт мэдрэгдэж борлуулалт, үйлдвэрлэлээ зогсоохоос аргаггүй нөхцөлд орсон гэдгээ хэлсэн. Улс орныг хамарсан цар тахлаас хойш иргэдийн худалдан авалт удааширч, орлого багасаж, эдийн засгийн хямралт байдал нэг хэсэгтээ үргэлжилж олон жижиг үйлдвэрүүд үүд хаалгаа хааж байсныг бизнес хийдэг хүний хувьд харж байсан. Тэдгээрийн нэг нь Смарт буйдан үйлдвэр гэж бодож байна. Ковидийн дараа үйлдвэрийн байр нь түрээсийн гэрээгээ цуцалж ажлын байргүй болсноор үйлдвэр хаагдах үндсэн шалтгаан, дээр нь санхүүгийн хямралт байдал, олон ажилчдын цалин хөлс, зардлын өсөлт зэрэг олон шалтгаантай зээл төлөх ямарч боломжгүй болсныг мэдсэн. Миний хувьд ЖДҮ-ийн зээлийн шаардлага болох 332.747.610 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд зээлийн алданги 55.900.250,54 төгрөгийн нэхэмжлэлийг хасаж өгнө үү. Мөн ЖДҮ хөгжүүлэх санд зээл хойшлуулах, хүү алданги чөлөөлж өгөх хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн байдаг. Сүүлд эвлэрэх саналтай албан тоот хүргүүлсэн гэсэн. Уг саналд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт 2 жилийн дотор төлж барагдуулахаа, харин нэхэмжлэлд дурдсан алдангийн төлбөрийг чөлөөлж, хасаж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг зөвшөөрөх саналтай байна. МҮХАҮТ-aac Force Majeure гэрчилгээ авсан байна. Эдгээр хүнд нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлийг харгалзан үзэж зохих хууль журмын дагуу нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нотлох баримтаар: Жижиг******* хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилээ, Монгол Улсын засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолын хуулбарууд, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт, гэрээний хавсралт, Барьцааны гэрээний хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Смарт буйдан ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, Смарт буйдан ХХК-ийн дүрэм, Смарт буйдан ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Д.Нямрагчаа нар нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбар, гэрэл зургуудыг баримтаар гаргаж өгсөн.

 

Хариуцагч Б.Сэргэлэн нэхэмжлэлийн шаардлагын талаарх хариу тайлбар гаргаж өгөөгүй байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жижиг,******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаартай “Агентлаг байгуулах тухай” тогтоолын 4.1-т “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгах, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Жижиг дунд үйлдвэрийн газарт шилжүүлэх арга хэмжээ авах” гэж, 4.3-т “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, хуримтлагдсан эх үүсвэр, өглөг, авлага зэргийг шилжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан,

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаарай “Ажилд томилох тухай” тогтоолоор  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг******* даргаар томилсон байна. /хх-ийн 5-6/

 

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, өглөг, авлагыг Жижиг дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн байна.

 

Иймд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай зээлийн гэрээ байгуулсан зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг Жижиг дунд үйлдвэрийн газар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь хариуцагч Смарт буйдан ХХК, Б.Сэргэлэн, Д.Нямрагчаа нарт холбогдуулан Смарт буйдан ХХК-тай байгуулсан SME-00555 тоот зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн төлбөр 268.710.031,13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8.082.328,33 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 55.900.250,54 төгрөг, нотариатын зардал 55.000 төгрөг нийт 332.747.610 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , Д.Нямрагчаа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/, хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нартай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр SME-00555 тоот зээлийн гэрээг байгуулж,  296.090.790 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай буйдан тавилгын төсөл хэлбэрээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 8-12/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.  

 

Энэхүү зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/ нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 296.090.790 төгрөгийг Смарт буйдан ХХК-ний өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, харин Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарын дагуу буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/ нь 296.090.790 төгрөгийг Смарт буйдан ХХК-ний өмчлөлд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна, харин хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч нь 296.090.790 төгрөгийг хүлээн авснаас үндсэн зээлэнд 27,380,758 төгрөг, зээлийн хүүнд 17,328,356 төгрөг нийт 44,709,125 төгрөг төлсөн боловч үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр 268.710.031,13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8.082.328,33 төгрөг төлөгдөөгүй байгаа гэж  тайлбарлаж талууд энэ талаар маргаагүй.  

 

Хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа “... Ковидтой холбоотой үйл ажиллагаа зогссон, 2022 оны 8 сараас хойш зээлээ төлөөгүй … нэхэмжилж байгаа 55.900.250,54 төгрөгийн алдангийн 70 хувийг чөлөөлбөл 30 хувийг нь төлнө, харин 50 хувь чөлөөлөх юм бол үлдэх 50 хувийг нь төлөхгүй …” гэж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “... хариуцагч нь зээлийн төлбөр 296.090.790 төгрөгөөс 27,380,758 төгрөг үндсэн зээл, 17,328,356 төгрөг хүүнд нийт 44,709,125 төгрөг төлсөн … одоо үндсэн зээлийн төлбөр 268.710.031,13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8.082.328,33 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 55.900.250,54 төгрөг, нотариатын зардал 55.000 төгрөг нийт 332.747.610 төгрөгийг нэхэмжилж байгаа ... хариуцагчийн төлөх алдангийн 50 хувийг чөлөөлөх боломжтой ... 70 хувийг чөлөөлөх боломжгүй ... Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидэд зориулсан зээл гаргаад, зээлийн төлбөрөө буцаагаад эргүүлэн төвлөрүүлж дараа жил жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидэд зориулагддаг …” гэж тус тус маргаж байна. 

 

Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хөл хорио удаа дараа тогтоож байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Жижиг дунд үйлдвэрийн газар нь Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , Б.Сэргэлэн нартай байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байсан байна. /хх-ийн 13/ 

 

Мөн хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч нь Жижиг, дунд үйлдвэрийн газар /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/-тай зээлийн гэрээ байгуулснаас хойш эхний нэг жилийн хугацаанд үндсэн зээл төлөх үүргийг хойшлуулж байсан, дахин 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сарыг хүртэл үндсэн зээл болон хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсан байна.  

 

Хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нар нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээнд заасан үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй, 2022 оны 8 сараас хойш зээлийн төлбөрөөс төлөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч Смарт буйдан ХХК “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд COVID-19 цар тахалтай холбоотойгоор алданги 55.900.250,54 төгрөг төлөхөөс чөлөөлж өгнө үү гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болох хүүгийн төлбөрийг гэрээнд /хавсралт/-д заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0.1 хувийн алданги төлнө” гэж, гэрээний 9.2-т “Хэрэв зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 90-ээс дээш хоног хэтэрсэн тохиолдолд эсвэл эргэн төлөлтийн графикийг 3 удаа зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг цуцалж, зээл буцааж төлүүлэх ажиллагааг явуулж барьцааны гэрээгээр барьцаалсан зээлдэгчийн эсвэл барьцаалуулагчийн барьцааны зүйлийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу худалдан борлуулж зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр болон энэ гэрээнд заасан алдангийн хамт төлүүлнэ” гэж тус тус заасан байна.

 

Хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нар нь зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 296.090.790 төгрөгийн зээл авсан боловч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй атлаа алданги төлөхгүй, алдангаас чөлөөлүүлнэ гэж тайлбарлаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзлээ.

 

Иймээс хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нарыг алдангийн 55.900.250,54 төгрөг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Жижиг, дунд үйлдвэрийн газар /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/ нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, алдангийг хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нараас шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар Жижиг, дунд үйлдвэрийн газар /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/ нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд хамтран зээлдэгч Б.Сэргэлэн нь үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл түүний гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

 

Хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нар нь Зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй, үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний 10 дугаар зүйлд зааснаар Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар шаардаж байна.

 

Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиараар 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зээлийн төлбөрийг төлж дуусгах үүрэгтэй байсан боловч хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийг хувиарын дагуу төлөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож байх тул SME-00555 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нараас үндсэн зээлийн төлбөр 268.710.031,13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8.082.328,33 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 55.900.250,54 төгрөг, нотариатын зардал 55.000 төгрөг нийт 332.747.610 төгрөг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийн газар /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/-д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээлийн хүү, алданги төлөөгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсчээ.

 

Хариуцагч Д.Нямрагчаа нь Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч д 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэлдээ өөрийн өмчлөлийн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 296.090.790 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, зээлтэй холбоотой бүхий л үйлдэлд төлөөлөх, барьцааны гэрээ байгуулах, уг гэрээнд гарын үсэг зурах, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх, чөлөөлөх зэрэг үйлдлийг хийх бүрэн эрхийг олгосон байна.

 

Мөн  Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Д.Нямрагчаа үл хөдлөх хөрөнгүүдийг Жижиг,******* зээлийн барьцаанд тавих гэж байгааг мэдэж байсан, ах дүүгийн холбоотой … 4 үл хөдлөх хөрөнгө дээр би итгэмжлэл авсан … зээлийн барьцаанд тавьж улсын бүртгэлд бүртгүүлсэн …” гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэртүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол “Барьцааны гэрээ”-ний барьцаа хөрөнгө болох Д.Нямрагчаагийн өмчлөлийн:

1. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13336/, Нарны  гудамж 20 дугаар барилга, 1 давхар 4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204089831 дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 80,93 м.кв үл хөдлөх хөрөнгө,

2. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13336/, Нарны гудамж 20 дугаар барилга, зоорийн давхар, 5 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 41,40 м.кв үл хөдлөх хөрөнгө,

3. Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13336/, Нарны гудамж 20 дугаар барилга, зоорийн давхар, 2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 22,9 м.кв үл хөдлөх хөрөнгө,

4. Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, Нарны гудамж 20 дугаар барилга, 4 давхар, 2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 113,44 м.кв үл хөдлөх хөрөнгө зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасан байна.

 

Иймд хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нараас нотариатын төлбөр 55.000 төгрөг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийн газар /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/-т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагч Д.Нямрагчаад шүүх хуралдааны товыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн байна.

 

Шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзнэ.

 

Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч Д.Нямрагчаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нар нь хариуцагч Д.Нямрагчаагийн эзгүйд нь хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Д.Нямрагчаагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэлээ. 

 

Мөн хариуцагч Б.Сэргэлэн нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүх хуралдаанд оролцох зэрэг хуульд заасан эрх, үүргийг итгэмжлэлээр олгосон болно.

 

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно. 

 

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/ улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нараас улсын тэмдэгтийн хураамж 1,821,688 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна. 

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/, хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нартай байгуулсан SME-00555 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж,

хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нараас үндсэн зээлийн төлбөр 268.710.031,13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8.082.328,33 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 55.900.250,54 төгрөг нийт 332.692.610 төгрөг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийн газар /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/-т олгосугай.  

 

                2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нараас нотариатын зардал 55.000 төгрөг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийн газар /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/-т олгосугай.

 

3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол “Барьцааны гэрээ”-ний барьцаа хөрөнгө болох Д.Нямрагчаагийн өмчлөлийн:

а. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13336/, Нарны  гудамж 20 дугаар барилга, 1 давхар 4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204089831 дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 80,93 м.кв үл хөдлөх хөрөнгө,

б. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13336/, Нарны гудамж 20 дугаар барилга, зоорийн давхар, 5 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 41,40 м.кв үл хөдлөх хөрөнгө,

в. Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13336/, Нарны гудамж 20 дугаар барилга, зоорийн давхар, 2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 22,9 м.кв үл хөдлөх хөрөнгө,

г. Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, Нарны гудамж 20 дугаар барилга, 4 давхар, 2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 113,44 м.кв үл хөдлөх хөрөнгө зэрэг эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаалж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.  

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Смарт буйдан ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч Б.Сэргэлэн нараас улсын тэмдэгтийн хураамж 1,821,688 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ОЮУН-ЭРДЭНЭ