Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 101/2021/03052/И |
Дугаар | 210/МА2022/00424 |
Огноо | 2022-03-09 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2022/00424
З- ОНӨААТҮГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/03760 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З- ОНӨААТҮГ-ын хариуцагч Г.Б-д холбогдуулан гаргасан хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллагад учруулсан хохиролд нийт 4,108,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллагад учруулсан хохиролд нийт 4,108,860 төгрөг гаргуулах тухай.
1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Г.Б- нь 3орчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1336 тоот тушаалаар автобусны жолоочоор ажилласан. Г.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн хариуцсан автобусыг жолоодон ажил үүргээ гүйцэтгэсэн ба 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр засвар үйлчилгээний станцад автобусаа оруулсан. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр техник өмч хамгаалах комиссын 7 гишүүний бүрэлдэхүүнтэй автобусанд нь үзлэг хийсэн ба техникийн комиссын дүгнэлтээр уг автобусны антифрийз масло холилдож, антифрийзгүй удаан явж хөдөлгүүр халаасны улмаас тахир гол зуурсан тул хөдөлгүүрт их засвар хийх шаардлагатай гэж үзсэн. Энэ гэмтэл тээврийн хэрэгслийн эзэмшигч жолоочоос хамааралтай гэж дүгнэсэн. Тээврийн хэрэгслийг засахад шаардлагатай сэлбэг, хэрэгсэл үнийг техникийн комиссын актад дурдсан бөгөөд нийт 5,181,762 төгрөгийн засвар үйлчилгээг хийх шаардлагатай болсон. Г.Б- дахин давтан тэрэг эвдэхгүй, ажилдаа хариуцлагатай, сайн ажиллана, 3 жилийн дотор сард 150,000 төгрөгөөр төлж дуусгана гэсэн өргөдөл гаргасан тул 2019 оны 02 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар дуустал төлбөр барагдуулах эргэн төлөлтийн хуваарь гарган ажиллуулсан. Г.Бат-Эрдэнийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ТВОХ-ын зөрчлийг удаа дараа гаргаж, хяналтын камер халхалсан, технологийн болон аюулгүй ажиллагааны горимыг удаа дараа зөрчсөн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/95 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Хариуцагч Г.Б- ажлаас чөлөөлөгдөхдөө байгууллагатай тооцоо нийлээгүй, тойрох хуудсаа зуруулаагүй, эзэмшиж байсан тээврийн хэрэгслээ хүлээлгэн өгөөгүй. Эзэмшиж байсан автобусыг нь өөр жолоочид хүлээлгэн өгөхөд автобусны зүүн урд булан, зүүн хойд дохионы гэрэл хагарсан байсан ба үүнийг бид автобусыг хүлээлгэн өгсөн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн. Г.Б-эс урд булангийн 143,000 төгрөг, хойд дохионы гэрлийн 28,299.81 төгрөг, нийт 171,299.81 төгрөгийг дээрх сэлбэгүүдийн төлбөрт авах болсон. Жолооч Г.Б-эс Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын дагуу нэхэмжлэлээ гаргасан болно. Автобусыг засахад шаардлагатай зардал 5,181,762 төгрөгөөс гадна 171,299.81 төгрөгийн сэлбэгийн өр үүссэн. Нийт 5,353,061.8 төгрөгөөс 2019 оны 2 сарын цалин 150,000 төгрөг, 2019 оны 3 сарын үлдэгдэл цалин 377,423 төгрөг, 2020 оны 3 сарын 31-ний өдөр Г.Бат-Эрдэнийн 2018-2019 онуудад ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг бодуулж 716,768 төгрөгийг тус тус хассан. Иймд үлдэх 4,108,860 төгрөгийг Г.Б-эс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б- нь тус байгууллагад өмнө нь кондуктор хийж байгаад 2015 оны 9 сараас 17-22 УНБ улсын дугаартай автобусны жолоочоор ажилласан. Г.Б- 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр автобусаа шалгаж үзээд болохгүй болохоор нь засвар үйлчилгээний станцад өөрөө оруулсан. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 7 гишүүний бүрэлдэхүүнтэй техникийн комиссын дүгнэлт гэх баримт гарсан байх ба дүгнэлтийг гаргасан 7 гишүүний нэр тодорхой бус. Антифризгүй удаан явснаас автобусанд гэмтэл гарсан гэж үзсэн байсан ба антифриз гэдэг бол хөргөгч шингэн бөгөөд уг шингэн асгарсан тохиолдолд мотор хална. Автобусны антифриз, тос масло байсаар байтал мотор эвдэрсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Г.Бат-Эрдэнийг шугаманд явуулахгүй байсан учир мөнгийг төлнө гэж бичиж өгсөн. Автобусыг өөр жолоочид хүлээлгэн өгсөн гэх баримтанд Г.Бат-Эрдэнийн гарын үсэг байхгүй. 1 ширхэг гэрэл 1,000 төгрөг байхад яагаад 28,000 төгрөг гэж байгааг, мөн урд гэрэл 70,000 төгрөгийн үнэтэй байхад 140,000 төгрөг гэж нугалж нэхэж байгаа нь үндэслэлгүй. Г.Бат-Эрдэнийн буруу байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Шүүх:Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Б-д холбогдох 4,108,860 төгрөг гаргуулах тухай 3орчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч 3орчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан эрхийн дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Тодруулбал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлзх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана. Шүүх Т.Бат-Эрдэнийн буруугаас үүдэн гарсан эсэх талаар актаар дүгнээгүй байна, техникийн комиссын актад тусгагдсан хөдөлгүүрийн эвдрэл жолооч Г.Бат-Эрдэнийн үйл ажиллагаанаас үүдсэн гэж үзэх үндэслэлгүй байна, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны шаардах хуудсаар сольсон сэлбэгний үнэ Г.Б- буруутай гэсэн ойлголт биш мөн Г.Б- хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна гэж тус тус дүгнэсэнд гомдолтой байна. Гэтэл техникийн комиссын актад энэхүү эвдрэлийг хянаж үзээд дээрх төлбөр буюу 5,181,72 төгрөг эзэмшигч жолооч нарт хамааралтай гэж үзлээ гэж дүгнэсэн байдаг. Мөн автобусыг нь тухайн цагт Г.Б- автобусаа ээлжийн жолоочгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Г.Б-тэй манай байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний 2.6-д байгууллагын эд хөрөнгийг ариг гамтай хэрэглэнэ. Тэдгээрийг үрэгдүүлсэн, дутаасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлөх үүрэгтэй, 2.16-д байгууллагаас эзэмшүүлсэн тээврийн хэрэгсэл, түүнд суурилагдсан хяналтын камер, смарт картны төхөөрөмж, ажлын багаж хэрэгсэл, эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, эрүүл ахуй аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн биелүүлж, эд хөрөнгөд учирсан хохирол, төлбөр авсан цалингийн урьдчилгааг хугацаанд нь эргүүлж төлөх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж харилцан тохиролцож гарын үсэг зурж гэрээгээр тохиролцсон. Г.Б- энэ эвдрэлийг хүлээн зөвшөөрч төлөх тухай өргөдөл хүртэл өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. Хариуцагч Г.Бат-эрдэнийн хувьд нэг ширхэг ч зүйл үрэгдүүлээгүй. Үрэгдүүлсэн дутаасан тохиолдол байхгүй. Эвдэрсэн тохиолдолд төлнө гэсэн гэрээ байхгүй. Ийм учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч З- ОНӨААТҮГ нь хариуцагч Г.Б-д холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллагад учруулсан хохиролд нийт 4,108,860 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч техникийн комиссийн актад тусгагдсан гэх эвдрэл, гэмтэл нь надад хамааралгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Г.Б- нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байхдаа байгууллагад нийт 5,353,061 төгрөгийн хохирол учруулсан, түүний цалин болон ээлжийн амралтын олговроос 1,244,191 төгрөгийг суутгасан тул үлдэх 4,108,860 төгрөгийг гаргуулна гэсэн агуулгаар тодорхойлж, бараа материалын зарлагын баримт, шаардах хуудас, тодорхойлолт, техник комиссийн акт, Г.Бат-Эрдэнийн хүсэлт зэрэг нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн байна. /хх-ийн 13-16-р тал/
Хариуцагч Г.Б- нь нэхэмжлэгч З- ОНӨААТҮГ-ын даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1336 дугаар тушаалаар тус байгууллагын жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 1-2, 7-р тал/
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
Ажил олгогчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн техник комиссийн актад ... жолооч Бат-Эрдэнийн эзэмшиж буй УБЧ/17-22/ улсын дугаартай автобусны ... антифрийз масло холилдож, антифрийзгүй удаан явж хөдөлгүүр халаасны улмаас блок тахир гол зуурсан, ... хөдөлгүүрт их засвар хийхээр тогтсон болно, ... эвдрэлийг хянаж үзээд 5,181,762 төгрөг эзэмшигч жолооч нарт хамааралтай сэлбэг материалыг олгох нь зүйтэй гэжээ. /хх-ийн 15-р тал/. Нэхэмжлэгч З- ОНӨААТҮГ нь тус баримтыг үндэслэн, хариуцагч Г.Б-эс төлбөр шаардсан.
Дээрх техник комиссийн актад хариуцагч Г.Б- буруутай буюу эзэмшилдээ байгаа эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүйгээс автобусны эд ангид эвдрэл гарсан гэх агуулга тусгагдаагүй байна. Иймд тус баримтад үндэслэн, хариуцагч Г.Бат-Эрдэнийг 5,181,762 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Хариуцагч Г.Б- нь нэхэмжлэгч байгууллагад хандан 3 жилийн хугацаанд сард 150,000 төгрөг төлж дуусгах агуулгатай хүсэлт гаргасан байх боловч энэхүү нөхцөл байдал нь хариуцагч Г.Бат-Эрдэнийн учруулсан гэх хохирлыг шууд нотлохгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч З- ОНӨААТҮГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 135 дугаар зүйл болон ажилтан, ажил олгогч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.6-д заасны дагуу хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллагад учруулсан хохирлыг шаардах эрхтэй боловч хариуцагч Г.Бат-Эрдэнийн учруулсан гэх хохирол нь хэрэгт авагдсан эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй байна.
Мөн хэргийн 13-14 дүгээр талд авагдсан урд булан 143,000 төгрөг, хойд дохионы гэрэл 28,299.81 төгрөг, нийт 171,299.81 төгрөгийн баримт нь хариуцагч Г.Бат-Эрдэнийг ажлаас чөлөөлөгдсөний дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 12, 13-ны өдөр үйлдэгдсэн нэг талын баримтууд байх тул уг үйлдэлд хариуцагч Г.Бат-Эрдэнийг буруутай гэж үзэх боломжгүй.
Иймд нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/03760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Г.ДАВААДОРЖ