Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/761

 

 

 

 

    2024             7              02                                         2024/ДШМ/761

 

С.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оргилбат,

хохирогч А.Бын өмгөөлөгч Л.Ононбаяр,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2411 00000 0169 дүгээр хэргийг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.М нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...тоотод хохирогч А.Бын нүдрүү цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний алимын эвэрлэг бүрхүүлийн донорын суулгацын ховхрол, болорын бүрхүүлийн урагдал, болорын бүрэн цайлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас С.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Маас 1.789.936 төгрөгийг гаргуулан хохирогч А.Бт олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.М намайг 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...тоотод хохирогч А.Бын нүд рүү цохиж, биед нь баруун нүдний алимны эвэрлэг бүрхүүлийн донорын суулгацтай ховхрол, болорын бүрхүүлийн урагдал, болорын бүрэн цайлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан хохирогч А.Б зориуд зохион байгуулалттайгаар гүтгэж, ял шийтгүүлсэн явдалд туйлын их харамсаж, гомдож байна.

Шүүх зөвхөн хохирогч А.Бын мэдүүлгээр ялласан, А.Б надтай нэг шил архи ууя гэж гуйгаад 1 шил архи авчирсан, түүнээс нь би нэг хоёр рункээр л уусан байх, дараа нь гадуур гарах ажилтай байсан тул уугаагүй. Архины ихэнхийг А.Б уусан бөгөөд тэр согтоод зан араншин муутай, манай хүүхдийг “пиздаа нар минь дуугүй бай” гэх зэргээр янз бүрээр хэлж байсан, би ч согтуу хүнтэй юу ярих вэ гэж бодсон, тэр эвгүй байдал гаргах гээд байхаар нь эхнэр бид хоёр за одоо яв яв гээд гаргасан. Миний зүгээс түүнийг цохисон, зодсон, эрх чөлөөнд нь халдсан ямар ч үйлдэл байхгүй. Би архи дарс уугаад хүн цохиж зоддог хүн биш, олон хүмүүс мэднэ.

А.Быг манайд орж ирээд гарах хүртэлх бүх байдлыг манай эхнэр М.А, хүү М.Т нар нүдээрээ харж, сайн мэдэж байгаа учир цагдаагаас хуулийн дагуу гэрчийн мэдүүлэг авсан, тэд ч хууль сануулагдаж үнэн зөв мэдүүлэг өгсөн байдаг. Худал ярьж, хуурч мэхлээгүй энэ хоёр хүний гэрчийн мэдүүлгийг шүүх яагаад үнэлж дүгнэсэнгүй вэ. Түүнээс гадна А.Б манайхаас гараад таксинд сууж явсан байдаг. Тэр таксины жолооч Н.Бын мэдүүлэгт А.Быг нүүр нүдэндээ зодуулж, цохиулсан байдал ажиглагдаагүй, зүгээр байсныг гэрчилсэн байдаг. Эдгээр гэрчүүд намайг А.Быг зодоогүй, цохиогүй болохыг хангалттай нотлоод байхад нотлох баримтыг харьцуулж, хуульд заасны дагуу яагаад үнэлэхгүй байгаа юм бэ, үнэлэхгүй байх ямар шалтгаан байна вэ. Яллах, цагаатгах баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнэж, гэм буруутай эсэхийг тогтоох ёстой гэж ойлгож байна.

Хохирогч А.Б башир заль хэрэглэж хуйвалдаан зохион байгуулж, болсон үйл явдлыг мэдэхгүй, дэргэд нь байгаагүй Б.Н, Б.И нараар худал хуурамч мэдүүлэг өгүүлж, миний эсрэг хууль бус нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэж байна.

Тухайлбал, гэрч Б.Иийн “... Тэгээд түүнээс хойш 23 цагийн үед хашаандаа ирэхэд А.Б байхгүй байсан. С.Мтай уулзахад гэртээ нилээн согтуу байхаар нь юу болсон талаар асуухад А.Б бид хоёр 1 шил архи хувааж уусан, тэгсэн А.Б манай хүүхдүүд рүү орилоод эхнэртэй муудалцаад байхаар нь би эхнэр хүүхдээ өмөөрөөд А.Быг нэг цохисон чинь нүд рүү нь цохичихсон гэж хэлсэн. Тухайн үедээ би та нар хамт архи уусан бол эвтэйхэн уухад яадаг юм гэж хэлчихээд ажилтай байсан болохоор яваад өгсөн ...” гэсэн энэ мэдүүлэг бол илт худал хуурамч мэдүүлэг юм.

Учир нь, Б.И тухайн үед манай гэрт огт орж ирээгүй, гэтэл орж ирээд надтай юм ярьсан, эхнэр хүүхдээ өмөөрч Быг нэг цохисон гэж ярьсан мэтээр намайг зориуд санаатай буруутган гүтгэж худал мэдүүлэг өгсөн байна. Гэрт орж ирээгүй хүн орж ирсэн гэж худлаа ярьснаас л харахад энэ үнэлээд байгаа гэрчийн мэдүүлэг гэдэг нь миний эсрэг хуурамч баримт бүрдүүлснийг бэлхэнээ харуулж байгаа юм.

А.Б тухайн үед буюу 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зодуулсан, цохиулсан асуудал огт яригдаагүй, түүнээс хойш 9-10 хоногийн дараа цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Энэ олон хоногийн хугацаанд А.Б гэмтэл авсан байх боломжтой. Түүний явсан газар, орчин, маршрут, хань харилцааг шалгаж тогтоох, А.Б Б.Н, Б.И нартай 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ярьсан эсэх нь эргэлзээтэй, утсаар ярьсан ярианы бичлэг, биллийг шалгаж үнэн бодит байдлыг тогтоох шаардлагатай байна. Онцгой ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй нотлох баримтыг шалгуулах, тухайлбал, намайг Б.Итой нүүрэлдүүлж болдоггүй юм уу.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэдэг, гэтэл тухайн үйл явдал болсон гэх цаг хугацаанд огт байгаагүй, тухайн зүйлийг хараагүй үзээгүй Б.И, Б.Н нарын мэдүүлгээр намайг А.Бын биед хөнгөн хохирол учруулсан гэж гэмт хэрэгт ял шийтгэж байгаа нь Үндсэн хуульд заасан миний үндсэн эрхийг зөрчиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, гэрч нарын мэдүүлэгт зөрүү байхад нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно. Мэдүүлэг зөрүүтэй байхад яагаад нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болдоггүй юм бэ, бодит үнэнийг тогтоох үүрэг мөрдөгч, прокурор, шүүгч нарт хуульд зааснаар байна.

Би энэ гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй байхад шүүх зөвхөн хэргийн газарт байгаагүй 2 гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэт нэг талыг баримталж шийтгэх тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх надад холбогдуулсан хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.” гэв.

Шүүгдэгч С.Мын өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Анхан шатны шүүхээс хэрэгт хамааралгүй Б.Н, Б.И нарын мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгийг үндэслэлтэй үзэж, миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон байгаа. Гэтэл хэрэг болох үед хамт байсан гэрч М.А, насанд хүрээгүй гэрч М.Т нарын мэдүүлэгт огт цохилцож, зодолдсон үйл баримт болоогүй гэсэн байдаг. Мөн хохирогч А.Б нь С.Мын гэрээс гарч яваад хамгийн эхэнд уулзсан хүн нь таксины жолооч Н.Ба бөгөөд хохирогчийг тээвэрлээд явж байхад нүдэнд нь гэмтсэн, улайж, хөхөрсөн ямар нэгэн зүйл ажиглагдаагүй талаар Н.Ба мэдүүлдэг. Тэгэхээр миний үйлчлүүлэгч хохирогч А.Бын нүдэнд цохиж гэмтэл учруулсан гэдэг нь нотлогдохгүй байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Хохирогч А.Бын өмгөөлөгч Л.Ононбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Прокурор Э.Оргилбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гэрч Б.Н “нүд нь хөхөрсөн, нүд нь нээгдэхгүй, нүднээс нь нулимс гарч байсан” гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Таксины жолооч Н.Ба харсан эсэхийг мэдэхгүй байна. Үүнд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.М нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...тоотод хохирогч А.Быг “хүүхдүүдтэй нь зохисгүй харилцлаа” гэж уурлан, улмаар нүдрүү нь цохисноос эрүүл мэндэд нь баруун нүдний алимын эвэрлэг бүрхүүлийн донорын суулгацын ховхрол, болорын бүрхүүлийн урагдал, болорын бүрэн цайлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Бын “...тухайн үед 12 цаг өнгөрч байсан санагдаж байна. С.М бид хоёр миний авчирсан 1 шил архийг хуваагаад уугаад ойр зуурын зүйл яриад хууч хөөрөөд байж байтал 2 бага хүүхэд нь цаад өрөөнөөсөө гарч ирээд хажуугаар гүйлдээд байхаар нь ахын хоёр дүү битгий гүйлдээд бай, томоотой байгаач, том хүмүүс юм яриад байхад гээд жоохон ширүүн хэлсэн чинь гэнэт С.М уурлаад чи миний хүүхдүүдийг загнадаг хэн юм бэ, бид нар хүүхдүүдээ загнадаггүй гээд миний баруун нүдрүү гараараа 1 удаа цохисон. Тэгсэн миний нүд харанхуйлаад юм харахгүй хавдаад эхэлсэн. ...” /хх 13-14/ гэсэн,

гэрч Б.Н-ийн “...би 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед санагдаж байна, манай найз А.Б надруу залгаад түрээсээр амьдарч байсан хашааны хажуу айлын хүнтэй архи ууж байгаад баруун нүдрүүгээ цохиулчихсан чинь нүд юм харахгүй, хавдчихаад байна, би энд хонохгүй гэх зүйл ярихаар нь би А.Быг такси бариад хүрээд ир гээд дуудсан. А.Б такси бариад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх Цамбагарав дээр байрлах ажил дээр хүрээд ирсэн. А.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, гэхдээ болсон асуудлаа сайн мэдэж байсан, баруун нүд нь хавдчихсан, хөхөрсөн, нүднээс нь нулимс гоожоод тогтохгүй, нүд нь зэвхийгээд цайсан /үхсэн малын нүд шиг/ байдалтай байсан, нүд юм харж болохгүй байна гээд байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хажуу айлын залуутай хамт архи уусан, нүдрүү хажуунаас цохисон, очих газар алга гээд байхаар нь би ойрхон байх буудалд оруулж өгчихөөд явсан. ...” /хх 19/ гэсэн,

гэрч Б.Иийн “...2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би хөдөө ажлаар явах болоод өглөө А.Бтай холбогдоод хамт ажилд явъя, хойшоо хашаанд очоод байж байгаарай гээд хэлсэн. Би өдөртөө ажил амжихгүй, очиж чадахгүй байж байтал орой 19 цагийн үед санагдаж байна, А.Б надруу согтуу залгаад “С.Мтай 1 шил архи уусан чинь миний нүд рүү цохьчихлоо, би нүдээ цохиулчихлаа, юм харахгүй байна" гээд уйлаад согтуу яриад байсан. ... Тэгээд би түүнээс хойш 23 цагийн үед хашаандаа ирэхэд А.Б байхгүй байсан. С.Мтай уулзахад гэртээ нилээн согтуу байхаар нь юу болсон талаар асуухад А.Б бид хоёр 1 шил архи хувааж уусан, тэгсэн А.Б манай хүүхдүүд рүү орилоод эхнэртэй муудалцаад байхаар нь би эхнэр, хүүхдээ өмөөрөөд А.Бын нүдрүү нь цохьчихсон гэж хэлсэн. Тухайн үедээ би та нар хамт архи уусан бол эвтэйхэн уухад яадаг юм гэж хэлчихээд ажилтай байсан болохоор яваад өгсөн. ...” /хх 34-35/ гэсэн тус тус мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1509 дугаартай “...1. А.Бын биед баруун нүдний алимын эвэрлэг бүрхүүлийн донорын суулгацын ховхрол, болорын бүрхүүлийн урагдал, болорын бүрэн цайлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх гэмтлийн эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх 38-39/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Мын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Бын нүд рүү цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний алимын эвэрлэг бүрхүүлийн донорын суулгацын ховхрол, болорын бүрхүүлийн урагдал, болорын бүрэн цайлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнүүдийн агуулга буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэм бурууд нь тохирчээ.

Шүүгдэгч С.М “...хохирогч А.Б зориуд зохион байгуулалттайгаар гүтгэж, ял шийтгүүлсэн явдалд туйлын их харамсаж, гомдож байна. ... Би энэ гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй байхад шүүх зөвхөн хэргийн газарт байгаагүй 2 гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэт нэг талыг баримталж шийтгэх тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг хянан шийдвэрлэхэд тухайн үйл явдлын өрнөл, үргэлжилсэн хугацаа, гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, тухайн хэргийг үйлдсэн хүний үйлдэлдээ болон учруулсан хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага, үйлдлийнхээ аюултай шинж чанарыг ухамсарласан байдал, гэмт үйлдэлдээ ашигласан хэрэгсэл, шүүгдэгч хохирогч нарын харилцааны түүх, тэдгээрийн хувийн байдал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодитой үнэлэх замаар гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг сэргээн тогтоох нь гэмт хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж,

мөн зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Гэрч М.А, насанд хүрээгүй гэрч М.Т нар шүүгдэгч С.Мтай хамаарал бүхий буюу гэр бүлийн гишүүдэд хамаарах эхнэр, хүүхэд нь байх бөгөөд тэдэнд гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эртхэйг тайлбарлахад тэд мэдүүлэг өгнө гэснээр хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийн талаар ярьжээ. Харин мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч С.М хохирогч А.Быг зодоогүй болохыг гэрчилсэн байх бөгөөд тэднийг шүүгдэгчтэй ашиг сонирхол бүхий гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.М нь гэрчээр “... Б согтуу орилоод элдвээр хэлээд хараагаад байхаар нь тухайн үедээ жаахан уур хүрээд чи дуугүй бай, би хүүхдүүддээ юм хэлдэггүй юм, чи манай хүүхдүүдэд юм хэлэх ямар эрхтэй юм гээд гарынхаа арын хэсгээр Быг нэг алгадчихмаар санагдаад цохих гээд гараа далайгаад цохих гэж байхад манай эхнэр А болиоч чи, чанга гартай юм байж, хүн амьтан цохиж яах гээд байгаа юм гээд миний далайсан гарны тохойгоор юмаар цохьчихсон юм. Тухайн үед миний тохойны хэсэг жирс гээд явахаар нь би гараа угз татаад авсан юм. Тэр үед Бын нүүрний хэсэг рүү гараараа цохисон эсэхийг бол санахгүй байна. Тэгээд би Бтай дахиж хэрүүл маргаан үүсгээгүй, өөрөөр биед нь халдаж цохисон зүйл байхгүй. ...” гэж мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний энэ мэдүүлгийг хохирогч А.Бын мэдүүлэгтэй харьцуулан шинжлэн судлав.

  Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1509 дугаартай дүгнэлтэд А.Бын биед учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой талаар заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасанд нийцүүлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Мыг гэм буруутай гэж дүгнэснийг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед нотолбол зохих асуудлуудын талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байх бөгөөд шүүхээс хохирогч А.Б, гэрч Б.И нарын өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцсэн байх бөгөөд гэрч, хохирогч нараас хууль сануулж авсан дээрх мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэх болон худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч С.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР