Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2026/0287

 

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2026/0287

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий.

Бүрэлдэхүүн: Шүүгч Д.Эрдэнэчимэг, Ц.Мөнхзул.

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Б******* нарын нэр бүхий 7 иргэн.

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Гуравдагч этгээд: Г******* ХХК.

 

Нэхэмжлэлийн шаардлага:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаартай шийдвэрийн Г******* ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд Г******* ХХК-д олгосон XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, гуравдагч этгээд Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэсайхан.

Танхимын дугаар: 4

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

    1. Нэхэмжлэгч нараас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Б******* нарын нэр бүхий 7 иргэн Дорнод аймгийн Б сумын түргэн 1 дүгээр багийн Б гэх газарт уламжлалт мал аж ахуй эрхлэн амьдардаг бөгөөд тус газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар ашигладаг. 2024 оны 03 дугаар сард тухайн газарт амьдардаг иргэдэд тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниас Б ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах тул тус газрыг малын бэлчээрээр ашиглуулахгүй гэх мэдээлэл ирсэн ба үүний дагуу Дорнод аймгийн Б сумын Засаг даргаас тодруулахад 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/91 тоот албан бичгээр Түргэн багийн нутаг дэвсгэрт Бараат нэртэй газарт XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Уг тусгай зөвшөөрөл олгосонтой холбоотой нарийвчилсан мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газраас авна уу гэж мэдэгдсэн.

 

    1. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас дээрх нэр бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон эсэх талаар тодруулахад 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1668 тоот албан бичгээр Дорнод аймгийн Б сумын Б нэртэй газарт 1514.05 гектар талбайд XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр олгосон гэж мэдэгдсэн. Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1668 тоот албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон тухай мэдэж 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон.

 

    1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан ба 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/3564 дугаартай албан бичгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариу хүргүүлсэн. Дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасныг зөрчсөн байх ба хуулийн уг зохицуулалтаар аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг авах ёстой байсан боловч энэ талаар санал аваагүй, тухайн газарт ажиллаж амьдардаг иргэдэд мэдэгдээгүй гэх үндэслэлтэй байна.

 

    1. Дорнод аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгийн хавсралтаар нэхэмжлэгч нарт ирүүлсэн албан бичгээс үзвэл хариуцагч нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчиж Т******* голын хамгаалалтын бүс болон Х*******гийн дээд, доод булгийн хамгаалалтын бүсэд давхцуулан хайгуулын зөвшөөрөл олгосон болох нь тодорхой харагдана. Нэхэмжлэгч иргэд Дорнод аймгийн Б сумын Түргэн 1 дүгээр багийн Б гэх нэртэй газарт уламжлалт мал аж ахуй эрхлэн амьдардаг.

 

    1. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан ашигладаг тул дээрх тусгай зөвшөөрлийг хууль зөрчин олгосноор малчдын бэлчээр ашиглах эрх, гэрээ байгуулсан газарт чөлөөтэй зорчих болон хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах буюу эзэмших, өмчлөх эрхүүд зөрчигдсөнөөс гадна эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, хөдөлмөрлөх таатай нөхцөлөөр хангагдах эрх хөндөгдөж болзошгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гаргасан шийдвэрээр олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авч шийдвэрлэхгүй хэмжээн хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Б.Б******* нарын 7 иргэнээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн Г******* ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд Г******* ХХК-д олгосон XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Дорнод аймгийн Б сумын нутагт орших Б гэх нэртэй газарт байрших 1514.05 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-******* дугаар бүхий Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Сонгон шалгаруулалтаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 365 дугаар шийдвэрээр Г******* ХХК-д олгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2027 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан.

2.2. Монгол Улсын Их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан АЛСЫН ХАРАА-2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.2.24-т Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж дунд, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хангах, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ гэж 2021 оны Шинэ сэргэлтийн бодлого батлах малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, өртөг зардлыг бууруулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэвшилтэт техник, технологид суурилсан, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлэн эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулна гэж заасан.

2.3. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11-т заасан мөн 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Талбайн солбицол тогтоох тухай 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан. Улмаар дээр дурдсан талбайн солбицлыг тухай бүх нийтэд мэдээлэн Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож шийдвэрлэсэн.

2.4. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Журам батлах эрх олгох тухай 14 дүгээр тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад олгосон бөгөөд улмаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Журам батлах тухай А/28 дугаар тушаалаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ыг баталж Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3863 дугаарт бүртгүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.

2.5. Аймаг, нийслэлийн засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/617 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/379 дүгээр албан бичгээр хариуг ирүүлсэн.

2.6. Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 09 дүгээр тогтоолын 10-д Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан татгалзсан хариу өгч болно, мөн хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно гэж тайлбарласан.

2.7. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-д "тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх", 17.5.3-д "хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх" гэж заасныг зөрчөөгүй. 2009 батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно,

2.8. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэсэн байдаг. Засгийн газрын 2018 оны Талбайн солбицол тогтоох тухай 243 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарсан Дорнод аймгийн Б сумын нутагт орших Б нэртэй 1514,05 га талбайд зарласан СШ-57-10 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтад Г******* ХХК шалгарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах А/117 дугаар тушаал гарч, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 365 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Г******* ХХК-д олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2.9. Нэхэмжлэлийн шаардлагад Г******* ХХК-д олгосон XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах гэжээ. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай заалт байхгүй бөгөөд 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч компани хуулийн ямар зүйл заалтаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах гэж байгаа нь ойлгомжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Гуравдагч этгээд Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Манайх үндэсний хөрөнгө оруулалттай, геологи хайгуулын мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд энэхүү үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан Дорнод аймгийн Б сумын Б нэртэй газарт байрших 1514.05 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад зохих журмын дагуу оролцож шалгарч улсын төсөвт 306.813.231 төгрөгийг төлж, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар эзэмших эрхтэйгээр олж авсан.

3.2. Энэхүү тусгай зөвшөөрлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 407 дугаартай кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2027 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан. Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолын дагуу зохион байгуулж, уг тогтоолд заасан талбайгаас олгосон тул Ашигт малтмалын тухай хуулийг зөрчөөгүй, хуулийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл юм.

3.3. Тусгай зөвшөөрөл олгосны дараагаас хайгуулын ажил хийхээр талбайд очиход сум орон нутаг, ард иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нөхцөл боломж олгохгүй манай компани хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасны дагуу иргэдийн төлөөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хэргийн оролцогч нарын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

    1. Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 7/617 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 73 дахь талд)-ээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Засгийн газрын 2014 оны 239, 2015 оны 511, 2017 оны 37, 234 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн танай аймгийн нутагт 944,728.15 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой байгааг мэдэгдэж байна. ...мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзэхийг анхаарна уу гэх мэдэгдлийг Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлсэн.
    2. Дорнод аймгийн Засаг даргаас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/379 тоот албан бичгээр Сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбай нь орон нутгийн нөөцөд авсан газар, усан сан, ойн сан, бүхий газар, малчдын өвөлжөө хаваржааны бэлчээр нутаг, хадлан бэлтгэлийн нөөц газруудтай давхцалтай байгаа тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Сэргэлэн сумын 23, 24 дүгээр талбайгаас бусад бүх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоос татгалзах саналтай байгааг хүргүүлж байна гэх хариуг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хүргүүлсэн(Хавтаст хэрэг 1-ийн 86 дахь талд) нь хуульд заасан 45 хоногтоо багтсан.
    3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар Журам батлах тухай тушаал(Хавтаст хэрэг 1-ийн 130 дахь талд)-аар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам(Хавтаст хэрэг 1-ийн 131-139 дэх талд)-ыг баталж, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалт-ыг зарлаж Г******* ХХК шалгарсан байна.
    4. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 365 дугаар шийдвэр(Хавтаст хэрэг 1-ийн 41 дэх талд)-ээр 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад шалгарсан Г******* ХХК-д Дорнод аймгийн Б сумын нутагт орших Б нэртэй 1514.05 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* тусгай зөвшөөрөл олгосон(Хавтаст хэрэг 1-ийн 43-45 дахь талд).
    5. Онон-Улз голын сав газрын захиргаанаас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 41 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 3-ын 246-247 дахь талд)-ээр ...дээрх хээрийн хэмжилт нь, ус зүйн мэдээллийг үндэслэн тус талбайг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтын дагуу ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон талбайд багтах Т******* голын болон Х*******гийн дээд, доод булаг, Бадрахын булгийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай, ...ашигт малтмалын хайгуулын сонгон шалгаруулалтын талбайд тавигдах шаардлагыг хангаагүй талбай байна хэмээн үзэж байна. Г******* ХХК-ийн эзэмшлийн Б нэртэй XV-******* хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтын дагуу ... тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй байна гэсэн саналыг дүгнэлтийг хүргүүлж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст хүргүүлсэн.
    6. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай 407 дугаар шийдвэр(Хавтаст хэрэг 1-ийн 42 дахь талд)-ээр Г******* ХХК-ийн Дорнод аймгийн Б сумын нутагт орших Б нэртэй 1514.05 га бүхий XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс тооцон, 2027 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.
    7. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б*******эс Ашигт малтмал, газрын тосны газарт 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Г******* ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан ба гомдлын хариуг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/3564 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 33 дахь талд)-ээр ...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн зохицуулалттай болно. Иймд таны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэх хариуг хүргүүлсэн.
    8. Үүний дагуу нэхэмжлэгч Б.Б******* нарын 7 иргэнээс, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаартай шийдвэрийн Г******* ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд Г******* ХХК-д олгосон XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
    9. Шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/8116 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 96 дахь талд)-ээр ...нэхэмжлэгч нарын нэр дээр баталгаажсан газрын эрх, түүний дагуу олгогдсон нэгж талбарын дугаар бүхий газрын тойм, Дорнод аймгийн Б сумын Түргэн багийн нутаг дэвсгэрт байрлах газарт нэхэмжлэгч нар нь ямар эрхийн дагуу мал аж ахуй эрхлэн амьдардаг талаарх нотлох баримт гаргуулахаар Дорнод аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/857 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 97-115 дахь талд)-ээр ...Б сумын Засаг даргын 2024 оны А/71 дүгээр захирамжаар иргэн М.Б*******, Б.Б*******, 2018 оны А/83, 2022 оны А/44 дүгээр захирамжаар иргэн Ц.Б*******, 2020 оны А/68 дугаар захирамжаар иргэн Д.Н, 2021 оны А/59 дүгээр захирамжаар иргэн Ж.Ц, 2024 оны А/79 дүгээр захирамжаар иргэн Ю.Д******* нарт тус бүр 1 га газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгосон... гэх хариуг тус шүүхэд ирүүлсэн.
    10. Мөн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/9331 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 167 дахь талд)-ээр ...ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрөлтэй талбай нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай эсэх талаарх баримтыг нотлох баримтаар гаргуулахаар Онон-Улз голын сав газрын захиргаанд хүргүүлж, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 100 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 169 дэх талд)-ээр Г******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Т******* голын онцгой хамгаалалтын бүстэй 140.3 га, энгийн хамгаалалтын бүстэй 131 га, Х*******гийн дээд булгийн онцгой хамгаалалтын бүстэй 1 га, энгийн хамгаалалтын бүстэй 11.7 га, Х*******гийн доод булгийн онцгой хамгаалалтын бүстэй 1 га, энгийн хамгаалалтын бүстэй 11.7 га тус тус давхцалтай байна гэх хариуг шүүхэд ирүүлсэн.
    11. 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШЗ2025/6173 дугаар Шүүхийн даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/103 тоот албан бичгээр даалгаврыг гүйцэтгэж, Т******* гол болон Х*******гийн дээд, доод булаг нь бодит байдалд байгааг тодруулж хийсэн үзлэгийн тэмдэглэл, Онон-Улз голын сав газрын гадаргын усны мэдээллийн санд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Дорнод аймгийн Б сумын Засаг даргаас нэхэмжлэгч нартай газар бэлчээрийн нөхцөлөөр газар ашиглахаар байгуулсан гэрээ(Хавтаст хэрэг 3-ын 219-247, 4-ийн 1-15 дахь талд)-г тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд.

 

    1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25-д энэ хуулийн дагуу ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах, 17 дугаар зүйлийн 17.1-д Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана, 17.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно 17.3-т Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэж зохицуулсан байна.

 

    1. Эдгээр зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, ийнхүү тодорхойлохдоо тухайн талбай байрших сум, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн зөвшөөрсөн саналыг авах, түүнийг бодитоор харгалзан үзэх хууль зүйн шаардлага үүссэн бөгөөд уг санал нь тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчин, усны нөөц, мал аж ахуйн ашиглалт зэрэг бодит нөхцөл байдлыг илэрхийлсэн, шийдвэр гаргах үндсэн суурь болох ёстой болохыг Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал гэдгээр тодорхойлж өгсөн байна.
    2. Гэвч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч байгууллага нь дээрх татгалзсан саналыг бодитоор үнэлж дүгнэсэн, эсхүл татгалзлын үндэслэл болсон нөхцөл байдлыг арилгасан талаар ямар нэгэн нотлох баримт бүрдүүлэлгүйгээр 2021 онд маргаан бүхий XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь орон нутгийн саналыг зөвхөн хэлбэр төдий авч үзсэн, түүний бодит агуулгыг үл харгалзан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
    3. Шүүхээс маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон талбай нь хуульд заасан хориглосон бүсэд хамаарах эсэхийг тогтоох зорилгоор цуглуулсан нотлох баримтуудыг үнэлэхэд Онон-Улз голын сав газрын захиргааны албан бичиг, холбогдох байгууллагуудын дүгнэлт, мөн газар дээр нь хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тухайн талбай нь Т******* гол болон Х*******гийн дээд, доод булаг зэрэг усны эх үүсвэрүүдийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсүүдтэй тодорхой хэмжээгээр давхцаж байгаа нь тогтоогдсон.
    4. Тодруулбал, Онон-Улз голын сав газрын захиргааны ирүүлсэн мэдээлэл, албан бичгийн нотлох чадварын хувьд уг байгууллага нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10-т "сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт- тавьж ажиллах гэж зааснаар сав газрын хэмжээнд усны нөөцийг нэгдсэн удирдлагаар хангах, хамгаалах, зохистой ашиглуулах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд мөн усны нөөцийн тоо бүртгэл явуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, усны эх үүсвэрийн байршил, тархалтыг тогтоох, хамгаалалтын бүсийг тодорхойлох бүрэн эрхийг хэрэгжүүлдэг болох нь тогтоогдож байна
    5. Өөрөөр хэлбэл, сав газрын захиргаа нь тухайн нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, булаг, шанд зэрэг усны эх үүсвэрийг бодитоор тогтоох, тооллого хийх, бүртгэлжүүлэх, хамгаалалтын бүсийг тогтоох, улмаар усны нөөцийн талаарх албан ёсны мэдээллийг гаргах хуулиар хүлээсэн чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага байх ба тус байгууллагын саналыг Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 "Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж заасны дагуу саналыг нь харгалзан үзэх ёстой байтал энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
    6. Хэрэгт авагдсан Онон-Улз голын сав газрын захиргааны албан бичигт маргаан бүхий талбайд Т******* гол, Х*******гийн дээд, доод булаг зэрэг усны эх үүсвэрүүд оршин байгаа талаар дурдсан нь тухайн байгууллагын чиг үүргийн хүрээнд бодит нөхцөл байдалд тулгуурлан гаргасан, мэргэжлийн шинжтэй, албан ёсны мэдээлэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

    1. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "гол, мөрний урсац бүрэлдэх эх" гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг ойлгоно, 4 дүгээр зүйлийн 4.1-д "Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно" гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулах бөгөөд уг солбицол бүхий талбай нь 17.5.2-т зааснаар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар,...-тай ямар нэг байдлаар давхцаагүй байх хуулийн заалттай.
    2. Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээд "Г*******" ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 1514.05 га талбайн холбогдох хэсэг нь голын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй, булгийн онцгой болон бүстэй давхцалтай байхад уг нөхцөл байдлыг энгийн хамгаалалтын тодруулалгүйгээр гуравдагч этгээдэд ийнхүү давхцуулан олгосон нь дээрх хуульд заасныг зөрчсөн байна.
    3. Харин зарим байгууллагаас шүүхэд гол, булаг бүртгэлгүй гэх тайлбар гаргасан нь Усны тухай хуулиар сав газрын захиргаанд олгогдсон дээрх бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бүрдүүлсэн мэдээллийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд харин ч уг байгууллагын мэдээлэл болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр нь тухайн талбайд усны эх үүсвэр бодитоор оршин байгааг, мөн хамгаалалтын тусгай дэглэм үйлчилж байгааг давхар нотолсон, хууль зүйн ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүх үнэлж байна.
    4. Дээрх байгууллагын мэдээ баримт, шүүхээс газар дээр нь хийсэн үзлэгийн үр дүн болон бусад нотлох баримтаар тухайн гол, булаг бодитоор оршин байгаа нь тогтоогдсон байх тул захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн талбайн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, эрх бүхий сав газрын саналыг харгалзан үзээгүй, бодит байдлыг хангалттай судалж тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасантай нийцээгүй байна.
    5. Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэж зааснаар усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон зохицуулалт үйлчилж байгаа нөхцөлд уг хамгаалалтын бүсэд давхцалтай талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хуульд нийцээгүй шийдвэр болсон байна.
    6. Хариуцагч байгууллагаас ...ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг гол, булагт нөлөөлөхгүйгээр явуулах боломжтой бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах шатанд шаардлага хангахгүй бол татгалзах боломжтой... гэх тайлбарыг гаргасан боловч Усны тухай хуулийн дээрх зохицуулалтаар хамгаалалтын бүсэд хайгуулын үйл ажиллагааг өөрөө шууд хориглосон байхад уг хориглолтыг үл харгалзан дараагийн шатанд шалгана гэх үндэслэлээр анхнаасаа хууль зөрчсөн талбайд зөвшөөрөл олгох нь хууль зүйн хувьд зөвтгөгдөх боломжгүй.
    7. Гуравдагч этгээдээс ашигт малтмалын гол нөөц нь голын голдирлын дагуу байрладаг бөгөөд давхцалтай хэсэг нь эдийн засгийн хувьд хамгийн өндөр ач холбогдолтой, харин бусад хэсэгт хайгуул хийх нь эрсдэлтэй гэх тайлбарыг гаргасан боловч байгаль орчныг хамгаалах, усны нөөцийг хамгаалах тухай хууль тогтоомжийн зорилго, зохицуулалтаас үзэхэд эдийн засгийн ашиг сонирхлыг хуульд заасан хориглолтыг зөрчих үндэслэл болгон авч үзэх боломжгүй бөгөөд хэрэв ашигт малтмалын нөөц нь хамгаалалтын бүсэд байрлаж байгаа бол тухайн нөөцийг ашиглах боломж өөрөө хуулиар хязгаарлагдсан гэж ойлгогдох тул уг тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
    8. Хариуцагч байгууллагаас тухайн хайгуулын талбайг Засгийн газрын тогтоолоор баталсан тул уг талбайд тусгай зөвшөөрөл олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэх тайлбарыг гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх орон нутгийн санал авах шатанд тухайн талбайд зөвшөөрөл олгохыг татгалзсан саналыг ирүүлсэн байхад уг саналыг бодитоор харгалзан үзээгүй, улмаар тухайн талбайг Засгийн газрын тогтоолд оруулан батлуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
    9. Иймд Засгийн газрын тогтоолоор тухайн талбайг баталсан гэх нөхцөл байдал нь анхнаасаа хуульд заасан шаардлагыг хангаагүй, орон нутгийн татгалзсан саналыг үл харгалзан гаргасан шийдвэрийн үр дагавар гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Засгийн газрын тогтоол нь өөрөө тухайн талбай хуульд нийцсэн эсэхийг эцэслэн тогтоох баримт биш, мөн бодит байдал дээр оршин байгаа усны эх үүсвэр, түүний хамгаалалтын бүсэд хамаарах хуульд заасан хориглолтыг шууд үгүйсгэх эрх зүйн үндэслэл болохгүй юм.
    10. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолоор батлагдсан гэх үндэслэл нь Усны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор тогтоосон хориглосон нөхцөл байдлыг даван гарах эрх зүйн боломж олгохгүй бөгөөд иймд хариуцагчийн уг тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
    11. Нэхэмжлэгч нар нь тухайн нутаг дэвсгэрт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших эрхтэй бөгөөд мал аж ахуй эрхэлж, усны эх үүсвэрээс шууд хамааралтай амьжиргаагаа залгуулдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул маргаан бүхий тусгай зөвшөөрөл олгогдсоноор бэлчээр ашиглах боломж хязгаарлагдах, усны эх үүсвэрт сөрөг нөлөө үүсэх, улмаар амьжиргааны эх үүсвэр алдагдах бодит эрсдэл үүссэн нь тэдний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
    12. Ийнхүү дээр дурдсан бүх үйл баримт, хууль зүйн үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гарсан, шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, орон нутгийн саналыг үл харгалзсан, хуульд хориглосон бүсэд зөвшөөрөл олгосон, улмаар нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 22 дугаар зүйлийн 22.2.1-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаартай шийдвэрийн Г******* ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд Г******* ХХК-д олгосон XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ