Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 88

 

Т.Б-д холбогдох захиргааны

зөрчилтэй хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                              Я.Туул

Шүүгчид                                            Д.Буянжаргал

                                                           Б.Манлайбаатар

Зөрчил гаргагч                                  Т.Б

Зөрчил гаргагчийн өмгөөлөгч          Ц.Гэнэндулам            

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын шийдвэрлэсэн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 91 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч зөрчил гаргагч Т.Б-ий бичсэн давж заалдах гомдлоор Т-ын Б-д /Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.16 дахь хэсэгт/ холбогдох захиргааны зөрчлийн тухай материалыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчил гаргагч: Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Би Энд Жи” нэртэй үсчин, гоо сайхны салонд захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг, Микрийн 10-53 тоотод оршин суух, М овогт Т-ын Б, /РД:**********/

Зөрчил гаргагч Т.Б- нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын сонгуулийн хорооны 43 дугаар тойргийн 9 дүгээр хороонд санал өгсөн бөгөөд саналын хуудасныхаа зургийг гар утсаараа дарж авсан зөрчилд холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 91 дугаартай шийтгэврээр:

-Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.16 дахь хэсэгт зааснаар зөрчил гаргагч М овогт Т-ын Б-д 14 /арван дөрөв/ хоног баривчлах шийтгэл ногдуулахаар шийдвэрлэжээ.

-Зөрчил гаргагч Т.Б- давж заалдах гомдолдоо:

...Миний хувьд Сонгуулийн тухай хуулийн мэдлэг дутмаг, өөрийн саналын хуудасны зургийг авч болохгүй талаар мэдээгүй, тухайн сонгуулийн хэсгийн хорооны хүмүүс энэ талаар надад ямар нэгэн байдлаар анхааруулж хэлээгүй. Миний хийсэн үйлдэл Сонгуулийн тухай хууль зөрчиж, мөн цаашид гарах үр дагаврыг хэлж ойлгуулсан бол ийм байдал үүсгэхгүй байсан. Мөн би ямар нэгэн намын харъяалалгүй, энэ үйлдлийг би санаатайгаар хийгээгүй бөгөөд гарах үр дагаврын учир холбогдлыг ойлгоогүй, өмнө нь сонгууль өгч үзээгүй, анх удаа сонгууль өгсөн учраас саналын хуудасны зургийг авч болно гэж бодож байсан. Иймд надад Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.16 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн баривчлах шийтгэвэр оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэврийн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

-Зөрчил гаргагч Т.Б- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүнд хагалгаанд орсон болохоор саатуулах байранд баривчлагаанд байх боломжгүй байна. Би анх удаа сонгууль өгч байгаа болохоор зураг авч болохгүй талаар мэдэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэврийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

-Зөрчил гаргагчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Т.Б-д Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.16 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан. Т.Б- хэлэхдээ “тухайн үед зургийг дурсгал болгож авах санаа агуулсан” гэж хэлсэн бөгөөд мөн энэ талаарх баримт хавтаст хэргийн материалд байгаа. Хавтаст хэрэгт авагдсан материалаар тухайн үед зургийг өөр санаа зорилгоор буюу саад болох зорилгоор авсан болох нь тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү. Т.Б-ий авсан зургийг устгасан гэсэн тэмдэглэлийн канондсон хуулбар хавтаст хэргийн материалд байна. О.Д-д хууль сануулаагүй, тайлбараар мэдүүлэг авч Т.Б-ийг шийтгэсэн. Ерөнхий шүүгчийн захирамжид Г.Гэрэлт-Од шүүгч гарын үсэг зурсан процессын алдаа гарсан байна. Тухайн үүргийг түр гүйцэтгэсэн бол энэ талаар захирамж байх ёстой гэв.

Тодорхойлох нь:

Зөрчил гаргагч Т.Б- нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын сонгуулийн хорооны 43 дугаар тойргийн 9 дүгээр хороонд санал өгсөн бөгөөд саналын хуудасныхаа зургийг гар утсаараа дарж авсан зөрчил гаргасан болох нь 43 дугаар тойргийн 9 дүгээр хорооны нарийн бичгийн ажилтан О.Д-ы тайлбар, зөрчил гаргагчийн тайлбар болон зөрчлийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Зөрчил гаргагч Т.Б-ий давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдлын дагуу зөрчлийн материалыг шинжлэн судлаад “...Миний хувьд Сонгуулийн тухай хуулийн мэдлэг дутмаг, өөрийн саналын хуудасны зургийг авч болохгүй талаар мэдээгүй, тухайн сонгуулийн хэсгийн хорооны хүмүүс энэ талаар надад ямар нэгэн байдлаар анхааруулж хэлээгүй. Миний хийсэн үйлдэл Сонгуулийн тухай хууль зөрчиж, мөн цаашид гарах үр дагаврыг хэлж ойлгуулсан бол ийм байдал үүүсгэхгүй байсан. Мөн би ямар нэгэн намын харъяалалгүй, энэ үйлдлийг би санаатайгаар хийгээгүй бөгөөд гарах үр дагаврын учир холбогдлыг ойлгоогүй, өмнө нь сонгууль өгч үзээгүй, анх удаа сонгууль өгсөн учраас саналын хуудасны зургийг авч болно гэж бодож байсан. Иймд надад Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.16 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн баривчлах шийтгэвэр оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэврийн хүчингүй болгож өгнө үү...” гэх гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, анхан шатны шүүхээс Т.Б-ий гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэл нь тохирсон, хуульд нийцсэн тул шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Т.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, баривчлах шийтгэлийг эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 91 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Т.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалын хувийг зөрчил гаргагч болон Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын саатуулах байранд хүргүүлсүгэй.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 359 дугаартай шийтгэврийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шийтгэлийг нэн даруй эдлүүлсүгэй.

Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                            Я.ТУУЛ

                                      ШҮҮГЧИД                                                                Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                                        Б.МАНЛАЙБААТАР