Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 41

 

Х.Е-д  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, Э.Уянга, хохирогч Б.Х , түүний өмгөөлөгч Б.Дашдорж, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар магадлалтай, Х.Е-д  холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Б.Х ийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... овогт Х.Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Е-ыг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд 1 сард 278 000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-ын  цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялд оруулан тооцож, түүний эдлэх ялаас 15 000 төгрөгийг хасаж, торгох ялыг 9 985 000 төгрөгөөр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Х  нь хохирол, гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Х  гаргасан гомдолдоо “... Х.Е  нь ...намайг ална гэж хашлага давуулан унагаасны улмаас ... амь насанд аюултай хүнд гэмтэл авч ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон.

“...Хохирогч нь ...эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ болон унааны зардлын 1 500 000 төгрөгийн баримт гаргаж өгснийг шүүх шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэнийг шүүгдэгч Х.Е  нь төлсөн. Шүүх ажилгүй хугацаанд олох байсан орлогын талаар нүүрс тээвэрлэлтийн гэрээ, 2 сарын тооцоо, төлбөрийн талаар баримт ирүүлсэн нь Б.Х  сард 2 500 000 төгрөгийн тогтмол орлоготой гэдгийг нотлоход учир дутагдалтай ...тул хохирогч Б.Х  нь хохирол, гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн.

Уг хэргийг мөрдөгч, прокурор, шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийдэхийг хүсээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаас, мөн анхан шатны шүүх хэт Е ын талд байгаа нь шүүх хурлын явцаас харагдана.

Е  үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байхад анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга нь Е ыг 3 удаагийн мянгат малчин, хурдан морь уядаг тул торгох ял оноосон талаараа тайлбарласан. Хавтаст хэрэгт мянгат малчин, хурдан морь уядаг талаарх баримт байхгүй.

Миний бие бүрэн эдгээгүй, хор уршиг арилаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдорж хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ял шийтгэлтэй холбоотой гаргасан хохирогчийн гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэт нэг талыг баримталсан. Тухайлбал тухайн хэрэг анх шалгагдсан нөхцөл байдлаасаа эхлээд хэргийг хэрэгсэхгүй болгосон баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Өмгөөлөгч гомдол гаргаснаар хэргийг сэргээсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хохирогчид огт мэдэгдээгүй, цаг хугацаа алдсан. Б.Х  энэ хэргийн улмаас тодорхой хэмжээний хөдөлмөрийн чадвараа алдаж ажлаа хийж чадаагүй. Ялтан үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөггүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсоор байтал шүүх хэт нэг талыг барьсан гэж Б.Х ийн хувьд үздэг. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав хэлсэн саналдаа “...Б.Х ийн гомдол нь ерөнхийдөө давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой адил байсан. Давж заалдах шатны шүүх Б.Х ийн гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Б.Х  том машин барих чадамжгүй болсон, олох ёстой байсан орлогоо олох боломжгүй болсон гэдэг. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй байгаа тул баримтуудаа хуульд заасны дагуу гаргаад нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Шүүх нэг талыг барьсан асуудал тогтоогдоогүй. Хуулийн хүрээнд дүгнэлт хийсэн. Харин ч баримтуудыг аваад үзэхэд хэн нь хэнийгээ унагасан бэ гэдэг асуудал эргэлзээтэй байдаг. Олон жилийн өмнөх хонины хулгайн асуудал яригдаж үүнээс болж “Хулгайч” гэснээс болж гэрчтэй нүүрэлдэх гэж гэрт нь очсон болохоос биш “ална” гэж очсон үйл явдал тогтоогддоггүй. Энэ хэрэг шалгагдах явцад хэн нь хэнийгээ шатнаас татсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гээд нэг удаа хэрэгсэхгүй болж байсан. Б.А гэдэг гэрч Б.Х ийн төрсөн дүү. Ганцхан тэр хүн Х.Е  түлхсэн гэж хэлдэг болохоос бусад гэрчүүд хэн нь хэнийгээ унагасан болохыг хараагүй гэдэг. Б.Х ийн гэрээс баахан зураг хөрөг хийгээд, хэмжээд явсан боловч үзлэг гэж үзэхэд хэцүү эргэлзээтэй баримтууд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дахь зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг тогтооход эргэлзээгүй байна” гэсэн зарчим байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримталж өмнө нь хэрэг хэрэгсэхгүй болж байсан. Сая шүүх гэм буруутайд тооцоод торгох ял оногдуулсан. Хэргийн бодит байдал, болсон үйл явдал, хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл зэргээс үзэхэд шүүгдэгчид ял оногдуулсан нь эргэлзээтэй байдаг. Гэхдээ шүүгдэгч шүүхийн шийтгэх тогтоолыг хүндэтгэж, учирсан хохирлыг төлсөн. Иймд Б.Х ийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга хэлсэн саналдаа “...Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг тул Б.Х тэй нүүрэлдүүлэн байцаалт хийлгэх хүсэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлт нь хоорондоо эрс зөрүүтэй. Нэг нь хэрэг учрал гарсны дараа хүндэвтэр гэж гарч байхад, 4 сарын дараа хүнд болж гарсан. Миний үйлчлүүлэгч хоёр жил үргэлжилж байгаа энэ хэрэгт өөрийн гэм буруугаа ухамсарлаж шүүх хуралдаанд оролцож ял шийтгэл хүлээсэн. Хохирогчийн зүгээс мянгат малчин, уяач болохоор нь хувийн байдлыг нь харж шүүх шийдвэр гаргасан гэсэн санаагаар гомдол гаргасан байна. Хавтаст хэрэгт багийн Засаг даргын тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримт хангалттай байгаа, торгох ял эдлэх боломжтой гэдгийг нотолсон учраас шүүх энэ төрлийн ялыг сонгож оногдуулсан. Бидний зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй. Ямар нэгэн байдлаар шүүгдэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүй. Шүүгдэгчтэйгээ ярилцаад энэ шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Х.Е  нь хохирогч Б.Х ийг шат руу түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Б.Х  нь унахдаа Х.Е-ын  хувцаснаас барьж өөр дээрээ давхарлаж унасан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Урьд нь Х.Е-ыг  бусдын биед болгоомжгүй гэмтэл учруулсан гэж шалгаж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгож байсан баримтууд хэрэгт авагдсан байгаа. Шүүх шүүгдэгч Х.Е-ын  гэм бурууг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байх тул хохирогчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчийн гаргасан гомдол давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой утга агуулгын хувьд ижил байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б.Х ийн гаргасан гомдлыг үндэслэн Х.Е-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Х.Е  нь Хэнтий аймгийн Батноров сум, ... давхарт Б.Х тэй маргалдаж улмаар Б.Х ийг шат руу түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүзүүний 6 дугаар нугаламын нум 2 талдаа, хүзүүний 7 дугаар нугаламын арын сэртэнгийн хугарал, сээрний 5, 10, 11 дүгээр нугаламын шахагдсан хугарал бүхий гэмтэл учруулсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Е-ын  гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Х  нь “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шүүгдэгчид торгох ял оногдуулсныг зөвшөөрөхгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдол гаргажээ.

Шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлж, ял оногдуулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үйл баримттай харьцуулан үнэлж дүгнэхийн сацуу гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг бүхэлд нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Х.Е-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлс, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн тухайн хэрэгт оногдуулж болох ялуудаас торгох ялыг сонгож хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих эсхүл торгох сонгох ялтай бөгөөд шүүх төрийн нэрийн өмнөөс яллах чиг үүрэг хэрэгжүүлж буй прокурорын санал, хохирогч, шүүгдэгч талын санал хүсэлтийг хангалттай хянан хэлэлцэж, прокурорын санал болгосон ялын төрлийг хүлээн авч хуульд заасан төрөл, хэмжээнд нийцүүлэн хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ямар нэгэн алдаа гаргасан нь тогтоогдсонгүй.

Хохирогчийн ял хөнгөдсөн талаарх гомдлыг судлан үзэхэд, ямар үндэслэлээр торгох ялын хэмжээг нэмэгдүүлэх эсхүл хорих ялыг сонгон оногдуулах шаардлагатай гэж үзэж буй ял хүндрүүлэх хуульд заасан үндэслэлээ огт тодорхойлоогүй, үндэслэлд тулгуурлаагүй байгаа тул түүний гомдлын хууль зүйн үндэслэлийг хэлэлцэж дүгнэлт хийх боломжгүй байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэл бүхий нөхцөл байдал хэргийг хэлэлцэхэд тогтоогдоогүйгээс гадна хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, улмаар үүнийг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогч Б.Х ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Б.Х ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН