Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 679

 

Нийслэл  дэх  Захиргааны  хэргийн  анхан  шатны  шүүхийн  шүүх  хуралдааныг  шүүгч  Д.Чанцалням  даргалж,  шүүх  бүрэлдэхүүнд  шүүгч  Л.Батбаатар,  О.Оюунгэрэл  нарын  бүрэлдэхүүнтэй  тус  шүүхийн  шүүх  хуралдааны  “4”  дүгээр  танхимд  нээлттэй  шүүх  хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Т ”  СӨХ,

Хариуцагч:  Улаанбаатар  хотын  Захирагчийн  ажлын  алба,  Орон  сууц  нийтийн  аж  ахуйн  удирдах  газрын  харьяа  Орон  сууц  хувьчлах  товчоо,  Оюуны  өмч,  Улсын  бүртгэлийн ерөнхий  газар,  

Гуравдагч  этгээд:  С.Д, Д.У,  Ж.Б  

Нэхэмжлэлийн  шаардлага:  “Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хороо,  6  дугаар  хороолол,  6  дугаар  байрны  1,  2  дугаар  орцны  0  тоот  өрөөг  хувьчилсан  Нийслэлийн  орон  сууц  хувьчлах  товчооны  2011  оны  11  дүгээр  сарын  21-ний  өдрийн  18  дугаар  тогтоолын  хавсралтын  иргэн  С.Д,  Ж.Б  нарт  холбогдох  хэсэг,  мөн  Орон  сууц  хувьчлах  товчооноос  С.Дд  олгосон  01  тоот,  Ж.Бд  олгосон  01  тоот  гэрчилгээ  болон  орон  сууц  өмчлөх  эрхийн  Ж.Бын  нэр  дээрх  Ү-22  тоот,  иргэн  Д.Уийн  нэр  дээр  Ү-22  тоот  улсын  бүртгэлийг  тус,  тус  хүчингүй  болгуулах  мөн  Улаанбаатар  хотын  Захирагчийн  ажлын  албанаас  иргэн  С.Дд  олгосон  2011  оны  09  дүгээр  сарын  29-ний  өдрийн  20  тоот  эзэмших  эрхийн  гэрчилгээ,  мөн  өдрийн  иргэн  Ж.Бд  олгосон  20  тоот  эзэмших  эрхийн  гэрчилгээг  тус  тус  хүчингүй  болгуулж  өгөх”-ийг  хүссэн  нэхэмжлэлийн  шаардлага  бүхий  захиргааны  хэргийг  хянан  хэлэлцэв.

Шүүх  хуралдаанд:  Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  Д.М,  хариуцагч  Улаанбаатар  хотын  Захирагчийн  ажлын  албаны  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  Д.Ш,  Э.Уа,  хариуцагч  Орон  сууц  нийтийн  аж  ахуйн  удирдах  газрын  харьяа  Орон  сууц  хувьчлах  товчооны  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  Д.Н,  С.Э,  Оюуны  өмч,  улсын  бүртгэлийн  ерөнхий  газрын  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  З.З,  Гуравдагч  этгээд Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх  хуралдааны  нарийн  бичгийн  дарга  Г.Очхүү  нар  оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч  “Т  ”  СӨХ-ны  нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч нь шүүхэд  гаргасан  нэхэмжлэл  болон  шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбартаа: 

“Т  ”  Сууц  Өмчлөгчдийн  Холбоо  нь  Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хороо,  6  дугаар  хорооллын  6  дугаар  байрны  дундын  өмчлөлийн  эд  хөрөнгийн,  эзэмшил,  ашиглалт,  хамгаалалтыг  хариуцан  сууц  өмчлөгчдийн  эрх  ашигийг  хамгаалан  ажилладаг.  Бус  байр  нь   12  давхар,  88  айлын  орон  сууцны  барилга    бөгөөд  барилгын  зураг  төслөөр  12  давхрын  дээд  талд  техникийн  давхрын  байгуулалттай  байхаар  төлөвлөгдөж  энэ  дагуу    баригдсан.  Барилга  төлөвлөлтийн  дүрмийн  дагуу  цахилгаан  шаттай  байранд  техникийн  давхар  зайлшгүй  төлөвлөгддөг  бөгөөд  манай  техникийн  давхарт  шатны  хонгил,  техникийн  2  өрөө  төлөвлөгдөж  баригдсан.  Энэхүү  техникийн  өрөөнд  агааржуулалтын  хоолой  байрладаг  оршин  суугчдын  дундын  өмчлөлийн  хөрөнгө  юм.  Гэтэл  тус  сууц өмчлөгчдийн холбооны даргаар  ажиллаж  байсан  С.Д,  нягтлан  бодогчоор  ажиллаж  байсан  Дийн  хүргэн  Б  нар  нь  техникийн  2  өрөөг  орон  сууц  хувьчлах  товчоогоор  хувьчлах  тухай  тогтоол  гаргуулан  өмчлөх  эрхийн  гэрчилгээ  авсан  байна.  Энэхүү  тогтоолыг  хүчингүй  болгуулахаар  гомдлоо  ОСНААУГазарт  гаргасан  боловч  боломжгүй  гэсэн  хариуг  өгсөн.  С.Д  нь  уг  өрөөг  өөрийн  охин  Ут  шилжүүлсэн,  байх  бөгөөд,  Б  нь  бусдад  түрээслүүлж  орон  сууцанд  үйлдвэрлэлийн  үйл  ажиллагаа  явуулж  оршин  суугчдын  тав  тухыг  алдагдуулж  байна.  Энэхүү  88  дугаар  байрыг  оршин  суугчид  нь  өөрсдийн  хөрөнгөөр  худалдаж  авсан  учраас  хувийн  өмч  юм.  Иймд  техникийн  өрөө  нь  орон  сууц  өмчлөгчдийн  дундын  өмч  байх  тул  түүнийг  хувьчлах  тухай  ойлголт  байж  болохгүй.

Мөн нэхэмжлэгч дундын  өмчлөлийн  эд  хөрөнгийг  ашиглаж  орлого  олсон  бол  дундын  өмчийн  засвар  үйлчилгээтэй  холбоотой  зардалд  зарцуулах  ёстой  байдаг.  Гэтэл  СӨХ-ны  даргаар  ажиллаж  байсан  С.Д,  нягтлан  бодогчоор  ажиллаж  байсан  Д  нар  нь  албан  тушаалаа  ашиглан  өөрийн  хувьд  болон  хүргэндээ  дундын  өмчийг  хууль  бусаар  шилжүүлэн  авч  улмаар  ашиг  олон,  жинхэнэ  өмчлөгчдийн  эрх  ашгийг  хохироож  байна.  Нэхэмжлэгч  “Т  ”  СӨХ  нь  Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хороо  6  дугаар  хорооллын  6  дугаар  байрны  дундын  өмчлөлийн  эд  хөрөнгийн    эзэмшил,  ашиглалт  хамгаалалт  болон  сууц  өмчлөгчдийн  эрх  ашгийг  хамгаалж  ажилладаг  сууц  өмчлөгчдийн  холбоо  юм.  6  дугаар  байр  нь  88  айлын,  12  давхар  орон  сууц  бөгөөд  12  давхрын  дээд  талд  нь  буюу  13  давхарт  техникийн  давхрын  зохион  байгуулалттай  2  өрөө  төлөвлөгдөж  баригдсан  байсан.

Техникийн  2  өрөөнд  цахилгаан  шатны  агааржуулалтын  хоолой  байрладаг.  Гэтэл  дээрх  техникийн  2  өрөөг  тухайн  үед  Сууц  өмчлөгчдийн  холбооны  даргаар  ажиллаж  байсан  С.Д  мөн  нягтлан  бодогчоор  ажиллаж  байсан  Д.Д,  нягтлан  бодогч  н.Дийн  хүргэн  болох  Ж.Б  нар  Орон  сууц  хувьчлах  товчоогоор  тогтоол  гаргуулан  техникийн  2  өрөөг  хувьчлан  авсан  байдаг.  Иргэний  хуулийн  99  дүгээр  зүйлийн  99.3-д  зааснаар  “хувийн  өмч  иргэний  болон  дундын”  гэсэн  хоёр  хэлбэртэй  байна  гэж  заасан  тухайн  орон  сууц  нь  орон  сууц  өмчлөгчдийн  хөрөнгөөр  баригдсан  хувийн  орон  сууц  юм.  Ийм  учраас  тухайн  2  техникийн  өрөө  бол  орон  сууц  өмчлөгчдийн  дундын  буюу  хувийн  өмчид  хамаарах  учраас  төрийн  байгууллага  хувьчилсан  нь  хууль  бус  байна.  Эдгээр  хоёр  өрөөг  хувьчлан  авсан  Орон  сууц  нийтийн  аж  ахуйн  удирдах  газрын  орон  сууц  хувьчлах  товчооны  2011  оны  11  дүгээр  сарын  21-ний  өдрийн  18  дугаар  тогтоолоор  С.Дд  Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хороо  6  хорооллын  6  дугаар  байрны  1  дүгээр  орцны  “0”  тоот  техникийн  өрөөг  хувьчилсан  мөн  иргэн  Ж.Бд  тус  байрны  2  дугаар  орцны  “0”  тоот  техникийн  өрөөг  хувьчилсан  холбогдох  шийдвэрүүдийг  хүчингүй  болгуулах  мөн  С.Дд  хувьчилсан  тогтоолыг  үндэслэн  олгосон  өмчлөх  эрхийн  01  дугаартай  гэрчилгээ,  Ж.Бд  олгогдсон  01  дугаартай  орон  сууц  өмчлөх  эрхийн  гэрчилгээг  тус  тус  хүчингүй  болгуулах,  уг  хууль  бус  хувьчлалын  улмаас  дээрх  2  орон  сууц  өмчлөх  эрхийн  гэрчилгээнүүд  олгогдсон  тухайн  өрөөнүүд  Ж.Б  С.Дгийн  охин  болох  Д.У  нарын  нэр  бүхий  4  хүний  нэр  дээр  Оюуны  өмч,  улсын  бүртгэлийн  ерөнхий  газар  бүртгэсэн,  улсын  бүртгэлийг  хүчингүй  болгуулах  Орон  сууц  хувьчлах  товчоо  тухайн  орон  сууцуудыг  хувьчлахдаа  Улаанбаатар  хотын  Захирагчийн  ажлын  албанаас  өрөөнүүдэд  олгосон  эзэмших  эрхийн  гэрчилгээг  үндэслээд  хувьчилсан  гэсэн  тайлбар  гаргадаг.

Өөрөөр  хэлбэл  Улаанбаатар  хотын  захирагчийн  ажлын  албанаас  Чингэлтэй  дүүргийн  6  дугаар  хорооллын  6  дугаар  байрны  01  дүгээр  орцны  “0”  тоот  өрөөг  2011  оны  9  дүгээр  сарын  29-ны  өдрөөс  С.Дд  эзэмшүүлэхээр  20  тоот  эзэмших  эрхийн  гэрчилгээг  олгосон  мөн  2  дугаар  байрны  2  дугаар  орцны  “0”  тоот  өрөөг  2011  оны  09  дүгээр  сарын  29-ны  өдрөөс  Б.Бд  эзэмшүүлэхээр  20  тоот  эзэмших  эрхийн  гэрчилгээнүүд  тус  тус  олгогдсон  байдаг.

Хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны  явцад  Төрийн  өмчийн  хороо  болон  Нийслэлийн  өмчийн  харилцааны  газраас  ийнхүү  6  дугаар  байр  нь  төрийн  болон  нийслэлийн  өмчид  бүртгэлгүй  байна  гэсэн  тодорхойлолтууд  ирсэн.  Улаанбаатар  хотын  Захирагчийн  ажлын  алба  нь  хувийн  өмчийн  байранд  эзэмшүүлэх  эрхийн  гэрчилгээ  олгож  байгаа  нь  хууль  зөрчсөн  учраас  тус  эзэмших  эрхийн  гэрчилгээнүүдийг  хүчингүй  болгож  өгнө  үү”  гэв.

Хариуцагч  Улаанбаатар  хотын  Захирагчийн  ажлын  албаны  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  нар  шүүх  ирүүлсэн  тайлбар  болон  шүүх  хуралдаанд  мэдүүлэхдээ:  Хотын  ерөнхий  менежер  бөгөөд  захирагчийн  ажлын  албаны  дарга  Б.Б  “Т  ” СӨХ-ны  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  Д.Мийн  орон  сууц  эзэмших  эрхийн  бичгийг  хүчингүйд  тооцуулахаар  гаргасан  нэхэмжлэлтэй  захиргааны  хэрэгт  дараах  тайлбарыг  гаргаж  байна.

Орон сууц  эзэмших  эрхийн  бичиг  авахад  бүрдүүлсэн  материалын  тухай:

Иргэн  Ж.Б  нь  манай  албанд  хандаж  Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хороо,  6  дугаар  хорооллын  6  дугаар  байрны  2  дугаар  орцны  0  тоот  өрөөг  эзэмших  эрхийн  бичиг  олгож  өгнө  үү  гэсэн  хүсэлтийг  2011  оны  09  дүгээр  сарын  19-ний  өдөр  гаргасан.  Хүсэлтэд  харьяа  хорооны  Засаг  даргын  эзэмших  эрхийн  бичиг  олгохыг  дэмжсэн  тодорхойлолт,  орон  сууц  нийтийн  аж  ахуйн  “Дулааны    ХХК”-ийн  ашиглалтын  зөрчилгүй,  эрхийн  бичиг  олгохыг  дэмжсэн  тодорхойлолт,  Т    сууц  өмчлөгчдийн  холбооны  удирдах  зөвлөл,  хяналтын  зөвлөлийн  хамтарсан  хурлын  тогтоол,  СӨХ-ны  захирлын  тушаал,  хүн  амьдрах  шаардлага  хангасан  тухай  магадлан  шинжлэх  хэсгийн  дүгнэлт,  2011  оны  09  дүгээр  сарын  19-ний  өдөр  гаргасан  хүсэлт,  харьяа  хорооны  Засаг  даргын  эзэмших  эрхийн  бичиг  олгохыг  дэмжсэн  тодорхойлолт,  орон  сууц  нийтийн  аж  ахуйн  “Дулаан    ХХК”-ийн  ашиглалтын  зөрчилгүй,  эрхийн  бичиг  олгохыг  дэмжсэн  тодорхойлолт,  Т    СӨХ-ны  удирдах  зөвлөл,  хяналтын  зөвлөлийн  хамтарсан  хурлын  тогтоол,  хүн  амьдрах  шаардлага  хангасан  тухай  магадлан  шинжлэх  хэсгийн  дүгнэлт  зэргийг  хавсарган  ирүүлсэн  байсан.

Магадлан  шинжлэх  хэсгийн  дүгнэлт  гаргах  бүрэлдэхүүнийг  Монгол  улсын  Засгийн  газрын  1997  оны  106  дугаар  тогтоолын  1-р  хавсралтын  2  дахь  заалтын  дагуу  Төрийн  өмчийн  хороо,  Нийслэлийн  Засаг  даргын  2006  оны  226/517  дугаар  хамтарсан  тушаал,  захирамжаар  байгуулсан.  Монгол  Улсын  Их  хурлын  2003  оны  06  дугаар  сарын  18-ны  өдрийн  “Сууц  өмчлөгчдийн  холбооны  эрх  зүйн  байдал,  нийтийн  зориулалттай  орон  сууцны  байшингийн  дундын  өмчлөлийн  эд  хөрөнгийн  тухай  хуулийг  хэрэгжүүлэх  арга  хэмжээний  тухай”  27  дугаар  тогтоолын  2-т  “Төрөөс  хувьчлагдсан  нийтийн  зориулалттай  орон  сууцны  байшин  дахь  техникийн  өрөөг  магадлан  шинжлэх  хэсгийн  дүгнэлтээр  хүн  амьдрах  шаардлага  хангасан,  орон  сууцны  зориулалтаар  ашиглах  боломжтой  гэж  тогтоогдсон  тохиолдолд  уг  техникийн  өрөөг  зохих  эрхийн  бичгийн  үндсэн  дээр  орон  сууцны  зориулалтаар  ашиглаж  байгаа  эзэмшигчдэд  нь  өмчлүүлэх  эсэх  асуудлыг  судалж,  шийдвэрлэх  арга  хэмжээ  авахыг  Засгийн  газарт  даалгасугай”  гэж  заасан  байдаг.  Сууц  өмчлөгчдийн  холбооны  эрх  зүйн  байдал,  нийтийн  зориулалттай  орон  сууцны  байшингийн  дундын  өмчлөлийн  эд  хөрөнгийн  тухай  10  дугаар  зүйлийн  10.8.3-т  дундын  өмчлөлийн  эд  хөрөнгийг  бусдад  түрээслүүлэх,  эзэмшүүлэх,  ашиглуулах  эсэхийг  Сууц  өмчлөгчдийн  холбооны  удирдах  зөвлөлийн  эрх,  үүрэг  байхаар  зохицуулсан  байна.  Улаанбаатар  хотын  Захирагчийн  ажлын  алба  иргэдэд  орон  сууц  эзэмших  эрхийн  бичгийг  олгохдоо  Сууц  өмчлөгчдийн  холбооны  эрх  зүйн  байдал,  нийтийн  зориулалттай  орон  сууцны  байшингийн  дундын  өмчлөлийн  эд  хөрөнгийн  тухай  10  дугаар  зүйлийн  10.8.3-т  заасны  дагуу  Т    СӨХ-ны  удирдлагын  зөвлөл,  хяналтын  зөвлөлийн  хамтарсан  2008  оны  01  дүгээр  тогтоол,  2011  оны  07  дугаар  сарын  25-ны  99  тоот  хүн  амьдрах  шаардлага  хангасан  тухай  магадлан  шинжлэх  хэсгийн  дүгнэлтийг  үндэслэсэн  нь  хууль  бус  акт  гэж  үзэх  үндэслэлгүй    байна.

Иргэн С.Д, Ж.Б нар тухайн “0” өрөөнүүдийг эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүсэлт гаргасан  байдаг, уг хүсэлтэд харьяа хорооны Засаг даргын эзэмших эрхийн гэрчилгээг олгох тухай дэмжсэн тодорхойлолт орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ашиглалтын зөрчилгүй, олгохыг дэмжиж байна гэсэн тодорхойлолт мөн Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл хяналтын хамтарсан хурлын тэмдэглэл гэх зэрэг баримтуудыг хавсаргасан байсан. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад тайлбартаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба сууц өмлчөгдийн холбооны бүрэн эрхэд халдаж эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна гэж ярьсан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Монгол улсын Засгийн газрын 1997 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дахь заалтын дагуу мөн Төрийн өмчийн хороо, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 226/517 дугаар тоот хамтарсан тушаал зөвлөмжөөр байгуулсан магадлан шинжилсэн дүгнэлтийг үндэслэн эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.  

Магадлан шинжилсэн хэсгийн дүгнэлтийг яаж гарсан бэ гэхээр тухайн байрыг барьсан “Г-Од” ХХК нь болон С.Д, Ж.Б, Н.Я нарын хүсэлтээр тус “0” өрөөнүүдэд үзлэг хийсэн уг үзлэгээр цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцох тоолуур дамжуулагч болон арзетак нэмж байрлуулсан үүнд татгалзах зүйлгүй, засвар хийх шаардлагатай  2011 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн дээрх “0” тоот өрөөнүүдэд хүн амьдрах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байгаа. Тухайн дүгнэлтэд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар, Төрийн өмчийн хорооны төрийн өмчийг удирдан хувьчлах газрын  мэргэжилтэн, Орон сууц нийтийн аж ахуйн цахилгаан автоматын инженерүүд, “Дулаан Өргөө” ХХК-ийн инженер, "Гандирс-Орд" ХХК-ийн захирал, зөвлөх инженерүүд гарын үсгээ зураад хүлээн зөвшөөрсөн байгаа.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх тухай Монгол улсын их хурлын 2003 оны 27 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд “Нийтийн зориулалттай байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан тохиолдолд хувьчлах асуудлыг шийдвэрлэхийг  Засгийн газарт даалгасугай” гэж гарсан байдаг. Үүний дагуу холбогдох материалуудыг үндэслэн эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын өмч эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллагыг тодорхойлж өгсөн үүний 10 дугаар зүйлийн 10.8.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн эрх байна гэж заасан байгаа.

Тухайн хуулийн заалтын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хоёр иргэнд хууль ёсоор эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосон.

Сууц өмчлөгчдийн холбооны ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа нь ойлгомжгүй тухайн “0” тоот өрөөг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгосон нотлох баримтуудыг тооцохгүйгээр эрх ашиг зөрчигдөөд байна гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч  Оюуны  өмч,  улсын  бүртгэлийн  ерөнхий  газрын  итгэмжлэгдсэн  төлөөлөгч шүүхэд  ирүүлсэн  тайлбар  болон  шүүх  хуралдаанд  мэдүүлэхдээ:  Эрхийн  улсын  бүртгэлийн  Ү-22  дугаартай,  Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хороо,  6  дугаар  хороолол,  6  дугаар  байрны  1  дүгээр  орцны  0  тоот  орон  сууцны  анхны  өмчлөгчөөр  С.Д  бүртгэлтэй  байсан  бөгөөд  2012  оны  12  дугаар  сарын  6-ны  өдрийн  33  дугаартай  нотариатын  гэрчилсэн  орон  сууц  бэлэглэлийн  гэрээгээр  иргэн  Д.Уийн  өмчлөлд  өмчлөх  эрх  шилжин  бүртгэгдсэн  байна.  Өнөөдрийн  байдлаар  уг  үл  хөдлөх  эд  хөрөнгө  Тариалан  эрхлэлтийг  дэмжих  сангийн  2013  оны  7  дугаар  сарын  28-ны  өдрийн  барьцаат  зээлийн  гэрээнд  бүртгэлтэй  байна.  

Эрхийн  улсын  бүртгэлийн  Ү-22  дугаартай,  Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хороо,  6  дугаар  хороолол,  6  дугаар  байрны  2  дугаар  орцны  0  тоот  орон  сууцны  анхны  өмчлөгчөөр  иргэн  Д.Б  бүртгэлтэй  байх  бөгөөд  өнөөдрийн  байдлаар  уг  үл  хөдлөх  эд хөрөнгөнд үүрэг  ногдуулсан  тухай  бүртгэл  хийгдээгүй  байна.  Дээрх  үл  хөдлөх  эд  хөрөнгийг  улсын  бүртгэлд  бүртгэхдээ  Эд  хөрөнгө  өмчлөх  эрх,  түүнтэй  холбоотой  бусад  эрхийн  улсын  бүртгэлийн  тухай  хуулийн  13  дугаар  зүйлийн  13.5.1,  13.5.6,  13.5.8-д  заасан  нотлох  баримтууд,  Нотариатын  тухай  хуулийн  25  дугаар  зүйлийн  25.1.4  болон  Эд    хөрөнгийн  эрхийн  улсын  бүртгэл  хөтлөх  журмын  4.2,  5.1.1,  5.1.2,  5.1.4,  5.9,  5.10-т  заасныг  тус  тус  үндэслэн  эд  хөрөнгийн  эрхийн  улсын  бүртгэлд  хууль  журмын  дагуу  бүртгэсэн  байна.  

Эрхийн улсын бүртгэл Ү22 дугаартай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 6 дугаар байрны 1 дүгээр орцны “0” тоот орон сууцны анхны өмчлөгчөөр С.Д бүртгэлтэй байсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаартай наториатчын гэрчилсэн бэлэглэлийн гэрээний дагуу уг үл хөдлөх эд хөрөнгө иргэн Д.Ут шилжин бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар тус үл хөдлөх эд хөрөнгө нь  Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн 2013 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн барьцаат зээлийн  гэрээтэй байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү22 дугаартай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 хороолол 6 дугаар байрны 2 дугаар орцны “0” тоот орон сууцны анхны өмчлөгчөөр иргэн С.Д, Д.М, Б.Н******* Б.Ц нар бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг орон сууцыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгэсэн байна.

Дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэл бүртгэхдээ Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр олгосон 01 дугаартай гэрчилгээг мөн 01 гэрчилгээг тус тус үндэслэн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэсэн байна. 

Иймд  дээрх  хоёр  орон  сууцны  эрхтэй  холбоотой  улсын  бүртгэл  нь  хуулийн  дагуу  хийгдсэн  байх  тул  нэхэмжлэлийн  шаардлагыг  хангах  боломжгүй...”  гэжээ.  

Хариуцагч  Сууц  өмчлөгчдийн  холбооны  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  шүүхэд  ирүүлсэн  тайлбар  болон  шүүх  хуралдаанд  мэдүүлэхдээ:  Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хороо,  6  дугаар  хорооллын  6  дугаар  байрны  1,  2  дугаар  орцны  0  тоот  өрөөнүүдийг  “Т  ”  СӨХ-ны  хяналтын  зөвлөлийн  хүсэлт,  зураг  төсөл,  үйлдвэрлэл,  үйлчилгээний  “Гандирс-Од”  ХХК-ийн  техникийн  дүгнэлтийг  үндэслэн  2011  онд  Магадлан  шинжлэх  хэсэг  үзлэг  хийж  дүгнэлт  гаргасан  байна.  Уг  дүгнэлтийг  үндэслэн  Нийслэлийн  Захирагчийн  ажлын  албанаас  орон  сууц  эзэмших  эрхийн  бичиг  олгогдож  улмаар  хувьчлагдсан  байна.  

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооллын 6 дугаар байрны 1 дүгээр орцны “0” тоот 1 өрөө 15 метр квадрат орон сууцыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгосон 20 тоот орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн С.Дд 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолоор хувьчилж 01 тоот орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг олгосон мөн байрны 2 дугаар орцны “0” тоот өрөөг 2 тоот эрхийн бичгийг үндэслэн Ж.Бд 2011 оны 11 дүгээр сарын 21-ний 18 дугаар тогтоолоор хувьчилсан 01 тоот орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Тухайн 2 “0” тоот өрөөнүүдэд магадлан шинжилсэн хэсгийн дүгнэлт гарсан мөн "Гандирс-Од" ХХК-ийн техникийн дүгнэлт зэргийг үндэслэн хувьчилсан.

           Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч  этгээд  бөгөөд  гуравдагч  этгээд  Д.Уийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  С.Д  шүүхэд  ирүүлсэн  тайлбартаа:  Орон  сууцны  эрхийн  бичиг  /ордер/  бүхий  2  айл  7  жил  амьдарч  буй  тус  бүр  15м.кв  нэг  айлын  2ш  орон  сууцыг  үгүй  хийх  эсэх  талаар  өнөөдөр  шүүн  хэлэлцэх  гэж  байна.    Энэ  бол  2  айл  олон  жил  амьдарсан  байрыг  санаатайгаар  устгах  гэсэн  цөөн  хэдэн  хүмүүсийн  явуулга,  зарим  нэг  хүний  өс  хонзонгийн  холбогдолтой  асуудал,  Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хорооны  нутаг  дэвсгэрт  2007  оны  05  дугаар  сард  ашиглалтад  орсон  2  орц  бүхий  12  давхар  88  айлын  орон  сууцны  барилгын  дээвэрт  орших  2  будикний  талаарх  асуудал  юм.    2007  онд  ашиглалтад  орсон  уг  барилгад  сууц өмчлөгчдийн  холбоо шинээр  байгуулах  ажлыг  С.Д  миний  бие  Нийслэлийн  Мэргэжлийн  хяналтын  газрын  барилгын  байцаагч  У.Ё*******гийн  хүсэлтээр  гүйцэтгэн  тамга  тэмдгээ  авч,  үйл  ажиллагаа  явуулж  нягтлан  бодогчоор  талийгаач  Х.Дийг  ажиллуулсан.  Ё*******  нь  сууц өмчлөгчдийн  холбоо байгуулах  үед  уг  барилгын  1,2-р  орцны  дээвэр  дээр  баригдсан  Букег  лифтийн  машины  өрөөний  зэргэлдээх  нэг  ширхэг  сэнс  бүхий  15  м.кв  өрөөг  сэнсийг  нь  зөөгөөд  орон  сууц  болгож  болно  гэсэн  санааг  надад  2007  онд  хэлж  байсан.  Түүнээс  хойш  нэг  жил  гаран  хугацааны  дараа  тус  сууц өмчлөгчдийн  холбооны Удирдлагын  зөвлөл,  хяналтын  зөвлөлийн  хамтарсан  хурлаар  хэлэлцүүлж  тогтоол  гарсан.  Тус  өрөөний  2  сэнсийг  лифтийн  машины  өрөөнд  буй  агаар  сэлгэх  сэнсний  хамт  ихэрлүүлэн  зөөж  угсарсан.  Энэ  2  өрөөний  сэнс  зөөх,  угсрах  техник  технологийн  шаардлага  ханган  угсрах,  өрөөг  тохижуулан  цахилгаан,  сантехникийн  угсралтын  ажил  шинээр  хийн  орон  сууц  болгох  ажлуудыг  1,2  дугаар  орцуудад  нягтлан  бид2  нэг  нэгээр  хийж  бэлэн  болгоод  орон  сууцны  “Дулаан  ”  ХХК-д  уламжлан  мэргэжлийн  хүмүүсээр  шалгуулан  зөвшөөрүүлж,  улмаар  “Дулаан  ”  ХХК-аас  орон  сууц  хувьчлах  товчоонд  албан  тоот  явуулж  уламжилсны  үндсэн  дээр  магадлан  шинжлэх  комисс  мэргэжлийн  хүмүүсийн  бүрэлдэхүүнтэй  үзэж,  зураг  төсвийг  нь  Гандирс  Од    ХХК-ийн  зурсан  зураг,  төсөв,  дүгнэлтийн  үндсэн  дээр  орон  сууц  эзэмших  эрхийн  гэрчилгээ  олгогдож  улмаар  үл  хөдлөх  эд  хөрөнгийн  гэрчилгээг  авсан  болно.  

Захиргааны  хэргийн  анхан  шатны  20  дугаар  шүүх  Мэргэжлийн  хяналтын  ерөнхий  газраас  эхний  удаа  Ш.У,  Н.Б*******,  Н.О*******  нарыг  томилон  шалгалт  хийлгэсэн  ба  Ш.Уийн  аав  нь  тэр  байранд  амьдардаг  тэгээд  ч  удирдах  зөвлөлийн  гишүүн  эхний  зөвшөөрлийг  өгөхөд  голчлон  мэргэжлийн  зүгээс  оролцсон  учир  нэрээ    татаж    2  дахь  удаагаа  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас комисс  гарч  н.Б*******,  н.Б*******,  Д.С*******  3  нэр  заан  уг  байрыг  үзэж  дүгнэлт  гаргасан.  Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эсрэг утга, агуулга бүхий  2  дүгнэлт  ирүүлжээ.  Д.С*******  сантехникийн  инженер  ба  сэнс  зоосон  агаар  оруулах  системийн  ажил  нь  цэвэр  сантехникийн  ажил  тул  мэргэжлийн  зүгээс  үзэж  дүгнэн,  техник,  технологийн  шаардлага  хангаж  байгаа  болон  зураг  төсвийн  байгууллага  өөрчлөлтийн  зургийг  нь  хийж  Монгол  улсын  зөвлөх  инженер  дүгнэлт  гаргасан  болон  орон  сууцны  “Дулаан  ”  ХХК-ийн  дүгнэлт,  нийслэлийн  орон  сууц  хувьчлах  товчооны  магадлан  шинжлэх  групп  шалгалтаар  шаардлага  хангаж  байна  гэсэн  дүгнэлтүүдийн  үндсэн  дээр  хүлээн  зөвшөөрч  2  ч  гэсэн  айл  орон  байртай  байвал  ямар  вэ  гэсэн  саналаа  бичжээ.  С.Д  миний  бие  сантехникийн  инженерээр  37  жил  ажилласан  учир  сэнс  зөөх,  агаар  оруулах  шаардлага  хангах  ажлыг  техник,  технологийн  шаардлага  хийсэн  учиртай  билээ.  

Дээрх  2  байр  нь  Нийслэлийн  орон  сууц  хувьчлалын  товчооноос  байр  эзэмших  эрхийн  гэрчилгээ  олгогдож  улмаар  үл  хөдлөхийн  газар  бүртгэлтэй  учир  Нийслэлийн  эд  хөрөнгийн  газар  болон  төрийн  өмчийн  хороонд  бүртгэлтэй  болно.  Барилга  барьсан  компани  нь    2007  онд  тус  байрыг  ашиглалтад  өгч  1  жил  гаруй  хугацаанд  борлуулалт  хийсэн  тул  дээрхи  хугацаанд  сууц  өмчлөгчдийн  холбоо  мөнгө  төлөгдөөгүй  хоосон  байрууд  байсан  ба  Н.Э*******ын  тус  байранд  хожуу  орж  сууц   өмчлөгчдийн   холбооны  мөнгө  төлөөгүй  баримт  байгаа  болно”  гэв..

Гуравдагч  этгээд  Д.Б  шүүхэд  ирүүлсэн  тайлбартаа: “Захиргааны  хэргийн  анхан  шатны  20  дугаар  шүүхэд  өгсөн  Мэргэжлийн  хяналтын  ерөнхий  газрын  шинжээчийн  дүгнэлтийн  дугаар  1-т  Барилгын  тухай  хуулийн  17.1.2  заалтыг  зөрчсөн  гэж  үзжээ  энэ  заалтыг  зөрчигдөөгүй  гэж  үзэж  тайлбараа  эрхэм  шүүгчид  өгсөн  бөгөөд  таныг  уншиж  танилцсан  гэдэгт  итгэлтэй  байна.  Үүн  дээр  нэмж    хэлэхэд  “Сансар”ын  зарим  нэг  5  давхар  дээр  бүхэл  бүтэн  мансард  ч  барьсан  тохиолдол  бий  бөгөөд  сүүлийн  үеийн  барилгуудад  ч  тухайн  барилын  дээд  хэсэгт  лифтнийхээ  хажууд  хүн  амьдрах  зориулалтаар  засч,  тохижуулж  амьдарч  байгаа  жишээ  олон  байгаа  үүнийг  эрхэм  шүүгчид  өгсөн  тайлбартаа  жишээ  болгон  ганц  хоёрыг  ганц  хоёрыг  дурдсан  болно.

Мөн  дүгнэлтийн  2-д  “Орон  сууцны  тухай  хуулийн  15.1,  15.3  дахь  заалтуудыг  тус  тус  зөрчсөн”  гэж  үзжээ.  Хэрэв  бидний  хуулийн  дагуу  авсан  өрөөг  техникийн  зориулалттай  гэж  үзэж  байгаа  бол  Орон  сууцны  тухай  хуулийн  15.1,  15.3-т  заасныг  тайлбарласнаар    бол  уг  заалт  2011  оны  02  дугаар  сарын  09-ний  өдрөөс  хойш  хүчин  төгөлдөр  болжээ.  Гэтэл  бид  угтаа  бол  2011  оны  02  дугаар  сарын  09-ний  өдрөөс  өмнө  уг  өрөөнүүдийг  засч,  тохижуулж  орсон  болно.  Үүнийг  “Т  ”  СӨХ-ны  Удирдлагын  зөвлөл,  Хяналтын  зөвлөлийн  хамтарсан  хурлын  2008  оны  01  дүгээр  сарын  28-ны  өдрийн  01  тогтоол,  Орон  сууц,  нийтийн  аж  ахуйн  “Дулаан  ”  ХХК-д  15  м.кв  сууцны  ашиглалтыг  зардал  төлж  байсныг  нотлох  албан  бичиг,  мөн  зураг  төсөл,  үйлдвэрлэл  үйлчилгээний  “Гандирс-Од”  ХХК-ийн  2009  оны  06  дугаар  сарын  09-ний  өдрийн  32/2009  тоот  техникийн  дүгнэлтийн  албан  бичгүүд  тус  тус  нотлох  болно.  Тэгэхээр  15.1,  15.3  гэсэн  заалтыг  үндэслэх  боломжгүй  бөгөөд  үүнээс  гадна  уг  өрөөнүүд  нь  ерөөсөө  техникийн  зориулалттай  биш  юм.  Үүнийг  засч  тохижуулсныг  тайлбарласан  бүх  шатны  байгууллагын  баримт  бичгүүд  мөн  хавсаргагдсан  байгаа.

Уг  дүгнэлтийн  дугаар  3-д  “ЗТБХБЯ-ны  лифтийг  төхөөрөмжлөх,  аюулгүй  ашиглах  дүрмийн  3.5.5  дахь  заалтыг  зөрчсөн  гэжээ.  Шинжээч  маань  цааш  нь  “Тус  өрөөнд  лифттэй  холбогдолгүй  ямар  нэгэн  тоног  төхөөрөмж  байхыг  хориглох”  дүрмийг  зөрчсөн  гэжээ.  Уг  хэрэг  дээрээ  лифтний  өрөөнд  лифттэй  холбоотой  байсан  агааржуулалтын  хоолойг  аль  нэг  тийш  салгаагүй  аль  нэг  байршлыг  нь  өөрчлөлгүйгээр  мэргэжлийн  газрын  зураг  төслийн  дагуу  сэнсийг  агааржуулалтын  хоолойтой  ямар  ч  аюулгүйгээр  холбосон  бөгөөд  энэ  нь  өөрөө  лифттэй  салшгүй  холбоотой  хэсэг  юм.  Иймд лифтний  өрөөнд  огт  холбоогүй  тоног  төхөөрөмж  байхгүй  болно.

Дүгнэлтийн  дугаар  4-д  “Цахилгаан  эрчим  хүч  хэрэглэх  дүрэм”-ийн  6.29  заалтыг,  дугаар  5-т  “Цахилгаан  байгууламжийн  ашиглалтын  үед  мөрдөх  аюулгүй  ажиллагааны  дүрэм”-ийн  1.1.2  заалтыг,  дугаар  6-д  Эрчим  хүчний  тухай  хуулийн  30.1.8  дахь  заалтыг  тус  тус  зөрчсөн  гэж  үзжээ.  Эрчим  хүчний  хяналтын  улсын  ахлах  байцаагч  Б.Б*******ийг  уг  өрөөнүүдийг  ирж  үзэхэд  эзэмшигч  С.Д,  Ж.Б  миний  бие  байлцсан  бөгөөд  дээрх  зөрчлүүд  байна  гэхэд  нь  маргааш  нь    хуучнаар  “Дулаан  ”  ХХК  Орон  сууцны  конторт  дуудлага  өгч  мэргэжлийн  цахилгаанчнаар  нь    уг  0  тоот  өрөөний  цахилгааныг  лифтний  өрөөнөөс    салгуулж  шитнээс  нь  шууд  авахуулан,  0  өрөөнд  дотор  байрлуулсан  тоолуурыг  шитны  хайрцагт  байрлуулан  Чингэлтэй  дүүргийн  “Улаанбаатар  эрчим  хүч  түгээх”  газраас  хүн  ирж  шалгаж  үзээд  тоолуурыг  баталгаажуулсан  бөгөөд  лифтний  өрөөг  уг  0  тоотоос  хамаарах  аюулгүй  болгож  зөрчлийг  арилгасан  болно.  Үүнийг нотлох зураг,  мөн  баталгаажуулалтын  хуудас  байгаа  болно.  “Т  ”  СӨХ-ны  дарга  О*******  ч  энэ  талаар  мэдэж  байгаа.  Уг  0  тоотуудын  өрөөнд  лифтний  өрөөнөөс  тусгаарлаж  ямар  нэгэн  нэмж  болон  хасч  хана  болон  хаалга  болно,  үүнийг  нотлох  олон  баримт  байгаа”  гэв.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбартаа: 

 2013 онд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Үүнээс хойш 2014 онд захиргааны хэргийн шүүхэд одоог хүртэл маргаантай явж байна. С.Дгийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нийслэлийн Орон  сууц  хувьчлах  товчооны  2011  оны  11  дүгээр  сарын  21-ний  өдрийн  18  дугаар  тогтоолын  3-т  “Засгийн  газрын  2004  оны  140  дүгээр  тогтоолыг  үндэслэн  Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хороо,  6  дугаар  хорооллын  6  дугаар  байрны  0  тоот  өрөөг  хувьчлахыг  зөвшөөрч,  тогтоолын  хавсралтад  заасны  дагуу  гуравдагч  этгээд  иргэн  С.Дд  1-р  орцны  0  тоот,  Ж.Бд  2-р  орцны  0  тоот  өрөөг  хувьчлан,  мөн  өдөр  нь  С.Дд  01,  Ж.Бд  01  тоот  өмчлөх  эрхийн  гэрчилгээг  тус  тус  олгожээ.

Шүүх  нэхэмжлэгч,  хариуцагч,  гуравдагч  этгээд  болон  тэдгээрийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн  шүүхэд  болон  шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбар,  хуульд  заасан  журмын  дагуу  хэрэгт    авагдсан  бичмэл  нотлох  баримтуудад  үнэлэлт  өгч,  дараах  үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  “Т  ”  СӨХ-ны  2009  оны  06  дугаар  сарын  03-ны  өдрийн  09  дүгээр  албан  бичгээр  гаргасан  хүсэлтийн  дагуу  Зураг  төсөл,  үйлдвэрлэл,  үйлчилгээний  “Гандирс-од”  ХХК-ийн  захирал,  Монгол  Улсын  зөвлөх  инженер  О.Ц*******рын  гаргасан  2009  оны  6  дугаар  сарын  9-ний  өдрийн  32/2009  тоот  техникийн  дүгнэлтэд  “...6  дугаар  байрны  1,  2  дугаар  орцны  дээврийн  давхрын  0  тоот  өрөөнд  байсан  лифтний  хонгилд  галын  үед  цэвэр  агаар  өгөх  түрэлт  үүсгэх  ГЭО-1  системийн  сэнсний  төхөөрөмжийн  угсралт  барилгын  Б-В,  6-8  тэнхлэгийн  хооронд  угсрагдсан  байсныг  зөөж  шилжүүлэн  В  тэнхлэгийн  дагуу  ханын  ар  талд  шилжүүлснээр  хэвийн  ажиллах  боломжтой,  сэнсний  төхөөрөмжийн  байршлын  өөрчлөлт  нь  техникийн  болон  агаар  оруулах  шаардлагыг  бүрэн  хангаж  байгаа  тул  ашиглалтын  үеийн  норм  дүрмийн  шаардлага  хангана  гэснээс  гадна  сэнс  байршуулж  байсан  өрөөг  сууц өмчлөгчдийн холбооны  оффесын  болон  орон  сууцны  зориулалтаар  ашиглаж  болно”  гэснийг  зөрчөөгүй  бөгөөд  Орон  сууц  хувьчлах  тухай  хуулийн  14  дүгээр  зүйлийн  14.1-т  “Магадлан  шинжлэх  хэсэг  тухайн  орон  сууц  хүн  амьдрах  шаардлага  хангасан  эсэх  талаар  дүгнэлт  гаргана”  гэж  заасны  дагуу  байгуулагдсан  Магадлан  шинжлэх  хэсгийн  2011  оны  7  дугаар  сарын  25-ны  өдрийн  99  тоот  дүгнэлтээр  6  дугаар  байрны  0  тоот  өрөөнүүдийг  “хүн  амьдрах  шаардлага  хангана”  гэж  дүгнэжээ.

  “Т  ”  СӨХ-ны  Удирдах  зөвлөл,  хяналтын  зөвлөлийн  хамтарсан  хурлын  2008  оны  01  дүгээр  сарын  28-ны  өдрийн  1  дүгээр  тогтоолоор  Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хороо,  6  дугаар  хороолол,  6  дугаар  байрны  1,  2-р  орцны  дээд  давхарт  байрлах  сэнсийг  лифтний  машины  өрөөнд  шилжүүлэн  суллаж,  ажлын  байранд  ойрхон  оршин  суулгах  зорилгоор  1-р  орцны  0  тоот  өрөөг  тухайн  үед  сууц өмчлөгчдийн  холбооны гүйцэтгэх  захирлаар  ажиллаж  байсан  С.Дд  эзэмшүүлэхээр,  харин  2-р  орцны  0  тоот  өрөөг сууц өмчлөгчдийн холбооны  эдийн  засгийн  бэхжүүлэх  зорилгоор  түрээслэх,  эсвэл  гэр  бүлээрээ  амьдарч  ажилладаг  үйлчлэгчдийг  байрлуулах  байдлаар  ашиглах  нь  зүйтэй  гэж  шийдвэрлэсэн  байна.

Мөн  Орон  сууц  нийтийн  аж  ахуйн  “Дулаан  ”  ХХК-иас  2011  оны  9  дүгээр  сарын  19-ний  өдрийн  01/285,  01/286  тоот  албан  бичгүүдээр  өөрийн  хөрөнгөөр  цахилгаан,  сантехникийн  монтаж  хийлгэн  тохижуулж,  эндээ  ямар  нэг  зөрчилгүй  амьдарч  байгаа  С.Дд  6  дугаар  байрны  1  дүгээр  орцны  13-р  давхрын  0-90  тоотыг,  Ж.Бд  2  дугаар  орцны  13-р  давхрын  0-89  тоотыг  тус  тус  эзэмших  эрхийн  бичиг  олгохыг  дэмжиж  тодорхойлсныг  үндэслэн  Улаанбаатар  хотын  Захирагчийн  ажлын  албанаас  2011  оны  9  дүгээр  сарын  29-ны  өдөр  Ж.Бд  20,  С.Дд  20  тоот  орон  сууц  эзэмших  эрхийн  бичиг  олгожээ.

Улаанбаатар  хотын  Захирагчийн  ажлын  алба  иргэдэд  маргаан  бүхий    орон  сууцанд  эзэмших  эрхийн  бичгийг  олгохдоо  Сууц  өмчлөгчдийн  холбооны  эрх  зүйн  байдал,  нийтийн  зориулалттай  орон  сууцны  байшингийн  дундын  өмчлөлийн  эд  хөрөнгийн  тухай  10  дугаар  зүйлийн  10.8.3-т  заасны  дагуу  “Т  ”  СӨХ-ны  удирдлагын  зөвлөл,  хяналтын  зөвлөлийн  хамтарсан  2008  оны  01  дүгээр  тогтоол,  2011  оны  07  дугаар  сарын  25-ны  99  тоот  хүн  амьдрах  шаардлага  хангасан  тухай  магадлан  шинжлэх  хэсгийн  дүгнэлтийг  үндэслэсэн    болох  нь  хавтаст  хэрэгт  авагдсан  бичгийн  нотлох  баримт  болох    хүсэлт,  Засаг  даргын  тодорхойлолт,  ашиглалтын  зөрчилгүй  тул  эрхийн  бичиг  олгохыг  хүссэн  “Дулаан  ”  ХХК-ийн  тодорхойлолт,  “Т-Өргөө”  СӨХ-ийн  удирдах  зөвлөлийн  хамтарсан  хурлын  тогтоол,  сууц  өмчлөгчдийн  холбооны  захирлын  тушаал,  хүн  амьдрах  шаардлага  хангасан  тухай  магадлан  шинжлэх  хэсгийн  дүгнэлт  зэрэг  бичгийн  нотлох  баримтуудаар  тогтоогдож  байна.

Дээрх  баримтуудыг  үндэслэн  0  тоот  өрөөнүүдийг  нэр  бүхий  иргэдэд  хувьчилсан  нь  Орон  сууц  хувьчлах  тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1-д  “Хувьчлах  орон  сууцыг  сууц  эзэмших  эрхийн  бичиг  /ордер/-ийн  үндсэн  дээр  орон  сууц  хөлслөх  гэрээгээр  эзэмшиж  байгаа  Монгол  Улсын  иргэн,  түүний  гэр  бүлийн  гишүүд  тухайн  сууцаа  хувьчлан  авах  эрхтэй”,  17  дугаар  зүйлийн  17.1-д  “Орон  сууц  хувьчлах  товчоо  сууц  эзэмшигчийн  өргөдлийг  хүлээн  авснаас  хойш  нэг  сарын  дотор  тухайн  сууцыг  хувьчлах  нөхцөл  хангагдсан  эсэхийг  хянаж,  сууц  тус  бүрээр  хувьчлах  тухай  шийдвэр  гаргана”,  18  дугаар  зүйлийн  18.1-д  “Сууц  хувьчлах  тухай  шийдвэрийг  үндэслэн  сууц  эзэмшигчид  тухайн  сууцыг  өмчлөх  эрхийн  гэрчилгээ  олгоно”  гэж  заасантай  нийцжээ.

Иймд  Сууц  өмчлөгчдийн  холбооны  эрх  зүйн  байдал,  нийтийн  зориулалттай  орон  сууцны  байшингийн  дундын  өмчлөлийн  эд  хөрөнгийн  тухай  хуулийн  15  дугаар  зүйлийн  15.1.1-д  “орон  сууцны  байшингийн  сууцны  бус  зориулалттай  техникийн  өрөө  нь  орон  сууцны  дундын  өмчлөлийн  эд  хөрөнгөнд  хамаарахаар  заасан  ч  6  дугаар  байрны  1,  2  дугаар  орцны  дээд  давхрын  техникийн  өрөөг  сууцны  зориулалттай  ашиглаж  болохыг  Магадлан  шинжлэх  хэсгийн  дүгнэлтээр  тогтоосон,  хэдийгээр  Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хороо,  6  дугаар  хороолол,  6  дугаар  байрны  1,  2  дугаар  орцны  техникийн  давхарт  байрлах  0  тоот  өрөөнүүд  төрийн  өмчид  бүртгэлгүй  болохыг  Төрийн  өмчийн  хорооноос  мөн  дээрх  байрны  техникийн  өрөөнүүд  нь  нийслэлийн  өмчийн  нэгдсэн  мэдээллийн  санд  бүртгэлгүй  байгаа  болохыг  Нийслэлийн  Өмчийн  харилцааны  газраас  тус  тус  тодорхойлсон.  Засгийн  газрын  тогтоолыг  үндэслэн  нэгэнт  хувьчилсан  байх  тул  0-89,  0-90  тоот  өрөөг  дээрх  хуульд  заасны  дагуу  орон  сууцны  байшингийн  дундын  өмчлөлийн  эд  хөрөнгө  буюу  нийтийн  эзэмшлийн  хэсэгт  хамааруулах  боломжгүй  юм.

Гуравдагч  этгээд  Д.У  нь  2012  оны  12  дугаар  сарын  6-ны  өдөр  Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хороо,  6  дугаар  хороолол,  6  дугаар  байрны  1  дүгээр  орцны  0  тоот  өрөөг  өөрийн  аав  С.Дас  “Орон  сууц  бэлэглэлийн  гэрээ”-ний  дагуу  шилжүүлэн  авч  өмчлөх  эрхийн  улсын  бүртгэлийн  Ү-22  дугаарт  бүртгүүлж  гэрчилгээ  гаргуулан  авахдаа  Эд  хөрөнгө  өмчлөх  эрх,  түүнтэй  холбоотой  эд  хөрөнгийн  бусад  эрхийн  улсын  бүртгэлийн  тухай  хуулийн  15  дугаар  зүйлийн  15.2-т  “Мэдүүлэг,  түүнд  хавсаргасан  баримт  нь  энэ  хуулийн  13  дугаар  зүйлийн  шаардлагыг  хангасан  бөгөөд  14  дүгээр  зүйлд  заасан  бүртгэхээс  татгалзах  үндэслэл  байхгүй  бол  улсын  бүртгэгч  нь  энэ  хуулийн  3  дугаар  зүйлд  заасан  эрхийг  эрхийн  улсын  бүртгэлд  бүртгэж,  мэдүүлэг  хүлээн  авсан  өдрөөр  эрхийн  улсын  бүртгэлийн  дугаар  өгч,  хувийн  хэрэг  нээн  бичилт  хийж,  гарын  үсэг  зуран,  хувийн  дугаар  бүхий  тэмдгээ  дарна”  гэсний  дагуу  бүртгэл  хийгдсэн  болохыг  хариуцагчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  шүүхэд  гаргасан  тайлбартаа  дурдсан,  мөн  хуулийн  4.1-т  “Өмчлөгч  нь  үл  хөдлөх  эд  хөрөнгө  өмчлөх  эрхээ  энэ  хуульд  заасны  дагуу  эрхийн  улсын  бүртгэлд  бүртгүүлж  гэрчилгээ  авснаар  түүний  өмчлөх  эрх  баталгаажна”  гэж  заасан  байх  тул  гуравдагч  этгээд  Д.Уийн  нэр  дээр  бүртгэсэн  бүртгэлийн  гэрчилгээг  хүчингүй  болгох  үндэслэлгүй  байна.

  Нийслэлийн  Мэргэжлийн  хяналтын  улсын  ахлах  байцаагчийн  2012  оны  12  дугаар  сарын  7-ны  өдрийн  02-07-81/1935  тоот  албан  шаардлагаар  Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хороо,  6  дугаар  хороолол,  6  дугаар  байрны  1,  2  дугаар  орцны  0  тоот  техникийн  давхрын  өрөөнүүдийн  зориулалтыг  өөрчлөн,  зөөвөрлөн  шилжүүлж  хүн  амьдран  суулгасан  зөрчил  нь  Барилгын  тухай  хуулийн  20  дугаар  зүйлийн  20.2,  Орон  сууцны  тухай  хуулийн  15  дугаар  зүйлийн  15.3  дахь  “Орон  сууцны  байшингийн  техникийн  өрөөний  зориулалтыг  өөрчлөхийг  хориглоно”  гэх  заалтуудыг  зөрчсөн  тул  зөрчлийг  арилгуулахаар  шийдвэрлэснийг  Мэргэжлийн  хяналтын  ерөнхий  газрын  шинжээчдийн  2015  оны  3  дугаар  сарын  31-ний  өдрийн  07/104/03  тоот  дүгнэлтээр  үндэслэлтэй  гэж  дүгнэсэн  байдаг.

Гэвч  шүүгчийн  2015  оны  1  дүгээр  сарын  30-ны  өдрийн  918  дугаар  захирамжаар  томилогдсон  Мэргэжлийн  хяналтын  ерөнхий  газрын  Барилгын  техникийн  хяналтын  улсын  ахлах  байцаагч  Д.С*******  дээрх  бүрэлдэхүүнтэй  шинжээчдээс  агуулгын  хувьд  өөр  буюу  2015  оны  3  дугаар  сарын  31-ний  өдрийн  07/104/03-А  тоот  дүгнэлтдээ  6  дугаар  байрны  техникийн  давхарт  байрлах  0  тоот  өрөөнүүдийг  орон  сууцны  зориулалтаар  ашиглах  боломжтой  гэж  дүгнэжээ.

Мэргэжлийн  хяналтын  байгууллагын  бүрэлдэхүүнтэй  болон  дангаар  гаргасан  шинжээчдийн  дүгнэлтүүд  ийнхүү  зөрүүтэй  байх  тул  эдгээрээс  2015  оны  3  дугаар  сарын  31-ний  өдрийн  07/104/03-А  тоот  дүгнэлтийг  үндэслэлтэй  гэж  үзсэн  болно.

Учир  нь    анх  “Т  ”  СӨХ-ны  удирдах  болон  хяналтын  зөвлөлийн  тогтоол,  болон  зураг  төслийн  мэргэжлийн  байгууллага  болох  “Гандирс-од”  ХХК-аар  өөрчлөлтийн  зураг  төсөл,  техникийн  дүгнэлтийг  гаргуулан  баталгаажуулсан  нь  Барилгын  тухай  хуулийн    16  дугаар  зүйлийн  16.7-д  “  барилгын  ажлын  явцад  анхны  зураг  төслөөс  өөрчлөгдөж  гүйцэтгэсэн  үе  шатны  ажил  бүрт  гүйцэтгэлийн  зураг  боловсруулж  баталгаажуулна”,  17  дугаар  зүйлийн  17.1.4-д  “барилгын  хөрөнгө  оруулагч,  захиалагч,  гүйцэтгэгчийн  хүсэлтээр  норм,  дүрмийн  шаардлагын  хүрээнд  зураг  төсөлд  өөрчлөлт  оруулах  эрх,  үүрэгтэй”  гэсэн  заалтуудыг  зөрчөөгүй  байна.  Төрийн  өмчийн  хороо  Нийслэлийн  Засаг  даргын  хамтарсан  тушаал  захирамжаар  томилогдсон  магадлан  шинжлэн  хэсгийн  2011  оны  99  тоот  дүгнэлт,  Нийслэлийн  орон  сууц  хувьчлах  товчооны  2011  оны  11  тоот  тогтоол,  зураг  төслийн  “Гандирс-од”  ХХК-ийн  2009  оны  32/2009  тоот  техникийн  дүгнэлт,  өөрчлөлтийг  баталгаажуулсан  зураг  төсөл,“Т  ”  СӨХ-ийн  удирдлагын  болон  Хяналтын  зөвлөлийн  хамтарсан  2008  оны  01  дүгээр  тогтоол,  Нийслэлийн  Орон  сууц  нийтийн  аж  ахуйн  удирдах  газрын  09,  116  тоот  албан  бичгүүд,  ашиглалтыг  нь  хариуцдаг  “Дулаан  ”  ХХК-ийн  2011  оны  01/285  дугаар  албан  бичиг  зэрэг  бичгийн  нотлох  баримтуудаар  давхар  нотлогдож  байна  гэж  дүгнэлээ.

 

              Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106  дугаар  зүйлийн  106.1,  106.3.12  дэх    хэсэгт  заасныг    тус  тус    удирдлага  болгон  ТОГТООХ  нь:  

 

1.Орон  сууц  хувьчлах  тухай  хуулийн  4  дүгээр  зүйлийн  4.1,  7  дугаар  зүйлийн  7.1,  17  дугаар  зүйлийн  17.1,  18  дугаар  зүйлийн  18.1,  Эд  хөрөнгө  өмчлөх  эрх,  түүнтэй  холбоотой  эд  хөрөнгийн  бусад  эрхийн  улсын  бүртгэлийн  тухай  хуулийн  15  дугаар  зүйлийн  15.2  дахь  хэсэгт  заасныг  баримтлан  “Т  ”  СӨХ-ны  гаргасан  “Чингэлтэй  дүүргийн  5  дугаар  хороо,  6  дугаар  хороолол,  6  дугаар  байрны  1,  2  дугаар  орцны  0  тоот  өрөөг  хувьчилсан    Нийслэлийн  Захирагчийн  албанаас  иргэн  С.Дд  олгосон  20,  Ж.Бд  олгосон  20  тоот  эзэмших  эрхийн  гэрчилгээ,  Нийслэлийн  орон  сууц  хувьчлах  товчооны  2011  оны  11  дүгээр  сарын  21-ний  өдрийн  18  дугаар  тогтоолын  иргэн  С.Д,  Ж.Б  нарт  холбогдох  хэсэг,  мөн  Орон  сууц  хувьчлах  товчооноос  С.Дд  олгосон  01,  Ж.Бд  олгосон  01  тоот  гэрчилгээ  болон  орон  сууц  өмчлөх  эрхийн  Ж.Бын  нэр  дээрх  Y-22  тоот,  иргэн  Д.Уийн  нэр  дээрх  Ү-22  тоот  улсын  бүртгэлийг  тус  тус  хүчингүй  болгуулах”  тухай  нэхэмжлэлийг  бүхэлд  нь  хэрэгсэхгүй  болгосугай.

2.  Захиргааны  хэрэг    шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  51  дүгээр    зүйлийн  51.1,  мөн  хуулийн  47  дугаар  зүйлийн  47.1-т  заасны  дагуу  нэхэмжлэгчээс  улсын  тэмдэгтийн  хураамжид  урьдчилан  төлсөн  70.200  төгрөгийг  төрийн  сангийн  дансанд  хэвээр  үлдээсүгэй.

3.  Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114  дүгээр  зүйлийн  114.1-т  зааснаар  хэргийн  оролцогч,  тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  энэхүү  шийдвэрийг  эс  зөвшөөрвөл  шүүхийн  шийдвэрийг  гардан  авснаас  хойш  14  хоногийн  дотор  Захиргааны  хэргийн  давж  заалдах  шатны  шүүхэд  давж  заалдах  гомдол  гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

                             

                                            

                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ

                                                  ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР

                                                  ШҮҮГЧ                            О.ОЮУНГЭРЭЛ