Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 341

 

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгийн

аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын

газрын даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас Д.А-ийг чөлөөлөгдөөгүй болохыг тогтоох, түүнийг мэргэжилтний тус албан тушаалд томилон ажиллуулахгүй байгаа газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дугаар захирамжийн 3 дахь заалтыг биелүүлэхийг, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Д.А-ийг томилохыг тус тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0389 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О,

Хариуцагчийн өмгөөлөгч К.Ж,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 13 дугаар зүйлийн 13.1.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний тус албан тушаалд Д.А-ийг томилон ажиллуулахыг тус газрын даргад даалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 060 280 /дөрвөн сая жаран мянга хоёр зуун ная/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох Д.А-ийг аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөөгүй болохыг тогтоох, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дугаар захирамжийн 3 дахь заалтыг биелүүлэхийг газрын даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0389 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Маратын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Ш.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зуйлийн 40.2 дахь хэсгийн заалтьг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч анхнаасаа хариуцагчийг буруу тодорхойлосон бөгөөд үүнд анхан болон давж заалдах шатны шүүх огт анхаараагүй, алдааг засах арга аваагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн нэхэмжлэгчийн гомдол гаргах эрх нь буюу хөөн хэлэлцэх хугацаа нь ч дууссан байсан боловч нэхэмжлэлийг хүлээн авсан нь хуульд нийцээгүй.

4. Д.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байдаг. Ингэхдээ өмнө нь тус газрын даргаар ажиллаж байсан Ш.Марат намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний оронд түүнийг томилсон. Нэг ёсны 2016 оны сонгуулийн дараа улс төрийн шийдвэрээр хууль бус томилогдсон байсан. Намайг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч Баян- Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүхийн 2017 оны 110/ШШ2017/0048 дугаар шийдвэрээр намайг ажлаас чөлөөлсөн Баян- Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоосон. Энэ шийдвэрийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А- нар эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч давж заалдах, хяналтын шатны шүүх түүний гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр эүйлийн 40.2-т заасан зохицуулалтаас үзвэл миний орон тоонд томилогдон ажиллаж байгаад намайг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон үндэслэлээр ажлаас чөлөелөгдсөн Д.А-т бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүргийг түүнийг тухайн албан тушаалаас чөлөөлсөн аймгийн Засаг дарга хүлээх ёстой.

6. Гэтэл анхан шатны шүүх хуулийн энэ зохицуулалтын ялгааг олж харахгүйгээр Д.А-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй намайг хариуцагчаар тогтоож нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахгүй байгаа тус газрын дарга Д.Марат миний эс үйлдэхүй хууль бус хэмээн тогтоож, мэргэжилтний тус албан тушаалд Д.А-ийг томилон ажиллуулахыг надад даалгаж шийдвэрлэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмын 4 дүгээр заалтад төрийн албаны нөөцөд байх эсэхийг зохицуулсан хууль, журамд нийцэхгүй байгаа болно. Өөрийн хүслээр мэргэжилтнээс чөлөөлөгдсөн иргэн Төрийн албаны нөөцөд үлдэхгүй, түүний нөөцөд байх хугацааны хугацаа нь ч дууссан байсан.

7. Д.А нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар маргаан бүхий албан тушаалд Х.Нурханатыг өөрөө томилсон. анхан шатны шүүх гуравдагч этгээдээр түүнийг татан оролцуулах ёстой боловч, татан оролцуулаагүй.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Ажлаас буруу халагдсан ажилтан шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсоноос түүний ажилд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хууль ёсны ажиллагаа тул цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрын зохицуулалт тухайн тохиолдолд хамаарахгүй.

9. Ажилгүй байсан хугацааны олговор олгох зохицуулалт нь ажил олгогч ажилтныг хууль бусаар ажлаас халсныг шүүх тогтоож түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоосон тохиолдолд хэрэгжих ёстой. Би Д.А-ийг хууль бусаар ажлаас халсан, чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байхад анхан шатны шүүх түүнд ажилгүй байсан хугацааны олговор олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Иргэн нь Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч Д.А-д ямар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс болж ямар хохирол учирсан нь тодорхой бус байхад түүний ажилгүй байсан хугацааны олговорт 4.060.280 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

11. Иймд хэргийг бүхэлд нь хянаж Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0389 дугаартай магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулиудыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

13. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6, 16.3-т заасныг тус тус үндэслэн Д.А-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд мөн өдрөөс эхлэн “түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсноос үзвэл, тухайн үед гарсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын сул орон тоог “сонгон шалгаруулалт”-ын журмаар нөхөөгүйн зэрэгцээ “албан ажлын зайлшгүй шаардлага”-ыг харгалзан уг албан тушаалд тус байгууллагын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.А-ийг шилжүүлэн ажиллуулжээ.

14. Түүнчлэн, энэ маргаанд шууд холбогдох буюу дээрх албан тушаалд ажиллаж байсан Ш.Маратын зөрчигдсөн эрхийг сэргээж, түүнийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0048 дугаар шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон, уг шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга биелүүлж 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Ш.Маратыг томилж, 3 дахь заалтаар нэхэмжлэгч Д.А-ийг ажлын байраар хангахыг Ш.Маратад үүрэг болгосон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

15. Мөн, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 3-02/298 дугаартай албан бичгээр Х.Нурханатыг “... сул орон тоо болох аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр авч ажиллуулах”-ыг санал болгосон, нэхэмжлэгч Д.А-ийн гаргасан 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг баримтлан Х.Нурханатыг аялал, жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон, түүнчлэн, Х.Нурханат нь Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний ажлаас чөлөөлсөн “захиргааны акт”-ыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2017/0058 дугаар шийдвэрээр хангаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүүг олгуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын журмаар хянаж хэвээр үлдээжээ.

16. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүхүүд дүгнэж, энэ маргааны үйл баримтад холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэснийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

17. Тодруулбал, Х.Нурханатын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хяналтын журмаар хянасан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 535 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр, шүүхийн уг шийдвэрийг Засаг даргын Тамгын газрын дарга биелүүлэх үүрэгтэй, иймээс нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан “аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн”-ний орон тоог “сул” гэж үзэхээр байхад үүссэн нөхцөл байдлын улмаас ажилгүй болсон нэхэмжлэгчийг ажлаар хангаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

18. Иймээс, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “... шүүхийн 2017 оны 110/ШШ2017/0058 дугаар шийдвэрийг биелүүлэх албан тушаалтан нь би биш, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, ...Х.Нурханатын эрх ашиг хамгийн түрүүнд хөндөгдөнө, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

19. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “ захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан, энэ маргааны хувьд Д.А-ийг “сул орон тоо”-нд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “томилох” шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хангаж шийдвэрлэсэн, уг маргааныг “ажлаас буруу халсан, буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлтэй агуулгын хувьд адилтган авч үзэх учраас шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасан “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах,...” шийдвэрийг гаргасан нь зөв байна.

20. Иймд, хариуцагчийн “... нэхэмжлэгч Д.А-т ямар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс болж ямар хохирол учирсан нь тодорхой бус байхад түүний ажилгүй байсан хугацааны олговорт ... төгрөг гаргуулсан, ... Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй.

21. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Маратын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0389 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                            Ч.ТУНГАЛАГ