| 2026 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 128/ШШ2026/0303 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Эрдэнэчимэг
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага:
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар зарим арга хэмжээний тухай А/211 дүгээр захирамжийн хавсралтын 90-д байгаа Д.Эрдэнэчимэгт холбогдох хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 42, 42а байрны урд талын 3 ширхэг тоосгон гараашид хамаарах хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Золбоо.
Танхимын дугаар: 1
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:
-
- Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээ-ний тухай А/211 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсэг буюу хавсралтын 90-д байгаа Сүхбаатар дүүрэг 8-р хороо 42, 42а байрны урд талд 3 ширхэг тоосгон гараашт холбогдох хэсэг-ийг эс зөвшөөрөн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан 2025 оны 09 дүгээр сарын 30-нд гомдол гаргасан
- Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны ХЭГ/2823 тоот албан бичгээр хариуг авсан ба уг хариуг эс зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасныг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Миний бие нь нэгж талбарын 1461300437 дугаартай, 3779 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшдэг.
- Уг газрын эзэмших эрхийн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн эрхийн гэрчилгээгээр 15 жилээр сунгасан ба Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээний дагуу жил бүр газрын төлбөрт 4,837,120 төгрөг төлдөг. Тэгэхээр захирамжид заасан газрыг миний бие хууль ёсоор эзэмшдэг.
- Агуулах/гарааш/-ын зориулалттай 234 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Гурван төхөм ХХК нь Төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу 1999 онд анх худалдан авсан. Тухайн этгээдээс миний бие сүүлд уг объектыг 70 сая төгрөгөөр худалдан авсан ба 2016 онд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203032960 дугаарт бүртгүүлж, 000465340 дугаартай гэрчилгээ авсан. Тэгэхээр тухайн газар дээрх агуулах/гарааш/ нь миний хууль ёсны өмч гэсэн үг.
- Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний А/211 дүгээр Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн Захирамжлах хэсэгт Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашийн байршлыг нэгдүгээр хавсралтаар хэмээн заасан.
- Миний бие Газрын тухай хууль тогтоомжийг ямар ч байдлаар зөрчөөгүй. Гэтэл хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр миний өмчлөлийн агуулах/гарааш/-ыг гарааш нэрийн дор буулгах гэж байгааг мэдэгдэх хуудас агуулах/гарааш/-ын үүдэнд наах үед мэдсэн ба шийдвэрийг эс зөвшөөрсөн тул тухай үед нь холбогдох байгууллагад хандан өмчид маань хууль бусаар халдах гээд байна шүү хэмээн мэдэгдэж байсан. Гэвч өндөр настай намайг дээрэлхэн, үгийг маань огт авч хэлэлцээгүй ба сэтгэл санааны болон эд материалын асар их хохирол надад учруулсан.
- 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цагаас миний үл хөдлөх эд хөрөнгийг маань Нийслэлийн Засаг даргын дээрх хууль бус захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан нурааж, доторх эд зүйлийг нь эвдэн сүйтгэсэн. Дээрх хууль бус ажиллагааг гардан гүйцэтгэсэн төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд туйлын их гомдолтой байгаа. Миний өмчийг нураах хууль зүйн үндэслэл байгаагүй байхад нураах шийдвэр гаргасан тул Нийслэлийн Засаг даргын А/211 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл,... гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамаарах учраас илт хууль бус захиргааны акт хэмээн үзэж байна.
- Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эд хөрөнгө шударгаар өмчлөх эрхээ сэргээлгэмээр байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний А/211 дүгээр захирамжийн надад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжаар нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгаж, газар чөлөөлөх байршлуудыг баталсан, үүнд нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 42, 42А байрны урд талд байрлах гараашуудыг зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр газрыг нь чөлөөлөх байршлаар баталсан.
2.2. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4.-т газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийг газар эзэмших, ашиглах эрхгүй этгээд гэж ойлгоно.
2.3. Иймд, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн эзэмшиж буй Сүхбаатар Дүүргийн 8 дугаар хороо, 42, 42А байрны урд талд байрлах гараашуудын газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байсан гэж үзэх тул түүний гараашийг албадан буулгахаар шийдвэрлэсэн захиргааны үйл ажиллагааг илт хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гээд 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд үндэслэл байгаагүй гэж тус тус заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтын дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны акт нь хуульд заасан ямар ч үндэслэлд тулгуурлаагүй, эсхүл хуульд огт байхгүй үндэслэл заасан байгаа тохиолдолд захиргааны актыг илт хууль бус гэж үзнэ.
2.5. Энэхүү тохиолдолд нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон хариуцагчийн 2025 оны А/211 дуугар захирамжийн хавсралтын 90 дахь хэсэг заасан 42, 42А байрны урд талд байрлах газарт байрлах Д.Эрдэнэчимэгийн гараашуудыг буулгаж, газар чөлөөлөхөөр заасан байгаа нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээ байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангасан гэж үзэхээргүй байна.
2.6. Иймд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
-
- Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/61 дугаар захирамжаар 3782 м.кв газрыг Эмнэлгийн үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрчилгээ олгож(Хавтаст хэргийн 38 дахь талд), иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ(Хавтаст хэргийн 39 дэх талд)-г байгуулсан.
- 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Эрдэнэчимэг өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3782 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргаж(Хавтаст хэргийн 67 дахь талд), 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай сунгаж 000707505 дугаартай гэрчилгээ олгож(Хавтаст хэргийн 76 дахь талд), газар эзэмшүүлэх гэрээ(Хавтаст хэргийн 79 дэх талд)-г байгуулсан.
- Нэхэмжлэгч нь маргаан бүхий буулгасан 234 м.кв талбай бүхий агуулах/гарааш/-ын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхээр Сүхбаатар дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт(Хавтаст хэргийн 36 дахь талд), 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлэг(Хавтаст хэргийн 33 дахь талд)-ийг тус тус гаргаж 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 42Б тоот хаягт байршилтай 234 м.кв талбайтай агуулах/гарааш/-ын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ(Хавтаст хэргийн 47 дахь талд)-г Д.Эрдэнэчимэгт олгосон.
- Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 96 тоот Газар чөлөөлүүлэх хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг(Хавтаст хэргийн 97 дахь талд)-ээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Ж.Батмөнхийн гудамжинд байрлах 42а байрны дэргэд байрлах 3 ширхэг хуучин склад бүхий тоосгон гараашийг буулгаж автозогсоолын тохижилтын ажил хийлгэх хүсэлтийг иргэд удаа дараа санал болгож байгаа тул нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх ажлыг 2025 оны төсөвт суулгуулж тус обьектыг буулгаж хамтран ажиллана уу гэх албан бичгийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн.
- Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/211 дугаар захирамжаар Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашийн байршлыг нэгдүгээр хавсралтаар ... тус тус баталсугай гэж нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн өмчлөлийн 3 ширхэг тоосгон гараашийг буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн(Хавтаст хэргийн 23-29 дэх талд).
- Дээрх захирамжийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр №8х-03 дугаартай мэдэгдэх хуудас(Хавтаст хэргийн 7 дахь талд)-аар ...зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гарааш эзэмшиж, ашиглаж байх тул 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор газар чөлөөлөхийг мэдэгдэж байна. Заасан хугацаанд газар чөлөөлөөгүй бол Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу албадан чөлөөлөх болохыг мэдэгдье гэж нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгт мэдэгдсэн.
- 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр газрыг албадан чөлөөлөх ажиллагаанд нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, 8 дугаар хорооны Засаг дарга, хорооны цагдаа, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулагч Ш.Наранцогт, Сууц өмчлөгчдийн холбооны дарга нарыг байлцуулан хийж дуусгасан(Хавтаст хэргийн 110-111 дэх талд).
- Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/211 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Ерөнхий сайдад хандан гомдол гаргасан ба 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/2823 тоот албан бичиг(Хавтаст хэргийн 4 дэх талд)-ээр ...Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дугаар захирамж нь дээрх хууль тогтоомжид заасан чиг үүргийнхээ хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 114 байршилд газрын зөрчил арилгуулах талаар гаргасан эрх бүхий этгээдийн шийдвэр байна. Хэрэв энэхүү шийдвэр нь таны эд хөрөнгө, өмчлөх эрхэд халдсан гэж үзэж байгаа бол шүүхэд хандахыг зөвлөж байна гэх хариуг өгсөн.
Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
-
- Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий агуулах/гарааш/-ын байрлаж байсан 3782 м.кв газрыг хариуцагч Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр анх эзэмших эрхтэй болсон бөгөөд улмаар уг эрхээ хуульд заасан журмын дагуу сунгуулж, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа ба энэхүү үйл баримтыг хариуцагчаас үгүйсгэж маргаагүй.
- Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх газарт байрлах 234 м.кв талбай бүхий агуулах/гарааш/-ын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 онд улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байх бөгөөд энэ нь хүчин төгөлдөр хэвээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаас албадан нураасан 3 ширхэг агуулах/гарааш/-ын барилгын хууль ёсны өмчлөгч бөгөөд түүний өмчлөх эрх дуусгавар болоогүй хүчин төгөлдөр хэвээр байна.
- Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг маргаан бүхий газрыг зөвшөөрөлгүй эзэмшсэн, эсхүл тухайн газар дээрх барилга байгууламжийг дур мэдэн барьсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй бөгөөд харин ч эсрэгээрээ тухайн газар болон түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөх, эзэмших эрхийн хүрээнд байсан гэж дүгнэхээр байна. Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх агуулах/гарааш/-ыг нийтийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гарааш гэж ангилан үзэж, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэн газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж, улмаар албадан буулгах ажиллагаа явуулсан нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.
- Учир нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж зохицуулсан.
- Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд албадан чөлөөлөх арга хэмжээг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хэрэгжүүлэх хуулийн урьдач нөхцөл нь зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, эсхүл газрыг дур мэдэн эзэмшсэн тохиолдолд үүссэн байхыг шаардаж байгаа ба үүнийг тогтоосны үндсэн дээр тухайн газрыг чөлөөлүүлэх талаар захиргааны байгууллагаас мэдэгдэл хүргүүлэх, албадан чөлөөлөхөөр зохицуулсан байна.
- Өөрөөр хэлбэл уг зохицуулалт нь зөвхөн газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй, хууль бусаар газар ашигласан этгээдэд хамаарах бөгөөд энэ хэрэгт нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, мөн үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор өмчилж байсан тул уг заалтыг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлж, хуульд заагаагүй үндэслэлээр түүний өмчлөлийн агуулах/гарааш/-ыг албадан буулгасан байна.
- Захиргааны байгууллага нь үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн явуулах, өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнээс хэтрэхгүй байх, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өвлүүлэх эрхтэй бөгөөд хувийн өмчийг хууль бусаар хураан авах, дайчлан авахыг хориглоно гэж заасан нь өмчлөх эрхийг төрөөс онцгойлон хамгаалах үндсэн зарчим юм. Мөн Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж тусгасан нь өмчлөх эрхэд халдах аливаа арга хэмжээ заавал шүүхийн хяналтад байх, эсхүл дайчлан авах тохиолдолд түүнд нөхөн олговор, төлбөрийг нь төлөх ёстойг илэрхийлж байна.
- Гэтэл энэ хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд хамаарах үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, нөхөн төлбөргүйгээр зөвхөн захиргааны актын үндсэн дээр албадан буулгасан нь өмчлөх эрхэд шууд халдсан, хуульд нийцээгүй үйлдэл болсон байна. Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй дур мэдэн барилга, байгууламж барьсан гэх зөрчлийг гаргаагүй, хууль ёсны дагуу өмчлөх эрхтэй, уг нураасан агуулах/гарааш/-ын барилгыг анх төр өөрөө буюу төрийн өмчит компани болох Анагаах ухааны их сургуулийн харьяа Уламжлалт анагаах ухааны төв бариулсан, үүнтэй холбоотой баримт газар баталгаажилтын хувийн хэрэгт байхад анхаарч үзээгүй, түүнчлэн газар эзэмших эрхийг хариуцагч өөрөө анх олгож, хугацааг нь сунгасан атлаа үүнийг мэдээгүй, шалгалгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцээгүй байна.
- Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахдаа заавал хуульд үндэслэсэн байх шаардлагатай бөгөөд хэрэв тухайн эрхэд халдах хууль зүйн үндэслэл байхгүй, эсхүл буруу хэрэглэгдсэн, бодит нөхцөл байдалд нийцээгүй бол уг захиргааны акт нь илт хууль бусад тооцогдоно. Энэхүү зохицуулалт нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг хангах, иргэний эрхийг дур зоргоор зөрчихөөс хамгаалах зорилготой бөгөөд хуульд үндэслэлгүйгээр эрхэд халдсан гэх ойлголт нь тухайн акт нь анхнаасаа хүчин төгөлдөр бус, эрх зүйн үр дагавар үүсгэх боломжгүйг илэрхийлдэг.
- Энэ хэрэгт нэхэмжлэгчийн газар эзэмших болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хүчин төгөлдөр байсаар байхад түүнийг зөвшөөрөлгүй этгээд мэтээр үзэж, Газрын тухай хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэн, улмаар шүүхийн шийдвэргүйгээр өмчийг нь албадан буулгасан нь хуульд заасан үндэслэлгүйгээр эрхэд халдсан үйлдэл мөн болох нь тогтоогдож байна.
- Иймд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэлгүйгээр гарсан болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар зарим арга хэмжээний тухай А/211 дүгээр захирамжийн хавсралтын 90-д байгаа Д.Эрдэнэчимэгт холбогдох хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 42, 42а байрны урд талын 3 ширхэг тоосгон гараашид хамаарах хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгээс, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар зарим арга хэмжээний тухай А/211 дүгээр захирамжийн хавсралтын 90-д байгаа Д.Эрдэнэчимэгт холбогдох хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 42, 42а байрны урд талын 3 ширхэг тоосгон гараашид хамаарах хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ