Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 314/ШШ2025/00248

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ******* овгийн *******ийн *******д холбогдох

 

22,000,000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Миний бие өөрийн өмчлөлд байх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар багийн Арвайхээр ******* ******* гудамж *** дугар байр, *** тоот 69.95 мкв хоёр өрөө байрыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 172,000,000 төгрөгөөр зарж, 150,000,000 төгрөгийг бэлнээр буюу дансаар дамжуулж авч үлдэгдэл төлбөр болох 22,000,000 төгрөгт 2013 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Prius 41” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тооцуулж авсан. Гэтэл байрны төлбөрт тооцуулж авсан тухайн тээврийн хэрэгслийг үзлэг оношилгооны хугацаа болж Арвайхээр сумын авто оношилгооны төвд үзлэгт ортол тухайн машины арлын дугаар зөрчилтэй үзлэгт тэнцэхгүй, цаашид ашиглах боломжгүй, замын хөдөлгөөнд оролцох хориотой, бусдад зарж нэр шилжихгүй гэсэн дүгнэлт гарч байр худалдан авагч талд тухайн нөхцөл байдлаа хэлж буцааж зөрүү мөнгө 22,000,000 төгрөгийг бэлнээр төлнө гэтэл хариуцагч тал 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр надтай хэлцэл хийж 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 90 хоногийн дотор тухайн асуудлыг шийдвэрлэж таныг хохиролгүй болгож өгнө гэж тохиролцон нотариатаар орж тэмдэглэл хэлцэл  хийсэн. Тухайн хэлцэл хийсэн өдөр болох 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 150 хоног өнгөрч хариуцагч тал  арга хэмжээ аваагүй тул миний хохирлыг хариуцагч талаас гаргуулж өгнө үү. Тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч талд буцаан өгч мөнгөн төлбөр болох 22,000,000 төгрөгийг гаргаж авах хүсэлттэй байна.” гэжээ.

 

Хариуцагч Ц.******* 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Ц.******* миний бие нь Н.*******ы гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Миний бие нь 2023 оны 12 дугаар сард фэйсбүүк зарын дагуу иргэн *******тай автомашин худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж, *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай Prius Alрha маркийн автомашиныг ******* улсын дугаартай Toyota harrier маркийн автомашин, 800,0000 төгрөг өгч, нийт 22,000,000 төгрөгөнд тооцон автомашиныг худалдан авахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу автомашинуудын улсын дугаарыг сольж, автомашинуудаа 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Да хүрээ захад байрлах Автотээврийн үндэсний төвийн байранд өөрсдийн өмчлөлд авсан болно. Үүний дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тухайн Приус маркийн автомашиныг Н.*******д байр худалдан авах үнэд оролцуулан шилжүүлсэн. Гэтэл уг автомашиныг Н.******* нь 2024 оны 06 дугаар сард авто тээврийн улсын үзлэгт оруулахад автомашины арлын дугаарыг сольж гагнасан нь шалгалтаар илэрсэн бөгөөд тухайн автомашины суудлыг салгаж авсны үндсэн дээр тухайн зөрчлийг илрүүлсэн.  Миний бие дээрх зөрчлийг автомашиныг худалдаж авах үед мэдэх боломжгүй байсан бөгөөд *******ын буруутай үйл ажиллагааны улмаас эд хөрөнгөөрөө хохироод байгаа юм. Тус асуудлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч Н.******* нь автомашины өмчлөгч байсан учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Миний бие тухайн автомашиныг шударгаар олж авсан, үнийг төлсөн хууль ёсны өмчлөгч бөгөөд тээврийн хэрэгслийн үзлэг хийлгэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон хүн биш юм. Өөр хэлбэл үүссэн нөхцөл байдалд миний буруутай үйлдэл байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ц.******* 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “******* овогтой ******* миний бие нь Н.*******той 2024 онд Приус маркийн автомашин худалдаалсан. Тухайн машин нь арал сольсон зөрчилтэй гэсэн шалтгаанаар худалдан авалт буцаж, 22 сая төгрөгийг буцааж өгөх шаардлага гарсан. Тухайн 22 сая төгрөгийг бүтэн жилийн дотор буюу 2026 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний Ц.*******оос нэхэмжилсэн 22,000,000 төгрөгийг бүтэн жилийн хугацаанд суварган төлөлт хийж хохирлыг барагдуулна гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй болохыг бичгээр үйлдэн өгсөн болно. Уг 22,000,000 төгрөгийг хүний сэтгэл гаргаж аль болохоор олон янзаар тохирохыг үзсэн боловч сэтгэл нийлсэнгүй. Иймд миний хохирлыг мөнгөн хэлбэрээр бөөнд нь барагдуулж өгнө үү.” гэжээ.

2.Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний хувьд би нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгаа. Би Ц.*******ыг бүтэн жил харсан. Чи хууль бус зүйл хийсэн байна гээд миний хохирлыг барагдуулж өгөхийг шаардсан. Би одоогоор хохироод л яваад байна. Өөрийн гэсэн машингүй, хүний машиныг гуйж зардал төлж хот, аймаг хоёрын хооронд өчнөөн удаа явлаа. Яагаад гэхээр манай хүүхэд бөөрний архаг дутагдалтай. Энэ өвчнөөр 10 гаран жил шаналж байгаа. Бөөр шилжүүлэн суулгах боломжгүй хүнд нөхцөл байдалд байгаа. Би өвчтэй хүүхдээ асарч хараад Улаанбаатар хот руу байнга ирж очиж нааш, цааш байнга явдаг хүн. Тийм болохоор шүүхэд дахин, дахин ирээд байх боломжгүй учраас энэ хэргийг хурдан, түргэн шийдвэрлээд өгөөч. Хэргийн материалд байгаа нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлж өгсөн гэж хувийн зүгээс дүгнэж байна. Би тухайн машиныг худалдаж авахдаа эхлээд үзлэгт оруулъя гэхэд тээврийн хэрэгслийн үзлэгийн хугацаа дуусах огноо нь нэг сарын дараа дуусна гэж байсан. Мөн оношилгоонд оръё гэтэл оношилгооны газар олдоогүй, хоёрдугаарт үзлэгт орох хугацаа дуусаагүй байсан учраас Ц.*******д итгээд л авсан. Дараа нь үзлэгт оруулсан чинь ийм, ийм асуудалтай байна гэж гарч ирэхэд нь Ц.*******ооос асуухад ард, урдаасаа орсон асуудалтай машин гэдгээ бүгдийг нь хэлсэн. Дараа “...асуудалтай машин байсан юм аа...” гэдгээ хэлээд хүлээн зөвшөөрөөд “...хэдэн сарын дотор оношилгоонд оруулж өгье” гэж ч хэлж байсан шүү. Би тухайн үедээ худалдаж авахдаа “...чиний машины чинь суудал, эрэг боолт гэх мэт бүх зүйл чинь сул байна шүү дээ” гэхэд л өөдөөс “...би сайн мэдэхгүй байна, хүнээс авсан юм аа” гэж хэлээд итгэл төрүүлж надад зарсан. Тухайн үед миний хүүхэд өвчтэй байсан, бас надтай хамт яваад машин үзэж, хараад, зөвлөөд, авалцаад өгөх эрэгтэй хүн байхгүй байсан болохоор Ц.*******д итгээд л шууд авсан. Тэгээд хугацааг нь дуусахаар оношилгоонд оруулъя даа гэсэн чинь таны машин ийм, ийм асуудалтай байна шүү дээ гэхээр нь Ц.*******ыг асуудалтай машин зарсан гэдгийг нь мэдэж байгаа байхгүй юу. Дараа нь Улаанбаатар хотод очоод машин засварын газар очиж өчнөөн зүйлийг нь засуулж, янзлуулсан.  Засварын газарт засвар хийлгэсэн гээд баримтаа хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Тухайн засварын газрын засварчин нь “та комиссын машин авсан байна” гэж хэлсэн. Тэгээд Ц.*******д хэлсэн чинь “...өө тийм үү” гээд тоогоогүй. Тухайн үедээ надад бүх үнэнээ хэлээд, янзлуулж өгнө, оношилгоонд оруулж өгнө, даруулж өгнө гээд нотариатаар орж баталгаажуулж байсан хүн одоо ингээд үгүйсгэж байгаад нь гайхаж байна. Одоо аймгийн оношилгоон дээр очиход миний машиныг андахгүй. Өмнө нь асуудалтай байсан машин гэдгийг нь манай аймгийн оношилгоо мэдэж байсан. Суудлыг нь сөхөж үзээд л арлыг нь сольж байсан асуудалтай юм байна гээд шууд хэлж байгаа байхгүй юу. Тэгээд эгч нь яах уу? гэхээр авсан хүнтэйгээ л ярь гэдэг. Тэгээд хариуцагчид хандахаар “өө тийм үү” л гэдэг. Ц.******* ийм асуудалтай машин байсан гэдгийг мэдэж байсан. Өөрөө ч бүх зүйлээ надад хэлсэн. Тэгээд л янзалж өгнө, даруулж өгнө гэж явсаар бүтэн жилийн хугацаа өнгөрч байна. Ингээд намайг хулхидаад яваад байгаа болохоор эхлээд миний асуудлыг шийдэж өг гэсэн шаардлага тавьсаар л ирсэн. Надад ийм муу машин зарсан гэдгээ өөрөө сүүлд хүлээн зөвшөөрч нотариатаар орж баталгаажуулсан. Тэрийгээ хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн машиныг худалдаж аваад намайг ийм болгосон ухааны зүйл яриад байна. Үгүй байхгүй юу. Ц.******* ийм асуудалтай машин байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч нотариат дээр очиж баталгаажуулсан. Тийм болохоор Ц.*******оос 22,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байна. ...Би машиныг 21,000,000 төгрөгт тооцож аваад, тухайн машинд 1,000,000 төгрөгийн засвар хийлгэсэн. Энэ мөнгийг оруулаад 22,000,000 төгрөг нэхэмжилсэн байна.” гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Гол асуудал нь эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн асуудлаас болж талууд маргаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгийн доголдлыг засах хугацаа олгосон  гэдэг асуудал ярьдаг. Хэдийгээр талууд эд хөрөнгийн доголдолтой асуудлыг нэхэмжлэгч Н.*******д шилжүүлсний дараа мэдсэн нөхцөл байдал байдаг. Өөрөөр хэлбэл Автотээврийн үндэсний төвөөс авсан лавлагаагаар ямар нөхцөл байдал тогтоогддог вэ? гэхээр 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* улсын дугаартай “Приус Альфа” маркийн тээврийн хэрэгслийг Ц.******* нь шилжүүлж авсан гэдэг нөхцөл тогтоогддог. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд автомашины техникийн үзлэгт тээврийн хэрэгсэл бүрэн байна гэсэн ойлголттой явсан гэсэн үг. Мөн дээрээс нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Н.*******д тухайн автомашиныг шилжүүлж өгсөн байдаг. Тэгэхээр юуг хэлэх гээд байна вэ? гэхээр тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгсэл ямар нэгэн зөрчилгүй болох нь тогтоогдож байгаа. Түүнээс хойш тухайн тээврийн хэрэгсэл нь 2023 онд техникийн үзлэгт орсон гэж байгаад 6 дугаар сард арлын дугаар солигдсон гэх шалтгаанаар үүнийг хүлээж авах боломжгүй гэсэн нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Тэгэхээр эд хөрөнгийн доголдолтой нөхцөл байдалд хариуцагч Ц.*******ыг буруутгасан зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Н.******* нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон. Өмчлөгч болсон учраас эрсдэл 100% нэхэмжлэгч рүү шилжиж байгаа. Өмчлөлд шилжиж байгаа учраас буруутай этгээдээс шаардах эрх үүснэ. Тийм болохоор арлын дугаар солигдсон гэх асуудал дээр худалдагчийг шууд буруутгах нөхцөл байдал байхгүй гэж харж байна. Тийм учраас манайх хариуцагч биш, тухайн эд зүйлийг хариуцахгүй. Хэдийгээр нэмэлт хугацаа тогтоосон ч гэсэн тухайн нэмэлт хугацаанд засах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.******* нь өмчлөгч биш учраас буруутай этгээдээс шаардах эрх үүсэхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь шаардах эрхтэй гэсэн үг. Худалдах, худалдан авах гэрээнд тухайн нөхцөл байдлыг мэдсэн, нуун дарагдуулсан зэрэг нөхцөл байдал харагддаггүй. Тухайн тээврийн хэрэгслийг шударгаар олж аваад шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогддог. Үзлэгийн хугацаа дуусаагүй гэдгийг талууд аль аль нь мэдэж байсан. Энэ нөхцөл байдал нь 2024 онд машиныг оношилгоонд оруулахад л мэдсэн байна гэж харахаар байгаа. Тухайн автомашин нь Ц.*******ын эзэмшил, ашиглалтанд 3 сарын хугацаанд байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл оношилгоонд орсон байсан хугацаанд тухайн машин эзэмшилд нь байсан хугацаа хамаарч байгаа. Тийм учраас Ц.*******ыг шууд буруутгах нөхцөл байдал харагдахгүй байна. Хугацаа аваад засаж өгөөгүй гэдэг асуудалд нь хэлэхэд тухайн машины өмчлөгч нь биш гэсэн асуудлыг л хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл өөрийнхөө эрх, үүргийг Н.******* гэдэг хүнд 100% шилжүүлээд өгчихсөн байсан. Залилсан, мэхэлсэн гэдэг асуудал байгаа бол өөр шатны шүүх буюу өөр журмаар шийдвэрлэх байх гэж үзэж байна.” гэв.

       

             3. Нэхэмжлэгч Н.*******оос шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Шүр” авто сервис гэсэн зарлагын баримт, ******* улсын дугаартай автомашины зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Өвөрхангай аймгийн тойргийн нотариатч *******ийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн үйлчлүүлэгчийн боловсруулсан гэрээ гэрчилсэн тэмдэглэл, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Н.*******, Ц.******* нарын хийсэн хувийн хэлцэл гэх баримт, Автотээврийн үндэсний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/1037 дугаартай албан бичиг зэргийг гаргаж өгсөн байна. 

          

             4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс нотлох баримтаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/23196 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, итгэмжлэл, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн байна.

 

             5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Өвөрхангай аймгийн Автотээврийн төвөөс ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн мэдээллийг шүүхийн журмаар гаргуулж авсан.

 

            Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “машиныг 21,000,000 төгрөгт тооцож авсан. 1,000,000 төгрөгөөр машинд засвар хийлгэсэн.” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.

 

           2. Нэхэмжлэлийн шаардлагын  зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “...2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Н.*******д тухайн автомашиныг шилжүүлж өгсөн байдаг. Тэгэхээр тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгсэл ямар нэгэн зөрчилгүй болох нь тогтоогдож байгаа. Түүнээс хойш тухайн тээврийн хэрэгсэл нь 2023 онд техникийн үзлэгт орсон гэж байгаад 6 дугаар сард арлын дугаар солигдсон гэх шалтгаанаар үүнийг хүлээж авах боломжгүй гэсэн нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Тэгэхээр эд хөрөнгийн доголдолтой нөхцөл байдалд хариуцагч Ц.*******ыг буруутгасан нөхцөл байдал байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Н.******* нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон. Өмчлөгч болсон учраас эрсдэл 100% нэхэмжлэгч рүү шилжиж байгаа. Өмчлөлд шилжиж байгаа учраас буруутай этгээдээс шаардах эрх үүснэ. Тийм болохоор арлын дугаар солигдсон гэх асуудал дээр худалдагчийг шууд буруутгах нөхцөл байдал байхгүй гэж харж байна. Тийм учраас манайх хариуцагч биш, тухайн эд зүйлийг хариуцахгүй.” гэж маргасан.

             4. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.*******д 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг, ************** гудамж, 103 дугаар байрны 12 тоот 69,95 мкв 2 өрөө байрыг худалдаж, 150,000,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл төлбөр болох 21,000,000 төгрөгт  ******* улсын дугаартай “Toyota prius 41” маркийн автомашиныг тооцон авсан бөгөөд тухайн автомашиныг үзлэг оношилгоонд оруулахад арлын дугаар зөрчилтэй улмаас ашиглаж, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэсэн үндэслэлээр тухайн автомашиныг хариуцагч Ц.*******д буцаан өгч, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл үнэ 21,000,000 төгрөг, автомашинд засвар хийлгэсний зардал 1,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

            Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба тухайн гэрээ хүчин төгөлдөр эсэх болон гэрээний үнийн асуудлаар, мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнээс 21,000,000 төгрөгт тооцож ******* улсын дугаартай “Toyota prius 41” маркийн автомашиныг хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх үйл баримттай холбоотойгоор маргаагүй болно.

             5. Хариуцагч Ц.*******, нэхэмжлэгч Н.******* нарын  үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн тодорхой хэсэгт автомашин оролцуулсан харилцаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан Арилжааны гэрээний шинжтэй байна.

            Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. гэж заасан байх тул хариуцагч Ц.******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй байна гэж дүгнэлээ.

             6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд “...2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Н.*******д тухайн автомашиныг шилжүүлж өгсөн байдаг. Тэгэхээр тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгсэл ямар нэгэн зөрчилгүй болох нь тогтоогдож байгаа. Түүнээс хойш тухайн тээврийн хэрэгсэл нь 2023 онд техникийн үзлэгт орсон гэж байгаад 6 дугаар сард арлын дугаар солигдсон гэх шалтгаанаар үүнийг хүлээж авах боломжгүй гэсэн нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Тэгэхээр эд хөрөнгийн доголдолтой нөхцөл байдалд хариуцагч Ц.*******ыг буруутгасан нөхцөл байдал байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Н.******* нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон. Өмчлөгч болсон учраас эрсдэл 100% нэхэмжлэгч рүү шилжиж байгаа. Өмчлөлд шилжиж байгаа учраас буруутай этгээдээс шаардах эрх үүснэ. Тийм болохоор арлын дугаар солигдсон гэх асуудал дээр худалдагчийг шууд буруутгах нөхцөл байдал байхгүй гэж харж байна. Тийм учраас манайх хариуцагч биш, тухайн эд зүйлийг хариуцахгүй.” гэж тайлбарласан.

            Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол нэхэмжлэгч шаардах эрхээ алдахаар зохицуулсан.

            Хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 39 дугаартай албан бичигт “...******* улсын дугаартай “Toyota prius 41” маркийн автомашиныг техникийн хяналтын үзлэгт оруулахгүй байгаа шалтгаан нь автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага MNS 4598:2020 стандартын 3,3 MNS ISO 3799 Автотээврийн хэрэгсэл таних тэмдгийн дугаар (VIN) Агуулга ба бүтэц гэсэн заалтыг хангаагүй, тухайн тээврийн хэрэгслийн пайз хэсэг дэх арлын дугаарыг арилгасан, бүхээг дэх арлын дугаарын хэсгийг тасдаж гагнаж байршуулсан байсан учраас техникийн хяналтын үзлэгт хамрагдах боломжгүй байна.” гэсэн байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасанд хамаарахгүй, нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхтэй байна гэж дүгнэлээ.

            Хариуцагч талаас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/23196 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийг нотлох баримтаар гаргасан байх ба уг захирамжид ******* улсын дугаартай “Toyota prius 41” маркийн автомашинтай холбоотой шаардлагыг хариуцагч Ц.******* гаргаж байсан талаар дурдагдсан байгааг дурдаж байна.

            7. Хариуцагч Ц.******* 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд “Миний бие нь Н.*******той 2024 онд Приус маркийн автомашин худалдаалсан. Тухайн машин нь арал сольсон зөрчилтэй гэсэн шалтгаанаар худалдан авалт буцаж, 22 сая төгрөгийг буцааж өгөх шаардлага гарсан. Тухайн 22 сая төгрөгийг бүтэн жилийн дотор буюу 2026 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна.” гэсэн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Н.******* зөвшөөрөөгүй болно.

            8. Нэхэмжлэгч Н.******* нь “Шүр” авто сервис 20... оны 7 сарын 19 өдөр 1,070,000 гэсэн зарлагын баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн зарлагын баримт нь хэдэн оны баримт болох нь тодорхойгүй, хүлээлгэн өгсөн эд хариуцагч, хүлээн авагчийн нэр, гарын үсэггүй, тамга тэмдэггүй нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэгч Н.*******ы гаргасан “******* улсын дугаартай “Toyota prius 41” маркийн автомашинд засвар хийлгэсний зардал 1,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 262,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******оос 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.*******оос 262,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч,  тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ