| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00014/И |
| Дугаар | 313/ШШ2025/00436 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 313/ШШ2025/00436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, *******,*******
Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /РД: /, Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4-р баг, ,,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.*******тэй 2023 онд хамтран амьдрах болсон ч гэр бүлээ батлуулаагүй байсан. 2023 оны 12 дугаар сард ******* нь намайг ажлаасаа гарчих би чамайг юугаар ч дутаахгүй амьдруулна гээд ажлаас минь гаргасан. 2024 оны 01 дүгээр сард би жирэмсэн болсноор *******гийн үнэн төрх гарч ирсэн. Хардах сэрдэх, өөр эмэгтэйтэй утсаар ярьж намайг хамт доромжлох болсон. Энэ байдал 3-4 сар үргэлжилсний эцэст ******* ажилдаа очихоороо миний утас, facebook зэргийг блоклож ирэх үедээ нээдэг болсон. Иймээс бидний харилцаа муудаж улмаар намайг жирэмсний долоон сартайд орхиод явсан. Эргээд ирэх байх гэж их хүлээсэн. Төрөх үедээ ч, хүүхдийн гэрчилгээ авах хүртлээ ирэхийг нь хүлээгээд ирээгүй тул хүүхдээ өөрөөрөө овоглосон. Охин У. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн. Одоо 2 сар гаруй болж байна.
Иймд хариуцагч А.*******гээс охин У.дээ тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. А.******* бидний хувьд эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.*******тэй 2023 оны 04 дүгээр сард анх танилцаад, 2023 оны 09 дүгээр сараас манайд ирж хамтран амьдарсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сард жирэмсэн болсноо мэдээд 2024 оны 08 дугаар сараас тусдаа амьдарч байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 08-нд охин маань төрсөн. Эцгээр нь овоглоё гэж утсаар ярьсан боловч миний хүүхэд биш, овоглож чадахгүй гээд би өөрөөрөө овоглосон. Одоо 10 сартай, А.*******тэй ямар ч холбоогүй байгаа. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Уг нь бид сууна гэж байсан. Тэгээд намайг хардаад тэрнээс болоод салсан. А.******* Ханбогд суманд амьдардаг. Би шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаа. А.******* нь огт хүүхэдтэйгээ уулздаггүй. Шинжилгээ өгөхөд уулзсан гэв.
Хариуцагч А.******* 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Х.*******тэй хамтран амьдарч байгаагүй тул хүүхдийн тэтгэмж төлөх хүсэлгүй байна. Иймд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.
Хариуцагч А.******* 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* миний бие шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг шүүх хуралд оролцох боломжгүй. Иймд эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, охин У.ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/4171 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргуулж нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч А.******* нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.
Х.*******, А.******* нар нь гэрлэлт бүртгүүлээгүй хэдий ч 2023 онд танилцаж дотносон улмаар хамтран амьдарч тэдний дундаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин У. төрсөн, түүний эцэг А.******* болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/4171 дугаартай шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Одоо охин У. нь 10 сартай эх Х.*******ийн асрамжид эрүүл өсөн бойжиж болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Хариуцагч А.******* нь хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй тул нэхэмжлэгч дээрх үүргийг эцгээс нь шаардах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч А.*******гээс мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй охин У.ийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй... болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч А.******* нь шүүх хуралдааныг эзгүйд хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. гэж заасныг баримтлан хариуцагч А.*******гийн бичгээр ирүүлсэн хүсэлт болон нэхэмжлэгч Х.*******ийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг тус тус хүлээн авч, хариуцагч А.*******гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт *******ийн ******* /РД: /-ээс 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин У.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Х.*******т мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН