Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/795

 

 

 

 

    2024             7              08                                         2024/ДШМ/795

 

Б.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхзул,

шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/455 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Цт холбогдох эрүүгийн 2009 00813 0438 дугаар хэргийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Ц нь ... ломбардаар үйлчлүүлэхдээ тус ломбардын үйл ажиллагаа явуулахдаа ашигладаг “Хаан” банкны ... тоот дансны нэвтрэх нэр, нууц үгийг олж мэдэн, улмаар тус данснаас үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн “Хаан” банкны ... тоот данс руу 10.000.000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ж.С эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот данс руу 250.000 төгрөгийг, мөн өдөр Г.С эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот данс руу 150.000 төгрөгийг буюу нийт 10.400.000 төгрөгийг шилжүүлж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Цыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг байнга оршин суух ... дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Б.Цт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Цаас 9.150.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Дд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Хаан" банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ломбардын ажилтан Б.Мийн ... дугаартай данснаас 2020 оны 02 дугаар сарын 19-ний 13:28 цагт Б.Цын ... дугаартай дансанд 10.000.000 төгрөг, 2020 оын 02 дугаар 20-ны 11:59 цагт Г.С гэх хүний ... дугаартай дансанд 250.000 төгрөг, мөн өдрийн 14:00 цагт Б.С гэх хүний ... дугаартай дансанд 150.000 төгрөг тус тус шилжсэн гүйлгээг Б.Ц хулгайлсан гэж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хурлаар хянаад нотлогдсон гэж дүгнэн гэм буруутайд тооцож ял шийтгэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Ц хэрэг гарсан гэх 2020 оны 02 дугаар сарын 20-ноос хойш буюу энэ хэрэгт мөрдөн шалгах байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн үеэс шүүх хурал хүртэл хугацаанд олон удаа мэдүүлэхдээ “энэ хэргийг үйлдээгүй, хүний нууц код, дансыг цээжлэн хүний банкинд байгаа мөнгийг өөрийн НӨТ-2 гар утас ашиглан өөрийнхөө данс руу болон бусад хүмүүсийн данс руу шилжүүлэн авах боломжгүй. Улаанбаатар их дэлгүүрийн үүдэнд байх АТМ дээр картаа шалгах гэж очиход үл таних залуу дансанд чинь 10.000.000 төгрөг шилжүүлээд картаар чинь тав, таван саяар хувааж, 2 дансанд шилжүүлэг хийгээдэхье, ёндоог нь өгнө гэхээр нь дансны дугаараа түүнд хэлж өгсөн. Удалгүй 10.000.000 төгрөг дансаар орж ирэхэд тэр залуу 2 хувааж дансанд шилжүүлсэн. Тэгээд хамт явж Вашингтон буудалд очиж архи уугаад тасарсан. Шөнө сэрэхэд нөгөө залуу явчихсан би ганцаараа үлдсэн байсан. ... дансаа шалгаж үзэхэд 5.000.000 төгрөг нь үлдсэн байсан. Тэр мөнгөнөөс нь Бөмбөгөр худалдааны төвөөс гутал худалдан авах зэргээр захиран зарцуулсан. ... Би Дүнжингарав зах орж гутал аваагүй. Миний авсан гутал катерпиллер загварынх нь биш. ... буудлын мөнгийг би төлөөгүй, тэр үед 250.000 төгрөгийн үнэтэй буудал гэж Улаанбаатарт хаа ч байгаагүй. ... Би хүний дансны дугаар, код мэдээд тэр хүний дансанд байгаа мөнгийг С, С гэх хүмүүсийн данс руу шилжүүлэх боломж надад байхгүй. ... Энэ хэргийг би үйлдээгүй. ... Надруу 10.000.000 төгрөг шилжүүлээд 5.000.000 төгрөгийг нь авсан хүнийг олуулах гэж олон удаа хэргийг буцаалгаж шалгуулсан боловч тухайн хүнийг олж өгч чадсангүй ээ. ... 10.000.000 төгрөг нь миний данс руу орсон гэдэг утгаар би буруутан болж байна” гэж мэдүүлдэг.

Үнэхээр 10.000.000 төгрөг данс руу нь орсноос өөр баримт байдаггүй.

1. Б.Цын хувьд нэр бүхий данс эзэмшигч Мийг танихгүй, түүний утасны дугаар, дансны дугаар, дансанд нь байгаа мөнгийг интернэтээр болон мобайлаар шилжүүлэх нууц кодыг мэдэхгүй. Тэгээд ч хүний дансанд байгаа мөнгийг НӨТ-2 аппарат ашиглаад өөрийнхөө болон бусдын данс руу шилжүүлэх боломж байхгүй.

Хавтаст хэрэгт гэрч Д 96 дугаар хуудсанд 10.400.000 төгрөг алдагдсаныг М маргааш нь надад хэлсэн. Гар утас ломбарданд тавих гэж байсан хүн нэвтрэх нэр, нууц код, гүйлгээний нууц үг бүгдийг сонсож гараад авчих шиг боллоо гэхэд нь камер шүүж үзэхэд бичлэгт гарсан хүн нь Б.Ц мөн байсан гэдэг. Гэвч энэ мэдүүлгийг худлаа гэж үзэж байна. Яагаад гэвэл хэрэгт ийм камерын бичлэг байхгүй. Хэрэв камерын бичлэг байсан бол тэр даруйд нь үзлэг хийлгэх, хураалгах арга хэмжээ авхуулахгүй яасан бэ?. Хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд катерпиллер загварын гутал авсан гэх хүнийг Б.Сгаар таниулахад 4 дэх хүн буюу Б.Цыг зааж, төстэй байна гэж хэлсэн нь шууд нотлох агуулгагүй. Ийм л үндсэн хоёр мөчид баримтаар миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Хамгийн гол нь данс эзэмшигчийн нууцлагдсан нэр, кодтой банкинд байгаа мөнгийг Б.Ц яг ийм техник технологийн аргаар шилжүүлээд авчихсан гэдгийг шүүх шинжилгээгээр болон IT мэргэжлийн шинжээчээр тогтоож нотолсон зүйл байдаггүй.

Хулгайлах гэмт хэргийн гол шинж бол бусдын эд хөрөнгийг эзэнд нь мэдэгдэлгүй нууцаар авахыг хэлдэг. Б.Ц нас биед хүрсэн, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, өөрөөр хэлбэл болох, болохгүйг ойлгох чадвар, боломжтой хүн. Бусдын банкинд байгаа мөнгийг улаан цайм тодорхой байгаа өөрийн дансаар авч хулгайлах гэж байхгүй. Ингэж өөрийгөө ил тодорхой барьж өгдөг хулгайч гэж байдаггүй юм. Энэ 10.000.000 төгрөг шилжиж орсон хор уршигт Б.Ц гэм буруугүй гэж үзэж байна.

Сүүлдээ Б.Ц нь залхаж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг зөвшөөрсөн. Энэ нөхцөл байдлыг харгалзан шүүх 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлаж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон шийдвэр гаргасан.

Өмгөөлөгч би 60 хоног хойшлуулж нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан боловч хангагдаагүй. Ийм байдлаар үндсэндээ энэ хэрэг үнэн зөв, хууль журмын дагуу шийдвэрлэгдэж чадсангүй.

2022 оны 6 дугаар сарын 03-ны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаадаг хуулийн заалт хүчингүй болсон. Энэ дунд Б.Цын эрх зөрчигдөж байгаа нь тодорхой байна. Хуулийн тогтолцоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчимд болон амьдралд нийцэхгүй байгааг дурдаж байна.

2. Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтаар шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноож, ялын хугацаанд оршин сууж буй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ... хохирлыг нь нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх ялын зорилгод нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь, шүүгдэгч ам бүл 4, 01-07 насны 2 хүүхэдтэй, эхнэр тогтсон ажил орлогогүй, өөрөө ... дүүргийн ... дүгээр хороо, ... ХХК-ийн үйлдвэрийн төвд хөргөлтийн техникч ажилтай, Улаанбаатар хотын бүх дүүрэгт өөрийн компанийн гэрээт дэлгүүрүүдэд хөргөгч тавих, засварлах, эвдрэлтэй хөргөгчийг солих үйл ажиллагаа явуулдаг. Дээрх шүүхийн шийдвэрээр 9.150.000 төгрөгийг хохирогч Дд төлөхөөр шийдвэрлэгдсэн. Ар гэрээ тэжээх, шүүхээс тогтоосон төлбөрийг төлөх, ялтны цаашдын төлөвшилт зэрэгт түүний хөдөлмөр эрхлэлт, цалин орлоготой байх явдал харилцаа хамааралтайгаар нөхцөлдөж байна. Ийм учраас шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтад өөрчлөлт оруулж, ... дүүргийн нутаг дэвсгэрээс гэснийг оршин сууж байгаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглоно гэсэн өөрчлөлт оруулах эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасны дагуу зорчих эрхийг хязгаарлаж тогтоосон ялаас чөлөөлөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор С.Энхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын агуулга гэм буруу дээр маргаж байгаа эсэх, шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь ойлгомжгүй гомдол гаргасан гэдгийг дурдах нь зүйтэй. Өмгөөлөгчийн зүгээс Б.Цын данс руу 10.000.000 төгрөг орсноос бусад байдлаар нотлогдсон зүйл байхгүй гэж байна. Хэрэгт авагдсан Б.Цын дансны хуулганаас харахад 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 28 минутад 10.000.000 төгрөг шилжин орсон. Үүний дараа тус өдрийн 13 цаг 33 минутад 5.000.000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас гаргуулсан. Тухайн бэлэн мөнгөний машин нь Улсын их дэлгүүрийн ойролцоо, ломбард нь ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд 5 минутын хугацаанд зорчсон болох нь тогтоогддоггүй. Б.Цын зүгээс тухайн ломбардын 2 ажилтныг сэжиглэж байна гэсэн зүйл ярьдаг. Гэтэл хохирогч С.Д, гэрч нарын мэдүүлгээр тус ломбардын 2 ажилтан 2020 оны 02 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд ажлын байран дээрээ байсан болох нь тогтоогддог. Мөн Б.Цын үйлдлийг гэрч Г.Сгийн мэдүүлэг болон түүний таньж олуулах ажиллагаагаар нотлогдоно. Гэрч Г.Сгаас 2 удаа мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэг хөдөлбөргүйгээр нотлогддог. Анх мэдүүлэг авах ажиллагаанд түүнээс гутал худалдан авсан этгээдийн шинж, нөхцөл байдал, содон шинж тэмдгийг мэдүүлэгтээ дурдсан. Үүний дараа таньж олуулах ажиллагаа явуулахад тухайн шинж тэмдэг нь таарч байна гэсэн үндэслэлээр Б.Цыг заасан. Ямар учраас гэрч Г.Сгийн мэдүүлгийг үнэлсэн гэхээр хэрэгт цугларсан нотлох баримтаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагт 150.000 төгрөг Г.Сгийн данс руу шилжүүлсэн байдаг. Тэгэхээр тухайн дансны нэвтрэх нэр, нууц үгийг олж мэдэн 10.000.000 төгрөгийг авсан гэх үндэслэлтэй байна. Өмгөөлөгчийн зүгээс бусдын данс руу нэвтрэх боломжгүй гэсэн зүйл ярьж байна. Гэрч Гантогтохын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө тухайн данс эзэмшигч ямар ч төхөөрөмжөөс нэвтэрсэн таниулах боломжгүй байсан гэдэг мэдүүлгээс харахад Б.Ц нь бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс түүнд ... дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, 1 жил 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эрүүгийн хариуцлага нь нийгэмшүүлэхээс гадна цээрлүүлэх нөхцөл байдал байдаг. Б.Цт холбогдох хэрэг 2020 оноос хойш хэлэлцэгдэж байгаа бөгөөд 2 удаа шүүхээс хэргийг буцаасан. Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа хөдөлбөргүй үнэн мэдүүлэг өгдөггүй, мэдүүлэг болгон нь зөрүүтэй буюу “би авсан, би аваагүй, эсхүл бусдад шилжүүлсэн, нэг бол ээждээ 1.200.000 төгрөгийг өгсөн” зэргээр тогтворгүй мэдүүлэг өгдөг бөгөөд гэм буруу дээр маргасан, мөн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлээгүй. Мөн 1.250.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусад хохирлыг төлсөн болон төлөхөө илэрхийлсэн ямар нэгэн санаачилга гаргаагүй зэргээс дүгнэхэд түүнд оногдуулсан ял нь түүний гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол төлбөрт нь тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ц нь ... ломбардаар үйлчлүүлэхдээ тус ломбардын үйл ажиллагаа явуулахдаа ашигладаг “Хаан” банкны ... тоот дансны нэвтрэх нэр, нууц үгийг олж мэдэн, улмаар тус данснаас үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Хаан” банкны ... тоот өөрийн данс руу 10.000.000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ж.С эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот данс руу 250.000 төгрөгийг, мөн өдөр Г.С эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот данс руу 150.000 төгрөгийг буюу нийт 10.400.000 төгрөгийг шилжүүлж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Дгийн “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ... нэртэй ломбардын “Хаан” банкны данснаас 10.400.000 төгрөг алдагдсан тухай ажилчин М хэлсэн. Алдагдсан талаар тухайн өдөр хэлээгүй бөгөөд маргааш нь надад хэлсэн ба гар утас ломбардад тавих гэж байсан хүн нэвтрэх нэр, нууц код, гүйлгээний нууц үг бүгдийг сонсож гараад мөнгө авчих шиг боллоо гэж хэлсэн. Мөнгө шилжүүлж авсан хүний дансны дугаараар тухайн хүнийг олж аваад камерын бичлэгээ шүүж үзэх үед манайд орж ирсэн хүнтэй яг таарч байсан тул цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Тухайн хүнийг олж аваад дансыг нь үзэх үед бүх мөнгөө үрчихсэн байсан. Тухайн үед камер шүүж үзээд мөн байна гэдгийг нь тогтоогоод цагдаад өгч байсан. Тухайн үеийн камерын бичлэгийг хуулж, хуулбарлаж огт аваагүй. Манай камер 3 сар бичлэгээ хадгалдаг. Ц гэх хүн л ломбардад орж ирээд нууц дугаар, нэвтрэх нэр, гүйлгээний нууц дугаар зэргийг мэдээд өөрийн дансандаа авсан байсан. Мөн тухайн үеийн камерын бичлэг дээрх хүн Ц мөн байсан. ...” гэсэн /1хх 96-97, 248-249/,

гэрч Б.Мийн “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед өөрийн ажлын байр болох ... гэх нэртэй ломбардад сууж байхад манай ломбардын данснаас 11 цаг 59 минутад “С” гэх хүний “Хаан” банкны ... дугаартай данс руу 250.000 төгрөг, 14 цагт С гэх хүний “Хаан” банкны ... дугаартай данс руу 150.000 төгрөг тус тус гарсан. Ингээд гайхаад “Хаан” банкны гар утасны гүйлгээгээ харахад 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 28 минутад Ц гэх хүний Хаан банкны ... дугаартай данс руу төлбөр гэх утгатай 10.000.000 төгрөг явуулсан байсан. ...” гэсэн /1хх 9/,

гэрч Г.Сгийн “...2020 оны 01-02 дугаар сард өвлийн гутлын сизон дуусаж байх үед өөртөө таарсан биетэй, тарган ч биш, туранхай ч биш, 170-175 см өндөртэй, цэвэрхэн царайтай, халимаг хагас долгионтой хар өнгийн үстэй, зөөлхөн дуутай, 35 орчим настай эрэгтэй хүн ирээд надаас өвлийн гутлын зөвлөгөө аваад “дулаахан уу, чийг татахгүй биз дээ” гэх зэрэг асуулт асууж байгаад 20 орчим минут гутал өмсөж сонгож байгаад Катерпиллар загварын нэхий дотортой, хар өнгийн гутал 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо тэр залууг харвал танина. ...Ямар ч байсан бэлэн мөнгөөр гүйлгээ хийгээгүй. ...” гэсэн /1хх 46, 105, 2хх 27-29/,

гэрч С.Г-ын “...2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө Хаан банкны интернэт банк хэрэглэгч нь интернэт банкны төхөөрөмжийг хэрэглэгчдэд таниулан баталгаажуулдаг болсон. Түүнээс өмнөх хугацаанд буюу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө Хаан банкны интернэт банкны хэрэглэгч нь интернэт банкныхаа нэр, нууц үгээ мэдэж байгаа тохиолдолд дурын төхөөрөмжөөс нэвтрэх боломжтой байсан. ...” гэсэн /1хх 218/,

гэрч Ж.Сын “...... нь миний “Хаан” банкны данс мөн байна. Би тухайн үед Баянзүрх захын баруун талд байдаг “...” нэртэй буудалд ресейфшн хийдэг байсан. Тэр үед л манай буудлаар үйлчлүүлж байсан хүний төлбөр тооцоо байсан байх. ...” гэсэн /2хх 50-51/,

шүүгдэгч Б.Цын яллагдагчаар өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хүний кодыг нууцаар мэдэж аван өөрийн данс руу 10.000.000 төгрөг шилжүүлж хулгай хийгээгүй. Тийм зүйл огт болоогүй. Харин миний дансанд 10.000.000 төгрөгийн орлого олж, 5.000.000 төгрөгийг нь тухайн хүн авсан ба миний дансанд үлдсэн байсан 5.000.000 төгрөгийг бол өөрийн хэрэгцээнд хэрэглээд үрээд дуусгасан. Тэр үйлдлийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би тухайн 5.000.000 төгрөгийг миний дансанд байгаа буудалд сэрээд гарахдаа АТМ орж мэдсэн. ...Хохирогч гэх хүнд 1.250.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Үлдэгдэл хохирлыг хэрэг шийдэгдээд тодорхой болохоор төлж барагдуулна. ...” гэсэн /2хх 113-114/ тус тус мэдүүлгүүд,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 106- 108/, Б.М эзэмшигчтэй “Хаан” банкны дансны хуулга /1хх 51-54/, Б.Ц эзэмшигчтэй “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 42-43/, Ж.С эзэмшигчтэй “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 44/, Г.С эзэмшигчтэй “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 45/, “Хаан” банкны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 50/13204 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1хх 75-88/, “Хаан” банкны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 50/549 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1хх 75-88/, “Баялаг өрнөн дэлгэрэх” ХХК-ийн лавлагаа /2хх 14-17/, “Баялаг өсөх сан” ХХК-ийн хуулийн этгээдийн “Хаан” банкны 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 29/2950 дугаартай албан бичиг /2хх 56-58/, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 59-61/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Цыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Цын “...” ломбардаар үйлчлүүлэхдээ тус ломбардын үйл ажиллагаа явуулахдаа ашигладаг “Хаан” банкны дансны нэвтрэх нэр, нууц үгийг олж мэдэн, улмаар тус данснаас үргэлжилсэн үйлдлээр өөрийн “Хаан” банкны данс руу 10.000.000 төгрөгийг, Ж.С эзэмшигчтэй “Хаан” банкны данс руу 250.000 төгрөгийг, Г.С эзэмшигчтэй “Хаан” банкны данс руу 150.000 төгрөгийг буюу нийт 10.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий “...миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг үйлдээгүй, ...10.000.000 төгрөг данс руу нь орсноос өөр баримт байдаггүй, ... гэрч С.Дгийн мэдүүлэгт дурдагдсан камерын бичлэг хэрэгт байдаггүй, ... гэрч Б.Сгаар таниулахад 4 дэх хүн буюу Б.Цыг зааж, төстэй байна гэж хэлсэн нь шууд нотлох агуулгагүй, ...Б.Цт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж ... дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ...хохирлыг нь нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх ялын зорилгод нийцээгүй, ...шүүгдэгч ам бүл 4, 1-7 насны 2 хүүхэдтэй, эхнэр нь тогтсон ажил орлогогүй, өөрөө Улаанбаатар хотын бүх дүүрэгт өөрийн компанийн гэрээт дэлгүүрүүдэд хөргөгч тавих, засварлах, эвдрэлтэй хөргөгчийг солих үйл ажиллагаа явуулдаг тул шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтад өөрчлөлт оруулж ... дүүргийн нутаг дэвсгэрээс гэснийг оршин сууж байгаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглоно гэсэн өөрчлөлт оруулах эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасны дагуу зорчих эрхийг хязгаарлаж тогтоосон ялаас чөлөөлөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 28 минутад Б.Мийн данснаас 10.000.000 төгрөг “төлбөр” гэх утгатайгаар Б.Цын Хаан банкны данс руу шилжин орсон байх бөгөөд мөн өдрийн 13 цаг 33 минутад 5.000.000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас авч, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Г.Сгийн “Хаан” банкны данс руу 150.000 төгрөгийг, Ж.Сын “Хаан” банкны данс руу 250.000 төгрөгийг тус тус шилжүүлэн захиран зарцуулсан байна. Гэрч Г.С нь 150.000 төгрөгийг шилжүүлэн гутал худалдан авсан хүний гадаад төрхийн талаар мэдүүлсэн бөгөөд таньж олуулах ажиллагаагаар Б.Цыг тодорхой заажээ.

Түүнчлэн, гэрч С.Гантогтохын “...2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө Хаан банкны интернэт банк хэрэглэгч нь интернэт банкны төхөөрөмжийг хэрэглэгчдэд таниулан баталгаажуулдаг болсон. Түүнээс өмнөх хугацаанд буюу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө Хаан банкны интернэт банкны хэрэглэгч нь интернэт банкныхаа нэр, нууц үгээ мэдэж байгаа тохиолдолд дурын төхөөрөмжөөс нэвтрэх боломжтой байсан. ...” гэж /1хх 218/ мэдүүлснээр шүүгдэгч Б.Ц нь “...” ломбардаар үйлчлүүлэхдээ тус ломбардын үйл ажиллагаа явуулахдаа ашигладаг “Хаан” банкны дансны нэвтрэх нэр, нууц үгийг олж мэдэн, улмаар тус данснаас үргэлжилсэн үйлдлээр өөрийн “Хаан” банкны данс руу мөнгө шилжүүлэх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийн хүрээнд тухайн хэрэгт шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлтээс хамааруулан хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, бүсчлэлийн хязгаарыг ... дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын агуулгатай уялдаа бүхий болжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Цын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 10.400.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх агуулгад нийцсэн байна гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/455 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                          Т.ӨСӨХБАЯР