Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/796

 

 

 

 

    2024             7              08                                         2024/ДШМ/796

 

Ж.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Даваахүү,

хохирогч Н.Эын өмгөөлөгч М.Батбаатар,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/442 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Эын өмгөөлөгч Д.Очирваанийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Дд холбогдох эрүүгийн 2309 02717 2390 дүгээр хэргийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.Д нь 2023 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй караокены гадаа иргэн Н.Эыг “гал асуухдаа хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүнийг өөрийн өмсөж явсан өмдний тэлээгээр хэд хэдэн удаагийн үйлдлээр цохисны улмаас эрүүл мэндэд нь толгойн орой, духанд шарх, бүсэлхийн хажуу хэсэг, баруун шуу, шилбэнд зулгаралт, сээр, бүсэлхийд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ж.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Ж.Дг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дд оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Э нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Дгээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Эын өмгөөлөгч Д.Очирваань давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс учирсан сэтгэл санааны хохиролд 440.000 төгрөгийг нөхөн төлбөрт тооцон олгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч Н.Эын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд “Хөнгөн” гэмтэлд сэтгэцийн эмгэгийн зэрэглэл “Хоёрдугаар” зэрэглэлд багтаасан байна. Уг аргачлалд нөхөн төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заасан. Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох тохиолдолд 5.500.000 төгрөгөөр нөхөн төлбөрийн хэмжээ тогтоогдох ёстой. Гэтэл шүүхээс Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаалаар “гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” болон Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг буруу тайлбарлан хэрэглэж, хохирогчийн сэтгэл санааны хохирлыг багаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/442 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Хохирогч Н.Эын өмгөөлөгч М.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч, хохиролтой холбоотой хэсэгт гомдол гаргасан. Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд “Хөнгөн” гэмтэлд сэтгэцийн эмгэгийн зэрэглэл “Хоёрдугаар” зэрэглэлд багтаасан байна. Уг аргачлалд нөхөн төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс 8 хувиар тооцож, 440.000 төгрөгөөр хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хохирлыг тооцох ёстой. Энэ гэмт хэрэг гарснаас хойш хохирогчийн зүгээс толгойны дагз болон духан дээр үүссэн сорвийг арилгах лазер эмчилгээг байнга хийлгэдэг. Мөн энэ сорви нь таталт өгч янгинах зовуурьтай байгаа. Тэгэхээр энэ гэмтлийн улмаас хохирогчид багагүй хэмжээний сэтгэл санааны болон бие махбодын хохирол учирсан байгаа тул эдгээр нөхцөл байдлыг нь харгалзан үзэж сэтгэл санааны хохирлыг тооцох ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор О.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаалаар “гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу түүний 8 хувь болох 440.000 төгрөгөөр нөхөн төлбөрийг тооцож олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 3.4-д сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1 дүгээр зэрэглэлийг 0,3 хувь, 2 дугаар зэрэглэлийг 4-8 хувь, 3 дугаар зэрэглэлийг 9-15 хувь, 4 дүгээр зэрэглэлийг 15-31 хувь, 5 дугаар зэрэглэлийг 31-99 хувь гэж тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно гэж заасан. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ж.Д нь 2023 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй караокены гадаа иргэн Н.Эыг “гал асуухдаа хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүнийг өөрийн өмсөж явсан өмдний тэлээгээр хэд хэдэн удаагийн үйлдлээр цохисны улмаас эрүүл мэндэд нь толгойн орой, духанд шарх, бүсэлхийн хажуу хэсэг, баруун шуу, шилбэнд зулгаралт, сээр, бүсэлхийд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Эын “...2023 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 20 цагийн үед найз Б-тай хамт Хүүхдийн зуугийн Айриш паабад уулзаж суусан. Тэгээд Б бид хоёр караоке оръё гэж яриад “Twin Tower”-ийн хажуугийн ... нэртэй караоке орж сууцгаасан. Шөнө 02 цагийн үед хоёулаа караокеноос гараад гэр лүүгээ харих гэж байсан. Явж байгаад GS25 дэлгүүрийн гадаа үл таних 3 залуутай таарсан. Бид хоёр тамхилах гээд тэд нараас гал асуусан. Байхгүй гэхээр нь за за гээд эргээд буцсан. Тэгсэн хойноос дуудаад гэнэт цохиод авсан. Юу болов, яав гэхэд өөдөөс хашхичаад “чи яасан том юм” гээд агсраад эхэлсэн. Яриа хөөрөө гэж юм байхгүй шууд агсраад дайраад цохиод эхэлсэн. Би цохиулчихаад толгойгоо барьсан чинь цус гарч байсан. Тэгээд би найздаа хандаж цагдаа дууд гэж хэлсэн. Би ер нь наашаа дөхөөд ирэхээр нь холдож зугтааж байсан. Тэгж байгаад тэр залуу дахиад миний толгой руу тэлээний арал төмрөөрөө цохисон. Эхний цохилтыг би шилээр цохичихлоо гэж бодсон. Араас байсан болохоор анзаараагүй. Тэгтэл тэлээгээр цохисон байна лээ. ...” /хх 18-19, 22-23/,

гэрч М.Бын “...Би найзыгаа аваад буцаад эргэсэн чинь тэр хэдийн нэг залуу нь өмдний тэлээгээ тайлаад Эыг дуудаад ална шүү гээд байсан. Тэлээгээ барьчихаад дайрах маягтай байхаар нь би хоёр гараа алдлаад хаасан чинь тэлээ барьчихсан залуу миний гарыг түлхэж мултлаад Э луу гүйж очоод тэлээнийхээ төмрөөр толгой руу нь шавхуурдаад цохичихсон. Тэгээд Эын толгойноос цус гараад газарт хэвтээд унаад өгсөн. Тэгээд би очоод тэлээ барьчихсан залууг холдуулсан чинь хамт яваа 2 залуу нь бас нэмж зодох гээд дайраад Эын элэг рүү нь өшиглөж байсан. Би шууд өөрийнхөө утаснаас 102 луу залгаж цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаа дуудчихаад би нөгөө 3 залууд хандаж хүний толгой хагалсан юм чинь байж бай, цагдаа дуудчихсан байгаа гэж хэлээд байлгаж байсан чинь тэлээ барьсан залуу тойрч гүйж очоод Эыг дахиад толгой руу нь тэлээгээрээ шавхуурдаад цохичихсон. ...” /хх 25-26/,

шүүгдэгч Ж.Дгийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би 00 цагийн орчимд Э, Б нарын хамтаар Ховд аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Бид гурав хамт ажилладаг Д-тай уулзаж Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, ... нэртэй караоке орсон. Э, Б, Д нар нь манай компанид ажилладаг юм. Тус караокед бид дөрөв Эдэн нэртэй 0,75 литрийн архийг хувааж уусан. Мөн нэг хүний хоёр хоёр ширхэг Сэнгүр нэртэй шар айраг уусан. Э караокены өрөөнөөс түрүүлээд явсан. Тухайн караоке хаах цаг нь болсон тул зөөгч нь бидэнд хаах хэрэгтэй байгааг сануулж хэлсэн. Тэр үед 04 цаг болж байсан. Бид дуудлагын жолооч дуудаж жолоочийг ирсэн гэхээр нь караокеноос гарсан. Би гарсан даруйдаа тээврийн хэрэгсэлдээ суугаад байж байтал караокены гадна талд зогсож байсан Б, Д нараас үл таних хоёр залуу ойртож ирээд гал асуусан. Тэгээд тэр хэд маргалдаж, муудалцсан ба хэл амаар нэг нэгнээ доромжилсон. Тухайн хоёр залуугийн нэг нь баруун гартаа барьсан шар айргийн шилээр цохих гэж байгаа мэт зангаад далайгаад байхаар нь би тээврийн хэрэгслээсээ бууж очоод өмдний тэлээгээ өмднөөсөө салгаж байгаад өмдний тэлээний төмөр аралтай хэсгээр баруун гартаа барьсан байсан шар айргийн шил рүү чиглүүлж цохисон. Тэр үед шар айргийн шил хагарсан. Мөн тэр залуугийн баруун гарын шуу хэсэгт тэлээний төмөр арал хэсгээр цохисон. Би дахин өмдний тэлээгээр тэр залуугийн бие хэсэг рүү нэг удаа цохисон. Үргэлжлүүлэн тэр залуугийн бүсэлхий хэсэг рүү нь гараараа цохисон. Толгой хэсэг рүү нь өмдний тэлээний төмөр арлаар цохисны дараагаар толгойны орой болон дух хэсгээс нь цус гарсан. Тэгээд тэр залуу цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Э гэх залуугийн биед надаас өөр хэн нэгэн гэмтэл учруулаагүй юм. ...” /хх 46-48/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10761 дугаартай “...Н.Эын биед толгойн орой, духанд шарх, бүсэлхий баруун хажуу хэсэг, баруун шуу, шилбэнд зулгаралт, сээр, бүсэлхийд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 38-39/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ж.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Дгийн “гал асуухдаа хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар хохирогч Т.Эыг өөрийн өмсөж явсан өмдний тэлээгээр хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь толгойн орой, духанд шарх, бүсэлхийн хажуу хэсэг, баруун шуу, шилбэнд зулгаралт, сээр, бүсэлхийд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүх  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй, тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах зарчимд нийцжээ.

Хохирогч Н.Эын өмгөөлөгч Д.Очирваань “...Шүүхээс учирсан сэтгэл санааны хохиролд 440.000 төгрөгийг нөхөн төлбөрт тооцон олгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Эын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 10761 дүгээр дүгнэлтээр тогтоогджээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд “Хөнгөн” гэмтэлд сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг “Хоёрдугаар” зэрэглэлд багтааж, нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр олгохоор заасан.

Анхан шатны шүүхээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эмчилгээ хийгдэж байгаа байдал, эдгэрэлт, хохирогчийн зовуурь, бие, эрүүл мэндийн байдлыг харгалзан хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлтээр нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн атлаа түүний 8 хувь болох 440.000 төгрөгийг нөхөн төлбөрт олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг 8 хувиар тооцон олгохоор шийдвэрлэсэн талаар дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 550.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, шүүгдэгчээс 5.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/442 дугаар шийтгэх тогтоолы тогтоох хэсэгт:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Дгээс 5.500.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Эт олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР