Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00077

 

   Ч.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/03388 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Цын хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулгэрэл, хариуцагчийн төлөөлөгч Г.Наранбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 1.   Нэхэмжлэгч Ч.Цын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

 1.а 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс Х” ХХК-ийн Оэмнэлэгт шүдний техникчээр ажиллаж эхэлсэн ба өглөөний 8:30-14:30 цагийн хооронд ажилладаг. 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 50 минутын орчим цаг бүртгэгч төхөөрөмжид цагаа бүртгүүлээд явсан. Гэтэл үйлчлүүлэгч ирэхэд шүдний техникч байхгүй гэсэн шалтгаанаар хэл ам гарч, буруутгасан. Маргааш нь ажилдаа ирэхэд өөрийн хүсэлтээр ажлаас гарлаа гэсэн өргөдөл бич гэж тулгасан учраас ажил олгогчийн санаачилгаар ажлаас гарсан болно гэсэн утгатай өргөдөл бичсэн. Уг эмнэлэгт ажиллаж байхдаа сахилгын зөрчил гаргаагүй, харилцаа хандлагын асуудалгүй ажиллаж байсан. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл/ нийт 999,994 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

2.а 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ч.Цт хамт олон чинь цуг ажиллахыг хүсэхгүй байна, сувилагчийн үйл ажиллагааны гэрчилгээ байхгүй, лаборатори татан буугдсан учраас ажлаас чөлөөлөх талаар хэлэхэд уурласан. Өмнө энэ талаар сануулж, 1 сар ажиллаад гарна гэдгийг хэлсэн. Нийт ажилчдын хуралд тухайн жилийн дотоод журам, эмнэлгийн халдваргүйжүүлэлт, гэрээ зэрэг бүх асуудлыг ярилцаж, шийдвэрлэдэг. Зөрчил гаргасан талаар эмч, сувилагч нар тодорхойлолт гаргаж өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 7.22 ба түүнээс дээш сахилгын зөрчил гаргасан бол ажлаас халах үндэслэл болно гэж тодорхой заасан. Ч.Ц нь удаа дараа зөрчил гаргасан, мөн түүний ажлын байр байхгүй болсон тул ажлаас чөлөөлөх санал тавьсан. Ч.Ц өөрөө тухайн өдөр зөвшөөрөөд өргөдлөө бичиж өгөөд гарсан. Уг өргөдлөө тэр өдрөө буцаан авч 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дахин өргөдөл өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3.   Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Цыг “Х” ХХК-ийн Оэмнэлэгт шүдний техникчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 847,824 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 152,170 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил олгогч төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нэхэмжлэгч Ч.Цын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг “Х” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Ч.Цын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 24,898 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагч “Х” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а Нэхэмжлэгч нь удаа дараа зөрчил, дутагдал гаргаж байсан бөгөөд үүнийг хариуцагч нотолсон. Гэвч анхан шатны шүүх буруу үнэлж, тухайн цаг хугацаанд зөрчлийг ажилтанд танилцуулж байсан гэдэг нь эргэлзээтэй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл зөрчил гаргасан болохыг хүлээн зөвшөөрч, харин түүнийг танилцуулсан эсэх нь эргэлзээтэй гэж ойлгохоор байна. Нэгэнт шүүх зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрсөн бол ажил олгогч удаа дараа зөрчил, дутагдал гаргасан ажилтныг ажлаас чөлөөлөх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ. Зөрчил гаргасан ажилтанд сануулах, мэдэгдэх ажиллагаа хийгдсэн үүнийг нэхэмжлэгч мэдэхгүй байх боломжгүй. Нэхэмжлэгчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу ажил олгогч ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод дүрэм, журмыг зөрчиж, ажлаа хаяж явсан, зөрчил дутагдал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Ажил олгогч бүрэн эрхийн хүрээнд ажилтныг ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасныг баримталсан. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Ч.Ц зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Хэрэгт авагдсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, алдаа зөрчлийн бүртгэлийн дэвтрээс үзэхэд Ч.Ц зөрчил сануулсан хуудас болгонд хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зураагүй байдаг. Мөн ажлын цагаар шүдний үзлэгт хамрагдсан зөрчил гаргасан гэдэг боловч камерын бичлэгт 20 цаг 06 минут буюу ажлын цаг дууссаны дараа үзлэгт хамрагдсан байдаг. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 14:30 цагт тарсан болох нь цаг бүртгэлд тусгагдсан тул ажлын байр орхиж явсан гэж үзэхгүй. Түүнчлэн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажил олгогчийн шахалтаар ажлаас гарсан гэх өргөдлийг бичиж өгсөн нь хэрэгт авагдсан. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталж ажлаас чөлөөлсөн бол 1 сарын дотор мэдэгдэх үүрэгтэй боловч мэдэгдээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 999.994 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

  1. Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгч Ч.Цыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс “Оргил дент” эмнэлэгт шүдний техникчээр ажиллуулж байгаад 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 21/09 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, дотоод журмын нэмэлт тайлбар буюу мөрдлөг болгох зарчмуудын 3 дугаар зүйл, бичгээр гаргасан өргөдлийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх 4-7, 33/
  1. Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна. 
  2. Ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, ажилтны гаргасан зөрчил нь тогтоогдсон байх шаардлагатай. Хариуцагч байгууллага нь ажилтныг ажлаас чөлөөлөх тухай 21/09 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн аль заалтыг үндэслэж буйгаа тодорхой заагаагүй байх боловч ажилтны хүсэлт болон зөрчилд үндэслэсэн гэж тайлбар гаргасан. /хх 113/

            c) Нэхэмжлэгч Ч.Ц нь “2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр захирал н.Наранбаатарын хүсэлтээр ажлаасаа гарч байна” гэх өргөдөл гаргажээ. /хх 38/ Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдөл нь ажил олгогчийн ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөлгүй, өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн баримт байх ёстой байдаг. Уг баримтын агуулгаас үзвэл нэхэмжлэгч Ч.Цыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасаны дагуу өөрийн хүсэл зоригийн дагуу ажлаас халагдах өргөдөл гаргасан гэж үзэхгүй. Иймд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдоогүй байна. Энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

  1. Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэлээ “2021 оны 06 сарын 11-ний өдөр ажлын цагаар шүдээ эмчлүүлсэн, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үзлэг дуусаагүй байхад ажлын байрыг орхиж явсан тул хөдөлмөрийн гэрээний 7.2.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлажээ.
  1. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.2.3-т ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байх боловч хэрэгт нэхэмжлэгч Ч.Цт сахилгын шийтгэл ногдуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнийг сахилгын зөрчил гаргасан гэх байдал нотлогдоогүй байна.

Нэхэмжлэгч Ч.Ц 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19:30 цагийн үед шүдний эмчилгээ хийлгэсэн болох нь Л.Н, А.А нарын тодорхойлолт, үзлэгийн карт зэрэг баримтаар тогтоогдож байх тул түүнийг компанийн дотоод журмын 15.15-д “ажлын цагаар эмчилгээ хийлгэхгүй байх” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Ч.Ц нь өглөөний ээлж буюу 08:30 цагаас 14:30 цаг хүртэл хугацаанд ажилладаг бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 14:30 цагт ажлаасаа явсан болох нь хэргийн 49-50 дугаар талд авагдсан цагийн бүртгэлийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Ч.Цыг хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгч Ч.Цыг Х ХХК-ийн Оэмнэлэгт шүдний техникчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнхцэх олговорт 847,824 төгрөгийг гаргуулж  шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/03388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                               

                                             ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ