| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0440/Э |
| Дугаар | 461 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 17.3.3.3., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 461
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч М.Амарзаяа,
Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Дын Эд холбогдох 1708026190470 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, ...тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаян цагааны ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Дын Э /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний “айфоне 5” маркийн гар утсыг зүс мэдэх Э гэх залуу солиод өгье гэж хэлээд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хороолллын 43 дугаар байрны гадна байхад аваад явсан. Түүнээс хойш холбогдохгүй болж гар утсыг маань залилсан. Миний “айфоне 5” маркийн гар утас нь шаргал өнгийн гадаргуутай, 2017 оны 6 дугаар сард “Теди” төвөөс 350.000 төгрөгөөр худалдан авсан байсан юм. Энэ хүнтэй 2 жилийн өмнө манай найз Дарханбаатараар дамжуулан танилцаж байсан. Э нь миний гар утсыг өөр утсаар солиод өгье гэж хэлээд л аваад явсан, түүнээс би Эд гар утсаа өгсөн асуудал байхгүй. Тэрээр ...гэсэн дугаарын утастай байсан. Би гар утсаа 350,000 төгрөгөөр үнэлж байна. ...миний хувьд гар утсаа буцааж авах болон төлбөрийг нь төлүүлчихвэл гомдол саналгүй болно. ...” гэх мэдүүлэг / хх 11-12, 47 х/
2.Шүүгдэгч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр найз Дарханбаатарын хамтаар түүний найз нар болох Б, бас нэг эмэгтэй нарын хамт уулзалдаж байсан. Тэгэхэд Б цайвардуу өнгийн гадаргуутай гар утастай байсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа би Бтэй “Орчлон” хороололд байдаг гэрийнх нь орцонд уулзалдаад түүний гар утсыг “айфоне-6” утсаар сольж өгнө гэж хэлээд утсыг нь аваад явчихсан. Тэгээд гар утсыг нь тэр өдөртөө Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим танихгүй хүнд 95,000 төгрөгөөр зарчихсан юм. Б намайг сайн мэдэхгүй болохоор би түүнийг нь далимдуулаад гар утсыг нь борлуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ... Би утасны үнэлгээгээр тооцож 170,000 төгрөгийг төлсөн ...” гэх мэдүүлэг /хх- ийн 43-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 20 тоот дүгнэлт.
1.2018.11.14-ний өдрийн байдлаар “Ipone 5” загварын гар утасны зах зээлийн ханш нь 170,000 /нэг зуун далан мянга/-н төгрөг байна. гэх дүгнэлт /хх 49-50 х/,
4.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27 х/
5.Д.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28, 56 х/
6.Хохирол төлсөн баримт /хх 92 х/
7.Д.Эгийн өвчний түүхийн хуулбар /хх 58-79 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ.
Д.Э 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “Орчлон” хорооллын 43 дугаар байрны гадна иргэн Б.Бийн “айфоне-5” загварын гар утсыг “өөр утсаар сольж өгнө” хэмээн шилжүүлэн авсан болох нь:
Хохирогч Б.Бийн “...миний “айфоне 5” маркийн гар утсыг зүс мэдэх Э гэх залуу солиод өгье гэж хэлээд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хороолллын 43 дугаар байрны гадна байхад аваад явсан. Түүнээс хойш холбогдохгүй болж гар утсыг маань залилсан. ...” гэх мэдүүлэг / хх 11-12, 47 х/,
Шүүгдэгч Д.Эгийн “... би Бтэй “Орчлон” хороололд байдаг гэрийнх нь орцонд уулзалдаад түүний гар утсыг “айфоне-6” утсаар сольж өгнө гэж хэлээд утсыг нь аваад явчихсан. Тэгээд гар утсыг нь тэр өдөртөө Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим танихгүй хүнд 95,000 төгрөгөөр зарчихсан юм. ...” гэх мэдүүлэг /хх- ийн 43-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Д.Эгийн өвчний түүхийн хуулбар /хх 58-79 х/-ыг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан боловч уг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд заасан журмыг зөрчсөн тул мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх нотлох баримтаар тооцоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхээс бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Залилах гэмт хэрэг үйлдсэн гэх прокурорын дүгнэлтийн талаар:
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой.
Залилах гэмт хэрэг нь заавал хохирол, хор уршиг шаардахгүй, объектив талын хувьд олон янзын аргаар үйлдсэн байхыг шаардсан бөгөөд уг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлээр төгссөнд тооцогддог хэдий ч Д.Эгийн бусдын эд хөрөнгө болох Б.Бийн гар утсыг шилжүүлэн авсан үйлдлийн улмаас түүнд 170,000 төгрөгийн хор уршиг учирсан нь Д.Эгийн утсыг өөрийн мэдэлд шилжүүлэн авсан үйлдлээс үүдэлтэй, хор уршиг, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Д.Э утсыг чинь өөр утсаар солиод өгье хэмээн авсан нь хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж үзэх тул уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг шүүгдэгчийн дээрх үйлдлүүд бүрэн хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч Д.Эгийн “... гар утсыг нь тэр өдөртөө Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим танихгүй хүнд 95,000 төгрөгөөр зарчихсан юм …” /хх- ийн 43-р хуудас/ гэх үйл баримтаар Д.Э хохирогчийн гар утсыг бүр мөсөн өгөхгүй гэсэн санаа зорилгоор өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Д.Э нь насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Харин прокуророос уг гэмт хэргийн объектив талын шинжийг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” аргаар үйлдсэн гэж яллаж буй нь уг гэмт хэргийн бодит байдалтай нийцэхгүй.
Шүүгдэгч, хохирогч нар хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө бусдаар дамжуулж танилцсан, тэдгээрийн хооронд дотно харилцаа, худалдаа, арилжаа хийж байсан гэх байдлууд тогтоогдоогүй, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэл гэдэг бол тодорхой орон зай цаг хугацаа, хамтын ажиллагааны үр дүнгээр хэмжигдэх ойлголт тул Д.Эг дээрх аргаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Д.Э утсыг өөрийн мэдэлд бүр мөсөн авахын тулд “өөр утсаар солиод өгье” хэмээн хуурч шилжүүлэн авсан гэж шүүх үзсэн.
Хохирогч Б.Бийн гар утас 170,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн “... 2018.11.14-ний өдрийн байдлаар “Ipone 5” загварын гар утасны зах зээлийн ханш нь 170,000 /нэг зуун далан мянга/-н төгрөг байна. гэх дүгнэлт /хх 49-50 х/-ээр тогтоогдсон.
Уг хохирлыг шүүгдэгч Д.Э төлсөн болох нь “... 170,000 төгрөгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бэлнээр хүлээлгэн өгөв. Хохирогч Б.Б нь Д.Эгаас дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх баримт /хх 92 х/-аар нотлогдсон тул шүүгдэгч Д.Эг бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгч Д.Э гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн хор уршиг их биш, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзсэн тул түүнд 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? гэх асуудлын талаар:
Дээрх зохицуулалтыг заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын хувьд хэд хэдэн төрлийн сонгох санкцтай, улсын яллагчаас 01 жилийн хорих ял шүүхэд санал болгосон бөгөөд шүүгдэгчийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх үзсэн, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад хуульд заасан харшлах шалтгаан байхгүй, хувийн байдлын хувьд тодорхой эрхэлсэн ажилгүй тул нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж хүмүүжүүлэх боломжтой зэргийг харгалзан уг ялыг оногдуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ч овогт Дын Эг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Эд мэдэгдсүгэй.
4.Д.Эгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
|
|