Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
Хэргийн индекс | 2006013583763 |
Дугаар | 2024/ДШМ/797 |
Огноо | 2024-07-08 |
Зүйл хэсэг | 17.3.2.2., |
Улсын яллагч | Н.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2024/ДШМ/797
2024 7 08 2024/ДШМ/797
Ц.Уд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ганчимэг,
хохирогч Т.Мэ,
яллагдагч Ц.У, түүний өмгөөлөгч Д.Оросоо,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/1382 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлээр Ц.Уд холбогдох эрүүгийн 2006 01358 3763 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Ц.У нь ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, ... баригдахаар төлөвлөгдсөн гэх амины орон сууцыг хохирогч Т.Мэд худалдана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 120.000.000 төгрөгт тооцсон нийт 6 ширхэг автомашиныг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэт тогтоогоогүй байна. Үүнд:
Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, хамтран ажиллах гэрээ, орон сууц захиалан бариулах гэрээ, Ц.Бийн банкны дансны хуулга болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Мийн “...2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр танил Ц.Ж манай ажил дээр ирээд бартераар хаус авах боломж байна, чи зарж байгаа машинаасаа хэдийг оролцуулаад авчих, би зохицуулаад хэлээд өгье гэхээр нь итгээд Ц.Жийн хамт түүний танил гэх Ц.У, Д.Н нартай уулзаж, 28 тоот хаус авахаар тохирч, 120.000.000 төгрөгт тооцож 6 ширхэг машин өгөхөөр болж "..." ХХК-ийн захирал Д.Нтай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулсан. Тэгээд Ц.Ж нь уг автомашинуудыг ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашин зардаг хашаанаас ирээд аваад явчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Нын “... 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээг би Т.Мэтэй үйлдсэн. Тухайн бартерт Ц.Угаас 400.000.000 төгрөгийн үнэ бүхий 8 га газрыг баригдах хауснаасаа өгөх гэрээ хийсэн. Ц.Угийн эзэмшил дээр байгаа газар дээр хаусаа барихаар, миний эзэмшил ч биш захиалагчийн эзэмшил ч биш ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд Т.Мийн хаусын газрыг Ц.У шилжүүлж өгөхгүй байгаа юм. Т.Мэд барьж өгөх хаус цаашид баригдах боломжгүй. Ц.У надад 8 га газрын эрхийг шилжүүлэн өгвөл Т.Мийн хаусыг барьж өгөх боломжтой.” гэх мэдүүлэг /1хх-18/,
Ц.Угийн гэрчээр өгсөн “Би яг Т.Мээс мөнгө төлбөр аваагүй. Т.Мэтэй гэрээ хэлцэл би хийгээгүй. Харин Ц.Жоос 4 ширхэг автомашин болох нийт 35 сая төгрөгийг өөрийн дансаараа шилжүүлэн авсан. Т.Мэ нь Нтай гэрээ, хэлцэл хийсэн.” гэх мэдүүлэг /1хх-92/ зэрэг нь хэрэгт авагдсан байна.
Нөгөө талаар прокурор хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан яллагдагч Ц.Жид холбогдох хэргийг 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн прокурорын “Эрүүгийн хэргээс зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тогтоол үйлдсэн атлаа мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү уг хэргийг шилжүүлснээр мөрдөн шалгах ажиллагааны оролцогч нарт уг тогтоолыг танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг хязгаарласан зэргийг зөрчжээ.
Дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч Ц.Уд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Н.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/1382 дугаартай захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Захирамжид “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 618 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт заасан “гэмт хэргийн хамтран оролцоог шалгах” заалтыг биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн 618 дугаартай захирамжийн дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэж, Ц.Жид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, гэмт хэргийн хамтран оролцоог шалгуулж, мөрдөн шалгах ажиллагаагаар цугларч бэхжүүлэгдсэн баримтуудыг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Ц.Ж нь дээрх гэмт хэргийг Ц.Утай хамтран үйлдсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 03 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Д.Н нь хэдий хохирогч Т.Мэтэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан боловч хохирогчийн шилжүүлсэн автомашин болон автомашин худалдан борлуулсан мөнгийг хүлээн аваагүй, тэрээр Ц.У /У ХХК/-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу тухайн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, гэрээнүүдийн хуулбар зэргээр тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзэж, энэ талаар дүгнэлт хийж, улмаар шүүх хуралд түүнийг гэрчээр оролцуулахаар тусгайлан саналыг яллах дүгнэлтийг хавсралтад тусгаж гаргасан болно. Гэтэл шүүгч 618 дугаартай захирамжийн дээрх ажиллагаатай холбоотой заалтыг биелүүлээгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ёстой. Гэтэл шүүхээс хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг төдийгүй, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан шүүн таслах ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах болон гэм буруугийн зарчмыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл, оролцооны талаар талууд мэтгэлцээгүй, нотлох баримт шинжлэн судлаагүй, өөрсдийн дүгнэлтийг нотлох, няцаан үгүйсгэх баримтыг шүүхэд танилцуулаагүй байхад урьдаас зарим хүнийг гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэлт хийж байгаа гэж үзэхэд хүргэж байна.
Түүнчлэн шүүгчийн 1382 дугаартай захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй, ...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгүүлэх” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын аль заалтад заасан нотолбол зохих ямар байдлыг шалгаагүй болохыг тодорхой заагаагүй, мөрдөн байцаалтаар яг ямар тодорхой мөрдөн шалгах ажиллагаа нэмж гүйцэтгүүлэх талаараа дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн, нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, өмнө нь хэргийг прокурорт буцаасан захирамжийн дагуу гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт өгсөн байхад өмнөх захирамжийн заалт биелэгдээгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй, тодорхой бус байх тул 1382 дугаартай шүүгчийн захирамжийг хүлээн авч биелүүлэх боломжгүй юм.
2. Хэрэгт 618 дугаартай шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлж, мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудад үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 03 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол үйлдсэн ба уг тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар болох хохирогч Т.Мэ, яллагдагч Ц.Ж, Ц.У нарт гардуулсан ба хохирогч Т.Мэ нь прокурорын шийдвэртэй танилцаж, гардаж авахаас татгалзаж, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өмгөөлөгчөөрөө дамжуулан дээд шатны прокурорт гомдол гаргасан.
Прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хохирогч Т.Мэ, түүний өмгөөлөгчийн гомдлыг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/2310 дугаартай албан бичгээр гомдлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 3-т “Хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол хүчингүй болгох үндэслэл нь нийт яллагдагчид хамаарахгүй байвал тухайн яллагдагч, эсхүл яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгоно.” гэж, 32.6 дугаар зүйлийн 1-т “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна” гэж заасан.
Дээрх зохицуулалтад хэрэгсэхгүй болгох тогтоол болон прокурорын яллах дүгнэлтийг нэг өдөр үйлдэхийг хориглоогүй, хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудаст “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолыг гардуулж, тэмдэглэл үйлдсэн баримт хавсаргагдсан тул анхан шатны шүүхээс яллагдагчаар татагдан шалгагдаж байсан яллагдагч Ц.Жид холбогдох хэргийг прокуророос 03 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож тогтоол үйлдсэн атлаа мөн өдөр хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснээр хэргийн оролцогч нарт уг тогтоолыг танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/1382 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.
Хохирогч Т.Мэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжихгүй байгаа. Учир нь, Ц.Ж хаусыг машинаар солих боломжтой гэдэг байдлаар анхнаасаа надтай харилцсан. Тэгээд Ц.Ж надаас 6 автомашин авч явахад нь Ц.Утай хувааж авна гэдэг зүйлийг би мэдээгүй. Д.Нын хамаарал бүхий "..." ХХК-д автомашинуудыг өгөөд хаусыг чинь бариулж өгнө гэж авч явсан.” гэв.
Яллагдагч Ц.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд Д.Нтай 400.000.000 төгрөгийн газраа өгөөд 4-6 ширхэг байшин авна гэж тохиролцсон. Байшингийнхаа бартерт Т.Мэд нэг байшинг өгнө гэсэн ойлголтоор Д.Н, Т.Мэ нарын хооронд гэрээ хийгдсэн байгаа. Ц.Ж 6 автомашиныг авсан. Тэгээд надад 55.000.000 төгрөг өгсөн. Үүнийг би хүлээн зөвшөөрч байгаа. Би авсан мөнгөө хохирогчид төлөхөд бэлэн байгаа. Гэхдээ хаус барьж өгнө гээд миний газар дээр барьсан учраас хариуцлага хүлээх ёстой. Мөн Ц.Ж авсан мөнгөө өгөх ёстой гэж үзэж байна.” гэв.
Яллагдагч Ц.Угийн өмгөөлөгч Д.Оросоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Шүүгчийн захирамжид хэргийн үйл баримтын тухайд бодитой дурдагдсан байгаа. Бидний зүгээс удаа дараа энэ хүсэлтийг прокурорт тавьсан боловч прокурор нэг талыг барьсан ажиллагаа явуулж, хэргийн оролцогчид эрх тэгш хандахгүй байгаа. Хэрэв энэ асуудал гэмт хэрэг гэж үзвэл энэ хэргийн нэг оролцогч нь Ц.Ж гэдэг нь ойлгомжтой. Хохирогчоос автомашин авах асуудлыг Ц.У танихгүй учраас анхнаасаа яриагүй. Анх Ц.Ж хохирогчтой “хаус зарах гэж байгаа, чи машин зардаг юм чинь машинаа өгчих, би чамд хаус санал болгоё” гэдэг тохиролцоог хийгээд хохирогчоос 6 автомашин авсан. Гэхдээ гэрээг "..." ХХК буюу Д.Н хийж, Ц.Ж автомашиныг авсан буюу 120.000.000 төгрөгийн байр барина гэх хэлцэл Ц.Ж, Д.Н нарын хооронд хийгдсэн. Тэгэхээр автомашин авсан хүнийг гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж дүгнэх боломжгүй юм. Ц.Ж Ц.Уд нийт 55.000.000 төгрөг өгсөн буюу 6 автомашиныг 120.000.000 төгрөгийн үнэтэй гэж үзвэл Ц.Уд 55.000.000 төгрөг өгөөд үлдсэн 65.000.000 төгрөгийг Ц.Ж завшсан. Гэхдээ Ц.Жийг завших юм уу, залилан мэхлэх, хуурах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа прокурорын дүгнэлтэд эргэлзэж байна. Хохирогчийн хувьд байшин авах гээд явж байгаа. Гэтэл Ц.Ж 65.000.000 төгрөгийг нь авсан хэр нь Ц.Ж байшинтай болчихсон. Мөн прокурор Ц.Ж Ц.Утай хамтран залилах мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэж, Д.Н энэ хэрэгт хамааралгүй гэж эсэргүүцэл бичсэн байна. Ц.У нь "..." ХХК-тай өөрийн эзэмшлийн газар дээр байр бариулж, 4 хаус авахаар тохиролцсон. Тэгээд нэг хаусыг нь хохирогчид өгөх ёстой байсан. Гэтэл 4 хаус баригдсан, хохирогч хаус аваагүй, дунд нь байсан Ц.Ж хаус аваад, цаана нь "..." ХХК эдийн засгийн хувьд ашиг олсон үйл баримт байгаа юм. Энэ нөхцөл байдлуудыг шалгуулахаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Тэгээд шүүхийн шатанд хүсэлт гаргасан. Хамгийн гол нь Ц.У биш, "..." ХХК хохирогчтой гэрээ хийгээд байгаа юм. Тэгэхээр Д.Ныг хэрэгт хамааралгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Хохирогчийн “6 машиныг Ц.Ж "..." ХХК-д өгнө гээд авч явсан” гэж мэдүүлэг байгаа. Ц.Уг авч явсан гэж хэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос яллагдагч Ц.Уг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Арцатын аманд баригдахаар төлөвлөгдсөн гэх амины орон сууцыг хохирогч М.Мэд худалдана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 120.000.000 төгрөгт тооцсон нийт 6 ширхэг тээврийн хэрэгслийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх “...прокурор хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан яллагдагч Ц.Жид холбогдох хэргийг 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн прокурорын “Эрүүгийн хэргээс зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тогтоол үйлдсэн атлаа мөн өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү уг хэргийг шилжүүлснээр мөрдөн шалгах ажиллагааны оролцогч нарт уг тогтоолыг танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг хязгаарласан, хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан яллагдагч Ц.Уг гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэлээ.
Түүнчлэн, яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.
Иймд прокурор Н.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул яллагдагч Ц.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/1382 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Ц.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР