Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/798

 

 

 

 

    2024             7              08                                         2024/ДШМ/798

 

Ц.Аэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Ц.Аэ, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/501 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Аийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Аэд холбогдох эрүүгийн 2302 00000 0226 дугаар хэргийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Аэ нь 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр гудамжны 34 тоот хашааны гадаа өөрийн биедээ 275,5 грамм, ...улсын дугаартай хар өнгийн “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгсэлд 0,6 грамм Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

2023 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ...” зочид буудлын 7 давхрын 705 тоот өрөөнд өөрийн биедээ цэвэр жин нь 5.7212 грамм Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй 1.5549 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Ц.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Аийн эдлэх 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Аийн нийт цагдан хоригдсон 194 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа үзмэн ягаан өнгийн Iphone 14 рго мах маркийн гар утас, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн жинсэн өмд, бор өнгийн гутал зэргийг Ц.Аэд буцаан олгож, 20.000-ын дэвсгэрт 1 ширхэг, 5000-ын дэвсгэрт 1 ширхэг, 1000-ын дэвсгэрт 6 ширхэг, 500-ын дэвсгэрт 1 ширхэг, 100-ын дэвсгэрт 2 ширхэг зэргийн Монгол банкинд тушааж, баримтыг хэрэгт хавсаргах, бусад эд мөрийн баримт болох цэвэр жин 253,3 грамм, 9.2 грамм, 0,5517 грамм жинтэй “мөс” мэт зүйл, хөвөнтэй мод 4 ширхэг, гуурстай шилэн сав 1 ширхэг, хар өнгийн асаагуур 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, шилэн бортого мэт зүйл 1 ширхэг зэрэг, шар өнгийн скочоор ороосон тунгалаг өнгийн гялгар уут, хар өнгийн нүдний шилний гэр 1 ширхэг, safety matches avion гэсэн бичиглэлтэй шүдэнз 1 ширхэг, хар өнгийн электрон жин 1 ширхэг, улаан өнгийн зиплок түгжээтэй гялгар уут 28 ширхэг, цэвэр жин 5,7212 грамм “мөс” мэт зүйл, цагаан өнгийн шилэн гаанс мэт зүйл, цэвэр жин 1,5549 грамм “мөс” мэт зүйл, цэнхэр өнгийн гаанс мэт зүйл 1 ширхэг, шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, зиплок уутнууд зэрэг эд зүйлсийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст, шилжүүлсэн эд мөрийн баримтыг устгаж жагсаалтыг шүүхэд ирүүлж хэрэгт хавсаргахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Аэ нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Аийн өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Аийн зүгээс хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэлд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийн зүгээс гэм буруу дээр маргаагүй гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 5 жилийн хорих хугацаанаас багасгаж өгөх байр сууринаас оролцсон болно.

Иймд шүүгдэгч Ц.Аэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшсэн, гэмт хэргээ илрүүлэхэд туслалцсан зэргийг харгалзан 6 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Аэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, мөн эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага оногдуулах журам зэрэгт нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн үндэслэл, журмыг баримталж, тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан, нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд ял хөнгөрүүлэх эсэх асуудлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал болон нийгмийн аюулын шинж чанар, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, зорилго зэргээс нь шалтгаалан 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Аэ нь 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр гудамжны 34 тоот хашааны гадаа өөрийн биедээ 275,5 грамм, ...улсын дугаартай хар өнгийн “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгсэлд 0,6 грамм Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

2023 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ... зочид буудлын 7 давхрын 705 тоот өрөөнд өөрийн биедээ цэвэр жин нь 5.7212 грамм Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй 1.5549 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Ц.Аийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 18-нд өдрийн 16 цагийн үед намайг Зайсанд явж байхад өмнө нь Хөдөө аж ахуй дээр хүүхэн зардаг байсан урьдны танил Б гэдэг хүн над руу эхлээд фейсбүүкээр холбогдож миний дугаарыг асуусан. Дараа нь намайг гар утасныхаа дугаарыг өгсний дараа мөн 70-тай дугаараас гар утас руу залгаж "чиний дугаарыг өгчихлөө, одоо чам руу нэг хүн залгахаар нь тэр хүнээс гутал энэ тэр аваад түүнийгээ Драгон дээр аваачаад өгчих гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь миний дугаар луу Б-ын хэлсэн үл таних эгчмэд эмэгтэй залгаж “65 дугаар сургуулийн 34 дүгээр хашаанаас гутлаа аваарай гэж хэлсэн". Тэгэхээр нь би хорооллын эцэс рүү очиж хоол идэж байгаад өмнө нь нэгээс хоёр удаа уулзаж байсан таксинд явдаг таньдаг дүү рүү залгаж хүргэж өгөөч гэж хэлсэн. Тухайн үед тэр дүү маань таксинд явдаг, хэрэгтэй бол хэлж байгаарай гэж хэлж байсан болохоор тэр дүүтэй цуг хорооллын эцсээс гутал авах гээд Толгойтын 65 дугаар сургууль руу буюу заасан хаягт нь очсон. Тэгэхэд би тэр хүнээс гутал аваад удаагүй байсан чинь цагдаа нар ирж намайг барьсан. Тухайн үед би баригдахдаа нөгөө эгчийн өгсөн зүйлийг юу ч байгааг мэдэхгүй байсан чинь цагдаагийн үзлэг хийсэн чинь мөс буюу хар тамхи байсан. Харин таньдаг дүүгийн машин дотор байсан миний хар өнгийн үүргэвчинд байсан жинлүүр, зиплок уутнууд нь миний хэд хоногийн өмнө алт жинлэж зарсан хүний эд зүйлс байгаа юм. Тэр хүн мартаад би аваад үлдчихсэн байсан нь тэр юм. Миний мэдэх У гэдэг миний танил ах байдаг бөгөөд тэр хүн алт зарсан хүнийг мэднэ. Би урьд өмнө хүүхэд байхдаа цавуу үнэрлэж байсан. Өөр мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Би Бадралыг 2009, 2010 оны үеэс эхэлж мэднэ. Тухайн үед хөдөө аж ахуй дээр хүүхэн зардаг байсан танилын холбоотой. Б-ыг одоо хаана байгааг би мэдэхгүй. Би дээр дурдагдсан алт зарсан мөнгөөрөө Б-аас 3.300.000 төгрөгөөр мөс худалдаж авсан. Тухайн үед би Бын данс руу өөрийн данснаас мөнгө шилжүүлээд авсан. Б-тай уулзаагүй байршил заасан газраас нь очиж авсан. Тэр мөсөө би өөрөө хэрэглээд явж байсан ба баригдахад миний биеэс гарч ирсэн мөс нь тухайн мөсний үлдэгдэл байсан юм. Харин баригддаг өдөр мний тухайн хүнээс авсан эд зүйл нь Туркээс ирсэн илгээмж, дотроо мөстэй гэдгийг мэдээгүй. Машин дотроос гарч ирсэн 0.5 грамм мөсийг бас мэдэхгүй байна. Миний мөс бол биш. Би урьд нь 3.000.000 төгрөгөөр мөс авч хэрэглэсэн нь үнэн, мөн тэр мөсний үлдэгдэл байсан нь үнэн. ...” гэсэн /1хх 120-122/,

гэрч Р.Н-ын “...Би 2 жилийн өмнөөс гадаадаас ирсэн илгээмж буюу каргог авч гэртээ аваачдаг болсон бөгөөд ажил нь амжихгүй хүмүүс надаар тосуулаад дараа нь гэрээс ирж авдаг, би дундаас нь 40, 50 мянган төгрөгийг ашиг авдаг юм. Өнөөдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Турк улсаас ирсэн каргог Тэнгис кино театрын ард талд байрлах байрнаас очиж авсан. Намайг очиж авахад хар өнгийн торыг скочидсон байдалтай өгсөн. Тус гялгар ууттай зүйлийг аваад би гэртээ ирсэн. Удалгүй тэр гялгар ууттай зүйлийг нэг залуу авах гэж ирсэн бөгөөд би тэр залууд өгөхөд цагдаа нар гарч ирээд тус залууг барьсан...” гэсэн /1хх 51-52/ тус тус мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2856 дугаар “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Г-136 Ц.Аэ биеэс хар өнгийн гялгар ууттай мөс а/д Э.П 2023.06.18 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, "Г-136 Ц.Аэ биеэс цагаан зиплок ууттай мөс а/д М.Айдын 2023.06.18" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс Метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. "Г-136 Ц.Аэ биеэс хар өнгийн гялгар ууттай мөс а/д Э.П 2023.06.18" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 262.1 грамм, цэвэр жин 253.5 грамм, “Г-136 Ц.Аэ биеэс цагаан зиплок ууттай мөс а/д М.Айдын 2023.06.18" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 10,6 г, цэвэр жин 9,2 г байна. ...” гэсэн /1хх 55-57/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2857 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Мөс мэт зүйлийн уутны хамт жин нь 0,6156 грамм, цэвэр жин нь 0,5517 грамм байна. Г-136 Ч.З машин доторх цүнхэн дотор эд зүйл, ногоон, цагаан өнгийн гуурс 2 ш, шилэн сав 1ш, хөвөн мод 4ш, шар асаагуур 1ш, шилэн гаанс 1ш, а/д Э.П 2023.06.18" гэж хаягласан шар өнгийн асаагуур, ногоон өнгийн гуурс, хөвөнтэй мод /4ш/ тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Мөс мэт зүйл, цагаан өнгийн гуурс, гуурстай шилэн сав, шилэн бортого мэт зүйл тус бүрээс метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын жагсаалтад хамаарна...” гэсэн /1хх 60-63/ тус тус дүгнэлтүүд,

Мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ...улсын дугаартай хар өнгийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “..зүүн урд талын хаалганы хавтаст хийсэн чүдэнзний хайрцгийг нээж үзэхэд дотор нь цагаан гялгар уутанд мөс мэт зүйл байсныг жинлэж үзэхэд 0.6 грамм...” гэсэн тэмдэглэл /1хх 5-10/,

Мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ц.Аийн биед үзлэг хийсэн “...өмсөж явсан өмдний халааснаас зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн “мөс” мэт зүйл гарч ирснийг албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 10.5 грамм байсныг 1 дугаараар тэмдэглэж хуваан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 23-27/,

Мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ц.Аийн барьж явсан хар өнгийн гялгар ууттай эд зүйлд үзлэг хийсэн “... нээж үзэхэд дотор нь “мөс” мэт зүйл байх бөгөөд гялгар ууттай зүйлийг эд мөрийн баримтын уутанд хийж 1 дугаараар тэмдэглэн хураан авч жинлэхэд 265 грамм байх ба “Trunars” төхөөрөмж ашиглан үзэхэд тус зүйлээс метамфетамин буюу МЕТ бодис илэрч байсныг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-15/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.Аийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан тус тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Аийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй 1.5549 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өөрийн биедээ 275,5 грамм, ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 0,6 грамм "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, 2023 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө өөрийн биедээ цэвэр жин нь 5.7212 грамм "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан тус тус үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол ...” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг: 3.3-т улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол ...” гэж тус тус заажээ.

Гэрч Р.Н-ын болон шүүгдэгч Ц.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн нөхцөл байдал” тусгагдсан байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй нь ойлгомжгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлж ажиллахыг, уг ажиллагаанд хяналтаа хэрэгжүүлж ажиллахыг мөрдөгч, прокурорт мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Аийн өмгөөлөгч Н.Нарантуяа “...шүүгдэгч Ц.Аэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшсэн, гэмт хэргээ илрүүлэхэд туслалцсан зэргийг харгалзан 6 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийн хүрээнд тухайн хэрэгт шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлтээс хамааруулан хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Шүүгдэгч Ц.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялын хэмжээг 6 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг хооронд сольж бичин техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулав.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх байдлаар өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Аийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Аийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 74 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/501 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Аийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 74 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР