| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00639/И |
| Дугаар | 316/ШШ2025/00617 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 316/ШШ2025/00617
| 2025 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 316/ШШ2025/00617 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З******* Ц******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н******* З******* холбогдох,
5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.А*******
Хариуцагч: Н.З*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Бямбасүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед 5,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзсаныг баталж, үлдэх 3,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад шүүхээс дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч З.Ц******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие нь Н.З*******ай өмнө нь танилын харьцаатай байж байгаад 2019 онд БНСУ-ээс ирээд хамтран амьдрах болсон. Гэтэл амьдрах хугацаанд Н.З*******ын өмнөх эхнэр Д******* нь намайг байнгын дарамталдаг байдлаас болж 2021 оноос тусдаа амьдрах болсон. Тухайн үед надад 10 гаруй сая төгрөгөөр худалдаж авч байсан КИА маркийн 3087 улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба Н.З******* нь өөрийн дүүд зарж гэж хэлээд авсан боловч мөнгийг надад шилжүүлээгүй.Тухайн үед Н.З*******ай холбогдоход зараагүй гэж хэлсэн учраас итгээд хүлээж байсан.
Гэтэл 2024 онд 6 сард миний машин нь Өмнөговь аймагт байгаа болох нь надад ирсэн торгуулийн хуудас ирснээр мэдсэн. Энэ талаар лавлахад Н.З******* нь өөрийн дүү М энэ машиныг зарсан байсан. Миний зүгээс тухайн машиныг зарах болохоороо нэр нь шилжих ёстой учраас над руу ярих байх гэж бодсон боловч шилжээгүйгээр будад худалдсан байна.
Миний зүгээс Ашид билгүүн ХХК-иар өөрийн машинд үнэлгээ хийлгэхэд 2024.07 дугаар сарын байдлаар 5,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Өмнө нь энэ машиныг БНСУ-аас оруулж ирж байсан ба тухайн үеийн 10,000,000 төгрөг бол их хэмжээний мөнгө байсан. Одоо үнэлгээний байгууллага 5,000,000 төгрөгөөр үнэлсэн. Миний машиныг Н.З******* 2021 онд зарна гэж авч үлдэхэд арай илүү үнэлгээтэй байх байсан. Гэтэл одоо харин миний итгэлийг алдаж машиныг зарж борлуулчхаад мөнгө шилжүүлэхгүй байгаад гомдолтой байна гэжээ.
3. Хариуцагч Н.З******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие нэхэмжлэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд: 2019 оноос 2021 оны хооронд хамтран амьдрах хугацаанд КIA Carens маркын 3087 УНЭ машиныг зармаар байна гэхлээр нь өөрийн дүү болох Н.М зарж өгсөн. Мөнгө төгрөгөө өгч авалцахад нь би өөрийн биеэр хажууд нь байсан.
Манай дүү Н.М нь тухайн машиныг унаж байх хугацаанд тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгоё гэж олон удаа хэлсэн боловч З.Ц******* нь гэрчилгээг солиулаагүй дараа болъё гэж байсаар дараагийн хүн рүү зарагдсан. Авсан хүн нь мөн өөрийн машинаа өөрийн нэр дээр болгомоор байна гээд надад хэлэхээр нь З.Ц*******тай утсаар холбож өгсөн. Хэрвээ мөнгийг нь өгөөгүй байсан бол тухайн үед нь асуудлаа шийдэх байсан. Манай дүү, дүүгийн эхнэр, З.Ц******* бид 4 хамт сууж байгаад манай дүү З.Ц*******ад бэлэн өгсөн. Би дундаас нь 1000 төгрөг ч аваагүй. Одоо 4,5 жилийн дараа гэнэт ийм асуудал гаргах болсон нь надаас мөнгө салгах санаатай гэж бодож байна... гэв.
4. Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч З.Ц*******ын өмчлөлийн Киа Carens маркийн УНЭ 30-87 улсын дугаартай автомашиныг бусдад худалдсан талаар зохигчид маргаагүй, харин нэхэмжлэгч З.Ц******* нь автомашин худалдсан мөнгөө аваагүй тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй гэдэг бол хариуцагч Н.З******* нь З.Ц******* нь өөрөө автомашинаа миний дүү болох Н.М худалдаж мөнгийг нь бэлнээр авсан тул автомашины үнийг би төлөхгүй гэж маргажээ.
5. Нэхэмжлэгч, хариуцагч нь хамтын амьдралтай байсан ба хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдрахаар болж нэхэмжлэгч З.Ц******* нь өөрийн өмчлөлийн Киа Carens маркийн УНЭ 30-87 улсын дугаартай автомашиныг хариуцагч Н.З*******ын эзэмшилд үлдээж, автомашиныг бусдад худалдаж үнийг нь шилжүүлэх талаар тохиролцсон байна.
Энэхүү тохиролцооны үндсэн дээр нэхэмжлэгч З.Ц*******ын өмчлөлийн Киа Carens маркийн УНЭ 30-87 улсын дугаартай автомашиныг хариуцагч Н.З*******ын төрсөн дүү Н.М худалдан авснаар өөрийн эзэмшилдээ авч ашиглаж байгаад улмаар иргэн Ш.Г худалдаж автомашиныг түүний эзэмшилд шилжүүлсэн, өнөөдрийн байдлаар тухай автомашин нь иргэн Ш.Гийн эзэмшилд байгаа, Ш.Г нь автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэхийн тулд нэхэмжлэгч З.Ц*******тай автомашин худалдах худалдан авах тухай гэрээ байгуулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Энэхүү үйл баримтаар нэхэмжлэгч З.Ц******* нь өөрийн өмчлөлийн автомашиныг бусдад худалдах үүргийг хариуцагч Н.З******* өгч түүний эзэмшилд автомашинаа шилжүүлсэн, хариуцагч Н.З******* нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу автомашиныг өөрийн эзэмшилд авснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч З.Ц******* өөрийн автомашиныг Н.М худалдсан тухай баримт авагдаагүй бөгөөд хариуцагч Н.З******* нь З.Ц******* машинаа миний төрсөн дүү Н.М 3,500,000 төгрөгөөр өөрөө худалдаж мөнгийг нь бэлнээр авсан гэсэн татгалзлаа нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.З******* нь нэхэмжлэгч З.Ц*******ын өмнөөс хөрөнгийг худалдан мөнгийг нь нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь үүргээ биелүүлэх буюу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.
Иймд хариуцагч Н.З******* нь хэлцлийн дагуу нэхэмжлэгч З.Ц*******ын өмнө хүлээсэн автомашиныг худалдаж үнийг нь шилжүүлэх үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй бөгөөд тэрхүү үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Киа Carens маркийн УНЭ 30-87 улсын дугаартай автомашиныг худалдсан үнэ болох 3,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах зүйтэй үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч нь 1,600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, 3,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Ц*******ад олгох нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгч нь 1,600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг шүүх баталсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрт гомдол гаргахгүй бөгөөд бусад шийдвэрт шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдав.
8. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчөө оролцуулах хүсэлтээ илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 5,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 1,600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.
2. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н******* З******* /РД:**********/-аас 3,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З Ц******* /РД:*********/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Ц*******ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн 1 дэх заалтаас бусад заалтад шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН