Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/825

 

 

 

 

    2024             7              16                                         2024/ДШМ/825

 

Н.Бэ, Б.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

хохирогч Д.О, түүний өмгөөлөгч В.Ганболд, Б.Эрдэнэбаатар,

яллагдагч Н.Бэ, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,

яллагдагч Б.Нын өмгөөлөгч Ш.Уранчимэг, Ч.Энхтөвшин,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/814 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор И.Мөнхцэцэг, Б.Билгүүн нарын хамтран бичсэн эсэргүүцлээр Н.Бэ, Б.Н нарт холбогдох эрүүгийн 1805 02162 1072 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

яллагдагч Б.Н нь Н.Бэтэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд “...” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 15 хохирогчоос бэлнээр болон дансаар нийт 336.775.373 төгрөгийг пирамид тогтолцооны луйврын аргаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Бэ, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас Н.Бэ, Б.Нт нарт холбогдох эрүүгийн хэргийг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” дараах үндэслэлүүд тогтоогдож байна гэж шүүх үзэж, Баянгол дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд:

Баянгол дүүргийн прокурор И.Мөнхцэцэг, Б.Билгүүн нарын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн 129 дугаартай яллах дүгнэлтэд хохирол, хор уршгийн талаар буруу мэдээлэл тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзлээ. Жишээлбэл хохирогч Я.Д нь 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 2 дугаар сарын 12-ныг хүртэл 10,000 ам.долларыг Н.Бэ, Б.Н нарт өгсөн, ... хамгийн анх Э.Бад 500 ам.доллар өгсөн, гэхдээ Э.Баас мөнгөө нэхэмжлэхгүй гэсэн атал шүүгдэгч нараас нийт 10,500 ам.доллар буюу 23,013,011 төгрөгийг /1 ам.долларыг 2,191 төгрөг/ гаргуулахаар тооцоолжээ. Дээрх тооцооллыг мөнгө өгсөн хугацааны Монгол банкны зарласан валютын ханшийн дунджаар тооцоолсон гэж прокурорууд тайлбарласан боловч 40 дүгээр хавтаст хэрэгт авагдсан Монгол банкны валютын зарласан ханшийг үзэхэд 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд 2,431-2,416 төгрөгийн хооронд хэлбэлзсэн байхад тухайн үеийн ханшаас доогуур ханшаар хохирлыг тооцсон нь хохирлыг бодитой тооцсон гэж үзэх боломжгүй.

Үүнээс үзэхэд, хохирлын талаар бодит байдлаас илтэд зөрүүтэй нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, энэхүү зөрүүг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Учир нь, нэр бүхий хохирогч нар тодорхой хугацаанд хэд хэдэн удаа шүүгдэгч нарт Америк доллар шилжүүлсэн гэх боловч тухайн үеийн Монгол банкны ханшнаас илтэд зөрүүтэйгээр хохирлыг тооцсон тохиолдлууд байна.

Яллах дүгнэлтээр нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг бодитойгоор тодорхойлоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлоос хэн хариуцах асуудлыг шалгаж, шилжүүлсэн болон бэлнээр өгсөн доллар, төгрөг нь нийцэж байсан эсэх, зөрүү хэсэгт иргэний хариуцагчаар тогтоох үндэслэл зэргийг бодитой тогтоосны эцэст, тус хэрэгт хамтран оролцогч байгаа эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд өмгөөлөгч нарын гаргасан санал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зайлшгүй нотлох мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагатай гэж шүүх үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын гаргасан хүсэлт тайлбараас нэгтгэн дүгнэхэд, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн 189 дугаартай тогтоолд заасан шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог нарийвчлан тодорхойлох, пирамид системд оруулсан хөрөнгө, түүнээс олсон ашиг орлогын харьцааг зөв зохистой тогтоож хохирлыг нарийвчлан тооцох талаарх ажиллагааг хийлгэхээр заасан боловч энэ ажиллагааг хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулж ашиг олсон этгээд нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцах эсэхийг тооцоолох шаардлагатай.

Яллагдагчийн өмгөөлөгч нар нь нэр бүхий 52 хохирогч нарт холбогдох хэргийг тусгаарлаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэх боловч энэ талаар тодорхой баримт хэрэгт авагдаагүй тул хууль зүйн ямар нэг дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн нотлох баримтын эх сурвалжийг бүрэн цуглуулж, бэхжүүлэх, улмаар харьцуулан шалгасны эцэст дээрх тусгай мэдлэг шаардсан болон хамаарах бусад асуудлыг зайлшгүй тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-д заасан хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг хүснэгчилсэн байдлаар хавсаргах шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоосноор хэргийн талаар нотолбол зохих бусад бүхий л асуудлыг бодитой, зөв үнэлж дүгнэх, шийдвэрлэх тулгуур үндэслэл хангагдахгүйг онцгойлон анхаарах ёстой.

Хэрэгт цугларсан нотлох баримтын эх сурвалжууд, оролцогч талуудаас гаргасан гомдол, хүсэлтээс үзэхэд нотолбол зохих байдлын хүрээнд хамаарах “яллагдагч, зарим хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн баримт” зэрэгт прокурор хяналт тавьж шалгаж, үнэлэх хүрээнд аливаа зөрүүтэй, зөрчилтэй, эргэлзээтэй асуудал байгаа эсэхийг нягтлан шалгах замаар хэргийн бодит байдлыг бүрэн эргэлзээгүй тогтоох, түүнчлэн нотлох баримт цуглуулахад зөвхөн байцаалт бус нотолгооны бусад зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тус тус анхаарах нь зүйтэй.

Иймд яллагдагч Н.Бэ, Б.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Н, Н.Бэ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор И.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг 2024 оны 5 сарын 15-ны өдөр явуулж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Шүүхээс “...Яллах дүгнэлтэд хохирол, хор уршгийн талаар буруу мэдээлэл тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзлээ. Жишээлбэл, хохирогч Я.Д нь 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 10,000 ам.долларыг Н.Бэ, Б.Н нарт өгсөн, хамгийн анх Э.Бад 500 ам.доллар өгсөн, гэхдээ Э.Баас мөнгөө нэхэмжлэхгүй гэсэн атал шүүгдэгч нараас нийт 10,500 ам.доллар буюу 23,013,011 төгрөгийг /1 ам.долларыг 2,191 төгрөг/ гаргуулахаар тооцоолжээ. Дээрх тооцооллыг мөнгө өгсөн хугацааны Монгол банкны зарласан валютын ханшийн дунджаар тооцоолсон гэж прокурорууд тайлбарласан боловч 40 дүгээр хавтаст хэрэгт авагдсан Монгол банкны валютын зарласан ханшийг үзэхэд 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд 2,431-2,416 төгрөгийн хооронд хэлбэлзсэн байхад тухайн үеийн ханшаас доогуур ханшаар хохирлыг тооцсон нь бодитой тооцсон гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэжээ.

Хэрэгт 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 6 орчим жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, энэ хугацаанд 2017-2018 онд үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх үйл баримтыг боломжит хэмжээнд сэргээн дүрсэлсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч нарын өгсөн 1-5 удаагийн мэдүүлэг, яллагдагч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн оролцогч нарын арилжааны банкин дахь дансны гүйлгээний хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, Монгол банкны ханшийн лавлагаа, ... сайтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад авагдсан үйл баримтад үнэлэлт өгч, харьцуулах замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнийн дүнг тооцож, яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан.

Хохирогч Я.Дээс мөрдөн байцаалтын явцад 2018, 2019, 2021, 2022 онуудад нийт 4 удаа мэдүүлэг авсан ба прокуророос 2018, 2019 онд өгсөн мэдүүлгийг яллагдагч, гэрч нарын мэдүүлэг, Монгол банкны ханшийн лавлагаа зэргийг үндэслэн хохирлын тооцооллыг гаргасан ба шүүхээс Монгол банкны валютын зарласан ханшнаас доогуур ханшаар хохирлыг тооцсон нь хохирол, хор уршгийг бодитой тогтоож чадаагүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, харин хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хохирлын нөхөн төлүүлэх хэмжээ, ханшийн зөрүү, бодит хохирлыг тооцож тогтоох бүрэн боломжтой юм. Мөн шүүхээс ямар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх талаар болон аль нотлох баримтыг үнэлсэн, аль нотлох баримт нь үгүйсгэгдсэн, ноцтой зөрүү үүсгэсэн болохыг заагаагүй, хэт ерөнхий байдлаар дүгнэж бичсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн шалгаж тогтоох зорилгоор мөрдөн шалгах бүхий л ажиллагааг явуулж үйл баримтыг сэргээн дүрсэлсэн, шүүхээс нотлох баримтыг үнэлэх, хохирлыг хэрхэн тооцох зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх замаар хэрэгт цугларсан баримт, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тодорхойлогдсон үйл баримтад үнэлэлт өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож өгөх боломжтой ба ингэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж хуульчилсантай нийцнэ гэж үзэж байна.

2. Шүүхээс “Хохирлын талаар бодит байдлаас илтэд зөрүүтэй нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, энэхүү зөрүүг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Учир нь, нэр бүхий хохирогч нар тодорхой хугацаанд хэд хэдэн удаа шүүгдэгч нарт Америк доллар шилжүүлсэн гэх боловч тухайн үеийн Монгол банкны ханшнаас илтэд зөрүүтэйгээр хохирлыг тооцсон тохиолдлууд байна. Яллах дүгнэлтээр нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг бодитойгоор тодорхойлоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлоос хэн хариуцах асуудлыг шалгаж, шилжүүлсэн болон бэлнээр өгсөн доллар төгрөг нь нийцэж байсан эсэх, зөрүү хэсэгт иргэний хариуцагчаар тогтоох үндэслэл зэргийг бодитой тогтоосны эцэст, тус хэрэгт хамтран оролцогч байгаа эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.” гэж дүгнэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.А, Р.О, хууль ёсны төлөөлөгч Р.Б нараас тус бүр 1 удаа, хохирогч Д.О, Д.Э, Х.О, Н.Х, Б.А, Ж.З, Б.Ш нараас тус бүр 2 удаа, хохирогч Ж.Э, Н.У, Л.А, Б.А, Б.Г, Ц.Т, Т.П, Т.Б нараас тус бүр 3 удаа, хохирогч Я.Д, Л.Ч нараас тус бүр 4 удаа, хохирогч Д.Оээс 5 удаа мэдүүлэг авсан, сайтад хөрөнгө оруулалт хийсэн гэх ID дансны хуулга, Монгол банкны ханшийн лавлагаа, гэрч Э.Ц, Ч.А, Ө.У, Т.Ц, Ц.Б, Б.А, Ц.Д, Б.О, Б.Х, Н.О нарын мэдүүлэг, оролцогч нарын арилжааны банкин дахь дансны гүйлгээний хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч нарын гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлох, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооход чухал ач холбогдолтой мөрдөн шалгах бүхий л ажиллагааг явуулж “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоосон байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/814 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Хохирогч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анхан шатны шүүхийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Би 2018 оны 04 дүгээр сараас эхэлж мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон учраас хэргийн тухай сайн мэдэж байгаа. Прокурор үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Миний бие 6000 ам.доллар буюу нэг өрөө байрны мөнгийг О, О, Б нарт залилуулсан. Энэ хүмүүсээс хохирлоо гаргуулъя гэж шүүх хуралд оролцож байна.” гэв.

Хохирогч Д.Оийн өмгөөлөгч В.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны гарсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжин оролцож байна” гэв.

Хохирогч Д.Оийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг шалгагдаж эхлээд 6 жил гаруй хугацаа өнгөрч байна. Хохирогчийн эрүүл мэндийн байдал хүнд байна. Гэмт хэргийн хохирогч болсноос хойш шат шатны байгууллагаар шалгуулж байна. Одоо болтол хохирол төлүүлсэн, олж тогтоосон зүйл байхгүй байгаа тул хохирогчийн сэтгэл санааны байдал хүнд байгаа. Хохирогч Д.Оийн саналыг дэмжиж байна.” гэв.

Яллагдагч Н.Бэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг олон жил шалгагдаж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх саналтай байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллага нотлох баримтыг устгасан гэж би үздэг. Энэ хэрэгтэй холбогдуулан надаас 2018 оноос хойш мэдүүлэг авч эхэлсэн. Барсболд мөрдөгч надаас хэд хэдэн удаа мэдүүлэг авсан, түүнээс хойш надад хэрэг үүсгээд, ял өгөөд, давж заалдаад, гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд мөрдөн байцаалтын шатанд надаас мэдүүлэг аваагүй, хэрэг танилцуулдаг, хохирогчдын мөнгө төгрөг өгсөн, авсан гэх утга агуулга бүхий хавтаст хэрэг яваад байгаа боловч энэ хэрэг хаанаас үндэслэлтэй, сүлжээг хэн хамгийн анх оруулж ирсэн, цаана нь ямар хүн байгаа талаар мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй дутуу дулимаг байдлаар энэ хэргийг шийдсэн. Энэ хэргийг үнэн зөвөөр эхнээс нь дахин мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

Яллагдагч Н.Бийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг өмгөөлөгч миний бие гаргасан. Уг хүсэлтээр хэлэлцсэн асуудлыг шүүх хүлээн авч нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Гэрч Д нь 32 дугаар хавтаст хэргийн 8-12 талд хохирол төлбөрийн асуудал тэг төгрөг гэж удаа дараа мэдүүлсэн байдаг. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр 20 хохирогчийн хохирлын тооцоо зөрүүтэй байгаа талаар тодорхой жишээ болгоод 6-7 хүний тооцоог өмгөөлөгч миний бие дэлгэрэнгүй бичиж өгсөн. Тухайн яллах дүгнэлт үйлдсэн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолд хэргийн дугаар тавигдсан боловч хохирогчдын нэр нь тодорхойгүй байдаг. Ийм нөхцөл байдал бий болсноор миний үйлчлүүлэгч Н.Бийн эрх зүйн байдлыг дордуулсан байдал үүссэн гэх асуудлыг шүүхийн байгууллагад гаргасан. Шүүх байгууллага хүлээн авсан. Тухайн хэрэг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор Улсын дээд шүүхээс хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй үндэслэлээр буцаасан байдаг. Хохирогч Д.О нь О гэж хүнд байрны мөнгө өгсөн гэж мэдүүлдэг. Яллах дүгнэлтэд, яллагдагч Н.Бэ, Б.Н нараас хохирлыг гаргуулахаар заасан. Улсын дээд шүүхийн тогтоолд тодорхой ажиллагаануудыг хийхээр заасан ч шинэчилсэн мөрдөн байцаалт явуулаагүй, 52 хохирогчийн хэрэг дээр тусдаа хэрэг нээсэн гэх боловч өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийхгүй байна. Шүүгчийн захирамжийн 7 дугаар хуудсанд байгаа яллах дүгнэлтэд нэр бүхий хохирогч нарыг бодитой тогтоох шаардлагатай талаар дурдсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нотлох ёстой зүйлийг нотлохыг шаардсан захирамж болсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, мөрдөн байцаалтад буцаах саналтай байна.” гэв.

Яллагдагч Б.Нын өмгөөлөгч Ч.Энхтөвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж, дэмжиж оролцож байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхүй байна. Шүүхээс хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй, хамтран оролцогч, хэргийн хариуцагч, хэргийн хэр хэмжээ, хохирлын хэр хэмжээ, цаашид нотлох баримтыг нягтлан шалгах шаардлагатай гэж прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт гэрч Д мэдүүлэхдээ “би хэдэн төгрөг өгснөө санахгүй байна, надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тодорхой мэдүүлсэн байна. 40 дугаар хавтаст хэргийн 52 дугаар талд хохирогч Ч “А-с 5000 ам.доллар нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байна. Хавтаст хэргийн 31 дүгээр хуудасны 25 дугаар талд хохирогч Г “Би Э-т мөнгөө өгсөн, түүнээс мөнгөө нэхэмжилнэ”, 29 дүгээр хавтаст хэргийн 181 дугаар талд хохирогч Х “би С-с мөнгөө нэхэмжилнэ” гэх гэрчийн мэдүүлгүүд байдаг. Хохирогч хэнээс мөнгө нэхэмжилж байгааг шалгаж тогтоохгүйгээр бүх хэргийг миний үйлчлүүлэгч Н.Бэ, Б.Н нарт холбогдуулан шалгасан нь ойлгомжгүй байна. Мөн хохирлын тооцоо бодитой биш зөрүүтэй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Яллагдагч Б.Нын өмгөөлөгч Ш.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжин оролцож байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхүй байна. Хохирлын тооцоон дээр маш их хэмжээний зөрүү гарч байна. 52 хохирогч ямар хүнээс хохирлоо нэхэмжилсэн нь тодорхойгүй, шүүгдэгчдийн талаар буруу мэдээллийг яллах дүгнэлтэд тусгасан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос Н.Бэ, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...нэр бүхий 52 хохирогч нарт холбогдох хэргийг тусгаарлаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэх боловч энэ талаар тодорхой баримт хэрэгт авагдаагүй, ... хөрөнгө оруулж ашиг олсон этгээд нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцах эсэхийг тооцоолох шаардлагатай...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт нэр бүхий 52 хохирогчид учруулсан хохирлын асуудлыг шалган тогтоохоор 240501239 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол авагдсан, уг тогтоолд Н.Бэ, Б.Н нар нэр 52 хохирогчийг залилан мэхлээгүй болохыг дүгнэжээ.

Нэр бүхий 52 хохирогчид учруулсан хохирлын асуудлыг шалган тогтоох мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлээгүй атлаа дээрх дүгнэлтийг хийсэн нь буруу байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс хамааран Н.Бэ, Б.Н нартай хамааралтай болох тохиолдолд тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсгээр 2 удаа зүйлчлэх, шүүхээр шийдвэрлүүлэх буюу эрх зүйн байдлыг нь дордуулах нөхцөл үүсэхээр байна.

 Өмнө нь Н.Бэ, Б.Н нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд шийтгэх тогтоол гаргасныг давж заалдах шатны шүүх хэлэлцээд хэвээр үлдээсэн бол Улсын дээд шүүхээс хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийх агуулгаар шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгожээ.

Яллах дүгнэлтэд, яллагдагч Б.Нт, Н.Бэ нар нь бүлэглэн “...” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч нарыг залилан мэхэлсэн талаар, мөн тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан буюу олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэж дүгнэжээ.

“...” компаний үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт шууд холбогдуулах бол элсэн орсон хүмүүсийг хохирогчоор тогтоохын зэрэгцээ хүмүүсийг дороо элсүүлэн ашиг хүртсэн этгээдүүдийг иргэний хариуцагчаар татан хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд мөрдөгч, прокурор анхаарах шаардлагатай байна.

Мөн яллагдагч Б.Нт, Н.Бэ нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд заасан байх боловч хэрхэн бүлэглэсэн талаар үйл баримтад тодорхой тусгаагүй байх тул яллагдагч нарын үйлдэл, оролцооны талаар үйл баримтад тодрохой тусгавал зохино.

Харин, анхан шатны шүүх “...тухайн үеийн ам.долларын ханшаар тооцон бодит хохирлыг тогтоох ...” гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Монголбанкны лавлагаагаар ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг тооцон тогтоох боломжтой байх тул  прокурорын эсэргүүцлийн “...шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хохирлын нөхөн төлүүлэх хэмжээ, ханшийн зөрүү, бодит хохирлыг тооцож тогтоох бүрэн боломжтой...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/814 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР