Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2024/04880

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2024/04880 Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: *******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагад холбогдох баримтыг бүрдүүлж гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* би *******-тай 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 220407/01 орон сууц захиалгын гэрээ байгуулж *******,,, 128 айлын орон сууцанд 15 давхарт 1 өрөө 28.94 м.кв талбай бүхий байр худалдаэ авсан. Тухайн үед байрны өмчлөх эрхийн гэрчилгээ 2 сарын дараа гаргаж өгнө гэж байсан боловч өнөөг хүртэл өмчлөх эрх баталгаажсангүй. Олон маргаан үүсээд ойлголцохгүй байна. Орон сууцны төлбөрт 51.802.600 төгрөгийг бүрэн төлсөн. Иймд ******* би ******* 7 дугаар хороо,, 1501 тоот, 1 өрөө 28.94 м.кв орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагад холбогдох баримтыг бүрдүүлж гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ын нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн учир хэргийн оролцогчид дараах нөхцлөөр эвлэрч байна. Эвлэрлийн гэрээндээ:

1.    Хан-Уул дүүргийн*******, Смарт таун хотхон 15 давхарт 1501 тоот хаягт байрлах 28.94 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоох,

2.    Дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2024 оны 11 дүгээр сарын 30-нд ******* нь нэхэмжлэгчдэд гаргаж өгөхөөр тус тус тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, *******, 7 дугаар хороо, Смарт таун хотхон 15 давхар, 1501 тоотод байрлах 28.94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нарт гаргаж өгөхөөр эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч *******, 7 дугаар хороо, Смарт таун хотхон 15 давхар, 1501 тоотод байрлах 28.94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид гаргаж өгөхөөр гаргасан саналыг нэхэмжлэгчийн талаас хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416.963 төгрөгөөс 208.481 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 208.481 төгрөг, төрийн сангийн орлогоос 208.480 төгрөг тус тус гаргуулж нийт 416.963 төгрөгийг нэхэмжлэгч *******ад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар *******ын нэхэмжлэлтэй, *******-нд холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт,

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, *******, 7 дугаар хороо, Смарт таун хотхон 15 давхар, 1501 тоотод байрлах 28.94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нарт гаргаж өгөхөөр тохиролцов гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416.963 төгрөгөөс 208.481 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 208.481 төгрөг, төрийн сангийн орлогоос 208.480 төгрөг тус тус гаргуулж нийт 416.963 төгрөгийг нэхэмжлэгч *******ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ