| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00321/И |
| Дугаар | 314/ШШ2025/00361 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 314/ШШ2025/00361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ********* овгийн *********гийн *********ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.********* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би 8 дугаар анги төгсөөд 1981 онд илгээлтээр гараад 2 жил мал маллаад 1983 онд цэрэгт явсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Өвөрхангай аймгийн Архивын газраас тушаал, баримт бичиг олдохгүй байгаа болохоор Нийгмийн даатгалаас шүүхээр орж ажилласан жилээ тогтоолгох хэрэгтэй байна гэсэн. Өвөрхангай аймгийн *********сумын “*********” нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэв.
2.Хүсэлт гаргагч Т.********* шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №23 дугаартай зөвлөмжийн хуудас,
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 60 дугаартай “тус архивын хадгаламжийн санд Өвөрхангай аймгийн *********сумын ********* нэгдэлд (хуучин нэрээр) 1981-1983 оны баримт шүүж үзэхэд холбогдох баримт гараагүй тул *********гийн *********ид лавлагаа, хуулбар олгох боломжгүй болно.” гэсэн албан бичиг,
*********гийн *********ийн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн.
3. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23/283 дугаартай албан бичиг, Т.*********ийн ХААТР-1 маягт,
Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08/2200 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
Өвөрхангай аймгаас 1982 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэрэг нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулж авсан.
Мөн хүсэлт гаргагчийн хүсэлтээр *********, ********* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.********* нь шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэлээ.
3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
4. Хүсэлт гаргагч Т.********* нь 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн *********сумын “*********” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн *********сумын ********* нэгдлийн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон “*********гийн *********, хөдөлмөрийн дэвтэр олгосон ********* нэгдлийн дарга Отгон, 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, Нэгдлийн даргын 1981-06-25-ны өдрийн 7 тоот тушаалаар 1981 оны 06 сарын 25-ны өдөр малчнаар томилов” гэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08/2200 дугаартай “*********гийн ********* нь БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Өвөрхангай аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 210 (186) дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 620651 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 325 тоот албан бичгээр ирүүлсэн “*********гийн *********, 1965-05-25-нд төрсөн, үндсэн захиргаа: Өвөрхангай Хайрхандулаан, халх, МХЗЭ-ийн гишүүн, цэргийн албанд татагдахын өмнө 8-р анги төгсөөд малчин, 3-р бригадад үхэрчин, б/бус дунд боловсролтой, ам бүл 3, эцэг эхийн хамт, эцэг ********* жолооч, ээж Цэдэвханд ажилгүй, буурал аав ээжтэйгээ, тэтгэвэрт, Ах Сандуйхүү адуучин 1-р бригадад” гэсэн Өвөрхангай аймгаас 1982 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет,
Гэрч *********ийн “...********* нь жаахан байхын мал малладаг байсан. 1983 он хүртэл мал маллаад тэрнээс хойш цэрэгт явсан байх. Цэргээс ирээд юу хийж байсныг нь мэдэхгүй байна. Хөдөө мал маллаж өвөө эмээ дээр өссөн хүүхэд байгаа юм. *********сумын ********* нэгдэлд 1981-1983 он хүртэл үхэр хариулсан. Тэрнээс хойш цэрэгт явсан байх. Нэгдлийн сувай үхэр хариулж байдаг хүүхэд байсан.” гэсэн,
Гэрч *********вын “Би 1980 онд цэрэгт яваад 1983 онд цэргээс ирэхэд Т.********* 8 дугаар анги төгсчихсөн сувай үхэр хариулаад 2, 3 жил болж байна гэж байсан. Миний бодлоор 1980 онд 8 дугаар анги төгсөөд үхэр хариулж эхэлсэн байх. Би 1983 оны 6 дугаар сард цэргээс ирсэн. Намайг 1980 онд цэрэгт явахад ********* 8 дугаар ангийн хүүхэд байсан шиг санагдаж байна. Т.********* 1984 онд цэрэгт явсан байх. Тэр хүртэл үхрээ хариулсан байх. Гэхдээ яг хэдэн он хүртэл гэдгийг нь сайн мэдэхгүй байна. *********сумын ********* нэгдэлд үхэр хариулж байсан.” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Т.*********ийг 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн *********сумын “*********” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ********* овгийн *********гийн *********ийг Өвөрхангай аймгийн *********сумын “*********” нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ