| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2206049050503 |
| Дугаар | 2024/ДШМ/827 |
| Огноо | 2024-07-16 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/827
2024 7 16 2024/ДШМ/827
Т.Сд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ганчимэг,
шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Т.Мөнх-Очир, Г.Энхбаяр,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/266 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор К.Чимгээгийн бичсэн эсэргүүцлээр Т.Сд холбогдох эрүүгийн 2206 04905 0503 дугаар хэргийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.С нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгон, инстаграм цахим орчинд “...” нэртэй цахим хаяг нээн, улмаар “Хүссэн бүхнээ хямд үнээр, амжиж захиалга өгөөрэй, 14-20 хоногт ирнэ.” гэсэн зар байршуулж, төлбөрөө 100 хувь хийснээр баталгаажна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, нэр бүхий 509 хохирогчид 37.571.901 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Т.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Т.Сг “Үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хохирол нөхөн төлөх зорилгоор шүүгдэгч Т.Сгаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан банк дахь барьцааны 100900005406 дугаарын дансанд 9.174.510 төгрөг байршуулснаас: хохирогч А.П 100,000 төгрөг, Б.Ц 45,000 төгрөг, Н.У 65,000 төгрөг, О.Т 90,000 төгрөг, М.Д 59,000 төгрөг, О.Х 205,000 төгрөг, С.Р 130,100 төгрөг, А.Б 70,000 төгрөг, Э.А 50,000 төгрөг, Э.Б 55,000 төгрөг, Х.Х 65,000 төгрөг, О.А 50,000 төгрөг, П.Э 150,000 төгрөг, Б.Б 70,000 төгрөг, Г.Н 70,000 төгрөг, Т.Б 70,000 төгрөг, Б.Н 70,000 төгрөг, О.Б 70,000 төгрөг, Б.Ж 55,000 төгрөг, Э.Ж 55,000 төгрөг, Н.А 70,000 төгрөг, Б.Э 70.000 төгрөг, П.Б 65,000 төгрөг, Ж.Ц 70,000 төгрөг, Б.С 55,000 төгрөг, Ж.Б 130,000 төгрөг, Ж.Б 70,000 төгрөг, М.Б 49,900 төгрөг, Б.Л 109,000 төгрөг, Г.А 70,000 төгрөг, Ж.Л 70,000 төгрөг, О.Г 49,900 төгрөг, И.Э 179,900 төгрөг, Я.У 125,000 төгрөг, Т.О 135.000 төгрөг, Л.А 70,000 төгрөг, Э.П 55,000 төгрөг, О.М 50,000 төгрөг, Э.Н 65,000 төгрөг, Э.Б 70,000 төгрөг, О.Т 50,000 төгрөг, Б.М 5,000 төгрөг, Б.Д 110,000 төгрөг, Ж.Т 50,000 төгрөг, Д.Б 90,000 төгрөг, Э.Р 65,000 төгрөг, М.Х 65,000 төгрөг, Т.Г 55,000 төгрөг, Т.М 244,900 төгрөг, Б.Б 156,740 төгрөг, Д.Э 190,600 төгрөг, Г.Г 25,000 төгрөг, Н.Б 70,000 төгрөг, М.Л 53,200 төгрөг, Ч.Н 70,000 төгрөг, Э.Э 45,000 төгрөг, Б.Б 81,200 төгрөг, Ч.Ө 55,000 төгрөг, Э.Т 17,900 төгрөг, Ч.Г 40.000 төгрөг, Б.Ү 495,690 төгрөг, Х.Д 50,000 төгрөг, Г.Г 70.000 төгрөг, Л.Б 65,000 төгрөг, С.М 50,000 төгрөг, Б.Ж 70.000 төгрөг, Д.Н 135,000 төгрөг, Ц.Д 65,000 төгрөг, З.Б 45,000 төгрөг, А.М 70,000 төгрөг, Ч.Э 70.000 төгрөг, Б.А 70,000 төгрөг, Ж.Д 115,000 төгрөг, Н.Т 135,000 төгрөг, Г.М 135,000 төгрөг, П.О 45,000 төгрөг, Э.Т 70,000 төгрөг, Б.З 55,000 төгрөг, М.М 70,000 төгрөг, Г.Д 70,000 төгрөг, Б.Д 55,000 төгрөг, Ц.Э 70.000 төгрөг, А.С 55,000 төгрөг, В.У 70,000 төгрөг, Н.Б 55,000 төгрөг, У.Л 130,000 төгрөг, М.Х 69.000 төгрөг, Э.П 55,000 төгрөг, Т.А 140,000 төгрөг, Б.Х 85,660 төгрөг, М.А 75,000 төгрөг, Б.Б 70,000 төгрөг, У.И 194,600 төгрөг, Б.У 19,200 төгрөг, Н.С 65.000 төгрөг, Б.Б 70,000 төгрөг, Б.Б 60,000 төгрөг, О.Г 50,000 төгрөг, А.Э 70,000 төгрөг, Ш.Ө 55,000 төгрөг, А.Б 65,000 төгрөг, Б.О 30,000 төгрөг, Н.Б 42,900 төгрөг, Д.М 95,000 төгрөг, Ц.Л 50,000 төгрөг, Н.Э 45.000 төгрөг, Г.У 113,000 төгрөг, С.Ц 9,500 төгрөг, Б.М 35,700 төгрөг, А.Н 90,000 төгрөг, Г.Э 3,000 төгрөг, Ж.Ц 84,080, Э.Ү 240,740 төгрөг тус тус гаргуулан олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор К.Чимгээ бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/266 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.С нь иргэдээс захиалга авахдаа барааны үнийн дүнгийн тодорхой хувийг урьдчилж авах бус захиалсан барааны төлбөрийг 100 хувь төлснөөр захиалга баталгаажна гэж үнийн дүнг 100 хувь шилжүүлэн авдаг байсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.С нь каргогоор дамжуулж иргэдийн захиалсан барааг хүлээн авсан, иргэдэд хүлээлгэж өгсөн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу захиалсан барааны үнийг валют хэлбэр буюу юань шилжүүлж, захиалга хийсэн гэх баримт огт байхгүй байхад урьдчилгаанд авсан мөнгөөрөө БНХАУ-руу цахимаар иргэдийн захиалсан барааны мөнгийг шилжүүлж, барааг каргогоор авч, иргэдэд хүлээлгэж өгдөг, захиалгаар бараа худалдан авч, иргэдэд худалдан борлуулах үйлчилгээ явуулж, ашиг, орлого олдог байсан гэж дүгнэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.С болон түүний өмгөөлөгч нарын зүгээс 1300 иргэнээс захиалга авч, бараа нийлүүлэн орлого олж байсан, “...” ХХК-нд хүний нөөцийн ажилтнаар ажиллаж цалин авч, нийгмийн даатгал төлдөг байсан, мөн шүүгдэгчийн нэр дээр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт 120 тооны мал 2021, 2022 онд тоологдсон гэх асуудлуудын талаар ямар нэгэн баримт гаргаж өгч байгаагүй, энэ асуудлаар хүсэлт гаргаж байгаагүй атал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн, эх сурвалж нь тодорхойгүй, нотлох баримтын эх сурвалжийг магадлаагүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй баримтыг үндэслэн өөр бусад үйл ажиллагаанаас тодорхой хэмжээний орлого олж байсан гэсэн хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч Т.Сгийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон бусад нотлох баримтаар “...” ХХК-иас шүүгдэгчийн дансанд хэрэг гарсан цаг хугацаанд цалин орж байгаагүй бөгөөд тэрээр өөрийн данснаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дансанд нийгмийн даатгалын шимтгэл хувиараа төлж байсан болох нь нотлогдон тогтоогдсон байдаг.
Гэтэл шүүх шүүгдэгчтэй төрөл садангийн холбоотой “...” ХХК-иас гаргаж өгсөн цалин бэлнээр олгож байсан гэх бэлэн мөнгөний зарлагын баримт гэх эх сурвалжийг магадлаагүй баримтыг үндэслэн, шүүгдэгчийг ажил хөдөлмөр эрхэлж байсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.
Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, гараар бичсэн, эх сурвалж нь тодорхойгүй, цалингаа бэлэн мөнгөөр авсан гэх шүүгдэгчээс гаргаж өгсөн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзэх болсон үндэслэлээ тайлбарлаагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн шүүгдэгч Т.Сгийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Т.С, Г.А нараас гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг авахын өмнө /эрхэлсэн ажил, мэргэжил, ам бүл, боловсрол/ зэрэг хувийн байдлыг тогтоосон тэмдэглэл, гэрч Г.Г, Ү.С, Б.Б, П.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Т.С нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, түүний Хаан банкинд эзэмшдэг ... дугаартай дансанд иргэдийн бараа захиалсан захиалгын мөнгөнөөс өөрөөр орлого орж ирээгүй, иргэдийн шилжүүлсэн мөнгийг нэг бус удаагийн, үргэлжилсэн, давтамжтай үйлдлээр ойролцоо цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэж, олсон мөнгөө өөрийн хувийн хэрэгцээндээ /дээл, нийгмийн даатгал, утас, хувцас, тэрэг, зээл, койн хаб, х-бет, байрны түрээс, сургалтын төлбөр, махны үнэ.../ зарцуулж байсан болох нь хангалттай тогтоогдож, дээрх иргэдийн захиалгаар амьжиргааны эх үүсвэрээ залгуулж, залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь нотлогдсон байхад дээрх нотлох баримтыг үгүйсгэж няцаасан талаар дүгнэлт хийгээгүй нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэж үзнэ.
Шүүгдэгч Т.С нь 2022 оны 01 дүгээр сард 1 иргэнээс, 02 дугаар сард 106 иргэнээс, 03 дугаар сард 131 иргэнээс, 04 дүгээр сард 87 иргэнээс, 05 дугаар сард 124 иргэнээс, 6 дугаар сард 43 иргэнээс, 07 дугаар сард 9 иргэнээс, 10 дугаар сард 4 иргэнээс, 11 дүгээр сард 5 иргэнээс тус тус захиалгыг авсан бөгөөд 1300 иргэний барааг захиалж, авч ирж бусдад түгээсэн, хүлээлгэн өгсөн бүртгэл, иргэдийн захиалсан барааг каргогоор хүлээн авсан, ачааны мөнгө төлсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад 1300 гаруй иргэний барааг хүлээлгэж өгсөн, каргогоор бараа захиалан авч байсан гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Улсын дээд шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 656 дугаартай тогтоолд “...Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэгт “байнга”, “байнга тогтвортой”, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж өөр өөрөөр заасан боловч эдгээр нь дээрх нөхцөл байдлыг илэрхийлсэн эрх зүйн утга, ач холбогдлын хувьд ижил ойлголтууд юм. Эрүүгийн хуулиар тогтоосон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр, үгүй бол хуульд заасан бусад хүндрүүлэх шинжийг харгалзан хэргийг хүнд хэрэгт нь багтаан зүйлчилнэ” гэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Сгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг хангахгүй байна гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, “Үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан" гэж үзэн, шүүгдэгч Т.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэхээр байна.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэснийг зөрчсөн.
Шүүх хуралдааны явцад прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхэд танилцуулсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлснөөс бусад гараар бичсэн, эх сурвалж нь тодорхойгүй цалинг бэлэн мөнгөөр авсан гэх баримт, иргэдэд бараа хүргэж өгөхөөр гэрийн хаягийг авсан гэх гар утаснаас хуулбарлаж, хэвлэсэн гэх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын саналыг гаргасан” бөгөөд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 10 дугаар хуудсанд бичигдсэн боловч шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтад үндэслэн цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх хянан шийдвэрлэнэ.” гэснийг шүүхээс шийдвэрлэлгүй орхигдуулсан.
Шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирол төлснөөс бусад гараар бичсэн, эх сурвалж нь тодорхойгүй цалинг бэлэн мөнгөөр авсан гэх баримт, иргэдэд бараа хүргэж өгөхөөр гэрийн хаягийг авсан гэх гар утаснаас хуулбарлаж, хэвлэсэн гэх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг шүүхээс үнэлж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөн прокурорын гаргасан үндэслэлийг няцаах талаар шийдвэртээ огт бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан ‘ шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэл гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/266 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор К.Чимгээгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж тус шүүх хуралдаанд оролцож байна. Шүүхийн шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн баримтуудын эх сурвалжийг шалгаж тогтоохгүйгээр баримтуудыг үнэлсэн. Тухайн баримтуудыг нотлох баримтад тооцуулахгүй байх талаар улсын яллагчийн зүгээс гаргасан саналыг шүүхээс шийдвэрлэхгүй орхигдуулсан үйл баримтууд тогтоогдож байгаа гэж үзсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хоёрдугаарт, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон зүйлчлэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тэгээд анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх явцад дээр дурдсан баримтуудыг үндэслэн, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийснээр Эрүүгийн хуулийн залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг буруу дүгнэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзсэн байгаа. Гуравдугаарт, шүүхээс 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд нийцсэн байна гэсэн хуулийн заалтад нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.
Шүүгдэгч Т.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Т.Сгийн өмгөөлөгч Т.Мөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Т.Сгийн хувийн байдалтай холбоотойгоор Т.С нь 5 сартай жирэмсэн бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн магадлагаа, жирэмсний хяналтын дэвтрийн хуулбар зэрэг нийт 24 хуудас баримтыг гаргаж өгөх хүсэлттэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл дараах үндэслэлээр няцаагдаж байна. Нэгдүгээрт, өөрөө орлого олоогүй, миний гарган өгсөн баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлээгүй гэж тайлбарладаг. Хэдийгээр Т.Сгийн орлого олдог байсан баримтууд нь хувийн байдалтай холбоотой баримт байсан учраас тухайн үед шүүхэд дансны хуулгыг нь бүхэлд нь гаргаж өгсөн. Үүний тооцооллыг авч үзвэл зөвхөн “...” нэртэй цахим хаягийн захиалгатай холбогдуулан улсын яллагчийн ялласан 2022 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд 1843 хүнээс захилга авсан бөгөөд нийт 126.553.447 төгрөгийг авсан байдаг. Үүнээс цэвэр ашгийн үзүүлэлт нь 63.276.723 төгрөг байсан гэж тайлбарладаг. Улсын яллагчийн зүгээс 509 хохирогчийг үргэлжилсэн үйлдэлтэйгээр гэж тайлбарладаг. 508 хохирогч нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарыг дуустал хүртэлх хугацаанд, 509 дэх хохирогч нь 11 дүгээр сарын 01-ний өдөр байдаг бөгөөд үүнийг урт хугацаанд болгох гэж 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, бараа бүтээгдэхүүнүүд нь хугацаандаа орж ирдэггүй байсан талаарх шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой “...” нэртэй онлайн дэлгүүр ажиллуулдаг гэдгийг улсын яллагч мэдэж байгаа. Бараа бүтээгдэхүүнүүд нь карго захиалгаар орж ирдэг гэдгийг гэрч нарын зүгээс тогтвортой мэдүүлдэг. Карго захиалгыг үйлддэг, мөн Эрээн хотоос нааш нь ачуулдаг байсан хүмүүсийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын апостилиор гэрчлүүлж, Консулын элчин сайдын яамнаас гаргуулан авч хувийн байдалтай холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Гуравдугаарт, Улсын дээд шүүхийн 2019 оны 656 дугаар тогтоолыг дурддаг. Энэ үед хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бий болгох болон зарчмын ойлголт, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд хуульчлагдаагүй байсан учраас энэ нь үндэслэлгүй. Дөрөвдүгээрт, 1300 гаруй иргэний барааг хүлээлгэж өгсөн, каргогоор бараа захиалан авч байсан гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэсэн байгаа. Захиалга үйлдсэн дансны хуулга нь хэрэгт авагдсан. Үүнд, 1300 иргэний захилга хангалттай хийгдсэн харагддаг. Тухайн үед 509 иргэний захилга хугацаандаа ирж амжаагүй. Өөрөөр хэлбэл, 14-20 хоногийн дотор ирж чадахгүй байсныг мэдсээр байж энэ захиалгыг авсан байна гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан нь үндэслэлтэй. Мөн хэргийн бодит байдал болон эх сурвалжийг магадлаагүй гэж байгаа. Тэгэхээр гаргаж өгсөн нотлох баримтууд эх сурвалжийг магадлах гэхээс илүүтэй эхнийх нь шүүгдэгчийн хохирол төлсөнтэй холбоотой баримтууд, 2 дахь шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд байсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг асуудлын тухайд, энэ нь “e-mongolia”-ийн лавлагаагаар нотлогддог. Улсын яллагчийн зүгээс койн, х-бет зэрэг зүйлүүдэд ашиглаж, амьдралын эх үүсвэр болгосон гэж тайлбарладаг. Энэ нь амьдралын эх үүсвэр болгосон үндэслэлд хамаарахгүй. Мөн хэргийн бодит байдалд нийцээгүй гэдэг нь харин эсрэгээрээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судалсан байдаг. Хэрэгт авагдсан баримтаар хохирлын тооцооллыг тухай бүрд нь улсын яллагч болон өмгөөлөгч миний бие нотлох баримт шинжлэн судлах шатанд гараар тооцоолол хийсэн нь хавтас хэрэгт бэхжүүлэгдсэн байгаа. Улсын яллагч нэг бүрчлэн хохирогч нарыг тулгасан. Үүнээс хохирол төлөгдөөгүй байсан хохирогч нарыг буюу холбоо барьж чадахгүй байсан хохирогч нарын хохирлын мөнгийг нь шүүхийн барьцааны дансанд байршуулснаар хохирлыг бүрэн төлсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байгаа. Улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан 1.000.000 төгрөгөөр торгох ял шударга ёсны зарчимд нийцээгүй гэх үндэслэлийн тухайд хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нар гомдол саналын талаарх асуудал дээр шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Энэ нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон учраас 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Т.Сгийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Т.Мөнх-Очирын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.” гэв.
Шүүгдэгч Т.Сгийн өмгөөлөгч Г.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. Анхан шатны шүүх прокурорын эсэргүүцэлд дурдсан зөрчлүүдийг гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж,
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана” гэж тус тус заажээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/266 шийтгэх тогтоолд даргалагч, бүрэлдэхүүний шүүгч нар гарын үсэг зурсан байх боловч тухайн шүүхийн тамгыг дараагүй байна.
Шийтгэх тогтоол нь эрх зүйн баримт бичиг болохын хувьд, хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр болж заавал биелэгдэх шинж чанарыг өөртөө хадгалах бөгөөд эрх зүйн баримт бичиг гэж үзэх нэг нөхцөл нь бүрэлдэхүүний шүүгч гарын үсэг зурж, тухайн шүүхийн тамга дарагдсан байхыг шаарддаг.
Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэрт тавигдах хэлбэр, бүтэц, шаардлагыг хангаагүй байх тул хүчин төгөлөр эрх зүйн баримт гэж үзэхгүй.
Мөн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар шүүх хуралдааныг завсарлуулсан тухай тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан байх боловч тамга дараагүй /42 хх 34-54/, түүнчлэн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаартай тэмдэглэлд /42 хх 66-69/ шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зураагүй, шийтгэх тогтоол, тэмдэглэлийн огноо зөрүүтэй зэрэг зөрчил тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, ... шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй бол энэ тухай шүүхийн захиргааны ажилтан тайлбар бичиж тэмдэглэлд хавсаргана.” гэж тус тус заажээ.
Шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч гарын үсэг зурж, тухайн шүүхийн тэмдэг дарагдсанаар уг тэмдэглэл нь хуульд заасан шаардлага хангах бөгөөд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгасан буюу хуралдааны үйл явцыг бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдэнэ.
Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тухайн шүүхийн тамга дарагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагчийн гарын үсэг зурагдаагүй, тамга дарагдаагүй, шийтгэх тогтоол, тэмдэглэлийн огноо зөрүүтэй, эдгээр нөхцөл байдлын талаар тайлбар бичиж хавсаргаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.7, 1.8, 1.9-д тус тус заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй байна.
Тухайлбал, шийтгэх тогтоолд тухайн шүүхийн тамга дарагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагчийн гарын үсэг зурагдаагүй, тамга дарагдаагүй байдал нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, эсхүл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй эсэхэд тус тус давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байдалд хүргэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул прокурорын бичсэн эсэргүүцэлд хууль дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/266 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР