Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 23

 

         Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Батзул

Улсын яллагчаар хяналтын прокурор З.Алтансолонго

Хохирогч Н.Энхтуяа

 Шүүгдэгч Г.Б   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Г.Б  д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000000027 дугаартай  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1969 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Ховд аймгийн Ү суманд төрсөн, 49 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 /эхнэр хүүхдийн хамт/ Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1, 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 20000 /Хорин мянга/ төгрөгөөр торгох, мөн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай Х  овогт Г  гийн Б   ПБ69120578 регистртэй

         Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г  гийн Б   нь 2018 оны 04 дүгээр сарын 28,29-ны өдрүүдэд Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ эхнэр Н.Э  ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Г.Б  гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:Би хүний ямаа саманд явж ирчихээд согтуугаар эхнэртээ агсам тавихад эхнэр цагдаа дуудаж өгсөн.Маргааш нь би бас эхнэртэйгээ чи намайг цагдаа дуудаж өгсөн гээд дахин маргасан байсан. Манайд бид хоёроос өөр хүн байгаагүй.

Би согтуу байсан болохоор яагаад эхнэртээ агсам тавьснаа санахгүй байна. Би арван хоногийн баривчилгаа аваад баривчилгаагаа эдлээд 5 дугаар сарын 28-ны өдөр ирсэн гэх мэдүүлэг   

         Хохирогч Н.Э  ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Манай нөхөр архи уусан үедээ намайг зодож дарамталдаг. Яагаад ингэж зодож цохиод байдгийг би сайн мэдэхгүй. Согтуу ирэхээрээ л ийм зан авир гаргадаг бусад үед зүгээр л байдаг. 2018 оны 4 дүгээр сарын 28-ны орой ирээд намайг зодохоор нь цагдаа дуудаж өгсөн. Зодуулсны улмаас миний хамар бага зэрэг мурийсан. Өөр гэмтэл учраагүй юм. Маргааш өдөр буюу 29-ны өдөр мөн намайг цагдаа дуудаж өгсөн гээд сүрдүүлэхэд нь би дахиад цагдаа дуудна гэхэд гараад явсан.

        Одоо надад нөхөртөө гомдох гомдол, санал хүсэлт алга байна. Мөн нөхрөөсөө нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэх мэдүүлэг

         Гэрч Хархүүхэн овгийн Г  гийн Нооноогийн“... Миний дүүгийн эхнэр ааш муутай хань ижилдээ халамжгүйгээс болж гэр бүлийн дунд хааяа нэг маргаан гардаг юм шиг байлаа.

Миний дүү архи уудаг гэдгийг сумын иргэд сайн мэднэ. Гэхдээ хүнд хар бор ажил хийж амьдрал ахуйгаа аваад явдаг хөдөлмөрч хүн байгаа. Нэг хүүхэдтэй хүүхэд нь сургуульд сурч байгаа боломжийн амьдралтай айл юм гэх мэдүүлэг

          2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн “...Н.Э  ийн биед гэмтэл учирсан байна. Н.Э  ийн биед зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, унах, мөргөлдөх зэрэгт үүссэн байх боломжтой.

Дээрхи гэмтлүүд нь шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдаагүй, ямар нэг зовиур эмнэл зүйн шинж илрээгүй зулгаралт цус хуралт, зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх 187 дугаартай шинжээчийн дүгнэлт

            2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай шийтгэвэр,

            Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн Засаг даргын тодорхойлолт

            Хохиролын тооцоо байхгүй гэх тодорхойлолт

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

           Шүүгдэгч Г.Б  г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Г.Б  гийн үйлдлээс хохирогч Н.Э  т хохирол учираагүй бөгөөд нэхэмжлэх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй гэж үзнэ.

           Шүүгдэгч Г.Б   нь хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал зөрөөгүй хүлээн зөвшөөрч байгаа нь прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

          Прокуророос гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон халдсан гэж тайлбарлаж байгаа нь 2017 оны 9 сарын 19-ны өдрийн шийтгэл оногдуулсан материал, 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 17 дугаартай Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шийтгэвэр, яллагдагчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Э  ийн мэдүүлгээр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Н.Э  ийг зодож 2018 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр дахин зодсоноор тухайн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй зэрэг байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ.

          Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурьдах нь зүйтэй байна.         

           Г.Б   нь  цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан  болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Хархүүхэн овогт Г  гийн Б  г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэхь хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар  Г.Б  г 1 /Нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох зэрэг үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоосугай.

                       4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

               5.Шүүгдэгч Г.Б   нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг  хэвээр хэрэглэсүгэй.

                 6.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Б   нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

          7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.