Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/828

 

 

 

 

    2024             7              16                                         2024/ДШМ/828

 

Б.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Урангоо,

шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Б.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Од холбогдох эрүүгийн 2210 03001 1888 дугаар хэргийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цахим орчинд зохиомол байдлыг зориудаар бий болгон “духовка зарна” гэж зар байршуулан, зарын дагуу холбогдсон Б.Эыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 100.000 төгрөгийг Төрийн банкин дахь өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ог хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, баривчлагдсан хугацаагүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдал, шударга ёсонд нийцээгүй тухай:

Миний үйлчлүүлэгч Б.О нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээрээ маргаагүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд энэхүү шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг болсон гэх хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бөгөөд үүнээс хойш ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй байгаа юм.

Шүүхийн шатанд буюу шүүх хурлын өмнөх өдөр нь эхнэр нь төрж, эхнэр хүүхэдтэйгээ хамтдаа байх, харж хандах гэсэн сэтгэлээсээ болж шүүхэд төвөг учруулсандаа шүүгч, прокурор, хохирогч нараас уучлалт гуйж, зөв хүн болж төлөвшиж дахин гэмт хэрэгт холбогдохгүйгээ шүүхэд илэрхийлж, хохирол болох 100.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан юм.

Гэтэл шүүхээс хамгийн хүнд ялыг оноож, хорих ялаар шийтгэж байгаа нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй, хүнлэг энэрэнгүй байх зарчмыг баримтлаагүй гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/353 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг жилийн хорих ял оноосныг өөрчилж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Урангоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.О нь удаа дараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээж байсан нөхцөл байдалдаа дүгнэлт хийгээгүй. Мөн гэмт хэрэг 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гарсан байхад хохирол төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн. Түүнчлэн шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, оргон зайлж эрэн сурвалжилсны үр дүнд олж тогтоон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн  өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цахим орчинд зохиомол байдлыг зориудаар бий болгон “духовка зарна” гэж зар байршуулан, зарын дагуу холбогдсон Б.Эыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 100.000 төгрөгийг Төрийн банкин дахь өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эын “...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед Фейсбүүк дээр “духовка зарна” гэсэн зарын дагуу холбогдоход ... гэсэн дугаар өгөөд “энэ дугаар руу ярьж асуугаарай” гэсэн. Би тухайн дугаар руу холбогдоход эмэгтэй хүн аваад дараа залгая гэж хэлээд тасалсан. Тэгээд над руу чат бичээд “олон хүн авна гээд байгаа учраас чи урьдчилгаа 100,000 төгрөгийг нь эхлээд хийчих” гэсэн. Би гэртээ байхдаа урьдчилгаа мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд чатаар гэрийнхээ хаягийг явуулсан байсан. Би орой 20 цагийн үед Цайз 16-гийн Саруул тэнгэр хотхон руу явж очоод уулзтал манайх тийм зар өгөөгүй, чи залилуулсан байна гэж хэлсэн. Тэгээд ... гэх дугаар руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Би өөрийн ... тоот данснаас 18 цаг 48 минутын үед Төрийн банкны ... тоот данс руу 100,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь “…” гэж бичээд шилжүүлсэн. ...” /хх 15/,

Шүүгдэгч Б.Огийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед өөрийн цахим фейсбүүк хаягаас зарын группт цахилгаан бараа хямдхан зарна гэж хуурамч зар оруулахад Б.Э гэх хүн фейсбүүк чатаар холбогдоод эгч нь түрүүлээд мөнгийг нь шилжүүлчихье, битгий өөр хүнд зараарай гэхэд нь өөрийн эзэмшлийн Төрийн банкны ... тоот дансанд 100,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн. ...” /хх 75/,

Шүүгдэгч Б.Огийн Төрийн банкны депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20/, Б.Эын “Хаан” банкны депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25/, Б.Эаас гаргаж өгсөн “Messenger” чатын хуулбар /хх 8-12/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Ог хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Огийн “духовка зарна” гэж зар байршуулан, зарын дагуу холбогдсон Б.Эаас духовкны төлбөр гэж 100.000 төгрөгийг Төрийн банкин дахь өөрийн дансаар шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол 100.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл шүүхээс хамгийн хүнд ялыг оноож, хорих ялаар шийтгэж байгаа нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй, хүнлэг энэрэнгүй байх зарчмыг баримтлаагүй гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг жилийн хорих ял оноосныг өөрчилж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Шүүгдэгч Б.Огийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 100.000 төгрөгийн төлсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Б.Мөнхбаярын гаргасан хорихоос өөрийн төрлийн ял оногдуулах агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Огийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял ...” гэсэн хэсгийг “...06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял ...” гэж,

3 дахь заалтын “...01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ...” гэсэн хэсгийг “...6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Б.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР