Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 140/ШШ2022/00539

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүргийн ... дүгээр хороо Их наранд байрлах ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Нарлаг энгэр ... тоотод оршин суух Гаахүү овгийн Дагвын *******ад холбогдох

гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 12.289.280 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой үүссэн зардалд 863.776 төгрөг, нийт 13.153.056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.******* /онлайнаар/, хариуцагч Д.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******аас гэрээний үүргээ зөрчсний улмаас учирсан хохирол 12.289.280 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой үүссэн зардалд 863.776 төгрөг, нийт 13.153.056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Мах импекс ХК нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Тайлбар гаргана гээд, Д.******* нь манай компанитай харилцан тохиролцож 2021 оны 12 дугаар сарын 09 ний өдөр мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, 15 кг-аас дээш жинтэй 298 ширхэг ямааны гулууз махыг 1 кг тус бүрийг 6300 төгрөгөөр тооцож нийт 4768 кг ямааны мах бэлтгэн нийлүүлж 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлбөрийн зөрүүг тооцож эцсийн тооцоог хийж дуусгах нөхцөлтэй 30.000.000 төгрөгийг Хаан банкны өөрийнхөө эзэмшлийн тоот дансаар хүлээн авсан. Гэвч тэрээр гэрээний үүргээ биелүүлээгүй, хүлээн авсан мөнгөө зориулалтын дагуу зарцуулаагүй өр үүсгэж төлбөр тооцоогоо бүрэн төлөөгүй тул түүнд үүргээ бүрэн гүйцэтгэж дуусгахаар нэмэлт хугацаа өгсөн. Энэ хугацаанд үлдэгдэл төлбөртөө автомашин болон үл хөдлөх хөрөнгө барьцаалж барьцааны гэрээг 2-3 хоногт байгуулна гэж хүсэлт гаргаж байсан боловч тохирсон хугацаанд барьцааны гэрээ байгуулаагүй төлбөрөө төлж дуусаагүй утасны дугаараа сольж холбогдохоо больсон. Сүүлдээ өөрөө ч харьцахгүй бид эхнэртэй нь холбогдож яриулж өгөхийг гуйдаг болсон. Ингээд тогтоосон нэмэлт хугацаа тедийлен үр дүнгээ өгөөгүй тул компанийн зүгээс арга буюу хохиролоо барагдуулахын тулд бие төлөөлөгч явуулж аймаг орон нутагт нь очиж түүнтэй биечлэн уулзахад үлдэгдэл өрөндөө буу болон автомашинаа байгууллагын нэр дээр шилжүүлнэ гэж тохироод итгэмжлэл хийж өгсөн. Д.******* авто машин өгнө гэсэн учраас бид нар Улаанбаатар хотоос автомашиныг жолоодох жолооч дуудан ируулж дахин зардал гаргасаны дараа Д.******* машинаа ч өгөхөө байлаа, буугаа ч өгөхөө байлаа гэж эргэж буцсаар байгаад бид нар Завхан аймгийн Улиастай сумд 7 хоногийн турш Д.*******ын араас нь хөөцөлдөж нэлээн их зардал чирэгдэл учруулсанд маш их гомдолтой байна. Д.******* нь дээрхи гэрээний дагуу нийт 30.000.000 төгрөг хүлээж авсанаас 17.710.720 төгрөг төлж, одоогийн байдлаар үлдэгдэл 12.289.280 төгрөг, мөн гэрээний үүргээ зорчсонтэй холбоотой үүссэн зардалд 863.776 төгрөг нийт 13.153.056 төгрөгийн улдэгдэл өр төлбөр үүсгээд байна. Иймд Д.*******аас мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрэгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 12.289.280 төгрөг, мөн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой үүссэн зардалд 863.776 төгрөг нийт 13.153.056 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийн хамт гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мах импекс ХХК-тай гэрээ хийсний дараа ковид-19 цар тахал гарсан, түүний дараа малын шүлхий өвчих гараад гарал үүслийн бичиг өгөөхөө байчихсан. Тэгээд нядалсан малаа цаг хугацаанд нь гэрээний дагуу Мах импекс ХХК-нд өгч чадаагүй. Малаа нядлаагүй байж байхад ковид-19 цар тахал гарсан, дараа нь шүлхий гарсан. Тэр үе цуглуулсан мал нь туранхай мал байсан учраас ганц нэгээрээ үрэгдсэн, тэгээд би малаа байлгаж байтал ар гэрийн гачигдал гараад тухайн үед нь мөнгийг нь хэрэглэчихсэн. Тэгээд би дараа нь 20.000.000 төгрөгийг Мах импекс ХХК-нд төлсөн. Одоо 10.000.000 төгрөг үлдсэн байгаа гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс намайг 10 толгой адуу өгөхөд байгаагүй, оролцоогүй, миний өгсөн 10 толгой адууг малын эмч Лхагваа гэдэг хүн хүлээж авсан. Мөн надаа хүсэлт бичүүлж авсан гэж байна. Уг хүсэлтийг чи ингэж бич гээд надад хэлж бичүүлсэн. Би мал махны гэрээнд сүүлд ирэхдээ гарын үсэг зуруулсан. Анх амаар л харилцан тохиролцсон болохоос биш албан ёсоор гэрээ хэлцэл хийгээгүй байж байгаад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч манай аймагт ирэхдээ гэрээнд гарын үсэг зуруулсан. Миний тооцоогоор анх авсан 30.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг нь төлсөн, одоо 10.000.000 төгрөг үлдсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч тал тайлбартаа намайг утсаа авдаггүй, холбоо барьж чаддаггүй байсан гэж байна. Би утсаар байнга холбоотой байсан. Би Мах импекс ХХК-ийн хүмүүсийн ирсэн зардал болон надаас 10 толгой адууг авч яваад 7.000.000 гаруй төгрөг болсон гэсэн байсан. Би энэ бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед миний өгсөн 10 толгой адууг ингэж хямдхан авах байсан бол би өөрөө худалдаж борлуулаад 10.000.000 төгрөг болгож өгөх байсан. ******* сумын ******* гэдэг хүний адуунаас би 10 толгой адуу, мах импекс 3 толгой адуу авсан, ингэж 30 адуу авахдаа нэг адууг 1.000.000 төгрөгөөр үнэлээд 3.000.000 төгрөгөөр авсан байж миний адууг яагаад 7.000.000 гаруй төгрөгөөр авсныг ойлгохгүй байна. 7.000.000 төгрөг болох байсан бол би өгч явуулахгүйгээр өөрөө худалдан борлуулж мөнгийг нь өгөх байсан гэв.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ, Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, өр төлбөр барагдуулах гэрээ, хариуцагч Д.*******ын гаргасан өргөдөл, Д.*******ын гаргасан хүсэлт, шатахууны болон бусад зардлын баримтууд зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбар, Ч.******* гэх хүний тайлбар, Хаан банкны дансны хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******аас гэрээний үүргээ зөрчсний улмаас учирсан хохирол 12.289.280 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой үүссэн зардалд 863.776 төгрөг, нийт 13.153.056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 10.000.000 төгрөгийг төлнө, 3.153.056 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч Д.******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр №М1-2021/МБ/№28 дугаартай Мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан Мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, худалдах худалдан авах гэрээний шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын хооронд байгуулсан Мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай бөгөөд хариуцагч Д.******* нь 298 ширхэг ямааны гулууз буюу 4.768 кг мах нийлүүлэх, ямааны гулууз мах нь 15 кг жинтэй байхаар, ямааны гулууз махны нэг кг-ын үнийг тухайн үеийн зах зээлийн үнэ болох 6.300 төгрөгөөр тооцож нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй, харин нэхэмжлэгч ******* ХК нь Д.*******ын эзэмшлийн Хаан банкин дахь дансанд 30.000.000 төгрөгийг шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна. /хх-ийн 6-8/

Нэхэмжлэгч ******* ХК нь Мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагч Д.*******ын эзэмшлийн Хаан банкин дахь тоот дансанд шилжүүлбэл зохих 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байна. /хх-ийн 9/

Харин хариуцагч Д.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 298 ширхэг ямааны гулууз мах буюу 4.768 кг махыг нэхэмжлэгч ******* ХК-нд хүлээлгэн өгөөгүй гэрээгээ зөрчсөн байна.

Нэхэмжлэгч ******* ХК нь Мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагч Д.*******ад 30.000.000 төгрөгийг төлсөн, харин хариуцагч Д.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ямааны гулууз махыг нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгөөгүй бөгөөд энэ талаар талууд маргаагүй хүлээн зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж хуульчилжээ.

Мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний 4.2-т гэрээнд заасан хэмжээ, үнээс гадуур зардал шаардсан, хэтрүүлсэн, дутаасан тохиолдолд гэрээнээс татгалзах, цуцлах эрхтэй гэж, 3.3-т давагдашгүй хүчин зүйл тохиолдохоос бусад нөхцөлд хүлээн авсан мөнгийг зориулалтын дагуу зарцуулж мал, мах бэлтгэн нийлүүлнэ заажээ.

Хариуцагч Д.******* нь ******* ХК-иас гэрээний дагуу шилжүүлэн авсан 30.000.000 төгрөгийг зориулалтын бус зарцуулсан байх бөгөөд буцаан төлж барагдуулах талаараа:

2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Өр төлбөр барагдуулах гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Д.*******ын өөрийн гараар бичсэн өргөдөл, 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Д.*******ын өөрийн гараар бичсэн хүсэлт зэрэг тайлбарыг тус тус гаргаж байжээ. /хх-ийн 10-13/

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******ад Мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүй тул гэрээнээсээ татгалзаж байна гэж дүгнэхээр байна.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ******* ХК-нд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, үлдэгдэл 20.000.000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч ******* ХК шүүхийн хэлэлцүүлэгт ... 10 адуу авсан нь үнэн гэхдээ нэг адууг 1.000.000 төгрөгөөр тооцож аваагүй, Улаанбаатар хотод адуугаа авч ирснийхээ дараа нэг килограммыг 5.700 төгрөгөөр тооцож бодохоор тохирсон, авч ирсэн 10 адуугаа жинлэхдээ Д.*******ыг дуудсан боловч ирээгүй хүүхдээ явуулна гэсэн боловч хүүхэд нь ирээгүй, тэгээд адуугаа жинлэхэд 1 тонн 520.1 килограмм болсон ... гэж,

хариуцагч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт ... 10 тоо толгой адууг 10.000.000 төгрөгт тооцож ******* ХК-нд өгсөн, адуугаа жинлэхдээ намайг дуудсан боловч би очоогүй, манай хүүхэд бас очоогүй ... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Өөрөөр хэлбэл талууд 10 адуу өгсөн, авсан талаараа маргаагүй бөгөөд 10 адууны үнэлгээн дээр маргасан.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.*******гийн нэг адууг 1.000.000 төгрөгөөр тооцож үнэлээгүй харин Улаанбаатар хотод очоод 10 адууныхаа махыг жинлэж үзээд үнэлгээ гаргахаар тохирсон гэх тайлбар нь хариуцагч Д.*******ын адуу жинлэхдээ намайг дуудсан боловч би очоогүй, манай хүүхэд ч очоогүй гэх тайлбараар нотлогдож байна гэж үзэхээр байна.

Учир нь: Нэхэмжлэгч Мах импекс ХК-иас адуугаа жинлэхдээ хариуцагч Д.*******ад мэдэгдсэн, түүнийг дуудсан болох нь нотлогдож байгаа бөгөөд хариуцагч Д.******* адууг жинлэхэд байгаагүй нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн гаргасан дээрхи тайлбарыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд дуугаа жинлэхэд 1 тонн 520.1 килограмм болсон гэх нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн хариуцагч Д.******* нь 1 адууг 1.000.000 төгрөг байхаар нэхэмжлэгч байгууллагатай тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбараа нотлоогүй болно.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж хуульчилжээ.

Хариуцагч Мах импекс ХК нь гэрээгээр хүлээсэн мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч Д.*******аас гэрээний улмаас учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу 10 адууг Завхан аймгаас Улаанбаатар хот руу ачиж, тээвэрлэхэд 1.153.850 төгрөгийн зардал гарсан болох нь:

- Хаан банкны 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэлд Б.Бат-Эрдэнэд Д.*******ын адууны тээврийн зардалд 750.000 төгрөг шилжүүлсэн баримт,

- Хаан банкны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэлд Б.Бат-Эрдэнэд Д.*******ын адууны тээврийн үлдэгдэл төлбөр 403.850 төгрөг шилжүүлсэн гэх баримтууд болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 21-22/

Хариуцагч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт Тээвэрлэхэд гарсан зардлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байна миний бруу юм чинь гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь гэрээний үүргийн биелэлтийн талаар Улаанбаатар хотоос Завхан аймагт ирэхдээ гарсан шатахууны болон бусад зардалд 863.776 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс

2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 55.022 төгрөг, 66.100 төгрөг, 89.103 төгрөгийн шатахууны баримт, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102.050 төгрөгийн шатахууны баримт, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 102.020 төгрөгийн шатахууны баримт, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 165.002 төгрөгийн шатахууны баримтууд нь худалдан авагч Мах импекс ХК нэртэй, Эрдэнэсант, *******, *******, *******, *******ны постоор авто зам ашигласны төлбөр 8.000 төгрөгийг төлсөн байх тул нийт 587.297 төгрөгийн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь үндэслэлтэй байна,

харин 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 69.980 төгрөгийн шатахууны баримт нь худалдан авагч байгууллагын нэр тодорхойгүй, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 75.000 төгрөгийн хоолны баримт, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 44.700 төгрөгийн хоолны баримт, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 27.600 төгрөгийн хоол, цайны баримтуудыг гэрээнээс учирсан хохиролд тооцох үндэслэлгүй, 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 78.700 төгрөгийн хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар нь энэ хэрэгт хамааралгүй байх тул нийт 295.980 төгрөгийн баримт нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч байгууллагаас шатахууны болон бусад зардал гэж 883.277 төгрөгийн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа 863.776 төгрөг гэж /19.501 төгрөгөөр дутуу/ тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл шатахууны болон бусад зардалд 863.776 төгрөг нэхэмжилснээс 567.796 төгрөгийг гаргуулж, 295.980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Мах импекс ХК-ийн хүлээн авсан 10 адууны мах буюу 1 тонн 520.1 килограмм махны үнээс /1520.1кг х 5.700 төгрөг = 8.664.570 төгрөг + 200.000 нэмэгдэл урамшуулал = 8.864.570 төгрөг - 750.000 тээврийн зардал - 403.850 тээврийн зардал =/ 7.710.720 төгрөгт тооцон суутгаж авсан болох нь нотлогдож байна.

Иймд хариуцагч Д.*******аас /20.000.000 төгрөг-7.710.720 төгрөг/ 12.289.280 төгрөг, мөн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой үүссэн зардал 567.796 төгрөгийг гаргуулж, 295.980 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Хариуцагч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... ******* ХК нь Завхан аймгийн ******* сумын Арц багийн иргэн Ч.******* гэх хүнээс 3 адууг 3.000.000 төгрөгт тооцож авсан ... гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна гэж үзлээ.

Мөн хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Мах импекс ХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь нотлогдож байгаа бөгөөд тухайн гэрээ болон бусад үйл баримтаар хариуцагч Д.*******ын 10 адууг 10.000.000 төгрөгт тооцож авсан гэсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч татгалзлаа нотолж чадаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Мах импекс ХК нь нотлох баримтаар гаргаж өгсөн адууны махны тооцоо, хэмжүүрийн жагсаалт гэх баримт /хх-ийн 15, 16/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223.716 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 220.663 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар хариуцагч Гаахүү овгийн Дагвын *******аас 12.857.076 /арван хоёр сая найман зуун тавин долоон мянга далан зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-нд олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 295.980 /хоёр зуун ерэн таван мянга есөн зуун наян/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223.716 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 220.663 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


    

ДАРГАЛАГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ