Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/829

 

 

 

 

    2024             7              16                                         2024/ДШМ/829

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Урангоо,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2410 00000 0104 дугаар хэргийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Б нь ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гоо сайхны салонд сормуус артистаар ажиллаж байхдаа хамт ажилладаг Б.Ньд “манай эгч Монгол банкинд ажилладаг, мөнгө байршуулбал өдөр болгон 10 хувийн хүүтэй эргүүлээд авчих юмаа...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, төөрөгдөлд оруулсны улмаас 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3.900.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг буюу нийт 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 5.900.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелээгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бгээс 3.400.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ньд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “...миний бие хохирогчид 3.400.000 төгрөгийг төлөх ёстой учир “…” салонд сормуус артистаар ажилд орж, өдрийн 10 цаг ажиллаж байгаа учраас надад оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биеэр эдлэх боломжгүй тул өөр ялаар шийтгэж өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Урангоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, хувийн байдал, хохирол төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гоо сайхны салонд сормуус артистаар ажиллаж байхдаа хамт ажилладаг Б.Ньд “манай эгч Монгол банкинд ажилладаг, мөнгө байршуулбал өдөр болгон 10 хувийн хүүтэй эргүүлээд авчих юмаа...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, төөрөгдөлд оруулсны улмаас 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3.900.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг буюу нийт 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 5.900.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Нийн “...Б манай эгч Монгол банкинд ажилладаг, намайг хэд хоног мөнгө байршуулаад өдөр болгон 10 хувийн хүүтэй мөнгө авдаг, мөнгө байршуулаад хүүтэй эргүүлээд авчих гэж хэлсэн. Би өөрөө 07 дугаар сард мөнгө байршуулаад хүүтэй мөнгө авсан гэж хэлсэн. ... Хэр найдвартай талаар асуухад асуудалгүй гэж итгүүлж, фейсбүүк хаягийг харуулж байсан. Би саналыг зөвшөөрөөд эхний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлээд үзье гэж хэлээд данс руу нь шилжүүлж өгсөн. Маргааш өглөө нь нөгөө мөнгө чинь хүүтэйгээ 1.100.000 төгрөг болсон байна, дахиад хонуулах уу гэж асуугаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл тэгшлээд 3,900,000 төгрөг шилжүүлж 5,000,000 төгрөг болсон шүү гэж хэлсэн. Тэгээд дараа нь дахиад 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ хооронд буюу 12 дугаар сарын 28-ны өдөр мөнгөний хүү эгч шилжүүлсэн гээд 500,000 төгрөгийг шилжүүлсэн, 29-ний өдөр 600,000 төгрөгийг шилжүүлсэн, буцааж нийт 1,100,000 төгрөг авсан. ...Б нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1хbet тоглоомын сайтад чиний мөнгийг оруулж тоглоод алдчихлаа, анхнаасаа худлаа хэлж чиний мөнгөөр тоглочихсон гэж хэлсэн. ...” /хх 28-30/,

шүүгдэгч Ц.Бгийн яллагдагчаар өгсөн “...Нь гэх эмэгтэйд манай эгч Н Монгол банкинд ажилладаг, хүүтэй мөнгө байршуулаад эргүүлээд авдаг, чи мөнгө байршуулаад хүүтэй мөнгө авахгүй юм уу гэж хэлээд мөнгө авсан. Худлаа хэлж авсан мөнгөө 1хbet тоглоомын сайтад цэнэглэлт хийж хоккейн спорт дээр бооцоо тавиад бүгдийг нь алдсан. ...” /хх 39-40, 42/ гэсэн мэдүүлгүүд,

Ц.Бгийн “Хаан” банкны дансны хуулга /хх 23-24/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-21/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.Бг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Бгийн хохирогч Б.Ньд “...манай эгч Монгол банкинд ажилладаг, мөнгө байршуулбал өдөр болгон 10 хувийн хүүтэй эргүүлээд авчих юмаа...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 5.900.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Шүүгдэгч Ц.Б “...миний бие хохирлыг төлж барагдуулахаар өдрийн 10 цаг ажиллаж байгаа учраас надад оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөр ялаар сольж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дөрвөн төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд дээрх байдлаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР