| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0053/э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 68
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Хд холбогдох 1830000690056 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн харьяат, 1976 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.Х.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.Х нь бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч буюу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг иргэн Д.Нын гэрээс 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 25 килограммын шуудайтай бууз, хиам 500 грамм, гахайн мах 300 грамм, “Самсунг галакси С-1” маркийн хар өнгийн гар утас, цэнхэр өнгийн нугастай гар утас, нийслэл салад 5 килограмм, цагаан өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 348.500 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би цагаан сарын шинийн хоёрын өдөр хадам ээжийндээ золгочихоод гэртээ байж байгаад ээжийндээ золгохоо явж байгаад андуураад хажуу айл руу нь орсон. Тэгээд хаалгыг нь татахад онгойхгүй болохоор нь хүчтэй татахад онгойсон. Айл руу ороход бууз, салат байхаар нь авч гарсан. Идэж уух юм байхаар нь гэртээ аваачиж хүүхдүүддээ өгөх гэж авсан. Авсан эд зүйлсээ буцаагаад өгсөн. Айлын эзэн нь цагдаа дуудаж намайг өгсөн. Би хохирогч Д.Нтай уулзаж уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа... гэв.
- Яллагдагч Ц.Х мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буюу Цагаан сарын 02-ны өдөр байсан тул өөрийн танил болох А гэх айлруу золгох гэж явсан юм. Гэтэл Аын зүүн талын хашааг тэдний гэр гэж андуурч орсон. Тэгээд байшингийн үүдний тамбарын хаалгыг татсан чинь онгойхгүй байхаар нь дахиж хүчтэй татсан чинь хаалга онгойсон. Тэгээд байшингийн тамбарт ил харагдаж байсан гар утас, хиам, бууз зэрэг эд зүйлсүүдийг аваад хашааны ар тал руу гарч такси барих гээд зогсож байтал гэрийн эзэн ирсэн. Өөрийн авсан бүх эд зүйлийг буцааж өгсөн. ...Би байшингийн тамбарт орж эд зүйл хулгайлсныхаа дараа цонхоор нь гарах гэж цонхыг нь хагалсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/
- Хохирогч Д.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цагаан сарын шинийн 2-ны өдөр би гадуур золголт хийгээд явж байтал өдөр 12 цаг 40 миунтын үед хадам ээж Дагийжав над руу утсаар холбогдож “танай гэрт хулгай орчихсон байна” гэж хэлэхээр нь гэр рүүгээ яваад очиход манай хойд талын хаалганы дэргэд зүс үл таних хүн шуудайтай бууз барьчихсан байсан. Тэгээд би гэр рүүгээ ортол эд зүйл алга болсон байсан. Би гарч очоод нөгөө хүнээс эд зүйлээ буцааж авсан. 25 кг-ийн шуудайтай бууз 20 кг, зочин хиам 500 грамм, гахайн мах 300 грамм, нийслэл салад 5 кг, миний өөрийн эзэмшлийн 2017 оны 12 дугаар сард 120.000 төгрөгөөр худалдан авч байсан Самсунг галакси С-1 маркийн Скайтелийн 90516199 дугаартай, сериал дугаарыг нь мэдэхгүй хар өнгийн гар утас, Мобикомын 99526197 дугаартай цэнхэр өнгийн нугастай гар утас. Энэ гар утасны марк, сериал дугаарыг мэдэхгүй байна. Гуулин нуухтай Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн чулуун хөөрөг. Энэ хөөргийг 2014 онд 100.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би буузыг нэг килограммыг нь 6000 төгрөгөөр, нийт 20 кг буузыг 120.000 төгрөгөөр үнэлнэ. Зочин хиамыг 3500 төгрөгөөр, гахайн махыг 5000 төгрөгөөр, самсунг галакси С-1 маркийн гар утсыг 100.000 төгрөгөөр, нугастай гар утсыг 40.000 төгрөгөөр, хөөргийг 100.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Нийслэл салат болон утасны сим картыг үнэлэхгүй. Учир нь нийслэл салат нь удсан байсан, сим картыг утасныхаа үнэлгээнд оруулан тооцсон учраас сим картны үнэлгээг гаргуулах шаардлагагүй. Би тэр хүнээс алдсан зүйлээ буцаагаад бүрэн бүтэн авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”... гэх мэдүүлэг /хх-ийн 08-10-р хуудас/
- Гэрч Н.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баруун-Урт сумын 4-р баг Төмөртэйн 7-12 тоотод байдаг хүргэн Д.Нынд очиж хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь манай хүргэн 3 хүүхдээ аваад ойрхон хөдөө золголт хийхээр явсан ба манай охин ээлжийн ажилдаа явсан хойгуур би ганцаараа гэрийг нь харж үлдсэн юм. Тэгээд 12 цагийн үед баруун талын хашааны айл руу золголт хийхээр орчиход 30-40 минутын дараа эргэж хүргэний байшин руу орох үед хойд талын гүйдэг хаалганы дэргэд нэг цагаан шуудайтай юм барьсан хүн зогсож байхаар нь анзааралгүй байшингийн гаднах хаалгаа татахад шууд нээгдчихээр нь гайхаад ороод үзэхэд шалан дээр идэж уух юмнууд асгарсан байхаар нь саяны шуудай барьсан хүн хулгай хийсэн байж магадгүй гэж бодоод гараад харахад нөгөө хүн такси барих гээд хойд талын хаалганы дэргэд зогсож байхаар нь хүргэн рүүгээ утсаар мэдэгдэж “танай байшинд хулгай орчихож, хулгай хийсэн хүн нь энд байна” гээд дуудахад удалгүй хүрээд ирсэн юм. Цэнхэр цамцтай 40 гаруй насны халамцуу байдалтай эрэгтэй хүн ганцаараа байсан. Тэр хүн алим идээд хашааны хойд талын засмал замын дэргэдээс такси барих гээд зогсож байсан юм. Тэгтэл удалгүй араас нь цагдаа ирээд тэр хулгай хийсэн хүнийг аваад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схеи зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6-р хуудас/
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн 2018.02.22-ны өдрийн тогтоол /хх-ийн 1-р хуудас/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/
- Баруун-Урт сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22-23-р хуудас/
- Ц.Хын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28-р хуудас/
- Ц.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ц.Х 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12.30 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 7-12 тоотод оршин суух иргэн Д.Нын байшингийн таамбарын цоожтой хаалгыг татаж эвдэн, хууль бусаар нэвтэрч 20 килограмм бууз, 4250 төгрөгийн үнэтэй Зочин хиам 500 грамм, 4250 төгрөгийн үнэтэй гахайн мах 300 грамм, 100.000 төгрөгийн үнэтэй “Самсунг галакси С-1” маркийн хар өнгийн гар утас, 20.000 төгрөгийн үнэтэй цэнхэр өнгийн нугастай гар утас /хуучин/, нийслэл салад 5 килограмм /үнэлээгүй/, 100.000 төгрөгийн үнэтэй цагаан өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 348.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайлбал, шүүгдэгч Ц.Хын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би цагаан сарын шинийн хоёрны өдөр хадам ээжийндээ золгочихоод гэртээ байж байгаад ээжийндээ золгохоо явж байгаад андуураад хажуу айл руу нь орсон. Тэгээд хаалгыг нь татахад онгойхгүй болохоор нь хүчтэй татахад онгойсон. Айл руу ороход бууз, салат байхаар нь авч гарсан. Идэж уух юм байхаар нь гэртээ аваачиж хүүхдүүддээ өгөх гэж авсан. Авсан эд зүйлсээ буцаагаад өгсөн ” гэх мэдүүлэг,
- Хохирогч Д.Нын: 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цагаан сарын шинийн 2-ны өдөр би гадуур золголт хийгээд явж байтал өдөр 12 цаг 40 миунтын үед хадам ээж Дагийжав над руу утсаар холбогдож “танай гэрт хулгай орчихсон байна” гэж хэлэхээр нь гэр рүүгээ яваад очиход манай хойд талын хаалганы дэргэд зүс үл таних хүн шуудайтай бууз барьчихсан байсан. Тэгээд би гэр рүүгээ ортол эд зүйл алга болсон байсан. Би гарч очоод нөгөө хүнээс эд зүйлээ буцааж авсан. 25 кг-ийн шуудайтай бууз 20 кг, зочин хиам 500 грамм, гахайн мах 300 грамм, нийслэл салад 5 кг, миний өөрийн эзэмшлийн 2017 оны 12 дугаар сард 120.000 төгрөгөөр худалдан авч байсан Самсунг галакси С-1 маркийн Скайтелийн 90516199 дугаартай, сериал дугаарыг нь мэдэхгүй хар өнгийн гар утас, Мобикомын 99526197 дугаартай цэнхэр өнгийн нугастай гар утас. Гуулин нуухтай Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн чулуун хөөрөг зэргийг авсан байсан. Би тэр хүнээс алдсан зүйлээ буцаагаад бүрэн бүтэн авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-9-11хуудас/,
- Гэрч Н.Дын “Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баруун-Урт сумын 4-р баг Төмөртэйн 7-12 тоотод байдаг хүргэн Д.Нынд очиж хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь манай хүргэн 3 хүүхдээ аваад ойрхон хөдөө золголт хийхээр явсан ба манай охин ээлжийн ажилдаа явсан хойгуур би ганцаараа гэрийг нь харж үлдсэн юм. Тэгээд 12 цагийн үед баруун талын хашааны айл руу золголт хийхээр орчиход 30-40 минутын дараа эргэж хүргэний байшин руу орох үед хойд талын гүйдэг хаалганы дэргэд нэг цагаан шуудайтай юм барьсан хүн зогсож байхаар нь анзааралгүй байшингийн гаднах хаалгаа татахад шууд нээгдчихээр нь гайхаад ороод үзэхэд шалан дээр идэж уух юмнууд асгарсан байхаар нь саяны шуудай барьсан хүн хулгай хийсэн байж магадгүй гэж бодоод гараад харахад нөгөө хүн такси барих гээд хойд талын хаалганы дэргэд зогсож байхаар нь хүргэн рүүгээ утсаар мэдэгдэж “танай байшинд хулгай орчихож, хулгай хийсэн хүн нь энд байна” гээд дуудахад удалгүй хүрээд ирсэн юм ” гэх мэдүүлэг /хх - 12 хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл./2018.02.17/: Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг Төмөртэйн 7 дугаар гудамж 12 тоот ертөнцийн зүгээр урагшаа харсан төмөр хаалгатай модон хашаа байв. Хулгай орсон байшинд үзлэг хийхэд,... зүүн талдаа 3х3 метр харьцаатай үүдний пинтэй, пин нь урд талдаа дотор тал нь цэнхэр, гадна тал нь цагаан өнгийн төмөр хаалгатай, хаалганы гаднах бариуланд шар өнгийн жижиг цоож зүүж орхисон, дээд талын цүүний харалдаа хаалганы төмөр 5х3 см хэмжээгээр ханзарсан байдалтай, хаалганы зүүн талдаа гурван ширхэг модон цонхтой, уг 3 цонхны урд талын цонх хагарсан байв... гэх тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/
- Гэрэл зургийн үзүүлэлт. /хх- 5-6 хуудас/
- Баруун- Урт сумын эд зүйлийн үнэлгээ. 2018.02.20. /хх-22 хуудас /,
- Баруун- Урт сумын эд зүйлийн үнэлгээ. 2018.02.21/хх-23 хуудас/зэрэг болно
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч Ц.Хын согтуурсан үедээ айлын цоожтой хаалгыг нээн орсон, улмаар эд зүйлийг авсан үйлдэлтэй холбоотой ба тэрээр гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тодруулбал, тэрээр бусдын эд хөрөнгө, өмчийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа айлын гэрт нэвтэрч, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэнд хохирол зориуд учруулсан байна.
Шүүгдэгч Ц.Хын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эдийн хохирол нөхөн төлөгдсөн буюу хулгайлагдсан эд зүйлс хохирогч Д.Нт буцаан олгогдсон талаар тэрээр “нийслэл салат удсан байсан, сим картыг утасныхаа үнэлгээнд оруулан тооцсон учраас нийслэл салат болон сим картыг үнэлэхгүй. Би тэр хүнээс алдсан зүйлээ буцаагаад бүрэн бүтэн авсан болохоор гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Ц.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Ц.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Ц.Хын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээний хохирол учирсаныг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хулгайлагдсан эд зүйлс хохирогч Д.Нт буцаан олгогдсон, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Хыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Хыг 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Хд оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Ялтан Ц.Хд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Ялтан Ц.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Нт 348.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс буцаан олгогдсон, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН