Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/856

 

 

 

 

    2024             7              23                                         2024/ДШМ/856

 

Г.Э, И.М, А.Б,

Э.Л, Э.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Г.Э, И.М, Э.Л, тэдгээрийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс,

шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Ж.Давааням,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/356 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э, И.М, Э.Л нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгч Э.Хын өмгөөлөгч Ж.Давааням, шүүгдэгч Э.Х, И.М, Э.Л, Г.Э нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Г.Э, И.М, А.Б, Э.Л, Э.Х нарт холбогдох эрүүгийн 2310 00122 0111 дугаар хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч Г.Э, А.Б, И.М, Э.Л нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж,

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн-Уул Хан Хайрхан” ХХК-ийн аж ахуйн хашаанаас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд 50 ширхэг пум төмөр, 100 ширхэг булан төмөр, 2 ширхэг пуужин халаагуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ц.Гт 5.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны “...” хотхоны хажууд баригдаж байсан хувийн эзэмшлийн амины орон сууцны барилгаас 2022 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 84 ширхэг хэв хашмал, 200 ширхэг тай, 780 ширхэг пин, 12 бэхэлгээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.Бт 6.616.200 төгрөгийн хохирол учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны задгай тоотод үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ийн аж ахуйн хашаанаас 2022 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 60х120 хэмжээтэй 90 ширхэг барилгын хэв хашмал болох пум төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ч.Бт 2.340.000 төгрөгийн хохирол учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Биндэр Мөнх” ХХК-ийн аж ахуйн хашаанаас 2022 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 60х120 хэмжээтэй 130 ширхэг барилгын хэв хашмал болох пум төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ц.Бт 8.970.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуягт Харш” ХХК-ийн барилгын хашаанаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 60х120 хэмжээтэй пум төмөр 99 ширхэг, 30х120 хэмжээтэй пум төмөр 99 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.Төд 12.978.900 төгрөгийн хохирол учруулсан,

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат 24-05 тоот хашаанаас 2022 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө, 2022 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө тус тус 60х120 хэмжээтэй 175 ширхэг пум төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Эд 12.232.500 төгрөгийн хохирол учруулсан,

2. Яллагдагч Г.Э, А.Б, Э.Х, Э.Л нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж,

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “Хаппи ресиденс” хотхоны баригдаж байгаа машин угаалгын газрын хашаанаас 2022 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 100 ширхэг барилгын хэв хашмал төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, О.Бэд 6.990.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Яллагдагч Г.Э, И.М, А.Б, Э.Х, Э.Л нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж,

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 7 дугаар сургуулийн ард байрлах “Принцес озеро” ХХК-ийн хашаанаас 2022 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 60х120 хэмжээтэй 55 ширхэг хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Т.Мод 3.844.500 төгрөгийн хохирол учруулсан,

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Морин тойруулгын ертөнцийн зүгээр урд талын хашаанаас 2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 24 ширхэг отвод буюу сангийн холбогч төмрийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Б.Мод 8.850.600 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Г.Э, И.М, А.Б,Э.Л, Э.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Э, А.Б, И.М, Э.Л, Э.Х нарыг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар:

-шүүгдэгч Г.Э, Э.Л нарыг тус тус 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

-шүүгдэгч А.Б, И.М нарыг тус тус 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Хыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, И.М, А.Б, Э.Л, Э.Х нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, И.М, А.Б, Э.Л, Э.Х нарын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус бүрийн цагдан хоригдсон 65 (жаран тав) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э, И.М, А.Б, 3.Л, Э.Х нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан "Кіа bongo fronter" маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6.507.500 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 1.301.500 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э, И.М, Э.Л нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Э.Л, Г.Э, И.М нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдэл дээрээ маргадаггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, ойлгож байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн болон хувийн байдлууд зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Э.Л, Г.Э нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил, И.Мид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил болгож хөнгөрүүлж өгнө үү.

Уг гэмт хэргийг үргэлжилсэн үйлдээр үйлдсэн нь тогтоогддог. Хулгайлсан зүйлээ бусдад зах зээлийн үнээс доогуур ханшаар зарсан байдаг. Хохирлын тооцоон дээр өндөр үнэлгээтэй буюу 68.000.000 төгрөг гарсан байдаг. 68.000.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7. дугаар зүйлийн 1.3 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу хамгийн доогуур ялыг оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Хын өмгөөлөгч Ж.Давааням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Хыг Э.Ч, Г.Э, А. Б нартай бүлэглэн,

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо “Хаппи Ресиденс” хотхоны баригдаж байгаа машин угаалгын газрын хашаанаас 2022 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 100 ширхэг барилгын хэв хавшмал төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч О.Б-д 6.990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “машин” ашиглаж үйлдсэн,

Э.Ч, Г.Э, И.М, А.Б нартай бүлэглэн,

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 7 дугаар сургуулийн ард байрлах “Принцес озеро” ХХК-ийн хашаанаас 2022 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 60х120 хэмжээтэй 55 ширхэг хэв хавшмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Т.Мод 3.844.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “машин” ашиглаж үйлдсэн,

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Морин тойруулгын ертөнцийн зүгээр урд талд хашаанаас 2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 24 ширхэг отвод буюу сангийн холбогч төмрийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Б.Мод 8.850.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “машин” ашиглаж үйлдсэн буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад 12.695.100 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон.

Гэвч энэ нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Нотлох баримтын тухайд:

1.1. Шүүгдэгч Э.Хын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн “Би Лээс асуухад асуудалгүй гэсэн. Би хулгайн зүйл гэдгийг нь гадарлаад Лд болж байгаа юм уу, асуудалгүй юу гэхэд зүгээр асуудалгүй гэж байсан. Лтэй хамт яваа хүүхдүүдийн нэгийг нь зүс мэднэ бусдыг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /4 хх-ийн 25-26 дахь хуудас/

1.2. Шүүгдэгч Э.Х нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчааp өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын үед би өдрийг санахгүй байна. Би гэртээ байхад Л гээд барилга дээр ажиллаж байхад нь би мод ачих гэж очоод танилцаж байсан залуу залгаад “та хэв хашмал авах уу” гэсэн, би “авъя” гээд авахаар болсон. Тэгээд би шөнө хөлсний тэрэг аваад Лийн зааж өгсөн газарт ирэхэд Л хамт явсан 2 хүний хамт нийт гурвуулаа байсан. Тэр 3 хэв хашмалаа гаргаад бэлдээд хүлээж байсан, би очоод Лтэй уулзаад бэлдсэн хэв хашмалыг ачаад явсан. Тэндээс явахдаа тоолоход 55 ширхэг байсан. Тэгээд ачиж яваад гэрийнхээ хашаанд буулгаад фейсбүүк дээр зар оруулаад зарсан. Дараа нь 11 дүгээр сарын үеэр би өдрийг нь санахгүй байна, Л залгаад “хэв хашмал байна ирээд авах уу” гэсэн би “ямар нэгэн асуудал байгаа юу” гэхэд “үгүй ах аа зүгээр” гэсэн. Тэгээд ахиад би зараар хөлсний портер олоод Лийн утасдахыг хүлээгээд байж байхад Л залгаад намайг байгаа газар жижиг машинтайгаа ирээд дагуулаад уул руу өгсөөд явсан. Би яг хаана очсон талаар сайн мэдэхгүй байна, нэг байшингийн суурьтай хашааны гадна хураасан байсан 99 ширхэг хэв хашмалыг ачаад явсан. Тэгээд ахиад шөнөдөө хашаандаа буулгаад фейсбүүкээр зар оруулаад зарсан. Би эхлээд 2022 оны 09 дүгээр сарын үед Лээр заалгаад очиход Нисэхийн нэг сургуулийн ард нэг хашааны гадаа хэв хашмал хураагаад бэлдсэн байсан. Тэндээс 55 ширхэг 60х120 мм хэмжээтэй хэв хашмалыг 1 ширхгийг нь 30.000 төгрөгөөр бодоод нийт 1.600.000 орчим төгрөг болоод шөнөдөө 500.000 төгрөг бэлнээр өгсөн, үлдсэн мөнгийг нь цувуулаад өгсөн. Сүүлд 11 сард би хөлсний портертойгоо Яармагийн эмнэлгийн буудал гээд замын урд талд байхад Л жижиг приус маркийн машинаар ирээд дагуулаад зүүн тийшээ яваад машин зардаг Порши гээд газрын хажуугаар баруун эргээд уулын энгэрт очсон. Тэнд нэг цутгасан суурьтай хашааны гадаа хураасан хэв хашмалыг авсан. Тэнд 1 ширхгийг нь 30.000 төгрөгөөр бодоод 99 ширхгийг 2.970.000 төгрөг болсон, тэр шөнө мөнгө өгөөгүй, дараа нь цувуулж өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 25-26 дахь хуудас/

1.3. Шүүгдэгч Э.Х нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн “... Л над руу залгаад “манай найзын эгчийнх нь барилгын компани барилгаа барьж дуусаад пум төмөр зарна гэж байна, та хямдхан авах уу” гэж надад санал тавьсан. Тэгэхээр нь би “хямдхан байвал ах нь авна” гэж хэлсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлах газраас 24 ширхэг отвод төмөр авсан. Тухайн төмрийг ачихдаа би фейсбүүк дээрээс хөлсөөр портер машин түрээслээд тэгээд ачаад аваад явдаг байсан. Энэ жишгээр 2-3 удаа Лээр дамжуулж барилгын пум төмөр авсан. Тэгэхдээ Л надад тухайн төмрийг хулгайн эд зүйлс гэдгийг хэлээгүй. Би тухайн үед төлбөр тооцоог нь боломжтой болонгуут хийдэг байсан. Эсвэл сүүлд нь пум төмрөө зараад хийдэг байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 172-173 дахь хуудас/

1.4. Харин Э.Лийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн “...Х гэх хүнд хэзээнээс эхлэн эд зүйл зарах болсон бэ гэхэд би 2021 онд барилга дээр хамт ажиллаж байгаад танилцсан. Түүнээс хойш холбоогүй байж байгаад 2022 оны 09 дүгээр сарын дунд Х ах над руу залгаад “хуучин ажиллаж байсан барилга дээр авчихаар барилгын эд зүйл байна уу, үзчих” гэсэн. Тэгэхээр нь би очоод үзэхэд юм байхгүй байхаар нь Х ахад хэлэхэд өөр юм байхгүй юу гээд байсан. Тэгээд Бээ бид хоёр Нисэхийн 7 дугаар сургуулийн ард талд явж байхад балгас болсон байшин дотор хураасан барилгын пум төмөр байхаар нь Х ах руу яриад “энд пум төмөр байна та авах юм уу” гэж асуухад Х “авна” гэсэн. Тэгэхээр нь Бээ бид 2 Эын гэрт нь очиж аваад шөнө Х ахыг портер машинтай ирэхээр нь 60 ширхэг пум төмөр ачиж өгөөд явуулсан. Анх тэгж эд зүйл авч эхэлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 216-217 дахь хуудас/

1.5. Шүүгдэгч Э.Л 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн “... Би Э, М, Б нарын хамтаар 2022 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн Морин тойруулгын урд талын хашааны зүүн талын хашааны зүүн талын хэсэг нь хууларсан байхаар нь 50 орчмыг гадна орхиод бид 4 явган ороод миний санахаар 50 орчим хэв хашмалын рам, 100 орчим булан төмөр, тэгээд пуужин халаагуур аваад гарсан. Гараад машиндаа ачаад явсан. Халаагуур пуужин нь одоо байгаа, хэв хавшмалаа зарсан” гэх мэдүүлэг /1-хх-ийн 201 дэх хуудас/

1.6. Шүүгдэгч А.Б 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн “... 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр Л өмнө нь ажиллаж байсан барилгын материалын хашаанаас Х ахтай яриад хэв хавшмал авахаар болсон, тэгээд Л, Э бид 3 шөнө 02 цагийн үед Нисэхийн 7 дугаар сургуулийн арын барилгын материал хураасан хашаанаас хэв хавшмал гаргаад байж байхад Х портертой нэг жолоочтой ирсэн. Тэгээд бид нар тэр машинд хэв хавшмал ачаад явуулсан. Мөнгийг нь Л Х бэлнээр шөнөдөө 300.000-500.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг маргааш өгнө гээд явсан” гэх мэдүүлэг /2-хх-ийн 52 дахь хуудас/

1.7. Шүүгдэгч Г.Э 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн "... 2022 оны 09 дүгээр сарын үед би гэртээ байхад Бээ нэг орой залгаад “хамт явах уу нэг ажил байна” гэсэн би зөвшөөрөөд орой 20 цагийн үед Бээ, Л хоёртой уулзаад шөнө уулзахаар тохирсон, тэгээд шөнө 01 цагийн үед Нисэхийн 7 дугаар сургуулийн тэнд Бээ, Л хоёртой уулзаад сургуулийн ард байх шар өнгийн байшинтай хашааны байшинд нь хураасан байсан хэв хавшмалаас 50 орчим хэв хавшмал хашаанаас нь гаргаж хураасан. Тэгээд Х ах Лтэй яриад шөнө портертой ирээд бид нарын гаргасан хэв хашмалыг ачаад явсан... Л Х ахад зарсан байх. Нэг ширхэгийг нь 30.000 төгрөгөөр бодож зарсан гэсэн, нийт хэдэн төгрөг болсныг би мэдэхгүй, мөнгийг нь дундаа хэрэглээд дууссан” гэх мэдүүлэг /2-хх-ийн 54 дэх хуудас/

1.8. Шүүгдэгч И.М 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн

“... 2022 оны 11 дүгээр сарын дундуур Б, Л, Э нарын хамт Бий цагаан өнгийн Приус 30 тээврийн хэрэгсэлтэй Хан-Уул дүүрэг Нүхтийн замаар урагшаа яваад шороон замаар ороод явж байхад Б, Л хоёрын нэг нь энд хэдэн төмөр байсан гэсэн. Намайг харахад овоолсон шорооны хажууд том Г хэлбэртэй булан төмөр байсан. Тэгээд тухайн өдрийн шөнө тухайн газар дахиад очиход Х ах портер машинтай ирсэн байсан ба бид 4 тухайн төмрийг ачиж өгөөд явуулсан. Тухайн төмрийг 1.000.000 төгрөгөөр зарсан гэж ярьж байсан... Төмөр авах хүнийг хэн, хэзээ дуудсан талаар мэдэхгүй байна. Х гэх хүн ирж авсан” гэх мэдүүлэг /2-хх-ийн 219 дэх хуудас/

1.9. Мөн гэрч Б.Аын 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдөр өгсөн “... Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэгээ тасрахаас өмнө намайг Баянхошууны тойрог дээр зогсож байхад нэг залуу ирж уулзаад “шөнө ачаа ачна, та явах уу, одоо ачаа болоогүй, бэлэн болохоор залгая” гээд миний утасны дугаарыг аваад явсан. Тэгээд би тэр залууд “шөнө явахгүй, үгүй бол хөлсөө нэм” гэж хэлэхэд “за” гээд явсан. Тэгээд шөнө 02 цагийн үед байх нөгөө залуу над руу залгаад яармагт хүрээд ир гээд би яармагт очоод залгахад нэг машинтай хүн залгаж, ирээд дагуулаад яармагийн Хүннү молл төвийн урд нэг уулын энгэрт очоод зогссон. Би тэнд зогсоод хүлээж байхад тэнд 4 хүн миний машинд хэв хашмал ачсан, би ачаад дуусахад ганцаараа нөгөө утсаар ярьсан залуутай холбогдоод “хаана хүргэж өгөх үү” гэхэд “Зүүн салаад” гээд би Зүүн салаанд нэг хашаанд очиход өдрийн залуу өөрөө тэр хашаанд байж байсан. Би тэр хашаанд нь буулгачихаад явсан... Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө яармагийн урд Хүннү молл худалдааны төвийн урд талын уулны энгэр орчмоос ачсан. Намайг очиход 4 хүн 100 ширхэг хэв хавшмал ачсан гэж хэлсэн. Тэр газарт өдөр нь ирж уулзаж унаа хөлсөлсөн хүн харагдаагүй, харин Зүүн салаанд буулгахад тэр залуу байсан” гэх мэдүүлэг /14 хх-ийн 28 дахь хуудас/

1.10. Шүүгдэгч Э.Лийн Хаан банкин дахь ... дугаарын дансанд Э.Хын ... дугаарын данснаас 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 500.000, 1.100.000, 20.000, 2.240.000, 2.300.000, 960.000, 1.500.000, 210.000, 1.000.000, 1.030.000. 20.000, 200.000, 700.000, 100.000, 900.000, 500.000, 100.000, 300.000, 500.000, 8.600.000, 7.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн дансны хуулга /4-хх-ийн 10-11 дэх хуудас, 5 хх-ийн 93-103 дахь хуудас/

1.11. Шүүгдэгч Э.Лийн Хаан банкин дахь ... дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 214 дэх хуудас, 2-хх-ийн 229 дэх хуудас/

1.12. Шүүгдэгч Э.Хын Хаан банкин дахь ... дугаарын дансны хуулга /5 хх-ийн 198-227 дахь хуудас/

1.13. Шүүгдэгч Э.Хын Хаан банкин дахь ... дугаарын дансанд үзлэг хийсэн тухай “... ... дугаарын данс руу 500.000 төгрөг “1” 1.100.000 төгрөг “1” гэсэн утга бүхий 2 гүйлгээг шалгаж ажиллав...гэрч Э.Х нь тус 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Э.Лийн ... дугаарын дансанд хэв хавшмал авсан төлбөр 500.000 төгрөгийг хэв хавшмал ачаад авсан шөнө шилжүүлсэн, өдөр 14 цаг 55 минутад үлдсэн 1.100.000 төгрөгийг шилжүүлсэн. Э.Л нь тус 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1.600.000 төгрөгийн хэв хашмал зарсан мөнгө гэж тайлбарласан” тэмдэглэл /2 хх-ийн 63 дахь хуудас/

1.14. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Ч, А.Б нарын “...Х ах хамт явж хулгай хийж байгаагүй, бид нараас хулгайлсан эд зүйлийг худалдан авч, мөнгө төлдөг байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан.

2. Гэм буруугийн тухайд:

2.1. Хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг хэлнэ.

Харин хэрэгт авагдсан дээрх гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Х нь Э.Ч, Г.Э, И.М, А.Б нартай бүлэглэн бусдын эд хөрөнгө болох барилгын хэв хавшмал, отвод буюу сангийн холбогч төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна.

2.2. Харин шүүгдэгч Э.Х нь барилгын хэв хавшмал, отвод буюу сангийн холбогч төмрийг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж Э.Л нараас худалдан авч, цааш бусдад худалдан борлуулж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Х нь бусадтай бүлэглэн, машин ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх ба харин барилгын хэв хавшмал, отвод буюу сангийн холбогч төмрийг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж бусад шүүгдэгч нараас худалдан авч, цааш бусдад худалдан борлуулж байсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасан.

Иймд шүүгдэгч Э.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Хт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.

3. Хохирол, нөхөн төлбөрийн тухайд:

3.1. Шүүх шүүгдэгч Э.Хыг Э.Чүлтэмсүрэн, Г.Э, И.М, А.Б нартай бүлэглэн хохирогч О.Бэд 6.990.000 төгрөгийн, Т.Мод 3.844.500 төгрөгийн, Б.Мод 8.850.000 төгрөгийн буюу нийт 19.685.100 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн.

Дээрх хохирлыг шүүгдэгч нарт хувааж үзэхэд 1 шүүгдэгчид ноогдох хохирлын хэмжээ 4.286.520 төгрөг ноогдохоор байна. Харин шүүгдэгч А.Б нь уг хохирлоос хохирогч О.Бэд учирсан 6.990.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн ба ингэснээр 12.695.100 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн.

3.2. Харин шүүгдэгч Э.Х нь хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж түүнийг худалдан авсан гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, тус гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч О.Мод учирсан хохирол болох 8.850.600 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 4.500.000 төгрөгөөр, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 4.351.000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулсан.

Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай дээрээ маргаж оролцоогүй, тухайн хэргийн зүйлчлэл дээр маргаж оролцсон байдаг. Шүүхээс миний үйлчлүүлэгчийг хулгайлах гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр машин механизм, техник ашиглан хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн гэж 2 жилийн хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүгдэгч А.Б, Э.Л нар болон бусад мэдүүлэг өгсөн шүүгдэгчид Э.Хыг хулгайлах гэмт хэрэгт биечлэн оролцоогүй, бид нараас хулгайн зүйлийг худалдаж авдаг гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр мэдүүлэг нь шүүгдэгч Э.Л болон шүүгдэгч Э.Х нарын “Хаан” банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогддог. Торуулбал 1 дүгээр хавтаст хэргийн 214, 2 дугаар хавтаст хэргийн 229 дэх тал, болон Э.Хын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, 5 дугаар хавтаст хэргийн 198-297 хэсэгт тус тус авагдсан байна. Эдгээрээс харахад Э.Хын холбогдоод байгаа 3 удаагийн хулгайлах гэмт хэрэгт шүүгдэгч Э.Х биечлэн оролцоогүй, А.Б, Э.Л нараас хулгайлсан барилгын материалыг худалдан авсан төлбөрөө төлсөн байдаг. Энэ талаар гэрчүүд мэдүүлдэг Э.Х биечлэн хулгай хийгээгүй, захиалаагүй, машин механизмаар хангаагүй гэж гэрч А мэдүүлдэг. Гэтэл хэргийн нөхцөл байдал өөр байна. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Иймд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хууль зүйн ойлголтын хувьд хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан байхыг шаарддаг. Харин Э.Х эдгээр үйлдлийг огт үйлдээгүй хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдаж авсан. Өмгөөлөгчийн зүгээс мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох зорилгоор шүүх хуралдаанд оролцсон боловч шүүхээс хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5. дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Э.Л болон Э.Х нарын хооронд хулгайн эд зүйлийг худалдаж төлбөр төлөөд, аваад байгаа үйл баримт дээр анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, тиймээс Э.Хт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хорихоос өөр төрлийн ял болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие урьд нь зүс таних Э.Л гэгчийг барилгын ажил эрхэлдэг гэдгийг нь мэддэгтээ гэнэ алдан 3 дахь үйлдлийн үед хулгайн эд зүйл байх гэсэн сэжиг төрсөн боловч хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас шууд хуулийн байгууллагад хандах иргэний үүрэг болон хожмын үр дагаврыг ухамсарлалгүй Э.Л, Г.Э, И.М, А.Б нарын үгсэн тохирч хамтран хулгайлах үйлдэл хийснийг мэдээгүй, оролцоогүй ба үйлдэл болсноос хойш Э.Лийн утсаар холбогдож санал болгосон барилгын цутгалтын хэв хашмал зэргийг бэлдэж хураасан газраас машин хөлслөн очиж авснаас өөр хамааралгүй маань хэргийн оролцогчид болох Э.Лийн хавтаст хэргийн 201, 216-217 дахь хуудас, А.Бий 2 дугаар хавтаст хэргийн 52 дахь хуудас, Г.Эын 2 дугаар хавтаст хэргийн 54 дэх хуудас, И.Мийн 2 дугаар хавтаст хэргийн 219 дэх хуудас, хөлсний портер машины жолооч Б.Аын 4 дүгээр хавтаст хэргийн 28 дахь хуудаст тус тус авагдсан хэргийн үйлдэлд миний бие оролцоогүйг нотолсон мэдүүлгүүд, мөн миний зүгээс эд зүйл авч, зарж борлуулснаа үнэн зөвөөр мэдүүлсэн нь дээрх мэдүүлгүүдтэй тохирч байгаа, миний Хаан банкны ... тоот дансны гүйлгээний хуулга, Э.Лийн Хаан банкны ... тоот дансны гүйлгээний хуулга, өөрийнх нь өгсөн гүйлгээний утгын тайлбар зэрэг нь 4 дүгээр хавтаст хэргийн 10-11 дэх хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 93-103, 198-227 дахь хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн 214 дэх хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 229, 63 дахь хуудаст авагдсанаар хулгайн үйлдэлд миний бие оролцоо хамааралгүй нь нотлогдож байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хамаатуулан зүйлчилсэн учир бүх хохирлыг бүрэн барагдуулсан байдлыг минь харгалзан зүйлчлэлийг өөрчлөн, гэм буруугийн хэмжээнд тохирсон зүйлчлэлийн шийтгэлийг оноож өгнө үү. Мөн миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр цахим хэлбэрээр оролцож, тайлбар, мэдүүлэг өгөх хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч И.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил болгож өгнө үү.

Би 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол учруулсандаа маш их гэмшин ойлгож, гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн.

Миний буруутай үйлдлээс болж хохирогч нарт сэтгэл санааны болон эдийн засгийн хохирол учруулснаа гүнээ ойлгож байгаа бөгөөд дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эхнэр Өнөрцэцэг маань 7 сартай жирэмсэн тул надад оногдуулсан хорих ялыг 1 жил болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан.

Миний гэм буруутай үйлдлээс болж хохирогч нарт сэтгэл санааны болон эдийн засгийн хохирол учруулснаа гүнээ ойлгож, гэмшиж байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгож хөнгөрүүлж өгнө үү. Миний аав Д.Э нь цус харваж, тал бие нь мэдээгүй болж, группт байдаг. Миний бие аав Д.Э, ээж М, дүү Э.Н, эхнэр С.Н хамт ам бүл тавуулаа амьдардаг, эхнэр С.Н 7 сартай жирэмсэн бөгөөд би ар гэрээ ганцаараа ажил хийж тэжээн тэтгэдэг. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. ...” гэв.

Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшин ойлгож, гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч, бүрэн барагдуулсан. Аав ээж маань салаад, би аавтайгаа хамт амьдарч байсан боловч гэмт хэрэгт холбогдсоноос хойш ээжийн ээж, аавтай цуг амьдарч эхэлсэн бөгөөд хөгшин өвөө, эмээ хоёрыгоо зовоож байгаадаа, даралтыг нь ихэсгэж байгаадаа маш их харамсаж байна.

Миний гэм буруутай үйлдлээс болж хохирогч нарт сэтгэл санааны болон эдийн засгийн хохирол учруулснаа гүнээ ойлгож, гэмшиж байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгож хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.Бий өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч А.Б давж гомдол гаргаагүй байгаа. А.Б гэм буруугийн тал дээр маргаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг бүрэн төлсөн. А.Б нь гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа. Хувийн байдлын хувьд эхнэр нь жирэмсэн, удахгүй төрнө. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх эрх хэмжээнийхээ хүрээн ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э, Э.Л нарт 2 жилийн хорих ял, шүүгдэгч А.Б, М.М нарт 1 жил 6 сарын ял, Э.Хт 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулсан. М.Алтанцэцэг өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7. дугаар зүйлийн 1.3. дэх заалтад зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар ял хөнгөрүүлсэн боловч 1 жил 6 сарын хорих ял хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар давж заалдах гомдолдоо дурдаж тус ялыг нэг жил болгож өгнө үү гэж байна. Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн асуудлыг харгалзан үзэж шүүх хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэх талаар шийддэг. Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд ялын хэмжээ хүндэрдэг. Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг зөв дүгнэж үндэслэлтэй шийдвэр гаргасан байна. Гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчдийн хувьд тус гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх тул оногдуулсан ял нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Хын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хулгайлах гэмт хэргийг хамтран үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй, уг гэмт хэрэгт хамтран оролцоогүй мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэдэг. Шүүгдэгч Э.Хын тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

1. Шүүгдэгч Г.Э, А.Б, И.М, Э.Л нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуягт Харш” ХХК-ийн барилгын хашаанаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 60х120 хэмжээтэй пум төмөр 99 ширхэг, 30х120 хэмжээтэй пум төмөр 99 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.Төд 12.978.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хэргийн газарт 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд “...тухайн хашаа нь ертөнцийн зүгээр урагш харсан байдалтай байх бөгөөд гүйдэг төмөр хаалгатай, хүн орж гардаг жижиг хаалгатай, тухайн хашаанд орж үзлэгийг эхлүүлэхэд хашааны баруун талд 1 ширхэг монгол гэр барьсан байх ба түүний хажуу талд цагаан өнгийн ачааны машин байлаа, Түүний хажууд 4 эгнээгээр барилгын пум төмөр хураалгаатай, тухайн хураасан пум төмрийн хажууд байсан гэх төмөр алга болсон байлаа, тухайн хашаанд цасан дээр гарсан мөрийг шинжээч дугаарлаж гутлын мөрийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх 6-8/,

2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэрэг гарсан газрын баруун талд байрлах аж ахуй нэгжийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...камерын цагаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны 04 цаг 15 минут 45 секундэд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чигт цагаан өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгсэл явж байгааг харуулав, тухайн бичлэгийн камерын цагаар 04 цаг 16 минут 04 дэх секундэд цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгсэл дээрх тээврийн хэрэгслийн араас гарч байгааг харуулав” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 70-71/,

2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...авто зогсоолд ертөнцийн зүгээр баруун зүг рүү харуулж байршуулан зогсоосон, урд талдаа ... улсын дугаартай, хойд талдаа дугааргүй, Тоёота приус загварын тээврийн хэрэгсэл байх ба толь, хаалганы цонх, урд хойд гэрэл дохио, гуфер, хаалга гэх зэрэг зүйлс бүрэн бүтэн, тоос шороо болсон байдалтай байв” гэсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зураг /1хх 72-73/,

“Хуягт харш” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (захирлаар Н.Т бүртгэлтэй, нэг гишүүнтэй) /1хх 79/,

“Хуягт харш” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 23/57 дугаартай тус хэрэгт төлөөлж Н.Тийг төлөөлүүлэн томилсон тухай албан бичиг /4хх 51/,

хохирогч Н.Тийн “...2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд Номин гэх гэртэй үйлчилгээний газар хоол идээд сууж байхад миний дугаар руу ах Т залгаад байгууллагын хашаанаас пум төмрүүд алга болчихсон юм шиг байна. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, очиж байгаа гэж хэлэхээр нь би шууд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар дунд Сургуулийн ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах “Хуягт Харш” ХХК-ний байгууллагын бараа материал байдаг хашаа руу тус байгууллагад нярав ажилтай Нийг дагуулж очоод шалгаж үзэхэд тус хашааны ертөнцийн зүгээр хойд хэсэгт хураасан байсан нийт 800 орчим пум төмрөөс 60х120 см метрийн хэмжээтэй пум төмөр 126 ширхэг, 45х120 см метрийн хэмжээтэй пум төмрөөс 39 ширхэг, 30х120 см метрийн хэмжээтэй пум төмрөөс 116 ширхэг дутсан болохыг бүртгэж мэдээд цагдаагийн байгууллага руу хүрч ирсэн. Алдагдсан гэх пум төмрүүдийг 2019 онд Голден лайк гэх нэртэй байгууллагаас нийтдээ 1000 орчим ширхэг пум төмрүүд авч байсан. Тухайн пум төмрүүдийг үндсэн чиглэлээр нь ашигласаар өдийг хүрсэн. Элэгдэж муудаж эвдэрсэн зарим нэг пум төмрүүдийг ашиглалтаас гаргаад одоо дээрх мэдүүлэгт тусгуулсан 800 орчим ширхэг пум төмөр үлдсэн байсан. Пум төмөр байсан манай байгууллагын хашаанд хяналтын камер байгаагүй. Тус хашааг хамгаалуулахаар ажилд аваад 1 орчим сар ажиллаж байгаа Б гэдэг нэртэй залуу байрлаж ажиллаж байсан. Хэрэг учрал болох үед тухайн харуулыг хаана юу хийж явсан талаар надад мэдэх зүйл алга байна. О.Б гэх хүнтэй анх ажилд ороход нь байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгаа. 2022 оны 12 дугаар сарын 12-13-нд тус байгууллагын хашааг орхиж явж байгаа талаараа манай байгууллагын хэн нэгэн албан тушаалтанд мэдэгдэж зөвшөөрөл аваагүй байсан. Алдагдсан 60x120 см метрийн хэмжээтэй 126 ширхэг пум төмрийн 1 ширхгийг нь 90,000 төгрөгөөр буюу нийтэд нь 11,340,000 төгрөгөөр, 45x120 см метрийн хэмжээтэй 39 ширхэг пум төмрийн 1 ширхгийг нь 85,000 төгрөгөөр, нийтэд нь 3,115000 төгрөгөөр, 30x120 см метрийн хэмжээтэй 116 ширхэг пум төмрийн 1 ширхгийг нь 75,000 төгрөгөөр нийтэд нь 8,700,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. ...” гэх мэдүүлэг /1хх 11-12/,

хохирогч Н.Тийн дахин өгсөн: “...Манай байгууллага эхлээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхдөө 45x120 хэмжээтэй барилгын хэв хашмал 39 ширхгийг алдсан байна гэж мэдүүлсэн байсан. Тэгтэл манай байгууллага дахин тооллого хийтэл 45x120 хэмжээтэй барилгын хэв хашмал алдагдаагүй байсан. Бид нар эхний цагдаагийн байгууллагад өгсөн тооцоогоор алдсан байсан. Сүүлд 60x120 хэмжээтэй пум төмөр 126 ширхэг, 30x120 хэмжээтэй пум төмөр 116 ширхэг нийт 242 ширхэг пум төмөр алдсан байсан. Энэ тухайн баримтыг би хэрэгт хавсаргуулахаар аваад ирсэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Үнэлгээ дээр зөрүү гарч байна. Тухайн үнэлгээний компани манай байгууллагад нийт 17,850,800 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан байна. Энэ үнийн дүнгээс тус хөрөнгө үнэлгээний байгууллагын 45x120 хэмжээтэй барилгын хэв хашмал 39 ширхгийг үнэлсэн 2,628,600 төгрөгийг хасаж бодохоор байна. Иймд байгууллагаас нийт 15,222,200 төгрөгийг хохирол гэж манай компани үзэж байна. Манай байгууллага алдагдсан гэх эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж аваагүй. Буцаан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1хх 13/,

гэрч О.Б-ийн “...2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд ажиллаж байсан барилгын хашаагаа орхиод би өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 39-Б тоот гэр рүүгээ явсан. Улмаар буцаад барилгын хашаа нь дээрээ 17 цагийн орчимд ирсэн. Харуулын гэртээ ороод байж байхад миний амьдардаг газрын хажууд байдаг Цагаанаа гэх нэртэй ах согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байна. Хаалга суулгах гэсэн чинь ганцаараа дийлэхгүй байна, чи хүрч ирээд туслалцаад өгөөч хэмээн гуйсан учраас би дахин байгууллагын хашааг орхиод Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг Цагаанаа гэх хочтой ахын гэрт явж очсон. ...ойр зуурын юм ярилцаж байгаад өөрийн бүртгэлтэй хаягт цуг амьдардаг ээж Г.О-ын гэр рүү ороход хоол хийчихсэн байсан учраас идчихээд хэсэг хугацаанд юм ярилцаж байгаад буцаад байгууллагын хашаа руугаа явалгүй өөрийн охинтойгоо цуг амьдардаг гэртээ ороод унтаж амарсан. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн орчимд охиноо Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэгт хүргэж өгчихөөд ажлын байр нь дээрээ 08 цагийн орчимд ирэхэд хашааны хаалга гадагш татагдсан байдалтай байсан. Тухайн үедээ би ямар нэгэн зүйл бодолгүй тус хашаанд байх харуулын байран дээр байдаг гэрлийг унтраах гэхэд шатан дээр шинэ мөр гарсан байхаар нь тус барилгын даамал болох Т гэдэг залууг ирээд явсан юм байна даа хэмээн дотроо бодоод өнгөрсөн. Гэртээ ороод зурагт үзэж, хоол хийж идээд өдрийг өнгөрөөсөн. 16 цагийн орчимд хүүхдээ цэцэрлэгээс нь авах гээд барилгын хашаанаас гараад явж байхад даамал Т миний дугаар руу ...залгаад “Б би мах авах гээд барилгын хашаанд ирсэн байна, чи хаана байна вэ гэхээр нь би хүүхдээ цэцэрлэгээс нь авах гээд гараад явж байна хэмээн учраа хэлэхэд буцаад хүрээд ир гэж хэлсэн учраас хүүхдээ авалгүй буцаад барилгын хашаа нь дээрээ ирэхэд Т ирчихсэн байсан. Тус барилгын хашааны ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт хураасан барилгын пум төмрүүд дундаас олон ширхэг пум төмөр дутсан байна. Эдгээр пум төмрүүд хаашаа орсон бэ, чи өнгөрсөн шөнө байхгүй байсан юм уу гэхээр би Тд болсон явдлын талаар хэлээд орхиж явсан талаараа мэдэгдээд Цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний ажиллаж байгаа барилгын хашаанд ямар нэгэн хяналтын камер байхгүй, мөн өөрөө тухайн хашаанд байрлаж харуул хийдэг. Нэг ээлжээр ажилладаг учраас надтай солигдож тухайн хашаанд харуул хийдэг хүн байхгүй. Тус барилгын үйл ажиллагаа нь миний мэдэж байгаагаар 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зогссон юм. Тус барилгын хашаагаар ихэвчлэн барилгын даамал Т, нярав Н, барилгын бригадын даамал Б гэх нэртэй хүмүүс ирж гардаг. Мөн надад орсон гарсан хөдөлгөөнийг бүртгэсэн бүртгэл байдаг. Тухайн барилгын хашаанд байсан бараа материалыг надад хүлээлгэж өгөхдөө зургаар баталгаажуулж байсан. Тухайн үед миний дарсан зураг нь дээрээс дутсан байдлыг харахад ойролцоогоор 200 орчим пум төмөр алдагдаж дутсан байна. Хэмжээ болон тоо ширхгийн талаар надад нарийн мэдэх зүйл алга. Би анх ажил хүлээлцэж авахдаа ямар нэгэн байдлаар тоо ширхгээр тулгаж аваагүй. Үлдсэн байсан эд зүйлсийн байршил болон хэмжээг нь зураг дарж баталгаажуулж авсан. Би тус барилгын хашаанд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн харуулаар ажиллаж байгаа. Анх ажилд ороход Хуягт Харш ХХК-ний оффист хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тухайн цагаас хойш хэрэг учрал болсон гэх барилгын хашаанд харуулаар байрлаж ажиллаж явсаар өдийг хүрсэн. Дээрх алдагдсан эд зүйлс нь Г, болон Т гэх нэртэй захирлуудын өмч байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх 15-16/,

гэрч Б.Нийн “...2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би гадуур ажилтай явж байхад манай ажлын даамал Н.Т ах над руу залгаад манай ажлын барилгын агуулахын хашаанаас барилгын пум төмөр алга болсон байна, би дөнгөж сая мэдлээ чи хүрээд ир гэж хэлсэн. Би барилгын агуулах дээрээ иртэл манай даамал харуултай хүлээлгэж өгсөн барилгын пум төмөр 279 ширхэг алга болсон байсан. Н.Т ах ирж шалгахад арга болсон байсан гэж надад хэлсэн. Агуулахын хашаанд нийт барилгын пум төмөр 3 өөр загвараас нийт 1197 ширхэг барилгын пум төмөр хураалгаатай байсан...” гэх мэдүүлэг /1хх 18/,

гэрч Н.Тгийн “...Би өөрийн компанийн агуулахын хашаагаа 2-3 хоногт нэг удаа эргэдэг. Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороонд байрлах агуулахын хашаандаа иртэл манай агуулахын хашаанаас 281 ширхэг пум төмөр алга болсон байсан. Харуул О.Бөөс асуухад би мэдэхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх 20/,

А.Бий ... Хаан банкны депозит дансны 4,000,000 төгрөг болон 2,960,000 төгрөгийн орлого хийгдсэн дансны хуулга /1хх 68/,

мөн А.Бий ... тоот дансны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хоорондох хуулганд 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр үзлэг хийхэд “...Алтанхуягийн Бий Хаан банкны ... тоот данс руу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 14:14 цагт Хаан банкны ... тоот данснаас 4,000,000 төгрөгийн орлого 99 гэсэн утгаар орсон., 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14:38 цагт Хаан банкны ... тоот данснаас 2,960,000 төгрөгийн орлого 99 гэсэн утгаар орсон байв...” гэсэн тэмдэглэл /1хх 67/,

А.Бий Самсунг галакси А-32 маркийн хар өнгийн гар утсанд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийж хэрэгт ач холбогдолтой байж болох хэсгүүдийг гэрэл зургаар буулгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 84-106/,

Дамно ХХК-ийн ХУ2-22-1127 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 108-109/,

Дамно ХХК-ийн №ХУ2-23-117 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 124-126/,

шүүгдэгч Г.Эын “...2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би найз Э.Л, Б.Б, И.М нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхад 63 дугаар сургуулийн хажууханд хашааны хойд хэсэг нь задгай байдалтай нэг хашаа байсан. Бид нар сонирхоод хартал тухайн хашаанд их хэмжээний барилгын пум төмөр байсан. Бид нар тухайн хашаанд ортол нэг гэр байсан. Бид нар хоорондоо ярилцаад орой нь ирж хашаанд байсан пум төмрийг авахаар болсон. Бид нар 2022 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн үед А.Бий хадам аав Я.Шын ... улсын дугаартай пронтер маркийн ачааны машинтай ирж нийтдээ тухайн хашаанаас 60x120, 30x120 хэмжээтэй нийт 198 орчим пум төмөр ачаад аваад явсан. Бид нар тухайн пум төмрийг зарын дагуу нэг хүнд нийт 6,690,000 төгрөгөөр зарсан. Тухайн мөнгийг Б өөрийн дансаар авч, бид тэнцүү хувааж өөрсдөдөө зарцуулсан. Хашааны хаалга онгорхой байсан. Хохирлыг барагдуулаагүй. Тухайн тээврийн хэрэгслийг би унаж байсан. Бий гэрээс бөөндөө очиж авсан. 60x120 хэмжээтэй пум төмрөөс 99 ширхэг, 30x120 хэмжээтэй пум төмөрөөс 99 ширхгийг авсан. Бид нар 45x120 хэмжээтэй пум төмөр аваагүй...” гэх мэдүүлэг /1хх 144/,

шүүгдэгч И.Мийн “...2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би найзууд Э.Л, Б.Б, Г.Э нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхад 63 дугаар сургуулийн хажууханд хашааны хойд хэсэг нь задгай байдалтай нэг хашаа байсан. Бид нар хоорондоо ярилцаад орой нь ирж хашаанд байсан пум төмрийг авахаар болж, ...2022 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн үед А.Бий хадам аав Я.Шын ... улсын дугаартай пронтер маркийн ачааны машинтай ирж нийтдээ тухайн хашаанаас 60x120, 30x120 хэмжээтэй нийт 198 орчим пум төмөр ачаад аваад явсан. Бид нар тухайн пум төмрийг зарын дагуу нэг хүнд нийт 6,690,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1хх 152/,

шүүгдэгч А.Бий “...Бид нар...2022 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн үед манай хадам аав Я.Ш-ын ... улсын дугаартай пронтер маркийн ачааны машинтай ирж тухайн хашаанаас 60x120, 30x120 хэмжээтэй нийт 198 орчим пум төмөр ачаад аваад явсан. Бид нар тухайн пум төмрийг зарын дагуу нэг хүнд нийт 6,690,000 төгрөгөөр зарсан. Тухайн тээврийн хэрэгслийг би унаж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг хадам ааваас хөдөөнөөс засвар үйлчилгээ хийх гээд аваад ирсэн юм. ...Хохирлыг бүрэн барагдуулна. Бид нар 45x120 хэмжээтэй пум төмөр аваагүй...” гэх мэдүүлэг /1хх 162/,

шүүгдэгч Т.Лийн “...Бид нар ... 2022 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн үед А.Бий хадам аав Я.Шын ... улсын дугаартай пронтер маркийн ачааны машинтай ирж нийтдээ тухайн хашаанаас 60x120, 30x120 хэмжээтэй нийт 198 орчим пум төмөр ачаад аваад явсан. Хохирлыг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг /1хх 170/ зэрэг баримтуудаар,

2. Яллагдагч Г.Э, А.Б, И.М, Э.Л нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн Уул Хан Хайрхан” ХХК-ийн аж ахуйн хашаанаас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд 50 ширхэг пум төмөр, 100 ширхэг булан төмөр, 2 ширхэг пуужин халаагуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ц.Гт 5.420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.Гын “...Манай “Дөрвөн-Уул Хан Хайрхан” ХХК-ийн аж ахуйн хашаа нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Морин тойруулгын урд залгаа байдаг. Уг хашаанд манай компанийн эзэмшлийн барилгын хэв хашмал болон бусад материалыг хурааж хадгалдаг. Цагдаагийн байгууллагаас ирж алдагдсан эд зүйл байгаа эсэхийг лавлахад манай хашаанаас 50 орчим хэв хашмал, 100 орчим булан хавчаар, 2 ширхэг пуужин халаагуур зэрэг эд зүйлс алдагдсан байна. Алдагдсан эд зүйл баруун талдаа байсан. Харуулын гэр нь хол байдаг. Хамгаалалтын алба байхгүй, харуул гээд айл байгаа, хяналтын камер байхгүй. Манай барилгын хашаанаас алдагдсан 50 ширхэг 60x120 см хэмжээтэй хэв хашмал, нэг ширхэг нь 100,000 төгрөг, 100 ширхэг булан төмөр 1 ширхэг нь 50,000 төгрөг, 2 ширхэг пуужин халаагуур шинэ нь 1,200,000 төгрөг. Манай халаагуур хуучин байсан...” гэх мэдүүлэг /1хх 195-196/,

хохирогч Ц.Гын дахин өгсөн “...Би өөрийн байгууллагаас алдагдсан гэх 2 ширхэг пуужин халаагуур, 90 ширхэг хавчаар төмрийг манай байгууллагаас хулгайлсан гэх хүмүүсээс хүлээн авсан. Одоо би тухайн хүмүүсээс 50 ширхэг 60x120 хэмжээтэй пум төмөр болон 10 ширхэг хавчаараа авчих юм бол гомдол санал байхгүй. Манай байгууллагаас хулгай хийсэн залуус манай хохирлыг нөхөн барагдуулна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх 197/,

Дамно ХХК-ийн №ХУ2-23-59 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 207-208/,

Э.Лийн Хаан банкны дансны 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийн хоорондох хуулганд үзлэг хийхэд ... дугаарын данснаас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний 19:06 цагт орлогоор 1,030,000 төгрөг бүртгэгдсэн тухай тэмдэглэл, мөн Э.Лээс 1,030,000 төгрөгийг хэв хашмал зарсан мөнгөө шилжүүлж авсан, бусад эд зүйлс нь байгаа гэж тайлбарласан гэсэн тэмдэглэл /1хх 214/,

Э.Лийн Хаан банкны ... дугаарын дансны хуулга /1хх 215-216/,

Э.Хын Хаан банкны ... дугаарын дансны 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийн хоорондох хуулганд үзлэг хийхэд Э.Лийн ... дугаарын данс руу 2022 оны 11 дүгээр сарын 09-ний 19:06 цагт зарлагаар 1,030,000 төгрөг бүртгэгдсэн тэмдэглэл, мөн Э.Хаас хэв хашмал авсан, орсон 1,030,000 төгрөгийг шилжүүлсэн ...гэж тайлбарласан...” тэмдэглэл /1хх 217/,

Э.Хын Хаан банкны ... дугаарын дансны хуулга /1хх 219-219/,

Дөрвөн-Уул Хан Хайрхан ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаартай албан бичиг /4хх 50/ зэрэг баримтуудаар,

3. Яллагдагч Г.Э, А.Б, И.М, Э.Л нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат 24-05 тоот хашаанаас 2022 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө, 2022 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө тус тус 60х120 хэмжээтэй 175 ширхэг пум төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Эд 12.232.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч А.Эгийн “...Манай сүлд форм ХХК-ийн барилгын хэв хашмал түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Өөрийн хашаагүй тул Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат 24-05 тоот харилцагч компанийн хашаанд хэв хашмалаа хураасан байсан. Хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бараа материалаа тоолоход бүрэн байсан. Би хөдөө ажлаар явсан байсан. Удаагүй цагдаагаас хүмүүс ирээд бараагаа тоолж үзээд эргээд мэдэгдээрэй гэж манай харуулд хэлсэн байсан. Би очиж тоолоход манай хураагаад орхисон хэв хашмалын урд хэсгээс нь аваад явсан байсан. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат 24-05 тоот Алтайн бор нуруу ХХК-ийн хашаанд хураагаад орхисон байсан. Уг алдагдсан хэв хашмал нь Сүлд форм ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө, тооллогоор 175 ширхэг 60x120 хэмжээтэй хэв хашмал алдагдсан байсан. Манайх 25 ширхгээр нь дээшээ хураадаг. 25 үеэр 7 эгнээ гэхээр 175 ширхэг болж байгаа. Манай компаниас алдагдсан нэг ширхэг хэв хашмалаа 85,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /1хх 246/,

хохирогч А.Эгийн дахин өгсөн “...Манай байгууллага алдагдсан гэх эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн аваагүй. Хулгайд алдсан гэх 175 ширхэг хэв хашмал төмрөө буцаан авах хүсэлтэй байна. Учирсан хохирол 12,232,500 төгрөг болсон. Эд зүйлээ бүрэн авсан тохиолдолд гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /1хх 247/,

Дамно ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын ХУ2-23-28 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 7-8/,

2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...яллагдагч А.Бий Хаан банканд эзэмшдэг ... дугаартай 4 дансанд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ... данснаас “Бд” гэсэн утгаар 2,400,000 төгрөгийн орлогын, 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ... данснаас “99” гэсэн утгаар 3,762,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна...” гэсэн тэмдэглэл /2хх 14/,

А.Бий Хаан банканд эзэмшдэг ... дугаартай дансны хуулга /2хх 15-17/ зэрэг баримтуудаар,

4. Яллагдагч Г.Э, И.М, А.Б, Э.Х, Э.Л нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 7 дугаар сургуулийн ард байрлах “Принцес озеро” ХХК-ийн хашаанаас 2022 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 60х120 хэмжээтэй 55 ширхэг хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Т.Мод 3.844.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Т.Мын “...Манай Принцес озеро ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 7 дугаар сургуулийн арын хашаанд тоног төхөөрөмжөө хураадаг. Хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 10-ны орчим 400-500 ширхэг хэв хашмалыг тус хашаанд буулгасан, нийт 4000-5000 хэв хашмал байдаг. Саяхан хэв хашмалыг шалгахад дутуу байсан. Удаагүй цагдаагаас ирээд ирж уулзаарай гэсэн. Хэв хашмалаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 7 дугаар сургуулийн арын хашаанд байдаг агуулахын байшингийн хажууд орхисон байсан. Одоогоор хэд алдагдсан талаар мэдэхгүй байна. Тоолж байгаад эргэж хариу мэдэгдье...” гэх мэдүүлэг /2хх 43/,

Принцес озеро ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний А/07 дугаартай “Т.М нярваар ажилладаг тухай тодорхойлолт /4хх 47/,

Дамно ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын №ХУ2-23-29 дугаартай: 1 ширхэг хэв хашмал 69,900 төгрөг, нийт 55 ширхэг нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 3,844,500 төгрөг болох талаар тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 56-57/,

2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “...яллагдагч Э.Хын Хаан банканд эзэмшдэг ... дугаартай дансанд үзлэг хийхэд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 05:05, 14:55 цагуудад ... дугаартай данснаас 500.000 төгрөгөөр, 1,100,000 төгрөгөөр нийт 2 удаагийн шилжүүлгээр нийт 1.600.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна...” гэсэн тэмдэглэл /2хх 63/,

яллагдагч Э.Хын Хаан банканд эзэмшдэг ... дугаартай дансны хуулга /2хх 64-65/,

2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “...яллагдагч Э.Лийн Хаан банканд эзэмшдэг ... дугаартай дансанд үзлэг хийхэд 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 05:05, 14:55 цагуудад ... дугаартай данснаас 500,000 төгрөгийн, 1,100,000 төгрөгийн хоёр удаагийн шилжүүлгээр нийт 1,600,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна...” гэсэн тэмдэглэл /2хх 66/,

яллагдагч Э.Лийн Хаан банканд эзэмшдэг ... дугаартай дансны хуулга /2хх 67-68/ зэрэг баримтуудаар,

5. Яллагдагч Г.Э, А.Б, И.М, Э.Л нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны “Амгалан” хотхоны хажууд баригдаж байсан хувийн эзэмшлийн амины орон сууцны барилгаас 2022 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 84 ширхэг хэв хашмал, 200 ширхэг тай, 780 ширхэг пин, 12 бэхэлгээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.Бт 6.616.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Айдсын давааны хойд талын засмал замын баруун талаас хэв хашмал алдагдсан гэх хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх  81, 83-84/,

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн “2022 оны 12 дугаар сарын 01-ний 02 цаг 53 минут 11 секундэд 2 тээврийн хэрэгсэл эд зүйл хулгайд алдагдсан гэх газар руу явж байгааг харуулсан тухай, 05 цаг 56 минут 54 секундэд эд зүйл алдсан гэх газраас 2 тээврийн хэрэгсэл гарч байгааг харуулсан тухай” тэмдэглэл, бичлэгийг буулгасан гэрэл зураг /2хх 144-145/,

Хогар ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нэг гишүүнтэй, захирал А.Тогтох бүртгэлтэй) /2хх 106/,

хохирогч Г.Бийн “...Би Иннова гэх нэртэй ХХК-нд барилгын инженерээр ажилладаг. 2022 оны 12 дугаар сарын 01-ний 11.00 цагийн орчим Баянгол дүүрэгт байрлах гэрийн гадаа байж байтал манай барилга дээр ажил хийж байсан Б.Ишцог гэх залуу миний дугаар луу залгаад барилгын талбай дээр сүүлд угсарсан хэв хашмалууд алга болсон байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Амгалан хотхоны зүүн урд “Атлас” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн ард, сагсны шийдийн баруун талд барилгын талбай дээр цутгалт авах гээд суурилуулж бэлдсэн байсан. 166 ширхэг хэв хашмал байснаас 84 ширхэг, мөн хэв хашмалын холбоос 200 ширхэг/тай/, түгжээ /пин/ 780 ширхэг, 2смхЗсм хэмжээтэй 6 метрийн урттай 12 ширхэг квадрат бэхэлгээ хийсэн байсан, байхгүй болсон байсан. Хэв хашмалуудыг Бумбод ХХК-иас 8 хоногийн хугацаатай хэрэглэхээр аман гэрээ байгуулж авсан байсан. Түрээсэлж аваад 8 хонож байсан. 1 ширхэг хэв хашмалыг 120,000 төгрөгөөр, нийт 10,080,000, төгрөгөөр, тай 200 ширхэг нь 96,000 төгрөг, пин 780 ширхэг 136,500 төгрөг, квадрат бэхэлгээ 12 ширхэг 438,000 төгрөг, нийт 10,750,500 д төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /2хх 87/,

хохирогч Г.Бийн “...Тухайн алдагдсан хэв хамшалууд нь Бумбод ХХК-ийн хэв хашмалууд юм. Манай байгууллага тухайн байгууллагаас түрээсээр 10 хоногийн хугацаатай нийт 166 ширхэг хэв хашмал хэрэглэж байсан. Түүнээс 84 ширхэгийг алдчихсан. Хогар болон Иннова гэсэн байгууллагууд нь нэг захирал, нэг удирдлагатай хоёр өөр нэр дээр байгуулагдсан байгууллагууд, би болохоор аль алинд нь барилгын инженерээр ажилладаг. Хэв хашмал хүлээлцсэн баримтын талаар би урьд өмнө нь Бумбод ХХК-нд барилгын инженерээр ажилладаг байсан учир холбогдож Хогар ХХК-ийн нэр дээр тухайн хэв хашмалуудыг өөрөө тоолж, ачуулж хүлээн авсан. Хүлээлцэж авч өгөлцөхдөө агуулах дээр нь байсан учраас тамга тэмдгийг нь даруулалгүй авсан юм...” гэх мэдүүлэг /2хх 89/,

гэрч Б.И-н “...Би 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Айдсын давааны ар талд барилгын туслах, мужааны ажилд орсон. Би компанийн нэрийг сайн мэдэхгүй байна. Манай компани Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Айдсын давааны ар талд барилгын хундам, мужааны ажил 1 сар орчим хийж байгаа. Манайх хэв хашмалаа угсраад өнөөдөр цутгалт авах гэж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны 20:00 цагийн орчим хамгийн сүүлд ганцаараа байж байгаад явахад хэв хашмал хэвээрээ байсан. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 09.00 цагийн орчим ирэхэд манай барилгын хэв хашмалуудыг аваад явчихсан байхаар нь бид нарыг хариуцсан даргад мэдэгдсэн. Удалгүй цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсэн байсан. Тухайн барилгын талбайгаас хэв хашмал, гадна, дотор булан алдагдсан байсан. Ер нь бол тухайн талбай дээр нийт 180 ширхэг хэв хашмал буулгасан. Харин тооцоогоор 123 ширхэг хэв хашмал алга болсон байгаа. Тухайн хэв хашмал нь 120x60 см хэмжээтэй шинэ байсан. Энэ талаар нарийн тооцоог компанийн захирал мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /2хх 91/,

Дамно ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын №ХУ2-22-1128 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 135-136/ зэрэг баримтуудаар,

6. Яллагдагч Г.Э, И.М, А.Б, Э.Х, Э.Л нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Морин тойруулгын ертөнцийн зүгээр урд талын хашаанаас 2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 24 ширхэг отвод буюу сангийн холбогч төмрийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Б.Мод 8.850.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын урд байрлах Мөнх-Очир ХХК-ийн дулааны шугамын отвод 24 ширхэг алдагдсан гэх хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 204-206/,

хохирогч О.Мын “...Мөнх-Очир ХХК-ийг байгуулж үйл ажиллагаа явуулж байна. Манайх 2022 оны 8 дугаар сард Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центр гэх компанитай гэрээ байгуулж ажилласан. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үйл ажиллагаа байгаа газар отвод төмөр ДММ-377, ДМ-273 тус тус 12 ширхэг буулгасан. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний 19 цагийн үед ажлаасаа тараад явсан. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирэхэд отвод төмөр байхгүй байсан. Тэгээд цагдаад хандах болсон. Би ДММ-377 отвод төмрийг БНХАУ-аас 2022 оны 9 дүгээр сард 1 ширхийг 500,000 төгрөгөөр, 12 ширхгийг захиалсан. ДМ-273 отвод төмрийг 1 ширхийг 300,000 төгрөгөөр 12 ширхгийг захиалж авсан. Нийт 9,600,000 төгрөг болсон. Манай байгууллага захиалагчийн байгаа газар ажилладаг учир хяналтын камер байхгүй. Мөн харуул хамгаалалт байхгүй. Энэ төмөр маань хашааны гадна 7 хоног хоносон...” гэх мэдүүлэг /2хх 210/,

гэрч С.О-ын “...Мөнх-Очир ХХК-нд бригадын ахлагчаар ажилладаг. Захирлыг М гэдэг. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил 9 цагт цуглаад 10 цагийн орчим барилгын талбай дээр ирээд буулгасан материалуудыг М дарга үзээд отвод алга болсон байна гэхээр нь бид нар очиж үзэхэд хоёр хэсэг газар хураасан байсан отводоос 27 см диаметртэй 12 ширхэг, 37 см диаметртэйгээс 12 ширхэг алга болсон байсан. Отводуудыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр буулгаж хураасан байсан. ...Хашаа харуул хамгаалалт байхгүй. Мөн орчимд эзгүй, хяналтын камер байхгүй. Хүн сахиж хонуулаагүй. Ажил хийж байхдаа үлдээгээд л явчихдаг юм. Отводуудыг бид нар өөрсдөө буулгасан. 1 ширхэг нь ойролцоогоор 30-50 кг жинтэй байгаа юм...” гэх мэдүүлэг /2хх 212/,

яллагдагч Э.Лийн Хаан банканд эзэмшдэг ... дугаартай дансанд 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр үзлэг хийхэд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд гүйлгээнд 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 19:24 цагт Хаан банкны ... дугаартай данснаас 100,000 төгрөг орлогоор 19.54 цагт 900,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэсэн тэмдэглэл /2хх 229/,

яллагдагч Э.Лийн Хаан банканд эзэмшдэг ... дугаартай дансны хуулга /2хх 230-231/,

яллагдагч Э.Хын Хаан банканд эзэмшдэг ... дугаартай дансанд 2023 он 1 дүгээр сарын 19-ний өдөр үзлэг хийхэд 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 19:24 цагт Хаан банкны ... дугаартай данс руу 100,000 төгрөг, 19:54 цагт 900,000 төгрөгөөр нийт 2 удаагийн шилжүүлгээр зарлагын гүйлгээ хийгдсэн гэсэн тэмдэглэл /2хх 232/,

яллагдагч Э.Хын Хаан банканд эзэмшдэг ... дугаартай дансны хуулга /2хх 233/,

Дамно ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын №ХУ2-22-1131 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 242-243/,

шүүгдэгч Э.Хын “...Л залгаад манай найзын эгчийнх нь барилгын компани барилга барьж дуусаад пум төмөр зарна гэж байна, та хямд авах уу гэж санал тавьсан. ..Тэгээд Хан-Уул дүүргийн 6 хороонд байрлах газраас 24 ширхэг отвод төмөр авсан. Тухайн төмрийг авахдаа хөлсөөр портер машин түрээслээд аваад явсан. Энэ жишгээр 2-3 удаа Лээр дамжуулж төмөр авсан. Л тухайн зүйлсийг хулгайн эд зүйл гэдгийг хэлээгүй. Би тухайн үед төлбөр тооцоог боломжтой бол шууд хийдэг, эсвэл сүүлд нь пум төмрөө зараад хийдэг байсан. Лийн найзууд Б, Э, М гэх хүүхдүүд байсан. Энэ хүүхдүүд надад пум төмөр байгаа газраа зааж өгдөг байсан. Л найз нар руугаа ярьдаг байсан, тэгээд би түүнээс очиж пум төмөр авдаг байсан. Хулгайн эд зүйлс гэдгийг эхэндээ мэдээгүй байсан, сүүлдээ мэддэг болсон. Сүүлдээ мэдээд Лд хэлсэн чинь ямар ч хамаарал байхгүй гэж хэлсэн. Би ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх 172-173/ зэрэг баримтуудаар,

7. Яллагдагч Г.Э, А.Б, И.М, Э.Л нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, баруун турууны задгай тоотод үйл ажиллагаа явуулах “Тэргүүн саруул зам” ХХК-ийн аж ахуйн хашаанаас 2022 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 60х120 хэмжээтэй 90 ширхэг барилгын хэв хашмал болох пум төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ч.Бт 2.340.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны задгайд төмөр алдсан гэх хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 36-38/,

хохирогч Ч.Бын “...2022 оны 12 дугаар сарын 05-ны шөнө хашаанд хураалттай байсан пумийг эргэж тойрч хоноод сайн унтаж чадаагүй. Маргааш орой нь хэвтэж байгаад тэр чигтээ нам унтсан байсан. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өглөө босоод хашаагаа тойроод эд зүйлийг шалгаад явж байхад хашаанд хураалттай байсан 120 ширхэг барилгын “пум” байснаас 90 ширхэг нь алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Манай хамтран амьдрагч Б нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш тухайн байгууллагад манаачаар ажиллаж байгаа юм. Алдагдсан “Пум 1 ширхгийг 35000 төгрөгөөр үнэлж байна. Манай байгууллагын хашаанд ямар ч хяналтын камер байдаггүй. Ойр орчим бага зэрэг айлууд байдаг. Тэгэхдээ хяналтын камертай газар байхгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /3хх 44-45/,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны №2414 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 51-53/,

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр И.Мийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3хх 73-75/,

А.Бээс хохирол 3,150,000 төгрөгийг барагдуулсан тухай 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Тэргүүн саруул зам ХХК-ийн кассын орлогын ордер /4хх 44/ зэрэг баримтуудаар,

8. Яллагдагч Г.Э, А.Б, И.М, Э.Л нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Биндэр Мөнх” ХХК-ийн аж ахуйн хашаанаас 2022 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 60х120 хэмжээтэй 130 ширхэг барилгын хэв хашмал болох пум төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ц.Бт 8.970.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр И.Мийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх 117-118/,

хохирогч Ц.Бын “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны задгай тоотод төмөр хийцийн үйлдвэрийн “Биндэр мөнх” ХХК-ийн үйл ажиллагааг хариуцан явуулдаг юм. Манай аж ахуй нэгжийн хашаанд барилгын хэв хашмал буюу пум, барилгын шат, төмөр хийцүүд гэх мэт эд зүйлс хураасан байдаг. 2022 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 3-4 цагийн хооронд хэсэг портер машинтай хүмүүс манай хашаа руу орж ирэн хураалттай байсан барилгын хэв хашмалаас авсан байсан. Тухайн үедээ би мэдэхгүй байж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс цагдаа нар холбогдож хэсэг бүлэг барилгын хэв хашмал хулгайлдаг хүмүүсийг барьсан. Эдгээр хүмүүс 2022 оны 12 дугаар сард танайхаас барилгын хэв хашмал хулгайлсан гэдгээ хэлсэн гэхээр нь би хашаанд хураасан байсан хэв хашмалыг тоолж үзэхэд 60x120 см хэмжээтэйгээс нийт 130 ширхэг дутуу байхаар нь харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай хашаанаас нийт 130 ширхэг барилгын хэв хашмал алдагдсан, өөр алдагдсан зүйл байхгүй, хашаанд ямар нэгэн хүн байхгүй, хоосон байсан. Камерын бичлэг байхгүй. Би хэв хашмалын нэг ширхгийг нь 80 төгрөгөөр үнэлж байна. Миний хэв хашмалууд нь засаж янзалсан 60x120см хэмжээтэй байсан...” гэх мэдүүлэг /3хх 122/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №2686 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 132-133/,

шүүгдэгч Г.Эын “Биндэр мөнх” ХХК-ийн хашаанаас 2022 оны 12 дугаар сарын 10-наас 11 -нд шилжих шөнө ...улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 130 ширхэг барилгын хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хохирогч Ц.Бт хохирол учруулсан үйлдэлд ял сонсгож, яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3хх 146/,

шүүгдэгч И.Мийн “...Биндэр мөнх” ХХК-ийн хашаанаас 2022 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ...улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 130 ширхэг барилгын хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хохирогч Ц.Бт хохирол учруулсан үйлдэлд ял сонсгож, яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3хх 53/,

шүүгдэгч Э.Лийн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3хх 160/

шүүгдэгч А.Бий “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3хх 167 зэрэг баримтуудаар,

9. Яллагдагч Г.Э, А.Б, Э.Х, Э.Л нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо “Хаппи ресиденс” хотхон баригдаж байгаа хашаанаас 2022 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 100 ширхэг барилгын хэв хашмал төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, О.Бэд 6.990.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч О.Бийн “...Би “Нэмэнх констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Манайх Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хаппи ресидэнс хотхоны авто угаалгын газрын баригдаж байгаа барилгын ажлыг гүйцэтгэж байгаад 10 сараас ажил зогсоод хэрэглэж байсан багаж хэрэгсэл, хэв хашмалаа тэр барилгын суурийн хэсэгт хашаанд хураагаад орхисон байсан. Манай багаж хураасан хашааны хажууд Хаппи ресиденс хотхоны барилгын харуул байдаг, хариуцдаг болохоор тэнд нь хураагаад орхисон. Саяхан шалгахад барилгын хэв хашмал алга болсон байсан. Хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сард ажил дуусаад хашаанд хураасан байж байгаад саяхан дутсан талаар мэдсэн. Хэзээ алдсан талаар мэдэхгүй байна. Шалгаж үзэхэд хэсэг хэв шахмал алдагдсан байна, тоогоо гаргаагүй байна. Эдгээр хэв хашмал компанийн өмч, нэг ширхэг хэв хашмалыг 70,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /4хх 3/,

гэрч Б.Аын “...2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэгээ тасрахаас өмнө нэг залуу намайг Баянхошууны тойрог дээр зогсож байхад ирж уулзаад шөнө ачаа ачина, та явах уу, одоо ачаа бэлэн болоогүй, бэлэн болохоор залгая гээд миний утасны дугаарыг аваад явсан. Би тэр залууд шөнө явахгүй, үгүй бол хөлсөө нэм гэж хэлэхэд за гээд явсан. Шөнө 02 цагийн үед байх, нөгөө залуу над руу залгаад яармагт хүрээд ир гэсэн. Яармагт очоод залгахад нэг машинтай хүн залгаж ирээд дагуулаад Яармагийн Хүннү молл төвийн урд нэг уулын энгэрт очоод зогссон. Тэнд хүлээж байхад 4 хүн миний машинд хэв хашмал ачсан. Ачаад дуусахад би ...утсаар ярьсан нөгөө залуутай холбогдоод хаана хүргэж өгөх үү гэхэд Зүүн салаанд гэсэн. Зүүн салаанд очиход нэг хашаанд залуу өөрөө байж байсан. Би тэр хашаанд буулгачхаад явсан. Надад ачаа буулгасны дараа 330.000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг /4хх 28/,

2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагч Э.Лийн Хаан банканд эзэмшдэг ... дугаартай дансанд үзлэг хийхэд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 04:36 цагт Э.Хын Хаан банкны ... дугаартай данснаас 2,420,000 төгрөг орлогын гүйлгээ хийгдсэн байна. Э.Лээс Нутгийн буянгийн хашаанаас авсан хэв хашмалыг зарсан мөнгөө шөнөдөө шилжүүлж авсан гэж тайлбарласан гэсэн тэмдэглэл /4хх 9/,

яллагдагч Э.Лийн Хаан банканд эзэмшдэг ... дугаартай дансны хуулга /4хх 10-11/,

“...2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагч Э.Хын Хаан банканд эзэмшдэг ... дугаартай дансанд үзлэг хийхэд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 04:36 цагт Э.Лийн Хаан банкны ... дугаартай данс руу 2,420,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна...” гэсэн тэмдэглэл /2хх 232/,

яллагдагч Э.Хын Хаан банканд эзэмшдэг ... дугаартай дансны хуулга /4хх 13-14/,

Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын ХУ2-23-27 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 31-32/,

шүүгдэгч А.Бий “...Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөрвөн уул Хан хайрхан ХХК-ийн аж ахуйн хашаанаас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 19 цагийн орчимд 50 ширхэг хэв хашмал болон 100 ширхэг булан төмөр болон 2 ширхэг пуужин авсан гэж хэрэгт авагдсан байна. Би тухайн байгууллагаас 50 ширхэг хэв хашмал араам, 100 ширхэг хавчаар авсан, 2 ширхэг пуужин авсан, өөр зүйл аваагүй. Тухайн байгууллагад 100 ширхэг хавчаар болон 2 ширхэг пуужинг буцаан өгсөн. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Амгалан хотхоны хажууд баригдаж байгаа хувийн хэвшлийн барилга дээрээс 2022 оны 11 сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 84 ширхэг хэв хашмал, 200 ширхэгтэй 780 ширхэг пин, 12 бэхэлгээг авсан гэсэн байна. Бид нар нийт 50 ширхэг пум төмөр авсан, өөр зүйл аваагүй. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны задгайд үйл ажиллагаа явуулах Тэргүүн саруул зам ХХК-ийн хашаанаас 2022 оны 12 дугаар сарын 06-нд 90 ширхэг барилгын хэв хашмал хулгайлсан гэх хэрэгт бид нар 30x120 хэмжээтэй араам 90 ширхгийн авсан байтал бүтэн пум төмөр авсан гэж үнэлгээ гарсан байна. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хуягт харш ХХК-ийн хашаанаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 281 ширхэг барилгын хэв хашмал төмөр авсан гэсэн байна. Тухайн байгууллагын хашаанаас нийт 30x120 хэмжээтэй пум төмөр 99 ширхэг, 60x120 хэмжээтэй пум төмөр 99 ширхэг авсан. Тэгтэл тухайн хэргүүдийн хохирогч нар худал мэдүүлэг өгсөн байна гэж үзэж байна. Дамно хөрөнгийн үнэлгээний байгууллага үнэлгээ хийхдээ 30x120, 40x120 хэмжээтэй пум төмрийн үнэлгээг 60x120 пум төмрийн үнэлгээтэй ижил хийсэн байна. ...Өнөөдрийн байдлаар хохирол гэж 22,605,000 төгрөг төлсөн. Б хохирогчид 6,990,000 төгрөг, Б гэх хохирогчид 3,150,000 төгрөг, Ц.Б гэх хохирогчид 8,970,000 төгрөг, Дөрвөн-Уул Хан хайрхан ХХК-д 3,495,000 төгрөгийн хохирлыг тус тус барагдуулсан. Тэгэхдээ 22,605,000 төгрөгөөс И.М 5,400,000 төгрөгийг хохирлын мөнгө гэж миний данс руу хийснийг би хохирол нөхөн төлөхдөө ашигласан. Би өөрт ногдох хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /4хх 205-206/,

шүүгдэгч А.Бий “...И.М, Э.Л, Г.Э бид нар тухайн үедээ барилга дээр хамт ажилладаг байсан. Бид нар бөөндөө барилгын пум төмөр хулгайлж, тухайн пум төмрөө Э.Хт зах зээлийн үнээс арай хямдхан зардаг байсан. Миний ашигладаг банкны ... данс руу Э.Хын ... данснаас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, ... дугаартай данснаас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ... дугаарын данснаас 800,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ... данснаас 2,500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ... дугаарын данснаас 6,960,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ... данснаас 1,250,000 төгрөг орсон. Тухайн мөнгөнүүд бол бид нарын барилга дээрээс хулгай хийж олсон мөнгө байгаа юм. Тухайн мөнгийг би цааш нь 4 хувааж И.М, Э.Л, Г.Э нарт өгдөг байсан. Би тухайн байгууллагуудад учирсан хохирлыг барагдуулна гэдгээ илэрхийлсэн, одоогийн байдпаар 16,605,000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг /5хх 89/,

шүүгдэгч Э.Лийн яллагдагчаар өгсөн “...Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөрвөн-Уул Хан хайрхан ХХК-ийн аж ахуйн хашаанаас ...50 ширхэг хэв хашмалын араам, 100 ширхэг хавчаар авсан, 2 ширхэг пуужин авсан, өөр зүйл аваагүй. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Амгалан хотхоны хажууд баригдаж байгаа хувийн хэвшлийн барилга дээрээс ...нийт 50 ширхэг пум төмөр авсан, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны задгайд үйл ажиллагаа явуулах Тэргүүн саруул зам ХХК-ийн хашаанаас ...30x120 хэмжээтэй араам 90 ширхгийг авсан, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хуягт харш ХХК-ийн хашаанаас ... 30x120 хэмжээтэй пум төмөр 99 ширхэг, 60x120 хэмжээтэй пум төмөр 99 ширхэг авсан. ...Үнэлгээ нэг мөсөн гарсан үед хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /4хх 209-210/,

мөн түүний дахин яллагдагчаар өгсөн: “...Х бид нараас өөрөө ирж пум төмөр авдаг байсан, хямдхан аваад цаашаагаа өндөр үнээр зардаг, бид нартай гурван үйлдэл дээр хамт өөрөө явж пум төмөр хулгайлсан” гэх мэдүүлэг (5хх 14),

мөн түүний дахин яллагдагчаар өгсөн: “...Миний ашигладаг Хаан банкны ... данс руу Э.Х нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 1,600,000 төгрөг өгсөн. Тухайн мөнгө нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 7 дугаар сургуулийн хажууд байрлах барилгаас хулгайлсан эд зүйлсийн мөнгө байсан. Тухайн мөнгийг би И.М, А.Б, Г.Э нарт хувааж хүний 400,000 төгрөг болсон. Тухайн үйлдэл дээр И.М, А.Б, Г.Э бид нар хулгайлж Э.Хт зарсан. Тухайн үйлдэл дээр Э.Х нь өөрөө хамт хулгайлж машин дээрээ ачсан. Дараа нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Э.Хын данснаас 2,400,000, 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Э.Хын ... дугаартай Хаан банкны данснаас 2,300,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 960,000 төгрөг орж ирсэн. Тухайн мөнгө нь бид нарын барилга дээрээс хулгай хийгээд Э.Хт зарсан гэх мөнгөнүүд байгаа юм. Тухайн мөнгийг би яг 4 хувааж, И.М, А.Б, Г.Э нарын данс руу хийдэг байсан” гэх мэдүүлэг /5хх 91/,

шүүгдэгч И.Мийн “...Би нийт 7 үйлдэлд оролцсон. Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хаппи ресиденс хотхоны баригдаж барилгын машин угаалгын газрын хашаанаас ...хэв хашмал төмөр хулгайлсан үйлдэлд оролцоогүй, бусад 7 үйлдпээ зөвшөөрч байна. ...Дамно хөрөнгийн үнэлгээний ХУ2-23-768 дугаартай дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Хохирол барагдуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4хх 213-214/,

мөн түүний яллагдагчаар дахин өгсөн “...Х нь бид нараас өөрөө машинтай ирж пум төмөр авдаг байсан. Бид нараас хямдхан аваад өөрөө цаашаагаа өндөр үнээр зардаг байсан...” гэх мэдүүлэг /5хх 12/,

яллагдагч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг /4хх 217-218/,

мөн түүний яллагдагчаар дахин өгсөн: “...Х бид нараас өөрөө машинтай ирж пум төмөр авдаг байсан. Бид нараас арай хямдхан аваад өөрөө цаашаагаа өндөр үнээр зардаг байсан. Бид нартай гурван үйлдэл дээр хамт өөрөө явж пум төмөр хулгайлсан...” гэх мэдүүлэг /5хх 8-9/,

шүүгдэгч Э.Хын яллагдагчаар өгсөн “...Дамно хөрөнгийн үнэлгээний ХУ2-23-768 дугаартай дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Би хулгайлах үйлдэл хийгээгүй. Эхлээд Э.Л над руу залгаад ...барилгын хуучин төмөр авах уу гэсэн. Би эхний удаа Лээс барилгын пум төмөр аваад цааш нь мөнгө нэмж зарсан. Л над руу 2-3 удаа залгаж пум төмөр өгсөн. ...Зар дээрээс харж байгаад портер машин хөлслөөд пум төмөр авсан. Тухайн үед би өөрөө очоогүй. Дараагийн удаа Баянхошууны тойрог дээр портерийн жолоочтой уулзаж хаанаас пум төмөр авахыг зааж өгөөд явуулсан. Тэгэхдээ Лийн дугаарыг өгсөн. Би тухайн хүүхдүүдээс пум хулгайлаад өг, би хямдхан авна гэж хэлсэн зүйл байхгүй. ...Лээс ямар учиртай отвод төмөр вэ гэхэд миний төмөр байгаа юм гэж хэлсэн. Би явах гэж байтал Л дуудаад ахаа наад отвод төмөр чинь хулгайн төмөр байгаа шүү гэж надад хэлсэн. Би өмнөх пум төмөр авч байснаа бодоод тэр төмөр хулгайн пум төмөр байна гэж ойлгосон. Би тухайн хүүхдүүдээс авсан пум төмрийн мөнгийг дандаа Лийн данс руу хийдэг байсан. Хулгайн эд зүйлс авсандаа гэмшиж байна. Учирсан хохирлыг хуваан төлнө гэдгээ илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /5хх 5-6/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Э, И.М, А.Б, Э.Л, Э.Х нарыг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Э, И.М, А.Б, Э.Л, Э.Х нарын барилгын хийцэд ашигладаг хэв хашмал төмрийг хулгайлан авах газраа сонгож, хүнгүй үеэр нь очиж, их хэмжээгээр дунд оврын ачааны машин дээр ачиж, улмаар зөөвөрлөн бусдад худалдан борлуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Г.Э, И.М, Э.Л нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг “...Ялтан Э.Л, Г.Э, И.М нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдэл дээрээ маргадаггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, ойлгож байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн болон хувийн байдлууд зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Э.Л, Г.Э нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил, И.Мид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил болгож хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Э.Хын өмгөөлөгч Ж.Давааням “...хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Х нь Э.Ч, Г.Э, И.М, А.Б нартай бүлэглэн бусдын эд хөрөнгө болох барилгын хэв хавшмал, отвод буюу сангийн холбогч төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Э.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Э.Х “... миний бие эрх зүйн мэдлэг дутмагаас шууд хуулийн байгууллагад хандах иргэний үүрэг болон хожмын үр дагаврыг ухамсарлалгүй Э.Л, Г.Э, И.М, А.Б нарын үгсэн тохирч хамтран хулгайлах үйлдэл хийснийг мэдээгүй, оролцоогүй, ... бүх хохирлыг бүрэн барагдуулсан байдлыг минь харгалзан зүйлчлэлийг өөрчлөн, гэм буруугийн хэмжээнд тохирсон шийтгэлийг оноож өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч И.М “...миний бие учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, гэм буруу дээрээ маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эхнэр Ө маань 7 сартай жирэмсэн тул анхан шатны шүүхээс надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил болгож өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Э.Л “... миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан. ... 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Г.Э “... миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшин ойлгож, гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч, бүрэн барагдуулсан, ...анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийн хүрээнд тухайн хэрэгт шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлтээс хамааруулан уг зүйлийг хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч И.М, А.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан хуулийн шаардлагад нийцсэн байх тул хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

Харин, анхан шатны шүүх хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зүйл, заалтыг журамласан атлаа тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс багасгаагүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Э, Э.Л нарт 2 жилийн хорих ял оногдуулах үндэслэлээ тайлбарлаагүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Э, Э.Л нарын анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Э, Э.Л нарт тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” бол мөнгө угаах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Шүүгдэгч Э.Л гэрчээр “...2022 оны 9 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Х ах над руу залгаад хэв хашмал байна уу гэсэн. Тэгээд би 7 дугаар сургуулийн арын хашааны хэв хашмалаас авах уу, харуул байхгүй ш дээ гэхэд Х ах тэгье гэсэн. Тэгээд би Э, М, Б нарын хамт тэр өдрийн орой Хан-Уул дүүргийн Нисэхийн 7 дугаар сургуулийн арын нэг барилгын материал хураасан хашаанаас шөнө 02 цагийн үед 58 ширхэг хэв хашмалыг гаргаж хурааж байгаад Хлуу залгахад Х ах удаагүй нэг портертой ирээд бид нар тэр хэв хашмалыг ачаад өгөөд явуулсан. ...” /2хх 46/,

түүний гэрчээр өгсөн “...Бид нар тухайн төмрийг харчихаад утсаараа тоглоод сууж байхад Х ах миний гар утас руу залгаад юу хийж байна, өгөх юм байна уу гэж асуусан. Тухайн үед би энд хоолойны холбоос том төмөр байна, та авах уу гэхэд Х ах очоод авъя гэсэн, тэгээд шөнө 02 цагийн орчим Х ах цагаан өнгийн приус 20 тээврийн хэрэгсэлтэй портер машин дагуулаад ирсэн. Бид 4 тухайн төмрийг ачиж өгөөд Хын ахыг явуулсан. ...” /2хх 216-217/,

шүүгдэгч Э.Хын гэрчээр өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын үед би өдрийг нь санахгүй байна. Би гэртээ байхад Л гээд барилга дээр ажиллаж байхад нь би мод ачих гэж очоод танилцаж байсан залуу залгаад, та хэв хашмал авах уу гэсэн, би авъя гээд авахаар болсон. Тэгээд би шөнө хөлсний машин аваад Лийн зааж өгсөн газарт ирэхэд Л хамт явсан 2 хүний хамт гурвуулаа байсан. Тэр 3 хэв хашмалаа гаргаад бэлдээд хүлээж байсан, би очоод Лтэй уулзаад бэлдсэн хэв хашмалыг ачаад явсан. ...” /2хх 49-50/,

түүний гэрчээр өгсөн “...Тэгсэн шөнө машинтай яваад ир гэсэн. Би шөнө 01 цагийн орчим утсаар холбогдож байгаад морин тойруулгын урд очиж уулзахад пум болохоо больсон, та энэ төмрийг хардаа гээд надад отвод төмөр үзүүлсэн. Би тухайн төмрийг харж байгаад үнэ байдаг талаар мэдэхгүй байна гэхэд та зохих үнээр нь зараад мөнгийг нь өгчих гэсэн. Тэгээд дагуулж ирсэн портер дээр Л болон тэдний найзуудаар ачуулаад аваад явсан. ...” /2хх 223/,

шүүгдэгч А.Б гэрчээр “...Тэгээд бид нар харж байгаад Л Х луу залгаад энд Г хэлбэртэй төмөр хоолойнууд байна, авах уу гэсэн авъя, хаана юм, зарагдахад удна, авч болно гэсэн. Удаагүй Х өөрөө приус 20 маркийн машинтайгаа бас нэг портер ирээд бид нар тэр портерт нь жижиг 1 ширхэг, том 12 ширхэг Г хэлбэрийн төмөр хоолой ачаад явуулсан. Л, Х хоёр тооцоогоо хийсэн. ...” /2хх 221/ гэж,

шүүгдэгч Э.Х яллагдагчаар “...Л залгаад манай найзын эгчийнх нь барилгын компани барилга барьж дуусаад пум төмөр зарна гэж байна, та хямд авах уу гэж санал тавьсан. ...Тэгээд Хан-Уул дүүргийн 6 хороонд байрлах газраас 24 ширхэг отвод төмөр авсан. Тухайн төмрийг авахдаа хөлсөөр портер машин түрээслээд аваад явсан. Энэ жишгээр 2-3 удаа Лээр дамжуулж төмөр авсан. Л тухайн зүйлсийг хулгайн эд зүйл гэдгийг хэлээгүй. Би тухайн үед төлбөр тооцоог боломжтой бол шууд хийдэг, эсвэл сүүлд нь пум төмрөө зараад хийдэг байсан. Лийн найзууд Б, Э, М гэх хүүхдүүд байсан. Энэ хүүхдүүд надад пум төмөр байгаа газраа зааж өгдөг байсан. Л найз нар руугаа ярьдаг байсан, тэгээд би түүнээс очиж пум төмөр авдаг байсан. Хулгайн эд зүйлс гэдгийг эхэндээ мэдээгүй байсан, сүүлдээ мэддэг болсон. Сүүлдээ мэдээд Лд хэлсэн чинь ямар ч хамаарал байхгүй гэж хэлсэн. Би ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Маргах зүйл байхгүй...” /2хх 172-173/,

мөн тэрээр яллагдагчаар “... Би хулгайлах үйлдэл хийгээгүй. Эхлээд Э.Л над руу залгаад ...барилгын хуучин төмөр авах уу гэсэн. Би эхний удаа Лээс барилгын пум төмөр аваад цааш нь мөнгө нэмж зарсан. Л над руу 2-3 удаа залгаж пум төмөр өгсөн. ...Зар дээрээс харж байгаад портер машин хөлслөөд пум төмөр авсан. Тухайн үед би өөрөө очоогүй. Дараагийн удаа Баянхошууны тойрог дээр портерийн жолоочтой уулзаж хаанаас пум төмөр авахыг зааж өгөөд явуулсан. Тэгэхдээ Лийн дугаарыг өгсөн. Би тухайн хүүхдүүдээс пум хулгайлаад өг, би хямдхан авна гэж хэлсэн зүйл байхгүй. ...Лээс ямар учиртай отвод төмөр вэ гэхэд миний төмөр байгаа юм гэж хэлсэн. Би явах гэж байтал Л дуудаад ахаа наад отвод төмөр чинь хулгайн төмөр байгаа шүү гэж надад хэлсэн. Би өмнөх пум төмөр авч байснаа бодоод тэр төмөр хулгайн пум төмөр байна гэж ойлгосон. Би тухайн хүүхдүүдээс авсан пум төмрийн мөнгийг дандаа Лийн данс руу хийдэг байсан. Хулгайн эд зүйлс авсандаа гэмшиж байна. Учирсан хохирлыг хуваан төлнө гэдгээ илэрхийлж байна...” /5хх 5-6/ гэж тус тус мэдүүлэг өгчээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Э.Х нь Г.Э, И.М, А.Б, Э.Л нараар хулгай хийх гэж байгаа газрыг заалгаж, шөнийн цагаар ачаа ачуулахаар дунд оврын ачааны машины жолоочтой тохиролцон төлбөр төлж, улмаар хулгай хийж байх үед нь очин хулгайн эд зүйлийг ачиж зөөвөрлөн, худалдан борлуулдаг үйл баримт тогтоогджээ.  

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Э, И.М, Э.Л нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгч Э.Хын өмгөөлөгч Ж.Давааням, шүүгдэгч Э.Х, И.М, Э.Л, Г.Э нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Э, И.М, А.Б, Э.Л, Э.Х нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/356 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...шүүгдэгч Г. Э, Өндөр Э.Л нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял; ...” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Г.Э, Э.Л нарыг тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял; ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э, И.М, Э.Л нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгч Э.Хын өмгөөлөгч Ж.Давааням, шүүгдэгч Э.Х, И.М, Э.Л, Г.Э нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, И.М, А.Б, Э.Л, Э.Х нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР