| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0872/З |
| Дугаар | 128/ШШ2026/0275 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2026/0275
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХК /РД:/
Хариуцагч: Нийслэлийн Газрын маргаан таслах зөвлөл
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч : М************** ХХК /РД:/ нарын хоорондын Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлт болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахим/, Н.А/цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч М ХК анх шүүхэд М ХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 967м.кв бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
2. Хэрэгт авагдсан баримтууд:
2.1. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар Холбооны сүлжээний төрийн өмчит компани байгуулах тухай тогтоолоор М*******,, /хуучин нэрээр/-өөс шилжүүлсэн үндсэн ба эргэлтийн хөрөнгө, М ХК-ийн түрээсээр ашиглаж байгаа монополь шинжтэй суурь болон салбар сүлжээний тоног төхөөрөмж, барилга байгууламжийг түшиглэн зөвхөн сүлжээний үйлчилгээ явуулах бие даасан Холбооны сүлжээний төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгаж, Холбооны үндсэн сүлжээг үр ашигтай, тэгш эрхтэйгээр ашиглуулах, үйлчилгээний салбарт өрсөлдөөн бий болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжид олгох тусгай зөвшөөрлийг сүлжээ болон үйлчилгээний чиглэлээр нэг аж ахуйн нэгжид давхардуулан олгохгүй байх чиглэл баримталж ажиллахыг Харилцаа, холбооны зохицуулах хороонд үүрэг болгожээ.
2.2. Төрийн өмчийн хорооны 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 671 дүгээр Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолоор... М*******, харилцаа холбооны хөгжлийн төв-ийн дансанд бүртгэлтэй 1 дүгээр хавсралтад заасан 152 782 096 109,2 /Нэг зуун тавин хоёр тэрбум долоон зуун наян хоёр сая ерэн зургаан мянга нэг зуун есөн/ төгрөгийн үндсэн хөрөнгийг М************** төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид, балансаас балансад шилжүүлсэх, уг тогтоолын нэгдүгээр хавсралт - М************** ХХК-д шилжүүлэх хөрөнгийн жагсаалтад Хөрөнгийн код-30*******, АТС-35 барилга анхны үнэ 26,842,012.40 гэж заажээ.
2.3. 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 99 дүгээр Газар ашиглах эрхийг баталгаажуулах, шинээр эрх олгох тухай захирамжаар хавсралтад заагдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажуулсны 33-д М ХК 14-р хороо, Аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар 967 м.кв газар-ыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 0******* дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан,
2.4. Харин, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 378 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар 36 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших ашиглах эрхийг шинээр баталгаажуулсан, хавсралтын 17-д М************** ХХК-нд Чингэлтэй дүүрэг 14-р хороо, үйлчилгээний зориулалттай 967 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, 2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 02******* дугаар Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхий гэрчилгээ олгосож, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.
2.5. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/02 тушаалаар М ТӨХК-ийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгажээ.
2.6. Гуравдагч этгээдээс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/353 дугаар албан бичгээр Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасныг тус зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр М************** ХХК-ийн гомдлын тухай дүгнэлтээр 1 дэх заалтаар Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дах хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч М************** ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" А/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Засгийн Газрын 2024 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам-ын 7.10-д заасны дагуу дүгнэлтийн биелэлтийг ханган ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн байна.
2.7. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай тушаалаар М************** ХХК-ийн газрыг 15 жилийн хугацаагаар сунгажээ.
3.1. Ийнхүү нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлдээ: М ХК нь Монгол Улсын харилцаа холбооны салбарын анхны байгууллага бөгөөд энэ жил 104 дэх жилдээ харилцаа холбооны үйлчилгээг тасралтгүй хүргэн ажиллаж байгаа төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд юм.
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаар тогтоолоор холбооны үндсэн суурь сүлжээний төрийн өмчит компани байгуулахаар шийдвэрлэсний дагуу Төрийн өмчийн хорооны 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 491 дүгээр тогтоолоор М************** ТӨХХК-ийг үүсгэн байгуулж бүтцийн өөрчлөлт хийж, М ХК-ийг М ХК, М************** ХХК болгон хоёр хуваасантай холбогдуулан нэр бүхий эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг шинээр байгуулагдсан компани болох М************** ТӨХХК-д шилжүүлэхдээ маргаан бүхий газрыг шилжүүлээгүй байдаг.
Үүнээс 2 жил орчмын дараа буюу 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 99 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 967 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М ХК-д эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд газар эзэмших эрхийн хугацааг дахин тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/02 дугаар тушаалаар газар эзэмших эрхийг сунгасан ба одоог хүртэл хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа билээ.
Газар дээр станцын зориулалттай ашиглалтын шаардлага хангахгүй хуучны барилга байдаг ба Мны тоног төхөөрөмж, кроссын блок, инженерийн албаны өрөө болон М************** ТӨХХК-ийн ашиглагдахаа больсон 2 өрөө байдаг.
Гэтэл дээрх газрыг М************** ТӨХХК нь манай эзэмшлийн газар хэмээн маргаж Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөлөөс М ХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон.
М************** ТӨХХК нь М ХК-д газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосноос хойш хууль бусаар Нийслэлээс давхардуулан гэрчилгээ гаргуулан авсан байдаг ба 2021 онд нөхөн бүрдүүлэлтээр М ХК-ийн нэгж талбарын 15******* дугаартай давхардуулан нэгж талбарын дугаар авсан болохыг газрын албаны холбогдох албан тушаалтнууд хүлээн зөвшөөрдөг боловч Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн өөрсдийнхөө шийдвэрийг хамгаалж хууль бус дүгнэлт гарган, хууль ёсоор газар эзэмшиж буй аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон гэж үзэж байна.
Иймд Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ: ...М ХК-ийн зүгээс Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан ... М ХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 967 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Гэтэл бид газрын мэдээллийн нэгдсэн цахим систем болох egazar.gov.mn хаягнаас олж мэдсэн бөгөөд түүнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Манай компанийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 967 м.кв талбай бүхий, аж ахуйн зориулалттай, нэгж талбарын 15******* дугаар бүхий газрын эзэмших эрхийг Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэр гарч байх үед бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй М************** ХХК-ийн нэгж талбарын 15******* дугаартай, 967 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн хугацаа дууссан байсан.
Тодруулбал хэргийн материалын хоёрдугаар хавтасны 27 дугаар хуудсанд М************** ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авагдсан байна.
Уг гэрчилгээнээс харахад Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 378 дугаар захирамжаар М*******,******* ХХК-д маргаан бүхий газарт газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар олгосон байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 02******* дугаартайгаар олгосон байна.
Үүнээс харахад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох М************** ХХК-ийн газар эзмших эрхийн хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон байна.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу М************** ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөрт багтаан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах ёстой байсан.
Гэвч тэд хэргийн материалын 1 дүгээр хавтасны 157 дугаар хуудсанд авагдсан баримтаас үзэхэд нэгэнт 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хугацаа нь дуусгавар газрын эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний гаргасан байна.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж заасны дагуу М*******,******* ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон.
Ийм байхад Нийслэлийн Засаг дарга нь манай компанийн хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ бүхий газартай давхцал бүхий, нэгэнт газар эзэмших эрхийн хугацаа нь дуусгавар болсон М************** ХХК-ийн газар эзэмших эрхийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугааp захирамжаар сунгаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчиж байна.
Бид үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй Нийслэлийн Газрын газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган хандсан.
Манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох агуулга бүхий дүгнэлтийг Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлтээр гаргасан.
Үүнийг бид эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх хугацаанд Нийслэлийн Засаг даргын зүгээс маргаан бүхий газарт газар эзэмших эрхийг хугацаа дууссан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох М************** ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь Газрын тухай гийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэж заасныг зөрчсөн байна.
Иймээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авч, хамтран хариуцагчаар Нийслэлийн засаг даргыг татаж өгнө үү гэжээ.
4.1. Хариуцагч Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...М************** ХХК-иас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд ирүүлсэн ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэсэн утга бүхий өргөдлийг хүлээн авч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 09 дүгээр хурлаар хэлэлцэн гомдол гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн дүгнэлт гаргасан.
Төрийн өмчийн хорооны 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хөрөнгө шилжүүлэх тухай 671 дүгээр тогтоолоор М*******, харилцаа холбооны хөгжлийн төвийн дансанд бүртгэлтэй үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, Улаанбаатар хот болон 21 аймаг, сумуудад холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан барилга, байгууламжуудыг М************** ХХК-ийн үндсэн хөрөнгөнд шилжүүлсэн.
Тус тогтоолын хэрэгжилтийг хангаж Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 352 дугаартай станцын барилгын газар эзэмших хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан байдаг. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 378 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байдаг. Тус газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж сунгуулах хүсэлт гаргахад Дүүргийн засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 99 дүгээр захирамжаар М ХК-д газар эзэмших эрхийг давхардуулан олгосон байна. Тус захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна заалтыг зөрчиж байна. Мөн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дах хэсэг Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна заасныг үндэслэж дүгнэсэн.
Иймд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 34 дугаар дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна.
Мөн нэхэмжлэгч М ХК нь Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гардаж авсан байдаг ба Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 603.6 дугаар заалтад заасны дагуу дүгнэлт гардан авсанаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандана заасныг зөрчиж байх тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
4.2. Хариуцагч Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Маргаан таслах зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр магадлалаар М************** ТӨХХК-иас Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд ирүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтийг Маргаан таслах зөвлөл хангаагүй. Төрийн өмчийн хорооны 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хөрөнгө шилжүүлэх тухай 671 дүгээр тогтоолоор М*******, харилцаа холбооны хөгжлийн төвийн дансанд бүртгэлтэй үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, Улаанбаатар хот болон 21 аймаг, сумуудад холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан барилга, байгууламжуудыг М************** ХХК-ийн үндсэн хөрөнгөнд шилжүүлсэн. Энэ тогтоол нь тухайн баримтад хавсаргаж ирсэн байгаа. Өмнөх хурал дээр энэ талаар ярьж байсан.
Тус тогтоолын хэрэгжилтийг хангаж Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 352 дугаартай станцын барилгын газар эзэмших хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан байдаг. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 378 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байдаг. Тус газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж сунгуулах хүсэлт гаргахад Дүүргийн засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 99 дүгээр захирамжаар М ХК-д газар эзэмших эрхийг давхардуулан олгосон байна. Тус захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна заалтыг зөрчиж байна. Мөн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дах хэсэг Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна заасныг үндэслэж байна гэсэн дүгнэлт гарсан.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт Нийслэлийн газрын алба нь энэ хуулийн 23.3-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу М************** ХХК-иас энэ дүгнэлтийг үндэслэл болгоод хүсэлтээ гаргасан. Үүний дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хүсэлтийг авсан. Энэ төслийг танилцуулсны үндсэн дээр 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/157 дугаар захирамж гарсан. Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлүүд нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...М************** ХХК-нд нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 378 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд худалдаа, үйлчилгээний зориулалттай 967 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Монгол улсын Төрийн өмчийн 2006 оны 671 дүгээр тогтоолыг үндэслэн газар эзэмших эрхийг баталгаажуулж шийдвэрлэсэн байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт Нийслэлийн газрын алба нь энэ хуулийн 23.3-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ. гэж заасан байдаг.
Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу М************** ХХК нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргахдаа Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр талуудын хоорондын маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн болохыг дурдаж, эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах үндэслэлээ тодорхойлсон байна.
Үүний дагуу холбогдох хүсэлтийг судалж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай дугаар тушаалыг гаргахдаа Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5.3 дахь хэсэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/273, А/1114 дүгээр хамтарсан тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дүрмийн 7.1.1 дэх заалт болон нийслэлийн Засаг даргын 2008 оны 378 захирамжийг үндэслэн худалдаа, үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн байна.
Тус захирамж нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.1. Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай компани Монгол Улсын Засгийн газрын 2006 оны ******* дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан 100 хувь төрийн өмчит компани юм.
Төрийн өмчийн хорооны 2006 оны 671 дүгээр тогтоолоор М*******, харилцаа холбооны хөгжлийн төвийн дансанд бүртгэлтэй үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, Улаанбаатар хот болон 21 аймаг, сумуудад холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан барилга байгууламжуудыг манай компанийн үндсэн хөрөнгөд шилжүүлсэн. Компанийн зүгээс тогтоолын хэрэгжилтийг хангаж Улаанбаатар хот болон аймаг, сумдын нутаг дэвсгэр дэх харилцаа холбооны зориулалттай барилга, байгууламж, радио релейны станцуудын газар эзэмших эрхийг шилжүүлэн авах ажиллагааг зохион байгуулсан байдаг.
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 35 дугаартай станцын барилгын газар эзэмших хүсэлтийг Нийслэлийн газрын албанд 2008 оны 07 дугаар сарын 01-ний едрийн 1/326 тоот албан бичгээр хандсан байдаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 378 дугаар захирамжаар 967 м.кв газрыг 15 жилийн хугацаатай манай компанид эзэмшүүлсэн.
Уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах үед Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар М ХК-д уг газрыг давхар эзэмшүүлж 2024 оны А/02 дугаар тушаалаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг сунгасан болохыг мэдсэн.
Компанийн зүгээс газрыг давхар бүртгэсэн зөрчлөө арилгахыг холбогдох эрх бүхий байгууллагуудад хандахад Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 2025 оны 01 дүгээр сарын 24-ний едрийн 01-05/392 тоот албан бичгээр, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10-17/188 тоот албан бичгээр санал гомдлоо дараа шатны байгууллагад хандаж шийдвэрлуулнэ үү гэсэн хариуг тус тус ирүүлсэн.
Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлтээр М************** ХХК-ийн 2006 оноос өнөөдрийг хүртэл бодитоор эзэмшиж байгаа газрыг М ХК-д олгосон нь газрын тухай хуулийн 31 дугээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн мөн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийг тодруулаагүй байна гэж дүгнээд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/02 дугаар захирамжийг хүчигүй болгосон.
Төрийн өмчийн хорооны 2006 оны 671 тоот Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын 2 дугаар М*******, харилцаа, холбоо, хөгжлийн төвийн балансаас М************** ХХК-д шилжүүлэх хөрөнгийн жагсаалт хавсралтын 7413 дахь мөрөнд 26,842,012.40 төгрөгийн анхны үнэтэй, Улаанбаатар хотод байрлах АТС-35 станцын барилгыг манай компанид шилжүүлсэн.
Иймд М ХК-ийн Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлтийг хучингүй болгуулах нэхэмжэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...манай компани газар эзэмших эрхийнхээ хүрээнд газар сунгуулах хүсэлтээ гаргасан. Дунд нь гаргасан маргааныг шийдүүлсэн. Шийдүүлснийхээ дараа шүүхээр Маргаан таслах комисс явж байсан. Энэ хооронд бид нар хөөн хэлэлцэх хугацааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын тушаалаар сунгаж өгнө үү гэсэн хүсэлтээ тавьж байсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга захирамжийг сэргээн олгосон. Ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:
2. Нэхэмжлэгч М ХК-иас хариуцагч нарт холбогдуулан М ХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 967 м.кв бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлт болон М************** ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Төрийн өмчийн хорооны тогтоолд газар шилжүүлэх талаар заагаагүй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын хүчин төгөлдөр захирамжийн дагуу манай байгууллага газраа зохих журмын дагуу эзэмшиж байхад уг газрыг бүхэлд нь гуравдагч этгээдэд давхардуулан олгосон нь хууль бус, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж тодорхойлсныг Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл ...Газрын тухай хуулийн 31.3-т заасныг зөрчиж байна, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар байшин, барилга...нь газрын үндсэн бүрдэл хэсэг гэж, гуравдагч этгээд Төрийн өмчийн хорооны 2006 оны 671 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн газрын албанд 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/326 тоот албан бичгээр хандсан, захирамж дүгнэлт үндэслэлтэй гэж тус тус тайлбарлан маргав.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаар Холбооны сүлжээний төрийн өмчит компани байгуулах тухай тогтоолоор "М" ХК-ийн түрээсээр ашиглаж байгаа монополь шинжтэй суурь болон салбар сүлжээний тоног төхөөрөмж, барилга байгууламжийг түшиглэн зөвхөн сүлжээний үйлчилгээ явуулах бие даасан Холбооны сүлжээний төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахыг Төрийн өмчийн хороо, М*******, харилцаа холбоо, технологийн газарт даалгаж шийдвэрлэсний дагуу Төрийн өмчийн хорооны 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 671 дүгээр Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолоор М*******, харилцаа холбооны хөгжлийн төвийн дансанд бүртгэлтэй 1 дүгээр хавсралтад заасан 152 782 096 109,2 /Нэг зуун тавин хоёр тэрбум долоон зуун наян хоёр сая ерэн зургаан мянга нэг зуун есөн/ төгрөгийн үндсэн хөрөнгийг М*******,******* төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлсэн, уг хавсралтын М*******,******* ХХК-нд шилжүүлэх хөрөнгийн жагсаалтад АТС-35 барилга, анхны үнэ 26,842,012.40 гэж заасан,
5. Түүнчлэн, 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 99 дүгээр Газар ашиглах эрхийг баталгаажуулах, шинээр эрх олгох тухай захирамжаар М ХК-д тус дүүргийн 14-р хороонд аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар 967 м.кв газрыг эзэмшүүлэх-ээр шийдвэрлэсэн,
6. Мөн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 378 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар 36 /Гучин зургаа/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шинээр баталгаажуулсан, хавсралтын 17-д М************** ХХК-д Чингэлтэй дүүрэг 14-р хороо, үйлчилгээний зориулалттай 967 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх-ээр шийдвэрлэсэн,
7. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/02 тушаалаар М ТӨХК-ийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар, Нийслэлийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай тушаалаар М************** ХХК-ийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан болох нь тус тус тогтоогдов.
8. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлтийн тухайд:
9. Тус зөвлөл нь дүгнэлтдээ ...Төрийн өмчийн хорооны 2006 оны 671 дүгээр тогтоолоор маргаан бүхий газар дээр байгаа эд хөрөнгийг М************** ХХК-д шилжүүлсэн баримт тогтоогдож байна, бусдын ашиглаж байгаа эд хөрөнгө байрлаж буй газрыг өөр хуулийн этгээдэд олгосон үйлдэл нь Газрын тухай хуулийн 31.3 дах заалтыг зөрчиж байна, иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 99 дүгээр захирамжаар М ХК-д газар эзэмших эрх олгосон нь хууль бус,...хугацааг сунгахдаа Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба нөхцөл байдлыг бүрэн судлаагүй шийдвэр гаргасан, маргаан бүхий газар дээр 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл бодитоор үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь М************** ХХК болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч М************** ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/02 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
10. Шүүхээс хариуцагч Газрын эрхийн маргаан таслах зөвлөл /цаашид Зөвлөл гэх/ нь Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 5.4.1-д гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээ, судалгааг оролцогч талууд болон холбогдох бусад этгээдээс гаргуулж авах, 5.4.2-т маргааны оролцогч талуудыг сонсох, тайлбар гаргуулах, 5.4.3-т гомдол, хүсэлт хянан шийдвэрлэхэд шаардлагатай нэмэлт нотлох баримтыг шаардах, 5.4.4-д шаардлагатай тохиолдолд шинжээчийг оролцуулан дүгнэлт гаргуулах гэж тус тус заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй атлаа тухайн дүгнэлтийг гаргасан нь хууль бус, уг хууль бус дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
11. Зөвлөл тухайн газрыг анх хэн эзэмших хүсэлт гаргасан болох, уг хүсэлт түүнийг шийдвэрлэсэн байдал нь хуульд нийцсэн эсэх, газар эзэмшигчийн эрх, үүргээ хэрхэн биелүүлж байгааг хангалттай шалгаж тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг зөрчсөн байна.
12. Нэхэмжлэгч байгууллагад анх 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар 967 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших эрх олгосноор газар эзэмших гэрээ байгуулагдан, эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар олгож улмаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/02 дугаар тушаалаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэсэн, харин гуравдагч этгээдэд 2008 оны 8 дугаар сарын 25-ны 378 дугаар бүхий Нийслэлийн засаг даргын захирамжаар тухайн газрыг мөн эзэмших эрх олгосноор газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар олгож гэрээг 15 жилийн хугацаагаар байгуулжээ.
13. Үүнээс үзвэл нэхэмжлэгч компанид газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу түрүүлж үүссэн, газрын төлбөрөө хугацаанд нь төлж гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байхад тус компанийн эзэмших эрх бүхий газрыг бүхэлд нь М************** ХХК-д эзэмшүүлэх эрх олгосон нь анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй, нэг газрын талаар Нийслэлийн засаг дарга болон Чингэлтэй дүүргийн засаг дарга аль аль нь шийдвэр гаргасан байхад энэ талаар огт судлаагүй, бодит байдлыг хангалттай тогтоогоогүй атлаа Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/02 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.
14. Тодруулбал, маргаан бүхий дүгнэлтээр, Төрийн өмчийн хорооны 2006 оны 671 дүгээр тогтоолоор маргаан бүхий газар дээр байгаа эд хөрөнгийг М************** ХХК-д шилжүүлсэн баримт тогтоогдож байна, бусдын ашиглаж байгаа эд хөрөнгө байрлаж буй газрыг өөр хуулийн этгээдэд олгосон үйлдэл нь Газрын тухай хуулийн 31.3 дах заалтыг зөрчиж байна, иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 99 дүгээр захирамжаар М ХК-д газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь хууль бус байна, захиргааны актын хугацааг сунгахдаа Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба нөхцөл байдлыг бүрэн судлаагүй шийдвэр гаргасан нь тогтоогдож байна, маргаан бүхий газар дээр 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл бодитоор үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь М************** ХХК болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хууль бус.
15. Учир нь хариуцагч дүгнэлтдээ Төрийн өмчийн хорооны 671 дүгээр тогтоолоор тухайн газар дээр байрлаж буй үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн-ийг үндэслэсэн боловч тухайн барилгын доторхи эд хөрөнгө болон түүний зориулалт, ашиглалтыг хэн нь хариуцаж байгааг нарийн тодорхойлж ялгалгүйгээр ...маргаан бүхий газар дээр 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл бодитоор үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь М************** ХХК болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн шүүхээс хийсэн үзлэгээр тухайн барилга дотор кабель, шугам сүлжээний төхөөрөмж суурилуулсан, уг тоног төхөөрөмжид М компани үйлчилгээ, арчилгаа хийж хариуцаж байгаа нь тогтоогдсон болно.
16. Энэ тохиолдолд ...бусдын ашиглаж байгаа эд хөрөнгө байрлаж буй газрыг өөр хуулийн этгээдэд олгосон гэж үзэх боломжгүй ба шүүхэд М ХК-иас ирүүлсэн нотлох баримтаар тухайн барилгын дотор буй шугам сүлжээний тоног төхөөрөмжүүд тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байгаа нь тогтоогдсон байхад хариуцагч шийдвэр гаргахдаа үүнийг шалгаж тодруулаагүй атлаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг энэ үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
17. Маргаан бүхий 967 м.кв газрын тодорхой хэсэгт байрлаж буй 128 м.кв талбай бүхий барилгыг гуравдагч этгээдэд шилжүүлж өгсөн Төрийн өмчийн хорооны тогтоол нь нэхэмжлэгчийн 967 м.кв газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл биш, нэхэмжлэгч тухайн газрыг 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр эзэмших эрх олгогдсоноос хойш зохих журмын дагуу эзэмшсэн, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамжийг хүчингүй болгосон атлаа анхны эзэмшлийн талаар дүгнэлгүйгээр ...сунгасан нь хууль бус гэж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилдөөнтэй байна.
18. Нөгөө талаар тухайн дүгнэлт нь дээрхи хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно, 48.2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, 48.2.3-т захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, 48.2.4-т захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, 48.2.5-д нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж заасны алинд ч хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.
19. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
20. М************** ХХК нь шүүхэд маргаан үргэлжилж байх явцад буюу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж ...дээрх маргаан бүхий газрын давхцалын асуудал шийдэгдсэн тул манай компанийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны 15******* нэгж талбар бүхий 967 м.кв газрын газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргаж, түүндээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт, өмнөх захирамжийн хуулбар, фото зураг, газар эзэмшүүлэх ашиглуулах гэрээний үүргийн биелэлт дүгнэсэн акт, Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлт зэрэг баримтуудыг хавсаргаж өгсөн,
21. Үүнийг үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай тушаалаар хавсралтад заасан 20 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсний 20-д М************** ХХК-ийн 967 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
22. Шүүхийн энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээд М************** ХХК-ийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн Зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлтийг хууль бус гэж дүгнэсэн тул уг дүгнэлтийг үндэслэн гаргасан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай тушаалыг мөн хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
23. Гэхдээ шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг маргааны зүйл болох 967 м.кв газрын хэмжээгээр бүхэлд нь биш, харин М************** ХХК-д шилжүүлсэн барилгын суурийн талбай болох 128 м.кв газрыг хассан хэмжээгээр хангаж шийдвэрлэх ба харин 128 м.кв газрын тухайд, уг барилгыг аль байгууллага хариуцдаг, аль байгууллага нь аж ахуйн зориулалтаар ашигладаг болох, дээрх барилгын ашиглалт, түүний дотор буй шугам сүлжээний тоног төхөөрөмжийг аль байгууллага хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа зэргийг нарийвчлан тодруулсны үндсэн дээр 56 хоногийн дотор дахин шинэ захиргааны акт гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
24. Учир нь, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаар Холбооны сүлжээний төрийн өмчит компани байгуулах тухай тогтоолоор "М" ХК-ийн түрээсээр ашиглаж байгаа монополь шинжтэй суурь болон салбар сүлжээний тоног төхөөрөмж, барилга байгууламжийг түшиглэн зөвхөн сүлжээний үйлчилгээ явуулах бие даасан Холбооны сүлжээний...компани байгуулах зорилгын хүрээнд тухайн барилгыг Төрийн өмчийн хорооны 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 671 дүгээр Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолоор М************** ХХК-д шилжүүсэн, хэргийн оролцогчид тогтоолын талаар маргаагүй энэ нөхцөлд шүүх уг тогтоолд дүгнэлт өгөх боломжгүй, нөгөө талаар зөвхөн барилгыг шилжүүлсэн, харин газрыг шилжүүлэх талаар тогтоолд заагаагүй тул захиргаа сонгох боломжийг хэрэгжүүлж дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, тухайн тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэв.
25. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн явуулж буй үйл ажиллагаа юу болох, эдгээрийн үйл ажиллагаанд тухайн барилга доторхи тоног төхөөрөмжүүд хэрхэн ашиглагддаг зэргийг тодруулснаар тухайн барилгын суурийн газрыг хэнд эзэмшүүлэхийг тогтоож шийдвэрлэх нь захиргааны сонгох боломжийн хүрээ хязгаарт хамаарна.
26. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 839 м.кв газрын хэмжээгээр хангаж, барилгын суурийн хэсгийг хэнд эзэмшүүлэхийг хариуцагч Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлөөс тодорхой нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх дүгнэлээ.
27. Шүүхээс тогтоосон 56 хоногийн хугацаанд шинээр захиргааны акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлт болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалын 128 м.кв буюу барилгын суурийн талбайд хамаарах хэсэг хүчингүй болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.1, 603.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж М ХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 967 м.кв бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлт болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалыг тус тус 839 м.кв газрын хэмжээгээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 128 м.кв газарт холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагуудаас дахин шинэ акт гарах хүртэл 56 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
3. Шүүхээс тогтоосон хугацаанд шинээр акт гаргаагүй тохиололд маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлт болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалын 128 м.кв газарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.