Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 73

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,                                                                                                                      

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ад холбогдох 1730001560136 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                  

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харъяат, 1972 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.А.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Г.А нь Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг “З” гэх газраас 2017 оны 10 дугаар сард иргэн Г.Бгийн  эзэмшлийн өвснөөс 150 боодол өвс хулгайлж 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өвстэй газар очоод 500 метрт 150 боодол өвс зөөж хурааж орхиод 2 хоногийн дараа очиж авсан. Манай сумынхан тэр өвсийг аваад байхаар нь би авсан. Мөнгө шилжүүлсэн баримтан дээр 1.125.000 гэж байгаа нь би хүмүүстэй хамт мөнгөө нийлүүлээд шилжүүлсэн юм. Би 150 боодол өвс авсан тул 375.000 төгрөгийг шилжүүлсэн... гэв.

 

- Шүүгдэгч Г.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 10 сарын 10-ны орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд явж байтал Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг З гэх газраас хүмүүс өнжсөн өвс үнэгүй аваад байна гэхээр нь мотоцикльтой Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг З гэх газарт ирж үзсэн чинь хаврын цагт мал идчихээр өвс байхаар нь өвснүүдийг шилж ялгаж тавьсан. Тэгээд хөдөө гэртээ очиж 03-01 СҮЭ улсын дугаартай маяти маркийн машинтай хүү Жийн хамт ирж ачихад 150 боодол өвс маяти машинд ачигдсан.Уг өвсөө хөдөө гэртээ хашаан дээрээ хурааж тавьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23/

 

  - Хохирогч Г.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны намар 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг З гэх газарт Ц гэдэг хүний нэр дээр 200 га газар авч уг газраас 20 гаруй мянган боодол авсан юм. Тэгээд 2016 оны намар уг өвсөө зөөж байтал малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул уг өвсөө зөөж чадаагүй, 11.000 боодол өвсөө орхисон юм. Тухайн үед бол манаачтай байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сар хүртэл сахиултай байж байсан юм. 2017 оны 09 дүгээр сард би Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хадланд гарсан бөгөөд Знд сахиул хийж байсан хүн манай хадлангийн боогчийг ажлуулдаг байсан тул уг хүнээ дуудаад ажлуулж байтал 2017 оны 10 дугаар сарын эхээр Асгат сумын нутаг Знд хураасан байсан 11.000 боодол өвснөөс 9.000 боодол өвсийг хүмүүс машинтай ирж зөөсөн байсан. Алдагдсан өвсөө олж хохирлоо барагдуулмаар байна. Миний хувьд өвс авахгүй, мөнгө авна. Дээрх хүмүүсээс 1 өвсийг 6000 төгрөгөөр тооцож төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

 

 - Гэрч А.Жийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын дунд үеэр байх яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Нэг өдөр аав А нь мотоцикльтой явж өвс үзэж хараад ирнэ гээд яваад ирэхдээ З гэх газраар яваад ирлээ хуучирсан өвс байна. Хэдэн өвс ялгаад тавьчихлаа эзэнгүй хаягдал юм байна. Ялгаж тавьсан өвсийг хүн аваад явчихна гээд машинаа жолоодоод намайг хамт авч явсан. Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг З гэх газар очиход зүүн урд талд байх дэрсэн дундаас ялгаж тавьсан 150 боодол өвс машиндаа ачиж гэртээ ирсэн. Хулгайн өвс гэж мэдээгүй. Жил өнжсөн өвс эзэнгүй гэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

      

- Хэрэг бүртгэлт нээх тухай мөрдөгчийн тогтоол.2017.11.05 /хх-ийн 1-р хуудас/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-03-08/

 

-  Сүхбаатар аймгийн Асгат сумын эд зүйлийн үнэлгээ, /хх-ийн 24 хуудас/

 

- Шүүгдэгч Г.Аээс хохирогч Г.Бд хохирлын 375.000 төгрөг төлсөн Хаан банкны 2017.12.26-ны өдрийн орлогын мэдүүлэг /хх-ийн 40/

 

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017.11.21-ний өдрийн 245 дугаартай тодорхойлолт /хх-ийн 26 хуудас/                                                                                                                                                                                                                                                                    

 

- Г.Аийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 хуудас/

 

- Г.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 хуудас/

 

- Хадлангийн зориулалтаар газар ашиглах гэрээ /хх-25/ зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. 

         

          Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

  Шүүгдэгч Г.А нь 2017 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг “З” гэх газраас иргэн Г.Бгийн хадаж бэлтгэсэн өвснөөс 150 боодол өвс хулгайлж 375.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.А, хохирогч Г.Б, гэрч А.Ж нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Асгат сумын Эд зүйлийн үнэлгээ/2017 оны 10 сарын байдлаар/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна. 

 

  Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч Г.Аийн малдаа өгөх, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдын хадаж, боож, тавьсан өвсийг авсан үйлдэлтэй холбоотой ба тэрээр гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

           Тодруулбал, дээрх өвс нь малын тэжээлийн зориулалтаар боож, бэлтгэсэн  хүний үйл ажиллагаа, хөдөлмөрийн үр дүнд бий болсон, бусдын өмчлөлийн эд зүйлс хийгээд тэрээр бусдын эд хөрөнгө, өмчийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа өвсийг авч бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна.

           

   Харин уг хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь хохирогчийн өөрийн эд хөрөнгийг удаан хугацааны туршид харуул, хамгаалалтгүй орхисон үйл ажиллагаатай холбоотой байх ба өөрөөр хэлбэл, өвсийг харуул, хамгаалалтгүй орхисноор байгалийн болон мал, хүний хүчин зүйлийн улмаас устах боломжтой байсныг дурдая.

 

  Г.А нь уг өвсийг “ өнжсөн өвс, хүмүүст тарааж байна “ гэж нөхцөл байдлыг буруугаар төсөөлж ойлгосны улмаас гэмт хэргийг үйлджээ. Энэ нь түүний “ Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг З гэх газраас хүмүүс өнжсөн өвс үнэгүй аваад байна гэхээр нь мотоцикльтой З гэх газарт ирж үзсэн чинь хаврын цагт мал идчихээр өвс байхаар нь өвснүүдийг шилж ялгаж тавьсан. Тэгээд хөдөө гэртээ очиж 03-01 СҮЭ улсын дугаартай маяти маркийн машинтай хүү Жийн хамт ирж ачсан”, гэрч А.Жийн “Нэг өдөр аав А нь мотоцикльтой явж өвс үзэж хараад ирнэ гээд яваад ирэхдээ З гэх газраар яваад ирлээ хуучирсан өвс байна. Хэдэн өвс ялгаад тавьчихлаа эзэнгүй хаягдал юм байна. Ялгаж тавьсан өвсийг хүн аваад явчихна гээд машинаа жолоодоод намайг хамт авч явсан. Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг З гэх газар очиход зүүн урд талд байх дэрсэн дундаас ялгаж тавьсан 150 боодол өвс машиндаа ачиж гэртээ ирсэн” гэх мэдүүлгүүдээр нотлогдоно.

                                                           

            Иймд шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх  хэсэг/ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах/ буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

           

  Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бд учирсан 150 боодол өвсний үнэ 375.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн нь Хаан банкны 2017.12.26-ны өдрийн Орлогын мэдүүлгээр нотлогдоно. Сүхбаатар аймгийн Асгат сумын 2017 оны 10 дугаар сарын Эд зүйлийн үнэлгээгээр нэг боодол өвсийг 2500 төгрөгөөр үнэлжээ.

            

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүхээс шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

           

            Г.Аийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэргийг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.6-д тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Шүүгдэгч Г.Аийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэргийг үйлдсэн, хохирогч Г.Бд учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

             

  Г.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдая.

 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах/ буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Аийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Ад мэдэгдсүгэй.

 

           4. Шүүгдэгч Г.А цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Бд учирсан 150 боодол өвсний үнэ 375.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөнийг тус тус дурдсугай.

 

           5. Шүүгдэгч Г.Ад шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.НАСАНБУЯН