Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/858

 

 

 

 

    2024             7            23                                         2024/ДШМ/858

 

Н.Т, Х.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Номин-Эрдэнэ,

яллагдагч Н.Тын өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/1005 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцэл болон яллагдагч Н.Тын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлоор Н.Т, Х.М нарт холбогдох эрүүгийн 2102 00115 0120 дугаар хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Н.Т нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар тус компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хуулийн мэргэжилтнээр, ... ны өдрийн ... дугаар тушаалаар тус хэлтэст ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байхдаа Х.Мгийн тус компанид монтёрийн ажилд томилогдох ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд буюу 2018 оны 6 дугаар сад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн албан өрөөнд Х.Мгээс бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль авсан,

яллагдагч Х.М нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д монтёрын ажилд томилогдох ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хуулийн мэргэжилтнээр ажилладаг Н.Тод албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн албан өрөөнд бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ

Нийслэлийн прокурорын газраас Н.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Х.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Т, Х.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.

Гэтэл дээрх хуулийн заалтыг биелүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдлоо.

Тодруулбал, прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд яллагдагч Н.Тыг 1.000.000 төгрөгийн хахууль авсан гэх үйлдэл, яллагдагч Х.Мгийн хахууль өгсөн гэх үйлдэл нь 2018 оны 6 дугаар сард үйлдэгдсэн ба прокуророос дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд ирүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар оногдуулах ялын хэмжээг хүндрүүлж, өөрчлөн найруулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, прокурор, шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж хуульчилсан ба прокурорын яллагдагч Н.Тод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Иймд яллагдагчид оногдуулсан зүйлчлэлийг нягтлан дүгнэх шаардлагатай тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт буцаж байгаатай холбогдуулан яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Прокуророос яллагдагч Н.Тыг “хахууль авсан” гэх үйлдэлд 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Х.Мг “хахууль өгсөн” гэх үйлдэлд 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Н.Т, Х.М нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т “мөрдөн шалгах ажиллагаа” гэж хэрэг, бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг” гэж хуульчилсан.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийн зүйлчлэлийг нягтлан дүгнэх асуудал нь дээрх үндэслэлд хамаарахгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл “Хууль үйлчлэх цаг хугацаа”, 1.9 дүгээр зүйл “Хууль буцаан хэрэглэх” тухай асуудлыг шүүх хуралдааны явцад шийдвэрлэх боломжтой.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэж, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/1005 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Яллагдагч Н.Тын өмгөөлөгч О.Санчирбал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дараах асуудлуудаар хуульд заасны дагуу хүсэлт гаргасны дагуу хэлэлцүүлэг хийж, хэргийг прокурорт буцаасан байдаг.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар өмгөөлөгчийн хууль зүйн үндэслэлүүд:

1. Хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхийн 517 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж /2хх 242-247/, хэргийн оролцогчийн гомдлоор хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд, 641 дугаартай магадлалаар анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд “...Н.Тын холбогдсон гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолоход Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан зохицуулалт хамаарч байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхой тогтоогоогүйгээс хууль хэрэглэхэд хүндрэлтэй байдал үүсэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг хэзээ гарсан байдлыг эргэлзээгүй тогтоох мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийжээ” гэх дүгнэлтээс үзэхэд прокурорын зүгээс 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 195 дугаар /2хх 195-198/ талд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоос өөрөөр тогтоолд өөрчлөлт оруулах замаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.

2. Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай яллах дүгнэлтээр Н.Тыг 2018 оны 6 дугаар сард Х.Мгээс 1.000.000 төгрөгийн хахууль авсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт оржээ. Уг өөрчлөлтөөр 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн нь яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь хэргийн оролцогчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг заасан эрхийг зөрчихөөс гадна Эрүүгийн хуулийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг хэрхэн журамлах талаар ойлгомжгүй байна.

Нөгөө талаасаа 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн бол тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 500 дугаартай захирамжаар Н.Т нарт холбогдох хэргийг Б.Батболор, Х.Одбаяр, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх шийдвэр гарсан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна гэх хууль зүйн үндэслэлүүдийг гаргасан атал анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн аль зүйлийг журамлах асуудлыг хүлээн авсанд хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 641 дугаартай магадлалд заасан ажиллагаа хийгдээгүй гэх өмгөөлөгчийн хүсэлтэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй тул захирамжид өөрчлөлт оруулахаар гомдол гаргасан.” гэв.

Прокурор Э.Номин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Н.Тын “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар тус компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хуулийн мэргэжилтнээр, ... дугаар тушаалаар тус хэлтэст ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байхдаа Х.Мгийн тус компанид монтёрийн ажилд томилогдох ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд буюу 2018 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн албан өрөөнд Х.Мгээс бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

яллагдагч Х.Мгийн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д монтёрын ажилд томилогдох ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хуулийн мэргэжилтнээр ажилладаг Н.Тод албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн албан өрөөнд бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар оногдуулах ялын хэмжээг хүндрүүлж, өөрчлөн найруулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, прокурор, шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж хуульчилсан ба прокурорын яллагдагч Н.Тод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна. Яллагдагч Н.Тод холбогдох хэргийн зүйлчлэлийг нягтлан дүгнэх шаардлагатай...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан яллагдагч Н.Т, Х.М нарын гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэлээ.

Түүнчлэн, яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Н.Тын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул яллагдагч Н.Т, Х.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/1005 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Н.Т, Х.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР