| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2026/0205/З |
| Дугаар | 128/ШШ2026/0302 |
| Огноо | 2026-03-26 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2026/0302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Г*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Диваачамба,
Хариуцагч: Төрийн албаны зөвлөл,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г******* нарын хоорондын төрийн албаны ангилал зэрэглэлд холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Г.Г******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн албаны зөвлөлийн Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтад оруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тогтоолоор баталсан Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтад Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг оруулж батлахыг, Э.Г*******ын Авлигатай тэмцэх газарт мөрдөгч, ахлах мөрдөгч, ахлах комиссарын албан тушаалд 2014-2022 онуудад ажилласныг төрийн захиргааны албан тушаалд ажилласнаар дүйцүүлэн тооцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй Төрийн албаны зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Г*******ын Авлигатай тэмцэх газарт 2014-2022 онуудад мөрдөгч, ахлах мөрдөгч, ахлах комиссарын албан тушаалд ажилласныг төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлд ажилласнаар адилтган тооцохыг Төрийн албаны зөвлөлд даалгуулах” гэж тодорхойлсон байна.
1.2. Дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Э.Г******* нь 2003 оноос өнөөдрийг хүртэл төрийн албанд 22 жил ажилласан, Төрийн албаны зөвлөл 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тогтоолоор “Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг хавсралтаар батлахдаа Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг орхигдуулснаас миний тухайн албан тушаалд ажилласнаа төрийн захиргааны албан тушаалын ангилалд дүйцүүлэн тооцуулах эрх зөрчигдсөн,
2.2.Энэ талаар 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлд бичгээр хүсэлт гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1******* тоот албан бичгээр хандан хүсэлт гаргасан боловч өнөөдрийн хүртэл дээрх хоёр хүсэлтэд албан ёсоор хариу өгөөгүй байна,
2.3.Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Төрийн албаны зөвлөлд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн ХЭГ******* дугаартай албан тоотын хавсралтаар Засгийн газрын 2023 оны 03 дугаар тэмдэглэлд “Энэхүү жагсаалтад ороогүй төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын төрийн болон түүнтэй адилтгах бусад албан тушаалыг Улсын Их хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад албан тушаалыг Улсын Их хурлаас удирдлага нь томилогддог ердийн байгууллагуудын албан тушаалтай, бусад байгууллагыг ердийн Засгийн газрын агентлагийн албан тушаалтай тус тус адилтган авч үзнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй,
2.4. Төрийн тусгай албан тушаалын заримыг нь төрийн захиргааны ангилалд адилтган тогтоол гаргасан атлаа заримыг нь орхигдуулсан бөгөөд ямар үндэслэлээр орхигдуулсан нь тодорхойгүй,
2.5. Миний бие 2025 оноос төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд төрийн тусгай албан тушаалд ажилласан байдлыг минь төрийн захиргааны албан тушаалд ажилласантай адилтган тооцоогүйгээс төрийн албан хаагчийн баталгааг эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна гэжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Г*******ын хувьд төрийн байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар Засгийн газрын саналыг үндэслэж Төрийн албаны зөвлөл батална гэж байгаа. Төрийн албаны зөвлөлд 2025 оны 10, 11 дүгээр сард 2 удаа дүйцүүлж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Төрийн албаны зөвлөлөөс тодорхой хариу албан ёсоор өгөөгүй.
Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд дүйцүүлэх, адилтгах жагсаалтыг батална гээд Төрийн албаны зөвлөлд үүрэг болгосон. Дүйцүүлэх боломжтой гэж харж байгаа. Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл, албан тушаалыг шинэчлэн батлах тухай ******* дугаар тогтоол батлагдсан байгаа. Энэ ******* дугаар тогтоолын хавсралтаар ахлах түшмэлийн ангиллын ТЗ-4, ТЗ-5 Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалыг хамаарч байна гэж үзэж байна. ТЗ-4-д удирдах албан тушаал, ТЗ-5 гүйцэтгэх албан тушаал хамаарч байна. Тогтоол үгчилж Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаал гэж тодорхой заагаагүй боловч Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д төрийн албыг доор дурдсанаар ангилна гээд 6.1.2, 6.1.3-д төрийн захиргааны алба, төрийн тусгай албыг төрийн жинхэнэ алба гэж заасан. Э.Г*******ыг ажиллаж байх үед Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд ахлах түшмэлийн албанд хамаарч байсан. Ахлах түшмэлээр дүйцүүлэх боломж байхад Авлигатай тэмцэх газрыг оруулж жагсаалтад оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгмөөр байна. Энэ жагсаалтад Авлигатай тэмцэх газрыг оруулж батлуулахыг хариуцагчид дагалдаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага байгаа. 2 дугаар шаардлагын хувьд 2019 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдсөн Төрийн албаны тухай хууль, өмнөх хуулиудад Авлигатай тэмцэх газрын албан тушаал нь төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн тусгай албан хаагч гэдэгт хамаарч байгаа. Энэ жагсаалтад орох ёстой субъект байгаа юм. Төрийн албаны хуульд тодорхой заасан байхад Авлигатай тэмцэх газарт комиссоор, ахлах мөрдөгч, ахлах комиссараар 8 жил ажилласныг төрийн жинхэнэ албан тушаалд ажилласныг төрийн захиргааны албан тушаалд дүйцүүлэн тооцох үндэслэлтэй байхад эрх нь зөрчигдөөд байгаа нэхэмжлэгчийн байдлыг харж үзээч гэж шүүхээс хүсэж байгаа юм. Авлигатай тэмцэх газар төрийн тусгай албанд ажиллаж байгаад төрийн захиргааны албан тушаал руу шилжсэн Э.Г*******аас бусад ажилчид байдаг байх. Ганцхан газрыг үлдээгээд байгаа нь ямар учиртай байдаг юм бол. Энэ жагсаалтад оруулаад өгөөч, хууль тогтоомжоо хэрэгжүүлээч гээд түрүүн шүүгчийн дурдсан шаардлагуудыг гаргаж байгаа юм. Тэгээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Г.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий ... дугаар тогтоол батлагдах үед төрийн тусгай албан хаагч нартай байгууллагаас 4 байгууллага ороогүй байсан. Авлигатай тэмцэх газар, Төрийн аудитын байгууллага, Гадаадын иргэн харьяатын газар, Гааль гэсэн 4 байгууллага байгаа. Төрийн албаны зөвлөлөөс энэ 4 байгууллагын албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалтай адилтгах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж ирүүлээч гэдэг албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх албад хүргүүлсэн байдаг.
Би энэ хүнтэй биечлэн уулзаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа сургалтын төвийн даргаар ажиллаж байсан хугацааг нь ... дугаар тогтоолын дагуу ахлах түшмэлийн ангилалд тооцох юм байна. Шүүхийн шийдвэрийн газарт энэ албан тушаалд ажилласныг тооцно, мөрдөгдөж байна гээд тайлбарлаж өгсөн. Засгийн газраас санал ирээгүй учраас Авлигатай тэмцэх газарт ажилласан хугацааг одоогоор тооцох боломжгүй байна, хууль эрх зүйн боломжгүй байна гэдгийг тайлбарлаж хэлж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж байгаа ******* дугаар тогтоол дээр агуулгын хувьд зөрүүтэй ойлгосноос болоод буруу тайлбарлаад байх шиг байна. Төрийн захиргааны байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоосон Засгийн газрын ******* дугаар тогтоол байгаа. Тусгай байгууллагуудын ангилал, зэрэглэлийг тогтоосон Засгийн газрын тухай тухайлсан тогтоолууд байдаг. Тэгэхээр Авлигатай тэмцэх газрын ангилал, зэрэглэлийг тогтоосон тогтоол нь тусдаа байдаг гэсэн үг. Тэрийг заавал *******-д байх ёстой гэж тайлбарлаж болохгүй. Тусад нь тогтоосон байгаа ангилал зэрэглэлийг 26 дугаар тогтоолоор адилтгаж өгдөг гэсэн үг. ******* дугаар тогтоолд Авлигатай тэмцэх газрын албан хаагчид орно гэсэн ойлголт байхгүй. Авлигатай тэмцэх газрын албан хаагчдад ийм асуудал, нөхцөл байдал үүссэн. Ямар нөхцөл байдал үүссэн гэхээр Э.Г*******аас гадна энэ адилтгалыг хийгээд өгвөл Авлигатай тэмцэх газарт одоо ажиллаж байгаа албан хаагчид төрийн захиргааны албан тушаал руу шууд шилжин ажиллах нөхцөл байдал үүснэ. Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүрэг нь юу гэхээр эрх бүхий албан тушаалтны авлига, албан тушаалаас урьдчилан сэргийлэх ажил, чиг үүрэгтэй. Авлигатай тэмцэх газар тэргүүн комиссар байсан хүн төрийн захиргааны ТЗ, дэд түшмэлд адилтгавал аль нэгэн яамны Төрийн нарийн бичгийн даргад шууд шилжиж ажиллах боломжтой.
Засгийн газрын хуралдаанд адилтгалтай холбогдуулаад санал гаргах ажлын хэсэгт 4 байгууллагыг авч үлдсэн юм. Аудитын байгууллагад мөн адилхан. Хяналт шалгалт хийгээд явж байгаа. Төрийн байгууллагад шууд сэлгэн шилжин очвол яах вэ гэдэг асуудал үүссэн учраас аудитыг Засгийн газрын хуралдаанаар ахиж хэлэлцье гээд манайд санал ирсний дагуу бид нар шийдсэн байгаа. Гэхдээ ангилал зэрэглэлийг нь нэлээн бууруулж шийдсэн гэсэн үг. Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагын хэлтсийн газрын дарга нар шууд тэргүүн түшмэлтэй адилтгадаг байхад аудитыг бол эрхэлсэн түшмэл рүү бууруулж адилтгасан гэсэн үг. Төсвийн шууд захирагчаар томилогдох боломжгүй байдлаар шийдсэн гэсэн үг. Тэгэхлээр Засгийн газраас ирүүлсэн саналын дагуу Төрийн албаны зөвлөл шийднэ гээд хуульд тодорхой заасан байгаа.
Авлигатай тэмцэх газрын албан тушаалтнуудыг төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтанд шууд шилжиж ажиллах боломжгүйгээр адилтгасан гэх мэтчилэн ийм нөхцөл байдлууд бол байгаа. Бид энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дахиад санал явуулах боломжтой. Хэрэв үүнээс гадна төрийн үйлчилгээний удирдах гэж байгаа. Төрийн албаны зөвлөл үүнийг гаргахын тулд Засгийн газраас саналаа авахгүй байна гэх байдалтай өргөдөл ирвэл магадгүй Э.Г******* ирээд дүйцүүлмээр байна танайх саналаа Засгийн газраас аваач гэвэл саналаа ирүүл гэдэг бичгийг хэд бол хэдэн удаа явуулж болно. Гол нь Засгийн газрын хуралдаанаар санал ирүүлэх эрх нь Засгийн газарт байгаа. Хэн нэгэн тэргүүн дэд дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайдад байхгүй. Манайд Тэргүүн дэд дарга, Хэрэг эрхлэх газрын даргаас саналууд ирж байсан. Ирсэн санал болгоныг уучлаарай, хуульд нийцээгүй санал байна. Ийм учраас Засгийн газрын хуралдаанаар оруулж санал ирүүлнэ үү гээд буцааж байсан тохиолдлууд байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгжүүлэх, хүлээж авах боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсвэл шаардлагыг зөвтгөж Засгийн газарт гаргах байдлаар гаргах шаардлагатай. Миний хувийн зүгээс хүсэх нэг хүсэлт байгаа нь нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзаач гэж хүсэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, хариуцагч, гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч Э.Г******* нь 2003-2006 онуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шийдвэр гүйцэтгэгч, 2006-2014 онуудад Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2014-2022 онуудад Авлигатай тэмцэх газарт мөрдөгч, комиссар, 2024-2025 онуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалтын төвийн захирлаар, 2025 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын Эрх зүйн хэлтсийн дарга 2025 оны 11 дүгээр сараас Хуль зүй, Хяналт шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байгаа Үйл баримттай талууд маргаагүй.
2.Харин Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тогтоолоор “Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт”-ыг батлан гаргахдаа Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаал ангилалд адилтган авч үзээгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгуулахаар маргаж байна.
3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Хуралдааны тэмдэглэл хүргүүлэх тухай ХЭГ******* дугаартай “...Төрийн албаны тухай хуулийн 19.2-т төрийн тусгай албан тушаалыг энэ хуулийн 18.1-т заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалтын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн Төрийн албаны төв байгууллага батална...” гэж заасны дагуу төрийн үйлчилгээний удирдах болон төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэлийг Төрийн албаны зөвлөлийн даргад хүргүүлсэн байна.
4.Засгийн газрын “Зарим төрийн тусгай албан тушаалыг захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх тухай” хуралдааны танилцуулгад “...Төрийн тусгай албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг Засгийн газрын 2022 оны ******* дугаар тогтоолоор батлуулсан жишгээр Төрийн тусгай албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг батлуулах шаардлагатай юм байна, ...Ерөнхий сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар төрийн үйлчилгээний удирдах, тусгай албан тушаалыг захиргааны албан тушаалтай адилтгах, төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлж тооцох болон төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын төслийн саналыг нэгтгэн авч үзэж, эцэслэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажилласан. Төрийн албаны зөвлөлийн дарга Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад албан тушаалыг адилтгах зөвлөмж өгсний дагуу Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газраас санал авч тусгасан болно...” гэжээ.
5.Төрийн захиргааны албан тушаалын ангилалтай адилтгах төрийн тусгай зарим албан тушаалын жагсаалтаар Төрийн захиргааны албан тушаалын ангилал болох Тэргүүн түшмэл, Эрхэлсэн түшмэл, Ахлах түшмэл, Дэс түшмэл, туслах түшмэлийн ангилалд адилтгах төрийн тусгай зарим албан тушаалын жагсаалтыг хэлэлцэж, энэхүү жагсаалтад ороогүй төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад албан тушаалыг Улсын Их Хурлын удирдлага нь томилогддог ердийн байгууллагуудын албан тушаалтай, бусад байгууллагыг ердийн Засгийн газрын агентлагийн албан тушаалтай тус тус адилтган үзнэ гэжээ.
6.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах тухай” 26 дугаар тогтоолын хавсралтаар Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... дүгээр тэмдэглэлээр Төрийн аудитын байгууллага, Гадаадын иргэн, харьяатын байгууллагын төрийн тусгай албан тушаалыг, Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн .... дүгээр тэмдэглэлээр Гаалийн байгууллын төрийн захиргааны албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтын тэмдэглэлийг хавсралтаар Төрийн албаны зөвлөлд тус тус хүргүүлсэн байна.
7.Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 83 дугаар тогтоолоор Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... дүгээр хуралдааны тэмдэглэлээр ирүүлсэн саналыг үндэслэн Үндэсний аудитын газар, Гадаадын иргэн харьяатын газрын төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган үзэхээр, Засгийн газрын 2025 оны 9 дүгээр тэмдэглэлийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 159 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газрыг жагсаалтад нэмэлтээр оруулсан байна.
8.Нэхэмжлэгчээс “...Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 1*******0 дугаартай албан бичиг, Э.Г*******ын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийг хянаж шийдвэрлээгүй” гэх зэргээр маргаж байгаа бол хариуцагчаас “... гомдлын хариуг заавал бичгээр өгөх шаардлагагүй, өргөдөл гаргагчтай өрөөндөө ярилцсан..” гэж тайлбарлаж байгаа нь:
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-д “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ”, 15 дугаар зүйлийн 5-д “хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ”, 16 дугаар зүйлийн 1-т “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасан үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй нь ирсэн өргөдөл, гомдлын бүртгэлийн шилжүүлэг болон шийдвэрлэсэн талаарх мэдээллийг үзэхэд “өргөдлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ажлын албаны дарга В.Ж мөн өдөр чиг үүргийн дагуу судалж танилцуулах үүргийг Газрын дарга С.Н*******т өгч шилжүүлсэн бол хянан үзэж, хариуг бэлтгэн танилцуулахаар референт Г.Г*******т шилжүүлсэн байхад 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өргөдлийн хариуг бусад байдлаар өгсөн, боломжгүй гэдгийг тайлбарласан гэж өргөдлийн картыг хаасан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана” гэж зааснаас гадна мөн хуулийн 41 дүгээр зүйлд захиргааны актыг амаар гаргахаар заасан үндэслэлд хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
10.Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн тусгай албан тушаалыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батална” гэж заасан.
11.Тодруулбал, Төрийн албаны зөвлөл нь Төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг батлах шийдвэрийг гаргахдаа Засгийн газрын саналыг үндэслэхээр тодорхой хуульчилсан байх ба Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн үндэслэл нь Засгийн газрын санал байна.
12.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэл, уг өдрийн хуралдаанаар хэлэлцсэн “Зарим төрийн тусгай албан тушаалыг захиргааны халбан тушаалын ангилалд адилтган авч үзэх тухай” танилцуулга болон Төрийн захиргааны албан тушаалын ангилалтай адилтгах төрийн тусгай зарим албан тушаалын жагсаалтаас үзэхэд, Авлигатай тэмцэх байгууллага Засгийн газраас ирүүлсэн саналд байхгүй байна.
13.Гэхдээ Төрийн албаны зөвлөлийн даргад хүргүүлсэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэлийг үзэхэд “...Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад албан тушаалыг адилтгах зөвлөмж өгсний дагуу Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газраас санал авч тусгасан болно..., ...Төрийн захиргааны албан тушаалын ангилалтай адилтгах төрийн тусгай, зарим тусгай албан тушаалын жагсаалтаар Төрийн захиргааны албан тушаалын ангилал болох Тэргүүн түшмэл, Эрхэлсэн түшмэл, Ахлах түшмэл, Дэс түшмэл, туслах түшмэлийн ангилалд адилтгах төрийн тусгай зарим албан тушаалын жагсаалтыг хэлэлцэж, энэхүү жагсаалтад ороогүй төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад албан тушаалыг Улсын Их Хурлын удирдлага нь томилогддог ердийн байгууллагуудын албан тушаалтай, бусад байгууллагыг ердийн Засгийн газрын агентлагийн албан тушаалтай тус тус адилтган үзнэ...” гэснийг Төрийн албаны зөвлөл харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэгчийн өргөдлийг хууль, журамд заасны дагуу шийдвэрлээгүй нь буруу байна.
14.Өөрөөр хэлбэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Хуралдааны тэмдэглэл хүргүүлэх тухай ХЭГ******* дугаартай “...төрийн үйлчилгээний удирдах болон төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэл”-ийг,
Ерөнхий сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар “...төрийн үйлчилгээний удирдах, тусгай албан тушаалыг захиргааны албан тушаалтай адилтгах, төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлж тооцох...” ажлын хэсгийг байгуулж ажиллаад Төрийн албаны зөвлөлийн дарга Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад албан тушаалыг адилтгах зөвлөмж өгсний дагуу Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газраас санал авч тусгасан болно...” гэж Төрийн албаны зөвлөлийн даргад хүргүүлсэн байхад тухайн асуудлаар нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.
15.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өргөдлийн хянан үзэж Төрийн албаны зөвлөлийн 2023 оны дугаар тогтоолд Төрийн аудитын Авлигатай тэмцэх байгууллагыг нэмэх эсэх асуудлыг холбогдох хууль журамд заасны дагуу шийдвэрлэж хариу өгөлгүй орхигдуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.
1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтад оруулахыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тогтоолоор баталсан Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтад Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг оруулж батлахыг, Э.Г*******ын Авлигатай тэмцэх газарт мөрдөгч, ахлах мөрдөгч, ахлах комиссарын албан тушаалд 2014-2022 онуудад ажилласныг төрийн захиргааны албан тушаалд ажилласнаар дүйцүүлэн тооцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй Төрийн албаны зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Г*******ын Авлигатай тэмцэх газарт 2014-2022 онуудад мөрдөгч, ахлах мөрдөгч, ахлах комиссарын албан тушаалд ажилласныг төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлд ажилласнаар адилтган тооцох эсэх асуудлыг хууль журамд заасны дагуу шийдвэрлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ