Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 79

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,                                                                                                                       

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Дид холбогдох 1730001550135 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                   

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн харъяат, 1973 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баяндэлгэр сумын 2 дугаар багийн “Ц” гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ж.Д 

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ж.Д нь Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг “З” гэх газраас 2017 оны 10 дугаар сард иргэн Г.Бгийн  эзэмшлийн өвснөөс 150 боодол өвс хулгайлж 375.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүмүүсийг тарсан өвснөөс авч байна гэсэн сургаар очиж үзэхэд тарж бутарсан өвс байсан. Тэр өвснөөс 150 боодол өвс авсан. Хэний эзэмшлийн өвс гэдгийг мэдээгүй. Тухайн үед зурагтаар Эрдэнэцагаан сумын нутагт тарсан өвс байна, нутаг орноо цэвэрлэхийн тулд хүмүүст тарааж байна гэж сонссон. Би хохирогчид 375000 төгрөгийг банкаар шилжүүлж төлсөн. Миний буруу... гэв.

 

- Яллагдагч Ж.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынх бөгөөд хүмүүсийн яриагаар Асгат сумын нутаг З гэх газар хуучин өнжсөн өвс ашиглахгүй хаячихсан байна. Ядарсан мал идэх боломжтой юм шиг байна гэхээр нь С.Аыг 230.000 төгрөгөөр хөлсөлж Маяти маркийн машинтай нь 2017 оны 10 дугаар сарын 13,14-ний орчимд Баяндэлгэр сумаас гарч өвс ачих газар ирсэн. Уг газар ирэхэд талын нэгээр тарчихсан илжирсэн өвс байхаар нь түүж байгаад машиндаа 150 боодол өвс ачсан. Миний авсан өвснүүд хөдөө гэрийн гадаа байгаа малд өгөөгүй, буцааж өгөх гэсэн боловч авахгүй гээд байгаа бөгөөд бэлэн мөнгөөр нь хохирлыг төлж барагдуулна гэж бодож байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

  - Хохирогч Г.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны намар 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг З гэх газарт Цогтбаатар гэдэг хүний нэр дээр 200 га газар авч уг газраас 20 гаруй мянган боодол авсан юм. Тэгээд 2016 оны намар уг өвсөө зөөж байтал малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул уг өвсөө зөөж чадаагүй, 11.000 боодол өвсөө орхисон юм. Тухайн үед бол манаачтай байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сар хүртэл сахиултай байж байсан юм. 2017 оны 09 дүгээр сард би Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хадланд гарсан бөгөөд Знд сахиул хийж байсан хүн  манай хадлангийн боогчийг ажиллуулдаг байсан тул уг хүнээ дуудаад ажиллуулж байтал 2017 оны 10 дугаар сарын эхээр Асгат сумын нутаг Знд хураасан байсан 11.000 боодол өвснөөс 9 000 боодол өвсийг хүмүүс машинтай ирж зөөсөн байсан. Алдагдсан өвсөө олж хохирлоо барагдуулмаар байна. Миний хувьд өвс авахгүй, мөнгө авна. Дээрх хүмүүсээс 1 өвсийг 6000 төгрөгөөр тооцож төлүүлэх саналтай байна...гэх мэдүүлэг /хх-ийн 09-12/,

 

 - Гэрч С.Аын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 10 дугаар сарын дунд үеэр байх өдрийг нь сайн санахгүй байна. Манай сумын Д нэрийг нь бүтэн мэдэхгүй намайг гуйгаад түлш тосыг нь хийгээд өгье гээд надад 230.000 төгрөг өгөөд Асгат сумын нутагт хүмүүс өнжсөн өвс аваад байна, ахын дүү хамт яваад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд сумын хүмүүс яваад байхаар нь тэгвэл тэгнэ биз гэж хэлээд Д ахтай хоёулаа З гэж газар очиж уг газраас миний машинд 150 боодол өвс ачиж уг өвсийг Д ах сумын төвд айлын хашаанд буулгасан гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

- Хэрэг бүртгэлт нээх тухай 297 дугаартай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 1-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Асгат сумын эд зүйлийн үнэлгээ, /хх-ийн 23-р хуудас/

 

- Шүүгдэгч Ж.Доос хохирогч Г.Бд хохирлын 375000 төгрөг төлсөн Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 24/

 

-  Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг Заагийн-Овоо гэх газраас өвс авсан гэх газрын, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-05-07/ 

 

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27-р хуудас/                                                                                                                                                                                                                                                                    

 

- Ж.Дийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. 

          Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

  Шүүгдэгч Ж.Д нь 2017 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг “З” гэх газраас иргэн Г.Бгийн хадаж бэлтгэсэн өвснөөс 150 боодол өвс хулгайлж 375.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ж.Дийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өвснөөс 150 боодол өвс авсан. Хэний эзэмшлийн өвс гэдгийг мэдээгүй. Тухайн үед зурагтаар Эрдэнэцагаан сумын нутагт тарсан өвс байна, нутаг орноо цэвэрлэхийн тулд хүмүүст тарааж байна гэж сонссон. Би хохирогчид 375000 төгрөгийг банкаар шилжүүлж төлсөн. Уг газар ирэхэд талын нэгээр тарчихсан илжирсэн өвс байхаар нь түүж байгаад машиндаа 150 боодол өвс ачсан ” гэх, 

 хохирогч Г.Бгийн “Би 2016 оны намар 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг З гэх газарт Цогтбаатар гэдэг хүний нэр дээр 200 га газар авч уг газраас 20 гаруй мянган боодол авсан юм. Тэгээд 2016 оны намар уг өвсөө зөөж байтал малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул уг өвсөө зөөж чадаагүй, 11.000 боодол өвсөө орхисон юм. 2017 оны 10 дугаар сарын эхээр Асгат сумын нутаг Знд хураасан байсан 11.000 боодол өвснөөс 9.000 боодол өвсийг хүмүүс машинтай ирж зөөсөн байсан. Алдагдсан өвсөө олж хохирлоо барагдуулмаар байна. Миний хувьд өвс авахгүй, мөнгө авна ” гэх, 

 гэрч С.Аын “2017 оны 10 дугаар сарын дунд үеэр байх өдрийг нь сайн санахгүй байна. Манай сумын Д нэрийг нь бүтэн мэдэхгүй намайг гуйгаад түлш тосыг нь хийгээд өгье гээд надад 230.000 төгрөг өгөөд Асгат сумын нутагт хүмүүс өнжсөн өвс аваад байна ахын дүү хамт яваад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд сумын хүмүүс яваад байхаар нь тэгвэл тэгнэ биз гэж хэлээд Д ахтай хоёулаа З гэж газар очиж уг газраас миний машинд 150 боодол өвс ачиж уг өвсийг Д ах сумын төвд айлын хашаанд буулгасан ” гэх мэдүүлгүүд,

 - Сүхбаатар аймгийн Асгат сумын Эд зүйлийн үнэлгээ.2017 оны 10 сарын байдлаар /хх-23/

- Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг З гэх газраас өвс авсан гэх газрын, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-05-07/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.  

 

  Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч Ж.Дийн малдаа өгөх, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдын хадаж, боож, тавьсан өвсийг авсан үйлдэлтэй холбоотой ба тэрээр гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

Тодруулбал, дээрх өвс нь малын тэжээлийн зориулалтаар боож, бэлтгэсэн  хүний үйл ажиллагаа, хөдөлмөрийн үр дүнд бий болсон, бусдын өмчлөлийн эд зүйлс хийгээд тэрээр бусдын эд хөрөнгө, өмчийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа өвсийг авч бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна. 

Харин уг хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь хохирогчийн өөрийн эд хөрөнгийг удаан хугацааны туршид харуул, хамгаалалтгүй орхисон үйл ажиллагаатай холбоотой байх ба өөрөөр хэлбэл, өвсийг харуул, хамгаалалтгүй орхисноор байгалийн болон мал, хүний хүчин зүйлийн улмаас устах боломжтой байсныг дурдая. 

 

  Ж.Д нь уг өвсийг “ Тухайн үед зурагтаар Эрдэнэцагаан сумын нутагт тарсан өвс байна, нутаг орноо цэвэрлэхийн тулд хүмүүст тарааж байна гэж сонссон ” гэх үндэслэлээр авсан буюу “ өнжсөн өвс, хүмүүст тарааж байна “ гэж нөхцөл байдлыг буруугаар төсөөлж ойлгосны улмаас гэмт хэргийг үйлджээ. Энэ нь гэрч С.Аын “Манай сумын Д намайг гуйгаад Асгат сумын нутагт хүмүүс өнжсөн өвс аваад байна ахын дүү хамт яваад өгөөч гэж гуйсан” гэх мэдүүлгээр нотлогдоно. 

         

  Иймд шүүгдэгч Ж.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх  хэсэг/ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах/ буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

  Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бд учирсан 150 боодол өвсний үнэ 375.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн нь Хаан банкны 2018.01.26-ны өдрийн Орлогын мэдүүлгээр нотлогдоно. Сүхбаатар аймгийн Асгат сумын 2017 оны 10 дугаар сарын Эд зүйлийн үнэлгээгээр нэг боодол өвсийг 2500 төгрөгөөр үнэлжээ. 

            

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүхээс шүүгдэгч Ж.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Ж.Дийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэргийг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.6-д тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ж.Дийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бд учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв. 

 

  Ж.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдая.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

           1. Шүүгдэгч Ж.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Дийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Дид мэдэгдсүгэй.

 

           4. Шүүгдэгч Ж.Д цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Бд хохирол төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

           5. Шүүгдэгч Ж.Дид шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.НАСАНБУЯН