| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 159/2026/0001/З |
| Дугаар | 159/ШШ2026/0005 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 159/ШШ2026/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2026/0001/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: *******, *******,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******
Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *******д холбогдох 0012610, 0012594 дугаар, *******д холбогдох 0012595 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч *******, *******, гомдол гаргагч нарын өмгөөлөгч Ч.Нарангэрэл, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *******д холбогдох 0012610, 0012594 дугаар, *******д холбогдох 0012595 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
2. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* нь 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багт оршин суух хаягтай иргэн ******* Алтанбулаг боомтоор Монгол Улсын хилээр нэвтрэхдээ хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүн /шоколад/ импортолсон гэх үндэслэлээр 0012594 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл, мөн зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгах явцад ******* нь гаалийн улсын байцаагчийн гаалийн бүрдүүлэлт хийлгэх шийдвэрийг үл биелүүлж, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр 0012610 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 250,000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулжээ.
*******н эхнэр болох ******* Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* нь Гаалийн тухай хууль зөрчиж, гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй гаалийн хилээр гаргасан гэх үндэслэлээр 0012595 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Гомдол гаргагч ******* Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн оногдуулсан 0012594, 0012610 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар, гомдол гаргагч ******* Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн оногдуулсан 0012595 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргажээ.
Шүүхээс гомдол гаргагч нарын гаргасан гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******д холбогдуулан тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 159/ШЗ2026/0015, 159/ШЗ2026/0016 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, мөн өдрийн шүүгчийн 159/ШЗ2026/0017 дугаар захирамжаар хэргийг нэгтгэсэн байна.
Гомдол гаргагч нараас 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн оногдуулсан 0012594, 0012610, 0012595 дугаар шийтгэлийн хуудас тус бүрийн актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд хүсэлтийг хангаж, шүүгчийн 159/ШЗ2026/0025 дугаар захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн.
3. Гомдол гаргагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “... 2025 оны 11 дүгээр сарын 14-ний орой 20 цагт Монгол Улсын хилээр орж ирээд гаалийн байгууллагад ачаа тээш машинаа шалгуулсан. Тухайн үед миний бие 80,000 рублийн хүнсний бүтээгдэхүүн буюу набор 10 ширхэг буюу 2 хайрцаг, тоффи набор 40ш буюу 5 хайрцаг, сникерс том нь 2 хайрцаг, жижиг нь 4 хайрцгийг, марс шоколад 1 хайрцаг нийт 14 хайрцаг худалдан авч орж ирсэн. Гэтэл гаалийн 1091 дугаартай ******* гэх байцаагч байсан. Тэр үед миний хайрцагтай бүтээгдэхүүнийг ахлах байцаагчийн өрөөнд аваач гэсэн би ногдох татварыг нь төлөөд ороё гэхэд үгүй гэж хариулсан. Тэгээд машинтайгаа байж байтал араас 3 машин бас хүнсний бүтээгдэхүүн чихэр марс, сникерс ачсан машинууд орж ирээд тэр 3 машиныг шалгаад заримыг нь хураалгаад бусдыг нь аваад гарч болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас тэгж болох юм уу гэж асуухад “чамд тийм боломж олгохгүй чи бүгдийг нь хураалга” гэж хэлсэн. Ингээд миний машиныг гаалийн хяналтын талбайд 10 хоног хонуулаад 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр намайг дуудаж машинаа авч, бүх бараагаа хураалгаж гаалийн ахлах байцаагчийн ар талын өрөөнд оруулж хураалгасан.
Надаас бусад 3 машины жолоочийг та нарыг дараа татваргүй оруулна 30 ширхэг хайрцагаас 10 хайрцгийг хураалга дараа нь та нарт тус болж оруулж ирэх барааг чинь татваргүй нэвтрүүлж өгье гэж хэлээд тус бүр 10, 10 хайрцагаас илүү зөөснийг нь гаалийн байцаагч буцааж машинд нь зөөж оруулж өгсөн. Байнга явдаг хүмүүстээ давуу байдал олгож амьдралынхаа төлөө явж шинэ жилээр өөрсдөдөө хэрэглэхийг хэрэглэж, зарж борлуулж хэдэн төгрөг олох гэж яваа надад хатуу ширүүн хандаж 14 хайрцаг хүнсний бүтээгдэхүүнийг бүгдийг нь хурааж дээрээс нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан гэж 200,000 төгрөгөөр торгуулах шийтгэлийн хуудас бичсэнд гомдолтой байна. Миний хувьд хэлсэн болгонд нь хүлээцтэй хандаж, машинаа орхиод яв гэхээр нь орхисон, ирж ав гэхээр нь ирж авсан, бараагаа хураалга гэхээр нь хураалгасан надад эсэргүүцсэн зүйл огтоос байхгүй.
Учир нь би гаалийн байцаагч намайг машинаа орхиод яв манайх шийдвэр гаргасны дараа машиныг чинь өгч, барааг буулгуулна гэж хэлсэн тэгээд гаалийн хяналтын талбайд машин болон тээвэрлэж явсан бүтээгдэхүүнээ машин дотроо орхисон. Гаалийн байцаагчийн тавьсан шаардлагын дагуу машинаа хүнсний бүтээгдэхүүнтэйгээ орхисон. Хэрхэн яаж би эсэргүүцсэн юуг нь биелүүлээгүй гэдгээ ойлгохгүй байна. Тиймээс 0012610 дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хүнс экспортлох импортлох шаардлагыг зөрчиж, зөрчилтэй хүнсний бараа бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол төлбөрийг гаргуулж, хүнийг 1,000,000 төгрөгөөр торгох ... зүйл ангиар Хүнсний тухай хууль зөрчсөн гэж үзэж торгуулийн шийтгэл оногдуулсан 0012594 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Намайг Хүнсний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж бүтээгдэхүүнийг хураасан дээрээс нь 1,000,000 төгрөгөөр торгууль оногдуулах шийтгэл хүлээлгэх гэж байгаад гомдолтой байна. Надад 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шийтгэлийн 2 хуудас хүлээлгэж өгсөн.
Гэтэл тухайн үед хүнсний бараатай орж ирсэн 3 машиныг хилээр чөлөөтэй нэвтрүүлж гаргасан, өнөөдөр бүх хүнсний бүтээгдэхүүнийг нь буцаан өгч асуудлыг шийдвэрлэж өгч байна. Гэтэл намайг болохоор чи Засгийн газрын 1111 дугаарт гомдол гаргасан өш хонзон санаж Монгол Улсын Үндсэн хуулиар заасан тэгш эрхтэй байх эрхийг хязгаарлаж, ялгаварлан гадуурхаж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хилээр оруулж ирэхээр тээвэрлэж явсан бүтээгдэхүүнийг хурааж торгуулийн шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна. Тухайн үед 3 машины жолооч нар гаалийн бүрдүүлэлт хийгээд бараагаа ав гэсэн гэж хэлээд гаалийн байгууллагад тушаах мөнгө шаардлагатай гэж 2,500,000 төгрөгийн 560,000 төгрөгийг надаас жолооч н.******* эгчид 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бэлнээр өгч, гаалийн дансанд тушаасан байтал тэр хүмүүст гаалийн бүрдүүлэлт хийж надтай бүрдүүлэлт хийхгүй, давхар хохироож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн хуулийн заалтаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тус тус шүүхэд гомдол гаргаж байна. Шийтгэлийн хуудсанд бичигдсэн хүнсний бүтээгдэхүүнийг, өөрийн хэрэгцээнд зориулан амьдрал ахуйдаа зарцуулах бэлгэнд боох, амьдралын хэрэгцээгээ сайжруулах зорилгоор л оруулж ирсэн. Дэлгүүрээс худалдан авсан баримт нь хүртэл байсан гаалийн байцаагчид үзүүлсэн намайг үнэхээр үл тоосон. Дэндүү ёс зүйгүй авир гаргаж аашилж загнаж сэтгэл санааг балмагдуулж түгшүүрийн байдалд оруулсан. Төрийн албан хаагч арай ийм байж болохгүй л гэсэн бодол төрж байна. Тэгсэн байтлаа намайг тавьсан шаардлага биелүүлээгүй чухам ямар шаардлага тавиад биелүүлэхгүй байсан талаар үнэхээр ойлгохгүй байна. Миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдаж, үндэслэлгүй торгуулийн арга хэмжээ ногдуулж байна гэж үзэж байна.” гэв.
Гомдол гаргагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 19 цаг 35 минутад Оросын холбооны улсаас Монгол Улсын хилээр нэвтэрсэн ороод ирэхэд ээлж солигдож байна гэж 30 минут хүлээсэн. ******* байцаагч дээр хуваарилагдсан байсан. ******* байцаагч 8 өнгөрч ирсэн. Би ирэхэд нь машиныхаа багаж болон хаалгануудыг бүгдийг нь онгойлгочихсон байсан. Машин дотор байгаа ачааг бүгдийг нь дотогш зөөж оруул, рентген явуул гэсэн. Тэнд байсан бүх машинууд рентгенд оруулахаар бүх ачаа бараагаа буулгачихсан байсан. Намайг болохоор бүх бараагаа дотогш оруул гэсэн шаардлагыг тавьсан. Би бараагаа хураалгахгүй, рентгенд оръё гэж хэлсэн. Намайг машинаа шалгуулахгүй гарна, татвар төлөхгүй гэсэн зүйлийг гэрчийн мэдүүлэг дээр ярьж байсан. Машинаа шалгуулахгүй гарах ямар ч үндэслэл байхгүй. Намайг татвар төлөхгүй, татвар төлөхөөр дээгүүрээ хуваагаад идчихдэг гэж гэрчийн мэдүүлэг дээр хэлсэн байсан. Тэр бол ор үндэсгүй худлаа зүйл. Би өөрөө татвар төлье гэж байнга очиж гуйж байгаа хүн. Бид хоёр шиг бүх барааг нь 100 хувь хурааж, их торгууль тавьж байгаа асуудал нь анх удаа байх. Өмнө нь бүх барааг 100 хувь хурааж, 2,000,000 төгрөгөөр торгосон асуудлыг Алтанбулагийн гааль дээр би өмнө нь сонсож байгаагүй. 02 цаг 25 минутад саатуулах бичсэн гэж байгаа юм. Энэ дээр миний хойноос орж ирсэн машинууд бүгд байсан. 06-56 СЭҮ улсын дугаартай машинтай ******* нь 7 цагт бараагаа оруулаад гараад явсан. Талыг нь буулгаад талыг нь аваад гарсан. н. эгч 20 гаруй хайрцагтай байсан ба эгч 30 хайрцагтай явсан. Миний нэр нүүрийг бодоод та нарыг буулгачих. Би дараа нь та нарыг татваргүй гаргаад байна гээд асуудалд орно гээд тохиролцож буулгасан. Тэгээд үлдэгдэл бараатайгаа гараад явцгаасан.
Өглөөний 8 цагт ******* байцаагч машиндаа байхгүй байсан. Явчихсан байсан гээд байгаа ч 11 цаг 30 минутад хилээр гарч явсан. Ээлжийн ахлах нь байсан. Уг байцаагчид би ус, ундаа байхгүй машиндаа 10 гаруй цаг боллоо. Болохгүй бол машинаа орхиод гаръя гэсэн. Хилийн цэрэг асуудаг юм байна лээ. Уг иргэн машинаа орхичихсон явган явна гэж байна гэж хэлээд зөвшөөрөл авч байж гаргадаг юм байна лээ. ******* байцаагч энэ дээр бас худлаа хэлсэн. Саатуулна гэж юу ч хэлээгүй, саатуулах огт бичээгүй. 06-46 СЭҮ улсын дугаартай машинтай эмэгтэй н.*******тэй цуг өглөө болтол байсан. Тэр эмэгтэй дээр мөн саатуулах бичих ёстой. Ганцхан над дээр саатуулах бичсэн. болон н. эгч хоёр 4-5 цагийн үед юм аа буулгачихаад гарч байсан. эгч илүү буулгачихсан гээд буцаад бараагаа зөөж байсан. н. эгч 10 хайрцгаас илүү авбал буулгахгүй гээд хэрүүл маргаан үүсгээд зогсож байсан. Мөн энэ хоёр хүн надаас ирж гуйсан. Эгчийнх нь бие өвдөөд байна. Чи барьцахгүй гээд хэлээд өгчих. Тэгэх юм бол бид хоёрыг гаргах гээд байна. Чамайг гомдол гаргаад хэрүүл хийгээд байна гэсэн. Тэгэхээр нь би ******* байцаагч дээр очоод энэ хоёр эгчтэй барьцахгүй. Бие нь өвдөөд байна гэж байна гэж хэлсэн. Надаас хамаагүй их бараатай хүмүүс байсан. Гэтэл намайг байхгүй байсан бол гаргаад явуулчих байсан. Машиныг маань өвлийн хүйтэнд 11 хоног саатуулсан. Тэр өдрүүдэд хүүхдүүдээ огт сургуульд хүргэж өгч чадаагүй” гэв.
Гомдол гаргагч ******* шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “... Манай нөхөр 2025 оны 11 дүгээр сарын 14-ний орой 20 цагт Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авч орж ирсэн тул гаалийн байцаагч ******* нь машиныг явуулахгүй барааг хураан авах эсэхээ шийдсэний дараа машиныг чинь явуулна гэсэн байсан. Миний хувьд машин дотроос гражийн түлхүүр авч бонго машин гражид хийх, гражаас авч хэрэглэх зүйл байсан учраас өөрийнхөө Приус маркийн машиныг онгойлгуулж, түлхүүрээ авч улмаар нимгэн 3 хайрцаг тоффийг урд хайрцагт байгаа түлхүүр болон сандал дээр байгаа 3 хайрцаг тоффийг хүнээр авхуулсан. 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаалийн байгууллагаас нөхөр *******г дуудаж машинаа ав гэж хэлсэн байсан. Тэгээд нөхөр маань очиж машинаа авах үед доторх барааг нь цөөхөн болчихсон тухай яригдсан гэсэн. Ингээд намайг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаалийн зөрчлийн байцаагч ******* гэх хүн дуудсанаар очиж уулзсан. Та машинаас хайрцагтай зүйл авсан байна гэхэд нь “тиймээ” гэхдээ би хулгай хийгээгүй түлхүүр авах гэж хүн явуулсан нөхөр маань буухдаа авч буух гээд мартсан байсан 3 хайрцаг тоффийг хүнээр авхуулсан та нар уг барааг битүүмжилсэн гар хүрч болохгүй машинд ойртож болохгүй авах зүйл байвал гаалийн байцаагчид мэдэгдэнэ гэж хэлээгүй сануулаагүй гэсэн шүү дээ гэж хариулсан.
Гаалийн байцаагч ******* намайг тайлбар гаргаж өг гэхэд нь тайлбар гаргаж өгсөн. Миний хилээр гарах асуудал дээр хориг тавьсан ямар нэгэн шүүхийн шийдвэргүй дур мэдэн надад ийм арга хэмжээ авсан. Гаалийн байцаагчид ингэх эрх бий гэж хэлсэн. Гэтэл 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр намайг дуудаж 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 0012595 дугаартай шийтгэлийн хуудас гардуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Ер нь гаалийн байгууллагын байцаагч нар хүнлэг бус харьцдаг өөрийнхөө өмнө сөгдөж гуйхгүй бол өш хонзон санадаг болох болохгүй зүйлээр хориг тавьдаг хэн нэгэн байцаагчтай тэр орж ирвэл тэрийг тэгээрэй мэтээр хүний эрхэнд халддаг зүй бус үйлдэл гаргадаг. Гаалийн байцаагч тухайн үедээ барааг хураан авч тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан машиныг битүүмжлэх үйлдэл хийсэн машинд ойртож болохгүй гэх мэтийг үйлдлийг огтоос сануулаагүй хэлээгүй. Тэр дор нь шалгаад хураахыг нь хураагаад гаргачих боломж байсаар байхад адилхан олон төрлийн бараатай машинуудыг үзсэн болоод гаргаад явуулдаг бусдад давуу байдал олгодог. Ядарсан амьдралын төлөө гэж зүтгэж яваа ард иргэдэд арслан бар шиг авирладаг хууль мэдэхгүйгээр далимдуулдаг. Өнөөдөр гэхэд нөгөө бараатай орж ирсэн 3 машинуудын барааг татвар төлүүлээд барааг нь өгөөд явууллаа. Манай нөхөр бид хоёрт ингэх боломжийг адилхан л олгох хэрэгтэй шүү дээ. Ингэж ялгаварлан гадуурхах, ялгавартай хандах ямар шаардлагатай юм. Эхнэр нөхөр хоёрыг тус бүр 1,000,000 төгрөгөөр торгож байдаг. Монгол иргэдийн эдийн засаг ямар билээ төр засгаас халамж анхаарал шаардахгүй өөрсдийнхөө бор зүрхээр хоёр улсын хил дамжин амьдрахын тулд хүйтэнд хөрч халуунд халж хэдэн үр хүүхдээ тэжээн тэтгэх гэж зорьж явна. Амьдрал хэцүү байхад торгуулийн шийтгэл ногдуулж байгаа нь хүнд байна. Хүмүүсийн амьдрал ямар байгаа билээ гэдгийг дотоод итгэлээрээ, хүнийг хайрлах, өрөвдөх хүнлэг сэтгэлээр хандах ёстой гэж бодож байна даа. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасаар 1,000,000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл ногдуулсан 0012595 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би ийм үйлдэл гаргаагүй.” гэжээ.
Гомдол гаргагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр 11 өнгөрөөж орж ирэхдээ машингүй орж ирсэн. Манай хүн хил гаалиар явдаггүй хүн. Машин нь өөр хүний итгэмжлэлтэй орж, гардаг. Машин олон хоноод байдаг. Өглөө бид хоёр 4 хүүхдээ сургууль, гэр лүү нь зөөж авдаг учраас машинаа авах шаардлагатай болсон. Машинаа авъя гээд ******* байцаагч руу ярьтал 2 хоногийн дараа дуудсан. Бид хоёр машинаа авна гэх байдалтай очсон. Очтол та нарыг хуулийн дагуу бүх барааг нь хурааж, 1,000,000 төгрөгөөр торгоно гэсэн. Би ******* байцаагчид та үнэхээр хуулиа баримталж ажиллаж байгаа бол тэнд байсан 4 машиныг ингэхгүй яасан бэ бүгд л өдөр болгон зөрчил үйлдэж, бүгд Хүнсний тухай хуулийг зөрчөөд гарч байгаа. Яагаад манай машин дээр ингээд байна вэ гэж хэлсэн. Та нарыг 1111 дугаар луу гомдол гаргасан учир ийм арга хэмжээ авч байна гэж хэлсэн. Машинаа авчихна гэх байдалтай очтол бүх барааг хураана, торгоно. Тэгж байж машинаа ав гэж хэлсэн. Бид нар бүх бараагаа хураалгаж чадахгүй. Хууль яагаад иргэн бүрт эрх тэгш үйлчлэхгүй байна вэ. Та нар хуулиа барьж ажиллаж байгаа бол хуулийг адил тэгш бүгдэд нь баримтлах ёстой. Эсвэл өөр харилцаа хандлага байна уу гэж хэлээд өрөөнөөс нь гарсан. Түүнээс хойш нилээд хэд хоног өнгөрсөн. Нөхөр цаг агаар харчихаад 25-ны өдрөөс эрс хүйтэрнэ гэсэн байна. Машин бүр баларлаа гэж хэлсэн. Би хойшоо гардаг. Нөхөр маань ихэвчлэн гардаггүй. Нөхөр маань гарахдаа грашийн түлхүүр аваад гарчихсан байсан. Гааль дотор машинаа үлдээхдээ зөвхөн чипээр нь түгжээд гараад ирчихсэн байсан. Түүнээс хойш граш руугаа орж чадаагүй. Хүний бараа грашнаасаа авч чадахгүй 7-8 хоносон. Би нөхрөөсөө машины түлхүүр хаана байна гэж хэлтэл ширээ дээр байна гэсэн. 22-23-ны үед хойшоо гарчихаад буцаж орж ирэхдээ грашийнхаа түлхүүрийг авна гэсэн бодолтой ирсэн. Гааль дээр унаж гарсан 83-44 улсын дугаартай машинаа шалгуулаад гааль хүлээн зөвшөөрсөн. Тэр үед цас орж байсан. Би машиныхаа хажууд зогссон. Гадаа рентгений байцаагч гадаа тамхи татаад зогсож байсан. Би машиныхаа хажууд зогсож байтал араас н.Чулуунбаатар ирээд чи яагаад наанаа зогсоод байгаа юм бэ гэтэл машин өнхрөөд байна. Гаалийн хашаанд байгаа машинаасаа грашийн түлхүүр авмаар байна. Нилээн хэд хоног грашнаасаа бараагаа авч чадахгүй байна хэцүү байна гэсэн. н.Чулуунбаатар машинаас чинь би юмыг нь аваад өгье гэхээр нь машинаа онгойлгож өгсөн. н.Чулуунбаатар хаана байгаа юм бэ гэхээр нь суудлын арын карманд нь байгаа гэсэн. Зорчигчийн талын арын карманд хийхээр 3-4 ширхэгтэй түлхүүр байгаа гэж хэлсэн. Түлхүүрээ авхуулчихаад байж байтал ард нь тоффи байна гэхээр нь би 3 хайрцаг тоффи байгаа аваад өгчих. Байцаагч нар сникерс хураана гээд байгаа юм. Саатуулж бид нарт танилцуулсан зүйл байхгүй. Дараагийн ээлжийн ахлах нь ийшээ тавь гээд явуулчихсан учраас н.Чулуунбаатараар түлхүүр авхуулаад ард нь байсан тоффиг авхуулсан. Тайлбараа ******* байцаагч дээр бичиг хэлбэрээр өгч байсан. Хэд хоногийн дараа гаалийн байцаагч нар намайг нөхрийнхөө машинаас хулгай хийж, хулгайлж авсан байна гэсэн. Би юм хулгайлаагүй. Би тухайн үед нөхрийнхөө машинаас өөрсдийнхөө юмыг авсан. Тэр үед гаалийн байцаагч, зөрчлийн байцаагч, ээлжийн ахлах нь ч бай 10 гаруй цаг хоолгүй байлаа харь гэж хэлээд гаргасан. Ямар ч саатууллаа гээд амаар ч юм уу бичгээр танилцуулсан зүйл байхгүй гэж ******* байцаагчид хэлж байсан. Хэрвээ машиныг саатуулчихсан, машин дотроос нэг ширхэг зүйл гаргахгүй гэж хэлсэн бол санаатай нь аргагүй машинаас бараа аваад явахгүй байсан. Намайг 3 хайрцаг тоффи авсан дээр 1,000,000 төгрөгөөр торгож байна гэж хэлсэн. 3 хайрцаг тоффи үнэ бүхий 900,000 төгрөгийг төл гэсэн торгуулийн хуудсыг оногдуулсан. Намайг торгуулийн хуудас оногдуулна гэж гаалийн 6 давхарт дуудсан. Би очоод анх ******* байцаагч тоффи хураана гэж хэлээгүй. Сникерс, марс, твиксүүдийг хураана гэж хэлсэн. Бусад машинуудтай тохиролцоонд хүрч 10,10 хайрцаг snickers, mars-г л авсан. Нэг ч машины тоффиг хураагаагүй. Би нөхрийнхөө сникерс марс-аар нь огт оролдоогүй. Мөн ******* байцаагч н.Чулуунбаатарыг уулзуулсны дараа машиныхаа эрхийг нээлгээрэй гээд 83-44 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойшоо гарах эрхийг нь хаачихсан байсан. Энэ хүн миний эрхийг нээхгүй бол би хойшоо гарч чадахгүй, амьдралаа залгуулж чадахгүй болсон. Шийтгэлийн хуудас бичнэ гэж намайг өрөөндөө дуудсан. Би шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэтэл ямар ядаргаатай хүмүүс вэ. Энэ ажлыг дуусгамаар байгаа учраас гарын үсэг зур гэсэн. Би зурахгүй гэж хэлээд гаалийн 6 давхраас цахилгаан шат руу ороод 1 дугаар луу дартал ******* байцаагч цахилгаан шат дээр ирчхээд товчлууруудыг удаа дараа дарж зур гэж байна хэмээн заналхийлсэн. Ийм л зүйл болсон. Шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Гомдол гаргагч *******, ******* нарын өмгөөлөгч Ч.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… *******н зөрчлийн тухайд эхлээд яръя. Хавтаст хэрэгт 3 зөрчил гаргасан гэж үзэж шийтгэлийн хуудас авагдсан. *******н тухайд 2 зөрчил гаргасан гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийнэ. Шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлд заасан Хүнсний тухай хууль зөрчсөн гэж үзсэн. Гэтэл Хүнсний тухай хуулийг аваад үзэхээр хүнс импортлох, экспортлоход тавигдах шаардлагыг дурдсан. Өөрөөр хэлбэл Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заагдсан хуулийн этгээд гэх шаардлагыг иргэн ******* хангаагүй учраас уг зөрчлийн шийтгэлийг гаргасан гэж үзээд шийтгэлийн хуудас оногдуулсан гэдэг. Гэтэл хуулийн зохицуулалтыг хуулийн этгээд гэдэг үгэнд анхаарлаа хандуулж хэрэгжүүлэхгүй. Хүнсний тухай хуулийн зорилттой нь нийцүүлж хэрэгжилтийг хангах ёстой. Хуулийн зорилго нь хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээлтэй, аюулгүй хүнсээр тогтвортой хангах, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршоод байна. Эдгээр хүмүүс тогтвортой байнгын шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа биш. Тиймээс Хүнсний тухай хуулийн зохицуулалтад энэ хүмүүсийн үйл ажиллагаа хамаарахгүй байна. Хуулийн хэрэгжилтийг хангахгүйгээр системийн хэрэгжилтийг хангадаг гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл хуулийн этгээд гэдэг үг л тэр систем дээр орчихвол энэ зөрчил болчихно гэсэн нөхцөл байдалтай байна. Зохиомол байдал бий болгож иргэд уг зөрчлийг гаргахгүй байх боломжтой юм шигээр уг хуулийг хэрэгжүүлж байгаа нь хууль бус байна.
******* нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар албан тушаалтны үйл ажиллагааг үл биелүүлэх, саад учруулсан гэж үзэж байгаа. Шийдвэр гэх зүйлээ шаардлага гэж бодож хэрэглээд байна. Шийдвэр, шаардлага гэдэг хоёр зүйл нь ондоо агуулгаар хэрэглэгдэх ёстой. *******д барааг шууд хураах шийдвэрийг ******* байцаагчаас танилцуулдаг. Хураалгах боломжгүй, 10 хайрцгийн алийг нь хураалгах вэ гэж хэлэхээр чи миний шийдвэрийг биелүүлсэнгүй, үйл ажиллагаанд саад учрууллаа гэдэг. Өөрөөр хэлбэл ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй. Ямар байдлаар саад учруулсан гэдэг нь тодорхойгүй. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлд заасан зөрчилтэй холбоотойгоор хүнс импортлохтой холбоотой шаардлага дээр хүнсийг иргэн оруулж болохгүй гэсэн хориглосон зохицуулалт байхгүй. Үүнийг хариуцагч өөрөө хэлсэн. Гэтэл Хүнсний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Н.Отгончимэг байцаагчийн гэрчийн мэдүүлэг дээр дурдагддаг. Намайг хэл амаар доромжилсон гэдэг. Гэтэл бичлэг дээр ч тийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Зүй нь бичлэг эх хуваариа байх ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тэмдэглэл, бичлэгийн талаар тусгайлсан зохицуулалт бий. Уг зохицуулалтад тухайн дуу, дүрсний бичлэг хийхдээ ямар зорилгоор хийж байгаагаа дурдана. Бичлэг хийж байгаа техник хэрэгсэл нь юу талаараа дурдана. Мөн он, цаг, өдрийг дурдана. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шаардлага тавьчихсан байтал зөрчил шалган шийдвэрлэх баримтаар тогтоогддоггүй. Мөн хуулийн шаардлагыг уг бичлэг нь хангахгүй байгаа учраас нотлох баримтын шаардлага хангаагүй баримт цугларсан гэж дүгнэж байна.
*******гийн үйлдлийг аваад үзвэл нэг л үйлдэл байгаа юм. Нэг үйлдэлд хоёр шийтгэл оногдуулчихсан. Зөрчлийн тухай хуульд нэг зөрчилд хоёр шийтгэл оногдуулахгүй гэх утга агуулга бий. Таны саналтай санал нийлэхгүй байна гэсний төлөө хоёр зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Бүрдүүлэлттэй холбоотой асуудлыг хариуцагч талаас тайлбарлах гэж оролдсон. Гэсэн хэдий ч ойлгомжтой тайлбар огт ирсэнгүй гэж үзэж байна. Бүрдүүлэлт гэдэг нь тодорхой баримт бичиг юм болов уу гэж ойлгож байна. Ямар баримт бичиг вэ гэхээр ямар гэдэг үгэндээ хариулж чаддаггүй. Хүнс оруулж болох уу гэдэг дээр өөрөө хариулчихсан. Иргэд хүнс оруулж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Энэ нөхцөл байдалд иргэд шийтгэлийн хуудсанд заагдсан зөрчлийг гаргачихсан гэдэгт эргэлзээ төрүүлж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зүйлийг хэлэхэд нэхэмжлэгч нарт уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор огтоос эрх үүрэг тайлбарлаагүй. ******* сая дурдахдаа ******* байцаагчийн өмнөөс ******* байцаагч авсан учраас би гарын үсэг зураагүй гэдэг. Мөн дээрээс нь огт үндэслэлгүйгээр хүнийг 16 цаг саатуулсан. 14-ний өдрийн 20 цагт орж ирсэн хүн 15-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэл саатуулсан. Гэрч *******ийн өөрийнх нь мэдүүлэгт тухайн үед цаг уурын онцгой нөхцөл байдал байсан гэдэг. Гэтэл байцаагч өөрөө дотор албан үүргээ гүйцэтгэж байгаа. Иргэд гадаа байж байгаа. Цаг уурын онцгой нөхцөл байдалд онцгой ажиллах ёстой. Гэтэл өөрийнхөө албаны чиг үүрэгт тохируулж хуулийг хэрэглэж байгаа нь гомдол гаргагч нарын гомдол үндэслэлтэй гэж харагдаж байна. Мөн энэ хүмүүс өмнө нь гомдол гаргаж байсан. Өмнө нь ийм асуудал шийдвэрлэж байсан гэдэг баримтыг шүүх хуралдааны явцад өгөөд байх шиг байна. Шийтгэл оногдуулах бодит байдал нь чи яасан их гомддог юм. Чи яагаад хэл ам гаргаад байгаа юм. Чи яагаад миний хэлснээр байхгүй байна вэ. Чамд ямар эрх байдаг юм бэ гэж эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаж байгаа нь тогтоогдоод байна гэж дүгнэж байна. Шийтгэлийн хуудасны зорилго гэх зүйлийг эрх бүхий албан тушаалтнууд ойлгох хэрэгтэй. Удаа дараа ийм зөрчил гаргахаас урьдчилан сэргийлнэ. Хэрэв үнэхээр зөрчил гаргачихсан байвал шударга ёс тогтоож хариуцлага ногдуулаач ээ. Гэтэл уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харахаар шударга ёс тогтсон асуудал огт байхгүй байна. Яг ижил нөхцөлд байсан хүмүүсийн зарим нь бүрдүүлэлтээ хуурамчаар хуулийн этгээд болгоод ирэхээр хуулийн шаардлага хангачихдаг. Хуурамчаар хуулийн этгээд болоогүй хүмүүс нь хуулийн шаардлага хангаагүй юм шигээр хуулийн хэрэгжилтийг хууль бусаар, ойлгомжгүй байдлаар хэрэгжүүлээд байгаа нь хууль бус байна.
Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дахь заалтад “нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасан. Энэ хуулийн хэрэгжилтээ ч мэдэхгүй байгаа байх гэж бодож байна. Уг нь аль хүндэд нь шийтгэл оногдуулаад явах боломж байсан. Гэтэл энэ хүмүүсийг залхаан цээрлүүлэх, үндэслэлгүйгээр олон цагаар саатуулах нөхцөл байдлыг албаар бий болгох зүйл рүү хавтаст хэрэгт авагдсан баримт чиглүүлж байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь их олон төрлийн ажиллагаа байдаг. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, хүний биед үзлэг хийх, баримт бичиг мэдээлэл гаргуулах, эд зүйл хураан авах, битүүмжлэх, хөдөлгөөний шилжилт хөдөлгөөн хязгаарлах, мэдүүлэг авах, тодорхой шинжээч томилох гэх олон төрлийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас хэд нь хийгдээд эдгээр хүмүүсийг зөрчил гаргасан гэж үзсэн бэ. Уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь тооны хувьд ч хангалтгүй хийгдсэн гэдэг нөхцөл байдал харагдаж байна. Үзлэгийн тэмдэглэл дээр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 4.13 дугаар зүйлд заасан тэмдэглэл үйлдэх журмыг огт хангаагүй. Бичлэг дээрээ өөрсдөө үзлэг хийж тэмдэглэл үйлдээд байгаа юм. Гэтэл явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон нийтлэг дараах байдлыг тусгана гээд тусгайлсан зохицуулалт байгаа. Уг ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурахаас татгалзсан бол үүнийг баталгаажуулаад тэмдэглэлдээ тусгаарай гэсэн зүйл байгаа. Дуу дүрс бичлэг дээр тусгайлсан цагаан дээр хараар бичээд зохицуулаад өгчихсөн. Тэмдэглэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ашиглаж байгаа техник
хэрэгслийн нэр, төрөл, үзүүлэлтийг тэмдэглэж, бичлэг хийсэн цаг, минут, авсан гэрэл зураг, зургийн тоог тусгана. Дуу, дүрсний бичлэг тухайн ажиллагааны зорилго, он, сар, өдөр, байршил, эхэлсэн, дууссан цаг минутыг тусгана гэж заасан. Энэ зүйлүүд хавтаст хэрэгт авагдсан бичлэгт огтоос байдаггүй. Хэрэгтэй, хэрэгтэй зүйлсээ таслаад авчихсан юм шиг харагддаг. Энэ нь өөрөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хангаагүй бичлэг байгаа учраас нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ямар ч боломжгүй. Үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй цуглуулж бэхжүүлсэн байна. Зүй нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохын тулд нотлох баримт гэдэг зүйл нь өөрөө хууль ёсны байдлаар цуглуулж бэхжүүлэгдсэн байх ёстой. Ингэж байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог.
Зөрчлийг нотлох үүрэг эрх бүхий албан тушаалд бий. Гэтэл гарсан зөрчлийг өөрөө нотолж, зөв тайлбарлаж чадахгүй байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нарын хэлээд байгаа төрийн албан хаагчийн хувьд онцгойлон хүний эрхэд тодорхой хэмжээнд халддаг, хүний хувьд ёс зүйн хэм хэмжээ огт байдаггүй гэдэг зүйлийг ярьдаг. Мөн гаалийн улсын байцаагчийн ажил үүргийн тодорхойлолтыг заагаад өгчихсөн байдаг. Үүнийг харахаар энэ хүмүүс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох бодлогын үндэслэлдээ санал дүгнэлт, зөвлөмж боловсруулах үүрэгтэй хүмүүс. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг маш хангалтгүй, холбогдогч нь ямар ч эрх үүрэггүй юм шиг ажиллагааг явуулаад байгаа нь хууль бус байна. Хууль бусаар явагдчихсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шийдвэр буюу шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй байж чадахгүй байна. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн *******д нээсэн 2531001277 дугаарын зөрчлийн хэргийг шалгах явцад түүний эхнэр болох ******* нь Оросын холбооны улсаас Алтанбулаг боомтоор 2025 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 02 цаг 18 минутад 8344 СЭА улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслээр Монгол Улсад орж ирэхдээ гаалийн хяналт шалгалт хийгдээгүй гаалийн хяналтын талбайд түр саатуулагдаж байсан 5255 СЭҮ улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслээс 3 хайрцагтай шоколадыг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй гаалийн хяналтын бүсээс авч гарсан үйлдлийг гаалийн хяналтын бүсийн хяналтын камерын бичлэгээр олж тогтоосон. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн С.Оюу-Эрдэнийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч гаалийн хилээр гаргасан барааны үнийн дүнг гаргуулж 0012595 дугаарын шийтгэлийн хуудас бичиж шийдвэрлэсэн. Иймд гомдол гаргагч *******д оногдуулсан 0012595 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.
Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно” гэж хуульчилсан. Гаалийн тухай хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1, 226.1.2, 226.1.3-д тус тус заасан эд зүйл орно гэж заасан. Гаалийн ерөнхий газрын даргын баталсан 2019 оны А/223 дугаар тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.1 дэх хэсэгт Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/ очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнс болон тухайн зорчигчийн аяллын зорилго хугацааг харгалзан дараах барааг хамааруулна гээд 2.1.1-2.1.18-т заасан эд зүйл тус бүр нэгээс илүүгүй байна гэж заасан. Журмын 2.2 дахь хэсэгт дараах бараа зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй гээд 2.2.1-2.2.6-т ... гэх мэт журамд тодорхой зааж өгсөн. Иргэн ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 14-ний орой 20 цаг 25 минутад Оросын холбооны улсаас Монгол Улсын Алтанбулаг боомтоор 5225 СЭҮ улсын дугаартай тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслээр хүнсний бүтээгдэхүүн болох шоколадны зүйл нийт 14 хайрцаг 7,290,108.16 төгрөгийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэн улсын хилээр орж ирсэн тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан гаалийн улсын байцаагч хууль журмыг танилцуулсан боловч иргэн ******* нь эсэргүүцэн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй гомдол мэдээллийг шалгах шаардлагатай байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгээр 2531001277 дугаар зөрчлийн хэрэг нээж 0012594 дугаартай шийтгэлийн хуудас бичиж арга хэмжээ авсан. Гомдол мэдээллийг шалгах явцад шаардлага биелүүлээгүй, ажил үүрэгт саад учруулсан нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар арга хэмжээ авч 0012610 дугаарын шийтгэлийн хуудас бичиж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэл гаргагч *******д оногдуулсан 0012594, 0012610 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн *******н тухайд шийтгэлийн хуудсанд хүнс экспортлох, импортлоход тавих шаардлага зөрчиж хүнсний бүтээгдэхүүн импортолсон гэх үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авсан. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь заалтад зааснаар иргэний 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгосон. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлд хүнс экспортлох, импортлоход тавигдах шаардлага гэж заасан. Мөн хуулийн 11.1 дэх хэсэгт зааснаар “хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно” гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 6.16 дугаар зүйлийн 6 дахь заалтад зааснаар “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Үүний дагуу зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Энэ хүн маань өөрөө зорчигч. Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд биш. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам гэж байдаг. Гаалийн тухай хуулийн 4 дүгээр бүлэгт зорчигчийн хэрэглээний зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх гэж заалт байдаг. Гаалийн тухай хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасан байдаг. Гаалийн даргын баталсан зорчигчийн авч яваа хэрэглээний зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд зорчигч тээврийн хэрэглээний эд зүйл, аялалын хүрээнд зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл шинэ болон хуучин. Очих газар хүртэл хэрэглэгдэх дахин боловсруулах шаардлагагүй хүнс болон тухайн зорчигчийн барааг хамруулна гэж заасан. Энэ дээр тодотгож хэлэхэд тухайн зорчигчийн очих газар хүртэл хэрэглэгдэхэд хүрэлцэх дахин боловсруулах шаардлагагүй хүнс гэж тодорхой зааж өгсөн. Уг журмын 2.2-д дараах бараа зорчигчийн хувийн хэрэглээний зүйлд хамаарахгүй гэж заасан. Мөн журмын 2.2 дугаар зүйлийн 6 дахь заалтад арилжааны зориулалттай хүнс гэж заагаад өгчихсөн. Мөн журмын 5.5 дугаар зүйлд дараах бараатай зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад бичгээр мэдүүлнэ гэж заасан. Энэ нь ямар бараа вэ гэхээр 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ журмын 2.2, 2.5 дахь заалтад заасан бараа юм. Мөн журмын 2.2 дугаар зүйлийн 6-д арилжааны зориулалттай хүнс байна гээд заагаад өгчихсөн. Үүний дагуу тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан байцаагч бүрдүүлэлт хийх шаардлагаар буцаасан. Яг адил шаардлага тавьсан байхад бусад нь буулгаж бүрдүүлэлт хийсэн байдаг. Энэ хүн шаардлагыг эсэргүүцэж бүрдүүлэлт хийхээс татгалзсан. Хэрэгт хавсаргаж өгсөн CD дээр бичлэг нь байгаа. Төрийн албан хаагчийн ажилд саад учруулсан буюу Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 250 нэгжээр торгох торгуулийн арга хэмжээ авсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, талуудаас гаргасан тайлбар, нотлох баримтуудыг үнэлээд эрх бүхий этгээд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах үүргээ бүрэн биелүүлээгүй, нотлох баримт цуглуулах зэрэг хуульд заасан зөрчил шалгах ажиллагааг дутуу явуулж шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль бус гэсэн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* нь иргэн *******г хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж, хүнсний бүтээгдэхүүн импортлосон зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0012594 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу 1,000,000 төгрөгөөр торгож, импортолсон хүнсний бүтээгдэхүүн болох 14 хайрцаг шоколадыг хурааж[1], мөн *******д гаалийн улсын байцаагчийн гаалийн бүрдүүлэлт хийлгэх шийдвэрийг үл биелүүлж, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0012610 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу 250.000 төгрөгөөр торгож[2], иргэн ******* Гаалийн тухай хууль зөрчиж, гаалийн хяналтад байгаа бараа, гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй гаалийн хилээр гаргасан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0012595 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу 1,000,000 төгрөгөөр торгож, гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй гаалийн хилээр гаргасан 3 хайрцаг Тоффи шоколадны үнийн дүн болох 941,356,8 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэжээ[3].
Нэг. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *******д холбогдох 0012594, 0012610 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах гомдлын шаардлагын тухайд:
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *******д холбогдох 0012594 дугаар шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг үндэслэжээ.
Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно.” гэж заасан зохицуулалт нь хүнсний аюулгүй байдлыг хангах, импортын хүнсэнд тавих хяналтыг сайжруулах зорилготой нийтийн эрх зүйн заавал биелүүлэх хэм хэмжээ юм. ******* нь хуулийн этгээдийн эрхгүйгээр хүнсний бүтээгдэхүүн импортолсон үйлдэл нь хэлбэрийн хувьд уг заалтыг зөрчсөн шинжийг агуулж байна.
Гэвч хэрэгт цугларсан нотлох баримт шүүхэд гэрчээр асуугдсан иргэн Б.ын мэдүүлэгт[4] “… Гаалийн байцаагч бүрдүүлэлт хийлгэ гэсэн шаардлага тавьсан тул бүрдүүлэлт хийлгэсэн. Эхлээд хураалга гэж байснаа сүүлдээ бүрдүүлэлт хийлгэхээр болоод 4 машин нийлж бүрдүүлэлт хийлгэсэн. Нэг машин 500-600 мянган төгрөгөөр бүрдүүлэлт хийлгэсэн” гэж, шүүхэд бичгээр шүүх хуралдаанд амаар тайлбарласан гомдол гаргагчийн тайлбар[5]-т “Тухайн үед 3 машины жолооч нар гаалийн бүрдүүлэлт хийгээд бараагаа ав гэсэн гэж хэлээд гаалийн байгууллагад тушаах мөнгө шаардлагатай гэж 2,500,000 төгрөгийн 560,000 төгрөгийг надаас жолооч н.******* эгчид 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бэлнээр өгч, гаалийн дансанд тушаасан байтал тэр хүмүүст гаалийн бүрдүүлэлт хийж надтай бүрдүүлэлт хийхгүй, давхар хохироож байна.” гэж байгаагаас үзвэл уг зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч ******* нь *******г хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй, харин ч бусад иргэдтэй нийлж хуулийн этгээдийн баримт бүрдүүлэх замаар хууль бус гаалийн бүрдүүлэлт хийхийг зөвлөсөн, чиглүүлсэн болох нь тогтоогдсон.
Төр өөрөө олон жилийн турш энэ үйлдлийг “чимээгүй зөвшөөрч”, заримдаа татвар аваад нэвтрүүлдэг байсан нь захиргааны байгууллагын тодорхойгүй байдлыг харуулж байх тул энэ талаар гомдол гаргагчдын өмгөөлөгч Ч.Нарангэрэлийн “Яг ижил нөхцөлд байсан хүмүүсийн зарим нь бүрдүүлэлтээ хуурамчаар хуулийн этгээд болгоод ирэхээр хуулийн шаардлага хангачихдаг. Хуурамчаар хуулийн этгээд болоогүй хүмүүс нь хуулийн шаардлага хангаагүй юм шигээр хуулийн хэрэгжилтийг хууль бусаар, ойлгомжгүй байдлаар хэрэгжүүлж байна” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан итгэл хамгаалах зарчмын агуулга нь иргэн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хууль ёсны гэж итгэж түүнд үндэслэн үйл ажиллагаа явуулсны улмаас үүсэх сөрөг үр дагавраас хамгаалагдахад оршино. Дээрх тохиолдолд байцаагчийн өгсөн зааварчилгаа болон холбогдох татварыг төлөөд хилээр нэвтрүүлдэг үйлдэл нь иргэдэд ийм байдлаар хил, гаалиар нэвтэрч болно гэх хууль ёсны хүлээлт, итгэлийг төрүүлжээ.
Эрх бүхий этгээд зөрчлийг илрүүлэхдээ зөвхөн иргэнийг буруутгах бус, тухайн зөрчил гарахад төрийн байгууллагын өөрийнх нь нөлөөлөл, буруу зөвлөгөө, ялгавартай хандалт (бусад иргэдийг татваргүй нэвтрүүлсэн) байгаа эсэхийг бодитой тогтоох үүрэгтэй. Байцаагч өөрөө хууль бус арга замыг зааж өгөөд, дараа нь түүнийгээ зөрчил гэж үзэж шийтгэл оногдуулж байгаа нь шударга ёсны зарчим болон хууль ёсны байх зарчимд нийцэхгүй юм.
Гомдол гаргагч нарын “…олон жил энэ хэлбэрээр хүнс оруулж ирсэн” гэх тайлбар нь захиргааны байгууллагаас тухайн харилцааг журамлах, иргэдэд нэг мөр ойлголт өгөх үүргээ хангалтгүй биелүүлж ирснийг гэрчилж байна.
Түүнчлэн хариуцагч гомдол гаргагчийг ямар зөрчил гаргасан болохыг нотолж чадаагүй. Хэдийгээр шийтгэлийн хуудасд Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх боловч шүүх хуралдаанд дараах байдлаар өөр өөр үндэслэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Үүнд:
А. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно.” гэж зааснаар иргэн хүнс импортлох боломжгүй, боломжтой,
Б. Гаалийн бүрдүүлэлт хийгээгүй, нөхөж хийх /тухайн үед хилээр хүнсний бараатай орж ирсэн 4 автомашины иргэд нийлж хуулийн этгээдийн баримт бичиг олж, холбогдох татвар төлөх/
В. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д зааснаар иргэний хилээр нэвтрүүлж буй барааг хэрэглээний эд зүйл гэж үзнэ гэх тайлбар зэргээс ямар зөрчил гаргасан гэж үзэж шийтгэлийн хуудас оногдуулсан нь тодорхойгүй. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасантай нийцэхгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, зөрчлийн бүрэлдэхүүнийг буруу тодорхойлсон, ижил нөхцөлд байгаа иргэдэд ялгамжтай хандсан, иргэний итгэл хамгаалах эрхийг зөрчсөн байх тул *******д холбогдох 0012594 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *******д холбогдох 0012610 дугаар шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан” гэж заасныг үндэслэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч нь нэхэмжлэгч *******г Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасан “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан” гэх үндэслэлээр 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөрчил үйлдэгдсэн эсэхийг тогтоох” үүргийг эрх бүхий албан тушаалтан хүлээх бөгөөд дараах үйл баримтуудаар зөрчлийн шинж тогтоогдохгүй байна. Үүнд:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу төрийн албан хаагчийн тавьж буй шаардлага нь хууль ёсны бөгөөд биелүүлэх боломжтой, ойлгомжтой байх ёстой. Нэхэмжлэгч нь “Бараагаа хураалга гэхээр нь хураалгасан, машинаа орхиод яв гэхээр нь орхисон” гэж тайлбарлах ба хариуцагч талаас яг ямар шаардлагыг, хэрхэн эсэргүүцсэн болохыг нотлох баримтаар тогтоож чадаагүй байна. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасан зөрчил нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд “саад учруулсан” идэвхтэй үйлдлээр илэрдэг. Гэтэл нэхэмжлэгчийг 16 цагийн турш саатуулсан, хяналтын талбайд автомашиныг нь 10 хоног хонуулсан зэрэг нөхцөл байдал нь иргэн төрийн албан хаагчийн шийдвэрт захирагдаж байсныг нотлохоос бус, үйл ажиллагаанд нь саад учруулсан гэх дүгнэлтэд хүргэхгүй юм.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалсны үндсэн дээр хэргийн нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан.
Хэрэгт авагдсан дуу-дүрсний бичлэг нь тасалдалтай, үйл явдлын эхлэл болон төгсгөлийг бүрэн харуулаагүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 7-д заасан “Дуу-дүрсний бичлэгийг бэхжүүлэхдээ техникийн хэрэгсэл, бичлэг хийсэн цаг минут, үзлэгийн явцыг тэмдэглэлд тусгах” журмыг зөрчсөн байна.
Нэгэнт хуульд заасан журмын дагуу бэхжүүлээгүй, эргэлзээ бүхий (эвлүүлсэн, тасалсан байх магадлалтай) бичлэгийг иргэнийг буруутгах үндсэн нотлох баримт болгон үнэлэх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль бусаар цуглуулсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэх зарчимтай зөрчилдөж байна.
Үүнээс үзвэл хариуцагчийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим алдагджээ. Тодруулбал, гомдол гаргагч *******н тээвэрлэж явсан хүнсний бүтээгдэхүүнийг бүгдийг хураахын зэрэгцээ “төрийн албан хаагчийн ажилд саад учруулсан” гэх үндэслэлээр нэмж торгосон нь захиргааны байгууллагаас иргэнд үзүүлж буй “хүндрүүлсэн” нөлөөлөл бөгөөд энэ нь ижил төрлийн бараа тээвэрлэсэн бусад иргэдэд гаргасан шийдвэртэй харьцуулахад тэгш бус хандалт юм.
Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-ын дагуу оногдуулж буй шийтгэл нь зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх ёстой. Хэргийн материалаас үзвэл нэхэмжлэгчийн зүгээс төрийн албан хаагчийн биед халдсан, доромжилсон эсхүл үйл ажиллагааг нь хүч хэрэглэн зогсоосон гэх үйл баримт тогтоогдоогүй тул төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.
Иймд шүүх Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.
Гурав. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *******д холбогдох 0012595 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын тухайд:
Гомдол гаргагч ******* гаалийн тухай хууль зөрчиж, гаалийн хяналтад байгаа бараа, гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй гаалийн хилээр гаргасан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0012595 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу 1,000,000 төгрөгөөр торгож, гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй гаалийн хилээр гаргасан 3 хайрцаг чихэр тоффи (Toffifee) үнийн дүн болох 941,356,8 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч талаас иргэн ******* Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр авсан” гэх үндэслэлээр шийтгэл онодуулсан байна. Гэвч хэргийн бодит нөхцөл байдлаас үзвэл дараах нөхцөлүүд тогтоогдож байна. Үүнд:
Гаалийн тухай хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ бараа, тээврийн хэрэгслийг саатуулах, битүүмжлэх тохиолдолд холбогдох шийдвэр, тэмдэглэлийг үйлдэж, иргэнд танилцуулах үүрэгтэй. Гэтэл тухайн барааг “гаалийн хяналтад байгаа” гэдгийг иргэнд албан ёсоор мэдэгдээгүй, тээврийн хэрэгслийг битүүмжлээгүй, саатуулах арга хэмжээ аваагүй байна. Гаалийн хяналтыг албажуулаагүй байдал нь иргэний хувьд тухайн барааг чөлөөтэй захиран зарцуулах боломжтой гэх ташаа ойлголт төрөх үндэслэл болжээ.
Гаалийн улсын байцаагч нь иргэнд хууль ёсны зөвлөгөө өгөх үүрэгтэй атал “4 машин нийлж, хуулийн этгээдийн нэрээр хамтарсан хуурамч бүрдүүлэлт хийх” замаар асуудлыг шийдэж болох талаар түүний нөхөрт зааварчилсан нь гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл, гомдол гаргачийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Энэ нь төрийн албан хаагч өөрөө иргэнийг хууль бус үйлдэл рүү чиглүүлсэн, хууль ёсны бус зааварчилгаа өгсөн ноцтой зөрчил юм.
Тодруулбал Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно.” гэж зааснаар гаалийн байгууллага, албан тушаалтнууд хууль тогтоомжийн хүрээнд зөвлөгөө, мэдээлэл өгөх үүрэгтэй атал барааг хууль бусаар нэвтрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хуурамч бүрдүүлэлт хийх зэрэг хууль бус үйлдэл хийхийг зөвлөсөн, дэмжлэг үзүүлсэн гэж үзэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан итгэл хамгаалах зарчим нь захиргааны байгууллагын өмнөх шийдвэр, үйл ажиллагаанд иргэн итгэж, түүнд үндэслэн өөрийн үйл ажиллагааг төлөвлөсөн тохиолдолд тэрхүү итгэлийг хамгаалахад чиглэдэг.
Гомдол гаргагч С.Оюу-Эрдэнийн хувьд өмнө нь ижил төрлийн барааг хилээр нэвтрүүлэхэд байцаагчийн зүгээс тухай бүр үзэмжээрээ татвар авч нэвтрүүлдэг байсан “тогтсон практик” нь иргэнд “энэ хэлбэрээр нэвтрүүлж болно” гэх хууль ёсны итгэлийг төрүүлсэн байна. Захиргааны байгууллага өөрийн тогтоосон буруу практик болон байцаагчийн зүгээс өгсөн “хуурамч бүрдүүлэлт хийх” зөвлөгөөнийхөө үр дагаврыг иргэнд хариуцуулж, түүнийг зөрчил гаргагч гэж буруутгах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Иргэн өөрийн нөхрийн машинаас 3 хайрцаг чихэр тоффи (Toffifee) авсан үйлдэл нь байцаагчийн зүгээс өгсөн зөвлөгөө, хяналтын үйл ажиллагааг албажуулаагүй эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар зөрчлийг шуурхай илрүүлж, нотлох баримтыг бэхжүүлэх ёстой. Гэтэл байцаагч барааг авч явсан даруйд таслан зогсоох, саатуулах арга хэмжээ аваагүй атлаа маргааш өдөр нь нөхөн тооллого хийж, тээврийн хэрэгслийг саатуулсан нь процессын хувьд алдаатай байна.
Тодруулбал, Зөрчлийн хэргийн материалд ******* Оросын холбооны улсаас Монгол Улсад Алтанбулаг боомтоор орж ирэхдээ 2025 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 02 цаг 18 минутад 8344 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр гаалийн хяналтын бүсэд саатуулагдсан 5225 СЭҮ улсын дугаартай саарал приус автомашинд байх гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй гаалийн хилээр гаргасан[6] гэх боловч тухайн автомашин 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр саатуулагдаагүй. Харин 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр саатуулагдсан болох нь Гаалийн улсын байцаагч *******ийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас”[7]-аар тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл: Барааг “гаалийн хяналтад байгаа” гэж үзэх эрх зүйн баримт иргэнд өгөгдөөгүй, байцаагч өөрөө хууль бус бүрдүүлэлт хийхийг зөвлөж, иргэнийг төөрөгдүүлсэн, иргэний өмнөх туршлага дээр үндэслэсэн “итгэл” хамгаалагдаагүй, Зөрчил шалгах ажиллагаа хуульд заасан дарааллаар явагдаагүй байна.
Иймд иргэн С.Оюу-Эрдэнийн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6-д заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн онодуулсан шийтгэл нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 6, 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйлийн 1, Хүнсний тухай хуулийн 11.1, Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 234 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч *******, ******* нарын гомдлыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *******д холбогдох 0012610, 0012594 дугаар, *******д холбогдох 0012595 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 140,400 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагч нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА