Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/71

 

                                      *******д  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Д.Номин-Эрдэнэ

Яллагдагч *******

Яллагдагчийн өмгөөлөгч З.Тамир нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/188 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, **************** индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ургийн овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ******** оны ****** дугаар сарын *****-ны өдөр Сэлэнгэ аймгийн ***** суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** боловсролтой, ************ мэргэжилтэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ******** хамт Сэпэнгэ аймаг *************сум ******* баг ****** хэсэг *********тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД:*********/

Яллагдагч ******* нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан салбарт байгаль орчны менежмент мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төгссөн гэх ******* дугаартай бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн шуудан үйлчилгээний газрын даргаар томилогдон ажилласан гэх хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Сэлэнгэ аймаг прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Номин-Эрдэнэ 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №15 дугаартай эсэргүүцэлдээ:  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/188 дугаартай шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичиж байна.

Анхан шатны шүүх захирамжийнхаа тодорхойлох хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ринчэнпүрэвтэй холбогдуулан гаргасан хүсэлтийг хүлээн авч шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч ******* нь тус хэргийн мөрдөгч, дэслэгч Г.Ринчэнпүрэвийн ёс зүйн асуудалд холбогдуулан Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд энэ нь тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу гэрч, хохирогч, яллагдагчаас мэдүүлэг авах, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх зэрэг ажиллагаанд огт хамааралгүй, энэ нь тус хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй асуудал байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн мэтээр хамаатуулан хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

1.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчөөс мөрдөгч нотлох баримт бэхжүүлэх цуглуулах үедээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар хүсэлт гаргасан боловч ямар нотлох баримтын талаар тодорхой дурдаагүй байхад шүүх ойлгомжгүй байдлаар тухайн хүсэлтийг хүлээн авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэж тодорхойлсон бөгөөд мөрдөгчийн ёс зүйн алдаанд хариуцлага тооцсон нь нотлох баримтад тооцогдох үндэслэлгүй.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлд нотлох баримтаар тооцохгүй байх талаар хуульчлан тогтоосон бөгөөд яллагдагч өөрийн эрхийг зөрчиж мэдүүлэг авсныг нотлох баримтаар тооцсон гэж үзвэл нотлох баримтаар тооцохгүй байх оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой атал шүүх шийдвэр гаргаагүй байна.

3.Яллагдагчийн өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт *******гийн диплом хуурамч гэдгийг эцэслэн шалгаагүй, Монгол шуудан компани нь хувийн компани орлогоороо цалинждаг, төр хохироод байна уу, хэн хохироод байгааг шалган тогтоох, яллагдагч *******г хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******тай нүүрэлдүүлэн мэдүүлэг авхуулах мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэлэлцээгүй ба хэрэв шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон тохиолдолд дахин прокурорын газарт хүсэлтээ гаргах боломжтой гэж дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т зааснаар Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/188 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Яллагдагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хамгийн анхны мэдүүлэг авахдаа өрөөндөө дуудаж оруулж ирээд дүү нь таниас хэдэн зүйл асууя гэж өрөөндөө оруулаад мэдүүлэг авчихсан. Өмгөөлөгчтэй байх ёстой гэдгээ надад тайлбарлаж хэлээгүй. Хавтаст хэргийн материалын доор би өмгөөлөгчтэй танилцъя гэж бичээд гарын үсэг зурчихсан зүйл байгаа. Миний эрхийг анхнаасаа хангаж өгөөгүй гэв. 

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэргийн прокурорт буцаах 3 үндэслэл байгаа. Мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” 1.3-д “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж заасан. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бэ гэвэл нэгдүгээрт хавтаст хэргийн 76 дугаар талд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгсөн байгаа. Хавтаст хэргийн 77 дугаар талд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчид эрх үүргийг тайлбарласан байгаа юм. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах эрхтэй буюу Үндсэн хуульд заасан эрхийг сүүлд нь тайлбарлаж өгсөн. Хавтаст хэргийн 67 дугаар талд мөрдөгч яллагдагчаар татах саналаа 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үйлдсэн. Хавтаст хэргийн 69 дүгээр талд прокурор яллагдагчаар татах тогтоолоо 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн. Прокурор түрүүлж яллагдагчаар татах тогтоол үйлдэж сүүлд нь  мөрдөгч нь саналаа хүргүүлдэг ийм процессын зарим буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 1, 31.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус ноцтой зөрчсөн асуудал байна.

...Яллагдагчид өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуульд заасан эрхүүд бий. Тийм учраас анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллагдагч *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

3.Яллагдагч *******д холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар оролцогчдын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдөр 178 тоот захирамжийг гаргажээ.

Захирамжид яллагдагчид холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлэлт дүгнэлт өгч яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн заримыг хүлээн авч тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч Г.Ринчэнпүрэвт Цагдаагийн газраас албаны шалгалт явуулан сануулах арга хэмжээ авагдсантай холбоотойгоор холбогдох шалгалт буюу мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн агуулгыг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцсэн хууль зөрчөөгүй байна. 

Яллагдагч ******* нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан салбарт байгаль орчны менежмент мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төгссөн гэх ******* дугаартай бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн шуудан үйлчилгээний газрын даргаар томилогдон ажилласан гэх гэмт хэрэгт холбогдсон.

Иймд тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.Ринчэнпүрэвт *******гийн гомдлын дагуу албаны шалгалт явуулж Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1-д зааснаар “Сануулах” арга хэмжээ авагдсан нь энэ гэмт хэрэгт явагдсан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой юу эсхүл түүний зан харилцаа буюу ёс зүйн асуудалтай холбоотой арга хэмжээ авагдсан эсэхийг шалгуулах нь ач холбогдолтой гэж үзнэ.  

Харин шүүгчийн захирамжинд хууль зөрчиж авсан нотлох баримтууд байгаа эсэх, уг баримтыг прокурор хэрхэн шийдвэрлэсэн эсэхийг шалгах шаардлагагүй гэж үзсэн.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, шүүх хуралдааны товын талаархи санал, шүүх хуралдаанд оролцогчдыг дуудах, шүүх хуралдааныг хаалттай явуулах санал,  нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д  “Шүүх  хуралдааны   явцад   нотлох   баримтаар   тогтоогдсон   хэргийн   нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж, 6-д “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж, 7-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна. Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн яллагдагчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, дээрх   хуулийн   заалтын   дагуу   ажиллагааг   явуулахаар   хэргийг  Прокурорт шилжүүлж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

5.Иймд шүүгчийн захирамжид заасан агуулгаас хууль зөрчиж авсан нотлох баримтууд байгаа эсэх, уг баримтыг прокурор хэрхэн шийдвэрлэсэн эсэхийг шалгах гэснийг хасаж байгаа боловч шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт өөрчлөлт орохгүй болохыг дурьдав.

Яллагдагч *******г яллагдагчаар татахаар эрх үүрэг тайлбарласан, яллагдагчаар мэдүүлэг авсан үйл баримт нь түүнийг яллагдагчаар татсан цаг хугацаанаас хойш явагдсан байгааг анхаарч цаашид энэ төрлийн алдааг засч дахин гаргахгүй байхыг анхааруулав.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 2024/ШЗ/188 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.4,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/188 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ