Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 82

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн Б.Тт холбогдох 1830000940068 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн харьяат, 1989 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт нутаглах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүйБ.Т

 

Холбогдсон хэргийн талаар/Прокурорын яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Б.Т нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг “И” гэдэг газарт 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Э.Ттэй гэрээс борц авахдаа газар унагалаа гэж маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “ зүүн талын тохойн хэсгийн болон зүүн талын өгзөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 03 сарын 18-ны өдөр хохирогч Т нь уурлаад намайг загнаад байхаар нь би бургас модоор хохирогчийн гуя, болон толгой руу нь цохисон. Миний түргэн зангаас болсон. Би торгуулийн ялыг зөвшөөрч байна. Би эмчилгээний төлбөрт 45.000 төгрөг төлсөн.  Одоо надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй... гэв. 

- Б.Тын яллагдагчаар өгсөн: Миний бие Сүхбаатар сумын 1-р багийн үндсэн иргэн бөгөөд Т гэх эмэгтэй манай төрсөн ах Сын эхнэр юм. Тухайн өдөр манай хоёр гэр нүүдэл хийсэн ба 11 цагийн үед би хоёр гэрийн борцоо гаргаад өөрийнхийгөө гаргаад гадаа тавьсан ба С ахын борц үлдсэн юм. Тэгтэл С ахын эхнэр Т нь манай борцыг ширдэг гудас руу үймүүлээд хаячихлаа наадах чинь цус нь гоожоод хамаг юм заваан болчихлоо гээд загнаад эхэлсэн. Тэгэхээр нь би наадах чинь цус болоогүй байна гэхэд намайг чи ер нь урагшгүй, өөрийнхөө гэрийг нүүлгэчихээд манай гэрийг нүүлгэхэд тусалсангүй гээд дахиж загнаад байхаар нь би хажууд байсан саврын ишээр гар болон хөл рүү нь 2-3 удаа цохичихоод модоо газар хаятал Т модыг аваад миний мөрөн дээгүүр 1 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-13/, 

- Хохирогч Э.Тийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай нөхрийн дүүг Т гэдэг бөгөөд 2009 оноос хойш Сүхбаатар сумын 1 дүгээр баг “И” гэх газар айл саахалт болон одоог хүртэл амьдарч байна. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Т нь манай гэрээс өөрийн борцыг авахдаа манай борцыг  ширдгэн дээр унагаад байхаар нь “чи дандаа хүний юманд муу байх юм, наадах чинь муухай болчихлоо” гэхэд “пизда минь тэр чинь ердөө цус болж заваарсан юм байхгүй, ороод харахгүй юу” гэхэд нь  “чи өөрийнхөө юманд яагаад ийм адтай загнадаг юм” гэхэд Т “чи битгий хуц, чи ч бас тэгдэг биз дээ” гээд бургасаар гуя руу болон тохой руу хоёроос гурван удаа, мөн гараараа толгойны ар руу нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би уур хөдлөөд тэр бургасыг газраас авч Тыг цохих гэтэл миний гарнаас булаагаад авсан юм. Тэгсэн манай нөхөр машин дээрээсээ бууж ирээд “яах гээд байгаа, юм боль, та нар” гээд болиулсан юм. Миний зүүн гуя болон тохой хөхөрсөн бөгөөд мөн толгой бага зэрэг өвддөг. Надад гаргах гомдол, санал байхгүй... гэх мэдүүлэг/хх-09/,

           - Гэрч Б.Сын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би өөрийн төрсөн дүү болох Тын хамт Сүхбаатар сумын 1 дүгээр баг, “И” гэх газарт 2015 оноос хойш цуг энэ нутагт амьдарч байгаа бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 'өглөө эхнэр Т бид 2 гэрээ нүүлгэхээр явсан бөгөөд гэртээ 12 цагийн үед ирсэн. Машин дээрээсээ ачаагаа буулгаж байтал гэрийн гадаа маргаан болоод байхаар нь очиж хартал манай дүү Т нь Тийг бургасаар гар болон гуя руу  хүчтэй цохиж байсан бөгөөд би “та 2 чинь өдрийн гэгээнээр юу болж байгаа юм, больцгоо” гээд загнаж болиулсан юм. Тухайн үед манай эхнэр Тыг борц гаргаж байхад нь загнаж “хамаг ширдэг гудас цус болгочихлоо” гээд загнасан гэсэн бөгөөд Т нь уурласандаа хэрэлдэж бургасаар мөр болон гуя руу нь 3-4 удаа цохисон юм... гэх мэдүүлэг/хх-14/,

 

  - Гэрч Ч.Эын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Өчигдөр манай охин Т нь 11 цаг өнгөрөөгөөд утсаар залгаад манай нөхрийн дүү Т намайг саврын ишээр зодоод бүх бие хөхөрч хавдсан босч чадахгүй байна гэж ярьсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна гэх мэдүүлэг/хх-11/,

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 155 дугаартай дүгнэлтэнд: 1.Э.Тийн биед зүүн талын тохойн хэсгийн болон зүүн талын өгзөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-16/, 

- Хохирлын баримт, жагсаалт. /хх-05-06/,

 

- Б.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-26/,

 

- Б.Тын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-28/,

 

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.03.19-ний өдрийн 38 тоот тодорхойлолт /хх-25/,

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-29-31/,

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 04 сарын 06-ны өдрийн 38 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-39/, 

 

- Б.Тын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтүүд /хх-37-38/,

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. 

 

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

  Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг “ Улаан худаг ” гэдэг газарт хохирогч Э.Ттэй “ шуудайтай борц газар унагалаа “ гэх маргалдаж, улмаар түүний гуя, тохой зэрэг газарт бургасаар зодож эрүүл мэндэд нь “ зүүн талын тохойн хэсгийн болон зүүн талын өгзөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тын үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Э.Т, гэрч Б.С, Ч.Э, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.03.15-ны өдрийн 155 дугаартай  шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

  Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын хоорондын зүй бус харьцаанаас буюу ялимгүй зүйлээс маргалдсан асуудлаас үүдэлтэй хийгээд Б.Т нь гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

Тодруулбал, тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогч Э.Тийг бургасаар цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

          

           Шүүгдэгч Б.Тын хохирогч Э.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

  Иймд шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

  Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Тт учирсан эмчилгээний зардлын 41.450 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн ба хохирогч хохиролтой холбоотой нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно. 

            

  Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв. Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Тын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Э.Т түүнтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн ба тэрээр хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байна. 

        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч Б.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

          Б.Тын гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн зүйлийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Тын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн, прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтоолоо.          

         

Б.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдая.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч БТыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ялтан Б.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

  4. Ялтан Б.Тт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН