Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/45

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 9 сарын 05-ны өдөр                   Дугаар 2024/ДШМ/45                               Өвөрхангай аймаг

 

Д.А, Б.Б, Б.Э,

Д.Т, О.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                Прокурор Л.Галбадрах ,

                                                Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн,

Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч С.Ялалт /цахимаар/,

Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Б.Билгүүн /цахимаар/,

Шүүгдэгч Б.Б-ны өмгөөлөгч Б.Баасанжаргал /цахимаар/,

Шүүгдэгч Д.А,

Шүүгдэгч Б.Э,

Шүүгдэгч О.Б,

Шүүгдэгч Б.Б,

                                                Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гомдлоор Д.Т, Д.А, Б.Э, Б.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн 2126002100108 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Т нь 2021 оны 5 сарын 04-ний өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний “Холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчин КТП-446 дугаартай дэд станцыг холболтын зураггүй байхад техникийн нөхцөл зөрчин холболт хийсэн, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн хуваарьт үүрэг буюу “бригадын ажилд оруулагч”-аар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185-т заасан заалтыг зөрчсөний улмаас Б.Б-ын амь насыг хохироосон,

            О.Б нь ******* Өвөрхангай аймгийн салбарт ахлах инженерийн албан тушаалд ажиллах явцдаа ажлын байрны тодорхойлолтын 2.11 дүгээр зүйлд заасан үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаартай тушаалаар батлагдсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 1.3.4.1, 1.3.4.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан цахилгаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн Б.Б-ын амь насыг хохироосон,

            Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” дугаартай дэд станцад гарсан ослыг засварлах ажлын хариуцлагатай гүйцэтгэгчээр томилогдон ажиллах үедээ Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 96 дугаар зүйл, мөн дүрмийн 182 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчсөний улмаас иргэн Б.Б-ын амь насыг хохироосон,

            Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зөвшөөрөл олгогч буюу /ээлжийн диспетчер/ үүрэг гүйцэтгэгчээр ажиллах үедээ Өвөрхангай аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан дамжуулах, түгээх ******* дугаарын дэд станцад гарсан ослыг засварлах зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 90 дүгээр зүйл, мөн дүрмийн 91 дүгээр зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөний улмаас иргэн Б.Б-ын амь насыг хохироосон,

Д.А нь Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дах салбарын ахлах диспетчерээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 2.6-д заасан “Шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна, мөн 2.12-т заасан “Шуурхай үйлчилгээний схем тоноглолд гарсан өөрчлөлт, журнал бүртгэлтэй танилцаж хяналт тавина гэснийг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн Б.Б-ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокуророос: Д.Т, Д.А, Б.Э, Б.Б, О.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т, Д.А, Б.Э, Б.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т, Д.А, Б.Э, Б.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн 2126002100108 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаан, шүүгдэгч Д.Т, Д.А, О.Б, Б.Э, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.С-д хохиролд 127742002 төгрөгийг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.4 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн тусгай ангийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.С-гийн нэхэмжилсэн 1800000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “Тухайлсан зааварчилгааны бүртгэлийн журнал” гэсэн дэвтэрийг Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбарт буцаан олгож, 1 хос ажлын бээлийг устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Т, Д.А, О.Б, Б.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Хохирогч ажлын байран дээрээ албан томилолтын дагуу, ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасныг ноцтой зөрчсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн хүн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй. Гэтэл ажлын байран дээрээ үйлдвэрийн ослоор хүн нас барсан байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан Засгийн газрын хэм хэмжээний акт, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралтад заасан заалтыг биелүүлээгүй албан тушаалтнуудыг гэм буруугүй гэж үзэж буй анхан шатны цагаатгах тогтоол хуулийн үндэслэлгүй.

Тухай салбарт ажиллаж байсан шүүгдэгч Д.Т, Д.А, О.Б, Б.Э, Б.Б нар албан үүргээн зохих ёсоор биелүүлж байсан бол хүний амь нас үрэгдэхгүй байсныг хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүх үл хэрэгсэж байгаа нь шударга шийдвэр гэж үзэх боломжгүй байна.

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаан дээр мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосон баримтуудыг үндэслэж шүүгдэгч нар гэм буруутай гэсэн дүгнэлтийг үгүйсгэж буй анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлгүй, зөвхөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал дүгнэлтээр хэргийг шийдвэрлэж байгаа нэг талыг баримталсан дүгнэлт болсон гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дүгнэж байгаа нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох хангалттай, хүрэлцэхүйц нотлох баримт авагдаагүй, хэргийн үйл баримтыг бодитой тогтоогоогүй, шүүгдэгч нарын гэм буруутайг хөдөлбөргүй нотолж чадаагүй байна гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлгүй байна. Хохирогчийн ажиллаж байсан байгууллага, амь насаа алдсан тэр обьект дээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчигдөөгүй гэж үзэж байгаа анхан шатны шүүхийн дүгнэлт, шүүгдэгч нар гэм буруугүй гэж дүгнэж байгаа шигээ хохирогч амь насаа алдсан нь хөндлөнгийн шалтгаан өөрийн гэм буруутай үйлдлээс болсныг ямар нотлох баримтаар дүгнэж байгаагаа шүүх цагаатгах тогтоолдоо дурдах ёстой.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын шүүгдэгч нар гэм буруугүй гэж дүгнэж байгааг үгүйсгэх боломжгүй гэж дүгнэж байгаа шигээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан Засгийн газрын журам, хүний амь насаа алдсан осолд үл хамаарна гэж дүгнэж дүгнэлтээ анхан шатны шүүх тодорхойлоогүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Л.Галбадрах давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Эрүүгийн 2126002100108 дугаартай Д.Т, Д.А, Б.Э, О.Б, Б.Б нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэхээр хуульчилсан.

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т, Д.А, Б.Э, Б.Б, О.Б нарт холбогдох 2126002100108 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарт ашигтайгаар буюу хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ гэж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн 2126002100108 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зүйлгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэл байхад шүүх үүнийг анхаарч, дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйн дээр хэрэг гарсан бодит байдал, оролцогч бүрийн гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийж чадаагүй байна.

Цахилгаан түгээх сүлжээний байгууллага нь өдөр тутмын үйл ажиллагаандаа Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 289 дугаар тогтоолоор батлагдсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журам”, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”, Эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Нэгдсэн сүлжээний дүрэм” болон бусад хэм хэмжээний актуудыг мөрдлөг болгон ажилладаг.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь өдөр тутам чиг үүргийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэхдээ дээрх хэм хэмжээний актуудыг нэг мөр хэрэгжүүлж ажиллахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэг гарах өдөр хэм хэмжээний актад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас уг хэрэг гарах болсон.

Түүнчлэн 384, 424, 446-г холболт хийхдээ холболтын схем зураггүйгээр холболт хийсэн. Схем зургийг нөхөж гүйцэтгэсэн. Бодит байдлаасаа схем зураг нь зөрүүтэй. Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу шалгалт хийгээгүй, өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгох дүрэм журмыг биелүүлэх талаар огт санал санаачилга гаргадаггүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой байна.

Хэрэв хэм хэмжээний актад заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн бол гэмт хэрэг гарахгүй байх бүрэн боломжтой байсан. Гэвч осол болсон цаг хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* дугаар дэд станцад гарсан зөрчлийг засварлахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Б-ын амь нас хохирсон.

Хэрэг гарах үед шүүгдэгч Д.Т нь Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчид хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн салбарт ашиглалтын монтёр ажил үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний “Холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчин КТП-446 дугаартай дэд станцыг холболтын зураггүй байхад техникийн нөхцөл зөрчин холболт хийсэн, “бригадын ажилд оруулагч”-аар ажиллахдаа Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185-т заасан Ажлын байрны бэлтгэлийг шалгаж ажилд оруулна. Энэ үед ажилд оруулагч нь дараах үүргийг гүйцэтгэнэ,

  • Бригадын бүрэлдэхүүн нь наряд ба шийдвэрт заасантай тохирч байгаа эсэхийг ажилтан нэг бүрийн үнэмлэхийн нэрээр тулгаж шалгах;
  • Ажил гүйцэтгэх хэсэг болон түүнтэй зэргэлдээ орших (хүчдэлгүй эсэхийг үл харгалзан) ойртож болохгүй тоног төхөөрөмж ба гүйдэл дамжуулах хэсэг, ажлын байрны хязгаарыг зааж өгөх;
  • Ажил гүйцэтгэх гүйдэл дамжуулах хэсэг нь хүчдэлгүй болсон эсэхийг хүчдэл заагчаар шалгах, тавьсан газардуулгыг үзүүлэх замаар нотлох;
  • 35 кВ ба түүнээс доош хүчдэлийн цахилгаан байгууламжид (хийц нь боломжтой газарт) ажил гүйцэтгэх гүйдэл дамжуулах хэсэг хүчдэлгүй болсныг гараар хүрч бригадад батлах гэж заасан үүргээ биелүүлээгүй,

Шүүгдэгч Д.А нь Эрдэнэт булганы цахилгаан түгээх станц ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын ахлах диспетчерээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 2.6 дугаар зүйлд заасан “шуурхай ажиллагааны журнал бичиг баримтад хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна”, мөн 2.12-д заасан “журнал бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна” гэж заасан үүргээ биелүүлээгүй,

Шүүгдэгч Б.Э нь Эрдэнэт булганы цахилгаан түгээх станц ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын зөвшөөрөл олгогч буюу ээлжийн диспетчерийн үүргийг гүйцэтгэж ажиллахдаа Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 90-д Зөвшөөрөл олгогч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь бүрэн, үнэн зөв ба гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон эсэхэд хяналт тавих, ажлыг аюулгүй гүйцэтгэхийн тулд тоног төхөөрөмжид хийх таслалт, газардуулгын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой ба тэдгээр нь хангалттай болох, мөн түүнчлэн ажилд оруулж байгаа бригадуудын ажлын хуваарилалт, хугацаа болон ажлын байр бэлтгэгч, ажилд оруулагчид тухайлсан зааварчилгаа өгөхийг тус тус хариуцна. Дүрмийн 91-д Зөвшөөрөл олгогч нь ажлын байр бэлтгэгч (тухайн байгууламжийг хариуцсан шуурхай ажиллагаа буюу шуурхай үйлчилгээ-засварын ажилтан)-д мөн түүнчлэн ажилд оруулагчид тухайн цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжид урьдчилан гүйцэтгэсэн таслалт ба тавьсан газардуулгын тухай мэдэгдэх ёстой гэх үүргээ биелүүлээгүй,

Шүүгдэгч О.Б нь Эрдэнэт булганы цахилгаан түгээх станц ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын ахлах инженерийн албан тушаалд ажиллахдаа ажлын байрны тодорхойлолтын 2.11 дүгээр зүйлд заасан үүрэг, эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаар тушаалаар батлагдсан Нэгдсэн сүлжээний дүрмийн 1.3.4.1-т Нэгдсэн сүлжээний бүх хэсгүүдийн ажлын байранд шуурхай ажиллагааны схем заавал байх ёстой бөгөөд зурагдсан таслах, залгах аппаратуудын тасархай буюу залгаатай байдал нь ТЗЭ-ийн техникийн дээд удирдлагын баталсан хэвийн ажиллагааны горим, схемтэй тохирч байх ёстой. 1.3.4.2-т Таслах, залгах аппаратуудыг залгаснаар хүчдэлтэй болох буюу ажилд залгагдах боломж бүхий шинэ тоноглолуудыг угсрах ажил дууссан эсэхийг харгалзахгүйгээр шуурхай ажиллагааны схемд зурна гэж заасан үүргээ биелүүлээгүй,

Шүүгдэгч Б.Б нь Эрдэнэт булганы цахилгаан түгээх станц ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын осол аваарыг засварлах хариуцлагатай үүрэг гүйцэтгэгчээр ажиллахдаа Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-н 96 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэгч нь дор дурдсан асуудлыг хариуцна. Үүнд:

  • Бэлтгэсэн ажлын байр нь нарядад заасан арга хэмжээтэй тохирч, аюулгүй байдлыг хангасныг;
  • Бригадын гишүүдэд өгсөн тухайлсан зааварчилгаа бүрэн, чанартай болсныг;
  • Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хамгаалах хэрэгсэл, багаж, бусад хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг;
  • Багаж, хэрэгслийг зөв ашиглаж, хэрэглэхийг;
  • Тухайн ажлын байранд тавьсан газардуулга, хаалт хашилт, аюулгүй ажиллагааны плакат, тэмдэг, цоож, түгжээний бүрэн бүтэн, хөдөлгөөнгүй байдлыг;
  • Ажлыг аюулгүй гүйцэтгэх, энэ дүрмийг өөрөө болон бригадын гишүүд дагаж мөрдөхийг;
  • Бригадын гишүүдэд байнгын хяналт тавихыг хариуцах үүргээ биелүүлээгүйн улмаас ******* дугаар дэд станцад гарсан зөрчлийг засварлах явцад Б.Б.Б нь цахилгаан хүчдэлд цохиулж нас барсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нотлогддог.

Мөн шинжээчийн дүгнэлтүүдээр хөдөлмөр хамгааллын ажиллагааны дүрэм, журам зөрчигдсөн талаар удаа дараа дүгнэлт гарсан, шүүгдэгч нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн талаар дүгнэлтүүд гарсан байхад шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал... гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нь эргэлзээтэй байгаа юм уу эсхүл эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээтэй байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй, шүүх хуулийн дээрх заалтаас алийг нь эргэлзээтэй гэж үзэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасан шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараах зүйлийг тусгана, мөн хуулийн 1.2 дахь заалтад шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл тусгахаар хуульчилсан.

Гэвч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд хэргийн оролцогч болох хохирогч түүний өмгөөлөгч, улсын яллагч нараас гаргасан дүгнэлтийг ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр “хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн бөгөөд яагаад хүлээн авах боломжгүй байгаа талаараа нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхээс 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцээд шүүгдэгч нарын үйлдэл, үйл баримт нь бүрэн тогтоогдоогүй байна гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай цагаатгах тогтоол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн заалтыг байгууллагадаа хэрхэн хэрэгжүүлсэн талаар ганц ч үг өгүүлбэр байхгүй, сайдын тушаал дурдаж, хэдэн ажлын байрны тодорхойлолт л байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн заалт биелэгдсэн үү, үгүй юу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцах хүмүүс нь ажил олгогч, түүний ажилтнууд хариуцна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг нь шийдвэрлэж өгсөн. Эрсдэлийн үнэлгээ хэзээ хийгдсэн юм, эрсдэлтэй бүс рүү хүн томилж явуулсан. Ийм амин чухал заалтуудыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй хэргийг шийдвэрлэсэн. Хэрвээ ямар нэгэн эргэлзээ байвал шүүгдэгчийн эрхийг л эдлэх ёстой. Тэр хохирол хамаагүй гэсэн агуулгатай ийм дүгнэлт хийсэн нь буруу юм. Ийм учраас Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай цагаатгах тогтоолыг үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний амь нас хохирсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаад хүний амь нас хохирсон байхад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаагүй, шүүгдэгч нар буруугүй гэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гарсан байна. Хэрвээ хөдөлмөрийн аюулгүй байдал нь алдагдаагүй, тэр хүн ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж явсан юм бол яагаад хүний амь нас хохирчихсон юм бэ. Хүний амь нас үрэгдчихээд байна. Тэр хүн ажлынхаа байран дээр ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барчихсан.  Шүүх яагаад энд ямар ч хүний гэм буруутай үйлдэл байхгүй гээд хэргийг цагаатгаад байгаа юм бэ. Яагаад цагаатгасан талаар ямар ч тайлбар байхгүй байна. Үүнийг тайлбарлаж өгөхийг хүсэж байна гэв.

Прокурор Л.Галбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Д.Т, Д.А, Б.Э, О.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2126002100108 дугаартай хэргийг анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 144 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, тогтоох хэсгийг ийм агуулгаар бичнэ гээд хуульчилж өгсөн. Энэ хэрэгт авагдсан бичгийн болон мэдүүлгийн нотлох баримтуудад хэрхэн дүгнэлт ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг тодорхой дурдаагүй. Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт шинжээч нарын дүгнэлтүүд гарсан байдаг. Шинжээч нарын дүгнэлтүүдээр шүүгдэгч нар нь холбогдох дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтуудыг зөрчсөн талаар удаа дараа ийм дүгнэлтүүд гарсан. Шинжээчийн дүгнэлтүүдийг яагаад үгүйсгэсэн юм, ямар нотлох баримтаар үгүйсгээд талаар дүгнэлт байхгүй. Өөрөөр хэлбэл 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гарсан гэмт хэргийн улмаас хэн нэгний буруутай үйл ажиллагаа байхгүй гэдэг агуулга бүхий дүгнэлтийг хийсэн. Эрчим хүчний Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани эрсдэлтэй нөхцөл байдалд ажилладаг, хариуцлагатай байгууллага байгаа. Энэ утгаараа ажил үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагч нар нь өдөр тутмынхаа үйл ажиллагаандаа холбогдох заавар, дүрэм журмуудыг мөрдөж ажиллах ёстой. Мөрдөж ажиллаагүйн улмаас энэ гэмт хэрэг гарсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан цахилгаан түгээх, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан цахилгаан байгууламж ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм, Эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан нэгдсэн сүлжээний дүрэм, мөн шүүгдэгч нарын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг гэсэн 4-н асуудлын хүрээнд яригдаж байгаа. Үүнээс гадна олон дүрэм журмууд байгаа. Гэвч энэ дүрэм журмуудаас өдөр тутмынх нь үйл ажиллагаанд нь мөрдөгддөг дүрэм журам нь энэ юм. Гэтэл энэ 4-н дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хүний амь нас хохирсон гэдэг ийм үйл баримт тогтоогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа учир анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр буюу тухайн хэрэг гардаг өдөр би ямар нэгэн ажлын чиг үүрэгтэй ажиллаагүй. Тухайн үед би ээлжийн амралттай, нийтийн амрах амралтын өдөр байсан. Тухайн үед хохирогч Б.Б Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанид ахлах инженерийн үүргийг гүйцэтгэж байсан. Б.Б бид нарын дээд албан тушаалын үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан. Энэ хэрэг 3-н удаагийн шүүхээр орлоо. Энэ хугацаанд юунаас болоод энэ хүн нас барчихсан гэдгийг одоо хүртэл би ойлгоогүй явж байна. Энэ хугацаанд маш их олон дайралт, маш их дарамт шахалт ирсэн. Миний хувьд юу болоод байгааг ч ойлгохгүй байна. Би шүүхийг энэ хэргийг үнэн зөв шүүгээсэй гэж хүсэж байна. Тухайн үед аюулгүй ажиллагаа алдагдсан тог тасалж залгах, тогийг хүртэл таслах, залгах чинь хугацаатай байдаг. Хэн нэгэн очоод л шууд чи энэ рүү ор гэж хэлэхгүй. Тухайн өдрийн томилогдсон ахлах л ажилладаг байгаа. Тэр хүмүүс аюулгүй ажиллагааны болон ажлын процессоо авч явдаг гэв.

Шүүгдэгч О.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ажлаа хийж байгаа хүмүүс энд яллагдагчаар татчихсан юм чинь цагаатгасан байр сууриндаа байх нь зүй ёсны хэрэг. Миний хувьд үнэхээр туйлдаж байна. Миний дуртай мэргэжил учраас цаашдаа сурна, илүү их сурна, мэргэжлээ тэтгэвэртээ гарна гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Энэ бүхэн эрс өөрчлөгдөж байна. Би Б.Б ахыг өнгөрсөнд их харамсаж явдаг. Шударга төрийн шүүхдээ итгэж байна гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч бид хоёр найзууд байсан. Бид 2-ын хувьд нэг цех, хохирогч манай цехийн дарга, би инженер байсан. Манай цехэд дутуу багаж байгаагүй. Бид бүх юмаа авч гарсан. Бид нарын хувьд тухайн үед ажлын байрыг өглөөний 384 дэд станцад гарсан гэмтлийг устгаж байгаад хохирогч Б.Б тухайн үед 2 станцын дундах туршилтыг өөрөө хийсэн. Тухайн үед ажлын байр бүрэн бэлдчихсэн байсан. Энэ хэрэг 3 жил болж байна. Бид сэтгэл санааны хувьд маш их хүнд байна. Бид 5 бүгдээрээ л сэтгэл санаа, ар гэр, эрүүл мэндээрээ бүгд л хохирол амсацгаасан. Би хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Би бол буруутай гэдгээ ч хэлсэн. Харамсаж байгаагаа илэрхийлж байна гэв.

Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл болон гомдлуудтай холбогдуулан хэлэх тайлбаргүй гэв.

Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч С.Ялалт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүх яагаад цагаатгах тогтоол гаргасан гэдгийг цаг хугацааны асуудлыг ялгаж салгаж ойлгох ёстой. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тухайн хэрэг гарсан. 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Дулааны станц шинээр ашиглалтад орсон өдөр. 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гарсан осолд олон хүнийг яллаглагчаар татсан байдаг. Схемийн зураг буруу зурсан, бодит байдал дээр нийцээгүй гэдэг тийм агуулга яригддаг. Дэд станц ашиглалтад орохдоо техникийн нөхцөлийн дагуу ашиглалтад ордог. Техникийн нөхцөлийн дагуу ямар номероос тухайн дэд станц холболт хийх юм бэ гэдэгт гол ач холбогдол өгч байгаа. 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дэд станцыг ашиглалтад оруулах 3-н хүний бүрэлдэхүүнтэй комисс ажилласан. Комиссын шийдвэр, холбогдох баримтууд нь авагдсан. Тэр комисс нь техникийн нөхцөлийнх нь дагуу тухайн хэлэлцэх заалтад холболтоо хийсэн байна уу, үгүй юу гэдгийг  шалгах үүрэгтэй байсан. Гэтэл техникийн нөхцөл бодит байдал дээр техникийн нөхцөлийн дагуу холбох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Холболтыг шалгаж байгаа хүмүүс тухайн үедээ техникийн нөхцөлийн дагуу холбох боломжгүй гээд номероос холболтыг ашиглалтад оруулахаар комиссын шийдвэр гаргачихсан. Энэ комиссын шийдвэр тэр хүрээндээ л гарсан. Үүнийг тухайн үеийн диспетчер, монтёр, ахлах диспетчер ч нар мэдээгүй байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар техникийн нөхцөл болон комиссын шийдвэрийн дагуу холбох ажил хийгдээд холбогдсон байдаг. Техникийн нөхцөлийн дагуу холболт хийгдсэн үү, хийгдээгүй юу гэдэг асуудал нь диспетчер дээр мэдээлэл ирээгүй. Ашиглалтад хүлээж авсан тэр хүмүүс холболтын асуудлыг мэдэж, бусад хүмүүс мэдээгүй нөхцөл байдал тогтоогддог. Техникийн нөхцөлийн дагуу ингээд холбох боломжгүй нөхцөл байдал үүсчихвэл өөр боломж нөхцөлийг нь гаргаж байгаад холбох уу үгүй юу гэдэг асуудал үүснэ. Энэ нөхцөлд техникийн нөхцөлийн дагуу холбох боломжгүй нөхцөл байдал үүсвэл тухайн хүмүүс холбохоос татгалзана. Өөрөөр хэлбэл тухайн захиалагч иргэнд техникийн нөхцөлийн дагуу холбох боломжгүй нөхцөл байдал үүсэж байна гээд өөрчлөлтүүдээ хэлчихсэн, хүчингүй болгоод шинээр гаргаж байгаа гэдэг шаардлагыг тавих ёстой байсан. Гэтэл техникийн нөхцөл тэгж өөрчлөгдөөгүй, хүчингүй болоогүй, харин ч холболт хийгдчихсэн. Тухайн нөхцөл байдалд нь тааруулж өөр режакт номероос холбогдсоныг нь зөвхөн тэр комисст ажилласан 3-н хүн мэдэж байсан. Өөр хүн мэдээгүй. Комиссын шийдвэр техникийн нөхцөлд нийцсэн тохиолдолд хүчинтэй болгох шийдвэр гарна, энэ нь эцсийн шийдвэр. Эрх зүйн баримт бичгүүд дундаас диспетчерийн хуульд нийцээгүй зүйл болсон уу, үгүй юу гэдэг талаар ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй. Тэр өдрийн диспетчер, дэд станц ашиглалтад орж байх өдрийн диспетчер нар надад техникийн нөхцөлөөс өөрөөр холбосон гэдгийг хэлээгүй талаар мэдүүлдэг. Нэгэнт холбох шийдвэр гарсан нөхцөлд техникийн нөхцөлийн дагуу хийнэ гэсэн ойлголтыг бүгд авсан гэдэг. Тэр схем зургийг О зурсан. О зурахдаа техникийн нөхцөлийг харж байгаад зурсан. Тэгэхлээр бид нар энэ холбогдох журам зааврын дагуу техникийн нөхцөл, үйл ажиллагаанд мөрддөг хууль байгаа юм. Тэрнээс биш бодит байдал дээр очиж харж байгаад зурдаг схем бол биш. Зөвхөн техникийн нөхцөлийг харж байж л зурах ёстой. Иймд О-ын үйлдлийг бид буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Мөн бусад диспетчер, монтёр хүмүүсийн үйлдэл, үйл ажиллагааг буруутгах үндэслэл байхгүй. Яагаад бид нар бичиг баримтын хүрээнд энэ техникийн нөхцөлтэй нийцсэн холболт хийгдсэн гэдэг мэдээлэл ирсэн. 2023 оны 6 дугаар сарын 29-ны өдөр шүүх хурал болж давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. 2023 оны 11 дүгээр сард анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж 60 хоногоор хойшлуулж шийдвэрлүүлсэн. Энэ хугацаанд прокурор ямар ч ажиллагаа хийгээгүй. Цэрэндулам, Ганзул гэдэг 2 хүнийг гэрчээр асуусан. Би Цэрэндулам гэдэг хүнд мэдэгдсэн юм уу, мэдэгдээгүй юм уу гэх агуулга хүсэлт гаргасан. 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 60 хоногийн хугацаа дуусахад ямар ч ажиллагаа хийгээгүй. Шүүх хуралдаан болохоос хэд хоногийн өмнө шинжээч томилох хүсэлтийг гаргаж байсан. Заавал цаг хугацаа тулгуулж шинжээч томилсон. Прокурор бүх баримтуудыг цаг хугацаанд нь шалгаж тодруулж, шүүгдэгч нарын гэм бурууг нэг бүрчлэн тогтоочихсон юм шиг яриад байна. 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Бүх шүүгдэгч нарыг гэм буруутай гэж ярьж байна. Гэтэл 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.А-ыг ажил албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан байна, ямар нэгэн дүрэм журам зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр болсон үйл явдалд амь хохирогчийн өөрийн буруутай нөхцөл байдал байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч өөрөө тодорхой үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн субъект бол биш байсан. Тухайн ажиллавал зохих наряд бичигдсэн газраас өөр газар ажиллах ажлын байрыг бэлтгээд тогийг нь таслаад бүх юмыг нь бэлэн болгочихсон байсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Д.А-ын 2 ажлын байрны тодорхойлолтоор гэм буруутай гэж үздэг. Зөвхөн танилцах үүрэгтэй гэж байхад хяналт тавих үүрэгтэй байна гэж дунд нь байсан үг өгүүлбэрийг хасаад яллах дүгнэлт үйлдсэн. Техникийн нөхцөлийн дагуу зурсан схем зургийн дагуу таслалт хийснийг буруутгах үндэслэл байхгүй. Харин техникийн нөхцөл нь зөв байдаг, буруу холболт хийчихсэн нөхцөл байдлыг ярьдаггүй. Холболтыг яаж хийдэг вэ гэхээр дэд станц ашиглалтад оруулах үед холболтыг захиалгат иргэн нь өөрөө тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар захиалга өгч хийлгүүлдэг. Дараа нь холболт хийсний дараагаар комисс зөв холболт хийсэн байна уу, буруу холболт хийсэн байна уу гэдэгт хяналт тавьдаг. Ийм учраас ямар нэгэн байдлаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал яригдахгүй, түүний дагуу таслалт хийснийг бол буруутгах боломж байхгүй.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч О-ийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж байсан нөхцөл байдлаасаа эрс зөрүүтэй эсэргүүцэл бичсэн гэдгийг нь сая яллах дүгнэлт уншихад сонслоо. Б.Бат-Эрдэнийг схем зургийг батлахтай холбоотой, батлаагүй байна гэдэг байдлаар буруутгаж байна. Захиргааны хэм хэмжээний актын хүрээнд үүнийг зөрчсөн. Тухайн хэсгийн зургийг хэн зурах юм, хэн хяналт тавих юм гэдэг талаар ямар нэгэн зохицуулалт байгаагүй. 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 11 дүгээр тушаалаар Эрдэнэбулганы цахилгаан түгээх станцад энэ схем зургийг хэн зурах, хэн тайлан батлах гэдэг зохицуулалт тодорхой болсон. Тэгэхээр өмнө нь хэрэг болсон цаг хугацаанд тухайн схем дугаартай холбоотой зохицуулалт тодорхой бус байсан. Үүнийг тухайн төрийн өмчит хувьцаат компанид тушаал гаргаснаар нотолж байгаа. Тэр схем зураг тухайн 11 бүрдлийнх нь зөвхөн л нэг хэсэг нь байгаа.  Тэр схем зураг өөрчлөгдөх ёсгүй зүйл юм уу? Хөтөлбөргүй хатуу зүйл юм уу?. Диспетчерийн тэмдэглэл дээр А станцаас Б станц руу холболттой гэдэг тэр тэмдэглэл ерөнхий агуулгаар биш тухайн хэддүгээр станцад байгаа схемээс хэддүгээр схемд холбогдож байгаа юм бэ гэдгийг нарийвчлан тэмдэглэх ёстой. Энэ нь диспетчерийн тэмдэглэл дээр үндэслэж зураг зурна.  Диспетчерийн үндэсний тэмдэглэл дээр мөрдөгдөж байгаа тоног төхөөрөмжийн цахилгаан холбооны хэлхээ схем зураг гардаг гэсэн үг. Энэ талаар хэрэгт тодорхой болчихсон байхад шалгасан, тодорхойлсон ажиллагаа байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг тогтоосон ямар нэгэн нотлох баримт байхгүй учраас анхан шатны шүүх хэргийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалт, захиргааны хэм хэмжээний актад хүлээсэн үүргээ биелүүлсэн байна уу, Үгүй юу гэдгийг тогтоосон зүйл байхгүй. 60 хоногийн хугацаа хэтэрч шинжээчийн дүгнэлт гаргасан. Тухайн шинжээчийн дүгнэлтийг яагаад үнэлж болохгүй байна вэ гэвэл шинжээчийн дүгнэлт дүрэм журам, үүргийг зөрчсөн талаарх асуудал яригдах болохоос биш тухайн хүмүүсийн гэм буруугийн асуудал, мэдүүлгийг үзэх, ямар нэгэн дүгнэлт гаргах тийм эрх үүрэг олгогдоогүй. Тийм учраас шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, түүнийг үнэлж шүүхийн шийдвэр гарах боломжгүй.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баасанжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмээр тухайн үйл ажиллагаа явуулж байгаа ажилчдад аюулгүй байдлыг хамгаалах, сэргийлэх талаар олгогдсон байх зайлшгүй шаардлагатай. Энэ нь дүрэм журмаараа зохицуулагдсан. Эрдэнэбулганы цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани Өвөрхангай аймаг дахь салбарт хэрхэн яаж хэрэгжсэн юм. Эд мөрийн баримтаар хураагдсан тэр бээлий тогны хүчдэлээс хамгаалах чанарын шаардлага хангасан зүйл байсан уу гэдэг нь эргэлзээтэй.

Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, цагаатгах тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокуророос Д.Т нь 2021 оны 5 сарын 04-ний өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний “Холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчин КТП-446 дугаартай дэд станцыг холболтын зураггүй байхад техникийн нөхцөл зөрчин холболт хийсэн, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн хуваарьт үүрэг буюу “бригадын ажилд оруулагч”-аар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185-т заасан заалтыг зөрчсөний улмаас Б.Б-ын амь насыг хохироосон,

            О.Б нь ******* Өвөрхангай аймгийн салбарт ахлах инженерийн албан тушаалд ажиллах явцдаа ажлын байрны тодорхойлолтын 2.11 дүгээр зүйлд заасан үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаартай тушаалаар батлагдсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 1.3.4.1, 1.3.4.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан цахилгаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн Б.Б-ын амь насыг хохироосон,

            Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” дугаартай дэд станцад гарсан ослыг засварлах ажлын хариуцлагатай гүйцэтгэгчээр томилогдон ажиллах үедээ Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 96 дугаар зүйл, мөн дүрмийн 182 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчсөний улмаас иргэн Б.Б-ын амь насыг хохироосон,

            Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зөвшөөрөл олгогч буюу /ээлжийн диспетчер/ үүрэг гүйцэтгэгчээр ажиллах үедээ Өвөрхангай аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан дамжуулах, түгээх ******* дугаарын дэд станцад гарсан ослыг засварлах зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 90 дүгээр зүйл, мөн дүрмийн 91 дүгээр зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөний улмаас иргэн Б.Б-ын амь насыг хохироосон,

Д.А нь Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дах салбарын ахлах диспетчерээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 2.6-д заасан “Шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна, мөн 2.12-т заасан “Шуурхай үйлчилгээний схем тоноглолд гарсан өөрчлөлт, журнал бүртгэлтэй танилцаж хяналт тавина гэснийг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн Б.Б-ын амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т, Д.А, Б.Э, Б.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатган шийдвэрлэжээ.

Прокуророос Эрүүгийн 2126002100108 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэл байхад шүүх үүнийг анхаарч, дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн цагаатгах тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй, бодит байдал, оролцогч бүрийн гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий эсэргүүцэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн ... Хохирогч ажлын байран дээрээ албан томилолтын дагуу, ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасныг ноцтой зөрчсөн. Ажлын байран дээрээ үйлдвэрийн ослоор хүн нас барсан байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан Засгийн газрын хэм хэмжээний акт, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралтад заасан заалтыг биелүүлээгүй албан тушаалтнуудыг гэм буруугүй гэж үзэж буй анхан шатны цагаатгах тогтоол хуулийн үндэслэлгүй. Иймд анхан шатны цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай, бүрэн гүйцэт шалган тодруулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.А, Б.Б, Б.Э, Д.Т, О.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.            

2. Шүүгдэгч Д.А, Б.Б, Б.Э, Д.Т, О.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.НЯМДОРЖ

             ШҮҮГЧИД                               Н.ЭНХМАА                

                                                                                                         Б.ЦЭРЭНПҮРЭВ