Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 86

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Хохирогч А.Тын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг, 

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дт холбогдох 1830000530066 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архилогич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Д. 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/Прокурорын яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Б.Д нь Бүгд найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Улиастай хот дахь Зүүн хатавч нэртэй хилийн боомт дээр 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр А.Тыг зодож эрүүл мэндэд нь “баруун гарны 3 дугаар хурууны дунд үеийн хэсгээр хугарал, зүүн гарны шууны яс дунд 1/3-ээр зөрүүтэй ташуу, сэлтэрхий бүхий хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  - Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 02 сарын 07-ны өдөр Өвөр Монголын нутаг Зүүн хатавч гэдэг газар өвс буулгаад машиныхаа дугуйг засуулах гэж очоод Тын найз А ахыг машинаа засаад дуусаад гарахаар нь би машинтайгаа орсон. Тэр үед Т ах машинтайгаа ухарч байсан юм байна лээ, би тэрийг нь хараагүй. 

  Тэгээд Т ах бууж ирээд намайг элдэв үгээр хараагаад “ хужаагийн бөгс долоосон гуйлгачин ” гээд намайг савхин бээлийтэй гараараа 2-3 удаа цохисон. Би “ та адилхан Монгол хүн байж ингэж болохгүй “ гэхэд Т нь намайг “ Монгол руу оруулж байгаад гөлөг болгоно “ гэж хэлээд дахиад намайг цохих гээд дайрахаар нь би хажуудаа байсан модыг аваад цохисон. Би Т ахыг ухарч орох гэж байна гэж бодоогүй, 300 метр хол зогсож байсан. Тэгээд би дугуйгаа засуулах гэж орсон. Миний дугуй бол 10 минутанд л засах боломжтой байсан. Би 17 цагаас өмнө Монгол Улсын хил рүү гарах гээд яарч байсан. 

  Орой нь компанийхаа байранд байхад 2 монгол хүн ирээд намайг хүний гар цохиж хугалсан байна гэж хэлсэн. Би хятад захиралдаа юу болсныг хэлэхэд манай захирал дугуй засварын газар очоод юу болсныг асуусан байсан. Тэгээд ирээд намайг Таас уучлалт гуй гэж хэлсэн. Би 02 сарын 07-ны орой Т ах дээр очиж уучлалт гуйсан. Т “ялихгүй зүйлээс л боллоо доо” гэж хэлсэн. 02 сарын 08-ны өдөр бас Т ахтай очиж уулзаж уучлалт гуйсан. 02 сарын 09-ний өдөр очиж уулзахад “ах нь өвөр монгол бариачид бариулсан, гайгүй болж байна” гэж хэлсэн. 02 сарын 09-ний орой Монгол руугаа орж ирээд цагдаа дээр ирсэн. 

  Би тухайн үед хятад захирлаасаа 2000 юань аваад эмчилгээний зардал өгье гэхэд Т ах өөдөөс уурлаад би чиний наад 2000 юаниар яадаг юм бэ гээд байсан. Би тэр хүний ая талыг хараад л чимээгүй байсан. Би 02 сарын 07-ны өдрөөс 09-ний өдөр хүртэл уулзаж уучлалт гуйсан. Сүүлд утсаар яриад хэлэхэд хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гээд авч хэлэлцэхгүй байсан. 

  Т ахын нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрээр гаргасан хохирлыг төлнө. Би 2017 оны 11 сараас хойш би Зүүн үзэмчин хошуунд тээврийн машин жолоодсон. Үүнээс хойш цагаан сарын амралт гэж амарсан. 02 сарын 09-өөс цагаан сарын амралтаа аваад 02 сарын 26-ны өдөр цуглараад 03 сарын 16 хүртэл ажилласан. Би тухайн үед машины тээвэр ямар байсан, ямар үйл ажиллагаа явж байсныг би өөрөө харсан. Т ах ямар ч машинаар тээвэр хийгээгүй, Т ахыг ажиллаж байсан уурхай ажиллаагүй. Нэг удаа явахдаа 60-70 тонн нүүрс ачдаг байсан. 7 хоногт нэг удаа гарч байсан. 

  Нэг удаа хятад руу оруулаад 150000 төгрөгийн цалин авдаг байсан. Манай нүүрсний уурхайгаас буулгах газар хүртэл 90 км байсан. 

  Хүмүүсийн яриагаар Тыг Өвөр монгол найзынхаа жолооч гэж ярьж байсан. Гаалийн бүрдүүлэлтийг тээвэр хийлгэж байгаа компани хийдэг. Хувийн машинууд өөрсдөө бүрдүүлэлтээ хийдэг байсан. Би буруугаа ойлгож байгаа, гэмшиж байна... гэв.

 

- Хохирогч А.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 46-21 оро улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Бадмаараг харш нүүрсний уурхайгаас нүүрс ачиж БНХАУ-ын Зүүн хатавч боомтонд нүүрс буулгадаг юм. Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Бадмаараг харш нүүрсний уурхайгаас нүүрс ачиж Хятадын боомт руу орж 2018 оны 02 дугаарын сарын 06-ны өдөр нүүрсээ буулгасан. Тэр өдрөө миний гаалийн бүрдүүлэлтийн бичиг нь амжиж гараагүй учир Хятадын хил дээр хоносон. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр засварын газар орж чиргүүлэндээ гагнуур хийлгэх засварын газар очерлоод зогсож байсан. Тэгээд миний орох ээлж болоод ухарч орох гэж байтал төв замаар ирж байсан 78-61 уня улсын дугаартай том оврын ачааны машин шахаж миний оронд зогссон. Тэгээд би машинаасаа бууж ороод “би машинтайгаа ухраад орж байхад чи шууд ирээд орлоо” гэж хэлтэл “би машиндаа ганцхан дугуй засуулчихна” гэж надтай маргалдсан. Би маргалдаж байхдаа цохих гээд гараараа далайтал миний гарыг бариад авсан. Тэгээд маргалдаж байгаад хоёулаа маргалдахаа больё, Монголдоо очоод учраа олоё гээд салсан юм. Гэтэл миний араас хөлийн чимээ гарах шиг болохоор нь эргээд хартал Д нь гартаа мод барьсан гүйж ирээд намайг цохихоор нь би зүүн гараараа хаасан. Үүнээс болж миний зүүн гарын шуу хугарсан. Дахиад намайг цохиж миний баруун гарын дунд хурууг хугалсан. БНХАУ-д эмчилгээнд зарцуулсан 1.300.000 төгрөг, бараг 2 сарын хугацаанд ямар нэгэн хөдөлмөр эрхлээгүй, хэрэв миний гар зүгээр байгаад ажлаа хийж байсан бол би энэ хугацаанд 20 орчим сая төгрөгний орлого олж болох байсан. Би бүх тооцоог нийлүүлээд Д гэх хүнээс 20,0 сая төгрөг нэхэмжилж байна, гомдолтой байна. Д надтай дахиж уулзаагүй, надад эмчилгээний төлбөр гэж мөнгө өгөөгүй. Би өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авмаар байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна” ...гэх мэдүүлэг /хх-14-16/

 

- Гэрч Б.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд БНХАУ-аас Бичигт боомт орохоор Зүүн хатавчны боомтноос урагш 1 км орчимд дугуй засуулахаар өөрийн эзэмшлийн Нортбенз маркийн 51-76 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Надтай хамт Т гэх танил маань Нортбенз маркийн 46-21 оро  улсын дугаартай автомашинтай явж байсан юм. Тэгээд дугуйгаа засуулж байтал Д гэх залуу хажууд ирээд надаас “ахаа би дугуйгаа засуулах гэж байгаа юм. Та болж байна уу” гэж асуухад нь би ” арай болоогүй байна” гэж хариулсан юм. Удалгүй Т нь машиныхаа чиргүүлийн доод талын сороочигийг гагнуулахаар засварын газар руу ухарч орж байтал Д нь гэнэт Тын ард талаас давхиж орж ирж байгаа харагдсан. Тэгээд би буугаад хартал тэр 2 маргалдаж байсан. Би яг юу гэж маргалдаж байсныг нь бол сонсоогүй. Тэгтэл Д нь Тын дээрээс модоор цохих гэтэл Т гараараа хамгаалж байсан. Тэгээд би очоод Даас модыг нь аваад тэр хоёрыг салгасан. Салгаж байхад Д нь Т руу дайраад гараараа хэд хэд цохисон. Яг хэд цохисныг нь би сайн хараагүй. Тэгээд би Д гэх залууг салгаж авч яваад “хүний нутагт ингэж уурлаж болохгүй, бид чинь адилхан Монголчууд” гэж хэлтэл Д нь надад “ахаа би уг нь Тыг гайгүй залуу гэж бодож байтал энэ чинь харин хөгийн хүн байна” гэж хэлээд газраас том төмөр аваад “би нэг мөсөн гүйцээчихье” гэж хэлээд дайрах гээд байсан. Тэгэхэд би Дт “чи ингэж болохгүй ээ. Чи наад төмрөөрөө хүн цохивол хүн амьд үлдэхгүй, чи хэрэгт орно, болохгүй” гэж хэлээд уг төмрийг нь гараас булааж аваад газар хаясан. Тэгтэл Д нь “ахаа миний зүрх дэлсээд байна” гэж хэлж байсан. Тэгээд би Т гэх залуу дээр очиход “ахаа миний гар хугарчихлаа, хавдчихсан хөдөлгөж болохгүй байна” гэж хэлэхээр нь барьж үзэхэд гар нь хугарчихсан, бас баруун гарын дунд хуруу нь хугарчихсан байсан. Тэгэхэд тэнд явж байсан үл мэдэх нэг жолооч цаашаа Улиастай руу эмнэлэг авч явж би Монгол руу орж ирсэн” гэх мэдүүлэг / хх-23 / 

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 103 дугаартай дүгнэлтэнд: 1.А.Т гэх хүний биед баруун гарны 3 дугаар хурууны дунд үеийн хэсгээр хугарал, зүүн гарны шууны яс дунд 1/3-ээр зөрүүтэй ташуу, сэлтэрхий бүхий хугарал” бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ... гэжээ. / хх-06/

 

- Б.Дын Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36/

 

- Б.Дын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-38/ 

 

- Б.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37 /

 

- Б.Дын хохирогчтой Утсаар ярьсан тухай тэмдэглэл /хх-43/

 

- Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.06-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-47-49/

 

- Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

- А.Тын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын шүүхэд гаргасан хохирлын баримтууд /39 хуудастай /... зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул энэ нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

          Шүүгдэгч Б.Д 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд Бүгд найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Улиастай хот дахь Зүүн хатавч нэртэй хилийн боомт дээр иргэн А.Тыг модоор цохиж эрүүл мэндэд нь “ баруун гарны 3 дугаар хурууны дунд үеийн хэсгээр хугарал, зүүн гарны шууны яс дунд 1/3-ээр зөрүүтэй ташуу, сэлтэрхий бүхий хугарал ” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Дын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч А.Т, гэрч Б.А нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018.02.13-ны өдрийн 103 дугаартай дүгнэлт, Зүүн үзэмчин хошууны монгол уламжлалт эмнэлгийн Оношлогооны хуудсууд, Зүүн үзэмчин хошууны Нэгдсэн эмнэлгийн Өвчтөний зардлын жагсаалтууд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь хохирогч А.Тын “ машин засварын газарт дараалал дайрлаа“ гэх асуудлаар Б.Дтай харилцан маргалдсан буюу уг маргааны улмаас Б.Д нь түүнийг модоор гарлуу нь цохиж гэмтэл учруулсан үйлдэлтэй холбоотой хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хоорондоо хэрэлдэж, маргалдсан ялимгүй асуудлаас шалтаглан хохирогчийн гарыг модоор санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол, хор уршиг учруулсан байна.

Б.Дын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах/-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэргийн хохирогч А.Т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  нийт 50.494.212 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Д “Би 2017 оны 11 сараас хойш би Зүүн үзэмчин хошуунд тээврийн машин жолоодсон. 2018 оны 02 сарын 09-өөс цагаан сарын амралтаа аваад 02 сарын 26-ны өдөр цуглараад 03 сарын 16 хүртэл ажилласан. Би тухайн үед машины тээвэр ямар байсан, ямар үйл ажиллагаа явж байсныг би өөрөө харсан. Т ах ямар ч машинаар тээвэр хийгээгүй, Т ахыг ажиллаж байсан уурхай ажиллаагүй тул Т ахын нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрээр гаргасан хохирлыг төлнө “ гэж хохирлын талаар маргажээ. 

 

Шүүх дээрх нэхэмжлэлээс БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Улиастай хотод эмчлүүлсэн эмчилгээний зардлын 3.928 юань буюу 1.492.716 төгрөг, “ Хеброн “ баталгаат орчуулгын товчооны хөлс 100.000 төгрөг, А.Тын тус аймагт болон Эрдэнэцагаан суманд мөрдөн байцаалтанд ирж, очсон 2018.03.21-ний өдрийн 39.000 төгрөгийн, 2018.03.29-ний өдрийн 25.000 төгрөгийн тээврийн зардал, шатахууны зардлын 314.100 төгрөг, 2018.02.13-ны өдрийн 40.000 төгрөгийн, 2018.02.20-ны өдрийн 10.000 төгрөгийн эмчилгээний зардал, Зотол буудлын төлбөр 50.000 төгрөг, Алтангагнуур эмийн үнэ 1800 төгрөг, нийт 2.072.616 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангахаар тогтоолоо.

 

Харин зарим шатахуун болон хоолны зардлын 202.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Учир нь хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат атлаа 2018.02.28-ны өдрийн Баруун хараа ШТС-48-аас 9500 төгрөгөөр тос, 2018.03.04-ний орой Хөтөлийн Шунхлай ШТС-аас 20.000 төгрөгийн шатахуун, 2018.03.05-ны шөнө Эрдэнэт ШТС-аас 10.000 төгрөгийн шатахууныг тус тус авсан, 2018.03.03-ны 21.50 цагт Петростар ШТС-аас авсан 50.000 төгрөгийн, 2018.03.04-ний орой 18.07 цагт НИК ШТС-аас авсан 8.000 төгрөгийн шатахууны төлбөрүүд Д.Үнэнсайхан гэгч хүний картнаас хийгдсэн үндэслэлүүд тодорхойгүй байх бөгөөд үүнийг хохирогчийн зүгээс хэрэгт нотлох баримтаар нотлоогүй байна.

Мөн 2018.03.02-ны орой Сүхбаатар аймгийн Баруун- Урт суманд байрлах “ Их урсгал” зоогийн газарт хооллосон 15.800 төгрөгийн хоол, хүнс нь хүний өдөр тутмын хэрэгцээт зүйлд хамаарах тул гаргах үндэслэлгүй болно. 

 

Түүнчлэн хохирогчийн нэхэмжилж буй олох байсан орлогын 48.328.300 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн тооцоог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулахгүйгээр гаргах бололцоогүй байх тул иргэний журмаар хангуулах эрхтэйгээр үлдээлээ.

Учир нь хэрэгт “Хүйтонг энержи” ХХК-ийн “ Адъяа овогтой Т нь 2017 оны 11 сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэл ОРО 46-21 улсын дугаартай автомашинаар 1 рейсэндээ 86-100 тонны нүүрс тээвэрлэж байсан ба 1 тонн тээврийн хөлсний үнэ нь 45 юань болно “ гэх тодорхойлолтоос өөр хохирогчийн олох байсан орлогыг тодорхойлох баримт авагдаагүй байх тул энэ нэхэмжлэлийг шууд хангах үндэслэлгүй байна. 

Тухайлбал, хохирогчийн зүгээс уг компанитай ямар гэрээний үндсэн дээр, ямар цалин хөлстэйгээр хэдий хугацаанд ажиллаж байгаа, ажиллах хугацаанд хэдэн удаа ямар хэмжээгээр нүүрс тээвэрлэсэн /7 хоног, сарын давтамж /, хил, гаалиар нэвтэрснийг нотлох баримт зэрэг иргэний нэхэмжлэлийн тооцоог гаргахад шаардлагатай нотлох баримтыг гаргаагүй байна. Иймд хохирогч буюу иргэний нэхэмжлэгч А.Т нь дээр дурдсан нэхэмжлэлийг үнийг тодорхойлох баримтуудыг бүрдүүлж нэхэмжлэлийг иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй юм.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь бүрэн эдгэрээгүй, эмчлүүлж байгаа талаар хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “ Миний үйлчлүүлэгч Эрээн хотод эмчлүүлж байгаа, иймээс цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд дурдаж өгнө “ гэж мэдүүлжээ. Хохирогч нь энэ эмчилгээнээс улбаалан гарах хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ангийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж хангуулах эрхтэйг дурдая.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.

 

Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан, тухайн гэмт хэрэг тэдгээрийн хоорондын зүй бус харьцаа, маргааны болж улмаас үйлдэгдсэн, тэрээр эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, түүний гэр бүлийн амьжиргааны байдал зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохистой гэж шүүх үзлээ. 

Б.Дын өрхийн амьжиргааны түвшинг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №1110100000 тоот тодорхойлолтоор “ танай  өрх амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа” -нд 2017 оны 04-р сарын 03-ны өдөр нийт 4 ам бүлтэйгээр хамрагдаж, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн боловч Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын баталсан аль нэг босго оноог хангаагүй байна“ гэж тодорхойлжээ.

 

Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Даас 2.072.616 төгрөгийг гаргуулан хохирогч А.Тт олгож, 202.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч А.Т нь олох ёстой байсан орлогын 48.328.300 төгрөгийн нэхэмжлэл, цаашид гарах эмчилгээний болон бусад зардалыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

           5. Ялтан Б.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Ялтан Б.Дт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээг аваагүй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН