| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 182/2021/01460/И |
| Дугаар | 210/МА2022/00337 |
| Огноо | 2022-02-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2022/00337
| 2022 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2022/00337 |
Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2021/02664 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БХ- холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 840,786,798 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Барилга, хот байгуулалтын яам болон Хөгжлийн банк ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2013/13, 1С-ДБ-Б 2013-120 дугаар гэрээ байгуулж Буянт-Ухаа орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 квт-ын түгээх сүлжээнд 9,9 м.кв орчим чадлын хэрэглээг хангах 10 кв-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2x400 квт чадалтай ТП 25 иж бүрдэл, 33.0 км урт 10 квт-ын кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Дээрх ажлын хөлс 7,000,001,754 төгрөг байсан. Гэрээнд зааснаар ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх байсан боловч хугацаандаа хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул талууд харилцан тохиролцож 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт гэрээ байгуулан гэрээний 9.4, гэрээний ерөнхий нөхцөлийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн барилгын ажлыг ашиглалтад оруулах хугацааг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Гэрээний дагуу манай компани нь ажил үүргээ гүйцэтгэх явцад Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 квт-ын түгээх сүлжээнд 9,9 м.кв орчим чадлын хэрэглээг хангах 10 кв-ын хуваарилах байгууламж 1 иж бүрдэл, 2х400 квт чадалтай ТП 25 иж бүрдэл, 33.0 км урт 10 кв-ын Кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажлын төсвийг Жэй Ди Эй ХХК-ийн захиалгаар тэргүүлэх зэргийн төсөвчин П.Пүрэвхүү ажлын төсвийг дахин гаргасныг Барилгын хөгжпийн төвийн экспертүүд хянаад 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр баталгаажуулсан. Тэргүүлэх төсөвчин П.Пүрэвхүүг нийт 7,840,876,798 төгрөгөөр ажлыг хийж гүйцэтгэхээр төсвийг гаргасан бөгөөд Мон-Энержи ХХК-иудийн ажлын зургийн дагуу төсвийн суурь норм болон тээврийн зардлыг Зам тээвэр Б сайдын 2008 оны 136 дугаар тогтоол, 2012 оны 18, 181 дүгээр тушаалуудыг үндэслэн тооцож төсөвт гаргасан алдааг залруулсан. Төсөвчин П.Пүрэвхүү дүгнэлт бичиж, биелэлтийг шалгасан эксперт Х.Цуурай нар нийт ажлын төсвийг 7,840,786,798 төгрөг байхаар өөрчлөлт оруулсан. Манай компани гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2014/162 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээлгэн өгсөн. Захиалагчийн зүгээс дээрх ажлын санхүүжилтийг гүйцэтгэлээр нь төлж байсан бөгөөд 7,000,001,754 төгрөгийг төлсөн. Төсвийн дагуу нэмэгдсэн 840,786,798 төгрөгийг төлөөгүй. Энэ хугацаанд манай компанийн зүгээс албан бичиг хүргүүлсэн боловч ажлын үлдэгдэл хөлсийг төлөөгүй. Захиалагчийн зүгээс төсөв нэмэгдсэн ч гэрээнд өөрчлөлт оруулаагүй учраас төсвийн зөрүүг төлөхгүй гэсэн тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй. Манай компанийн зүгээс нэмэгдсэн төсвийн хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэж улсын комисс хүлээн авсан тул ажлын үлдэгдэл хөлсөө шаардах эрхтэй тул 840,786,798 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай тушаалаар Засгийн газраас Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон гэр хороололд баригдах инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлыг хэрэгжүүлэх дэд бүтэц төслийн нэгжийг байгуулсан. Уг төслийн нэгж нь Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банкаар дамжуулан Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж, шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, талуудын хороонд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан байна. Энэхүү ажлын хүрээнд Буянт-Ухаа орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 квт-ын түгээх сүлжээнд 9,9 м.кв орчим чадлын хэрэглээг хангах 10 квт-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2x400 квт чадалтай ТП 25 иж бүрдэл, 33.0 км урт 10 квт-ын кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын гүйцэтгэгчээр төслийн удирдах хорооны шийдвэрээр Э- ХХК, Мон-Энержи Консалтинг ХХК-иудын түншлэлийг шалгаруулж 2013/13, 1С-ДБ-Б 2013-120 дугаар гэрээг захиалагч Барилга, хот байгуулалтын яам, санхүүжүүлэгч Хөгжлийн банк, гүйцэтгэгч Э- ХХК-ийн хооронд 7,000,001,154 төгрөгийн гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч гэрээт ажлыг 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 10 сар хүртэлх хугацаанд улсын комисст хүлээлгэн өгч захиалагч гэрээгээр тохиролцсон санхүүжилтийг олгосон. Э- ХХК 2013 оны 01/278 тоот албан бичгээр гэрээний үнэ болон төсөвт өртгийн зөрүүг 2014 оны төсөвт оруулж өгөхийг хүссэн бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар тус компанид 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/3955 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл Э- ХХК 2014 оноос 2019 оны хооронд албан бичгээр Б яамны сайдад удаа дараа хандаж нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч тус яамны зүгээс дээрх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БХ- холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 840,786,798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,520,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 840,786,798 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагчтай гэрээ байгуулах үед урьдчилан төсөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг гүйцэтгэгч зөрчсөн учраас нэхэмжлэл үндэслэлгүй гэж шүүх дүгнэснийг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй гэж үзэж байна.
Шүүх Э- ХХК нь Барилга, хот байгуулалтын яам, Хөгжлийн банк ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2013/13, IC-ДБ-Б2013 120 дугаар Буянт-Ухаа орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 квт-ын түгээх сүлжээнд 9,9 м.кв орчим чадлын хэрэглээг хангах 10 квт-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл 2х400 квт чадалтай ТП 25 иж бүрдэл, 33 км урт 10 квт кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажил гэрээ байгуулагдсан байна гэж үндэслэлтэй дүгнэсэн боловч гэрээний үнэ яагаад нэмэгдсэн Барилгын хөгжлийн төвийн зураг, төслийн баримт бичгийн магадлалын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1285/2013 дүгнэлт юуг үндэслэж гарсан, гэрээт ажлын нийт батлагдсан төсөв 8,164,214,995 төгрөг болсон зэрэг үйл баримтуудын талаар дүгнэлт хийгээгүй. Э- ХХК нь ажил гүйцэтгэх 2013/13, IC-ДБ-Б 2013-120 дугаар гэрээг байгуулах цаг хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төсөв нь батлагдаагүй байсан болохыг гэрээний талууд мэдэж байсан ба барилгын ажлын төсөвийг 7,840,876,798 төгрөг болсныг Барилга хөгжлийн төвийн экспертүүд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэж захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч талд нэг хувийг өгсөн. Барилгын хөгжлийн төвийн магадлалын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1285/2013 дүгнэлтээр дээрх гаргасан төсвийг хянаж баталгаажуулсан. Энэ үед ажлын гүйцэтгэл 80-90 хувьтай явагдаж байсан бөгөөд улсын комиссын гишүүд барилга угсралтын ажилд ажиллаж хугацаатай үүрэг даалгавар өгсөн ба улмаар барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2014/164 дугаар актаар барилга байгууламж зураг төслийн дагуу бүрэн хийгдэж Цахилгаан хангамжийн зориулалтаар ашиглахад боломжтой гэж захиалагч хүлээн авсан. Энэ үед гэрээний 3 тал төсвийн хэмжээ нэмэгдсэн болохыг мэдсэн. Харин ч ажлаа яаралтай хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөхийг шаардаж байсан талаар тайлбарласан боловч шүүх анхаараагүй.
Мөн ... Э- ХХК-ийн 2013 оны 01/278 дугаар албан бичгээр гэрээний үнэ болон төсөвт өртгийн зөрүүг 2014 оны төсөвт оруулан тооцож өгөхийг хүссэн хүсэлт ирүүлснийг захиалагч уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар тус компанид 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/3955 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн..., ....2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03/4015 дугаар албан бичгээр уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн дээрх албан бичгийг ирүүлсэн байх ба нэхэмжлэгч маргаагүй тул энэ үйл баримт тогтоогдсон гэж үзнэ ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Барилгын хөгжлийн төвийн зураг, төслийн баримт бичгийн магадлалын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1285/2013 дүтнэлт гарч гэрээт ажлын төсөвт өртгийг 7,840,876,798 төгрөгөөр баталгаажуулсан, төсвийг баталгаажуулснаас хойш нэхэмжлэгч 2013 онд захиалагчид төсөвт өртгийн зөрүүг шийдвэрлүүлэхээр бичгээр хандаж байсан. Захиалагч ажлын төсвийг баталгаажуулснаас хойш 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/3955 дугаар албан бичгээр хариу өгч байсан зэрэг үйл баримт тогтоогдсон. Төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар мэдэгдэж 2014 оны төсөвт оруулан тооцож өгөхийг бичгээр мэдэгдэж байсан.
Шүүх ... ажлыг гүйцэтгэх явцад нэмэлт зардал гарсан тухай захиалагчид мэдэгдээгүй, ямар ажил нэмж гүйцэтгэж, хэдэн төгрөгийн зардал гарсан талаар баримтыг ирүүлээгүй. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд Буянт-Ухаа орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын санхүүжилтийн тооцоогоор 1,234,974,342 төгрөгийн зардал гарснаас 840,786,798 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байгаа боловч уг тооцоолол нотлох баримтын шаардлага хангаагүй, 840,786,798 төгрөгөөр төсвийн хэмжээ нэмэгдсэн болохоо нотолж чадахгүй байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч 1,253,096,962 төгрөгийн зардал гарсан тооцоог хэрэгт хавсаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1.Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар
1.а. Нэхэмжлэгч Э- ХХК нь хариуцагч БХ- холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 840,786,798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... гэрээгээр тохиролцсон хөлсийг бүрэн төлсөн, ажлын төсвийг нэмэхийг зөвшөөрөөгүй... гэж маргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Барилга угсралтын ажлын төсвийг Жэй Ди Эй ХХК-ийн захиалгаар тэргүүлэх зэргийн төсөвчин П.Пүрэвхүү 7,840,876,798 төгрөг гэж гаргасныг Барилгын хөгжлийн төвийн экспертүүд хянаад баталгаажуулсан тул захиалагчаас 840,786,798 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
1.б. Э- ХХК, Б яам, Хөгжлийн банк ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, энэ гэрээгээр гүйцэтгэгч Э- ХХК нь Буянт-Ухаа орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 кв-ын түгээх сүлжээнд 9,9 мвт орчим чадлын хэрэглээг хангах 10 кв-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2х400 ква чадалтай ХТП 25 иж бүрдэл, 33 км урт 10 кв-ын кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, захиалагч Б яам нь 7,000,000,000 төгрөгийг төлөх, Хөгжлийн банк ХХК нь санхүүжүүлэхээр тохиролцсон. Мөн талууд 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дээрх гэрээнд өөрчлөлт оруулж барилгын ажлыг ашиглалтад оруулах хугацааг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгажээ.(1хав-23-25,36-х)
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
1.в. Талууд гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээн авсан талаар болон ажлын хөлс 7,000,000,000 төгрөгийг хариуцагч шилжүүлсэн эсэх талаар маргаагүй, харин ажлын төсөв нэмэгдсэн эсэх талаар маргажээ.
Хэрэгт Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1285/2013 тоот магадлалын ерөнхий дүгнэлт авагдсан ба уг дүгнэлтэд Буянт-Ухаа орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 кв-ын түгээх сүлжээнд 9,9 мвт орчим чадлын хэрэглээг хангах 10 кв-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2х400 ква чадалтай ХТП 25 иж бүрдэл, 33 км урт 10 кв-ын кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажлын төсөвт өртөг 7,840,876,798 төгрөг болсон... талаар дүгнэжээ. (2хх-ийн 132-139)
Э- ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/278 дугаар албан бичгээр Б яаманд ажил гүйцэтгэх гэрээний үнэ болон төсвийн зөрүү 840,876,798 төгрөгийг 2014 оны төсөвт оруулан тооцож өгөхийг хүссэн бөгөөд уг албан бичигт ....угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцад 2013 оны 10 дугаар сарын сүүлчээр бүрэн гарсан зураг төсвийг Барилгын хөгжлийн төв улсын экспертизээр баталж, ажлын төсөвт өртөг 7,840,876,798 төгрөг болсон... талаар дурдснаас үзэхэд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч Э- ХХК нь захиалагч Б яаманд мэдэгдсэн гэж үзнэ. (2хх-ийн 44)
1.г. Хариуцагч Б яамны 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/3955 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Э- ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/278 тоот албан бичгийн хариуг хүргүүлсэн ба уг хариу албан бичигт ...гэрээний үнийн болон төсөвт өртгийн зөрүүг олгох боломжгүй.... гэжээ. (1хав-230-х)
Гэвч нэхэмжлэгч Э- ХХК нь гэрээнээс татгалзаагүй, татгалзах санал захиалагчид гаргаагүй, төсвийн хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага нэхэмжлэгч талаас гаргасан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй байдаг.
1.д. Хариуцагч Б яам нэмэгдэл ажлын хөлс төлөхөөс татгалзсан, харин гэрээг цаашид дуусгавар болгох гэсэн агуулга илэрхийлээгүй, улмаар 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажилласан байна. (хх-ийн 77-81)
Нэхэмжлэгч Э- ХХК нь гэрээнд заасан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2014/164 дугаар актаар Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил ХТП-3906, ХТП-3907, ХТП-3904, ХТП-3905, ХТП-3910, ХТП-3911, кабель шугамын ажлыг байнгын ашиглалтад оруулсан байна. (хх-ийн 74-76)
Хариуцагч Б яам нь нэмэгдсэн төсвийг төлөхийг зөвшөөрөөгүй, талууд энэ талаар харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээнийн үнэд өөрчлөлт оруулаагүй, хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаагүй, нэхэмжлэгч ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөнөөр гэрээ дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэгч Э- ХХК нь нэмэгдсэн ажлын хөлс гэж 840,876,798 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй байна.
Иймд шүүх нотлох баримт буруу үнэлсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/02664 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4,520,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Н.БАТЗОРИГ