Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 204/МА2022/00001

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн

яамны хөдөө аж ахуйг дэмжих сангийн

ажлын албаны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 146/ШШ2021/00256 дугаар шийдвэртэй

         Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй Хархорин ХК-наас 3 148 501 225.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.С /цахимаар/, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч хүнс хөдөө аж ахуйн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хуучнаар тариаланг эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Өвөрхангай аймаг, *** сум, ***, *** 00 хаягт орших *** регистрийн дугаартай “Х” ХК, түүнийг төлөөлж дэд захирал Р.О нь 1 000 000 000.00 /нэг тэр бум/ төгрөгийг долоон жилийн хугацаатай, хүүгүйгээр, эргэж төлөгдөх нөхцөлтэй 2014 оны 09 дүгээр сарын 04-нд БЗ-2014/Ч-01 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан байдаг. Үүнээс тухайн компанийн дансанд нийт 950 000 000.00 /есөн зуун тавин сая/ төгрөгийн санхүүжилт орсон байдаг. Мөн 129 379 670 /нэг зуун хорин есөн сая, гурван зуун далан есөн мянга, зургаан зуун далан/ төгрөгийн үнэ бүхий үр тарианы комбайн 1 ширхэгийг урьдчилгаа 6 500 000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг төлөөд, жилийн 2.0 хувь хүүтэй, таван жилийн хугацаатай, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ-КОМ/2015/51 дугаар, үр тарианы комбайн барьцаатайгаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан. Гэвч өнөөг хүртэл дээрх 2 гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2 363 463 765.04 /хоёр тэрбум, гурван зуун жаран гурван сая, дөрвөн зуун жаран гурван мянга, долоон зуун жаран таван төгрөг дөрвөн мөнгө/ байна. Үүнээс дээрх 2 гэрээний үүргийн гүйцэтгэл нь биелэгдээгүй байх тул 2014 оны 09 дүгээр сарын 04-нд БЗ-2014/Ч-01 дугаартай барьцаат зээлийн гэрээний 6.3, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ-КОМ/2015/51 дугаар, үр тарианы комбайн барьцаатайгаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.6-д заасныг баримтлан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс их байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар бодоход 518 811 160 /таван зуун арван найман сая, найман зуун арван нэгэн мянга, нэг зуун жар/ төгрөг байна. Иймд дээрх 2 гэрээний төлбөр 1 037 622 320 /нэг тэрбум, гучин долоон сая, зургаан зуун хорин хоёр мянга, гурван зуун хорь/ төгрөг, алданги 518 811 160 /таван зуун арван найман сая, найман зуун арван нэгэн мянга, нэг зуун жар/ төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлага 1 556 433 480 /нэг тэрбум, таван зуун тавин зургаан сая, дөрвөн зуун гучин гурван мянга, дөрвөн зуун наян/ төгрөгийг Хархорин ХК-наас гаргуулж Хөдөө аж ахуйг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч хүнс хөдөө аж ахуйн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Өвөрхангай аймаг, *** сум, ***, ***-00 тоот хаягт байрлалтай “Х” ХК /РД: ***/, түүнийг төлөөлж захирал *** овогтой У /РД: ***/ нь 998 000 000 /есөн зуун ерэн найман сая/ төгрөгийн үнэ бүхий тэг элдэншүүлгийн технологийн техник, тоног төхөөрөмжийн барьцаат зээлийг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ХХААЯ-ЗГ/50508/006 дугаартай зээлийн гэрээ байгуулан авсан. Гэрээний 2.7-д зээлийн эргэн төлөлт, хүү, хяналтын зардал, анз бусад төлбөрийг Төрийн банкин дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн *** тоот данс /цаашид үүрэг гүйцэтгүүлэгчийн данс гэх/-нд шилжүүлнэ гэсэн боловч төлбөрөө хугацаандаа төлөөгүй байна. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Х” ХК-ний ерөнхий нягтлан бодогч Д.Д нь тус сантай тооцоо нийлсэн акт үйлдэж, тус зээлийн гэрээний үлдэгдэл 932 774 791 /есөн зуун гучин хоёр сая долоон зуун далан дөрвөн мянга долоон зуун ерэн нэг/ төгрөг, зээлийн хүү 192 905 558.54 /нэг зуун ерэн хоёр сая есөн зуун таван мянга таван зуун тавин найман төгрөг, тавин дөрвөн мөнгө/-ийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Гэрээний 2.15-д хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоногт төлнө гэсний дагуу алдангийг тооцоход 1 457 080 000 төгрөг болж байгаа бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс их байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодоход 466 387 396.00 /дөрвөн зуун жаран зургаан сая гурван зуун наян долоон мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөг болж байна. ХХААЯ-ЗГ/50508/006 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийн хэмжээ нь нийт 1 592 067 745.54 /нэг тэрбум таван зуун ерэн хоёр сая жаран долоон мянга долоон зуун дөчин таван төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг болж байна. Тус сангаас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/1020 дугаартай “Х” ХК-наас 1 556 433 480 /нэг тэрбум таван зуун тавин зургаан сая дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун наян/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд ХХААЯ-ЗГ/50508/006 дугаартай зээлийн гэрээг нэмж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт 3 148 501 225.54 /гурван тэрбум нэг зуун дөчин найман сая таван зуун нэг мянга хоёр зуун хорин таван төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг “Хархорин” ХК-наас гаргуулж өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хархорин ХК-ний гүйцэтгэх захирал Р.С болон төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.У нар манай байгууллага дээр ирж удирдлагуудтай 3 удаагийн уулзалт хийсэн. Манай байгууллагаас нөхцөл байдлыг харгалзаж үзээд эвлэрэх боломж олгох үүднээс хамгийн эцсийн байдлаар албан тоот явуулсан. Х ХК нь 2019-2020 онуудад ган болж ургац алдсан гэж тайлбар өгдөг боловч эдгээрийг мэргэжлийн хяналт болон онцгой байдлын газраас авсан ургац алдсан талаарх тодорхойлолт, тайлбар, нотлох баримтын хэмжээнд ирсэн зүйл байхгүй. Хархорин ХК нь жил бүр тодорхой хэмжээний улаан буудайг санд тушаадаг байсан. Энэ жил 1000 тонн улаан буудайг манай санд тушаах гэхээр авсангүй. Ер нь жил жил л авдаггүй гэх тайлбарыг манайх руу явуулсан байна. Манай талаас өнөөдрийн байдлаар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь сүүлийн жилүүдэд Хархорин ХК-ний Улаан буудайн дээж авсан тэнцээгүй тухай нотлох баримт байгаа. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь стратегийн чухал ач холбогдолтой байгууллага. Хүн амын улаан буудайн бүтэн жилийн хэрэгцээг хадгалах, чанарыг алдагдуулахгүй байх үүднээс мэргэжлийн хяналт болон тухайн жилдээ гаргасан яамны сайдын тушаалаар тухайн чанарыг тогтоодог. Тухайн жилийнхээ чанарт нь тохирсон улаан буудайг хүлээн авах үүрэгтэй. Тэнцсэн аж ахуйн нэгжүүдээс улаан буудайг нь хүлээн авсан байгаа. Салбараас тухайн жилүүдэд ямар ямар үзүүлэлттэй дээж өгч байсныг нь нэмэлт нотлох баримтаар хүргүүлсэн. Манайд ирүүлсэн бичиг дээрээ дурдсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 138 тоот тогтоолын 4 дүгээр заалтыг тусгасан. Үүнд үр тариа төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах санаачилгыг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр авлагыг ангилж, тэдгээрээс чанаргүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан авлагыг хуулийн хүрээнд үе шаттай чөлөөлөх, үлдэгдэл бараа материал зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах, ажлын байрыг хадгалах арга хэмжээ авахыг хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У-д зөвшөөрсүгэй гэж заасан байгаа. Энэ заалтыг үндэслээд тухайн компани манайд төлөх ёстой үндсэн төлбөрөө 50 хүртэлх хувиар хөнгөрүүлж нийт 1 451 000 000 төгрөгөөр тооцоо нийлэн 2022-2025 онуудад хуваан төлөх хүсэлт гаргасан байна. Үүнд манай удирдлага ярилцаад тухайн компани нь 138 дугаар тогтоолын 4 дүгээр заалтыг бүрэн гүйцэт ойлгоогүй байна. Зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэлх хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах гэж заасан Засгийн газрын хоорондын гэрээгээр Хятад улсаас орж ирсэн тоног төхөөрөмжүүдийг 2020-2021 онуудад бүгдийг нь 50 хувиар хямдруулаад тариаланчдад олгож байгаа. Түүнээс өмнө нь олгосон зээл техникүүдийг 50 хувиар хөнгөлнө гэсэн асуудал биш юм.

Тухайн байгууллага нь Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр нийлүүлсэн тоног төхөөрөмж түүний хүү, зээл алдангийг сангийн яаманд төлдөг. Олон жилийн турш хуримтлагдсан буюу жил бүр хөдөө аж ахуйг дэмжих сан 2 000 000 000 төгрөгийг Сангийн яаманд тушаах үүрэгтэй. Энэ нь зөвхөн хүү, алданги гэж ойлгоно. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нийт 2 361 000 000 төгрөгийн өр төлбөртэй гэж харилцан тохиролцоод актаар баталгаажуулсан атлаа тухайн төлбөрөө 1.5 тэрбум хүртэл бууруулж дээрээс нь 4 жилийн хугацаанд хүү, алдангийг тооцохгүйгээр төлөх хүсэлтээ явуулж байгаа нь ёс зүйгүй үйлдэл болж байна. Манай байгууллагын удирдах албан тушаалтнууд Хархорин ХК-тай эвлэрэх боломж байхгүй шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд оролцох үүрэг чиглэл өгсөн учраас итгэмжлэл солигдоогүй байгаа. Тухайн итгэмжлэл дээр эвлэрэх болон нэхэмжлэлийн шаардлагыг бууруулахаас бусад бүх эрхийг эдэлнэ гэж заасан байгаа. Иймд Х ХК-наас 3 148 501 225.54 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 026/2086 тоот албан бичгээрээ нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тухайд хариуцагч болох “Х” ХК нь дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн БЗ-2014/4-01 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-ний үлдэгдэл 950 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ-КӨМ/2015/51 тоот “Үр тарианы комбайн барьцаатайгаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 87 622 320 төгрөг, эдгээрийн алдангийг Иргэний хуульд заасан хамгийн байж болох өндөр дүн буюу гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь болох 518 811 160 төгрөгөөр тооцож, нийт 1 556 433 480 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 026/2086 тоот албан бичгээрээ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ХХААЯ-ЗГ150508/006 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 932 774 791 төгрөг, зээлийн хүү 192 905 558.54 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 466 387 395.50 төгрөг, нийт 1 592 067 745.54 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна. Манай зүгээс Хөдөө аж ахуйг дэмжих сантай дээрх төлбөрийн үлдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөр тулган баталгаажуулж тооцоо нийлээд байгаа. Тооцоо нийлсэн актын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих сангийн авлага нийт 2 361 898 765.04 төгрөг, үүнээс хугацаа хэтэрсэн 2 155 668 053.04 төгрөг байна. Үүнд нэхэмжлэгчийн зүгээс одоогоор гаргаад байгаа нэхэмжлэлд заасан гэрээний үлдэгдэл төлбөрүүд багтсан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс гаргасан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэлд манай компани нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хариу тайлбар гаргасан. Уг хариу тайлбарт нэхэмжлэгчтэй “ ... төлбөрийн хуваарийг цаг үеийн нөхцөл байдал, “Хархорин” ХК-ийн санхүүгийн боломж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 138 тоот тогтоолын холбогдох заалтуудтай уялдуулан шинэчлэн тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Манай компанийн гүйцэтгэх захирал Р.С нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод очиж Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдлагатай биечлэн уулзаж, үүсээд байгаа өр төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, манай компанийн зүгээс өр төлбөрөө төлөхөд ямар хүндрэл бэрхшээл байгаа тухай ярьж тайлбарласан. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зүгээс манай компанийг хүсэлтээ албан ёсоор бичгээр өгөх, тус хүсэлтийг захирлуудын зөвлөлөөрөө хэлэлцэж шийдвэр гаргахаар болсон. Үүний дагуу “Хархорин” ХК нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 59/2021 тоот хүсэлт гаргах тухай албан бичгээрээ Хөдөө аж ахуйг дэмжих санд тооцоо нийлсэн актын дагуу хуримтлагдаад байгаа өр төлбөрөө хэрхэн төлөх саналаа албан ёсоор хүргүүлээд байна. Манай компани нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хариу тайлбарт дурдсанчлан нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албатай үүсээд байгаа өр төлбөрөө хэрхэн төлж барагдуулах асуудал дээр зөвшилцөж эвлэрэх саналтай байгаа гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай компани Хөдөө аж ахуйг дэмжих сантай албан ёсоор тооцоо нийлж нийт 2 361 898 760 төгрөгийн өр зээлтэй гарсан. Дараа нь Хөдөө аж ахуйг дэмжих сан нь амьдралаас тасарсан хүү, алданги тооцож ирсэн байгааг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани Хятадаас техник тоног төхөөрөмж авсан нь үнэн. Тухайн гэрээний заалтад Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн техник тоног төхөөрөмжийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тоот тогтоолын 4 дүгээрт заасныг баримтлан 50 хувиар хөнгөлнө гэж заасан байдаг. Тухайн заалтад манай компани хамрагдах ёстой гэж бодож байна. Манай компанийн удирдлагууд ч гэсэн надтай адилхан бодолтой байгаа. Манайх 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хурлаас хойш албан ёсоор Хөдөө аж ахуйг дэмжих санд тайлбар өгсөн боловч хариу тайлбар өгөөгүй. Манай компани Хөдөө аж ахуйг дэмжих сангийн салбараас нь жил бүр будаа авах гэхээр заримдаа олддоггүй. Тийм учраас манай компани үнэтэй будааг Дархан, Сэлэнгээс өөрийн тээврээр очиж олж ирээд тариалаад тухайн будаагаа намар хураагаад өгөх гэхээр өөрийнхөө сангаас авсан будааг буцааж авна гээд авдаггүй. Энэ жил манай компани өөрийнх нь сангаас зориуд будааг нь авч тариалсан боловч энэ жил бороо хур ихтэй жил байсан учраас тариалсан будаа чанарын шаардлага сайн хангахгүй байгаа. Гэхдээ манайх будаагаа хураагаад өр төлбөрөө барагдуулна гэж бодож байгаа. Манай компанийн өрөндөө өгөх ганцхан зүйл нь 1000 тонн улаан буудай байдаг. Энэ будааг авахгүй байж амьдралаас тасарсан дааж давшгүй хүү, алданги тооцож байгаад их гайхаж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь газар тариалан эрхлэгчдээ дэмжиж туслах байтал ашгийн байгууллага шиг хүү, алданги тооцож байгааг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байна, үндсэн төлбөрөө төлнө гэжээ.

       Анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Х” ХК-иас үндсэн төлбөр 1 970 397 111 төгрөг, алданги 285 000 000 төгрөг, нийт 2 255 397 111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 893 104 114.54 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Хархорин ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11 434 936 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгч хөдөө аж ажуйг дэмжих сангийн ажлын албаны гүйцэтгэх захирал О.С гаргасан давж заалдах гомдолдоо: Хуучнаар Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Өвөрхангай аймаг, *** сум, ***, ***-00 тоот хаягт байрлалтай “Х” ХК /РД: /, түүнийг төлөөлж дэд захирал Р.О 1 000 000 000 00 /нэг тэрбум/ төгрөгийг долоон жилийн хугацаатай, хүүгүйгээр, эргэж төлөгдөх нөхцөлтэй 2014 оны 09 дүгээр сарын 04-нд БЗ-2014/Ч-01 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан бөгөөд тус компанийн дансанд нийт 950 000 000.00 /есөн зуун тавин сая/ төгрөгийн санхүүжилт орсон байдаг. Мөн 129 379 670.00 /нэг зуун хорин есөн сая гурван зуун далан есөн мянга зургаан зуун дал/ төгрөгийн үнэ бүхий Үр тарианы комбайн 1 ширхэгийг урьдчилгаа 6 500 000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг төлөөд, жилийн 2.0 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ-КОМ/2015/51 дугаартай Үр тарианы комбайн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан. Дээрхи 2 гэрээний үүргийн гүйцэтгэл нь биелэгдээгүй байх тул 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан БЗ-2014/Ч-01 дугаартай барьцаат зээлийн гэрээний 6.3, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан БЗ-КОМ/2015/51 дугаартай, Үр тарианы комбайн барьцаатайгаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.6-д заасныг баримтлан гүйцэтгээгүй үнийн дүнгээс анз тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгээс их байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодоход 518 811 160.00 /таван зуун арван найман сая найман зуун арван нэгэн мянга нэг зуун жар/ төгрөг болж байна.

Иймд дээрхи 2 гэрээний үндсэн төлбөр 1 037 622 320.00 /нэг тэрбум гучин долоон сая зургаан зуун хорин хоёр мянга гурван зуун хорь/ төгрөг, алданги 518 811 160.00 /таван зуун арван найман сая найман зуун арван нэгэн мянга нэг зуун жар/ төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлага 1 556 433 480.00 /нэг тэрбум таван зуун тавин зургаан сая дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг “Х” ХК-иас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/1020 дугаартай нэхэмжлэлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд гаргасан.

        Мөн Өвөрхангай аймаг, *** сум, ***, ***-00 тоот хаягт байрлалтай “Х” ХК /РД: ***/, түүнийг төлөөлж захирал *** овогтой У /РД: ***/ нь 998 000 000.00 /есөн зуун ерэн найман сая/ төгрөгийн үнэ бүхий тэг элдэншүүлгийн технологийн техник, тоног төхөөрөмжийн барьцаат зээлийг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ХХААЯ-ЗГ/50508/006 дугаартай зээлийн гэрээ байгуулан авсан болно. Гэрээний 2.7-д зээлийн эргэн төлөлт, хүү, хяналтын зардал, анз бусад төлбөрийг Төрийн банкин дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн *** тоот данс /цаашид үүрэг гүйцэтгүүлэгчийн данс гэх/-нд шилжүүлнэ гэсэн боловч төлбөрөө хугацаандаа төлөөгүй байна. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Х” ХК-ний ерөнхий нягтлан бодогч Д.Д нь тус сантай тооцоо нийлсэн акт үйлдэж тус зээлийн гэрээний үлдэгдэл 932 774 791.00 /есөн зуун гучин хоёр сая долоон зуун далан дөрвөн мянга долоон зуун ерэн нэг/ төгрөг, зээлийн хүү 192 905 558.54 /нэг зуун ерэн хоёр сая есөн зуун таван мянга таван зуун тавин найман төгрөг, тавин дөрвөн мөнгө/-ийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан.

Гэрээний 2.15-д хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоногт төлнө гэсний дагуу алдангийг тооцоход 1 457 080 000 төгрөг болж байгаа бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс их байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодоход 466 387 396.00 /дөрвөн зуун жаран зургаан сая гурван зуун наян долоон мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөг болж байна. ХХААЯ-ЗГ/50508/006 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийн хэмжээ нь нийт 1 592 067 745.54 /нэг тэрбум таван зуун ерэн хоёр сая жаран долоон мянга долоон зуун дөчин таван төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг болж байна.

Тус сангаас 2021 оны 07 дугаар 08-ны өдрийн 01/1020 дугаартай “Х” ХК-наас 1 556 433 480 /нэг тэрбум таван зуун тавин зургаан сая дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд ХХААЯ-ЗГ/50508/006 дугаартай зээлийн гэрээг нэмж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт 3 148 501 225.54 /гурван тэрбум нэг зуун дөчин найман сая таван зуун нэг мянга хоёр зуун хорин таван төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг “Хархорин” ХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 77.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч “Х” ХК-иас үндсэн төлбөр 1 970 397 111 төгрөг, алданги 285 000 000 төгрөг, нийт 2 255 397 111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 893 104 114.54 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. Мөн БЗ-2014/Ч-01 дугаартай барьцаат зээлийн гэрээний алданги нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бодоход 1 565 250 000.00 төгрөг болж байгаа бөгөөд гүйцэтгээгүй үнийн дүнгээс их байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар анз бодох нь зөв юм. Иймээс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 146/ШШ2021/00256 дугаартай шүүхийн шийдвэрээс БЗ-2014/Ч-01 дугаартай гэрээний алдангаас хасаж шийдвэрлэсэн 190 000 000 төгрөг, ХХААЯ-ЗГ/50508/006, БЗ-КОМ/2015/51 тоот гэрээнүүдийн алданги болох 703 104 114.54 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Учир нь: Хариуцагч “Хархорин” ХК нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь улсыг хохироосон үйлдэл болж байна.

БЗ-2014/Ч-01 дугаартай барьцаат зээлийн гэрээний алданги нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бодоход 1 565 250 000 төгрөг болж байгаа бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс их байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар анз бодох нь зөв юм. Манай сантай байгуулсан ХХААЯ-ЗГ/50508/006, БЗ-КОМ/2015/51 тоот гэрээнүүдийн 6.1-т /Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно/ гэж заасан. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна гэж заасан байдаг. Мөн шүүхээс тус гэрээнүүдийн үндсэн төлбөрийг зөвшөөрч, тус компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн атал Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгийг баримтлан алдангийг хасаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна.

Тус компани нь жил бүр өр төлбөрөө хүлээн зөвшөөрч, сантай тооцоо нийлсээр ирсэн бөгөөд манай шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч санд тодорхой хэмжээний будаа нийлүүлэх, урамшууллын төлбөрөөсөө суутгуулах зэргээр жил бүр тооцоо нийлсэн акт үйлдэж ирсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болсон 893 104 114.54 төгрөгийг гаргуулж, Хөдөө аж ахуйг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 138 тоот тогтоолоор хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдад чиглэл өгсөн. Үүний дагуу Хятадын засгийн газраас олгосон техник, тоног төхөөрөмжүүдийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлж тариаланчдад олгохоор тогтоол гарсны дагуу Хөдөө аж ахуйг дэмжих сан 2020 оны 03 дугаар сараас хойш тариаланчдад хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгосон. Сайд засгийн газрынхаа 138 дугаар тогтоолыг буруу ойлгоод зөвхөн үлдэгдэл тоног төхөөрөмжөө юу эсвэл бүх тоног төхөөрөмжөө бүгдийг нь үү гэдгийг бид мэдэхгүй... гомдлоо дэмжиж байна гэв.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хөдөө аж ахуйг дэмжих сангаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 3-н удаа албан бичиг илгээж асуудлыг эвлэрлийн журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж байсан. Гэвч хөдөө аж ахуйг дэмжих сангаас хариу тайлбар ирүүлээгүй. Хэргийн материалд авагдсан “Х” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 59/2021 тоот албан бичигт Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 138 тоот тогтоолын 4 дэх хэсэгт заасныг баримталж үндсэн төлбөрүүдийг 50 хувиар бууруулж төлөх хүсэлтээ манай компаниас гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харахад Засгийн газрын тогтоолыг бүрэн гүйцэд ойлгоогүй байна. Дээрх тогтоол нь одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ тогтоолын 4 дэх хэсэгт  Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах санаачилгыг дэмжих зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр, авлагыг ангилж тэдгээрээс чанаргүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан авлагыг хуулийн хүрээнд үе шаттай чөлөөлөх, үлдэгдэл бараа материал, зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах, ажлын байрыг хадгалах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Уд зөвшөөрсүгэй гэж заасан. Үүнээс үзэхэд зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэлх хувиар хөнгөлөх талаар заасан байгаа. Манай компани зүгээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын тогтоолын дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасан. Гэвч энэ албан бичигт нэг ч удаа хариу тайлбар өгөхгүй, асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх хүсэл эрмэлзэлгүй байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч талаас гаргасан 893 104 114  төгрөгийн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.С давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан. Давж заалдах гомдолдоо жил болгон тооцоо нийлж акт үйлдэж байсан талаар дурддаг. Гэвч хавтаст хэрэгт тооцоо нийлсэн баримт авагдаагүй. “Х” ХХК-иас жил болгон төлбөр тооцооны талаар очиж уулздаг байсан. Уулзалтаараа тодорхой хэмжээний санал, хүсэлтийг гаргаж байсан. Өр төлбөртэй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үндсэн төлбөр ийм дүнтэй байгаа гэдгийг баталгаажуулсан байгаа. ...Ажлын алба нь улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Яамны сайдад зөвшөөрсөн Засгийн газрын тогтоолыг буруугаар тайлбарлаад байна. Зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн зүйл нь Хятадынх байна уу орон нутгийнх байна уу гэдэг нь хамаагүй. Зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар бууруулах гэж заасан байгаа. Өмнө нь өгсөн байна уу дараа нь өгсөн байна уу гэдэг нь ч хамаагүй. Яамны байр суурийг тайлбарлаад байгаа юм уу эсхүл ажлын албаны байр сууринаас тайлбарлаад байгаа юм уу гэдгийг ойлгохгүй байна. Иймд гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь  хариуцагч Х ХК-наас гэрээний үүргийн биелэлт     3 148 501 225.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

          Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ХХААЯ-ЗГ/50508/006 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ-КОМ/2015/51 дугаартай Үр тарианы комбайн зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнээд 893 104 114. 54 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

        2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ХХААЯ-ЗГ/50508/006 дугаартай зээлийн гэрээний 2.1,  2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ-КОМ/2015/51 дугаартай Үр тарианы комбайн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.1-д зааснаар зээлийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулжээ. Гэтэл анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг гэрээг байгуулсан өдрөөс эхлэн тооцсон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. 

      Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Өөрөөр хэлбэл 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс буюу Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд энэ хугацаа өнгөрсөн үеэс шаардах эрх үүснэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээнэ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г түүний өмгөөлөгч Б.С нар давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тогтоолд зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртлэх хувиар хөнгөлөхөөр заасан. ...Манай талаас энэ тогтоолын дагуу асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасан боловч үүнд нэг ч удаа хариу өгөөгүй...” гэж тайлбарлаж байгаа боловч уг тогтоол нь ямар агуулгатай, ямар журмаар хөнгөлөлт үзүүлэх болон хэдийд авсан зээлийг хөнгөлөх ёстой болохыг нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

         2014 оны 09 дүгээр сарын 04-нд БЗ-2014/Ч-01 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ-КОМ/2015/51 дугаар, үр тарианы комбайн барьцаатайгаар зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийн үндсэн төлбөр үндсэн төлбөр 1 037 622 320.00 төгрөг, алданги 518 811 160  төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн  ХХААЯ-ЗГ/50508/006 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 932 774 791 төгрөг, хүү 192 905 558.54, алданги 1 457 080 төгрөгийн тавин хувь 466 387 396 төгрөг, нийт 3 148 501 225.54 /гурван тэрбум нэг зуун дөчин найман сая таван зуун нэг мянга хоёр зуун хорин таван төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч “Х” ХК-наас гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд нийцнэ. 

          Нэхэмжлэгчийн “... анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 893 104 114.54 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэлтэй байх тул хариуцагчаас гэрээний үүргийн биелэлт болох 3 148 501 225.54 /гурван тэр бум нэг зуун дөчин найман сая таван зуун нэг мянга хоёр зуун хорин таван төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр буюу  3 148 501 225.54 төгрөгт ногдох 15 900 456 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

         Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

           1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 146/ШШ2021/00256 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 77.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Х” ХК-иас үндсэн төлбөр 1 970 397 111 төгрөг, алданги 285 000 000 төгрөг, нийт 2 255 397 111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 893 104 114.54 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 77.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Х” ХК-иас үндсэн төлбөр 1 970 397 111 төгрөг, алданги 1 178 104 114.54 төгрөг, нийт 3 148 501 225.54 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгосугай гэж, 2 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжид 11 434 936 төгрөгийг гаргуулан гэснийг улсын тэмдэгтийн хураамжид 15 900 456 төгрөгийг гаргуулан гэж тус тус өөрчилсүгэй. 

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3-т зааснаар нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй