Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 87

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Хохирогч Л.Э,

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн Ц.Год холбогдох 1830000980069 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, 1975 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 43 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.Г.

 

Холбогдсон хэргийн талаар/ Прокурорын яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 15.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Б караокены үүдэнд эхнэр Л.Эийг зодож эрүүл мэндэд нь “ тархи доргилт, толгойн үстэй хэсгийн зүсэгдсэн шарх, дух, хоёр талын шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Эхнэр бид хоёр гэртээ сууж байхад Болдоо манайд ирээд цэргийн баяр, манай эхнэрийн төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд хоол идчихээд паабад орж 0.75 литрийн архи авч уусан. Би хэрэг хийсэндээ гэмшиж байна ... гэв.

- Хохирогч Л.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид хоёр урьд нь маргалдаж муудах асуудал гаргаж байгаагүй. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэв.

 

- Ц.Гын гэрчээр өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэрийн төрсөн өдөр мөн цэргийн баяр болж байсан ба 13 цагийн үед бид хоёрыг гэртээ байж байтал манай 2 найз болох Ба, Бо нар 0.75 литрийн “Гоолд” нэртэй архитай гаднаас орж ирээд бид хэд тэрийг нь хувааж уусан ба хоол унд идэж уучихаад 14 цагийн үед манайхаас гарсан. Урьд өдөр нь Бо Дорнод яваад ядраад байна гээд замаараа гэртээ үлдсэн. Ба Э бид 3 Сүхбаатар сумын паабад 1 цаг дуулах санаатай очиход паабад Азжаргал нөхөр Хэрлэн нарын хамт байсан бөгөөд караокед нэг цаг дээрээс нь 0.75 литрийн “Гоолд” нэртэй архи нэгийг авч бид 3 суусан юм. Тэгээд бид хэд нэлээн согтсон бөгөөд би гэртээ харих гээд өөрийн эхнэр Эийг дуудахад харахгүй болохоор нь би баруун хаалгаар гарсан. Эхнэрээ авч явах гээд дахиж пааб руу ороход өөдөөс манай эхнэр гарч ирэхээр нь дотроо уур хөдлөөд би гараараа түлхэж унагаагаад хөлөөрөө толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн. Эхнэр маань унахдаа толгойгоороо юм мөргөсөн байх гэж бодоод байгаа юм. Би тухайн үед их согтсон болохоор өөрийгөө хянах чадваргүй байсан. Тэгээд би Батсугар ахын дэлгүүр орсон санаж байна. Дэлгүүрийн үүднээс нь сумын цагдаа Ч.Сэдэдэд баригдсан ” гэх мэдүүлэг /хх-15/

 

- Хохирогч Л.Эийн өгсөн: 2018 оны 03 сарын 18-ны өдөр 12 цагийн үед нөхөр бид 2 гэртээ байж байтал гаднаас манай 2 найз болох Ба, Бо хоёр орж ирсэн бөгөөд тухайн өдөр цэргийн баяр, дээрээс нь миний төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд тэр хоёр 0.75 литрийн “Гоолд” архитай ирсэн. Би тэд нарт хоол хийж өгч, авчирсан архийг нь бид 4 хувааж уусан юм. Тэгээд 13 цагийн үед бид 4 манай гэрээс гарсан бөгөөд Бо нь өмнөх 2 өдөр Дорнод руу яваад нойргүй ядарч байна гэхээр нь Боыг гэрт нь буулгачихаад Ба манай нөхөр Г бид 3 сумын пааб руу ороход тухайн паабыг ажиллуулдаг Азжаргал, нөхөр нь болох Хэрлэнхүү нар байсан. Бид нар караокед 1 цаг авч мөн 0.75 литрийн “Гоолд” архи захиалсан юм. Тэгээд бид хэд нилээн согтсон ба караокед дуулж байгаад Гийг харагдахгүй болохоор нь Азжаргалаас асуухад “Ганаа сая гарсан” гэхээр нь “би тэгвэл харилаа” гээд паабаас гарахад үүдэн дээр Г зогсож байсан ба намайг шууд гараараа түлхэж унагаагаад хөлөөрөө толгой руу өшиглөөд эхэлсэн. Би тухайн үед нүдэндээ давхраа оёулчихсан байсан болохоор тэрийгээ хөндүүлчихгүй гээд доошоо тонгойгоод байсан юм. Г нь намайг түлхэж унагаахад би унахдаа нэг юм толгойгоороо мөргөх шиг болсон юм. Тэрнээс болоод миний толгой шархтай болсон байх гэж бодож байна. Түүнээс биш манай нөхөр намайг ямар нэгэн зүйлээр цохиж зодоогүй юм. Тэгээд би ухаан санаа орж гараад паабаас гарахад намайг Азжаргал, Т 2 машиндаа суулгаад манай гэр рүү аваачсан. Гэрт байж байгаад эмнэлэг рүү ирсэн юм. Урьд өмнө бид хоёр маргалдаж байсан зүйл байхгүй. Миний хувьд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-09-10/,

 

- Л.Агийн гэрчээр өгсөн: “...2018 оны 03 сарын 18-ны өдөр 16 цагийн үед над руу Т гэх эмэгтэй “дүүг чинь Г зодчихсон байна” гээд ярьсан. Би гэр рүү нь очиход Азжаргал, Т хоёр үсийг нь угаагаад байж байсан. Бид хэд эмнэлэг рүү очиж үзүүлсэн ба толгойд нь 5 оёдол тавьсан юм. Тэгээд би сумынхаа цагдаа, төлөөлөгчийн утсыг мэдэхгүй болохоор аймаг руу дуудлага өгсөн юм. Тгийн ярьж байгаагаар “үсээ угаагаад гартал баарны гадаа Э хэвтэж байсан ба би очтол гүйгээд явчихаар нь араас очиж машинд суулгаад гэр рүү аваачсан” юм гэж ярьж байсан. Намайг очиход Л.Эийн нүүр ам нь битүү хавагнасан, толгой нь язарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-13/,

  - Гэрч Н.Аын гэрчээр өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би паабад өөрийн нөхөр болох Хэрлэнтэй байж байтал гаднаас Ба, Э, Г гурав орж ирээд нэг цаг дуулъя. Тэгээд 0.75 литрийн “Гоолд” нэртэй архи авъя гэсэн юм. Тэгээд байж байтал Г нь би явлаа гэхээр нь би баарныхаа хаалгыг нээж өгсөн бөгөөд эхнэр болох Э нь 20 минутын дараа “Ганаа явчихсан юм уу, тэгвэл хөгшин нь ч гэсэн явъя” гэхээр би мөн хаалгаа нээж өгсөн юм. Төд удалгүй би баарны гадаах камерыг хартал Э гадаах хаалганы дор хэвтэж байхаар нь би яаран гараад очтол газарт хойшоо харсан байдалтай хэвтэж байсан ба цаанаас нь Т гэх эмэгтэй хүрч ирээд бид хоёр гэр рүү нь аваачиж цусыг нь угааж эгч нь болох А руу холбогдож хэлсэн юм. Тэгээд Эийг бид хэд эмнэлэг рүү аваачиж эмчид үзүүлсэн юм. Л.Эийн нүүр ам нь битүү хавагнасан, толгой нь зүсэгдсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-14/ 

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Л.Эийн биед тархи доргилт, толгойн үстэй хэсгийн зүсэгдсэн шарх, дух, 2 талын шанаа хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ./хх-17/

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоол./хх-01/ 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг.2018.03.20 /хх-03-07/

  - Эмнэлгийн тодорхойлолт./хх-18/,

 

  - Ц.Гын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-29/,

 

  - Ц.Гын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/,

 

  - Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.03.28-ны өдрийн 49 тоот тодорхойлолт /хх-28/,

 

  - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 27 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-41/, 

 

  - Ц.Гын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-37/,

 

  - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 5/15 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-38/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул энэ нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

  Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

  Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 15.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б” караокены үүдэнд эхнэр Л.Эийг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн үстэй хэсгийн зүсэгдсэн шарх, дух, хоёр талын шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Э, гэрч Л.А, Н.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17/ зэргээр хэрэгт тогтоогджээ. 

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл нь согтуурсан үед гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн ахуйн шинжтэй маргаанаас үүдэлтэй хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогч Л.Эийг зодож, эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Ц.Гын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй хийгээд шүүгдэгч нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна. 

 

           Иймд шүүгдэгч Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

          

  Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв. 

  Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.Гын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Л.Э түүнтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн ба тэрээр хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүхээс шүүгдэгч Ц.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

           Ц.Год холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтийг хэрэгт гаргасан, тэдгээр нь гэр бүлийн хамааралтай буюу эхнэр, нөхөр зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн, прокуророос эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтоолоо.          

         

   Ц.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая.

          

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ц.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ялтан Ц.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

  4. Ялтан Ц.Год шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН