Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/62

 

 

 

 

 

 

 

    2024        9               05                                                        2024/ДШМ/62

 

 

 

Д.Г, Ч.Б, Б.Д, Г.М

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Прокурор Б.Мөнгөнцэцэг,

Цагаатгагдсан этгээд Д.Г, Г.М нарын өмгөөлөгч С.М

Цагаатгагдсан этгээд Ч.Б, Б.Д нарын өмгөөлөгч А.М /цахим/,

Цагаатгагдсан этгээд Ч.Бгийн өмгөөлөгч С.Одгариг /цахим/ нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/73 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Г.Мөнгөнцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, цагаатгагдсан этгээд Д.Г, Ч.Б, Б.Д, Г.М нарт холбогдох 2034004400531 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Биеийн байцаалт:

1.1.Монгол Улсын иргэн, ............... аймгийн ................... суманд ........... оны ......дүгээр сарын ...............-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага,  эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт ...............аймгийн ................ сумын ................ дүгээр баг, .................... сууц .............. оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б. овогт Д.гийн Г............ /РД:....................../

1.2.Монгол Улсын иргэн, ................ хотод ............... оны ............... дүгээр сарын ............-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... хот, ........... дүүргийн ........... дүгээр хороо, ........... хотхоны ................. тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ “Эко шим мандал” ХХК-ийн захирал ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б........... овогт Ч.............Б.................../РД:...................../

1.3.Монгол Улсын иргэн, ........... аймгийн ........... суманд 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчны хяналтын үнэлгээний мэргэжилтэн мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ............ аймгийн ......... сумын .........дугаар баг, .............. тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын орлогч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Т........... овогт Г............. М.............РД:НБ84100114/

1.4.Монгол Улсын иргэн, ............ аймгийн ........... суманд 1............ оны ............ дугаар сарын ...........-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, охины хамт У............ хот, ............. дүүргийн ............ дүгээр хороо, ............. гудамж, ................... тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б.......... овогт Б............. Д.............../РД:АГ74101410/

2.Холбогдсон хэргийн талаар:

2.1. Д.Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Б.Дгийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнээс хахууль өгөхийг шаардан 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нярав Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар 1,500,000 төгрөгийн хахууль авсан,

“Эко шим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгаас хахууль өгөхийг шаардан өөрийн албаны өрөөндөө 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ч.Бгийн хүү Б.Билгүүнээр дамжуулан 3,000,000 төгрөгийн хахууль авсан,

Ч.Бгийн худалдан борлуулах гэж байсан “Алтай хотхон”-д байрлах 120,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 40,000,000 төгрөгөөр хямдруулан 80,000,000 төгрөгөөр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг  шаардсан,

2.2.Г.М нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа Б.Дгээс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 520,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг хахуульд авсан,

2.3.Б.Д нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год 1,500,000 төгрөгийн хахууль өгсөн,

Г.Мт Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар  ажиллаж байхад нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 520,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг хахуульд өгсөн,

2.4.Ч.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Год албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийн хахуулж өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3.Төв аймгийн Прокурорын газраас Д.Год холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

-Г.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

-Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- Ч.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

4.Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034004400531 дугаар хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б...........овгийн Д......... Г............ холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эко шим Мандал” ХХК-ний захирал Ч.Бгаас Алтай хотхонд байрлалтай 120,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80,000,000 төгрөгөөр буюу 40,000,000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

мөн “Бултдаг рашаан” ХХК-ний захирал Б.Дгээс 1,500,000 төгрөгийг хахуульд авсан гэх хэргийг,

“Эко шим Мандал” ХХК-ний захирал Ч.Бгаас 3,000,000 төгрөгийг хахуульд авсан гэх хэргийг,

Шүүгдэгч Т овгийн Г-ийн Мхолбогдох “Бултдаг рашаан” ХХК-ний захирал Б.Дгээс 520,000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үрээ, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн ваарыг хахуульд авсан гэх хэргийг,

Шүүгдэгч Б овгийн Б-ийн Дхолбогдох Засаг дарга Д.Год 1,500,000 төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг,

мөн багийн Засаг дарга Г.Мт 520,000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үрээ, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн ваарыг хахуульд өгсөн гэх хэргийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ч-ийн Бд холбогдох Засаг дарга Д.Год өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан 3,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б............. овгийн Д.............. Г.........., Т........... овгийн Г........... М..............р, Б........... овгийн Б............ Д................, Б овгийн Ч-ийн Б нарыг цагаатгаж,

-Цагаатгагдсан этгээд Б.......... овгийн Д......... Г......., Б....... овгийн Б....... Д........, Б овгийн Ч-ийн Б, Т.......... овгийн Г.......... М............. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүчингүй болгож,

-Эрүүгийн 2034004400531 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагаатгагдсан этгээд Д.Г нийт 216 /хоёр зуун арван зургаа/ хоног цагдан хоригдсоныг, Б.Д, Ч.Б, Г.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг эзэмшигч Эрхэт овгийн Очирбатын Эрдэнэбаярт буцаан олгохыг,

мөн 520.000 мянган төгрөгийн үнэ бүхий шүдлэн үрээг прокурорын тогтоолоор битүүмжлэх ажиллагаа хийгдээгүйг, хэрэгт авагдсан хоёр ширхэг “сиди”-г хэргийн хадгалагдах хугацаа дуусах хүртэл эрүүгийн 2034004400531 дугаар хэрэгт хадгалахыг тус тус дурдаж,

-Цагаатгагдсан этгээд Д.Г, Г.М, Ч.Б, Б.Д нарын холбогдсон гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого тус тус байхгүй болохыг дурдаж,

-Хууль ёсны эзэмшигч О.Эрдэнэбаяр нь тухайн БНХАУ-д үйлдвэрлэсэн 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарын үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Төв аймгийн шүүхийн Тамгын газраас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Б.Мөнгөнцэцэгийн бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална." гэж заасан хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Д.Г, Б.Д, Ч.Б, Г.М нарт холбогдох эрүүгийн 2034004400531 дугаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ." гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.Дгийн "... "Бултдаг рашаан" ХХК-нд 1 га газрыг мод үржүүлгийн чиглэлээр эзэмших..." гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Дгээс хахууль өгөхийг шаардаж, 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын тамгын газрын нярав Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар дамжуулан 1,500,000 төгрөгийн хахууль авсан гэх үйлдлийг шүүх цагаатгах тогтоолд дурдагдсан нотлох баримтуудыг дурдаж, "Бултдаг рашаан" ХХК-аас нийгмийн хариуцлагын гэрээний үндсэн дээр шилжүүлсэн мөнгийг тухайн сум орон нутгийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж дүгнэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Г нь хахуулийн мөнгийг тус сумын үйл ажиллагаанд зарцуулсан нь тогтоогдоогүй байхад шүүх таамагласан шинжтэй дүгнэлтийг хийсэн, мөн Төрийн байгууллага, албан тушаалтнууд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас хандив, тусламж нэрээр мөнгө, эд зүйл авч байгаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан заалтыг зөрчсөн.

Хахууль өгөгч Ч.Бгийн хүү Б.Билгүүнээр дамжуулан 3,000,000 хахууль өгсөн, авсан гэмт хэрэгт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.Б нь Д.Год хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж байсан, улмаар 3,000.000 төгрөгийг төрсөн хүү Б.Билгүүнээр дамжуулан өгүүлсэн тухай эх сурвалжаа зааж тодорхой мэдүүлдэг бөгөөд уг мэдүүлгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байдаг. Ч.Бгийн мэдүүлгийг Б.Билгүүн нотолж зөрөөгүйгээр мэдүүлсэн, мөнгөний эх үүсвэртэй холбоотой баримтыг гаргаж өгснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг няцаахдаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.2 заалтад заасан "хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг"-тэй адил зарчмаар ойлгоно гэж тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үндэслэл бий болжээ. Цагаатгах тогтоолд Ч.Бгаас 3,000,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт байхгүй, санхүүгийн албаны хүмүүсийг гэрчээр асуусан мэдүүлэг байхгүй, "Эко шим мандал" ХХК-ний захирал Ч.Бгаас 3,000,000 төгрөгийг түүний хүү Б.Билгүүнээр дамжуулан авсан гэх үйл баримт тогтоогдоогүй эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэж байгааг дурдсан.

Дээрх яллагдагчийн мэдүүлгийг гэрчийн мэдүүлэг давхар нотолж байхад анхан шатны шүүх нь хахуулийн мөнгийг бэлнээр өгсөн, авсан асуудлыг мэдэхгүй санхүүгийн албаны хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй, санхүүгийн баримт авагдаагүй гэж таамагласан шинжтэй дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль ёсны зарчмыг зөрчсөн байна. Албан тушаалын гэмт хэргийн гол онцлог нь бусдын дэргэд хахуулийн мөнгийг өгч, авдаггүй нууц аргаар, бусдаар дамжуулдаг байна. Мөн Д.Гын хахууль өгөгч Ч.Бгийн борлуулж байсан Алтай хотхонд байрлалтай 120,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80,000,000 төгрөгөөр буюу 40,000,000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан хэргийн тухайд, Тэд өмнө нь дээрх байдлаар хахуулийн гэмт хэргийн үйлдэл хийсний дараа Ч.Б эзэмшиж буй газрын эзэмших эрхийг хүчингүй болгож магадгүй үндэслэлээр зах зээлийн үнэ ханшнаас бага үнээр өөрийн борлуулж байсан орон сууцнаас Д.Гын төрсөн дүүд өгөх асуудал яригдсан талаар мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлжээ. Түүний мэдүүлгийг шүүгдэгч Д.Г үгүйсгээгүй, хахууль өгөх, авах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх иргэд хоорондын хүсэл зориг, харилцан тохиролцсон асуудал гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/73 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Д.Г, Г.М нарын өмгөөлөгч С.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл цагаатгах тогтоолд прокурорын яллах талын үндэслэл болгосон нотлох баримтыг үгүйсгэсэн, няцаасан үндэслэлээ тодорхой бичсэн. Прокуророос Д.Гыг цагаатгасныг зөвшөөрөхгүй байгаа байдлаар эсэргүүцэл бичсэн байдаг ба бусад 3 хүнийг цагаатгасныг зөвшөөрч байна гэж ойлгох уу, хэрэв тийм бол Д.Г мөн адил цагаатгагдана. Б.Д, Ч.Б нар мэдээлэл өгсөн цагаас хойш Д.Г руу чиглэж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Гэрч Д.Цэцэгжаргалыг мөрдөгч хөтөлж асуусан, түүний дансанд хандивын мөнгө орж ирж зарцуулагдсаны адилаар 1,500,000 төгрөгийг зарцуулсан, энэ талаарх тайланг гаргаж өгсөн, мөн тухайн цаг хугацаанд гал түймэр гарч, Ерөнхийлөгч ирсэн, онцгой комисст ажиллаж байсан талаарх гэрэл зургууд хэрэгт авагдсан байдаг. Мөн Ч.Бг хүүгээрээ дамжуулан хахууль өгсөн гэж үздэг боловч энэ талаарх дансны хуулга  байхгүй. Хэрэгт байгаа бэлэн мөнгөний баримт нь захын дэлгүүрт байгаа баримт, түүнийг хэн ч аваад биччих боломжтой. Анхан шатны шүүхээс Ч.Б, Б.Билгүүн нарын мэдүүлгийг гэмт хэргийг няцаасан байдлаар дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн Д.Г нь Ч.Бгийн худалдан борлуулах гэж байсан байрыг үзсэн, үнийн санал дээр тохироогүй үйл баримт байдаг. Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй. Г.Мын хувьд ямар нэг хувийн ашиг сонирхол байхгүй, сум орон нутагт ямар нэг шийдвэр гаргадаг этгээд биш байсан. Б.Дгийн хувьд сум орон нутгийн үйл ажиллагааг дэмжиж, түрүү морины бай шагналд шүдлэн морь, ваар өгсөн байдаг. Энэ эд зүйлийг Г.М хувьдаа авч хэрэглээгүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

7. Ч.Б, Б.Д нарын өмгөөлөгч А.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д, Ч.Б нар нь Авлигатай тэмцэх газарт  гомдол гаргаж шалгуулсан, гэхдээ тэд хахууль өгөөгүй. Өөрөөр хэлбэл нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан. Энэ сум орон нутгийн үйл ажиллагаа дэмжих тодорхой үйлдэл хийхээр зохицуулагдсан байдаг. Энэ гэрээний дагуу Б.Д нь 1,500,000 төгрөг, Ч.Б нь албаны ажилд хэрэглэх тээврийн хэрэгсэл өгсөн, тухайн тээврийн хэрэгслийг орон нутгийн өмчид авсан байдаг. 1,500,000 төгрөгийг Д.Цэцэгжаргалын дансанд байршуулж, орон нутгийн наадмын үйл ажиллагаанд хэрэглэсэн. Харин Ч.Бгийн анх өгсөн машиныг хэрэглэж чадахгүй гэхээр нь худалдан борлуулж, мөнгөөр нь Старикс маркийн тээврийн хэрэгсэл авч өгч, үлдэх 3,000,000 төгрөгийг өгсөн үйл баримт болсон байдаг. Энэ үйлдлүүд нь гэмт хэргийн шинжгүй, зарим нөхцөл байдал нь эргэлзээтэй байдлыг бий болгосон гэж үзэж, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8.Ч.Бгийн өмгөөлөгч С.Одгариг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Ч.Бгийн өмгөөлөгчөөр оролцож байна. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Билгүүнээр дамжуулан Д.Год 3,000,000 төгрөг өгсөн гэж буруутгаж байна. Ч.Б нь нийгмийн хариуцлагын хүрээнд том оврын машин бэлэглэсэн. Машиныг ажиллуулж чадахгүй байна гэхэд нь буцааж аваад 14,000,000 төгрөгөөр зараад Старикс машиныг аваад сольж, зөрүү 3,000,000 төгрөгийг өгсөн гэх мэдүүлгийг тогтвортой өгдөг. Прокуророос уг үйлдлийг хахууль өгсөн, нотлогдсон гэж үзэж яллах дүгнэлтдээ тодорхойлсон. Хэрэгт авагдсан баримтаар 2020 онд Ч.Бгийн газар эзэмших эрх цуцлагдсан. Газрын эрх цуцлах гэж байхад хахууль өгсөн гэж ойлгоод байдаг. Гэтэл бодит үйл баримтад том машиныг жижиг машинаар сольж өгсний зөрүү мөнгийг л өгсөн. Ямар нэгэн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай холбогдуулсан зүйл байхгүй. Мөнгийг нь авчхаад газрын эрхийг цуцална гэж байхгүй. Ч.Бгийн хувьд 2020 онд газрын эрх цуцлагдсаны дараа Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Тэр гомдолд дурдсан зүйл, мөн анхны мэдүүлгүүдийг үндэслээд хахуулын хэрэг болгох гээд зүтгээд байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад машины зөрүү мөнгийг Д.Год өгсөн гэж мэдүүлсээр байхад хахууль өгсөн гэж яллаж байгаа нь ойлгомжгүй юм. Орон сууцны асуудлын хувьд иргэний эрх зүйн харилцааны хувьд талуудын хүсэл зориг нийлээгүй л асуудал байсан. Тэрийг хэрэг болгож байгаа нь учир дутагдалтай. Тиймээс шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх прокурор Б.Мөнгөнцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа,  шийдвэрийг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

2.Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг  сэргээх...” хуулийг зорилтыг  хэрэгжүүлэхэд чиглэгддэг.

Энэхүү зорилтыг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн агуулгаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж, тухайн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гарах нөхцөлийг бий болгодог.

3. Прокуророос Д.Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Б.Дгийн  “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг мод үржүүлгийн чиглэлээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гарган албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнээс хахууль өгөхийг шаардан 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нярав Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар 1,500,000 төгрөгийн хахууль авсан,

-“Эко шим мандал” ХХК-ний захирал Ч.Бгийн тус суманд эзэмшдэг газрыг нь хууль бусаар хураан авч магадгүй гэх ашиг сонирхлыг нь далимдуулан түүнээс хахууль өгөхийг шаардан өөрийн албаны өрөөндөө 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ч.Бгийн хүү Б.Билгүүнээр дамжуулан 3,000,000 төгрөгийн хахууль авсан,

-Ч.Бгийн худалдан борлуулах гэж байсан “Алтай хотхон”-д байрлах 120,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 40,000,000 төгрөгөөр хямдруулан 80,000,000 төгрөгөөр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг  шаардсан,

3.1.Г.М нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын нутаг дэвсгэр 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Бултдаг рашаан” ХХК-ний захирал Б.Дгээс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 520,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг хахуульд авсан,

3.2.Б.Д нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг, “Түшээгүн” гэх газарт байрлах 1 га газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахын тулд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Засаг дарга Д.Год 1,500,000 төгрөгийн хахууль өгсөн,

-Г.Мыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байхад нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 520,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг хахуульд өгсөн,

3.3.Ч.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Год албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийн хахуулж өгсөн үйлдэлд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын газраас Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

-Г.Мын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

-Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- Ч.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц байдал хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаагаар Д.Г, Г.М, Ч.Б, Б.Д нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг хангалттай шалган тогтоосон, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдоогүй байхад шүүх “...шүүгдэгч Д.Г, Б.Д, Ч.Б, Г.М нарын гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримтын хувьд эргэлзээтэй болон Иргэний эрх зүйн харилцааны үүссэн нь тогтоогдсон, тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн агуулгаар үндэслэлээ тодорхойлж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо шүүхийн шийдвэрт нөлөөлөх ач холбогдол бүхий хэргийн нөхцөл байдал болон прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс  цагаатгах тогтоол хууль ёсны буюу үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4.1. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг” нь хуулиар олгогдсон  бүрэн эрх, чиг үүргийнхээ дагуу албан үүргээ хэрэгжүүлж буй албан тушаалтан нь тухайн албаныхаа эрх ашгийн эсрэг албан тушаалын байдлаа  урвуулах, хэтрүүлэх, зориуд хэрэгжүүлэхгүй байх замаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгохоор хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэн эдийн болон эдийн бус баялаг олж авах, эзэмших, өмчлөх, үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй ажил үйлчилгээ  авсан, шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байх шинжийг агуулдаг.

Түүнчлэн дээрх гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчлан тогтоосон.

“Хясан боогдуулах аргаар” гэдэг нь хахууль өгөгчид онцын шаардлага, тулгамдсан хэрэгцээ зэргийг ашиглан түүнийг хүсэлтийг хахууль өгсөн тохиолдолд бүтээх боломжтой гэдгийг илээр тулгах, эсхүл далдуур ямар нэг байдлаар ойлгуулж, эдийн болон эдийн бус баялаг хахуульд өгөхийг шаардах, элдэв саад учруулах аргаар илэрдэг шунахай сэдэлттэй, санаатай үйлдлээр үйлдсэн байхыг ойлгох юм.

4.2. Д.Г нь “...нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өг, тэгвэл газрын асуудлыг гялс шийдэж өгнө гэж тус сумын нярав Д.Цэцэгжаргалын дансаар дамжуулан Б.Дгээс 1,500,000 төгрөг авснаар газрын эрхийг шилжүүлсэн, Б.Д нь тухайн газартаа хашаа барьж үйл ажиллагаа явуулж эхэлсэн,

-мөн Д.Г нь Ч.Бгаас “нийгмийн хариуцлагын хүрээнд” гэх нэрээр албаны үүргээ хэрэгжүүлсний хариуд эдийн зүйл нэхэж, сүүлдээ хувьдаа юм нэхэж эхэлсэн, үүнийг нь зөвшөөрөхгүй болохоор сумаасаа хөөх талаар хэлэлцсэн байсан. Дараа нь хямдралтай  орон сууц өгөөч гэхээр нь 10-20 хувь хямдруулаад ав гэхэд 50 хувь хямдруулж өг гэхээр нь би зөвшөөрөөгүй, гэтэл манай эзэмшлийн газруудын эрхийг цуцалж эхэлсэн гэсэн мэдүүлгийг Ч.Б өгсөн, Ч.Б, болон Б.Д нарын газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр нь хууль бус шинжтэй болох, уг захирамжаа хүчингүй болгох талаар Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 07/439 тоот, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 07/417 тоотоор Д.Год хүргүүлсэн, Ч.Б өөрийн газрын эрхийг цуцлуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс хүү Б.Билгүүнээр дамжуулан 3,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

-Г.М нь багийн өдөрлөг болохтой холбогдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгийн үйл ажиллагааг дэмжих хэрэгцээ шаардлага байгаа талаар Б.Дд хэлсний дагуу 520,000 төгрөгийн үнэ шүдлэн үрээ, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий ваарыг бусдаар дамжуулан энэ үйл ажиллагаанд өгсөн үйл баримтын талаарх нотлох баримтууд буюу Б.Д, Ч.Б нарын зүгээс хуулийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийнхээ талаар болон Д.Г, Г.М нарын үйлдлийг гэрчилсэн удаа дараагийн мэдүүлэг, гэрч Д.Цэцэгжаргалын агуулгын хувьд зөрүүгүй 6 удаагийн мэдүүлэг, гэрч Д.Цэцэгжаргал, өмгөөлөгч С.М нарын хоорондын яриаг бичсэн гар утасны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч Ж.Пүрэвдоржийн мэдүүлэг, “Эко шим мандал” ХХК-ний 3,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний баримт, гэрч Ц.Баярмаагийн мэдүүлэг, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 07/439 албан тоот, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 07/417 албан тоот зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтыг яагаад үнэлэх боломжгүй болохоо, түүнчлэн “нийгмийн хариуцлагын гэрээ”-гээр сум, орон нутгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад хариуцлага хүлээх үү, эсхүл аливаа үйл ажиллагаа буюу баяр наадмын үйл ажиллагааны шагналыг өгч, санхүүжүүлэх үүрэг хүлээх үү гэдгийг ялгаж дүгнээгүй, энэ гэрээг хууль бус үйлдлийг халхавчлан зорилгоор ашигласан уу гэдэгт болон улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, Ч.Б болон гэрч Б.Билгүүн нарын мэдүүлэг нь хамтран  ажиллах этгээдийн  мэдүүлэгтээ зарчмын хувьд нэг ойлголт, ашиг сонирхлын хүрээнд үнэлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

 Дээрхээс үзэхэд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга...”, “...шүүгдэгчийг  цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,  хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, ...саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” гэх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

4.3.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” зэрэг үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.

5. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон тул цагаатгагдсан этгээд Д.Г, Г.М, Ч.Б, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/73 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Цагаатгагдсан этгээд Д.Г, Г.М, Ч.Б, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

         

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ТҮВШИНТӨГС

 

                                            ШҮҮГЧИД                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                          А.ЦЭРЭНХАНД