| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2021/02332/И |
| Дугаар | 183/шш2024/05313 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 183/шш2024/05313
2024 оны 12 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2024/05313 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,,, нарт холбогдох
даатгалын нөхөн төлбөрт олгосон 4.093.293,64 ам.доллар буюу 11.662.202.909,724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч , хариуцагч , нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрт олгосон 4.093.293,64 ам.доллар буюу 11.662.202.909,724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар үндсэндээ 3 хэсэгт хуваан тайлбараа ярья. Болсон үйл баримт шаардах эрхийн хүрээнд өмнө нь шийдсэн улсын дээд шүүхийн тогтоолд заасан өөр шаардлага, өөр агуулгаар гаргаж байгаа. нь МИАТ ТӨХК-тай 2015 оны 8 сарын 28-ны өдөр агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулаад даатгалын зүйлийг 100% олон улсын давхар даатгагч нарт даатгалын эрсдэлийг шилжүүлсэн байдаг. Даатгалын хугацаа 2016 оны 5 сарын 03-ны өдөр даатгалын зүйл болох агаарын хөлөг Ховд аймгийн онгоцны буудлаас хөөрөх үедээ чиг алдан нислэгийн зурвасаас гарсны улмаар хөдөлгүүр гэмтсэн байдаг. Тухайн хөдөлгүүр засварлах хугацаа Малайз улсаас тухайн хөдөлгүүлрийг засварлуулж авч ирэх хугацаанд ирж байх үед мөн гэмтэж хоёр дахь даатгалын тохиолдол үүссэн байдаг. нь давхар даатгагчтай энэ үйл баримтын талаар мэдээлж холбогдох баримтыг бүрдүүлж нөхөн төлбөр олгох асуудал дээр хамтран ажлаад 2016 оны 8 сараас эхлээд 2017 оны 8 сар хүртэл 2 даатгалын тохиолдолын улмаас нийтдээ 6 удаагийн даатгалын нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх, дуусгавар болох баримт бичигт хаалтын гэрээ хийгээд давхар даатгагчийн болон давхар даатгуулагчийн даатгалын нөхөн төлбөрийн үүргээс чөлөөлөх замаар тухайн хохирлыг бүрэн барагдуулсан байна ... нийтдээ 4,179,918 ам.долларыг хаалтын гэрээний дагуу давхар даатгагчаас төлж барагдуулсан байдаг. Энэ хаалтын гэрээнүүд дээр даатгалын нөхөн төлбөр авсан эсэх дээр маргаагүй. Хаалтын гэрээний 9 дүгээр зүйлийн I хэсэгт даатгуулагч болон ашиг сонирхол бүхий талууд нь осолд хариуцлага хүлээх эсвэл хүлээж болох аливаа хүн, аливаа компани сонирхол бүхий этгээд нь засгийн газрын агентлагийн эсрэг осолд өртсөн агаарын хөлөгт учирсан гэмтлийн хүрээнд даатгуулагч ба ашиг сонирхол бүхий талууд нэхэмжлэл гаргах бүр эрхээ давхар даатгуулагч ба давхар даатгагчдад шилжүүлэх, дамжуулах суброгаци хийхийг зөвшөөрч гэрээ хийсэн. Энэ тохиролцооны дагуу нөхөн төлбөр олгогдсон.
Нөхөн төлбөр огогдсон учраас Иргэний хуулийн 443.7-д заасны дагуу даатгалын тохиолдол болох нөхцөл орчин бүрдүүлсэн буруутай этгээдүүдээс учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гаргах хууль зүйн үндэслэл бүрдэж байгаа гэж үзэж байна. 2016 оноос 2017 оны 7 сар хүртэл хугацаанд нөхөн төлбөр шилжиж орох хугацаанд 4,093,293 долларын нөхөн олговор олгосны дараа буюу 2019 оны 5 сарын 28-ны өдөр МИАТ ТӨХК нь энэхүү хаалтын гэрээнд заасан нөхцөл тохиролцоог зөрчиж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээр тухайн хаалтын гэрээгээр тохиролцож байгаа 86,000 долларын үлдэгдэл төлбөр шилжиж ирээгүй байх үеийн цаг хугацаа. Энэ төлбөр болон бусад нэмэлт хөдөлгүүр түрээслээд, түрээсийн зардлын төлбөр даатгалын тохиолдол болж нислэг саатсан зардал, тээвэрлэлтийн зардал, хураамжийн зөрүү гэх мэт төлбөрүүдийг нэхэмжилсан байдаг.
Энэ нь хаалтын гэрээгээр дахиж олгогдохгүй гэж тохиролцсон төлбөрийг нэхэмжилж 3 шатны шүүхийн шийдвэр гарсны дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар манайх өнөөдрийн байдлаар 800 сая төгрөг төлөгдсөн байгаа. Улсын дээд шүүхийн хяналтын тогтоол дээр хаалтын гэрээг Англи улсын шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсон шалтгааны улмаас эргэлзээтэй гэж дүгнэсэн байгаа. Энэ даатгалын тохиолдолын нөхцөл орчин бүрдсэн ноцтой зөрчлийн тайлан 2017 оны 1 сард гарсан. Нөхөн төлөх 1 жилийн хугацаанд давхар даатгагч болон хохирол үнэлэх шинжээч тухайн даатгалын тохиолдолд ирж шалгалт хийсэн. Тэр үед ноцтой зөрчил болоод байгаа үндэслэлүүд нөхцөл орчин бүрдсэн байна гэдэг асуудал олон улсын шүүхэд дурдагдвал хаалтын гэрээний асуудлаар нөхөн төлбөр олгохгүй байх асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.
Гэм буруу хариуцлагын хүрээнд тайлбарлавал ноцтой зөрчил шинжлэн шалгах албанаас агаарын хөлгийн осол болсонтой холбогдуулан зам тээврийн яамны ноцтой зөрчил шинжлэн шалгах алба тухайн осол дээр дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлтийн дагуу зөвлөмж хүргэдэг. Үүнтэй холбоотой 2017 оны 1 сард тайлан гарсан. Тайлан гарах цаг хугацаанд нөхөн төлбөр олгосон цаг хугацаа давхацсан. Тайлан сүүлдэж гарсан учраас гэдэг үндэслэл гаргаж байгаа. Яагаад тухайн үедээ яриагүй вэ гэдэг зүйлийг хариуцагч ярьдаг. 6 удаа хэсэгчлэн олгосон нөхөн төлбөр байгаа.
Агаарын тээврийн хөлөг чиг алдаж зурваснаас гарах болсон шалтгаан нөхцөл Ховд аймгийн нисэх аэродром анхнаасаа эвдрэл гэмтэлтэй, стандартын дагуу засварлаажгүй, нислэгийн аюулгүй ажиллагааны стандарт хангаагүй, нисэх буудал үйл ажиллагаа холбогдох дүрэм стандартын дагуу бэлтгэгдээгүй, нислэх багийн хувьд чигийн жолоо бага өгсөн урд дугуйны удирдлагыг ашигласан, дугуйн торомз бүрэн ашиглаагүй зэрэг мэргэжлийн дутмагшилтай байдал зэрэг нөлөөлсөн гэж ноцтой зөрчлийн тайлангийн дүгнэлт хэсэгт дурдсан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс энэ тайланг эх сурвалжаа болгоод Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний хууль, Иргэний нисэхийн дүрэмд заасан холбогдох заалтуудыг хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд өмнө шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдагдаж байгаа үйл баримт ижил боловч нэхэмжлэлийн үндэслэл шаардлага өөр байгаа.
Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулж гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хувьд ноцтой зөрчил шалгасан тайлангийн дүгнэлт хэсэгт ямар асуудалд Иргэний нисэхийн ерөнхий газрыг буруутгадаг талаар тодруулья. Агаарын хөлгийн хөдөлгүүрт гэмтэл учрахад нөлөөлсөн хүчин зүйл нь аэродромын хажуугийн аюулгүйн зурвас шаардлага хангаагүй гэж тодорхойлсон байдаг. Ховд аймгийн нисэх буудлын аэродром нь өөрөө 1988 онд ашиглалтанд ороод 1998 онд өргөтгөлийн ажил хийгдсэн. Осол гарах 2016 он хүртэл 16 жилийн хугацаанд энэ аэродром дээр их засвар үйлчилгээ, өргөлтгөл хийгдээгүй байгааг дурдсан. Хатуу хучилттай зурваст хагарал гэмтэл их хэмжээгээр үүссэн байх нь тухайн тайланд тусгасан. Мөн гэрч н.Даваагийн мэдүүлэг болон фото зураг зэргээр харагдаж байгаа. Ам цав үүссэн газар хөнгөн засвар хийгдсэн боловч стандартын шаардлага хангахуйц байдлаар өргөтгөж засварлаагүй байна. Эдгээр эвдрэл гэмтэл ИНЕГ-ын даргын 2010.06.22-ны өдрийн А/245 дугаар тушаалаар баталсан аэродромын тавигдах шаардлагын 11-р бүлэгт заасан зөвшөөрөгдөх гэмтлийн хэмжээнээс хэтэрсэн байна. Засвар үйлчилгээг зааврын дагуу хийгээгүй байна гээд ноцтой зөрчил шалгах тайлангийн 47-50, 76-90 талуудад дурдсан байгаа. Иргэний нисэхийн 139-р дүрмийн 139.103-д аэродромын засвар үйлчилгээг аэродромын гэрчилгээ эзэмшигч буюу 2017 оны бүтэц зохион байгуулалтаар ИНЕГ-ийн харьяанд хамаарагдаж байгаа Ховд нисэх буудал хариуцахаар заасан байдаг боловч ИНЕГ нь Ховд аймгийн нисэх буудал засвар үйлчилгээ, аэродромын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Иргэний нисэхийн тухай хуулийн 1999 оны тухай хуулийн 19.1-д Аэродром байгуулах, ашиглах, үйл ажиллагааг нь зогсоох, түүнчлэн улсын бүртгэлд бүртгэх, гэрчилгээ олгох, бүртгэлээс хасах, түр аэродром ашиглах үйл ажиллагааг Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулна гэж байгаа. Иргэний нисэхийн 139-р дүрэмд аэродромын үйл ажиллагаа гэрчилгээжүүлэлтийг хяналт тавих шаардлагыг тодорхойлсон байгаа. 139-р дүрмийн хавсралт Б-д аэродромын хяналтын код гэдэг зүйл дурдагдаг. Хяналтын код нь байгууламжийг ашиглахад төлөвлөгдөж байгаа нисэх онгоцны үзүүлэлтийн дагуу тогтоох ёстой. 1800м болон түүнээс дээш урттай онгоцын хяналтын код 4 байхаар, 24-36м далавчтай онгоцыг С байхаар тогтоогоод энэхүү аэродромыг 4С ангилал гэж тогтоогоод. Даатгалын зүйл болох В737-800 маркийн агаарын хөлөг нь 4С ангилалд буух зориулалттай агаарын хөлөг. Гэтэл энэ аэродромын ангилал нь 4С болж гэрчилгээний зөвшөөрөл олгосон газар бол Иргэний нисэхийн ерөнхий газар, гэрчилгээ эзэмшигч нь Ховд аймгийн нисэх буудал. Тухайн аэродромыг эзэмшигч нь Иргэний нисэхийн ерөнхий газар байгаа. НЗШШ тайланд 4С ангилал болох ажлын хүрээнд 2014 онд Ховд аймгийн нисэх буудлыг 4С ангилал болгох ажлын зураг төслийн ерөнхий төвөлгөөг гаргасан боловч энэ төлөвлөгөөний 3-т заасны дагуу хүчитгэл хийж өргөтгөл хийх ажил хийгдээгүй байхад нь 4С ангиллын гэрчилгээ олгосон байна гээд дурдсан байна. Шаардлага хангаагүй байхад ИНЕГ өөртөө зөвшөөрөл олгож, 4С ангиллын гэрчилгээ олгосон байгаа учраас онгоц, аэродром, нисэх буудал дээр буугаад байна. Аэродромын газрын гадарга удаан хугацаанд засвар үйлчилгээ хийгдээгүй, буухад чиг алдах магадлалтай нөхцөл орчинд үүсгээд хариуцлага хүлээн ёстой гээд шаардлага гаргаж байгаа гэж ойлгож болно. Хөөрч буух зурвасны даацны хувьд НЗШША-аас 2009 онд бүх орон нутгийн нисэх буудлуудын хатуу болоод шороон аэродромын даацын тооцоог шалгаад арга хэмжээ авахыг зөвлөмжөөр хүргүүлсэн байгаа. Гэтэл ослын шалгалтаар 2009 оны зөвлөмжүүдэд дурдсан ажиллагаа хийгдээгүй байгаа нь НЗШШ тайланд дурдсан байгаа. Энэ шаардлага хийгдээгүй байгаа учраас агаарын хөлөг осолд өртөж хөдөлгүүр гэмтэхэд нөлөөлсөн хүчин зүйл болсон гэж тайланд байгаа. Нислэгийн аюулгүй зурвасны гадаргуу Ховд аймгийн аэродромын аюулгүй байдлын гадаргуу нь өөрөө сул шороотой чулуулагтай хөрсийг бэхжүүлээгүй байсан нь агаарын хөлгийн дугуйны мөр хажуугийн аюулгүйн зурвас дээр 18-25 см хүртэл суулт өгөхөд нөлөөлсөн байна гэж дурдсан байна. Стандарт хангасан байсан бол суулт өгөхгүй байсан. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас В737-800 агаарын хөлгийг 4С ангиллын аэродромд ашиглахаар тогтоосон байдаг ба 4С ангиллын аэродром хамгийн бага буюу 45 м гэж заасан байдаг. Гэтэл шалгалтаар 35м байх болзошгүй байгаа. Олон улсын шаардлагад нийцээгүй аэродром нь энэ үндэслэлд хамаарах шалтгаан нөхцөл болоод байгаа. Зөвлөмжтэй холбоотойгоор аэродромын өргөн, даацыг шинэчлэн тогтоох шаардлагатай юм байна гэдэг зөвлөмжийг 2009 онд өгсөн байгаа. Ослын үеийн шалгалтаар шинэчлэн тогтоогоогүй байна гэдэг зүйл байгаа. Иргэний нисэхийн тухай хуулийн 8.1.4-д зааснаар ИНЕГ аюулгүй ажиллагааны стандартыг боловсруулаад хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Тийм учраас ИНЕГ даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд гэж тодорхойлж буруутгаж байгаа. МИАТ ТӨХК нь чиг алдахад нөлөөлсөн хүчин зүйл нь өөрөө тухайн тайланд гүйлтийг эхлүүлэхэд дугуйны гар удирдлагыг тавиагүй хөөрөлтийн гүйлтийн эхний үед чигийн жолооны баруун деталлыг бага зэрэг гишигсэн байдалтай явж байгаад төв байрлалд буцаасан нь агаарын хөлгийг зүүн тийшээ эргэхэд хүргэсэн. Жолооны баганыг 5-6 градус татсан нь элероны салхины эсрэг хангаллттай өгөөгүй, тухайн нислэг агаарын хөлгийн чадлыг багасгасан байгаа нь агаарын хөлгийн даралт хөөрөлтийг зогсоох үед командыг зохих журмын дагуу өгөөгүй. Тормозыг бүрэн ашиглаагүй, нисэх баг жолооны баганыг 5-6 градус татсан, агаарын хөлгийн тогтвортой байдлыг алдагдуулсан, агаарын хөлөг зурваснаас гарахад тормоз огт ашиглаагүй, гарсны дараа баруун тормозыг гишгисэн нь жолоочийн ур чадвар мэргэжлийн дутагдалтай байдлаас үүдэлтэй гэж үзэж байгаа. 3 нисэх онгоцны жолооч тухайн агаарын хөлгийг жолоодож байсан байна. Нэг жолоооч нь гэрчилгээ аваагүй, туршилтын нислэг хийгдэж байсан эсэх нь тодорхойгүй байна гэдэг дүгнэлт байгаа нь МИАТ ТӨХК нь жолоочийнхоо чиг үүрэгт нь удирдлага зааварчилгаа өгөөгүйн улмаас осол болоход нөлөөлсөн гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага болох 11,662,202,909 төгрөгийг хариуцагч нараас 50/50 хувиар гаргуулах хүсэлтэй байгаа ...” гэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гарасан тайлбартаа: “... хэлэх зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү …” гэв.
4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлага бол Иргэний хуулий 492.1, 443.7-д зааснаар шаардаж байгаа. Даатгалын гэрээтэй холбоотой маргаан байхгүй. Талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан, даатгалын гэрээний дагуу харилцаа үүссэн. Даатгалын тохиолдол 2016.05.03-ны өдөр бий болсон. Энэ даатгал 100% давхар даатгалаас даатгагдсан. Даатгалын хураамж төлсөн эсэх дээр маргаагүй. Гол асуудал нь нэгт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байна. 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд гэж байгаа. Манай тохиолдолд Монгол даатгалтай даатгалын гэрээ байгуулагдсан. Даатгалын гэрээ маань Лондонгийн бирж дээр 100% давхар даатгагдсан. UIB, McLarens гээд давхар даатгагч орсон. Агаарын хөлгийн давхар даатгалын гэрээ бол маш өргөн хүрээнд яригддаг, зах зээл дээр хувьчилж даатгагддаг. 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж байна. Хөрөнгө олж авсан этгээд гэж манайхыг яриад байна. Даатгалын нөхөн төлбөр болох 4.9 сая ам.доллар авсан нь манайх болоод үүрэг гүйцэтгэгч этгээд гэж Монгол даатгал өөрсдийгөө ойлгоод байна. Энэ хоёрын хооронд үүрэг үүсээгүй байж, эсхүл үүрэг нь хүчин төгөлдөр бус эсхүл дуусгавар болсон байж шаардах эрхтэй байдаг. Хөрөнгө шилжүүлсэн этгээдийг Монгол даатгал гэж үзэхгүй. Нөхөн төлбөр давхар даатгагчаас орж ирсэн. Давхар даатгагчаас орж ирсэн процесс нарийн. Монгол даатгалаас манайруу шилжүүлсэн, даатгалын тохиолдолтой холбоотой 4.9 сая ам.долларын шилжүүлгийн баримт байхгүй. Нэхэмжлэгч маань 492.1-р шаардах дээр 1.1-д заасан мөнгө шилжүүлсэн баримт байхгүй, харилцаа үүссэн нь үнэн, Монгол даатгал, МИАТ хоёрын хооронд даатгалын гэрээ үүссэн, гэхдээ мөнгө шилжүүлчихээд манайхыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх юм бол шилжүүлсэн баримт байхгүй. 5 удаагийн гүйлгээгээр орж ирсэн. 89 мянган долларыг дундаас нь аваад өгөөгүй асуудал бас байгаа. 492-р шаардах эрх байхгүй. Ер нь МИАТ компанийн нисгэгч нь мэргэжлийн ур чадваргүй гэдэг зүйлийг яриад байна. Даатгалын тохиолдолтой холбогдуулан даатгалын нөхөн төлбөрийг өгөх, өгөхгүй гэдэг асуудал дээр даатгуулагч буюу МИАТ өөрийн буруугаас болж онгоцондоо эрсдэл учрууллаа гэдэг маргаан гарч байгаа бол энэ зүйлийг ярьж болох байх. Гэрээний 9.1-д даатгуулагч, даатгагч талууд даатгалын зүйлд учирсан хохирлын шалтгаан хэмжээг тогтоох, холбогдох мэргэжлийн хүмүүс даатгалын хохирол үнэлэгчдээс бүрдсэн комисст төлөөлөгчдөө оролцуулж болно. Даатгагч даатгалын нөхөн төлбөрийг Монгол Улсын даатгалын тухай хуулийн 8.4-д зүйлд заасны дагуу дараах баримтыг үндэслэн нөхөж олгоно. Үүнд даатгуулагчийн албан бичиг, даатгалын гэрээний эх хувь, хохирлын тодорхойлолт, томилогдсон олон улсын болон дотоодын хохирол үнэлэгч компаниудын дүгнэлт, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт, давхар даатгагчаас шаардсан бусад нэмэлт материал гээд тохиолдолд нөхөн төлбөр олгогддог. Даатгалын тохиолдол болсон гэдэг дээр эвлэрээд цаг хугацаандаа мэдэгдлээ өгсөн байна уу, даатгуулагч даатгалын хураамжаа төлсөн байна уу, даатгалын нөхөн төлбөр авах эрхтэй байна уу гэдэг асуудал яригдаж бүтэн жилийн хугацаанд 5 удаагийн гэрээ хийгдэж 4.9 сая ам.доллар орж ирсэн.
Үүнийг 492.1-д зааснаар шаардах эрхгүй. Хөдөлгүүр эвдэрхэд тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гарсан 200 гаруй мянган долларын нөхөн төлбөрийг давхар даатгагч тээвэрлэгчээс шаардах эрхийг шилжүүлж аваад шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага дээр гэм хорын хүрээнд хариуцагч шалтгаант холбоотой байна уу, гэм хор учруулсан этгээд мөн үү гэдэг дээр нарийн тогтоовол хариуцагч болох үндэслэлгүй. Нэхэмжлэгч маань нэхэмжлэлийн шаардлагын нарийн юмнуудыг ойлгохгүй байна. Нэрлээд байгаа 443.7, 492.1-д зааснаар манайх хариуцагч байх үндэслэл байхгүй ...” гэв.
5. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэг зүйлийг андуураад байна. ИНЕГ нь өөрийгөө гэрчилгээжүүлээд явдаг мэт, аэродромын гэрчилгээний эзэмшигч юм шиг, ИНЕГ-ын даргын А/245 дугаар тушаал аэродромын бодлогын баримт бичиг зэргийг яриад байна. Иргэний нисэхийн багц дүрэм гэж байгаа, яагаад багц гэж байна вэ гэхээр агаарын хөлөг хөөрөхөөс буух хүртэл багц дүрмээр зохицуулдаг. Үүний нэг хэсэг буюу Иргэний нисэхийн дүрэм 139 буюу аэродромын гэрчилгээжүүлэлт. Энэ дүрмийг хууль тогтоомжид заасны дагуу буюу Чикагогийн конвенцод Монгол улсын нэгдэн орсон гэрээний дагуу Зам, тээврийн асуудал эрхэлсэн сайдын ЗГ-ын гишүүний эрхлэн хүрээний асуудал. Тийм учраас дүрмийн одоогийн зам тээврийн сайд батална, тэр дүрэмд заасны дагуу ИНЕГ гэрчилгээ олгоно. Үүнтэй холбоотой хяналт тавина. ИНЕГ гэрчилгээ эзэмшигч үедээ шаардах эрхээ тодорхойлж шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Шаардах эрх хууль зүйн хувьд үндэслэлтэй байх ёстой. Хуулийн ямар заалтыг үндэслэж ИНЕГ-аас 11,6 тэрбум төгрөгөөс хувь тэнцүүлж шаардах эрхээ тодорхойлоод байна вэ. Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Иргэний нисэхийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж, Иргэний нисэхийн дүрэм зэргийг иш татаж байна. Ямар баримтаас, ямар шаардлагаас иш татаад байгаа нь тодорхойгүй байна. ИНЕГ аэродромтой холбоотой ямар нэгэн баримт бичиг баталдаггүй. Гэрчилгээг олгодог. Хяналт зохицуулалтын албанд аэродромын байцаагч гэж байдаг. Нэхэмжлэгчийн яриад байгаа аэродром эзэмшигч энэ асуудалд буруутай гээд байна. Монгол даатгал 11.6 тэрбум төгрөгийг бүхэлд нь өгсөн юм уу, хэнд өгсөн санхүүгийн баримт нь хаана байна. Хөөн хэлэлцэх хугацаан дээр шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. МИАТ ТӨХК-ийн төлөөлөгчийн тайлбараар даатгалын тохиолдол байсан. Даатгалын тохиолдол байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд 3 шатны шүүхээр шийдсэн үйл баримт байгаа. Шаардах эрхээ тодорхойлоогүй байгаа, хууль тогтоомж, гэрээ болон даатгалын эрх зүйтэй холбоотой асуудалд ИНЕГ яагаад хариуцлага хүлээх болсон нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хуульд заасны дагуу шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
6. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, Монгол даатгал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, А.Анармаа, Б.Насанжаргал нарт олгосон итгэмжлэл, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №90С1520014297, №18/230 дугаар МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ, гэрээний хавсралт 1,2,3-ын хуулбар, №90С1520014297 дугаартай гэрээний хавсралт №4, давхар даатгалын гэрээ, баталгаа /Слип/-ны хуулбар, орчуулгын хамт, нөхөн төлбөрийн дүнг тохиролцсон гэрээний хуулбар, орчуулгын хамт, ноцтой зөрчлийг шинжлэн шалгасан тайлан /нотлох баримтын шаардлага хангаагүй/, ноцтой зөрчлийг шинжлэн шалгасан тайлан, 2019 оны 3 сар газар дээрх нисэх онгоцны буудлын байгууламжийн суурилуулалтын стандарт ба тайлбар хуулбар, А.Анармаа, Б.Насанжаргал нарт олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, С.Арнад олгосон итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/1191 тоот А.Анармаа, Б.Насанжаргал нарт олгосон итгэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/116 тоот А.Анармаа, Б.Насанжаргал нарт олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, Т.Туул, Б.Нямбат нарт олгосон итгэмжлэл, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/278 тоот Иргэний нисэхийн ерөнхий газрын албан бичиг, Иргэний нисэхийн ерөнхий газар нислэгийн үйлчилгээний хураамж №0516-03 хуулбар, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хоногийн нислэгийн төлөвлөгөөний хуулбар, Б.Нямбатын өргөдөл, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04/389 дугаар ажилд авах тухай тушаалын хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 29-ний 04/318 дугаар ажилтын санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар, Монгол даатгал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/51 тоот Т.Туул, Б.Ононтамир нарт олгосон итгэмжлэл, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/196 тоот , Б.Ононтамир нарт олгосон итгэмжлэл, 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 181/ШЗ2019/12832 дугаартай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжийн хуулбар, 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 3520 дугаартай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс "ПДДБ" ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар, Нэхэмжлэхийн хуулбар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримтын хуулбар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шинжээчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримтын хуулбар, 2016 оны 8 сарын 19-ны өдрийн "Deductible reinsurance release and discharge"- Өөрийн хүлээх хариуцагчийн давхар даатгалын үүргээс чөлөөлөх ба үүргийг дуусгавар болгох баримт гэрээ орчуулгын хуулбарын хамт, 2016 оны 10 сарын 13-ны өдрийн "Interim insurance and reinsurance release and discharge"-Давхар ба давхар даатгалын үүргээс чөлөөлөх үүргээс чөлөөлөх ба үүргийг дуусгавар дунд хугацааны баримт rэрээ орчуулгын хуулбарын хамт, 2016 оны 11 сарын 14-ний өдрийн "Third Interim insurance and reinsurance release and discharge"- Давхар ба давхар даатгалын үүргээс чөлөөлөх үүргээс чөлөөлөх ба үүргийг дуусгавар дунд хугацааны гэрээ орчуулгын хуулбарын хамт, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн "Form of interim release and discharge"-Дунп хугацааны чөлөөлөх ба үүргийг дуусгавар болгох баримт гэрээ орчуулгын хуулбарын хамт, 2017 оны 05 сарын 17-ны өдрийн "Form of full and final release and discharge"-Эцсийн бөгөөд нөхөн төлбөр бүрэн төлж барагдуулах гэрээ, орчуулгын хамт, 2017 оны 07 сарын 17-ны өдрийн "Full and final insurance and reinsurance release and discharge"-Даатгал болон эцсийн бөгөөд нөхөн төлбөр бүрэн төлж барагдуулах гэрээ орчуулгын хамт, Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны 2024.06.12-ны өдрийн 49/24 тоот албан бичиг, Зам тээвэр хөгжлийн яам, Ноцтой зөрчлийг шинжлэн шалгах албанд 2024.04.23-ны өдрийн хүсэлтийн хуулбар, ослын үеийн 4 ширхэг фото зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
7. Хариуцагч МИАТ ХК-иас нотлох баримтаар: Э.Рэнчинболд, Л.Ганчимэг нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2229 дугаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02252 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, хяналтын журмаар гомдлын хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01/1346 дугаар Э.Рэнчинболд, Л.Ганчимэг нарт олгосон итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2022/01216 дугаар Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын хуулбар, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ноцтой зөрчлийг шинжлэн шалгасан тайлан, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/162 тоот МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /нотлох баримтын шаардлага хангаагүй/-ын хуулбар, Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэгийн цагийн хуваарь, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/2654 тоот Э.Рэнчинболдод олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно.
8. Хариуцагч ИНЕГ-аас нотлох баримтаар: Д.Тамирт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/133 тоот Б.Хүсэлтэд олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно.
Шүүх хуралдаанаар хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч МИАТ ТӨХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгосон 4.093.293,64 ам.доллар буюу 11.662.202.909,724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. / I хх-ийн 1/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ИНЕГ-ыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. /II хх-ийн 123/
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч МИАТ ТӨХК, хариуцагч ИНЕГ нарт холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгосон 4.093.293,64 ам.доллар буюу 11.662.202.909,724 төгрөгийг:
хариуцагч МИАТ ТӨХК-иас 5.831.101.454,862 /таван тэр бум найман зуун гучин нэгэн сая нэг зуун нэг мянга дөрвөн зуун тавин дөрвөн төгрөг найман зуун жаран хоёр мөнгө/ төгрөг,
хариуцагч ИНЕГ-аас 5.831.101.454,862 /таван тэр бум найман зуун гучин нэгэн сая нэг зуун нэг мянга дөрвөн зуун тавин дөрвөн төгрөг найман зуун жаран хоёр мөнгө/ төгрөг тус тус гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
4. Хариуцагч МИАТ ТӨХК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
5. Нэхэмжлэгч Монгол даатгал ХХК /одоогийн / нь хариуцагч МИАТ ТӨХК-тай 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр №90С1520014297, №15/230 дугаартай “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ” байгуулсан байна. / I хх-ийн 9-21/
6. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.
7. Нэхэмжлэгч болон хариуцагч МИАТ ТӨХК нарын хооронд байгуулагдсан “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ” нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, даатгалын гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
8. Талуудын хооронд байгуулсан “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-ээр МИАТ ТӨХК нь B737-800 EI-CXV агаарын хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт, B737-800 EI-CSG aгаарын хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт, B767-300 JU-1011 агаарын хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт, В767-300 ER JU-1021 агаарын хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт, B737-800 JU-1015 агаарын хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт, Агаарын хөлгөөр тээвэрлэх зорчигчийн амь нас, эрүүл мэнд, алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа, тээш, илгээмж, шуудан, эд хөрөнгө болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлага, гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа, тээш, илгээмж, шуудан, эд хөрөнгөд учирч болох хохиролд хүлээх хуулийн хариуцлага, даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлага, агаарын хөлгийн их бие, сэлбэг хэрэгслийн дайны эрсдэл, дайны хариуцлага, RB211-524Н нөөц хөдөлгүүр зэргийг даатгуулсан байна.
9. “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-ний 8 дугаар зүйлд зааснаар даатгалын гэрээ 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 00 цагаас эхлэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 цаг хүртэл хугацаанд хүчинтэй байна гэж,
Даатгалын хугацаанд гэрээний 3.5-д заасан “Нислэг үйлдэж буй иргэний агаарын хөлгийн агаарт болон газарт тохиолдох бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт, агаарын хөлөг сураггүй алга болох, техникийн осол, гэмтэл саатал” зэргийг даатгалын эрсдэлд тооцохоор талууд тохиролцсон,
гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Агаарын хөлгийн их биеийн даатгалын хувьд агаарын хөлөг тус бүрийн үнэлгээ нь В737-800 EI-CXV-26.600.000,00 (хоёр хөдөлгүүрийн хамт) ам.доллар, В737-800 EI-CSG 25.000.000.00 (хоёр хөдөлгүүрийн хамт) ам.доллар, В767-300 JU-1011-14.500.000,00 (хоёр хөдөлгүүрийн хамт) ам.доллар, В767-300 ER JU-1021-93.915.784,51 (хоёр хөдөлгүүрийн хамт) ам.доллар гэж,
мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д “даатгалын хураамжийн нийт хэмжээ 1.980.000 ам.доллар байна” гэж, мөн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.5-д “даатгалын зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний дотор олон улсын нэр бүхий давхар даатгагч нарт 100 хувь давхар даатгуулна” тус тус заажээ.
10. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь МИАТ ТӨХК-тай 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр №90С1520014297, №15/230 дугаартай “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ” байгуулсан,
МИАТ ТӨХК нь гэрээнд зааснаар даатгалын хураамжаа хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн,
даатгалын гэрээний хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр даатгалын зүйл болох EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маркийн агаарын хөлөг онгоц Ховд аймгийн Онгоцны буудлаас хөөрөх үедээ чиглэл алдан хөөрөлтийн зурвасаас гарч агаарын хөлөг гэмтэж хохирол учирсан,
Даатгалын гэрээнд заасан даатгалын хугацаанд даатгалын эрсдэл бий болсон,
Ослын улмаас гэмтсэн онгоцны хөдөлгүүрийг Малайз улсад засварлуулж хохиролд 3.908.771,21 ам.долларыг МИАТ ТӨХК-нд олгосон,
Малайз улсаас засагдаад ирж байсан хөдөлгүүр нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бээжин хотод тээвэрлэгчийн буруугаас болоод дахин гэмтэж үүний улмаас даатгалын гэрээний дагуу 184.722,43 ам.доллар МИАТ ТӨХК-нд тус тус олгосон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
11. Тодруулбал нэхэмжлэгч , хариуцагч МИАТ ТӨХК-тай байгуулсан даатгалын гэрээний хугацаанд МИАТ ТӨХК-ийн EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маркийн агаарын хөлөг гэмтэж хохирол учирсан, мөн засварлагдаад ирэх явцдаа дахин гэмтэж хохирол учирсан нөхцөл байдалд давхар даатгалын шинжээчид дүгнэлт гарган даатгалын тохиолдол гарсан байна гэж үзэн даатгалын нөхөн төлбөрт 4.093.293,64 ам.доллар буюу 11.662.202.909,724 төгрөгийг /давхар даатгагч Англи улсын UIB, McLarens/-иас МИАТ ТӨХК-нд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.
12. Талуудын хооронд Даатгалын гэрээ байгуулагдсан, даатгуулагч нь даатгалын хураамжаа бүрэн төлсөн, даатгалын гэрээний хугацаанд даатгалын зүйлд эрсдэл учирч даатгалын тохиолдол бий болсон, энэхүү даатгалын тохиолдлоор даатгуулагчид нийт 4.093.293,64 ам.долларын хохирол учирч давхар даатгуулагчаас даатгалын нөхөн төлбөрт 4.093.293,64 ам.долларыг МИАТ ТӨХК-нд төлж барагдуулсан үйл баримт тогтоогдож байна.
13. Нэхэмжлэгч нь Даатгалын гэрээ байгуулагдсан, даатгалын тохиолдол бий болсон талаар, даатгалын нөхөн төлбөр олгосон талаараа тухайн үедээ маргаж байгаагүй боловч хожим нь:
Хариуцагч МИАТ ТӨХК-ийг Ховд хотын нисэх буудалд В737-800 маркийн агаарын хөлөг онгоц газардах боломжгүй, нисэх буудал тухайн төрлийн агаарын хөлгийг хүлээж авах чадамжгүй, онгоц буух зам шаардлага хангахгүй байсан, тус өдөр В737-800 маркийн агаарын хөлгөөр хуваарьт бус нислэг үйлдсэн, онгоцны нисгэгчийн ур чадвар дутагдалтай байсанд буруутай гэж,
14. Хариуцагч ИНЕГ-ыг аэродромын гэрчилгээжүүлэлт, үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, гэрчилгээжүүлэлтийг хяналтгүйгээр ангилал буруу олгосон, мэргэжлийн дутмагшилтай нисгэгч явуулсанд буруутай гэж хариуцагч нараас даатгалын нөхөн төлбөрт олгосон 4.093.293,64 ам.доллар буюу 11.662.202.909,724 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.
15. Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “... даатгалын тохиолдол мөн байна уу, биш байна уу гэдэг дээр давхар даатгагчийн зүгээс олон улсын шинжээчийн баг ирж тухайн осол болсон үйл баримт дээр хамтарч ажилласан … манай байгууллагаас тэр ажиллагаанд оролцсон … Давхар даатгагчтай том гэрээгээр олон улсын давхар даатгагч нар илүү их хохиролтой болохоос өмнө урьдчилаад даатгалын тохиолдол мөн биш эсэхээс хамаарахгүй нөхөн төлбөрийг олгодог … Даатгалын тохиолдол үүссэн гэж үзээд хохирлыг барагдуулаад байна гэж ойлгоно …” гэж,
Хариуцагч МИАТ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт “… Давхар даатгалын шинжээч нар хангалттай шинжлээд дүгнээд 5 удаагийн гэрээ хийгдэж байгаа асуудал чинь олон хүний хөдөлмөр, бичиг баримт бүрдүүлсэн байгаа … нь энэ яриад байгаа зүйлээ яриагүй, 2017 онд мэдсэн зүйлээ 2020 онд шүүх дээр сөрөг нэхэмжлэл гаргаад явж болох байсан, гаргаагүй бүх баримт байгаа …” гэж,
хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт “... хууль тогтоомж, гэрээ болон даатгалын эрх зүйтэй холбоотой асуудалд ИНЕГ яагаад хариуцлага хүлээх болсон нь тодорхойгүй байгаа …” тус тус маргаж байна.
16. Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрт олгосон 4.093.293,64 ам.доллар буюу 11.662.202.909,724 төгрөгийг хариуцагч МИАТ ТӨХК-өөс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 498 дугаар зүйлийн 498.1, 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар, хариуцагч ИНЕГ-аас Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1, 512.4-т зааснаар тус тус шаардаж байна.
17. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр заажээ.
18. Хуулийн энэхүү зохицуулалтаар даатгагч нь даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй.
19. Өөрөөр хэлбэл даатгагч нь даатгуулагч МИАТ ТӨХК-ийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн бол буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй гэсэн ойлголт юм.
20. Гэтэл нь МИАТ ТӨХК-ийн эд хөрөнгө буюу EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлгийн хөдөлгүүрт учирсан хохирлыг даатгалын нөхөн төлбөр гэж үзэн төлж барагдуулсан боловч энэхүү хохирлоо буруутай этгээд гэж үзэн МИАТ ТӨХК-иас буцаан шаардаад байгаа нь үндэслэлгүй бөгөөд МИАТ ТӨХК-ийг буруутай этгээд гэж үзэхгүй.
21. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн дагуу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн даатгалын нөхөн төлбөрийг буцаан шаардах эрх нь энэ хуулийн үндэслэлд хамаарахгүй байна.
22. Тодруулбал үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн ойлголт нь талуудын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бий болдог ойлголт бөгөөд нь даатгалын гэрээний үүргээ биелүүлж нөхөн төлбөр төлсөн нь хууль зөрчөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, улмаар уг төлбөрийг буцаан шаардах эрхгүй тул МИАТ ТӨХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.
23. Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1-т “Чанар муутай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хохирогчтой гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран уг бараа, бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 512.4-т “Ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг хариуцахад энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж тус тус заасан.
24. Нэхэмжлэгч нь хариуцагч ИНЕГ-аас Иргэний хуулийн 512 дугаар зүйлд заасан ямар үндэслэл, шалтгааны улмаас даатгалын нөхөн төлбөрийг буцаан шаардаад байгаа, ИНЕГ нь даатгалын гэрээний нөхөн төлбөрийг хариуцах үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй.
25. Түүнчлэн ИНЕГ нь аэродромын гэрчилгээжүүлэлт, үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, гэрчилгээжүүлэлтийг хяналтгүйгээр ангилал буруу олгосон учраас осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
26. Нэхэмжлэгч нь Ховд хотын нисэх буудалд В737-800 маркийн агаарын хөлөг онгоц газардах боломжгүй, нисэх буудал тухайн төрлийн агаарын хөлгийг хүлээж авах чадамжгүй, онгоц буух зам шаардлага хангахгүй байсан, тус өдөр В737-800 маркийн агаарын хөлгөөр хуваарьт бус нислэг үйлдсэн, онгоцны нисгэгчийн ур чадвар дутагдалтай байсан, аэродромын гэрчилгээжүүлэлт, үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, гэрчилгээжүүлэлтийг хяналтгүйгээр ангилал буруу олгосон, мэргэжлийн дутмагшилтай нисгэгч явуулсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
27. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч МИАТ ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа бөгөөд гэм хорын эрх зүйн хүрээнд шаардах эрхгүй байна гэж үзлээ.
28. Урьд нь МИАТ ТӨХК нь -нд холбогдуулан даатгалын гэрээ, даатгалын нөхөн төлбөртэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн байх бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02252 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т:
-иас 764.523.772,10 төгрөгийг гаргуулж МИАТ ТӨХК-д олгож, МИАТ ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.592.520.083,25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2-т -ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 78.379.084,23 төгрөгийг МИАТ ТӨХК төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, сөрөг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. / I хх-ийн 165-175/
29. Өөрөөр хэлбэл МИАТ ТӨХК нь -иас EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 245,993,576 төгрөг /86,425.13 ам.доллар/, даатгалын тохиолдлын улмаас гарсан зардал 1,592,520,083.25 төгрөг /534,700 ам.доллар+70,592,779.25 төгрөг/, даатгалын хураамжийн зөрүү 53,396,137.8 төгрөг /18,759.71 ам.доллар/, даатгалын хураамжид төлсөн 465,134,058.3 төгрөг /163,415.94 ам.доллар/ буюу бүгд 2,357,043,855.35 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан байна.
30. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2229 дүгээр магадлалаар:
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02252 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “764,523,772.10 төгрөгийг” гэснийг “2,089,655,000 төгрөгийг” гэж, “1,592,520,083.25 төгрөгт” гэснийг “267,388,855 төгрөгт” гэж, 2 дахь заалтын “3,980,568.9 төгрөгийг” гэснийг “10,606,225 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /I хх-ийн 140-164/
31. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2022/01216 дугаартай тогтоолоор:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2229 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 дахь заалтын” гэснийг “3 дахь заалтын” гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. / II хх-ийн 112-116/
32. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.
33. Тодруулбал дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт болсон EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлгийн хөдөлгүүрийн гэмтэл нь даатгалын гэрээгээр тодорхойлсон даатгалын эрсдэл бий болсон байна гэж хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд даатгалын нөхөн төлбөр олгосон талаар дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
34. Нэхэмжлэгч нь МИАТ ТӨХК-нд олгосон даатгалын нөхөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй, даатгалын тохиолдол бий болсон гэж хүлээн зөвшөөрч даатгалын нөхөн төлбөрийг олгосон атлаа олгосон даатгалын нөхөн төлбөрөө хариуцагчаас буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
35. Түүнчлэн нь давхар даатгагч /Англи улсын UIB, McLarens/-ийн өмнөөс энэхүү хохирлыг шаардах эрхтэй болохоо баримтаар нотлоогүй.
36. Хариуцагч МИАТ ТӨХК болон хариуцагч ИНЕГ нараас даатгалын нөхөн төлбөрт олгосон 4.093.293,64 ам.доллар буюу 11.662.202.909,724 төгрөг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
37. Иймд нэхэмжлэгч -ийн хариуцагч МИАТ ТӨХК-иас 5.831.101.454,862 төгрөг, хариуцагч ИНЕГ-аас 5.831.101.454,862 төгрөг нийт 4.093.293,64 ам.доллар буюу 11.662.202.909,724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
38. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлож 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн нутаг дэвсгэрт болсон агаарын хөлгийн эвдрэл, гэмтэл, нөлөөлөх хүчин зүйлийн талаар тайлагнасан Зам тээврийн хөгжлийн яам Нислэг-Техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанаас 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан Ноцтой зөрчлийг шинжлэн шалгасан тайлан, болон осол болсон үеийн гэх гэрэл зургийг нотлох баримт болгон ирүүлсэн байна. /II хх-ийн 127-177/
39. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан.
40. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт гаргах, цуглуулахдаа хуульд заасан журмыг баримтлах бөгөөд хэрэв хуульд заасан журмыг зөрчвөл тэдгээрээс гаргасан нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй бөгөөд тухайн баримт нь нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болдоггүй.
41. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Ноцтой зөрчлийг шинжлэн шалгасан тайланг хэрхэн-юунд зориулж, хэн гаргасан нь тодорхойгүй, тайлан /дүгнэлт/ гаргах эрхтэй этгээд гаргасан эсэх нь ойлгомжгүй, тайланг хуульд заасан үндэслэл журмыг баримтлан гаргасан эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд мөн хэрэгт хавсарган өгсөн гэрэл зураг нь тухайн нөхцөл байдлыг харуулсан гэрэл зураг мөн эсэх, хэн энэхүү гэрэл зургийг бэхжүүлж авсан эсэх нь тодорхойгүй байх тул эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
42. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн Зам тээврийн хөгжлийн яамны сайт дээр нээлттэй тавигдсан гэх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэсэн огноотой Ноцтой зөрчлийг шинжлэн шалгасан тайланд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2024/04648 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж байсан болохыг тэмдэглэлээ. / II хх-ийн 248/
43. нь МИАТ ТӨХК-тай 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-т “Талууд энэхүү гэрээтэй холбогдон гарсан маргаантай асуудлыг юуны түрүүнд хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба ийнхүү маргаанаа шийдвэрлэж чадаагүй бол Санхүүгийн зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлнэ” гэж, гэрээний 12.2-т “Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг даатгагч болон даатгуулагч талууд эс зөвшөөрвөл Монгол Улсын шүүхэд гомдол гаргаж болно” гэж талууд харилцан тохиролцсон боловч Санхүүгийн зохицуулах хороонд хандаж маргаанаа шийдвэрлүүлээгүй байна.
44. Талууд энэхүү гэрээтэй холбоотой маргаанаа тус шүүхээр шийдвэрлүүлэхээр 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/13784 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамжаар -ийн нэхэмжлэлтэй МИАТ ТӨХК-нд холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. /II хх-ийн 27-29/
45. Тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШТ2021/000369 дугаартай “Гомдол хянан шийдвэрлэх тухай” тогтоолоор 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/13784 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамжийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байжээ. / II хх-ийн 41-42/
46. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2024/04649 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамжаар -ийн нэхэмжлэлтэй МИАТ ТӨХК-нд холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар дахин хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /II хх-ийн 249-III хх-ийн 1/
47. Гэтэл тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШТ2024/00234 дугаартай “Гомдол хянан шийдвэрлэх тухай” тогтоолоор дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан байна. / III хх-ийн 9-10/
48. Иймээс “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-нд зааснаар талууд Санхүүгийн зохицуулах хороонд хандаагүйг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчөөгүй байна гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
49. Нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж даатгалын нөхөн төлбөрт олгосон 4.093.293,64 ам.доллар буюу 11.662.202.909,724 төгрөгийг МИАТ ТӨХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.
50. Гэтэл нь МИАТ ТӨХК-тэй 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ” байгуулсан, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр даатгалын зүйл болох EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маркийн агаарын хөлөг онгоц гэмтэж даатгалын тохиолдол бий болсныг хүлээн зөвшөөрч даатгалын нөхөн төлбөрт 4.093.293,64 ам.доллар төлсөн атлаа 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд хандаж даатгалын нөхөн төлбөрт олгосон 4.093.293,64 ам.доллар буюу 11.662.202.909,724 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа боловч талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй болно.
51. Түүнчлэн МИАТ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Монгол даатгалд холбогдох 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-тэй холбоотой маргааныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02252 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж байсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2022/01216 дугаартай тогтоолоор эцэслэгдэн шийдвэрлэгдэж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж дүгнэхээр байна.
52. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
53. Нэхэмжлэгч талд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хэргийн оролцогчийн хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг шүүхээс тайлбарлан, танилцуулсан боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэлээ. / II хх-ийн 65, III хх-ийн 15/
54. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
55. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2022/16131 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийн үйлчлэл нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болно.
56. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58.468.964,55 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар хариуцагч МИАТ ТӨХК-иас 5.831.101.454,862 /таван тэр бум найман зуун гучин нэгэн сая нэг зуун нэг мянга дөрвөн зуун тавин дөрвөн төгрөг найман зуун жаран хоёр мөнгө/ төгрөг, хариуцагч ИНЕГ-аас 5.831.101.454,862 /таван тэр бум найман зуун гучин нэгэн сая нэг зуун нэг мянга дөрвөн зуун тавин дөрвөн төгрөг найман зуун жаран хоёр мөнгө/ төгрөг нийт 4.093.293,64 ам.доллар буюу 11.662.202.909,724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2022/16131 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийн үйлчлэл нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58.468.964,55 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ