Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 90

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн Б.Бт холбогдох 1830000930076 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат, 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, интерер дизайн мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт галч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүдүүдийн хамт, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Б.Б 

 

Холбогдсон хэргийн талаар / Прокурорын яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчим ...тоотод Т.Эыг хутгалж эрүүл мэндэд нь “зүүн гарны шууны гүн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 03 сарын 16-ны өдөр найзтайгаа уулзаад маргалдсан. Би найздаа гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Манай ажил одоо ингээд амарна. Иймээс торгох ялыг 3-4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна ... гэв. 

- Б.Бын яллагдагчаар өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гадуур ууж явж байгаад 21 цагийн үед манай найз Э нь утсаар залгаад уулзъя гэхээр нь 13 дугаар дэлгүүрийн зүүн талын хашаанд байдаг гэрт нь очиж аваад өөрийнхөө ... гэр рүү явсан. Тухайн үед манай найз А нь машинтай гэрт хүргэж өгчихөөд  яваад өгсөн. Тэгээд би гэртээ очоод замдаа авсан 2.5 литрийн Нийслэл пивоо Этай хувааж ууж дуусгасан. Өмнө өдөр нь ажлынхаа хүмүүстэй ууж байгаад Эыг дуудаад ирэх үед нь манай ажлын хүмүүс явчихаар нь нэг шил архитай үлдчихээд хамт Этай уухаар болсон. Э нь манайх руу явъя гээд би ажил руугаа явъя гэснээ маргалдаад салаад явсан юм. Тэгсэн чинь Э “чи намайг орхиод явсан биз дээ” гээд маргаад мөн зун надаар ажил хийлгэчихээд мөнгөө өгөөгүй гээд маргалдаад хоорондоо зодолдсон чинь манай 2 хүүхэд уйлаад эхнэр салгах гээд чадаагүй. Манай эхнэр Эыг яв гэсэн боловч явахгүй байсан. Тэгэхээр нь эхлээд хоолны шүүгээний дээр байсан заазуурыг аваад өөдөөс нь шидсэн чинь оноогүй юм. Тэгээд Э нь над руу дайрахаар нь хар иштэй хутгыг аваад өөдөөс нь далайтал над руу дайрч байхдаа хутгуулчихсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, 

 

- Хохирогч Т.Эы өгсөн: Би 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хөдөө нүүдэл хийж байтал манай найз Б.Б нь над руу өөрийнхөө дугаараас залгаад “хаана байгаа юм, би морины хашаан дээр чинь байна, уулзъя” гэж халамцуухан ярьж байсан. Тэгээд би орой аймагт орж ирээд гэртээ байж байтал 20 цагийн орчим Б.Б нь ирж уулзсан. Тухайн үед Б.Бтай А гэх залуу явж байсан. Тэгээд бид гурав “Завъяа” дэлгүүрээс 2 литрийн пиво авч Агийн унаж явсан автомашинд задалж Ад амсуулчихаад Б.Б бид хоёр Б.Бын гэр рүү нь пивоо бариад орсон. Б.Бын гэрт нь түүний эхнэр Ц бага насны хүүхэдтэйгээ байсан. Тухайн үед Б.Бын эхнэр Ц нь жаахан ууртай байсан. Учир нь гэвэл Б.Б нь хэд хоног дараалж архи уусан гэж байсан. Тэгээд Б.Б нь эхнэр рүүгээ очиж аргадаад байхаар нь би Б.Быг “чи зүгээр бай, наашаа суучих” гэтэл Б.Б нь “чи ч гэсэн эхнэртэйгээ ингэдэг биз дээ” гээд надад уурлаж эхэлсэн. Тухайн үед би явлаа гээд гадуур хувцсаа өмсөөд Бын дух руу нь гараараа түлхтэл Б нь босч ирээд хацар руу цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо зууралдаж байгаад Быг газар унагаж гар руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Б.Б босч ирээд манай эхнэрийг “янхан, гичий” гэж доромжлоод байхаар нь би барьж авах гэтэл надаас зугтааж байгаад шүүгээнээсээ заазуур авч миний мөрийг хоёр удаа цохисон. Би тухайн үед гадуур хувцсаа өмссөн байсан болохоор надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Мөн хувцас ч урагдаагүй. Тэгээд Ц бид хоёр нийлж байгаад заазуурыг нь тавиулсан. Би “чи намайг заазуураар цохиж байгаа юм уу” гэтэл Б.Б нь “би чамайг ална” гээд дахиад хутга авч над руу дайрахаар нь зүүн гараараа хаатал миний зүүн гарын шуун дундуур хутгаар шааж бууцааж авсан тэр үед миний зүүн гарын шуунд хутгалсан. Миний хувьд Б.Баас нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр одоо хоорондоо эвлэрсэн тул гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/ 

 

- Гэрч Л.Цгийн: Манай нөхөр Б.Б нь өөрийн найз болох Т.Эы хамт 2018 оны 03 дугаар сарын 16-ны орой 20-21 цагийн хооронд гэртээ пиво бага зэрэг үнэртүүлсэн байдалтай орж ирсэн. Орж ирэхдээ 2 литрийн пивотой орж ирж тэрийгээ тэр хоёр хувааж ууж байгаад хоорондоо муудаж эхэлсэн. Маргалдаж муудсан шалтгаан нь гэвэл Т.Э нь манай нөхөр Б.Быг 2017 оны 06 дугаар сард Улаанбаатар хот руу дуудаж ажил хийлгэсэн. Тэгээд ажлын хөлс болох 1.000.000 төгрөгөө Т.Э нь өгөөгүй юм. Тэр явдлыг яриад манай нөхөр Т.Этай маргалдаж ам зөрсөн юм. Тэгээд тэр хоёрыг маргалдаж байхад манай хүүхэд уйлаад байхаар нь би Т.Эыг одоо яваа гэтэл явахгүй байн байн орж гараад байсан. Мөн манай нөхөр Б.Б нь бас яв гээд байхад явахгүй манай гэрийн үүдэнд хоорондоо маргалдаад байсан. Т.Этай маргалдаж байхдаа манай нөхөр Б.Б нь охиноо тэвэрчихсэн гэрийн үүдэнд зогсож байгаад хоолны шүүгээнээс заазуур авч Т.Эыг цохиж байсан. Би хаана нь хэдэн удаа цохьсон талаар сайн хараагүй. Би заазуурыг нь Б.Баас булааж авч холдуулах хооронд дахиад хутга авч Т.Эы гарын шуунд хутгалсан байсан. Зүүн гарынх нь шуунаас нь цус гараад байхаар нь би боож өгсөн. Т.Э манай гэрт орж ирэхэд ил харагдах гэмтэл, шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

 

 - Гэрч Т.Огийн: Миний төрсөн дүү Т.Э над руу 99927562 гэсэн өөрийнхөө дугаараас 22 цаг 39 минутад над руу залгаад “Та хаана байгаа юм бэ,  би эмнэлэг рүү явах хэрэгтэй байна” гэж байсан. Тухайн үед би юу болсон талаар асуухад “би хүнд хутгалуулчихлаа” гэхээр нь би гэрээсээ гараад уулзтал зүүн гарынхаа шуунд хутгалуулсан байхаар нь эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаартай дүгнэлтэд: Т.Эы биед зүүн гарны шууны гүн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-18/,

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-01/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг. 2018.02.21 /хх-04-05/,

  - Яаралтай тусламжийн хуудас. 2018.03.16 /хх-15/,

  - Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/,

  - Б.Бын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/,

  - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018.03.26-ны өдрийн 6/581 тоот тодорхойлолт /хх-27/,

  - Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-32-33/,

  - Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-34-37/,

  - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 5/18 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-45/, 

  - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 46 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-56/, 

  - Б.Бын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан өөрөө өөрийгөө өмгөөлөх, тул өмгөөлөгч авахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-44/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул энэ нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

  Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

  Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны орой 21.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 24-18 тоот дахь өөрийн гэртээ Т.Эыг хутгалж эрүүл мэндэд нь “ зүүн гарны шууны гүн хатгагдаж зүсэгдсэн шарх ” хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд мэдүүлсэн түүний “ 2018 оны 03 сарын 16-ны өдөр найзтайгаа уулзаад маргалдсан. Би найздаа гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна ” гэх, хохирогч Т.Э, гэрч Л.Ц, Т.О нарын мэдүүлэг, Яаралтай тусламжийн хуудас.2018.03.16 /хх-15/, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-18/, хэрэгт хураагдан ирсэн хар өнгийн иштэй 25.5 см урттай бариул хэсгийг нь скочоор ороосон, үзүүр хэсэг нь хугарсан хутга зэргээр нотлогдож, тогтоогджээ. 

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл нь согтуурсан үед тэдгээрийн хоорондын үүссэн ахуйн шинжтэй маргаанаас үүдэлтэй хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогч Т.Эыг хутгалж, эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Б.Бын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй хийгээд шүүгдэгч нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна. 

 

           Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

          

  Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв. 

  Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.Э түүнтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн ба тэрээр хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүхээс шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

           Б.Бын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн зүйлийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтийг хэрэгт гаргасан, тэдгээр нь найз нөхдийн холбоотой зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн, прокуророос эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтоолоо.          

         

Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “ Манай ажил одоо ингээд амарна. Иймээс торгох ялыг 3-4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна ” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Б.Бын цалин хөлс, орлогыг тодорхойлсон баримт хэрэгт үгүй бөгөөд түүнд оногдуулах торгуулийн хэмжээг үндэслэвэл зайлшгүй хугацаа тогтоох шаардлагагүй хийгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон хугацааны дотор хэсэгчилэн, бүрэн төлөх боломжтой гэж үзлээ. 

 

   Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая.

   Хэрэгт хураагдан ирсэн хар өнгийн иштэй 25.5 см урттай бариул хэсгийг нь скочоор ороосон, үзүүр хэсэг нь хугарсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах коммист даалгана.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ялтан Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн хар өнгийн иштэй 25.5 см урттай бариул хэсгийг нь скочоор ороосон, үзүүр хэсэг нь хугарсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.

 

5. Ялтан Б.Бт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН